БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Казахстан улсын нийслэл Астанад ирлээ. Астана хотод Хятад болон төв Азийн таван улсын дипломат хүрээний дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна.

Дээд хэмжээний уулзалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Дээд хэмжээний уулзалтад Хятадаас гадна Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн төв Азийн таван улсын удирдагчид оролцож байгаа юм.

С5+1 гэж томьёолдог дээр зургаан улсын удирдагчдын дээд хэмжээний анхны уулзалтыг хоёр жилийн өмнө 2023 оны тавдугаар сард Хятадын Шаньси мужийн Ши’ань хотод зохион байгуулж байсан юм.

Ши Жиньпинийг Астанагийн нисэх буудалд ирэхэд цагаан болон цэнхэр өнгийн дүрэмт хувцастай цэргүүд ёслол хүндэтгэлтэйгээр угтаж авлаа. Тэрээр 2020 оноос хойш гурав дахь удаагаа Казахстанд төрийн айлчлалаар ирж байна. 2022, 2024 онуудад тус тус айлчилж байжээ.

Харин энэ он гарснаас хойш гурав дахь удаагийнхаа төрийн айлчлалыг хийж байна.

Астанад Хятадын дарга дээд хэмжээний уулзалтын өмнө Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хоёр талт уулзалт хийлээ. Энэ уулзалтаараа Казахстан болон түүний хөрш төв Азийн улс орнуудтай нөхөрсөг, стратегийн түншлэлийн харилцаагаа улам ойртуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

Казакстан улсын энэ жил даргалж байгаа С5+1 уулзалтад Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмун, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердимухамедов нар оролцоно.

Төв Азийн эдгээр таван улс нь нийлээд хүн амын хувьд 80 сая орчим боловч энэ бүсэд Хятад, Орос, Америк нөлөөгөө тогтоохоор өрсөлдөж ирсэн. Тэр дундаа Хятад нь Орос, Америк хоёртой өрсөлдөж төв Азид нөлөөгөө тогтоох нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Төв Азийн бүс нутаг уран, газрын тос, газрын ховор металиар баялаг. Хятадыг Европын зах зээлтэй холбох гол гарц болдог. Бүс ба Зам санаачилга нь дэд бүтцийн асар том хөрөнгө оруулалт бөгөөд уг санаачилгыг бүтэлтэй хэрэгжүүлэхийн тулд төв Азийн орнуудтай улс төр, дипломат түвшинд стратегийн түншлэлтэй байх нь Бээжингийн хувьд чухал юм.

Нөгөөтээгүүр Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан таван улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Хэдийгээр ЗХУ тарсан ч эдгээр улсуудад Оросын нөлөө үлдсэн. Тиймээс Москвагийн нөлөөг арилгахын тулд эдгээр таван улс бусад орнуудтай түншлэлээ сайжруулах шаардлага гарч ирж байгаа юм. Нэн ялангуяа 2022 онд Орос, Украины дайн эхэлснээс хойш “стан”-ын таван орон Москвагийн нөлөөнөөс холдох ажлаа улам хурдасгасан.

С5+1 санаачилгыг хамгийн анх АНУ санаачилсан. 2015 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обама төв Азийн орнуудтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар санаачилж байсан. Гэхдээ тухайн үед улс төрийн удирдагчдын түвшинд хүрэлгүй Гадаад хэргийн сайд нарын түвшинд уулзалтыг Нью-Йоркод НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зохион байгуулжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав