АНУ-д болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, түүхийг зэрэгцүүлэн бичив.
Остин хотод зургаадугаар сарын 3-д эхэлсэн тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 32 баг гараанаас гарсан. Тодруулбал, Европ тивээс хамгийн олон буюу 16 баг шалгарсан бол Америк тивээс 11, Азиас таван баг өрсөлдлөө. Манай улсаас тус тэмцээнд анх удаа хоёр баг оролцох эрхийг авсан билээ.
Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors” багийн залуус Хятадын багт ялагдан тэмцээнээ эхний шатнаас дуусгасан. Тэд энэ удаагийн тэмцээнийг 25-27-р байрт эзэлсэн амжилтаар зургаадугаар сарын 6-д өндөрлүүлсэн юм.
Харин The MongolZ багийн залуус хасагдах шатны шилдэг найман багийн нэгээр тодорсон. Тодруулбал, Ази тивийн багуудаас Монголын The MongolZ баг ганцаараа хасагдах шатанд тоглох эрхийг авсан юм.
Playoffs буюу хасагдах шатны тоглолт зургаадугаар сарын 19-ны өдөр эхэлж The MongolZ баг Европын “FaZe Clan”, Бразилын “paiN Gaming” багуудыг дараалан хожиж аваргын төлөө тоглохоор шалгарсан. Манай залуус өрсөлдөгч багуудаа 2:0-оор хожиж аваргын төлөө Францын “Team Vitality” багтай тоглолоо.
“BLAST.tv Austin Major 2025”-ын аварга цолыг Францын “Team Vitality” баг авсан бол Монголын The MongolZ баг дэд аварга боллоо.
1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.доллар, дэд байранд орсон баг 170 мянган ам.долларын шагналыг хүртэв. Харин 3-4-р байр эзэлсэн багууд 80 мянган ам.долларын мөнгөн шагналын эзэн болжээ.