Намрын шөнө зам зуур саатаж, гэр буудалд хоноглохоор буулаа. Өмнө нь өчнөөн удаа ирж очиж, ирж буцаж явсан “Дондогийн булаг”...
Эндэхийн хэдэн айл нэмэгдсэн ч үгүй, бас хасагдсан ч үгүй. Замынхаа ард урд янзаараа.
Гадаа одод асгарч, гэрт зуухан дахь галын үнэр таатайхан түгэж...би гэдэг хүн дөнгөж сая танилцсан эндэхийн эзэгтэйн тухай бодож хэвтэв. Үсээ хоёр салаа сүлжчихсэн, үг яриа элбэг, өндөр биерхүү, залуудаа сайхан бүсгүй явсан нь харахаас илт энэ эмэгтэй эрхгүй сонирхол татна. Жижигхэн мухлаг, арын өрөөндөө төвхнөсөн авсаархан амьдрал гээд ядаж цөхөх юмгүй ганц бие гэдгийг нь илтгэнэ.
Ямархан амьдрал туулж яваа, яагаад энд, яг энэ олон хөлийн тоосон дундах зам дагасан амьдралыг сонгосон юм бол... Ийнхүү сониуч бодолд автав.
Хяруу татсан жихүүн өглөө эртлэн боссон би эзэгтэйн хаалгыг тогшлоо. Цай цүй болон бидний яриа ч эхлэв. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд тун ч олзуурхсан би буцаж гэртээ орон бэлтгэлээ базаагаад яаран орж ирлээ. Ийм “ДҮР” олно гэдэг олз байлгүй яахав. Энэ эмэгтэйг Түмэнбаярын Одончимэг гэдэг.
Миний хоёр хүүхдийн аав намайг үйлдвэрийн осолд ороод, бие муу нэлээн хүнд байхад минь хаяад явчихсан юм. Тэгсэн ч би амьдарч байсан гэртээ байж л байлаа. Яахав дээ, эргээд ирнэ биз гэсэн л хүлээлттэй. Тэгсэн нөгөө хүн маань гадуур явж байгаад эхнэр аваад, сүүлдээ тэрийгээ дагуулаад хүрээд ирдэг юм. Ингээд би орох оронгүй болно биз дээ. Нутаг руугаа, Хөвсгөл рүү аав ээж дээрээ очсон ч нэгэнт сэтгэл санаа гэж авах юмгүй болтол сэмэрчихсэн хүн чинь төрхөмдөө очсон ч амьдарч чаддаггүй юм билээ. Юм бүхэн эвэндээ орж өгөхгүй, гол нь төрж өссөн, хүүхэд ахуй насаа үлдээсэн тэр орчин шал өөр болчихсон. Намайг хэн ч хүлээгээгүй юм шиг эль хуль. Яаж ч хичээх гээд сэтгэл минь тогтож өгсөнгүй. Ингээд л ажил олж хийнэ, амьдрана гээд л хот руу буцсан даа. Хот руу явж байгаад яг энд хүрч ирээд сууж явсан машины маань мотор цохичихлоо. Мотор боох гээд тав хоног энд хүлээж байгаа юм.
-Яг энд үү ?
- Яг энд. Энэ “Дондогийн булаг” дээр.
- Та энд хэдэн жил амьдарч байна вэ ?
- 25 жил...
- Та Хөвсгөлийн хүн юм байна. Уг нь ч нутаг ойрхон...
-Би аав ээж хоёрыгоо оюутан байхад Архангайд төрсөн байдаг. Аав маань Хөвсгөлийн Шинэ-Идэрийнх, ээж Жаргалантынх. Намайг 10 төгсөхөд манайх Шинэ-Идэрт байсан. Манай аав аймгийн алдарт уяач, ээж маань ардын авьяастан хүн. Тэр сайхан ээж аавын охин би өнөөдөр хүний нутагт зам сахиад, ганц бие амьдралыг туулж явна даа. Энд надаас өөр ганцаараа хүн байхгүй.
-Зам сахина гэдэг өөрөө их олон талтай ойлголт. Хүмүүс их сайн сайхнаар дүгнэж ярьдаг зүйл шүү дээ. Дондогийн булгийн өндөр ээж болох нь дээ.
- Өндөр ээж болчихсоон.
-Бидний бага нас тайван амгалан нийгэмд өнгөрсөн. Таны бага нас ч гэсэн жаргалтай сайхан өнгөрсөн байх. Онц сурдаг охин байв уу ?
-Тийм. Онц сурдаг байх нь хаашаа юм. Ямар ч байсан их сургуульд ороод л төгсчихсөн. Политехникийн дээд сургууль гэдэг тэр үед хүүхэд болгон тийм ч амар орж чаддаггүй сургуулийн хуваарь авсан юм даг. Математикдаа сайн байсан. Би дулааны инженер хүн.
-Оюутны амьдрал тань ид социализмын үед өнгөрч ?
-Оюутны амьдрал сайхаан. Хичээл сургууль гэж гүйж явсаар нэг мэдэхэд л таван жил өнгөрч, сургуулиа төгсөж байсан.
-Хажуугаар нь хайр дурлал, анхны учрал гээд бүх юм байна биз дээ ?
-Байлгүй яах вэ. Оюутан байхдаа би ээж болж байлаа. Харамсалтай нь анхны хүүхэд маань тархины гэмтэлтэй төрсөн. Хөөрхий минь хэвтрийн байж байгаад 10 нас хүрээд өнгөрсөн дөө. Уг нь би сайн асарсан. Залуу ч байсан, итгэл найдвар маань унаагүй байсан. Тэгээд дараагийн хүүгээ төрүүлсэн. Охиноо төрүүлсэн. Би гэхдээ их муу ээж л дээ.
- Яагаад ?
-Хүүхдүүдийнхээ ааваас салахдаа тэднийгээ авч явж чадаагүй. Тэгэхээр муу ээж байлгүй яахав. Тэр хоёр маань аавтайгаа өссөн. Үнэн хэрэгтээ аав нь бол авгай аваад, гэр орондоо дагуулаад хүрээд ирсэн.
- Та хүүхдүүдтэйгээ байж байхад уу ?
- Тийм. Гэрээсээ гарч яваад эргэж ирэхдээ хүүхэн дагуулж ирчихээд, найрлаж наадаад байхад би зэрэгцээд хэвтээд байлтай нь биш. Гараад явахад орох оронгүй болохоороо л би хоёр хүүхдээ орхиод явсан. Надад өөр арга байгаагүй. Найман настай, 10 настай хоёр хүүхдээ тэгж арга буюу орхисон юм. Найм, 10 нас хүртэл нь өсгөсөн миний хөдөлмөр, амьдралаа болно бүтнэ гэж итгэж зүтгэсэн зүтгэл ингэж юу ч биш болж нурсан. Гурван нялх хүүхэд зэрэг өсгөнө гэдэг амар биш шүү дээ. Тэгээд нэг нь хүнд өвчтэй. Гэтэл хань ижил маань надаас нүүр буруулчихсан болохоор амьдралын ямар ч баталгаа байхгүй болсон. Гэр оронгүйгээсээ болоод хоёр хүүхдээ орхиход хүрсэн болохоор миний хайр, итгэл найдвар, хүүхдүүдээ өсгөсөн чин зүтгэл минь юу ч үгүй гишгэгдсэн. Одоо би хоёр хүүхдийнхээ хувьд өөрсдийг нь нялх балчир насанд хаяад явсан ээж л болж үлдсэн.
- Одоо том болсон, ойлгож байгаа байх аа.
- Ойлгосон ч, ойлгох гэж хэчнээн хүчилсэн ч бага насандаа эхгүй өссөн хүүхдийн сэтгэлийн шарх нь аньдаггүй юм билээ. Тэр нь ч үе үе илэрнэ. Надад мэдрэгдэнэ л дээ.
-Тийм л хамаг амьдралаа орвонгоор нь эргүүлэхээр сайхан эмэгтэйтэй учирч, сэтгэлээ барьж хорьж дийлэхгүй байдалд орсон юм байх даа ?
-Сайхан, сайхан. Би бол тэр эмэгтэйд баярлаж явдаг. Хоёр хүүхдийг минь өдий зэрэгтэй өсгөсөнд. Муу хэлэхээсээ илүү, сайн хэлэхийг л эрхэмлэнэ. Би нөхрөө ч гэсэн боддог юм. Би өөрөө л арчаатай байсан бол тэгэх байсан ч юм бил үү, үгүй ч юм бил үү гэж.
-Хожим уулзсан уу, та хоёр...?
- Ерөөсөө уулзаагүй. Би уулзаж чаддаггүй. Уулзах гэхээр л сэтгэл зүрхэнд гомдол үерлээд байдаг. Анх оюутан болоод их сургуулийн танхимд хөл тавихдаа л бид хоёр нэг ангид орж байсан. Харахад төлөв даруу, сайхан залуу байсан.
-Хаанахын залуу байв ?
-Завханых. Бид хоёр тавдугаар курстээ суусан.
-Тэр үед залуухан охин явсан. Олон залуучууд дундаас сонголт хийнэ биз дээ ?
- Том сургуулийн оюутан охин явлаа. Бие хаа, зүс царайгаар ч доошоо орохгүй охин байлаа. Тэгж гэнэт амьдрал маань нурж, би яаж амьдрах, цаашаа хаашаа алхахаа мэдэхгүй байдалд орсон ч гэрээс гарахдаа охиноо дагуулаад гарсан юм. Тэгээд аав ээж дээрээ очсон. Тэнд сургуульд суулгалаа, тэгээд амралтаар нь ахтай нь уулзуулах гээд хотод ирсэн. Ах нь хотод сургуульд сурч байсан. Гэтэл хүү маань аав эмээ хоёр дүүг надтай хамт хотод сургуульд сургачих гээд байна гэхээр нь өөрийнхөө гэр оронд тав тухтай, ахтайгаа ч хамт өсөх нь дээр ч юм болов уу гээд би үлдээсэн. Хүүхдүүдтэйгээ ирж уулзаж учраад яваад байх юм чинь гэж бодоод, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсондоо зөвшөөрсөн. Гэтэл улирлынх нь амралтаар хүүхдүүд дээрээ иртэл намайг уулзуулаагүй, хөөсөн. Яг л нохой хөөж байгаа юм шиг хөөсөн. Хүн нохойн гөлөг шиг хөөгдөх ямар байдгийг хүмүүс мэдэхгүй л дээ. Ямартай ч дахиж очиж чадахгүй, хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй долоон жил болсон. Долоон жил эхийгээ санаж бэтгэрсэн хүүхдүүд ээж бид хоёрыг хаяад явчихсан гэж ойлгож л өснө шүү дээ. Намайг хөөгдөж байхад том хүү маань байгаагүй. Наймхан настай охин минь юу мэдэрч, яаж шаналж байсан бол. Одоо өөрт нь тэр өдрийн тухай ямар нэг тод дурсамж байгаа эсэхийг би мэдэхгүй. Төсөөлөхөд ч хэцүү. Долоон жилийн дараа зориг гаргаад би ахин очсон. Хадам ээж маань үүдэн дээрээ гарч ирээд намайг үнсээд уулзсан. Урьд нь ирэхдээ хөөгдөөд буцахыг минь хараад, хүүдээ “Чи мөн үхэр шиг тэнэг хүн юм даа. Эх хүн үр хүүхэдтэйгээ уулзах гэж ирэхгүй яах юм. Яасан гэж хөөж байгаа юм” гэж хэлж л байсан. Олон жилийн дараа хадам ээж минь тэгж уулзахдаа “Мөнхжаргал байхгүй байна. Миний хүү ороод хүүхдүүдтэйгээ уулз” гээд намайг оруулж байсан. Хадам ээж маань бид хоёрыг салахад “Эвий минь их сургууль төгсөөд, яралзсан цагаан шүдээрээ инээмсэглээд л ороод ирсэн охин минь юмсан” гээд уйлж байсан. Тэр үед нөхөртөө хаядаж байгаа хүн ямар л олигтой байв гэж дээ. Өнгө зүс дарагдчихсан, сэтгэл санааны гүн зовлонд нэрвэгдчихсэн л байсан. Муу бэр охиноо харахаар л өрөвдөөд байх юм гэж айлын хүмүүст яриад уйлдаг байсан гэсэн. Их сургуулиа төгсөөд л яралзсан цагаан шүдээрээ инээмсэглээд орж ирж байсан нь нүдэнд харагдаад байх юм даа гэсэн тэр үг намайг их олон жил тэжээсэн. Ямар ч байсан хадмууд маань надад муу байгаагүй юм байна гэж боддог байсан. Манай хадам ээж айлын ганц охин. Аав ээж хоёр нь л нөхөр бид хоёрыг айл болгосон юм. Хадмууд маань тэр үед “..бид хувиа хүнд өгөхгүй ажилтай мэргэжилтэй, үйл хийвэл үйл хийчихдэг, ёстой бэр шиг бэртэй болсон” гэж айл хунарынхандаа ярьсан тухай сонсоод улам л уран байх юмсан гэж боддог юм уу, сүлжмэлийн машин хүртэл ажиллуулаад юм хийнэ. Монгол дээл оёод л. Зах зээлийн үед мөнгө олох гээд гурван нялх хүүхдийг гурван орныхоо хөлнөөс уячихаад үйл хийгээд л. Ажилгүй байсан ч талхны мөнгөө олох гээд хичээж явсан үе надад байсаан. Салсан жилээ яс горьдсон нохой шиг нөхрөө эргээд хүрээд ирэх болов уу, арай энэ чигээрээ салчихгүй байлгүй гээд хотод энд тэнд түц түрээслээд жил гаруй явсан. Тэгээд эхнэр нь жирэмсэн болохоор нь цөхөрсөн дөө. Би өөрөө хүний амьдрал дундуур орчих гэж байгаа юм шиг санагдаад хэцүү юм билээ. Тэгээд л би аав, ээж рүүгээ явсан. Аав ээж дээрээ очоод хөдөө үнээ ч сааж чадахгүй, ээждээ туслахгүй усан нүдэлсэн амьтан л хэсэг байсан. Хөөрхий дөө, эрхлэх ганц газар минь байсан байх.
- Та нөхрөө анх өөр хүнтэй болсныг мэдээд тэр бүсгүйд нь амьдралыг минь битгий бусниулаач гэж гуйж үзсэн үү?
- Эхнэрээс нь гуйж үзсээн. Тийм байдалд бүх бардам зан байхгүй болчихдог юм билээ. Манай нөхөрт ч гэсэн тэрхэн эхний үед эргэвэл эргэе гэсэн бодол байсан байж магадгүй. Залуу л хүмүүс юм чинь “...чамайг ямар хүнтэй суухыг чинь би мэднэ шүү” гэж надад хэлж байсан.
- Эсвэл таны дотор байгаа горьдлогыг дагаад тэгж санагдсан байж болох юм.
- Тийм ч юм болов уу даа. Энэ доторх тэр горьдлого гэдэг юм ерөөсөө тавьж өгдөггүй юм билээ. Ямар удаан энэ дотор амь бөхтэй байгаад байдаг гэж санана. Чи горьдлого гэж яаж хэлэв ээ.
- Дахиж хүнтэй суух тухай бодол төрдөг байв уу?
- Тэр үедээ бол ерөөсөө хүнтэй суухгүй л гэж бодож байсан. Тэгээд худлаа юм байна лээ. Хүний нутагт хүнд шүү дээ. Энд чинь би залуухан хүүхэн ирж байсан. Тэгээд зам дагуу, хөдөө хээр газар элдэв хүн ирж дээрэлхэхээс эхлээд асуудал гарна. Гэхдээ л хүний амьдрал салгахгүй юм шүү л гэж өөртөө хатуу хэлдэг байсан. Өөрөө нөхрөө хүнтэй суугаад явахыг нь харсан болохоор хүний амьдрал дундуур орохгүй юм шүү гэсэн бодолтой л болчихсон. Ямар ч байсан эхнэр хүүхэдгүй хүнтэй суулаа гэсэн өөрөөсөө 10 дүү хүнтэй суусан. Тэр хүнтэйгээ би найман жил хамт амьдарсан. Мэдээж өөрөөсөө олон дүү хүнтэй хамт амьдрах амар биш. Өөрөөсөө олон насаар дүү хүүхдийг уруу татлаа гээд хэл аманд орсон. Дээрээс нь хэчнээн би гүрийгээд зүтгэсэн ч тэр хүнд маань амьдралын туршлага ч байхгүй. Тус нэмэр ч гэж байхгүй. Энэ байдлаасаа болоод би зургаан жил хүүхэд гаргахаас айж явсан. Үнэндээ хаширчихсан байсан. Зургаан жил хүүхэдгүй байж байгаад хүүхэдтэй болохоор шийдсэн. Яахав, тэр хүн маань жоохон архи ууна. Хүүхэдтэй болохоор засрах байх гэж би бодсон. Хүүтэй болоод тэр хүнд сайхан л байсан байх. Гэхдээ л архи уухаа болиогүй. Уудгаараа уугаад л байсан. Тэгээд би нялх хүүхэд маллах, дээрээс нь дэлгүүр гуанз авч явах, нэг архи уудаг согтуу хүн чирэх гээд сүүлдээ дийлэхээ байсан. Аргаа бараад яваад өгөөч л гэж гуйдаг байсан даа. Чамд залуу нас, ахин шинээр эхлэх амьдрал байна гээд гуйна. Би тэр үед нэг гараараа жолоогоо бариад л, нөгөө гараараа хүүхдээ тэврээд л бараагаа зөөгөөд зүтгэж байсан. Ядаж байхад өртэй. Тухайн үед надад дөрвөн сая төгрөгийн өр гэдэг аймшигтай том ачаа байсан. Тал талаас нэхээд л. Гэхдээ манай нөхөр архи уугаад намайг өрөнд оруулаагүй л дээ. Миний өөрийн тооцоогүй байдлаас л болж өрөнд орсон. Өглөө босоход л өрөө нэхээд хүн ороод ирж байдаг. Хүүхдээ хөхүүлээд сууж байхад л хүн өрөө нэхээд орж ирнэ. Их хүнд байдалтай нэг өвлийг давж байсан. Хавар болтол өр нэхэгдсэн. Ногоо ургаж, нохой гүйж ч байна даа, би өрөө дарна. Зун орлого орно гээд уйлаад сууж байсан үе надад бий. Бие муутай байсан болохоор тэр юм уу, 29 настайгаас эхэлж л миний үс бууралтсан. Би дөчин настай тэгж ахин төрж байсан. 40 настай төрөхөд миний үс тэр чигтээ цал буурал болсон. Амьдралын зовлонг даагаагүй юм уу, угаасаа цаанаасаа би ийм онцлогтой байсан юм уу, бүү мэд. Үсээ будуулж ч чадахгүй, өрөө дарах гээд л яваад байсан. Нэг өдөр манай найз орж ирэхэд л би цав цагаан толгойтой хүүхдээ хөхүүлээд сууж байсан гэж ярьдаг юм. Орох оронгүй, дахиад нэг хүүхэд гараад ирчихсэн. 5:5-ын нэг жижигхэн дүнзэн байшинтай. Эхлээд 4:4 хэмжээтэй шургааган байшин худалдаж авсан юм. Тэгээд л шөнө өдөргүй ажилладаг. Шөнө ажилласан ч гэсэн өглөө эрт босдог. Манай байшин хүйтэн болохоор галаа эрт түлнэ. Яндангаар утаа саагиж байхаар энэ босчихсон айл байна гээд замын хүмүүс их эрт орж ирдэг. Яндангаар утаа савсуулахаар л хүн их орж ирдэг юм байна гэж боддог. Айлуудыг зомголоо овоолоод тоохгүй хаячихаар нь “...битгий хаяарай, би авч түлнэ шүү” гээд айлуудын гадаах зомголыг түүж аваад түлдэг байсан. Тэр зомголын галнаас их гоё утаа гардаг сан.
- Мод ихтэй айлууд зомгол тоохгүй...
-Тоохгүй. Яагаад ч юм утаа гарсан айлд хүмүүс түрүүлж орж ирдэг. Тэр нь сайхан.
- Түлүүгийн даваа энүүхэнд ойрхон байхад яагаад “Дондогийн булаг”-ийг сонгосон юм бэ ?
-Би “Дондогийн булаг”-ийг сонгое гээд сонгоогүй. Энд л хот орохоор сууж явсан машины мотор цохиод зогсчихсон юм. Мотороо боох гэж энд тав хоног хүлээсэн. Тэгээд л эндэхийн айлуудыг хараад байхад замын хүмүүст хоол хийгээд аягүй их мөнгө олоод байх шиг санагдсан. Надад хоол хийж мөнгө олно гэсэн ойлголт өмнө нь хэзээ ч байгаагүй. Тэгээд ажиглаж байгаад энэ чинь харин зүгээр ч юм уу гээд түрээслэх гуанз байна уу гэж хүмүүсээс сурагласан. Тэгтэл энэ байшинг 80 мянгаар зарах гэж байгаа гээд хүмүүс ярьдаг юм. Тэгээд л би зориглоод төмөр дээвэртэй, таазны банзыг нь ч хадаагүй шургааган байшин авчихсан. Надад тэр үед банз авах мөнгө байгаагүй. Халад хийдэг нэг цагаан материал байдаг байсан даа, тэрүүгээр дотроос нь тааз болгож татаж хадаж байгаа юм. Аймар гоё цав цагаан таазтай болоод авлаа. Ханыг нь гоёх юм ч тухайн үед гараагүй байсан. Тийм юм авах чадал ч байгаагүй. Ханандаа 600 төгрөгөөр цэцэгтэй, бугатай гялгар плакат худалдаж аваад тэрийгээ наагаад гоёж байсан. Аймаар гоё цэцэг навч болсон ханатай. Орох оронгүй, аав ээж, ах дүүгийнхээрээ жил гаран явсан хүн ингэж таньж мэдэхгүй газар өөрийн гэсэн орох оронтой болж байсан. Орох оронтой болсон хүн хөлөө дээш нь гозойлгоод хэвтэнэ үү, гараа алдлаад тэрийгээд хэвтэнэ үү жинхэнэ эрх чөлөө биз дээ.
-Та эцэг эхээс олуулаа юу ?
-Зургуулаа.
- За, тэгээд нөгөө сонирхсон хоол хийх ажлаа яаж эхлүүлэв ээ ?
-Надад тэр гуанзыг зарсан эгч Булган орох гэж явахдаа таараад мах муудчихна гээд есөн кг мах зээлээр өглөө. Ингээд махтай болчихлоо, тэгээд энд ирээд танилцсан орж гардаг бололцсон нэг жирэмсэн охиноосоо зургаан кг гурил зээлж байгаа юм. Хотоос Хөвсгөл рүү буцаж явсан нэг найз маань таараад хоолыг төмс их гоё амт оруулдаг гээд хоёр кг төмс бэлэглэж байсан. Тухайн үедээ мах гурилныхаа мөнгийг аргалаад буцааж өгсөн. Бэлэгнийхээ төмсний мөнгийг өгөөгүй. Ингэж л би шинэ амьдрал эхлүүлсэн. Өнгөрсөн жил ЖДҮ-гээс 100 саяын зээл аваад шинэ цайны газар барьсан. Цайны газраа нээхдээ би архигүй амьдрал сонгосон болохоор айргаа сөгнөөд, хүмүүс бэлэг авдаг бол би бэлэг тараасан. Намайг энэ хэмжээнд хүрэхэд тусалж анхны есөн кг мах зээлсэн хүн, зургаан кг гурил зээлсэн хүн байгаа. Гурил зээлсэн хүндээ шуудай гурил, мах зээлсэн хүндээ халзан цагаан хонь өгсөн. Манай найзын нөхөр бас надад анх түлшээр ажилладаг дэнлүү, галын хайч бэлэглэж байсныг би мартдаггүй.
-Хэцүү үед бусдын сэтгэл шингээж өгсөн бэлэг мартагддаггүй л дээ.
-Мартагдахгүй. Санаж явах ёстой шүү, чи гэж би өөртөө хэлж байсан. 20 гаруй жил бодсоор л яваа. Өөрсдөө бараг мартчихсан байсан байх. Санаж явдаг шүү гэдгээ ойлгуулах гээд дэнлүү бэлэглэж байсан найздаа би гоё гэрлийн абжур бэлэглэсэн.
-Та тэр есөн кг мах, зургаан кг гурилаараа юу хийсэн бэ?
-Тэр үед ургамлын тос авах мөнгө байгаагүй. Ээж минь намайг хот ороод идээрэй гэж өгсөн ундааны савтай шар тос л байсан. Шар тосоороо би цуйван хийсэн. Сонгино худалдаж авах ч мөнгө байгаагүй. Манай нутагт хөмүүлийн толгойг хэлхээд хатааж хэрэглэдэг. Тэгээд бууз, цуйван, шөлтэй хоол хийсэн. Нөгөө эгчдээ 20 мянган төгрөг дутуу байсан хэд хоноод ирэхэд нь 20 мянган төгрөгийн өрийг нь хийчихсэн. Ингээд 15 мянган төгрөгөөр хязаалан эр хонь, 14 мянган төгрөгөөр 40 кг гурил худалдаж авч байсан. Зургаан кг зээлсэн хүнийхээ гурилыг ч өглөө. Тэгээд л үлдсэнээр нь тууштай ажлаа эхэлсэн. Би хүмүүстэй их амархан танилцана. Манайд Булганаас ченжүүд ирдэг байсан. Тэд намайг шөнө ирсэн ч босоод ирдэг юм шүү, миний найз гэдэг. Тэдний маань нэг “Надад бөөний барааны газартай нэг найз хотод бий, чи тэндээс бараа зээлээр аваад эндээ бас зардаг болчихвол аштай юу. Би хэлээд, холбоод өгөх үү” гэж хэлж байсан. Энэ чинь бөөн сэтгэл байгаа биз дээ. Тэр хэцүү үед ийм боломж олдоно гэдэг аз завшаан. Тэгээд би тэр газрыг заалгаад очсон. Хөөрхий минь цуглуулж байгаад 30-40 мянган төгрөгтэй болохоороо л тэрийгээ бараа болгоно. Булган орж ирж мэддэггүй. Дасаагүй л байхгүй юу. Булган, Эрдэнэтэд газар мэдэхгүй. Хот юм уу, Хөвсгөл явахаар өнөө мөнгө нь зардалдаа явчихна. 30 мянган төгрөгөөр бараа аваад дахиад л 70-80 мянган төгрөгтэй болно. Наймааны ямар ч туршлага байхгүй.
- “Дондогийн булаг” гэдэг нэр ямар учиртай юм бол?
- Би анх ирээд настай хөгшнөөс асууж байсан. Тэр хөгшин мэдэхгүй байсан. Тэгэхээр их л урт түүхтэй байх. Энэ баруун талын салаагаар урсаж байгаа булгийг “Дондогийн булаг” гэдэг.
- Та нар энэ булгийн уснаасаа уух уу?
- Нэг хэсэг ширгээд алга болсон. Манай эндэхийн малчид харин хашаа барьж, хамгаалснаас хойш ахиж дэлгэрээд гараад ирсэн.
- Дээр үеэсээ л буурчийн газрын суурь байсан юм болов уу?
-Үгүй. Тээврийн жолооч нэг настай ах ярьж байсан. Хүн байтугай шувуу өвөлждөггүй газар байсан гэж. Энэ газраар явахад шувуу ч харагддаггүй. Зундаа саалийн ферм гардаг. Бөөн намаг л байсан юм даа гэж ярьж байсан. Энэ чинь гурван замын уулзвар маш мэргэн газар. Намайг ирэхэд энд дөрөв таван айл л байсан.
-Таныг хүмүүс “Дондогийн булаг”-ийн Одноо гэдэг юм билээ.
-Тийм. Би ч өөрийгөө Дондог Одноо гэж овоглосон. Цахимаар гүйлгээ хийхдээ утган дээр нь Дондог Одноо л гэж бичдэг.
- Энд ирээд ханилан суусан нөгөө залуу ингэхэд хаачсан бэ ?
- Хот руу орж ажил хийе, өр ширнээсээ салъя гээд явсан, хөөрхий. Хөөгөөд байхад салдаггүй, надаас олон насаар дүү хүн мөртлөө амьдрах сэтгэлтэй байсан. Ганцхан архи л бид хоёрыг амьдруулаагүй. Би энэ их ажлын хажуугаар үнэхээр дийлээгүй. Одоо ингээд л хөглөрчихсөн байгааг чи харж байна. Нэг аяга угаах гээд л байж байхад тэнд хүн ороод ирнэ. Өөртэй чинь юм ярьж байгаад хаяад л гараад явж байгаа биз дээ.
- Салаад хот руу яваад л эргэж ирээгүй юм уу?
-Тийм. Тэр хүн хотдоо л амьдарч байгаа. Хүүгээ аравдугаар анги төгсөхөд ямар ч байсан Булганд ирж уулзсан. Хүү маань энэ жил хоёрдугаар курст орсон. Би 40-тэй хүүгээ гаргасан. Одоо яана даа. Энэ хүүхдийг их сургуульд орохыг нь үздэг болов уу гэж бодож байсан. Тэгсэн одоо хоёрдугаар курс болчихсон том эр явж байна. Миний хүү сэтгэл судлалаар сурч байгаа.
-Аавтайгаа холбоотой байдаг уу?
-Аавтайгаа холбоо байдаггүй. Би ааш зан эвдрээгүй, гэнэн хонгор үедээ зовлон амсаж, сэтгэлийн шарх авсан, хүнд амьдралаар явсан хүн болохоор их өөрчлөгдсөн. Би хатуу болсон. Яагаад ч юм “...би хүний нутагт яваа, амьтан хүнд дээрэлхүүлэхгүй юм шүү” гэдэг нэг бодолтой байсан юм шиг байгаа юм. Эсвэл ер нь амьдрал намайг дээрэлхээд байх шиг, арай л илүү хүнд хүчрээр дарж байгаа юм шиг санагдаад туйлдахдаа дотроо өөрийгөө зоригжуулдаг ч байсан юм уу. Ташаашаа тулж байгаад “...муусайн п...гууд минь, та нарыг би алчихна шүү” гэж хэлдэг, тийм танхай хүн байсан. Хожуу төрүүлсэн, хажууд минь ганц хань болж байгаа хүүгээ би есөн настайгаас нь энэ лангууны ард зогсоосон. Хааяа хүүхэд л юм чинь буруу зөрүү юм хийвэл “...эцэг чинь миний арваад жилийн амьдралыг үрсэн, одоо чи үлдсэн амьдралд минь тамлах нь уу” гээд л хүүхдээ аймаар загнадаг байлаа. Хар аяндаа л бухимдана. Архичин эцэг чинь гэдэг айхтар муухай овог сонсчихсон хүүхэд болохоор надаас болоод эцэгтэйгээ уулзана гэж дугардаггүй. Би одоо хэлдэг юм. Ээж нь 60 хүрч байгаа. Аавтайгаа уулз, аавтайгаа ярь гэдэг. Аав нь залуу хүн, хожим үр хүүхэддээ дэм тус болоод явах байх гэж бодохдоо би ингэж хэлдэг болсон. Гэтэл би өөрөө хар нялхаас нь загнаад, аав гэдэг нэг аймшиг байдаг гэсэн ойлголтыг төрүүлчихсэн байсан. Одоо хүү маань уулзахгүй. Энэ бол миний хийсэн алдаа. Анхны амьдралдаа анхил залуу насандаа тээж төрүүлсэн, 10 нас хүртэл нь өсгөсөн миний хоёр хүүхэд өнөөдөр намайг “ ээж биднийг зүгээр л хаячихсан” гэсэн хатуу бодолтой байгаа юм чинь энэ хүүхдэд ч ямар сэтгэгдэл төрсөн болоод ингэж байгааг би мэдэхгүй. Хүний газар, зам дагасан энэ нутагт бүх амьдралаа элээж байгаа ганц эмэгтэйд алдсан оносон юм их биз. Одоо ийм насанд бодогдож, дотроо өөрийгөө зэмлэх үе ихэсдэг юм байна.
-Тэр нөхөр тэгээд хот руу яваад өгч. Гэхдээ та түүнд нэг их хайртай байгаагүй юм шиг ээ. Салаад явснаас нь хойш санагалзаагүй юу?
-Архи ууж, өдөр шөнөгүй тамлаж байгаа нь маш хүнд байсан болохоор үнэндээ миний тархи амарсан. Эргээд салгалаад ирэх вий гэхээс дотроо харин айж байсан болохоос ирээсэй гэж бодож байгаагүй. Мэдээж би өөрийгөө шүүж л байсан. Чи энэ хүүхдийг өнчрүүлэх шийдвэр гаргадаг хэн бэ гэх үгийг өөртөө олон удаа хэлж байсан. Хотод очоод нэг хүнтэй нийлсэн гэж сонсоод санаа амарсан даа.
-Тэрнээс хойш та ганцаараа амьдарч байгаа юу?
- Дараа нь би эндэхийн, Сайхан сумын нэг хүнтэй суусан. Айраг зардаг болохоор айргаараа холбогдож байгаад л суучихсан. Би эр хүнд халамжгүй юм уу, ямар учиртай юм. Намайг дандаа нөхрүүд маань хаядаг. Бас дандаа түрүүлээд авгай авдаг. Би нэг хэсэг зундаа эндээ ажиллаад, өвөлдөө хотод өвөлжсөн юм. Тэгсэн чинь зун нэг удаа хотод ирээд байж байтал нэг хүүхэн дагуулж гэртээ очоод байна гэж сонссон. Тэгээд л би дахиж уулзаагүй. Хүн намайг хэрэггүй гээд голж байгаа бол би шавар болоод юугаа хийх вэ дээ. Би тэгэхэд 50 хүрч байсан. 50 хүрч байгаа авгай эр булаацалдаад, үс гэзэгнээсээ зулгаацалдаад сууж байлтай нь биш. Нөгөө хүүхэнтэй нь утсаар яриад л “ Чамд баярлалаа. Таарамж муутай нөхрөөс минь салгаж өгсөнд... Бид ямар хүүхэдтэй улс биш. Намайг уурлана гэж битгий бодоорой” гээд хэлчихсэн.
- Ингээд л гүйцээ юу, та ч шулуухан юм аа?
- Гүйцээ. Одоо тэд хотод амьдардаг.
- Ингэхэд та мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ?
-Би мэргэжлээрээ ерөөсөө ажиллаж чадаагүй. 1988 онд их сургуулиа төгсөөд л дараалаад хоёр хүүхэд гаргасан.
- Гэхдээ хотод аль станцад ажиллаж байсан гэлээ?
-Эрчим хүчний нэгдсэн засварын үйлдвэрт ажиллаж байсан. Тэнд зуухны труба үйлдвэрлэдэг. Станцуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар юм. Зуух ч гагнаж байсан. Энэ үйлдвэрт ажиллаж байхдаа би радио техникч гэдэг мэргэжил ахиж эзэмшсэн. Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байхад манайх цацрагийн аппарат туршиж байсан юм. 70 настай зөвлөх мэргэжилтний дор ажиллана. Ямарваа нэг аппарат, тоног төхөөрөмжийг ажиллуулж эхлэхийн өмнө наана нь халаадаг. Цацрагийг нь гаргахгүйгээр, цаг халаана гэж ярьж байсан. Цацраг туяа үнэртэхгүй, амтагдахгүй, үзэгдэхгүй. Бид нар зураг авалт хийхдээ шалгадаг. Яг тэр өдөр шалгаж үзэхэд 2500 зиверт гэж зааж байсан. Хүмүүс цацраг туяа гарчихлаа, зугтацгаая гээд л шаагилдаад гарцгааж байсан. Гарсан хойноо эрчүүд маань хордчихвол үр хүүхэдтэй болоход ч сөргөөр нөлөөлдөг юм гэнэ лээ шүү гээд л хөхрөлдөөд өнгөрсөн.
- Зиверт гэж юуг хэмждэг нэгж вэ. Цацрагийг уу?
- Тийм. Цацрагийн тунгийн хэмжилтийн нэгж юм. Шведийн физикч Рольф Зивертийн нэрээр нэрлэгдсэн хэмжилтийн нэгж. Анх намайг эмэгтэй хүн ажилд авахгүй, бие организмд чинь муугаар нөлөөлдөг юм шүү дээ гэж анхааруулж байсан. Би жил дарааллаад гурван хүүхэд гаргачихсан. Надад дахиад хүүхэд гаргах шаардлага байхгүй, би ормоор байна гээд л орж байсан. Тэр явдлын маргааш нь дотор муухай оргиод байхаар нь би үйлдвэрийн эмчдээ үзүүлсэн. Хүүхэн хараа чинь томорчихсон хордлогын шинж байна. Чи юу хэрэглэсэн бэ гэсэн. Би хэвийн л идэж уудаг юмаа идэж уусан шүү дээ гээд гайхаад. Тэгэхэд эмч ямартай ч чи харьж амар, биеэ гайгүй болохоор ажилдаа ир гэсэн. Ажил тараагүй байхад эмч эрт хариад амар гэсэн болохоор хамт ажилладаг хүмүүстээ хэлээд гэр рүүгээ автобусаар явж байсан дотор муухай оргиод бөөлжих гээд байсан. Өмнө нь сургалтанд сууж байхад цацраганд хордвол дотор муухай оргих шинж тэмдэг илэрнэ. Тийм үед тэгнэ ингэнэ гээд заалгаж байсан маань шууд толгойд буусан. Тэгээд л хордлогын төвийн эмнэлэгт очиж хэвтсэн. Би цацраг туяатай ажилладаг. Өчигдөр цацраг туяа гарахгүй байх байсан ч гарчихсан гээд манайхан сандралдсан. Тэгээд өглөө бие эвгүй байхаар нь үйлдвэрийн эмчдээ үзүүлээд наашаа ирлээ гээд хэлсэн л дээ. Тэгэхэд Хордлогын төв дээр С.Юндэн эмч байсан. Тэгээд л эмнэлэгт хэвтлээ. Тэгтэл эмнэлгээр цацраг алдагдсан гэнээ гээд яриа гарсан юм шиг байгаа юм. Эмнэлэг дээр сурвалжлагч ирсэн . Ж.Нэргүй гээд нэг сонины сурвалжлагч ирж гээд ярьцгааж байсан. Би мэдээж зүв зүгээр явж байсан хүн дотор муухай оргиод бөөлжөөд унахаар цацрагаас л боллоо гэж бодсоноо эмнэлгийнхэнд ярьж таарна. Гэтэл тэр ярьсан маань хэвлэл дээр гарчихсан.
- Бөөн асуудал дэгдсэн үү?
- Тэгсэн. Манай үйлдвэрийн боловсон хүчин чи үйлдвэрээ матлаа. Чи өөрөө архи уугаад шартсан ч юм билүү гээд загнасан. Би архи огт амсаагүй байж ингээд хэлмэгдлээ. Баахан дарга нар ирээд л, энэ ийм өвчтөн гээд бүгдийнх нь оношийг танилцуулж байсан. Би анх эмнэлэгт хэвтэхдээ хэлсэн үгээ л хэлсэн. Гэхдээ одоо би тэр үед хурдан арга хэмжээ авсан тулдаа өдий зэрэгтэй яваа байх гэж боддог. Архинд хордсон уу гэхэд л надад үнэхээр муухай санагдсан. Би дусал ч архи амсдаггүй байсан. Үйлдвэрчний эвлэлийн дарга дээрээ очлоо. Тэгэхэд мөн л чи яагаад үйлдвэрээ матаад, худлаа үнэн цуурхал тараагаад яваад байгаа юм гээд загнасан. Тэгсэн чинь бүр сонин. “Тэр бол угаасаа ажилладаггүй аппарат ирээд, буцаагаад Бельги руу нь ачуулчихсан” гэж манай үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын инженер ярилцлага өгсөн байсан. Тэгээд л асуудал дуусна биз дээ. Шалгах юм юу ч байхгүй, би юу ч яриад нэмэргүй болсон. Ямар ч байсан долоо хоног эмнэлэгт хэвтээд, ерөөсөө бие өөдлөхгүй, нэмээд ес хоног акттай байж байгаад ажилдаа очсон. Хандлага нэг л сонин болчихсон байсан. Чамайг дуудаж байна гээд л энд тэнд дуудагдаад. Т.Одончимэгийн ажлыг өөрчлөх гэж байгаа гэнээ гэсэн яриа гарчихсан. Тэгээд дарга нар дуудлаа гэхээр нь яваад очлоо. Бүх инженерүүд тойроод суучихсан байсан. Цацраг алдагдаагүй, энэ хүн өөрөө бие нь муу байсан, ажлыг чинь өөрчиллөө гэхээр нь намайг ямар ажил дээр тавьж байгаа юм гэхэд чамайг энд ажиллуулах боломж байхгүй. Яагаад гэвэл чи найман сар болж байхад жинхлэх шалгалтаа өгөөгүй байна. Тэгэхээр манай жинхэнэ ажилтан биш гэрээт ажилтан учраас бид чамайг ажлаар хангах шаардлага байхгүй гэж хэлсэн. Би тэгээд яах юм бэ гэхэд залуу хүн хаанаас ч ажил олоод хийчихнэ гэж хэлсэн. Тухайн үедээ 100 гаруй мянган төгрөг надад бодож өгөөд л, өөр ажил хай гээд гаргасан. Заргалдах ямар ч боломж байхгүй. Цацраг гэж хамаагүй ярих ёсгүй байсан юм байна гэж сүүлд ойлгож байгаа юм. Гэхдээ яах аргагүй тэр аппартаас цацраг алдагдсан. Надтай хамт байсан 10 гаруй ажилтан хамт харж байсан. Юм ийм л байдаг юм билээ.
-Та ингэж гомдолтойгоор халагдчихаад, огт тэмцээгүй юу?
- Тэмцээгүй. Тэмцэх чадал байгаагүй. Өвдөөд л байдаг болчихсон. Тэрнээсээ болоод бөөн уур. Нөхөр рүүгээ аашилдаг байсан юм байгаа биз. Тэгээд ч удалгүй нөхөр гэртээ ирэхээ больсон. Айлд очоод хэвтчихсэн, өөр хүүхэнтэй болсон гэдгийг нь сонсоод сурсаар байгаад нөгөө хүүхнийг нь олж уулзсан.
- Халуухан л уулзалт болсон байх?
-Чи юу болоод байна вэ. Би эхнэр нь гээд нэг ийм бие муутай, гурван нялх хүүхэдтэй эмэгтэй гэрт нь байна шүү дээ. Чи энэ гурван хүүхдийг эцгээс нь салгаад, амьдралыг нь үрэн таран хийгээд, миний махыг идээд цаашаа яаж явах гэж байна вэ гэж хэлсэн. Цэл залуухан байсан даа. Нөхөр гэртээ ирэхгүй болоод тэр үү, бие улам л муудаад байсан. Сарын дотор сэтгэл санаагаар унаад 10 кг тураад 65 кг болсон. Би нөхрийнхөө тухай сонсоод гэртээ сар бодоод, сарын дараа очиж тэр хүүхэнтэй нь очиж уулзсан нь тэр юм. Би хүүхдүүдтэйгээ гэртээ байгаа хүн шүү. Чи сайн бодоорой, тунгаагаарай л гэсэн. Арваад жил хамт амьдрахад нөхөр бид хоёр сайн мууг адилхан л туулсан. Оюутан ахуйдаа учирч, хөтлөлцөж гүйсээр ханилсан. Миний нөхөр сайн хүн байсан. Сайн хүн юм чинь ойлгоод буцаад ирнэ гэж бодсон. Сэтгэлийн мухарт тэр итгэл байсан учраас ерөөсөө гуйж очоогүй. Битгий яваач гэж ч ерөөсөө нөхрөөсөө гуйгаагүй. Тэр хүүхнээс бол очиж гуйсан.
- Хариу юу гэж хэлсэн бол?
-Ерөөсөө дугараагүй, их дуу муутай хүүхэн байсан. Одоо болтол тэр хүүхэнтэйгээ амьдарч байгаа. Тэр хүүхэнд эр хүнийг татах, надаас илүү ямар нэгэн авьяас байгаа болоод өдий хүртэл хамт амьдарч байгаа байх. Бид хоёр 10 жил амьдрахад байсхийгээд л хэрэлдэж зодолддог байсан. Бага залуугаараа оюутны ширээнээс нийлчихсэн, ач тач хоёр байсан. Мэдээж амьдрал юм чинь энэ олон жилд эр эм хоёр муудалцдаг л байх, гэхдээ салахгүй амьдарна гэдэг тэр бол гайхамшигтай эмэгтэй. Би тэр эмэгтэйд баярладаг. Хүүхдүүдтэйгээ уулзахдаа би “Ээждээ очиж хэлээрэй. Би энэ эмэгтэйг нөхрөөс нь салгаад өдий болтол олигтой нөхөр сүүдэр таарахгүй, ганц бие үйлээ үзээд явж байна гэж гэмшдэг юм биш байгаа. Харин ч миний нөхрийг сайхан халамжлаад явж байгаа хүнийг би аль хэдийн уучилсан шүү. Би муу санадаггүй. Болж өгвөл ярьж хөөрч, холбоотой явж байгаарай” гэж хэлүүлсэн. Танай ээж мундаг сайн хүн шүү гээд л, хөл нь өвддөг гэл үү. Энд их сайн хөлний эм зардаг юм байна гээд манай охинд зааж өгсөн байсан. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг ийм л агуу.
- Та өөрөө агуу эмэгтэй юм. Таныг хэчнээн шархлуулж, голгүй гомдоосон ч та хүмүүсийг сайнаар л хэлэх юм.
-Баярлалаа.
-Өглөө хүн архи сураглаад орж ирэхэд та зэмлээд гаргасан. Архи ерөөсөө зардаггүй юм аа даа?
-Би архи зарсан. Би юу ч үгүй ирсэн хүн юм юмтай болохыг бодно. Архинаас маш их мөнгө унадаг. Архийг маш их хүн авдаг. Тийм учраас би олон жил архи шагласан. Манай энд тог цахилгаан байхгүй учраас камер байхгүй. Архины зөвшөөрөл өгдөггүй байсан. Энд 200-аад айл зундаа зусдаг. Архины хэрэглээ гарч л таарна. Тэгээд би архи шаглаж байсан. Би архигүйгээр амьдрах гоё, архийг би аяганд хийсэн хор гэж үзэж, архийг цээрлэсэн ч зараад байсан байгаа юм. Тэгээд л шийдвэрээ гаргасан. Ахиж би архи зарахгүй гэж шийдсэн. Би архи зарахгүй бол над дээр архи уудаг хүн орж ирэхгүй. Надаас нэг удаа хүн архи аваад, шөнөжингөө агсан тавьсан. Шөнөжингөө агсан тавиад, согтуугаар машинаараа хүн дайрч алах гээд. Маргааш нь цагдаа нь дуудна. Хаанаас архи авсан гэхэд манайхыг заагаад өгнө. Би архиа хулгайгаар, нууцаар машины багажиндаа хийж хүртэл зардаг байсан. Шалгалтынхан дэлгүүрээс архи нэгжээд олоогүй. Эндээс л архи авсан гэсэн, энд архи байж л таараа гээд эрсээр байгаад машины багажнаас олоод хураагаад аваад явж байсан. Тэр үед гол нь “ Нэг хүн аялалд баахан хүмүүс аваад явж байсан. Гэтэл хүмүүс нь хэтэрхий их архи уугаад хэцүү байна” гээд манайд баахан архиа үлдээдэг юм. 50 эрэгтэй хүн аялалд авч явж байна, үнэхээр хэцүү байна” гээд надаас гуйгаад архиа нууж үлдээсэн. Ингээд би хүний өөрийн баахан архи хураалгаад, хоёр сая төгрөгөөр шатсан. Хоёр сая төгрөг гэдэг над шиг юу ч үгүй хоосноос өдий болох гэж ядаж байгаа хүнд их мөнгө. Маргааш нь дахиад архиа зарж байна уу, үгүй юу гээд машин дүүрэн цагдаа манайхыг нэгжсэн. Машинаас нэг нэгээр нь архиа зөөж оруулж ирээд, хөнжил завсар нууж байгаад зардаг байсан юм. Тэгсэн нэг пиво хурааж аваагүй, хараагүй үлдээчихсэн юм байна. Нөгөөхийг хүү маань үүрдэг цүнхэндээ хийгээд зугтаасан. Жорлонгийн араар, зоорь руу орж нуугдаад л. Цагдаа нар нэгжээд л байсан. Би ч тэдэнтэй ярилцсан. Архи одоо байхгүй ээ, би хаширсан. Архигүй амьдрал гэдгийг өөрөө хүмүүст үзүүлнэ гээд ийм зам сонгочихоод архи зарж байсан нь миний түмэн буруу. Би уг нь архи зарах өчүүхэн ч сонирхол байхгүй хүн. Ганцхан ядуу зүдүүгийн эрхэнд л зарж байсан юм. Ахиад зарахгүй” гээд цагдаа нартай ний нуугүй ярьсан. Тэгж байх хооронд миний хүү гэрт үлдсэн байсан ганц шар айргийг нуух гэж үйлээ үзсэн байсан. Цагдаа энүүгээр явахаар тийшээ нуугдаад л, тийшээ явахаар энүүгээр нь нуугдаад л. Цүнхээ үүрчихсэн байдгаараа зугтааж байсан. Тэгээд цагдаа нарыг явсны дараа миний хүү гэртээ уйлж орж ирсэн. Ээжээ, та архигүй амьдрал сонгочихоод яагаад архиа хүнд зараад байгаа юм. Хоосон хоносон ч хамаагүй хоёулаа архи зармааргүй байна гээд уйлсан. Зүрх минь шимширсэн. Тэгээд л би архи зараагүй. Сайхан болсон. Хүү архин дээр аймаар анхаарна. Архины хайрцагт бараа хийгээд ирэхэд “..юу вэ, архи аваад ирж байгаа юм уу” гээд л уурлаж байсан. Тэгтлээ хаширчихсан.
- Та яагаад үсээ ингэж салаа сүлждэг юм бэ?
- Би ЖДҮ-ээс 100 сая төгрөг зээлээд ажиллаж байгаа гэж ярьсан даа. Зээлээ төлж дуустал би үсээ хоёр салаа сүлжинэ гэж бодсон. Өрнийхөө ард гараад л үсээ янзалж, гангална гэж бодож байгаа.
-Та хашаандаа бас шовгорууд барьж байгаа юм байна. Би таны барьсан гэрт сайхан галын үнэрт хонолоо. Бас л уран зураг шиг сайхан нутагт, өөрийнхөө зоргоор сайхан амьдардаг юм байна. Цалгисан сайхан яриа хөөрөөтэй, амьдралын баялаг түүхтэй эмэгтэйтэй танилцаж, ингэж ярилцаж байгаадаа олзуурхан баярлаж байна. Та дуулдаг уу. Сайханыхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг.
-Манай ээж сайхан дуулдаг хүн байсан. Манай аав уяач хүн, гэхдээ солгой хоолтойтой хүн байсан. Морио хурдлаад ирэхээр урд нь ороод л гүүг гүүг гээд давхихад нь л морь нь дуунаар нь сүүл хатгаад л ороод ирдэг байсан. Би ээжийнхээ хоолойг давахгүй. 20 гаруй жил би энд айраг зарж байна. Уржнан нэг найзындаа яваад ортол дуучин Д.Бурмаа, Л.Банзрагч, А.Мөнхбат гурав ирчихсэн, “Заллага” дуугаа дуулж баййсан. Тэр дууг сонсоод л би дурласан. Ямар гоё дуу вэ гээд л сурч байлаа. Сүүлийн үед тэр дууг л сонсож, дуулах дуртай болсон. Манай АА-ынхан баяр ёслолыг дандаа архигүйгээр тэмдэглэдэг. Архигүйгээр тэр дуугаа дуулаад л зогсож байдаг. Чамтай ярилцаж, баахан уйлчихлаа. Тэрийгээ нэг сайхан дуулаад сэргэмээр санагдаж байна.
- Баярлалаа. Би энэ нутгаар их явдаг. “Орхон дээр уулзъя” гэж намрын дунд сарын шинийн 15-ны шөнө нутгийнхан орхон голд ордог тухай бичиж байлаа. Таныхаар Сайханы гэх энэ хүн зоны онцлог юу вэ?
- Хүмүүс жил болгоны намрын тэр өдөр усанд орно гээд л шуугицгааж байдаг юм. Сайхан бол цуутай нутаг. Сайхан сумтай хаяа дэрлэж 20 гаруй жил амьдарсных хайртай байлгүй яахав. Цацаа цалгиатай, их цоглог хүмүүс. Би зэлэн дээр халгаад очиж чаддаггүй. Энэ айраг гэдэг идээний ард асар их хөдөлмөр байдаг юм. Миний ажил айраг зарах. Гэрээ хийсэн айлуудаараа очихдоо ч би зэл рүү нь дөхдөггүй. Гүүгээ сааж байвал, хүлээж байгаад л уулзаад явдаг.
- Тэр зэлийг нандигнаж байна гэсэн үг үү?
-Тийм. Хүндэтгэж байна гэсэн үг. Яагаад гэвэл би тэр хөдөлмөрийн үнэ шимээр боссон. Энэ сайхан айргийг зарж миний амьдрал хөл дээрээ босож ирсэн.
-Та хөдөлмөрч хүн юм аа. Хойтон намар ирэхэд л энэ шовгорууд ашиглалтад орчихсон байхаар байна.
- Өвөл нь монгол гэрээ галлаад л явуулын хүн хонуулдаг. Шөнө орой гэлтгүй замаас жоохон хазайхад л төөрчихнө. Хонох газар байна уу гэхээр л хүмүүс манайхыг заадаг юм шиг байгаа юм.
-Таны дэлгүүрт ёстой есөн шидийн бараа байх юм. Хүний амьдралд юм болгон хэрэгтэй болохоор хүн болгон ямар нэг юм аваад гардаг болов уу?
-Тийм. Мэдээж хэрэг би мөнгө олох гэж байгаа юм чинь хүний юу сууж сураглаж байна, тэр бүх хэрэгцээтэй юмыг нь л олж энэ жижигхэн дэлгүүртээ тавих гэж боддог. Надад айхтар их хөрөнгө байхгүй. Айхтар их итгэлцэл л байгаа. Энэ бүгдийг бөөний дэлгүүрүүд зээлээр өгөөд л, би борлуулж мөнгийг нь тушаадаг. Энийг худалдаж авах мөнгө надад байдаггүй. Айраг бол зарим жилдээ 100-150 тн зарсан байдаг.
-Та өөрөө айраг уух уу?
-Уухгүй ээ. Чадахгүй. Айраг уудаг хүн айрагныхаа ашгийг уучихна. Би уудаггүй болохоор зарж ашиг гаргаж авдаг. Айргаа бол амсаад авдаг төдий. Амсаад л энэ сайхан, энэ тааруухан байна гээд л...(инээв)
-Та нутаг руугаа хэр их явдаг вэ?
- Нутаг руугаа явах зав байхгүй. Аав ээж маань өнгөрчихсөн. Эмнэлэгт хэвтэх гэж л явдаг. Дүү нар маань тэнд хэвтэхээр шөл хоол зөөдөг. Жилдээ хоёр ч хэвтэж байж онд орно доо, хөөрхий.
- Жимсэнд явдаг биз дээ. Манай Булганыхан намар жимсэнд их явдаг.
- Би ерөөсөө жимсэнд явж үзээгүй. Энэ дөрвөлжин байшин дотроос гарах л юм бол орлогоо алдана гээд энэ дотроо л байж байдаг.
- Энд олны танил олон хүнтэй уулзана биз?
-Уулзалгүй яахав. Төрийн соерхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, дүү Д.Төмөрхуяг хоёртой нэг удаа уулзаж байсан. Манай энд колонк байхгүй байхад би бензин авчирч зардаг байлаа. Ц.Төмөрбаатар гуай энд бензин зардаг гэнэ гээд нэг их гоё инээмсэглээд ороод ирсэн. Агуу хүн гэдэг агуу л байдаг юм байна лээ. Жамух ч ороод ирж байгаа юм шиг. Нэг л гоё санагдсан. Миний шагийн үнийг ч тоохгүй аваад явсан. Дараа нь нэг зун хүмүүс Ц.Төмөрбаатар жүжигчин байна гээд л гадаа шуугиад, шавчихсан зураг авхуулаад байна. Би дандаа ингээд хөглөрөөд сууж байдаг хүн. Хам хум палаажаа сольж өмсөөд л гүйж очсон. Тэр жил таныг энэ зам дээр бензингүй болоход бензин шагладаг хүн байнаа гэсэн чинь “..өө тийм тийм” гээд зургаа авхуулж байсан. Би энд ирээд зургаан жил л болж байсан. Жүжигчин И.Одончимэг гавьяат, Л.Аглуу, Н.Онон гээд бөөндөө хоолонд орох гээд ирсэн. Хэвтэж байсан хүн чинь “Хоол хийж байгаа юм уу” гээд И.Одончимэг гавьяатыг ороод ирэхэд ухасхийгээд босож байгаа юм. Би энэ олон жил нойр хоолгүй зам сахиж зүтгэчихээд, энэ олон сайхан алдар цуутай хүмүүсийг орж ирж байхад орон дотроо унтаж байхдаа яахав дээ” гэж бодоод л босоод ирсэн. Хооллоод гарахад нь энэ үүдэн дээр зогсож байсан хүмүүс “ Эгч ээ, ганц тоглолт хийгээд өгөөч гээд хэлээд өг” гээд салдаггүй. Юу гэж л энд тоглоод явж байхав дээ гэж бодсон хэрнээ л ороод, “Би энд гуанз ажиллуулаад зургаан жил болж байгаа юм. Өдөр шөнөгүй л ажилладаг. Хувцастайгаа унтдаг. Шөнө хүн ирээд хоол иднэ гэвэл ухас хийж босоод л хийгээд өгчихдөг. Өнөөдөр харин ганц өдөр амрах гээд хэвтэж байсан юм, гэхдээ гавьяатай та нарт хоол хийхээс мултрана гэж яаж байхав” гээд л инээгээд орсон. Манай энэ хавийнхан ганц номер үзүүлээд өгөөч гэж гуйгаад өг гээд салдаггүй ээ гэтэл тэд тачигнатал хөхрөөд, “ Та энэ хавийн босс нь юм уу” гээд бүгдээрээ баахан инээлдсэн. Би ч тоглохгүй гэдгийг нь мэдэж л байсан. Хоол идэж дуусаад явахдаа “Эгч ээ, бүгдээрээ зурагаа авхуулъя” гээд хамт зураг даруулж байлаа. Тэр зургийг л олж авахсан. Хойтон жил нь сэгсийсэн юм зах дотор бараагаа авах гээд явж байтал Бооёо энэ тэр гээд манайд орж ирсэн өнөө хэд таарлаа. Хүүе, нөгөө гуанзны эгч явж байна гээд бүгд надтай ирж гар бариад сүйд болсон. Эгч сайн уу, бид нар Эрдэнэт рүү тоглолтоор явж байгаа. Та ирж үзэх юм байгаа биз дээ” гээд л. Булганд ч тэд тоглолттой байсан. Би очиж үзэж чадаагүй л дээ. Цаг хугацаатай уралдаж, орох оронтой болохыг л хичээж яваа хүн чинь наашаа л зүтгэнэ. Зах дээр тэгж намайг таниад, бүгдээрээ ирж гар барьж, мэнд мэдэж, ярьж хөөрсөн нь л надад тэд нарын тоглолтыг үзсэн юм шиг баяр хөөр төрүүлсэн. Энэ нэг навсайсан авгай яваад л байдаг юм. Яахаараа энэ том том хүмүүс таньдаг юм бол гэж хүмүүс бодож байгаа байхдаа гээд би өөрийгөө дотроо их гоё дөвийлгөж бодоод л өнгөрсөн.
-Та эрт босдог хүн байна шүү. Зөндөө сайхан ярилцлаа. Буцаж заавал ирнээ. Танд сайн сайхныг хүсье.
- Өглөөг сайхан эрт эхлүүлэх сайхан шүү дээ. Хоёр сурвалжлагч маань даарч хоносон байх даа. Төвийн хүмүүс хэцүү шүү дээ, галыг нь түлнэ хаалгаа онгорхой орхичоорой гэж хэлдэг байж гээд бодож байлаа. Үүрээр сэрээчих байх гээд галаа түлчихээд, ус гал дээр тавиад хүлээж байлаа. Сайхан байлаа. Сэтгэл санаа уужрах шиг, хөнгөрөх шиг боллоо. Заавал манайхаар ирээрэй.
Тийм ээ. Энэ бол эгэл жирийн нэгэн монгол эмэгтэйн туулсан амьдрал. Сэтгэлдээ шархтай, хүнд хэцүү амьдралын шуургыг тэнхээ заан сөрсөн нулимстай түүх.
Хүмүүс цаг хугацааг бурхан мэт ид шидтэй гэдэг. Тэрхүү шид нь сэтгэлийн шархыг эдгээдэг гэж бат нот юм шиг хэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш байдаг нь сонин. Гэнэн хонгор насандаа хайрлан дурлалцаж, гар гараасаа хөтлөлцөн, андгай тангараг өргөлцөөд амьдрал хэмээх их далайд бид хөл тавьдаг.
Анхны юм бүхэн гүн гүнзгий ул мөр үлдээдэг. Хайр, хагацал, уналт босолт, сэтгэлийн шарх...бүгд шүү.
Барагтай унжийхгүй, ийм галтай цогтой эмэгтэй хүртэл анхны тэр үеийн тухай ярьж эхлээд л нулимс нь урсаж байх юм. Хөндүүр нь яг өчигдрийнх юм шиг...
Түүний дурсамжуудтай хамт зүрх ширх хийн зүсэгдэж, танил он жилүүдээр алхаж байлаа, би.
Ерээд оны тэр ороо бусгаа үед олон гэр бүлүүд салж сарнин бутарч, хувь заяаны ээдрээнд ороогдон зовж зүдэрсэн. Гэртээ авааль эхнэрээ байж байхад дараагийн хүүхнээ дагуулж ирчихээд байж боломгүйгээр аашилж байсан тухай түүх нэг биш сонсож байсан.
Тэр үед цаг үеийн хувьд нийгмийн шилжилтийн эхний цохилтуудад нийтээрээ хөл алдацгааж байсан ч юм шиг. Ямартай ч ёс суртахууны хил хязгаар даван садарсан ийм үйл явцуудын хөлд олон зуун гэр бүлүүд нурж байлаа.
Он жилүүдийн жимээр эдгэсэн юм шиг тэнхээлэг дүрийн ард орчихоод алхаж явсан ч үнэн хэрэгтээ гомдож шархлан үлдсэн миний доторх тэр охин ч надтай өнөөдөр ч хамт байгааг би өөрөө олж харах шиг...
Одноо эгчийг “Нээрээ яагаад тэгдэг юм бол, би нөхрүүддээ дандаа хаягдчихдаг. Тэгээд тэд дандаа өөр хүүхэнтэй нүдэн дээр суучихдаг ш дээ” гээд хөгжилтэй инээхэд нь даган инээж, нулимс нь чимээгүй урсахад биеэ хүчлэн барьж байсан би тэр шөнийн хүйтэн саран дор ойрд уйлаагүйгээрээ уйлж билээ.
Эргээд очиход жинхэнэ ганган дээрээ тавьчихаад, инээд цацруулаад байж байгаарай... Дондогийн булгийн эзэгтэй минь... хэмээн сэтгэлдээ түүнд аяархан хэлээд буцах шувуудын ганганаантай хамт буцаад л харьж явлаа, би.