МОНГОЛ ОРОН БУСДЫН НҮДЭЭР

Манай хоёр улс сайн хөрш, сайн түншийн харилцаатай улсууд. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж байгаа энэ сайхан цаг үед би болон манай ангийнхан Монгол Улсад ирж хэлний мэдлэгээ дээшлүүлэн, соёл, боловсролд шамдан суралцах болсондоо маш их баяртай байгаа. Намайг Жиан Жуо Лүн гэдэг. Миний монгол нэрийг Зүч гэдэг. Би 2025 оны аравдугаар сарын сүүлчээр Бээжингээс Улаанбаатар хот руу онгоцоор ниссэн юм. Онгоцонд сууж явахад надад танил атлаа танил биш энэ улсад өнгөрүүлэх амьдрал минь ямар байх бол гэсэн догдлол хүлээлт л дүүрэн байлаа. Онгоцны цонхоор харагдах байгалийн байдал улам уудам, тэгшрэн харагдах тусам догдолсноор миний Монгол Улсад суралцах аялал маань эхэлсэн юм.
Бага наснаасаа эхлэн би эрх чөлөөтэй, уудам соёлтой монголын соёлыг сонирхож, заавал өөрийн биеэр очиж мэдрэхийг хүсдэг байлаа. Их сургуулийн элсэлтийн шалгалтын дараа би азаар, Бээжингийн Гадаад хэлний их сургуулийн "Монгол хэлний мэргэжил"-ийн ангид хуваарилагдаж, энэ улсын хэлийг А-аас эхлэн сурч, улмаар энэхүү соёлыг үнэн утгаар нь мэдрэх, түүнд нэвтэрч чадах болсон.
Эх орондоо хоёр жилийн турш монгол хэлээр суралцсан маань энэ удаагийн сургалтын аялалд баттай суурь болсон. Хятадад суралцаж байхдаа монгол хэлний анхан шатны ойлголттой болж, ялангуяа дүрмийн бүтцийн ялгаа болон зарим үгийн дуудлагын хувиралд дасахад жаахан хүндрэлтэй санагддаг байсан. Тиймээс монголд ирээд хэлний түвшнээ илүү сайжруулахыг ихээхэн хичээж байсан.
Аравдугаар сарын сүүлчийн монголын цаг агаар надад бага зэрэг хүйтэн санагдсан. Нисэх буудлаас гарахад нүдэнд туссан зүйл нь цасанд хучигдсан өндөрлөг уулс, тал хөндий байсан бөгөөд тэдгээр нь цасны өнгөн дор тун цэвэр атлаа дүнсгэр харагдаж байлаа. Бид хоёр цаг орчим явсны дараа оюутны дотуур байранд хүрч ирээд, анх удаа Улаанбаатар хотын амьдрал, соёлыг мэдэрч эхэлсэн бөгөөд яг энэ мөчөөс эхлэн би монголын жинхэнэ амьдралд уусан орсон.
Эхний долоо хоногт Монгол Улсын Их Сургуулийн холбогдох танхим бидний хичээлийг зохицуулж байсан тул бид хичээлд суудаггүй байлаа. Хэрэгцээтэй зүйлээ авах, мөн хотын талаар мэдэх хүсэлтэй байсан учир би эхний долоо хоногийн бараг бүх өдөр хотын өөр өөр газраар явсан. Тухайлбал, Сүхбаатарын талбай, Гандантэгчилэн хийд, Шангри-Ла зэрэг хотын нэртэй газруудаар нэлээд аялсан бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хот надад сайхан, хөгжиж буй хот мэт санагдаж байсан. Нийслэлийн хувьд Улаанбаатар нь өдрийн цагт завгүй, шөнийн цагаар тайван намуухан байдлыг хадгалдаг өвөрмөц хот гэдгийг анзаарсан. Надад энэ хотын хамгийн таатай нь түүний ард иргэд юм.
Гадаад хүний хувьд би заримдаа өөрийгөө бүрэн ойлгуулж чадалгүй будилдаг ч монгол хүмүүс надад үргэлж тэвчээртэй, ойлгомжтой болтол минь хүлээдэг бөгөөд хэзээ ч яарсан, дургүйцсэн шинж гаргадаггүй. Тусламж хэрэгтэй үед монголчууд үргэлж чин сэтгэлээсээ тусалдаг. “Хүн ард нь сайхан бол улс орон сайхан” гэдгийг би энд ирээд илүү гүн мэдэрсэн. Монгол хүний энэ дулаан сэтгэл надад энэ улсын жинхэнэ дулааныг мэдрүүлж, сэтгэлийг минь үнэхээр дулаацуулсан.
Эхний долоо хоног өнгөрч бид энэ улсын амьдралд бага багаар дасаж, албан ёсны хичээлдээ сууж эхэлсэн. Үнэндээ би эхэндээ нэлээд түгшиж байсан. Өөрийн эх оронд дассан боловсролын орчноос огт өөр орчинд сурах нь надад шинэ сорилт байсан. Гэвч бодит хичээлийн орчин миний төсөөлж байсан түвшнээс хавьгүй илүү байсан. Багш нар биднийг байнга анхаарч, ойлгохгүй үед маань яриагаа удаашруулж, мөн бидний бичсэн шалгалтын хуудаснаас аливаа дутагдлыг маань олж хараад, засаж өгдөг. Мөн олон орноос ирсэн хэл, соёл адилгүй залуустай хамт суралцахад сонирхолтой байсан. Аравдугаар сард шинээр хичээлд орсон оюутан байсан ч би тун хурдан энэ орчинд дасан зохицсон.
Хэлний орчин хятад хэлнээс монгол хэл рүү бүрэн шилжсэнээр ялангуяа ярих чадвар маань мэдэгдэхүйц сайжирсан. Би мэргэжлийн хэлнийхээ эх оронд нь ирсэн болохоор хаана ч монгол хэл сонсож, ашиглаж болдог тул би энэ орчныг үнэхээр их таашаадаг. Мөн өмнө нь миний бичиж, судалж байсан “Хүний нэр”-ийн тухай судалгаатай холбоотой ойлголтуудаа энд ирээд илүү тэлж чадсан. Тэнд би хятад хүний нэр өгөх логик, зарчимд төвлөрсөн байсан бол монголд ирээд хоёр улсын хүний нэрийн тогтолцоог харьцуулан харах боломж олдсон. Ингэснээр олон ялгаа байдгийг олж мэдсэн. Тухайлбал, манай хоёр улсын иргэдийн овог нэр хэрэглэх нь өөр өөрийн онцлогтойг ойлгож мэдэрсэн. Социализмын (1925 оноос ардчилсан нийгэмд шилжих хүртэлх ) тогтолцооны үеэс монголчууд аавынхаа нэрээр овоглох уламжлалтай байж. Жишээ нь, эцгийн нэрийг тухайн хүний нэрийн өмнө бичнэ. Жишээ нь: Дашдоржийн Нацагдорж (Дашдоржийн хүү Нацагдорж), “Бат-Очирын Гансүх” (Бат-Очирын хүү Гансүх) гэх мэт. Харин Ардчилсан хувьсгалын дараа буюу 1997 оны 1 сарын 8-ны өдрөөс хойш “Ургийн овог” хэрэглэх болсон байна. Монгол хүмүүс ургийн овгийг баримт бичигтээ тэмдэглэдэг бөгөөд мөн л аавынхаа нэрээр овоглодог нь Хятад овогтой харьцуулахад маш том ялгаа юм. Монгол Улсад “Боржигон овог”-той иргэд илүү олон байдаг нь монголчуудын язгууртны ихэнх нь Боржигон овогтой байсантай холбоотой гэж бодогдсон. Хүмүүс ургийн овог, аавын нэр, өөрийн нэр гэсэн дарааллаар буюу Боржгин овгийн Бат-Очирын Гансүх гэх мэт бичдэг.
Хятад овог ойролцоогоор 3500 орчим байдгаас нийтлэг хэрэглэгддэг нь 100 орчим байдаг. Хятад хүмүүс бол зөвхөн ургийн овгоор овоглодог. Жишээ нь, Сүн улсын үеийн уран зохиолч Сү Ши гэдэг хүний ургийн овог нь Сү, нэр нь Ши, өргөсөн нэр нь Зы Жан гэдэг бол түүний цол нь Дун Пүө юм. Манай улсын өнөөгийн хүмүүсийн нэр нь ургийн овог болон өөрийн нэрнээс бүтдэг. Миний ургийн овог бол Жиан, миний өөрийн нэр Жуо Лүн.
Ирээдүйд би манай хоёр улсын найрамдалт харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэдэг. Тиймээс би хичээн суралцдаг.
Энэ мэтчилэн овог, нэр хэрэглэх тал дээр өөр боловч ижил зүйлс байгааг би олж харсан. Энэ нь Хятад, Монгол хүмүүсийн аль аль нь сайхан утга, ерөөл, бэлгэдэлтэй үгсээр хүүхэддээ нэр өгдөг уламжлал юм. Энэ жишээнээс харахад хоёр улсын хооронд ялгаа ч бий, ижил зүйл ч бий гэдгийг харж болно. Хүмүүс сайн сайхан зүйлд илүү анхаарвал Монгол, Хятад хоёр улсын найрамдал улам бат бөх орших юм.
Энд ирсээр би маш их сэтгэл хангалуун, баяртай байгаа. Цаашдын амьдралдаа улам ихийг хүлээж, догдолж байна. Монгол хэлний мэдлэгт минь энэ газар, эндэхийн хүмүүс гал нэмсэн бөгөөд би энэ нутгийг, хүмүүсийг нь сэтгэлээсээ гүн хайрлах болсон. Ирээдүйд ямар ч ажил хийсэн би монгол хэл, монгол соёлдоо үргэлж үнэнч байх болно.
Жиан Жуо Лүн | Улаанбаатар хот. 2025 оны 12 сарын 20







