ЭХЛЭЭД ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ ЯРИЛЦАХ УУ?

Монголын кино урлагт сэтгэлзүйн триллер, төрлийн кинонууд маш цөөхөн хийгдсэн. Бичээчийн үүднээс энэ төрөлд бүтээгдсэн хамгийн чанартай уран бүтээл гэвэл найруулагч Б.Ганболдын “Улаан дөрвөлжин” киног нэрлэнэ. Мэдээж энэ төрлийн кино цөөхөн хийгдэхэд хүргэсэн хүчин зүйлс олон.

Гол нь үйлдвэрлэлийн тоглолцооноос продюсер болон тусдаа студийн тогтолцоо руу шилжин орсон үеэс л манай зах зээлд инээдэм болон адал явдалт төрлийн кино зонхилох болсон. Өдгөө тус хандлага давамгайлахаас гадна технологийн шилжилтийг дагаад илүү хөнгөн жанрын контентууд бүр ч хүчээ авчээ. Зарим нь зорилтот контент бүтээж байгаад эвлүүлэг, зургийн ажлын дараа найруулга, зохиолыг хөөрхөн чимэглэж янзлаад кино болгочихдог нь нууц биш.

Тэгээд ч монгол кино өдгөө урлагийн түвшингийн хамгийн доод шатанд яваа мэт сэтгэгдэл үе, үе төрөх нь бий. Учир юу гэвэл кино урлаг дан ганц хүний оролцоотойгоор бүтээгддэггүй учраас нүсэр баг, санхүүгийн зардлаас авахуулаад бага хөрөнгөөр босгож их ашиг олохыг эрмэлзсэн бүтээлүүдээр дүүрсэн. Сүүлийн үед цахим хуудас нь олон дагагчидтай сошиалын одуудыг киноны дүрд сонгож авах болов. Учир нь үзэгчид кино зохиолч, найруулагчдыг бус ямар жүжигчин тус кинонд дүр бүтээж вэ гэдгийг илүү чухалчилдаг. Тиймээс л аар, саархан зохиолын хөгжүүлэлт, хямдхан төсөр зураг авалтаасаа салж өгдөггүй. Бага хугацаанд бүтээлийг бэлэн болгож ашиг олох боломжийг эрэлхийлдэг нь хамгийн сул тал юм.

Мэдээж үргэлж арт хаус, сэтгэлзүйн төрлийн бүтээл туурвих нь л жинхэнэ кино гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л энэ төрлийн киноны тухайд уудам саруулхан орон зай бидэнд байна. Гол нь бүр ч “хоосон” биш гэсэн үг.

Учир нь сэтгэлзүй, сэтгэхүйн триллер төрөлд хамаатуулан авч үзэх бүрэн боломжтой нэгэн бүтээл Монголд мэндэлсэн нь “95%” олон ангит кино юм. “Absolute Pictures”, “Voo Originals”-ын хамтын бүтээл болох тус киноны зохиолч, найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллажээ. Түүний бүтээлүүдэд гэмт хэрэг, адал явдлын сэдэв зонхилдог бөгөөд ихэнх үзэгчид “Тушаал”, “Хайрлаж болох уу”, “Төрийн дайсан” зэрэг бүтээлүүдээр нь илүүтэй мэднэ. Гэвч уран бүтээлчийн хувьд адармаатай боловч уран бүтээлийн талаас чухал шилжилтийг тэрээр “Дурлалын гэмт хэрэг”, “Илд цэцэг” кинонуудыг найруулснаар өөртөө цогцлоож чадсан болов уу гэж хардаг.

Хамгийн гол нь “Илд цэцэг”. Өмнө нь бүтээж байсан кинонуудаас тэс ондоо зохиолын хөгжүүлэлтээс гадна хоосон текст бүхий кадрын дүрслэлүүд нь зохиолын дундах тайлал хэсгүүдтэй хамаарал бүхий утгыг агуулж чаддаг. Харин төгсгөлийн “сюжет” - ээс танаж болмоор хэдэн зүйлс бий. Гэхдээ бид өөр бүтээлийн талаар ярих учир үгээ эвхсэн нь дээр биз.

ЗОХИОЛЫН ХЭЛБЭРШЛИЙН ТУХАЙ

Зохиолын хөгжүүлэлтийг хэрхэн боловсруулах вэ? Магадгүй кино зохиолыг уран зохиолын хэмжүүртэй дүйцүүлэн үзвэл тодорхой хариулт гарч ирж мэдэх юм. Үүн дээр олон жишээг эш татаж болно. Учир юундаа байна гэвэл кино үйлдвэрлэх процессын нэг мөчлөг, дамжлага нь киноны зохиол биш гэдгийг ихэнх нь ухаардаггүй. Тиймдээ ч зохиол нь кино зураг авалтын төлөвлөгөө маягтай болоод хувирчихдаг. Ингээд л сайн кино бүтэх үйл явц эхлэх шатандаа л төгсгөл болчихож байгаа юм.

Кино зохиолын эхлэл, үйл явдлын өрнөл, зөрчил, тайлал гээд бүхий л зүйлс нь сонгодог романы бүтэцтэй тун ойр. Яахав, форматын онолын тусдаа асуудал хөндсөн, Сид Филдийн нэгэнт тогтоосон дүрэм бий. Гэвч дүрүүдийн дотоод зөрчил, өөртэйгөө хийх тэмцэл, сэтгэлийн эмзэглэл гээд бүгдийг уялдуулахын тулд үйл ажиллагааны дамжлага шатаар кино зохиолчид алхаж болохгүй гэсэн үг. Харин эл алдаанаас “95%” алс тойрчээ.

Анги болгон тодорхой зөрчилтэй ба энэ нь туйлдаа хүрэх хүртэл элдэв логикгүй диалоги болон анхны зохиол хөгжүүлэлтийн хэлбэрээ өөрчилсөн чимэглэл маягийн үйл явдал огт үүсэхгүй байгаа нь нэн олзуурхууштай. “Эргэж ирсэн нь” гэх эхний ангиас л тодорхойгүй нөхцөл байдал, хэмнэл нь төдийлөн хурдтай бус ч сэтгэл түгшээсэн үйл явдлууд ээлжлэн хөврөнө.

Учир битүүлэг хэрэг, мөрдөх ажиллагаа, мөн байцаах ажиллагаа явуулж буй бололтой дээд тушаалтнууд бүхий мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх дахин нэг мөрдлөгийн баг зэрэг нэг давхцаа шугамд зэрэгцээ болоод цаг хугацааны харилцан адилгүй мөчид өрнөх үйл явдлуудаас кино эхлэх хэсэг бүрдэнэ. Ерөөс уг киноны зохиол нь гол сэдвээ алдалгүй барьж, агуулгаас ургуулсан дүрийн зөрчил, түүний шийдэл (гол дүр Төмөрийн дүр дээр илүүтэй харагдана) зэргийг бүрэн гаргаж драматургиа сайтар боловсруулсан учир ямар ч үзэгчийн өмнө боловсруулалтын түвшинд гологдохгүй.

Үүнээс гадна сэдэв нь өргөн хүрээг хамрахгүй. Амьдралын бүхий л зүйлсийг нэг дор чихэж, үзэгчдийг уяралд хөтлөх үйл явдлуудыг бүтээлд хүчээр шургуулаагүйгээс гадна (9 ангийг эс тооцвол) найруулагч зохиолын агуулгыг бус хэлбэрийг нь өөрчилж дэлгэцэнд амилуулсан нь тодорхой байна.

ЗЭРЭГЦЭЭ ШУГАМ

Нэгдүгээр анги “Эргэж ирсэн нь” гэх нэртэй бол төгсгөлийн 10 дугаар ангийг “Эхлэлийн төгсгөл” хэмээн нэрлэжээ. Учир нь киноны бүтэц нэрийн хувьд ч, үйл явдлын шугамын дагуу ч тэр эхэлсэн цэгтээ буцаад очно гэсэн үг. Нөгөөтэйгүүр үзэгчдээс далдалсан, зохиолын чимээгүй шугам 10 ангийг хооронд нь хэрж төгсгөлд илүүтэй тодорч гарна. Харин тэр үед уг шугам нууцлагдаагүйгээр үл барам анги тус бүрд ил байсныг үзэгч өөртөө олж нээнэ. Боломжгүй, толгой эргүүлсэн мэт санагдах энэхүү нууцлалыг тайлах гээд үзье.

Эхнээсээ л учир битүүлэг үйл явдлууд ар, араасаа хөврөнө. Төрсөн хүүхэд нь аавыгаа цохиж ухаан алдуусны хойно хөдлөхгүй болтол нь хүлж орхичхоод сэргэхэд нь “Одоо харах зүйлийг та хэзээ ч мартахгүй” гэж хэлээд амиа хорлодог. Энэ бүхэн нь хяналтын камерт тодорхой бичигдсэн, гадны нөлөөгүй учраас мөрдөгчид бодит байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрнэ. Яг энэ мөчөөс кинонд “Parallel Narrative” үүсдэг. Нэг ёсондоо уг киноны үйл явдлууд гурван зэрэгцээ шугамд давхар өрнө гэсэн үг.

Нэгдүгээрт: Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн багийн үйл ажиллагаа

Хоёрдугаарт: Дүрүүдийн ухамсарт харцаар дамжин нэвтэрч, тэдний үйл хөдлөлийг удирдаж буй Амарын гэмт хэрэг

Гуравдугаарт: Өнгөрсөн цаг хугацаа буюу 1990 онд өрнөх үйл явдал. Зохиолын энэхүү шугамын бүтэц нь дурсамж байдлаар дүрүүдийн дотор сэргэж, мөрдлөгийн үйл ажиллагааны явцад ил болох бөгөөд цаашид онол судлаач Линда Аронсоны үзсэнээр “ two protagonist narrative”-д тулгуурлан зөрчлүүд ил болно.

Нэгдүгээр анги дээр хүмүүсийн ухамсарт нэвтэрч аллага үйлддэг Амарын дүр эргэн ирэх бөгөөд тэрээр нэгэнт мөнх бусыг үзүүлсэн ч оюун санааны хувьд амьд байж, дүр төрх, биегүй атлаа бусдын тархинд аж төрнө. Харин найруулагч үйл явдлын тайлалыг хүний сүнсэн бие, буг чөтгөрийн наргиантай холбосонгүй. Гол нь шинжлэх ухаан тал руу хэвийлгэж, сэтгэл судлаач, ховсын эмчилгээ, унтуулах тариа зэрэгтэй уялдуулан асуудлыг шийдэх байдлаар зохиомжилсон нь тун оновчтой шийдэл болов.

Мөрдөгч Төмөр нууцыг олж мэдсэнээр өөрийн тархинд Амарыг нэвтрүүлж, хүү Шагайг нь барьцаалах оролдогоор гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авдаг. Амар ч мөн түүнд өөрийгөө устгана хэмээн ам өчиг өгснөөр нийтээр харанхуйлах үйл агшин зуурт болоод өнгөрнө. Байцаалт явуулж байсан мөрдөгчид болон Амарын хүү Шагайгийн өмгөөлөгч, ховсдогч, эмч нар гэрэл унтрахыг нүдээр үзэж энэ бүхнийг дуусгавар болсонд итгэнэ. Гэвч төгсгөлийн ангид Амарын дүр эргэн ирж, хамгийн сүүлийн өшөө авалт болох Дэндэвийн ухамсарт шингэснээр кино төгсдөг. /үйл явдал бүрийн тоочин дурдаж, уншигчдад спойлер агуулахгүйн үүднээс бичвэртэй холбогдох гол титалуудыг түүж авав/

30 жилийн өмнө үүссэн хэрэг сөхөгдөж, Амар хүмүүсийн ухамсарт орж, гэмт хэрэгтнүүдэд ял оноох байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл наймдугаар ангид алга болсон Амар аравдугаар ангийн төгсгөлд ахин ирэв. Энэ бол яалт ч үгүй “Эхлэлийн төгсгөл” мөн буюу найруулагч үзүүлэх урлагаар дамжуулан авилааг бүтээж буй ч кадр доторх зохиомжийг тэгш хэмд барьсан нь илт мэдрэгдэнэ.

ЭРСДЭЛ 

Зохиолын урам сэтгэмж, найруулагчийн ажил, өнгө, хөгжмийн нийлэмж, дүрүүдийн сонголт зэргээс харвал “95%” өндөр үнэлгээ авч болохуйц бүтээл байлаа. Ерөөс монгол уран бүтээлчид уран зөгнөлийг зохиомол хэв загварт зурвас байдлаар шингээж чадсан сэтгэлзүйн триллер төрлийг хөгжүүлж чадах юм гэсэн итгэл төрөв. Өөр, өөр зургуудыг зэрэгцүүлэн тавьсан урт эвлүүлгүүд энэ кинонд үгүй. Зөвхөн агуулгад нийцүүлсэн өвөрмөц бөгөөд сонголттой кадрын зохиомж гэж бий. Гэтэл эрсдэл үүсгэсэн дахин нэг үйл явдал өрнөчхөв.

Магадгүй найруулагч есдүгээр ангийг бүхэлд нь хасчихад буруудах зүйлгүй байлаа. Харин мөрдөгчдийн нэг болох Аминаагийн аавыг олон жилийн өмнө хороосон цуврал алуурчныг барихаар цагдаагийн тусгай албан хаагчид үйл ажиллагаа явуулж буй хэсэг гэнэтхэн л киноны шугамыг даван орж ирдэг. Цагдаагийн албан хаагч болох аавыг нь хөнөөсөн цуврал алуурчныг барьсны эцэст Аминаагийн сэтгэлд торсон утас тасран тайтгарлын нулимс унагаж байхад мөрдөс нэгт Гэрэл нь аргадан тэвэрч зогсох уяралын хэсэг сэтгэл зүйн триллер кинонд огт зохицож өгсөнгүй.

Хамгийн гол нь дүрээ лам болгон хувиргаснаар хийдэд нуугдаж байсан алуурчныг киноны гол дүр болох Төмөр барьж чаддаг. Тиймдээ ч өмнөх ангийн турш сэтгэл зүйн хувьд тогтвортой болон тогтворгүй байдлаар алдаагүй хөгжүүлж ирсэн Төмөрийн дүрийг эвдчихэж байгаа юм.

НЭГЖЛЭН АЖИГЛАХУЙ

(A)
Эхнэрээ ослын улмаас алдсан нь дэд хурандаа Төмөрт хүнд тусжээ. Мөн мөрдөгч Аминаа аавыгаа алуурчны гарч хөнөөлгөсөн нь ч мөн түүнд хямрал үүсгэх нь тодорхой. Харин нөгөө талд ямар нэгэн сэтгэл зүйн хямралд өртөх үйлийн эзэнгүй хурандаа Түвшин, хошууч Гэрэл байна. Ингэснээр дүрүүд хоорондын тэнцвэрт байдал зохин сууриа хадгалж чадсан болов уу гэж сэтгэгдэнэ.

(B)
Киноны гол сэдэв бол өш хонзон. Энэ бол маш тодорхой. Мэдээж хүний оршихуйн олон асуудлууд бий. Тэдэн дундаас 95% кинонд өш хонзон, үйлийн үрийн сэдвийг чухалчлан авч үзсэн. Хийсэн үйлийн үр эхлээд хайртай хүмүүс, дараа нь өөр дээр нь бууж байна. Уг санааг үзэгчдэд тайлал байдлаар хүргэсэн бол зохиолын ерөнхий өгүүлэмж нь өшөө авах үйл дээр тулгуурлажээ.

Амар өөрийг нь гэмтээж, эхнэрийг нь хүчиндсэн залуусыг олон жилийн хойно шийтгэхийн тулд гарч ирсэн “үйлийн үрийн хадуур барьсан элч” гэж тодотгомоор тийм дүр. Харин архетип нь киноны турш буюу дүрийн хөгжүүлэлтийн явцад өшөө авах үйлдэл нь бусдад ч мөн аюул учруулах хэмжээнд тулж, туйлдаа хүрнэ. Энэ нь Амар болоод түүний хүү Шагай нарын хооронд найруулагчийн туслалцаагүйгээр үүснэ. Өш хонзонгийн тухай сэдэв урлаг, утга зохиолд томоохон байр суурь эзэлсээр ирсэн. Хорслоо тайлахын тулд хамгийн хайртай хүмүүсээ нүд цавчилгүй хороодог өгүүлэмж эртний Грекийн жүжгүүдэд ч бий.

Тиймээс л дэд хурандаа Төмөр нууцыг тайлж, Амарыг хүмүүсийн тархинд нэвтэрч, удирдагыг мэдсэн хойно түүнийг хүүгээр нь барьцаалах арга сэдэж, яваандаа амжилтад хүрнэ. Амар өөрийн хүү Шагайг гэмт хэрэгтэн болгохгүйн тулд сүүлчийн аллагаа зогсоож, нүгэлтнийг уучилснаар уг дүр киноны үйл явдалд ахин оролцохгүйгээр арилах ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Төгсгөлийн ангид Амар болоод түүний өш хонзон улам л хурцлагдсанаар тэрээр найз Жамцыгаа хөнөөж, ахин эргэж ирэв. Дүрийг эцэст нь тултал урлана гэдэг энэ.

(C)
Амар ид шидтэн мөн үү? Тэрээр хэдийн мөнх бусыг үзүүлсэн ч юуны учир хүний ухамсарт амьд байж, оюун санааг удирдаж, биологийн организмд харцаар дамжин нэвтэрч чадав. Кинонд асуултыг ид шидээс бус шинжлэх ухаанаас хайж байна. Учир нь 1990 онд болсон хэргээс үүдэн Амар толгойдоо цохиулахад тархинд нь цус хуралт үүссэн бөгөөд тухайн үеийн эмчийн дүгнэлтээр нь энэ нь үхлийн шарх. Гэвч Амар үхсэнгүй. Харин яагаад гэдэгт бүрэн дүүрэн тайлал хийлгүйгээр үл барам хүү Шагайд ч мөн тийм цус хуралттай байгааг мэдсэнээр энэ өгүүлэмжийг орхичихож байгаагийн шалтгаан туйлийн зөв.

Учир нь үзэгчдэд үргэлж бэлэн хоол халбагдаж өгдөг төрлийн хүүрнэл кино энэ биш шүү дээ.

Эхний ангид Лантуу, Амарын нөлөөгөөр тайгад очдог. Тэр үед Амар өөрийн хүү Шагайгийн бие рүү шилжчихээд түүнийг цохин унагаадаг тухай дээр дурдсан. Энэ үед ухаан нь сэргэсэн Лантуу Шагайг сэгсчиж “Чи хэдийн үхчихсэн биз дээ” гэж бачимдан өгүүлнэ. Эхлэлийн энэ жижигхэн сценад чухал хожим тодорхой болох өгүүлэмжийн чухал сэжүүрийг шигтгэж өгсөн нь олзуурхууштай байв.

(D)
Киног үйлдвэрлэх сэтгэлгээнээс татгалзаж бүтээсэн учир “95%” нийтлэг үзэгчдлээс татгалзсан хэт бараан болон гял цал өнгөгүйгээр хийгджээ. Магадгүй тэдгээрийн хэм хэмжээг таацуулсан завсрын тод өнгөтэй бөгөөд триллер кинонд баймгүй шарлангуй өнгийг нэмж өгсөн нь бүтээлч чанарыг эрэлхийлсний тод жишээ.

Үүнээс гадна эл кино цааш үргэлжлэлтэй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэх төгсгөлтэй. Гэвч өшөө авалтын хувьд ганцхан дүр үлдсэн учир эл сэдэвт тулгуурлах юм бол цааш үргэлжлэх боломжгүй мэт санагдаж байв.

ТӨГСГӨЛД ТӨРСӨН ГОРЬДЛОГО

Хамтын амьдрал байгаа цагт нийгэм тогтнож, асуудал дуусахгүй хөврөнө. Гэтэл ихэнх нь тэдгээрийг тойрсноор аль болох бусдыг хөгжөөсөн, хөнгөн сэдэвтэй бүтээлүүд хийснээр аз таарвал ашиг олохыг боддог. Тиймдээ ч 1990 оны кино урлагт тохиосон их хямрал үргэлжилсээр байгаа мэт таамаглал төрөх нь бий.

Кино урлагаар дамжуулан илэрхийлэх учиртай олон асуудал, зөрчил, зохиолын үүдэл санаа бий. Сэдвийн хомсдол гэдэг зүйл зөвхөн шинийг сэтгэж чадахгүй болсон нөхцөлд л бүрдэх боломжтой. Манайд ч сэтгэл зүйн триллер, сэтгэхүйн чөлөөт хийсвэрлэл бүхий сэдэвтэй кинонууд хийгдэлгүй удсан. Тиймээс “95%” бол яг л зөв цагтаа, төрсөн бүтээл. Харин алдаа бий. Тэр нь мэдээж л “Кино хамгийн азгүй урлаг. Учир мөнгөнөөс хамааралтай” гэгддэг Тарковскийн үг шиг зүйл болсон болов уу гэх хардалт үүснэ.

Ямартаа ч хурц зөрчилтэй, зохиолын хөгжүүлэлт нь харилцан ярианы хэлбэршилдээ тун зохицосноос гадна дүрийн сэтгэл зүйн хүчтэй илэрхийллийг хөдөлгөөнт дүрсээр тулгуурлаж үзүүлсэн ба киноны хөгжим эхнээсээ дуусан дуустал түшгүүр мэдрүүлдэг. Үүнээс харахад “95%” Монголын кино урлагт тун онцлууштай бүтээл болж чадсан бөгөөд цаашид энэ төрлийн сайн кино олноор төрөн гарна гэх горьдлогыг нутагшуулав.

Уг шүүмждээ үйл явдлыг тоочилгүйгээр дүр, зохиолын тухай түлхүү өгүүлж, өөрийн үнэлэмжээр дүгнэсэн болно. Цэвэр кино урлаг хэзээ ч төгс байдаггүй бөгөөд гүйцэтгэл нь бүрэн байж чадсан кино л өндөр үнэлгээ хүртдэг билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав