Швейцарын Базель хотоос харанхуй нөмрөхтэй зэрэг бага оврын автобусанд жуулчдын хамт сууж Италийг зорьсон билээ. Газар зүйн байршлын хувьд кантонууд нь ойр учраас автобус, унд, хоолны хэдэн евротой байхад л Франц, Герман, Итали зэрэг орны зарим хоттой хялбархан танилцаж болно. Шөнийн туршид зүүрмэглэж явсаар үүр цайхад цонхоор ажвал замын хоёр талаар суурин газрууд үл тасран үргэлжилж, уулсыг манан далдлан бууж, энгэрийн моддынх нь үзүүрт биеэ хатгуулахдаа ялимгүй хөөрснөө эргээд л ойн дээрээс алгуурхнаар ахин дахин нөмрөн авах нь үзэгдэнэ.

Хэдхэн цагийн дараа Италийн нэгэн буудал дээр бууцгаав. Эргэн тойронд бахархан биширмээр, содон сонин зүйл огтоос үгүй. Харин ч эсрэгээрээ хүмүүсийн алжаасан хөлөө амраах буудлын талбайн сандал, жижигхэн чулуун хашлага, мод бут тарьсан хэсэгт хоол ундны үлдэглэл, хайрцаг сав хөглөрч байх ... Хаана ч очсон тухайн газрынхаа ахуйд хүндлэлгүй ханддаг хүмүүс олон бололтой. 

Дараа нь метроны буудал орж, Миланы төв талбайд очихоор болов. Азийн үсрэнгүй хөгжсөн орнуудыг бодвол тус буудлын харагдах байдал хуучны Европ кинонуудаас үзэгддэг шиг л өнгө төрх агаад энэ бол эртний хот шүү дээ гэх бодлыг улам улмаа лавшруулна. 

Дуоми ди Миланы гуниг

Маргааш руу, түүний цаадах ирээдүйг зорих цаг хугацааны эрхэнд орохгүйг хичээн эртний уран барилгачдын урласан гантиг чулуун шатан дээр хэсэг азнасхийв. Олон зуун жуулчин хөлхсөн гантиг чулуун талбай яагаад ч юм уйтгар төрүүлнэ. Үүх түүх, суу билгийн дээгүүр олон сая хүн тоохгүй гишгээд өнгөрөх шиг, би ч бас тэр л суу билиг дээр зогсоод утасныхаа камерийг асаан орчныг зураглаж байсан агшны өмнөхийг эргэн саналаа. Яг одоо би дундад зууны Итали орны хамгийн хүчирхэг асан хотуудын нэг Миланы төв талбайн голд, тус хотын хамба Марио Делпинигийн сэнтий дотор нь байрлаж буй Дуомо ди Милано буюу 500 жилийн түүхтэй католик сүмийг ширтэн сууна. 

Уран барилгын хэв загварын түүх, бүхэл бүтэн ертөнц болсон дэлхийн хамгийн алдартай сүмийг өдгөө олон сая жуулчин өдөр бүр уван цуван үзэж, мөнөөх барилга байгууламж уй гунигийн суу алдраа дотроо хэдийн нуун далдалчихаад, зөвхөн ганган чамин хийц, домгийн баатрууд, хүн төрөлхтний шүтээн, оюун билгийн үр агуулсан хөшөө, нүсэр гантиг баганаараа л бусдын анхаарлыг татах ажээ. Харин жинхэнэ мөн чанарыг нь олж үзэж, мэдрэх тусам улам алсарч, эсвээс жирийн хүн түүнд нь дөтөлж чадалгүй өөрөө сүрдэж байх шиг сэтгэгдэл энд төрнө. 

Энэ бол аяллын маань гурав дахь өдөр. “Монгол гэр” нийгэмлэгийн урилгаар зочилж яваа яруу найрагч О.Элбэгтөгс ах бидэн хоёр товлосон уулзалт, үзвэр үйлчилгээнээс гадна Европын хотуудаар аялж, тэдгээрээс хамгийн чухлыг нь өөртөө оршоох, шинэ содон уран бүтээл туурвих, хүмүүсийн аж төрөхүйтэй танилцах, улс үндэстний хийж бүтээсэн алдар сууны арвин их туршлагаас суралцах зорилготой яваа нь энэ. Харин дээр өгүүлсэн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Б.Сүнжидмаа, хамтрагч Б.Шинэсар нар үйл ажиллагаа, уулзалтуудаас илүүтэй бидний тав тух, аяллын хөтөлбөрт анхаарал тавина. 

Сүмийн ойролцоох гудамж талбайг тойроод томоохон брэндийн дэлгүүрүүд өнгө алаглана. Хурц наран, сиймгэр үүл нэвт цоолон чулуун талбайг бүхэлд нь халуун зуух шиг төөнөх авч сэвшээ салхи нүсэр барилгуудын дундуур чөлөөтэй тэнүүчилнэ. Харин ихэнх жуулчид үнэтэй брэндийн цүнх сав, хайрцагтай эд бараа гартаа барьсан нь үгүй. Ажваас ямар нэг үзвэр үйлчилгээ, музейн тасалбар үгүй аваас Миланы танилцуулга сэлтийг барьж явах нь элбэг. Тэдгээрийн цаана Миланы сүмийн шовх орой нарны туяанд гялбалзаж, үзүүрт нь од асав уу гэлтэй гэрэл ойн гялсхийх агаад тэндээс хүмүүний үйл хөдлөл шоргоолжны бужигнаан лугаа үзэгддэг болов уу гэж сэтгэмээр... 108 метр өндөр, 92 метр өргөнтэй уг аварга байгууламж Италийн хамгийн том сүм бөгөөд европт хоёрдугаар байр, дэлхийд дөрөвт ордог байна. Сүмийн оройгоос авахуулаад нийт 3.159 орчим, хөшөө баримлуудыг үе үеийн 78 архитектур, инженерийн зааварчилгаагаар хийж гүйцэтгэжээ. 

Гэвч сүрлэг өндөр, архитекторын гайхамшигт оюуныг илэрхийлэх гэхээс илүү Миланы сүм надад асар их уй гунигийг оршоосон газар шиг санагдсан. Уй гуниг гэдэг хүний сэтгэлд ганцаардлын уйтай мэдрэмжийг ямагт төрүүлдэг боловч эртний түүхийг оршоосон газрын уй гуниг ямагт өөртөө уусгах шидтэй. Гунигтай яруу найргийг уншихад амттай байдаг шүү дээ. Үүнтэй л адилхан. 

Эргэн тойрон хэвлэмэл хуудас, камер барьсан жуулчид хөлхөлдөж, өөр өөрийн хэлээр хоорондоо харилцан, сүмийн гайхамшгийг бишрэн байгаа нь үйл хөдлөл, царай төрхөөс нь тодхон үзэгдэж, ихэнх нь зураг авахуулахдаа чамгүй хугацааг зарцуулна. Тэд хэчнээн алсаас зорин ирээ бол? Тиймээс дурсгалын зураг хамгийн чухал нь мэдээж. Би ч мөн алс умардын нутгаасаа сугаран гарч дэлхийн нөгөө талд мянган бээрийг туулан ирчихээд, сэтгэлд минь шовх шовх оройтой эртний готик хийцийн барилгууд нь гандирсын хот шиг цайран сүндэрлэж байгаагаар, эсвээс цахим орчинд түлхүү тархсан загварын ганган чамин орчноор төсөөлж явсан эл газар, олны хөлд талхлуулах тэр чулуун талбай нэн уйтай. Тэр олны нэг нь өөрийгөө гэж бодохоос бас л хөндүүр төрнө. 

Музейн цаг хугацаа

Миланыг “Италийн саятан хот” гэж нэрлэдэг. Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн томоохон төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, шоунуудаараа тун чиг алдартай. Өөр нэг зүйл нь хөлбөмбөгийн баг. Тус хотод “АС Милан”, “Интер Милан” гэх дэлхийд нэрээ дуурьсгасан алдартай багууд, Европын хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг бий. Хүн амын хувьд өдгөө 1.4 сая гэх тоо бий боловч хотын ойр орчим, бөөгнөрлийн хувьд тус газар нутагт 5.2 сая хүн харьяалагдах агаад олон зуун мянган жуулчид өдөр тутмын ахуй амьдрал, хотын хүн амын тоонд нөлөөлөх нь дамжиггүй. 

Ийнхүүн эртний түүхтэй хотын эмтэрхий бүр нь ямар нэгэн оюун санаа, хүмүүсийн аж төрөхүйн элтсийг хадгалж үлдсэн чулуун замаар алхахад цаанаа л нэг дотно санагдсан нь уг хотын, энэ улсын оюун санааны хүчирхэг байдлаас болсон бизээ. Хүчирхэг Итали гүрэн. Нэгэн цагт Шотландаас Египет хүртлэх асар уудам нутгийг эзэлсэн эзэнт гүрнийг байгуулж байсан улс. Жованни Боккаччо, Данте Алигьери, Леонардо Да Винчи, Гольдини, Петрарка, Макиавели, Умберто Эко зэрэг оюун санааны ноён оргилуудын өлгий. Эртний цайзын хана хэрмийг санагдуулам байшин барилга нь цаг хугацааны мөнхийн хүчийг туулж, уртаас урт цагийн цаазыг даван гарсан нь эрхгүй хүндлэлтэй.

Миланы сүмийг үзсэний дараа хотын хамгийн том урлаг, түүхийн музейг үзэхээр бүгд санал нэгдэв. Аливаа улс үндэстэн, тус хотын түүх эртний сүм дуган, аж төрөхүйн өнгө олон янзаар ээлжилсэн захын хорооллууд, хамгийн гол нь музейд бий. Тэнд л түүх амь орж, уран зургууд чимээгүйгээр өөдөөс ярилцаж, баримлууд тэвэрч байх шиг сэтгэгдэл төрдөг. Ингээд бид Милан төдийгүй Италийн хамгийн алдартай музейнуудын нэг “Пинакотека Амбросиана”-гийн үүдэнд ирлээ. 

Цагаан шаргал өнгийн, гаднаа музей гэхээс илүүтэй ердийн л орон сууцны томоохон байгууламжийн адил элдэв чимэглэл үгүй боловч хийц нь магад нэлээд эртнийх гэмээр өнгө нь гандсан хоёр том чулуун багана бүхий хаалгатай ажээ. 

Үзвэрийн танхим руу орох төдийд ром, грекийн домгийн номуудад олонтаа тааралддаг уран баримал, дундад зууны үеийн туурвилчдын уран зургууд угтана. Уг музей 1618 оны дөрөвдүгээр сард Кардинал Федерико Борромео өөрийн уран зураг, баримлын цуглуулгадаа тулгуурлан үүсгэн байгуулжээ. Яруу найрагч О.Элбэгтөгс ахын хамт бүхий л өрөө тасалгаагаар нь бишрэн, зарим таних, “тухай”-г уншиж судалсан бүтээлүүдийг шимтэн явсаар нэг мэдэхэд гурван цаг хэдийнэ өнгөрчээ. Энд үзмэрүүд болоод танхимын тоог нарийн дурдах шаардлагагүй болов уу. Музейн хэчнээн том, нүсэр болохыг зөвхөн цаг хугацаагаар хэмжих боломжтой мэт санагдана. Тэнд бид Леонардо Да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийн хуулбараас гадна түүний хөгжимчин, Караважогийн “Жимсний сагс”, Рафаэлийн “Афины сургууль”, Титианы “Шидтэний шүтэн бишрэх”, Боттичеллигийн “Мадонна дель Падильон” зэрэг алдартай уран зургуудыг үзэж, Ян Брюгелийн барималыг биширч, “Библи” судрын олон янзын хувилбар, Гүнтэнбергийн зургаар чимэглэсэн гайхамшигт хувилбарыг ханатал харж авлаа. 

Үүнээс гадна музейн хөтөлбөрийн дагуу хамгийн сүүлд Библиотека Амбросианагийн XVII дугаар зууны үеийн уншлагын танхим, үзэсгэлэнгийн хүрээнд хөл тавьсан нь мартагдах аргагүй явдал болов. Танхимын хойморт суут сэтгэгчид, уран бүтээлчдийн зургийг эгнүүлэн өлгөжээ. Үүнээс эхлэн танхимын дөрвөн хана бүхэлдээ сайн чанарын зузаан модоор урласан нүсэр номын сангаас бүрдэнэ. Яг л “Араатан ба гоо үзэсгэлэн” номын дүр Белла анх удаа хунтайжийн номын өргөөнд зочлохдоо алмайрсны адил мэдрэмж төрснийг үл нуух. 

Гадна талаасаа энгийн харагдаж байсан музейн голд цэцэрлэгт хүрээлэн байх агаад эртний хаад, суутнуудын гантиг чулуу, хүрлээр урласан хөшөөнүүд байрлана. Яг л нууцаа дотроо оршоосон авдар адил. Дэргэдүүр нь үл тоон өнгөрөх аваас дотор нь ямархан эрдэнэс буйг хэн ч олж эс нээх. Үүнээс гадна урлагийн музей гэдэг зөвхөн агуу их, хүний бодит байдлаас хэтийдсэн орчин биш болохыг үргэлж сануулах технологийн хослол, амрах сандал, үйлчилгээний төрлүүд ч энд бий. 

Хамгийн сонирхууштай нь музейд зочилсон жуулчин өөрийн орж ирсэн бус арын өөр хаалгаар гадагш гарна. Яг л нэг хаалгаар шургаж урьдын түүхийн цаг хугацаан дундуур ертөнцийн өөр нэгэн мөчлөгөөр туучин онхи ондоо газарт ирчих мэт сэтгэгдэнэ. 

Бид мөнөөх нүсэр музейн байгууламжийг тойрч өөрсдийн аяллын эхэнд буцаж ирлээ. Хөтөч маань болох Б.Сүнжидмаа, Б.Шинэсар нар бидэнд Италийн пицца идэж үзэх санал тавив. Тийнхүү бид хотын алдартай сүлжээ ресторануудын нэгийг сонгон орцгоож пицца захиалан, дээрээс нь хүйтэн шар айраг аван ширээний ард тухалцгаалаа. 

Зорилго мухардсан айлчлал

Халуунаар цооносон наран хэлбийж хэдийнэ сэрүүхэн, таатай салхи үлээж эхэлжээ. Бид хооллож дууссаны дараа Леонардо Да Винчигийн алдартай бүтээлийн эх хувь байрлах сүмийг зорихоор болов. Бидний зам ямагт суут уран зураг, зохиолч, алдартай хөгжимчид, хотын түүхэн барилга, гудамжууд руу чиглэж байлаа. Гэхдээ очих газартаа хүрсэн ч зорилго маань биелнэ гэдэгт зуун хувьд найдах хэрэггүйг Б.Сүнжидмаа эгч сануулав. Учир нь мөнөөх алдартай зургийг жил бүр өөр, өөр хотод байршуулан жуулчдад үзүүлдэг бөгөөд хаана, хэзээ байршуулах тодорхой мэдээллийг ил зарладаггүй ажээ. Тиймдээ ч зураг сүмдээ байхгүй байх магадлалтай гэнэ. Гэвч бид Миланд ирчихсэн, сүм хэдхэн буудлын цаана бий. Алхах, трамвайд суух хоёр сонголттой тулгарав. Мэдээж Милантай илүү дотно танилцахаар шийдэж алхахыг сонголоо. Төв гудмаас ахин холдож, хэд хэдэн зам огтлон гарсны хойно хүмүүсийн хөл сийрэгжиж, үймээн шуугианы төвөөс холджээ. 

Зорьсон газраа ирэхэд сүмийн дотогш чөлөөтэй нэвтрүүлж байх агаад үүдэнд нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн бохирдлыг эсэргүүцсэн хэсэг залуус ухуулах хуудас тарааж байлаа. Сүм нь Дуомогоос хэдий жижиг боловч асар том бөмбөгөр оройтой, сүсэгтнүүд чөлөөтэй нэвтэрч болдог газар ажээ. Жуулчид багагүй байхыг үзэхүл энд мөнөөх алдартай зургийг зорин ирсэн зорилго нэгтнүүд биз хэмээн бодов. 

Харамсалтай нь зураг байсангүй. Өөр тийш нүүдэллэн одсон байлаа. Тиймээс бид сүмтэй танилцаж, ард нь байрлах цэцэрлэгт сууцгааж, усан оргилуурын чимээнд хөлийн алжаалаа тайлав.

Мөнөөх зураг энд байгаагүй нь бүр ч нууцлаг хийгээд эх хувийг нь харах хүслийг улам өдөөнө. Гэвч урамгүй, тааламжгүй бус харин ч онцгой санагдав. Оргилуурын баруун талд байрлах худалдааны мухлаг руу орж Леонардо Да Винчигийн намтар бүхий жижиг ном, мөнөөх зургийн хуулбартай посткарт авлаа. Харамсалтай нь тэдгээрийг цаашдын аяллынхаа замын хаа нэгтээ гээж орхижээ. Ийнхүү мөнөөх зургийн эх хувь тэнд байгаагүй, хуулбар нь ч бас надтай хамт Монголд ирээгүй юм. 

Боккаччотой таарсан санаандгүй учрал

Милан аргагүй ид шидийн хот ажээ. Зоргоор зочилж яваа нэгэн өдөр өнгөрөх тийш хандаж байтал үргэлжилсэн урт, нэгэн хэвийн дүнсгэр байшингууд эгнэсэн, уйтай урт гудамжаар музейд үзсэн уран зураг, урлагийн туурвилууд, тэр дундаа Гүнтэнбергийн чимэг зурагтай “Библи” судрын хэвлэлийн талаар Б.Шинэсар эгчтэй хуучилж явтал байшингийн хананд хадсан гудамжны нэр нүднээ тусав. Дээр ийн бичжээ, “6158 Via Giovanni BOCCACIO”.

Бид хотын төв хэсгийн хаа нэгтээ алхаж явах бөгөөд том дэлгүүрийн шалнаас тааз хүрсэн том цонхнуудын цаанаас дулаан шаргал гэрэл үзэсгэлэнтэйеэ асна. Энэ нь барилгын дүнсгэр саарал, уйтай ахуйд гойд үзэмж нэмжээ. Мөнөөх нэрийг үзсэн даруйд Сэргэн Мандлын үеийн сод туурвилч, “Декамерон” хэмээх чөлөөт сэтгэлгээний дуулал болсон тууриудаараа дэлхийн сонгодог утга зохиолын төлөвшилд онцгой нөлөө үзүүлсэн Жованни Боккаччогийн гудмаар уруудаж яваагаа мэдэв. Бичигдсэн даруйдаа “Декамерон” зуун жилийн турш шашны хуучинсаг үзэлтнүүд, сүм хийдийнхнийг зүгээс үзүүлсэн шахалт, дарамтын нөлөөнд орсноор зуун жилийн турш унших хориотой ном байсан гэдэг. Үгийн урлагийн төсөөллийг хойч үеийнхэнд бүрнээ таниулсан шидээвэр, түүнийг бийрлэсэн суутны гудмыг зориогүй атлаа, санаандгүй учрлаар ирчихсэн алхаж яваа минь итгэхийн аргагүй зүйлс ээлж дараалан тохиох юм шиг онцгой мэдрэмж биеэр дүүргэн цахилав. 

Мөн “Декамерон” туурийн нэгэнд Болони хотын Альберто нэгэн эмэгтэйд дурлаад яг л Чеховын “Уран илгэгч” өгүүллэгийн дүр шиг хөгтэй байдалд ордог нь санаанд зурсхийв. Энэ нь надад тус орны өнөө цагийн үгийн суутан Экогийн “Сайн зохиолын эхлэл үлгэртэй адил” гэж хэлсэн адил тийм үлгэр шиг, шидийн учрал байсан билээ.

Метроны буудалд өрнөсөн зарга

Бидний хөтөлбөрийн хугацаа ганцхан өдөр байлаа. Тиймээс өөр олон дурсгалт газраар зорчиж чадсангүй. Худалдааны томоохон төвүүд рүү зүглэж цаг үрэх нь бидний хувьд огт байж болшгүй асуудал. Тиймээс Базель хот руу буцах буудлын ойролцоо очиж оройн зоог барихаар шийдлээ. Учир нь эндхийн автобус, унаа цагийг яг таг барих бөгөөд хоцорсон тохиолдолд маргаашийг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. 

Ийнхүү дахин ойролцоох метроны буудал руу очихоор шийдэх газар нүхлэн уруудах том шатаар буулаа. Дахин тасалбар авч, метроны зогсоол руу очихоор явцгаав. Харамсалтай нь хөлхөх олны урсгал, буудлын орчныг ажин яваад Б.Сүнжидмаа эгчээс тасалбар авсангүй. Үнэндээ дөрвөн тасалбар авчихсан тул нэг нь уншуулахад л болох биз хэмээн сэтгэсэн хэрэг. Харь газрын үйлчилгээ, элдэв зарчмыг үл мэдэх мөртөө асууж лавлаагүй нь хөгтэй явдал болов. 

Үүнээс гадна нэвтрэх төхөөрөмжид тасалбараа уншуулсан боловч огт нээгдэхгүй удав. Гэтэл Б.Шинэсар эгчийн төхөөрөмж ашгүй нэг юм нээгдлээ. Араас нь О.Элбэгтөгс ах тасалбараа уншуултал нээгдэх нь тэр. Бид хоёр ч юм бодсонгүй, цугтаа нэвтрээд гарчихлаа. Араас Б.Сүнжидмаа эгч тасалбараа уншуулан гарч ирээд “Одоо энэ чиглэлийн метронд суух юм байна шүү” гэдэг зааварчилгаа өгөн алхаж явтал араас торгуулын хуудас барьсан шаргал үстэй, цэнхэр нүдтэй охин гүйж ирээд “Нэг нь тасалбаргүй нэвтэрсэн тул торгууль ноогдуулна” гэв. Хэргийн эзэн нь би болж таарав.

Өөр газар бүү хэл, ерөөс огт уулзаж, танилцаагүй хүмүүсийн хүрээлэлд ороод буруу, зөрүү сэтгэгдэл хэлэх төдийд ичгүүр төрдөг шүү дээ. Тийм л буруугийн мэдрэмжид хүлүүлчихээд зогсож байтал Б.Сүнжидмаа эгч мөчөөгөө өгсөнгүй. "Энэ хотод олон жуулчид ирдэг. Мэдэхгүй зүйлүүд бий. Биднийг тасалбараа уншуулах гээд будилж зогсоход хэн ч ирж туслаагүй шүү дээ. Гэтэл нэвтэрч гарсны дараа торгууль ноогдуулж байгаа нь та нарын буруу. Албаар биднийг харж, ажиглаж зогсчихоод мэдэхгүй нэвтэрсний төлөө ингэж байна. Бид дөрвөн тасалбар авсан" гээд санал зөрчилдөв. Ер нь иймэрхүү тохиолдолд англиар сайн ярьдаг байж л өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулах хэрэгтэй юм билээ. Гэвч тусыг олсонгүй, буцах цаг давчуу тул торгуулийн мөнгийг нь өгчихөөд цааш явлаа. Бодох тусам мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлсан мэт ичгүүр төрнө. 

Автобусны газрын ойролцоо ирсний хойно эгч нар “Одоо март. Юун сүрхий өөрийгөө буруутгадаг юм. Шар айраг уух уу” гэцгээлээ. Бид хоол захиалж,  иймэрхүү хөнгөн адал явдал хожим бодоход аялалд хэчнээн амт оруулдаг болохыг нэг нэгэндээ ярин хөгжилдөж, Милан хотын урлаг, утга зохиолын суутнуудын төлөө шар айргаа тулгацгаав аа. 

Энэ болЭнэ бол тэнгэр баганадсан аварга шилэн барилгууд эгнэж, сүүдэрт нь хүмүүс бөгтгөнөн алах бус үүх түүхийнхээ бодит гэрч болсон он удаан цагийн саалтыг даван оршиж буй уран байгууламжуудын чимээгүй гунигийг залгилж болох хот. 

Энэ бол нүсэр хөгжмийн чимээ хаа сайгүй хангинаж, гудамжаар дүүрэн хүмүүс шахцалдах нь холгүй зөрөх бус трамвайн шугамууд одон орон судлаачдын гортиг адил гантиг чулуун шатыг хэрээслэн зурсан, дэлгүүрүүдийн цонхны дулаан гэрэл нь музейн ханан дахь уран зураг шиг үзэмжийн сайхнаар нүд баясгасан гэгээн хот. 

Энэ бол ихэнх хүний бодолд тунарах хувцас загварын шоу долоо хоног болгон зохиогдож, худалдааны төвүүдээс үнэтэй брэндийн эдлэл эрэн хайж, олсноо үзээд арьсан түрийвчээ уудлахыг нь л зөвхөн олж харах бус эргэн дурсахад сэтгэлд зурвасхан гэгээ татуулах учралын агшныг бэлэглэгч шидийн хот. 

Буцах замдаа тасалбарын дагуу суудалдаа тухлахад минь дэргэд нэгэн Испани эгч сууж таарсан билээ. Бид хоорондоо танилцаж, цонхны цаана урсан өнгөрөх байгалийн сайхныг утсаараа бичиж авах бүрд минь эгч автобусны ногоон хөгшийг дээш сөхөн барьж өгч тус болно. Би түүнд монголын тал нутаг, хөвсгөлийн сарьдаг уулс, малчин ахуйн зураг, бичлэгийг утаснаасаа үзүүлж. Мөнөөх эгч надад өөрсдийн гэр бүлийг танилцуулж, “Дон Кихот”-ын олон янзын хэвлэлүүдийг өрсөн номын сангаа харуулсан юм. Замын хүнснээсээ ч хуваалцаж, дарсан загасны махаар намайг дайлж явав. Би түүнд дурсгал болгон шүлгийн түүврээ хадгалууллаа. Учрал бүхэн гэгээн байдаг гэж бий боддог. Анхны учралаас хойш илүү дотно танилцаж, он удаан нөхөрлөсний хойно хүмүүсийн зан чанар хэрхэн өөрчлөгдөж, муу муухай талаа харуулж эхэлсэн тухай жишээнүүд олон бий. Надад ч тохиолдож байсан. Гэхдээ учрал гэдэг өөр. Ганцхан өдрийн дотор би хоёр ч учралтай таарлаа. Мөнөөх эгчтэй хамт Боккаччогийн нэр бүхий “Декамерон” бүрэлдсэн гудамж уруудан нэг нь Живанни, нөгөө нь Кихот болчихсон алхахад ямархуу төсөөлөгдөж байгаа тухай ярилцав. 

Шөнө дундын алдад бид Швейцарийн Базель хотноо ирэв. Замын хань маань эндээс цааш зорино. Бид тэврэлдэн, нэг нэгэндээ сайн сайхныг хүсээд салцгаалаа. Замын хань минь цаашид дэргэдээ хоосон суудалтай л газар хороох нь дээ гэсэн дүнсгэр бодлоос цаг агаар салгав. Бороо шивэрч байлаа. 

Усан дуслууд хацар, нүд онох нь анх Миланы сүмийг үзэхэд эзэмдэж асан хөндүүрийг минь угааж өгч байх шиг санагдана. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав