2025 он улирахад хэдхэн хоног үлдлээ. Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны онцлох ярилцлагуудын тоймыг толилуулж байна. Бид зочдоо улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, хууль эрх зүй, урлаг, нийгэм зэрэг салбар салбарын төлөөлөл болсон, хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзлээр өөрсдийн түүхийг бүтээж яваа эрхмүүдийг сонгон ярилцсан байна. Тэдгээрээс хамгийн чухал гэх ярилцлагуудыг редакцын сонголтоор түүвэрлэн уншигчдадаа хүргэлээ. 

Цагийн үзүүр дандаа сайн зүг рүү эргэж байдагт итгэдэг цайлган цагаан түмний минь заяаг ирэх он ивээнэ гэдэгт итгэнэ. Учир нь бидний алдаж болохгүй, алдруулж болохгүй цорын ганц зүйл бол итгэл билээ. 


О.СЭРГЭЛЭН: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАХИНД ҮҮДЭЛ ЭСЭЭС НЬ ЭЛЭГ, БӨӨР, БУСАД ЭРХТЭН УРГУУЛАХ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА. ГЭТЭЛ БИДЭНД ЭРХТНИЙ БАНК Ч АЛГА...

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Ардын эмч Оргойн Сэргэлэн. 

Тэр бол Монгол Улсад анх удаа хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс засал, оношилгоо, эмчилгээний арга барилуудыг өндөр хөгжилтэй улс орнуудаас нэвтрүүлэх ажлыг  удирдан явуулж нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг юм. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч юм. 

Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд эдүгээ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байна. 

 
Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1205-osergelen-ndr-delhiy-dahind-del-esees-n-eleg-br-busad-erhten-urguulah-laboratoriyn-yl-azhillagaa-yavagdazh-bayna-getel-bidend-erhtniy-bank-ch-alga.html

Г.АЮУРЗАНА: ҮНДЭСТЭН УГСААТНЫ СОЁЛ, ОРШИН ТОГТНОХ ЭРХИЙГ ХУВЬ ХҮНИЙ ЭРХЭЭС ДООГУУР ҮЗЭЖ ИРСНЭЭ ДЭЛХИЙ НИЙТ ЗАЛРУУЛАХ ЦАГ ИРНЭ Л ГЭЖ ГОРЬДДОГ

Шинэхэн дугаарынхаа зочин хойморт Монголын уран зохиолын өнөө цагийн төлөөлөгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, бидний нэг Г.Аюурзаныг урьж ярилцлаа. Түүнийг бид яруу найрагч, зохиолч, орчуулагч гээд бичгийн олон төрлөөр жигдхэн, эрчтэй туурвиж яваа уран бүтээлч гэдгийг мэднэ. Саяхан тэрээр яруу найргийн “Шидийн барилдлага” шүлгийн түүврээ уншигчдад хүргэсэн билээ. Үүнээс хэдхэн сарын өмнө монгол хүний ёс суртахуун, зан чанар, үүх түүх, үндэстний хуваагдал болоод бидний амьдралд тохиолддог олон зүйлсийг бусдын нийтлэг ойлголтоос салгаж цэвэр үндэсний үзэл санаатай уялдуулан бүтээсэн “Монгол хүн” гурван боть номоо мөн худалдаанд гаргасан юм. 

2000-аад оны эхээр хүүрнэл зохиолуудаа туурвиж, шилжилтийн босгон дээр өрнөж байсан МУЗ-ын шинэчлэлийн тэргүүн эгнээнд явсан түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1209-gun-aazhavyn-ayuurzana-ndesten-ugsaatny-soel-orshin-togtnoh-erhiyg-huv-hniy-erhees-dooguur-zezh-irsnee-delhiy-niyt-zalruulah-cag-irne-l-gezh-gorddog.html

ДИЗАЙНЕР Н.СОЁЛМАА: ЁСТОЙ БУРХАН МИНЬ, ХЭНИЙГ Ч, ЮУГ Ч БИТГИЙ ХҮЛЭЭ

Энэ хатагтай бол миний олон жил уулзахыг хүсэж байсан, үргэлж эрж хайж явсан зочин юм. Маш их инээж, маш их санал нийлж, маш ихээр хайрлаж хөөрөлдсөн энэхүү ярилцлагаа өнөөдөр уншигчидтайгаа хуваалцаж байна. 

Бид зуун жилийн өмнө уулзаж байсан, бүр ойр дотно явцгаасан хүмүүс шиг л санагдав. Ямар ч халгаж, дөлж ядсан төвөгтэй босго байхгүй. Илэн далангүй. Халуун дулаан. Тэр минийхээр хамгийн сонирхолтой, хамгийн ил тод, хамгийн эрх дураараа хатагтай. Түүнтэй ямар ч сэдвээр ямар ч баггүй хөөрөлдөх гоё. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1333-dizayner-nsoelmaa-estoy-burhan-min-heniyg-ch-yuug-ch-bitgiy-hlee.html

“ДОНДОГИЙН БУЛАГ”-ИЙН ЭЗЭГТЭЙ

Намрын шөнө зам зуур саатаж, гэр буудалд хоноглохоор буулаа. Өмнө нь өчнөөн удаа ирж очиж, ирж буцаж явсан “Дондогийн булаг”...

Эндэхийн хэдэн айл нэмэгдсэн ч үгүй, бас хасагдсан ч үгүй. Замынхаа ард урд янзаараа. 

Гадаа одод асгарч, гэрт зуухан дахь галын үнэр таатайхан түгэж...би гэдэг хүн дөнгөж сая танилцсан эндэхийн эзэгтэйн тухай бодож хэвтэв. Үсээ хоёр салаа сүлжчихсэн, үг яриа элбэг, өндөр биерхүү, залуудаа сайхан бүсгүй явсан нь харахаас илт энэ эмэгтэй эрхгүй сонирхол татна. Жижигхэн мухлаг, арын өрөөндөө төвхнөсөн авсаархан амьдрал гээд ядаж цөхөх юмгүй ганц бие гэдгийг нь илтгэнэ. 

Ямархан амьдрал туулж яваа, яагаад энд, яг энэ олон хөлийн тоосон дундах зам дагасан амьдралыг сонгосон юм бол... Ийнхүү сониуч бодолд автав. 

Хяруу татсан жихүүн өглөө эртлэн боссон би эзэгтэйн хаалгыг тогшлоо. Цай цүй болон бидний яриа ч эхлэв. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд тун ч олзуурхсан би буцаж гэртээ орон бэлтгэлээ базаагаад яаран орж ирлээ. Ийм “ДҮР” олно гэдэг олз байлгүй яахав. Энэ эмэгтэйг Түмэнбаярын Одончимэг гэдэг.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1284-dondogiyn-bulag-iyn-ezegtey.html

ЦЭДЭНБАЛЫН ЗОРИГ: МИНИЙ ААВЫГ ЭРХЭМЛЭН ХАЙРЛАЖ ЯВДАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТАЛАРХАЖ ЯВДАГ

Хэдэн жилийн өмнө Москвад хийсэн ярилцлагынхаа төгсгөл хэсгийг би хараахан нийтэлж амжаагүй байсан юм. Тэгээд энэ удаа түүнийг Улаанбаатарт ирэхэд нь ахин уулзаж яриагаа үргэлжлүүллээ. Үргэлжлүүлэх шалтгаан ч байлаа. Ингээд Монголын Төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын хүү Цэдэнбалын Зоригийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

Эцгийг нь цагаатгасан болохыг илтгэж гучин хэдэн жилийн дараа гар дээр нь ийнхүү ирсэн нимгэхэн цаасан үнэмлэхийг энгэрээсээ нандигнан гаргаж ирэх түүнийг хараад ямар урт удаан амьдрал, яасан хүнд хэцүү тавиланг туулан байж ирэв дээ гэсэн бодол төрж, сэтгэл өөрийн эрхгүй эмзэглэж байлаа. Энэ удаа миний асуултууд олон нийтийн цахим сүлжээгээр хөвөрч буй элдэв яриаг бүгдийг нь хөндөж, эцэслэж өөрөөс нь хариулт авахад чиглэлээ.  

 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1011-cedenbalyn-zorig-miniy-aavyg-erhemlen-hayrlazh-yavdag-mongolyn-ard-tmend-talarhazh-yavdag.html

Т.БАДРАЛ: ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРИХЫГ ХҮСДЭГГҮЙ, ЭХ ОРОНТОЙ БАЙГААГИЙНХАА ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГГҮЙ ЗАЛУУЧУУД ОЛШИРЧ БАЙГААД САНАА ЗОВДОГ 

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн захирал, хошууч генерал Т.Бадралтай ярилцлаа. 

Монгол Улсын хувьд орчин цагийн Онцгой байдлын байгууллагыг байгуулах, цаашлаад Гамшгаас эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хуулийн эрх зүйн орчин дөнгөж бүрдэж байсан цаг үе таарсан. Ингээд НҮБ- гаас зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тийнхүү 2003 онд манай оронд хуучин “Иргэний хамгааллын тогтолцоо”-г халах, “Иргэний хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэх ажлууд явагдаж УИХ-аар “Гамшгаас хамгаалах тухай хууль” гэдэг уг хуулийг баталсан. Мэдээж үүний дараа хуулийг хэрэгжүүлэх, бүтцийн том өөрчлөлт хийх ажлуудыг явуулах шаардлага үүссэн. Тиймээс 2004 оны Засгийн газрын нэгдүгээр тогтоол гаргаж тухайн үеийн Хууль Зүйн яамны харьяанд байсан “Гал түймэртэй тэмцэх газар”, Батлан Хамгаалах яамны харьяа “Иргэний хамгаалалтын газар”, Хөдөө Аж ахуйн яамны харьяа “Улсын нөөцийн газар” гэсэн гамшгаас хамгаалах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлийн ижил төстэй гурван газрыг нэгтгэж  “Гамшгаас хамгаалах Ерөнхий газар” байгуулсан түүхтэй юм. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1225-tbadral-eh-heleeree-yarihyg-hsdeggy-eh-orontoy-baygaanhaa-ne-ceniyg-meddeggy-zaluuchuud-olshirch-baygaad-tuylyn-ih-sanaa-zovzh-bayna.html

Б.ЧАГНААДОРЖ: “АЛДАЖ БОЛОМГҮЙ АЛТАН ҮЕ” ГЭЖ ХАРЖ БАЙГАА

Би жилийн эхэнд урих, уулзаж ярилцах хүмүүсийнхээ нэрийг өдрийн тэмдэглэлийнхээ эхний хуудсанд бичдэг зуршилтай юм. Өнөө жил буюу 2025 оны эхний тэмдэглэлдээ сайн ажиллаж, манлайллаараа эрс ялгарч байгаа хүчирхэг, залуу захирлуудаас аль болох олныг урина гэж бичсэн. Тэдний эхнийх нь зочинтой саяхан ярилцлаа. Тэр зочин бол “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж...

Цаанаасаа хүч чадал нь оргилж яваа, эх орондоо юм хийж бүтээх ирмүүн хүсэл дүүрэн энэ үеийн залуус бол огт өөр үеийн төлөөлөл. Зам мөр нь цэвэрхэн, ертөнцийг үзэх үзэл нь өөр, ажлыг маш гоё асааж, хөдөлгөөнд оруулж хийдэг. Тэдэнтэй уулзаж ярилцах сайхан байдаг. Тэр дундаа Б.Чагнаадорж бол энд тэнд ажил унагаагаад суугаад байдаг, хийх гээд ч чадал нь хүрдэггүй залуучуудаас эрс өөр хүн.

Одоо хүмүүсийн дургүйг хамгийн их хүргэж байгаа хүмүүс ямар нөхдүүд гээч... Энд тэнд томилогдчихдог. Даанч ажил хийж чаддаггүй. Тэгсэн хэрнээ баахан чирүүлж татуулдаг ах нартай, төрөөс өшиглөөд гаргамаар ийм хөгийн залуучууд олон байна. Миний зочин бол тэднээс тэс өөр хүн юм.

Тэр бол шазруун, чадалтай, хувь хүнийхээ хувьд ч элдвээр өөрийгөө хордуулаагүй, зөвхөн урагшаа харж, урдах ажлаа хариуцлагатай хийдэг шинэ үеийн төлөөлөл. Хаана ч ажиллах чадвар чадамжаар өөрийгөө хөгжүүлчихсэн, сэтгэлгээний эрх чөлөөтэй. Удирдах арга барил нь гоё. Ийм л залуу захирлууд өнөөдөр ажил хийж байна. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе. Бидний яриаг сонирхон уншина гэдэгт найдаж байна.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1287-bchagnaadorzh-aldazh-bolomgy-altan-e-gezh-harzh-baygaa.html

Б.ЖАРГАЛАН: ЛИБЕРАЛ АРТ БОЛОВСРОЛЫН ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ НЬ ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭНД СУРГАДАГ НЬ ЮМ БОЛОВ УУ...

Эрхэм уншигчидтайгаа уулзуулахаар сонгосон өнөөдрийн миний зочин бол Улсын Их Хурлын гишүүн Батбаярын Жаргалан. Энэ удаа бид түүний анхны ном болох “Бодрол” номын талаар ярилцлаа. Тун сонирхолтой ном бичсэн хатагтай Жаргалан бол үеийнхэн дотроосоо ч  хамгийн сонирхолтой, баялаг түүхтэй нэгэн. 

Монголын хүн амын дийлэнх хэсгийг өмнөх нийгэмд амьдарч үзээгүй залуучууд эзэлж байгаа шүү дээ. Ардчилсан хувьсгал ямар үнэ цэнтэй байсан, монголчууд ямар сорилт бэрхшээлийг даван туулж эрх чөлөөгөө баталгаажуулсныг тэр бүр мэдэхгүй байх нь аргагүй. Тиймээс тэр үеийн түүхийг аль болох бодитоор залууст таниулах нь чухал. Энэ нь зөвхөн хувь хүмүүсийн дурьдатгалаар зогсохгүй иргэний боловсролын хүрээнд ч хийгдэх ёстой ажил гэж боддог. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд мөн өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад явж байгаа. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1271-bzhargalan-liberal-art-bolovsrolyn-hamgiyn-tom-davuu-tal-n-shmzhlelt-setgelgeend-surgadag-n-yum-bolov-uu.html

Х.ЧОЙДОГЖАМЦ: САЙН БҮТЭЭЛ ШҮҮМЖЭЭ ӨӨРӨӨ ТӨРҮҮЛДЭГ

Уран зохиолыг уншихгүй бол... гэсэн асуулт хамгийн түрүүнд бидэнтэй нүүр тулдаг байж мэдэх юм. Харин дараа нь уншсан, үзсэн, мэдэрснээ ойлгосон эсэх талаарх мэтгэлцээн өрнөдөг. Ном хийгээд урлаг соёлын талаарх ойлголт сүүлийн хэдэн жилд эрчтэй өргөжиж, томоохон хэвлэлийн газрууд хоорондоо уралдан чанар сайтай бүтээлүүд зах зээлд нийлүүлэхээр редакцийн баг бий болгож ажиллах болсон. Яг энэ үед өөрт хэрэгтэй зөв номыг, хүн төрөлхтний оюун санааны цар хүрээг тодорхойлсон бүтээлийг олж унших томоохон шаардлага гарч байна. Түүнээс гадна аль жүжгийг үзэх, ямар театрыг зорих вэ гэдэг сонголт ч үзэгч, уншигчдад бий болжээ. Сонгодог зохиол бүр сонгодог байж чадах уу? Ер нь юу зохиолыг сонгодог болгодог вэ? Үзэл санаа, бичлэгийн хэлбэр, өгүүлэгдэж буй зүйлс, сэдэв. Энэ бүхний яг аль нь таны оюун санаанд нийцэж байна вэ гэдгийг тунгаан бодох шаардлагатай. 

Харин нөгөө талд шүүмжлэгч, судлаачдын байр суурь чухал. Тиймээс энэ удаагийн зочноор уран зохиол, театр, кино шүүмжээр дагнан мэргэжлийн бүтээл туурвидаг, Сити их сургуулийн ахлах багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамцыг урьж ярилцлаа. Бид зөвхөн уран зохиолоос бус өдгөө улиралд тутамд шинээр тайзнаа тоглогдох болсон жүжгүүд хийгээд театрын урлагийн талаар, нөгөөтээгүүр зөвхөн шүүмж судлалын мэргэжил, түүний онцлогийг нээхийг зорьсон билээ. Ингээд уншигч таныг ярилцлагадаа уръя. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1364-hchoydogzhamc-sayn-bteel-shmzhee-r-trldeg.html

А.ГЭГЭЭ: ХАМГИЙН ГОЛ НЬ ЗУРАХ Л ГЭЖ...

Нидерландын хааны нэрэмжит “Орчин үеийн уран зургийн шагнал”-ын сүүлийн шатанд Азийн орнуудаас ганцаараа шалгарч үлдсэн, уран бүтээлч Аюурзанын Гэгээтэй ярилцлаа. Тэрээр өдгөө тус оронд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, амьдарч байгаа юм. Мөн Бельгийн Киекен төв, Францын Ника, Английн “Project Native Informant” зэрэг галлерейд өөрийн үзэсгэлэнгээ толилуулсан билээ.

"Абстракт зураг зурах үйл явц шүлэг бичихтэй төстэй. Харин хөрөг болон бодит дүрслэлтэй зураг зурах үйл явц магадгүй реалист романтай төстэй байх. Хоёуланд нь хэрхэн зурагдсан, хэрхэн бичигдсэн нь чухал. Сэдвээс гадна, хэрхэн бүтээгдсэнийг мөн олж хардаг болоход үзэгч, уншигчдад боловсрол хэрэгтэй. Зураачийн хувьд би өөрийгөө шүүмжлэгч, яруу найрагч аль аль нь гэж боддог. Учир нь сайн уран бүтээлд цэвэр мэдрэмж, цэвэр сэтгэлгээ хоёулаа нэгэн зэрэг байх ёстой. Бийрийн ард байгаа гарын хөдөлгөөнийг, сэтгэл санааг болон тухайн зураачийг удирддаг, магадгүй өөр ертөнцийн гэмээр хүчийг зургийн нэг таталтаас л шууд харж болдог нь дүрслэх урлагийн өвөрмөц үзэсгэлэн гоо. Гэхдээ, тайлбарлашгүй гоо үзэсгэлэн дангаараа хангалтгүй. Хүнийг хүн болгодог ер бусын сэтгэлгээ ч уран бүтээлээс нэгэн зэрэг мэдрэгдэх ёстой".

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/1034-agegee-hamgiyn-gol-n-zurah-l-gezh.html

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав