Үндэсний номын сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног Үндэсний номын сангийн мини кино театрын анхны үзвэрээр толилуулж, нээлтийн ёслолыг хийлээ.
Тус баримтат киног Үндэсний номын сангаас “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн болон бичээсний 400 жилийн ойд зориулан бүтээжээ. Мөн мх эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, "Цогт тайж" киноны 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бичиг үсгийн баяраар нээлтийг хийж буй аж.
Мини кино театрын анхны үзвэр, “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киноны нээлтийн ёслолд Үндэсний номын сангийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дуун өгүүлэгч, ардын жүжигчин Г.Равдан, Цогт хунтайжийн холбогдолтой түүхэн сурвалжуудаар нэгэн сэдэвт бүтээл туурвиж, эрдмийн зэрэг хамгаалсан доктор Д.Бүдсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, каллиграфын их мастер Д.Батбаяр, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурхан урлаач лам М.Эрдэмбилэг, Сүхбаатар дүүргийн ЕБ-ын II сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш В.Уянга нарын хүндэт зочдын төлөөлөл оролцож, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Энхбаатар, морин хуурч Мөнгөншагай "Өвгөн шувуу хоёр" уртын дуугаар ая барилаа.
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног бүтээхэд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгаар зураг авалтыг хийж, Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн сурвалж бичгүүдэд тулгуурлан зохиолыг гаргаж, олон нийтэд дэлгэн харуулсан түүхэн сэдэвт утга уянгын баримтат кино болжээ.
“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл өдөр бүр 15.30 цагт Үндэсний номын сангийн мини кино театрын дэлгэцээр олон нийтэд толилуулах юм.