Непалын Ерөнхий сайд К.П.Шарма Оли авлигын эсрэг жагсаалын үеэр 19 хүн цагдаатай мөргөлдөж амиа алдсаны дараа, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн том үймээн дунд огцорчээ.
Өнгөрсөн мягмар гарагт нийслэл Катмандуд олон мянган хүн парламентын барилгыг шатаажээ. Мөн жагсагчид төрийн барилга байгууламж болон улс төрийн удирдагчдын байшингууд руу халдсан байна. Тус үймээний үеэр гурван хүн нэмж алдсан бөгөөд баруун бүсийн хоёр шоронгоос 900 орчим хоригдол эмх замбараагүй байдлын үеэр зугтсан гэж албаны хүмүүс мэдээлэв.
Эсэргүүцлийн жагсаал эхлээд Засгийн газрын нийгмийн сүлжээг хориглосон шийдвэрээс үүдэлтэй байсан ч, хоригийг даваа гарагт цуцалсан боловч 19 хүн алагдсан нь хөдөлгөөнийг улам өргөжихөд хүргэж улс төрийн дээд давхаргыг чиглэсэн өргөн хүрээний эсэргүүцэл болон хувирчээ.
Парламентын ордны хашаан дотор хэдэн зуун жагсагчид галын дэргэд бүжиглэн, уриа хашхирч, Непалын далбааг өргөн баярлаж байгаа бичлэг, зураг цахимаар түгжээ. Барилгын бүх цонх эвдэрч, гадна талбайд эсэргүүцлийн уриа бүхий граффити ч зурсан байв.
Жагсаалд оролцогчид Катмандуд Непалын Конгресс намын төв байр болон түүний удирдагч Шер Бахадур Деубагийн гэрийг мөн шатаажээ. Үүнээс гадна 73 настай, дөрвөн удаа Ерөнхий сайдаар томилогдсон К.П.Олигийн гэрийг галдан шатаасан байна.
Оли огцрохдоо “Улс оронд үүссэн хүнд нөхцөл байдлыг үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх замыг нээх үүднээс шийдвэр гаргасан” гэж Ерөнхийлөгч Рамчандра Пауделд бичсэн захидалдаа дурджээ.