Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор "Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо" үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан 4 аймаг, 12 яамны хэмжээнд зохион байгуулсан урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн эрэмбэлж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт гардууллаа.
Чуулганыг нээж Монголын Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, "...Өнөөдрийн залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулганы хүрээнд 4 аймаг, 12 яамны хэмжээнд орон нутгийн болон салбарын залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн өнөөдөр чуулж байна. Дээрх урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналууд, чуулганы нэгдсэн зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган дахин танилцуулах болно." гэлээ.
Мөн Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
- Чуулганы үндсэн хэсэгт тус Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, Монголын залуучуудын эвсэл ТББ-ын Ерөнхий захирал Т.Амарзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа, Гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
· Дэд хэсэгт Sica судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул, Сольюшн менежмент группын гүйцэтгэх захирал Н.Хулан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Мөнхжаргал, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Мягмарренчин нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг /968,524/ 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг. Энэхүү үндэсний чуулган нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих шинэ бодлогын шийдвэрүүдийг гаргахад чухал ач холбогдолтой юм.