Аягатай халуун кофег гэртээ уух болон кофе шопд уух нь ялгаатай мэдрэмж өгдөг. Яг адилхан жороор хийгдэх хэдий ч кофе шопын гэрэлтүүлэг, ханын өнгө, тавилгын байршлаас  хамаарч үйлчлүүлэгчдэд тав тухтай, тайван мэдрэмж төрүүлдэг. Ийнхүү бид илүү үнэ төлж кофе шопоор үйлчлүүлэхийг сонгодог нь интерьер дизайн буюу дотоод засалтай шууд хамааралтай гэж хэлж болно. Ингээд бодохоор бид орчноосоо бүрэн хамааралтай амьдардаг буюуинтерьер дизайны хүнд нөлөөлөх нөлөө нь тун өндөр.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөгжиж буй шинэхэн салбарын төлөөлөл буюу залуу интерьер дизайнер Д.Бат-Эрдэнэтэй дээрх чиглэлээр цөөн хором ярилцсаныг хүргэж байна.

Тэрбээр, Дүрслэх Урлаг Дизайн Технологи /ДУДТ/-ийн их сургуулийг архитектур мэргэжлээр дүүргэж, өдгөө найман жилийн хугацаанд архитектур болон интерьер дизайн мэргэжлээр ажиллаж байгаа билээ.

-Архитектур мэргэжлээр суралцах болсон шалтгааны тань ард ямар сонирхолтой түүх бий бол. Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлэх үү?

-Арван жилд байхаасаа зурах сонирхолтой хүүхэд байсан нь мэргэжлээ сонгоход шууд нөлөөлсөн. Төгсөх дөхөөд ирэхээр ирээдүйдээ санаа тавьж эхэлж байгаа юм. Юутай ч зурагтай холбоотой л мэргэжил байвал болно доо гэсээр архитектур мэргэжилтэй танилцаж байлаа. Анх ур чадварын шалгалтдаа тэнцээд барилгын хар зураг гаргадаг мэргэжил юм байна гэсэн ойлголттой их сургуулийн босго давж байлаа.

-Зурах авьяасгүй бол энэ мэргэжлээр сурах боломжгүй гэсэн үг үү? 

- Ер нь жаахан хэцүү. Зургийн ур чадварыг анх элсэх үед нь л сургуулиас шаардана. Цаашдаа орох хичээлүүд ч гэсэн зураг суурьтай учраас зурах суурь чадвар байхгүй бол суралцах бараг л боломжгүй. 

-Өөр салбар луу хөрвөх боломжтой юу?

- Боломжтой. Мэргэжлийн “хөрвөх” чадвар гэдгийг одооноос л сайн мэдэрч байна. Би гэхэд л архитектор хийж байгаад интерьер дизайны салбар луу хөрвөөд орчихсон. Орон зайн сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээг архитектур мэргэжил суулгаж өгдөг. Орчны төлөвлөлт, эскиз санаа гаргах, программ хангамж ашиглан зураг төсөл гаргах суурь ур чадварыг их сургуульд эзэмшсэн учраас архитектурын ерөнхий мэдлэгүүд байхад интерьер дизайн руу хөрвөх чадвар илүү хурдан байдаг юм билээ. 

-ШУТИС 1994 онд интерьер дизайны чиглэлээр анхны элсэлтээ авч байсан гэхээр энэ салбар нилээд хожуу орж ирсэн байгаа юм. Иймд хүмүүсийн интерьер дизайнер мэргэжлийг ойлгох ойлголт сайн тогтоогүй байгаа санагддаг…

-Санал нийлж байна. Интерьер дизайны талаар хүмүүс өнгөцхөн л ойлголттой байдаг. Нэг хүнд хандангуут цаад хүн нь тавилгуудыг зөв газар байрлуулаад, хананд нь нэг гоё зураг өлгөж өгөөд л интертьер дизайн болчихлоо гэж ойлгодог. Тийм бодолтой хүмүүс чамгүй их. 

-Тэгвэл таны хувьд интерьер дизайнер мэргэжлийг юу гэж тодорхойлох вэ?

-Сүүлийн үед үйлчилгээний байгууллагууд болон айл гэрийн интерьер дизайн эрс шинэчлэгдэж, цоо шинэ дүр төрхтэй болж байна. Одоо хүмүүс нэгэн хэвийн, уйтгартай дотоод засалтай орчинд ажил хэргээ явуулахын оронд цаг үетэйгээ нийцсэн, тав тухтай, анхаарал татахуйц дизайныг эрхэмлэдэг болсон. Тэгэхээр интерьер дизайн гэдэг нь дэвшилтэт технологиор бүтсэн, чанартай материал, өнгө, бүтэц ба харьцааг зөв ашиглан таны хүссэн шаардлагын дагуу тав тухтай орчин бүрдүүлэх үйл явц гэх юмуу даа.

-Ажлын чинь хамгийн гоё хэсэг нь аль үедээ байдаг вэ? 

-Үр дүнгээ харах үе. Ер нь бол толгойдоо бодож байсан бодол чинь зураг нь зурагдаад, талбай дээр 3D хэлбэрт шилжиж яг төсөөлсөн шиг чинь гэрэлтүүлэг, байршилтай болж байна. Бодит амьдрал дээр яг анх төсөөлсөн маань амилна. Үүнийг харахаас илүү сайхан мэдрэмж хаа ч байхгүй. 

-Таны хувьд интерьерийн төсөл дээр ямар арга барилаар ажилладаг вэ?

- Эхлээд тухайн хүний хүсэл сонирхлыг сайтар сонсох хэрэгтэй. Ингэхийн тулд захиалагч талтай нээлттэй ярилцлага хийнэ. Ийнхүү эхлээд санааг нь ойлгож авна. Яг юу хүсэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа захилагачтай харилцахад хүндрэлтэй байдаг. Ямар орчинд, юу мэдрэхийг эсвэл юу мэдрүүлэхийг хүсээд байна гэдгийг нь ярилцаж ойлгосны дараа зургийн ажилдаа ордог.

Дараа нь эхний байдлаар эскизээ танилцуулж, өөрчлөх зүйл байвал өөрчилнө. Ингээд эцэст нь зургаа батлуулаад ажилдаа ордог. Миний хувьд нэг гаргасан дизайнаа давтахгүйг хичээдэг. Гэхдээ интерьер дизайнер болгонд бусдаасаса онцгойрдог чимхлүүр деталууд бий. Тиймээс тухайн нэрийн хуудас болсон дизайнаа шингээж өгөхийг боддог. 

Нэмж хэлэхэд, байгаль бол хамгийн супер интерьер дизайнер. Байгалиас л бүх дизайны шийдлүүдийг авдаг гэж сонсож байсан. Үүнтэй би санал нийлдэг. 

-Нэг төслийг амжилттай дуусгахад хэдий хэр хугацаа ордог вэ?

- Тухайн объеокт хэр том, хэр жижиг байхаас шалтгаална. Том метр квадрат бүхий ажил бол нэлээдгүй хугацаа шаардана. Дунджаар 70-80 м.кв бүхий орон сууцны интерьер дээр ганцаараа ажиллахад зураг төсөл нь л гэхэд хоёр долоо хоног болдог.

-Захиалагч талын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

-Интерьерийн зураг төслийг хийлгэхэд үнэтэй гэж бодоод огт хийлгэдэггүй нь хамгийн том алдаа. Зураггүй интерьер хийхэд тухайн хүн нүдэн баримжаагаар ажилладаг учраас илүү зардал гардаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Өөрсдөө гэхээс илүү мэргэжлийн хүнд хандвал цаг хугацаа болон санхүүгээ хэмнэнэ. Гэхдээ гүйцэтгэгчээ зөв сонгох хэрэгтэй. 

-Яг одоо цаашид юу хийхээр төлөвлөж, өөртөө ямар зорилго тавьсан байгаа вэ?

–Хувийн студитай болохыг хүсдэг. Одоо эхний алхмаа хийж байгаа. Харин интерьер дизайнаа мэдээж өөрөө гаргана. Энэ мэтчилэн бүх зүйлээ өөрөө хийгээд явж байна даа. 

Ярилцсан | Б.Хонгорзул

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав