Жинхэнэ монголын, жингэнэсэн өвлөөр уншигч тантай шинэхэн дугаараа дэлгэн мэндчилж байна.

Энэ удаа ч сэтгүүлийнхээ үнэнч уншигчдад сонирхолтой ярилцлага, нийтлэлүүд уншуулахаар бэлтгэлээ.

Манай залуучууд мэдээллийн хэрэглээгээ зөвхөн цахим платформууд дээр урсдаг дутуу хагас, эх сурвалжийн хувьд баталгаагүй, гүйцэтгэл муутай зүйлсээр хангадаг болчих вий гэж би хувьдаа ихэд эмзэглэж явдаг юм. Тиймээс хэдий хязгаарлагдмал нөхцөлд, олон зүйлийг сөрөх шаардлагатай нүүр тулж байгаа ч сэтгүүлээ хийсээр л байгаа юм.

Үнэн хэрэгтээ зөвхөн мэргэшсэн уншигчид ч биш дэлхий нийтийн соёлт хэрэглэгчид сэтгүүл болон сониноос л томоохон даацтай нийтлэл, ярилцлага, тэмдэглэлүүдийг уншдаг. Энэ хэвшсэн ойлголт олон үеийн турш явж ирсэн. Одоо ч хэвээрээ байгаа.

Амьдралын хэмнэл бүх талаар техник, технологийн нүргээнт хамааралд орсон энэхүү орчин цагийн иргэдийг бүгд юмыг босон суун уншдаг, шуртхийсэн ганц хоёр өгүүлбэр уншаад л ханадаг болчихсон мэтээр дүгнэх нь дэндүү өрөөсгөл ойлголт юм. Бүр хадуурал ч гэж хэлж болно. Би яагаад ийнхүү онцлон хэлж байна вэ гэхээр “одоо хүмүүс урт юм уншихаа больчихсон, том юм уншихгүй” гэж зарим маань гүн итгэчихсэн, ихэд төөрөлдчихсөн ярьж харагдах юм. Хэрэв тийм бол сонин гэж байгаад яах юм. Хувь хүний цахим хуудсаараа бичдэг иргэний үзэл бодол, сэтгэгдэл төдий юмнуудаар сонин сэтгүүлийн бүтцийг тодорхойлдог болчихсон юм бол хүмүүс сошил зах дээрээ л бужигнаг л дээ. Сонин хийж яах юм. Ийм асуулт гарч ирж байгаа биз!

Нийгмийг гоо зүйгүй, сайн сайханд итгэлгүй болгож байгаа цахим шуургатайгаа яг адилхан год шод, хальт мульт, нийтлэл ч биш, ярилцлага ч биш, сурвалжлага ч биш хагас хугас зүйлсээр сонин сэтгүүлээ дүүргэх юм бол СОНИН, СЭТГҮҮЛ хоёрын хэрэг байхгүй. Хийх нь өөрөө утгагүй юм. Манай нэг нэртэй бизнесмен би үнэгүй сонин тарааж байгаа гэж ярилаа. Сонирхоод аваад үзтэл яг цахим платформууд дээр мэдээлэл өгдөг хэлбэрийг ашиглачихсан, яг л Facebook, Instagram дээр явдаг богино мэдээллүүдийг цаасан дээр хуулаад гаргачихаж.

Уучлаарай, сониноос хүн сонин сайхан юм уншиж, оюун тархиа баясгах хэрэгцээгээ нөхөх гэж л захиалдаг юм. Тийм учраас сонин сэтгүүл дэлхийн бүх хотуудын амьдралд оршсоор байдаг. Соёлынх нь нэг том хэсэг болж байдаг. Онгоцондоо бүгд сонин уншдаг.

Өглөөний цайгаа уух, өглөөний сониноо унших хоёр өдрийнх нь эхлэл байдаг ийм тогтсон соёл манай Улаанбаатараас бусад дэлхийн хотуудын нэг гоё өнгө төрх шүү дээ.

Ингээд та гар дээр чинь дөнгөж ирээд, анхилам хуудсаа дэлгэхээр цохилон байгаа шинэхэн сэтгүүлээ нээнэ үү.

Энэ дугаарын маань миний зочин бол манай үеийн гайхамшигт нэгэн тод од, зохиолч, соён гэгээрүүлэгч Гун-Аажавын Аюурзана.

Хуудсаа цааш нь эргүүлээрэй, олон сайхан ярилцлага, нийтлэл таныг хүлээж байгаа.

Та бүхэн хов жив, цуу яриа, галзуу хийрхэл биш мэдлэгт тань хандив болох, мэдрэмжинд тань хөг нэмэх ариун зүйлсэд ач холбогдол өгдөг, баталгаат эх сурвалжуудыг сонгон уншдаг, өөрийгөө хүндэтгэдэг түвшний уншигчид учраас өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байгаа гэдгийг бид сайн мэднэ. Үүний тань төлөө үргэлж талархаж явдгаа ахин илэрхийлье. Бидэнтэй хамт байгаарай.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон
Ерөнхий эрхлэгч, Сэтгүүлч Бадамдоржийн ГАНЧИМЭГ

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав