Гурван хүний амьдрал, гурван үйл явдлыг харуулсан гурван түүх... Бүтэлгүйтэж сүйрсэн амьдралдаа гэрэл гэгээ оруулах гарц хайсан эр, далай руу үсрээд сураггүй болсон эхнэр нь санаанд оромгүй байдлаар гэнэт эргэж ирсэнд итгэж ядсан цагдаагийн ажилтан, ер бусын чадвартай, сүнслэг удирдагчийн тавилантай хэн нэгнийг эрэн хайж буй хүний тухай өгүүлэх “Сайхан сэтгэлийн төрөл анги” гэсэн шинэ кино дэлгэцэнд гарсан. Энэ киног грекийн найруулагч Йоргос Лантимос найруулжээ. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа боловч аль хэдий нь өвөрмөц, шинэлэг бүтээл хэмээн урлагийнхны хүрээнд яригдаж буй энэ киноны гол дүрийн нэгэнд Эмма Стоун тоглосон юм. Шилдэг эмэгтэй дүр бүтээгч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт, “Зомбиланд”-ын шаргал үст, “Ла Ла лэнд” киноны мөрөөдөгч бүсгүй Эмма Стоунтай BBC радиогийн сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Сайн уу, Эмма... “Хараал”, “Хөөрхийлөлтэй юмс” киноны чинь шуугиан намжаагүй байхад дахиад л шинэ кинонд тоглож амжсан байх чинь... 

-Одоо яая гэхэв, тийм л юм болчихлоо. Нуугаад яахав, надад шинэ кинонд тоглох уу гэсэн санал тавих бүрт би баярладаг. 

-Белла Бакстерийн дүрд тоглох болсондоо бас л баяртай байсан уу? 

-Эхлээд дүртэйгээ танилцсан. Тэгсэн чинь сэтгэл нэг л түгшээд явчихсан. Энэ чинь уран зөгнөлт киноны дүр шүү дээ. Бие нь хэвээрээ ч шинэ оюун ухаантай болж байгаа хүн. Эгэл нэгэнтэй адилгүй, этгээд эмэгтэй... 

-Гэтэл чи Уитнигийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн хэдий ч чамд Белла Бакстерийн дүрийг бүтээсний чинь төлөө “Алтан бөмбөрцөг” төдийгүй “Оскар”-ын шагнал өгсөн. 

-Тэр ч тийм шүү. Уитни, Белла Бакстер хоёр аль аль нь сонирхолтой дүр. “Хараал” цуврал нь аймшгийн элементүүдтэй сэтгэл зүйн триллер юм. Уитни Ашер хоёр хүүхэдтэй болохыг маш их хүсдэг ч санасандаа хүрч чаддаггүй. Тэд яагаад ч юм бэ, хэн нэгний хараалын улмаас юу ч бүтэхгүй байна гэж итгэдэг. Харин “Хөөрхийлөлтэй юмс” кинонд Белла Бакстер хэрцгий эр нөхрөөсөө болж голын усанд живж амиа хорлосон боловч өвөрмөц нэгэн эрдэмтэн, эмэгтэйн хэвлий дэх хүүхдийнх нь тархийг түүний толгойд шилжүүлэн суулгаж аварсан тухай өгүүлдэг. Миний тоглосон энэ хоёр кино жинхэнэ шуугиан тарьсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. 

-Ингэхэд чи яагаад телевизийн “Хараал” цувралд тоглохоор шийдсэн юм бэ?

-Би Нэйтан Филдертэй танилцаад хоёр жил гаруй болж байна. Тэр нэг удаа надаас Бенни (Сэфди)-д шинэ төслийн санаа байгаа,чи сонирхох уу гэсэн юм. Би ч “ Тэгэлгүй яахав, ямар ч шинэ зүйл анхаарал татдаг шүү дээ” гэж хариуллаа. Ингээд л эцсийн эцэст би урьд өмнө нь хэзээ ч надтай тааралдаж байгаагүй тийм ярвигтай, басхүү гайхалтай дүртэй учирсан.

-“Хараал” цувралыг хийсэн үйл явц ямархуу байсан бэ?

-Юуны өмнө би мэргэжлийн биш хүмүүстэй ажиллах хэрэгтэй болсон. Энэ нь надад сонирхолтой байсан төдийгүй харин ч илүү чөлөөтэй байх боломжийг олгосон. Би мэргэжлийн жүжигчний хувьд тэдний дунд “цагаан хэрээ” байхыг хүсээгүй. Яагаад гэвэл, чи дүрдээ хэтэрхий итгээд байвал энэ нь маш хуурамч болдог. Ялангуяа дуу оруулдаг хүмүүстэй ажиллах үед нэг л тийм хиймэл, албадмал харагддаг юм. 

-Ингэхэд чи шинээр бүтээсэн дүрээ яаж хүлээн авч, ойлгож ажилласан бэ? 

-Уитни хаана ч байдаг жирийн л нэг эмэгтэй. Мөн тэрээр эргэн тойрныхоо хүмүүсээс бүрэн хамааралтай. Өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй юм шиг л явдаг. Бас ойр орчмынхоо бүх хүнд таалагддаг нэгэн. Уитни бүгдтэй эелдэг найрсаг харилцдаг. Энэ нь түүнийг маш хөөрхөн ааштай хүн шиг харагдуулдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр тийм ч сайхан зантай, сайн хүн биш. Түүний гадна төрх дотоод сэтгэлийнх нь сөрөг талыг нууж байгаа юм . Тиймээс түүний тэр нуугдмал далд ертөнцийг харуулахыг зорьсон. Харин Белла Бакстер бол өөр. Бүх бодол санаа нь ил тод. Түүнд бусдад сайхан харагдахыг хичээх ямар ч хэрэг байдаггүй. 

-Ажиглаад байхад, Йоргос Лантимостой хамтарч ажиллах нь чиний санаанд нийцдэг бололтой. Тэр чухам юугаараа анхаарлыг чинь татдаг юм бэ? 

-Бид “Дотно эмэгтэй” киногоо хийж дуусгасны дараа шинэ төсөл хэрэгжүүлэх талаар ярьж эхэлсэн. Тэгэхэд Йоргос надад “Хөөрхийлөлтэй юмс” киног хийхээр болсноо хэлсэн юм. Миний бодоход бид зүгээр л бие биеэ сайн ойлгодог, үг хэлээ амархан ололцдог хүмүүс. Тийм болохоор найруулагчийн хувьд ч, хамтран ажиллаж байгаагийн хувьд ч тэрээр бүрэн итгэж болох хүн шиг санагдсан. Ер нь өөрийгөө гүйцэд нээх боломжтой болж, бас хэн нэгний хамгаалалтад байгаагаа мэдэж чадах жүжигчин ховор. Харин Йоргос надад энэ боломжийг бий болгож өгсөн. Бид бие биенээ шоолон инээж, хэрэлдэж, зүгээр жирийн найз нөхөд шиг ч, мөн найруулагч жүжигчин хоёрын бүтээлч харилцаатай байж чаддаг. Тийм болохоор би түүнтэй дахин дахин хамтран ажиллахыг хүсдэг гэж боддог. Тэрээр зөвхөн жүжигчдийг төдийгүй зураг авалтын багийнхныг цуглуулж, ярьж хөөрөх дуртай. Нэг ижил чиг зорилготой хүмүүс ахин дахин уулзсаны ачаар чи тайван сайхан уур амьсгалыг мэдрэх болно. 

-Яагаад “Хөөрхийлөлтэй юмс” киноны продюсероор ажиллах болов? 

-Би саваагүй зантай ч гэх юм уу, ер нь шинэ зүйл туршиж үзэх дуртай. Хэрэв хэн нэгэн надад миний урьд өмнө хийж байгаагүй ажлыг хийлгэх санал тавибал дуртайяа хүлээн авдаг. Йоргосын хувьд бид дөрөв дэх төслөө хамтран хэрэгжүүлсэн нь их сайхан үйл явдал байлаа. Харин тэр намайг шинэ киноныхоо продюсероор ажлуулахыг хүссэн нь миний хувьд аз таарсан явдал болсон юм.

-Тус уран зөгнөлт киноны Белла нэлээд төвөгтэй дүр... Энд этгээд өвөрмөц нэгэн эрдэмтэн насанд хүрсэн эмэгтэйн толгойд хүүхдийн тархи суулган туршиж байгаагаас эхлээд либерал, феминист үзэл санааг харуулдаг. Беллад тоглохын тулд их бэлтгэл хийсэн байх даа...? 

-Би зүгээр л насанд хүрсэн хүн бүрт байдаг тэр айдас хүйдэс, бусдын хэл амнаас болгоомжлох, ичиж зовох гэх мэт зүйлсийг мартах хэрэгтэй болсон. Мэдээжийн хэрэг, бид дохио зангаа,нүүрний хувирал, хэл ярианы тал дээр маш их ажилласан. Гэхдээ юуны өмнө бид Белла бол баяр баясгалантай, сониуч зантай, эвдрээгүй хүн гэдгийг харуулах хэрэгтэй байсан. Эцсийн эцэст, аливаа зүйлд Павловын тодорхой рефлексгүй өөрийнхөө болон бусдын талаар дүгнэлт хийдэггүй насанд хүрсэн хүнийг олоход хэцүү байдаг. Ер нь олдох ч үгүй байх. Харин Белла өөр. Түүнийг энэ бүхэнд сургах хэрэг гарсан. 

-Ийм өвөрмөц дүр бүтээхэд хэн тусалсан бэ? 

-Би энэ дүрийг бүтээхдээ Йоргосоос гадна, гайхалтай авьяаслаг жүжигчид Рами Юсеф, Уиллем Дефо, Марк Руффало нартай хамтран ажилласан. Тийм хүмүүстэй хамтран ажиллахад чамд дэлгэцэн дээр байгаа юм шиг мэдрэмж төрж, үнэхээр чөлөөтэй болж чаддаг. Миний Белла хэнтэй ч адилгүй өвөрмөц нэгэн. Үүний зэрэгцээ Йоргос надад Вернер Херцогын “Хүн бүр өөрийнхөө төлөө, харин Бурхан хүн бүрийн эсрэг байдаг” гэсэн киног үзэхийг зөвлөсөн. Тэрээр ийм зүйл зөвлөхдөө бусдыг дуурайх биш зүгээр л өвөрмөц бүтээл урам зориг оруулдаг гэсэн санаагаар ингэж хэлсэн юм. Энэ киногоо тэд зөн совинд тулгуурлан бүтээсэн бол бид байгаа материалдаа найдан өөрсдийнхөө киног хийхийг хичээсэн. 

-Танай киноны шилдэг хувцасны дизайнераар тодорч оскарын шагнал хүртсэн Холли Уоддингтоны бүтээсэн хувцас чамд дүрээ нээн харуулахад багагүй тусласан байх... 

- Тэгэлгүй яахав. Белла төлөвшиж, орчиндоо аажмаар дасан зохицох явцад тэрээр янз бүрийн хувцас өмсөж эхэлдэг. Үүний тулд зураач хувцас хийхэд зориулж гоё сайхан өнгөтэй материал сонгосноос гадна загвар нь маш сонирхолтой байсан. Миний бодлоор Белла Бакстерийн тэрхүү өвөрмөц зан араншин, элдэв янзын үйлдлийг хувцаслалтаар нь дамжуулан илэрхийлэхэд Холли Уоддингтон чухал хувь нэмэр оруулсан. 

-Эмма, Беллагийн дүр чиний хувьд хамгийн зоригтой ажлын нэг байсан гэдэг нь эргэлзээгүй. Чамд өөрийгөө эрсдэлд оруулан ийм ер бусын дүрд тоглоход юу нөлөөлөв? 

-Өө, би хэдэн хором ч болов эргэлзээгүй. Энэ нь миний хувьд, хэцүү шийдвэр байгаагүй, тэр ч байтугай дэлхий ертөнцөд болж буй онцгой үйл явдал шиг санагдсан. Ялангуяа, Йоргостой хамт ажиллана гэж бодохоос бүр ч гоё санагдаж, өөрийгөө ер бусын аз жаргалтай байгаагаа мэдэрсэн.

-Одоо та хоёр “Сайхан сэтгэлийн төрөл анги” гэсэн шинэ төсөл дээр бас хамтран ажиллаж байна?

-Киноны зураг авалт дууссан. Ирэх зургаадугаар сард нээлтээ хийх тул одоохондоо дэлгэрэнгүй яримааргүй байна. Удахгүй энэ талаар тодорхой мэдээлэл хийх байх аа. 

-Чи чөлөө завгүй их ажиллаж байна. Хааяа амармаар санагдах үе гардаг уу? 

-Тэгэлгүй яахав. Охин, нөхөр хоёртоо зориулж илүү их цаг гаргахыг хүсдэг. Гэхдээ би одоо 40 нас ч хүрээгүй байна. Алсдаа тэдэнтэйгээ хамт байх цаг зав их гаргаж, аав ээж хоёр шигээ гэр бүлээ нэн түрүүнд тавьдаг хүн болно гэдэгтээ итгэлтэй байна. 

-Хүүхэд ахуй цагаа эргэн харвал? 

-Миний хүүхэд нас хөгжилтэй, амар амгалан байсан. Аав гэрээт ажилтан, ээж гэрийн эзэгтэй, бид голдуу зээл тавьж амьдардаг байлаа. Харин аав ээж минь архи дарс огт уудаггүй, мөнгийг нэг их тоодоггүй боловч хэрэггүй юманд мөнгө зардаггүй хүмүүс байсан. Намайг найман настай байхад аавын ажил гэнэт дээшилж, цалин хөлс нь нэмэгдсэн ч өмнөхөөсөө арай тайван болсноос өөр онцын өөрчлөлт бидний амьдралд гараагүй. Би ганц эрэгтэй дүүтэй. Аав,ээж минь дүү бид хоёрыг чөлөөтэй, дураар нь байлгаж, сонирхлыг минь дэмжиж ирсэн. Нэг удаа “Чи үдэшлэг дээр дарс уумаар санагдвал уугаарай, харин тарах үед чинь бид очиж чамайг авья” гэж хэлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. 

-Стивен Кольберийн шоуны үеэр чи долоон настайдаа айж түгшдэг зантай байсан гэж ярьсан. Энэ байдлаа хэрхэн даван туулсан бэ? 

-Тиймээ, бүгд үнэн. Хэдийгээр миний бага нас маань хангалттай тайван, нам гүм байдалд өнгөрсөн боловч би яагаад ч юм маш их айж түгшдэг хүүхэд байлаа. Би үргэлж юмыг гучин алхмын өмнөөс тооцоолж, үйл явдлын өрнөлийн хамгийн муу хувилбарыг бодож олоод, айж сандарч эхэлдэг байсан. Энэ нь нэг талын өвчин байлаа. Долоон настай байхад минь нэг удаа надад манай гэрт түймэр гарч байх шиг санагдсан. Бүр утаа, хиншүү үнэртэж байсан гээч...Энэ нь зарим хүний бодож байгаачлан хий үзэгдэл биш , дотор давчдан амьсгалж чадахгүй болж, яг л одоо үхэх гэж байх шиг мэдрэмж төрсөн. Дараа нь гэрийнхэн маань намайг эмчид үзүүлж, зөвлөгөө авч байсан. Би ээжээсээ өнөөдөр бид юу хийх вэ, хэдийд сургууль хүргэж өгөх вэ, хичээлтэй байх үед намайг хаана хүлээж байх вэ, өдрийн хоолонд юу идэх вэ гэх зэргээр өдөрт хэдэн удаа ч хамаагүй залхтал нь асуудаг байсан. Аав ээжтэйгээ цуг айлд ч зочилж чаддаггүй байлаа. Айлын үүдэнд очихоор л өвдөг чичрээд айгаад ордоггүй байсан. Ингээд есөн нас хүрэхэд минь намайг сэтгэлзүйчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн нь их тус болсон.

-Чамайг бас нэг үе нохойнд зориулсан жигнэмэг хийдэг байсан гэж сонссон юм байна? 

-/инээв/ Би жүжигчин болно гэж мөрөөдөж байлаа. Нэг удаа жүжигчин шалгаруулах Холливудын төсөл хэрэгжүүлж байгааг сонсоод тэнд очиж, төслийн болзлын дагуу Мадоннагийн дууны аялгуун дор бүжиглэж үзүүллээ. Би тэнцсэнгүй. Ингээд нохойнд зориулсан амттан хийх нь хялбар ажил юм шиг санагдаад жигнэмэг хийдэг боллоо. Тэгтэл эзэгтэй нараас гомдол ирлээ. Нохой нь голсон ч юм уу , яасан ч юм мэдэхгүй миний жигнэмэгийг идэхгүй байна гэсэн. Одоо яая гэхэв, энэ ажлаа орхилоо. Харин аз таарч намайг телевизийн цувралын жижигхэн хэсэгт тоглуулсан юм.Энэ үеэр Холливудын нэг продюсер намайг хараад өөрийнхөө шинэ киноны олны хэсэгт орууллаа. Тэгэхэд л бусдын анхаарлыг татсан байх. Юутай ч, үүнээс хойш киноны жижиг сажиг хэсэгт гардаг болсон. Энэ явдлаас хойш олон жил өнгөрчээ. 

-Одоо киноны гол дүрд тоглож нэрд гарч, олны танил болсон хүнд тэр үеийнх шиг чинь агшин зуур харагдаад өнгөрөх хэсэгт зураг авхуулах санал ирвэл хүлээж авах уу? 

-Завтай үе таарвал хүлээж авалгүй яахав. Манай ажилд хэрэггүй хэсэг гэж байдаггүй юм. Хэрэв найруулагч хий гэвэл хийж л таарна. 

-Йоргос Лантимос гол дүрийн жүжигчнээ жижиг сажиг хэсэгт гаргахгүй байлгүй... 

-Юу ярина вэ... Харин ч тэр ямар ч зүйл шаардаж магадгүй хүн. Түүний хувьд, кино нь бүхнээс чухал. Гэхдээ аюулгүй байдлын үүндээс арай биднийг хаднаас үсэр, тавин хэдэн давхар барилгын оройгоос харай гэж шаардахгүй л дээ.../инээв/

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
П.Соёлдэлгэр

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав