“Торгоны зам” Авто ралли нь Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос энэ сарын 11-ний өдөр гараагаа эхэлж, тус улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улсаар дамжин Монгол Улсын нутагт долоодугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж, 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
“Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны 7 дугаар сарын 15-21-ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжилнэ.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь анх 2009 онд ОХУ-ын Казан хотоос Казахстан Улсын нутгаар дамжин Туркменистаны Ашгабад хот хүртэлх 4628 километр замд 9 хоног явснаас хойш Орос, Хятад, Казахстан, Туркменистан зэрэг Евроазийн улсуудад уламжлал болон зохион байгуулагддаг болж, Монгол Улсад 2019 он, 2024 онд амжилттай зохиогдсон билээ.
“Торгоны зам” Авто ралли нь хээр тал, элсэн цөл, ой мод, уулархаг нутгийн 600-5,000 километр замд 2-15 хоног үргэлжилдэг, суудлын болон ачааны автомашин, мотоциклийн ангиллуудаар, мэргэжлийн тамирчид, сонирхогчид, аялагчдын гэсэн төрлүүдээр олон улсын спортын томоохон уралдаан тэмцээний түвшинд зохион байгуулагддаг, спортын болон эв нэгдэл, нөхөрлөлийн том арга хэмжээ болон өргөжиж, дэлхийн хэмжээнд үзэгчдийн тоо олон саяд хүрч байна.