“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Богд Хааны Ордон музей, “Чингис хаан” үндэсний музей, Чойжин лам үндэсний музей, цуглуулагч  Б.Амарсанаа нартай хамтран жар орчим үзвэрээс бүрдсэн 21 дарь эхийн чуулган, Өндөр гэгээний “ Цахиур эрдэнэ” үзэсгэлэн  дэлгэгдлээ. Уг үзэсгэлэнд  Өндөр  гэгээн Занабазарын намтар түүхийг үзүүлэх сурвалжууд, мөн түүний эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, Өндөр гэгээний өөрийн мутраар бүтээгдсэн хосгүй үнэт өв “Ногоон дарь эх” тэргүүтэй бурхадыг дэлгэн нэг дор үзүүлж буйгаараа онцлог байлаа. Энэхүү үзэсгэлэнгийн талаар Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа ийнхүү ярив.

“Богд хааны ордон музей бол Монголын анхны түүхэн музейн нэг юм. 1926 онд Богдын өвлийн ордонд  Богд хааны ордон музейг  анх нээж ажилуулж байсан түүхтэй. Богдын музейд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эд өлгийн зүйлсийг хурааж, хадгалж, дэглэж олонд үзүүлдэг байсан. Үүний дараа салбар музейнууд байгуулагдлаа. Үндэсний болон “Чингис хааны музей”, “Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей” зэрэг үүнд орно. Тэдгээр музейнуудад эндээс үзмэрүүдийг хуваарилсан байдаг. Өндөр гэгээний урласан бурхдууд олон газар бий. Эрдэнэзуу, Баруун хүрээ хийгээд түүнээс гадна Гандантэгчэнлин хийдийн гол шүтээн Очирдара бурхан зэрэг байсан” хэмээв.

Өндөр гэгээний  хулсан үзгээр хичээнгүй бичсэн намтар

Үзэсгэлэнгийн эхний хэсэгт Өндөр гэгээний түүхэнд хамрагдах гурван намтар байна. Тус бүтээл нь Б.Амарсанаа хэмээх цуглуулагчийн цуглуулагаас сорчлон дэлгэгджээ. Өндөр гэгээний шавь нар багшийнхаа намтрыг бичиж ирсэн уламжлалтай. Түүний анхны намтар нь халхын Зая  бандид Лувсанпэрэнлэйн “Лувсандамбийжалцангийн ердийн товч намтар” гэх намтар байдаг. Үүнээс эхтэйгээр олон шавь нар нь Өндөр гэгээний намтруудыг бичиж үлдээсэн юм. Эдгээр намарууд Монголын үндэсний музей, үүнээс гадна хувь хүмүүсийн цуглуулгад бий. Уг намтрыг хулсан үзгээр хичээнгүй тигээр бичжээ.

Алтан зурагтай Жадамба

Дараагийн бүтээл бол “Алтан зурагтай Жадамба” судрын хэсгээс уг үзэсгэлэнд тавигджээ. Уг судар нь  XVIII - XIX дугаар зуунд бүтээгдсэн байх хэмээн он сарыг нь багцаалдаг. Бурхан багшаас эхлэн Ловон Бадамжунай, Буддын шашныг үндэслэгч Богд Зонхова, Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг шавь нарын хамт дүрсэлж зурсан судар юм.

Өндөр гэгээнийг дүрсэлсэн танка зураг ба эрдэний шигтгээтэй сандал

Үүний хойдох бүтээл нь Өндөр гэгээн Занабазар хэмээх танка зураг. Уг зураг нь тун их онцлогтой бүтээл билээ. Учир юу хэмээвээс Өндөр гэгээн Занабазарыг Жавзандарнатын арван зургаа дахь хувилгаан гэж үздэг. Тиймийн учир түүнээс өмнөх буюу энэтхэг, төвдөд төрсөн арван таван дүрийг тойруулсан зурснаараа онцлогтой. Мөн Монголын үе үеийн богдуудыг Дэмчог бурханы хувилгаан гэж үздэг учир дээр нь Дэмчог бурханыг зуржээ. Эл зураг дээр Өндөр гэгээн майхан дотор хонх, очир барьсан дүрээр буусан байна.

Ташрамд дуулгахад Богд хааны ордон музейд Өндөр гэгээний эдлэж хэрэглэж байсан  хэд хэдэн зүйлс хадгалагддаг. Үүний нэг нь Манж Чин  улсын Энх-Амгалан хаанаас бэлэглэсэн зандан модон, эрдэний чулуун шигтгээтэй сандал билээ.

Өндөр гэгээний өөрийн мутраар бүтээсэн “Язгуурын таван бурхад”

Чойжин ламын сүм музейгээс хосгүй үнэт өв болох Аюуш, язгуурын  таван бурханы нэг эрдэнэ үүсгэгч Дэмчиггарав, Доржсэмбэ, Минтугва зэрэг бурхадууд үзэсгэлэнгийн хойморт заларчээ. Эдгээр бурхад бүгд өөр өөрийн зохионгуйтай. Тийм ч учраас монголчууд эртнээс шүтэж ирсэн байдаг. Тухайлбал насны бурхан хэмээх Аюуш, бумба барьсан язгуурын таван бурхад нь ирэгнаа титэмтэй ба хүмүүсийг урт наслахыг бэлгэддэг.

Хүний сэтгэлээс гарах таван муу хор гэж бий. Үүнд уур мунхаг, хүсэл тачаал зэрэг орно. Эдгээрийг дарж чадваас бурханы нигуурыг олох боломжтой гэж үздэг. Тиймээс язгуурын таван бурхан ирэгнаа титмийг зүүнэ. Тэдгээрийн нэг эрдэнэ үүсгэгч хэмээх өглөгийн мутарлагтай,  хар шар лагшинтай бурхан байрлаж байна. Энэ бол Өндөр гэгээний өөрийнх нь сэрэг дүр. Үүнийг шавь нарынх нь бүтээл гэж үздэг.

Өндөр гэгээний дүр дүрслэл  бүхий дөрөв, таван зураг бий. Тэдгээрийн нэг нь Чойжин ламын сүн музейн Ядамын сүмийн тарнийн ёсны Дэмчиггарав бурхан. Мөн Дэмчиг бурхны хувилгаан гэж үздэг. Энэхүү бурхныг “эцэг, эх бурхан” хэмээнэ. Мөн  Доржсэмбэ бурхан байна. Хүн энэ насны болон урд насны санаатай агаад санамсаргүй хийсэн олон нүглийг Доржсэмбэ бурханд наманчлах аваас нүгэл нь нимгэрдэг хэмээнэ. Хонх, очир барьсан 53 см өндөртэй бурхан ч бий.

Гэгээнтний цагаан зандан модны навчаар бүтээсэн малгай болон тамга, жанч

Өндөр гэгээний  үзмэрүүдээс бас нэгэн өвөрмөц бүтээл болох цагаан зандан модны навчаар бүтээсэн цан хэлбэртэй малгай Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг. Очир болон шүрэн  оюу шигтгээн оройтой шашны зан үйлийн малгай юм. Мөн Өндөр гэгээний барьж байсан “бүхнийг ялагч Занабазарын тамга” хэмээх  тамга, тамганыхаа гэрийн хамт бий. Үүнээс гадна Өндөр гэгээний хар үнэгэн жанч байна. Уг жанчийг бүтээхэд ная орчим хар үнэгний зооны арьс орсон гэж үздэг. Шүр болон сувдан чимэглэлтэй уг жанчийг Манж Чин улсын Энх-Амгалан хаан бэлэглэсэн гэж үздэг. Үе үеийн богдуудыг дамжин 300 гаруй жил хадгалагджээ.

Сарьдагийн хийдээс олдсон бурхад

Эдгээр бурхдууд нь Сарьдагийн хийдээс олджээ. Сарьдагийн хийдийг 1654-1686 оны хооронд Өндөр гэгээн гуч орчим жил барьж байгуулсан. Харамсалтай нь Галдан Бошигтын довтолгооноор шатааж сүйдсэн байдаг. Түүх угсаатны зүйн хүрээлэн олон жилийн малтлага судалгааны үр дүнд 3000 орчим язгуурын таван бурхныг тус газраас олжээ. Тус олдвор дунд язгуурын таван бурхны нэг Минтугва байна.  

Бадан туг

Бадан туган дээр Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон соёмбо үсэг байдаг. Соёмбо үсэг нь өнөөдөр Монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаа дээр манддаг. Энэхүү соёмбо үсгээр язгуурын таван бурхны зүрхэн тарнийг бичжээ.

Бурхан багшийн цахиур эрдэнэ

Энэхүү үзэсгэлэнгийн хамгийн гол онцлог бүхий үзмэр бол “Бурхан багшийн цахиур эрдэнэ”. Тус үзмэрийн 2500 жилийн тэртээгээс үлдсэн үлдэц нь дэлхийн долоог улсад бий. Уг долоон улсын нэг нь монгол. Тус цахиур эрдэнийг бурхан багшийн биеийн хэсгээс үлдсэн үлдэц хэмээдэг. 1935 онд ерөнхий сайд Гэндэн Монголчуудын нандин шүтээнийг хэрхэн хадгалж, хамгаалах талаар Эрдэнэ зуу хийдийн лам нартай ярилцаад улсын төв музейд “Адууны шүд” нэртэйгээр уг цахиурыг хадгалж байжээ. Социализмын он жилүүдэд үзмэр маань улсын сан хөмрөгийн хамгаалалтанд орсон түүхтэй.

“Ногоон дарь” эх тэргүүтэй 21 дарь эх

Өндөр гэгээний “Ногоон дарь” эх тэргүүтэй  21 дарь эх Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг. Ерөнхийдөө манай Лаврин сүмд хадгалагддаг. Дара эхүүд гэдэг бол амьтны тусыг нийт хүнд хүргэдэг ам тангарагтай. Дара эхүүд таван өнгөтэй байдаг. Улаан нь эрхэн тураах, цагаан нь тайвшруулах,хар нь бол дошгин,шар нь дэлгэрүүлэх үйлтэй. Ногоон дара эхдээ хүч нь нэгдэж байдаг юмаа.Ногоон дара эхийг дара эхүүдийн оройн дээд гэж үздэг.Ногоон дара эхийг шүтсэнээр хүний сэтгэлийн хорыг арилгахын тухайд бясалгадаг бурхан. Бүгд өөр өөрийн гэсэн шагж мутарлаг ондоотой. Өөр өөрийн өнгөтэй үйлс зохингуйтай ийм бурхадууд байлаа.Ийнхүү Өндөр гэгээний бүтээлүүдийг өргөн олон үзэж сонирхлоо.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав