Тэр Бизнесийн дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч бөгөөд одоо 14 настай.  Түүнийг сонгож уулзсан минь учиртай билээ. Тэр бол өсвөр насны онцгой авъяастан, өвөрмөц урлагч.

Уран бүтээлч биш, урлаач биш урлагч гэж тодотгомоор. Ингэж онцолж буй маань түүний бүтээлээс, асуултуудад хэрхэн хариулснаас нь харагдах биз ээ.  

-Сайн байна уу, VIP урландаа урьсанд баярлалаа. Чиний хамгийн хайртай бүтээл ямар зураг байдаг вэ?

-Би бүх бүтээлдээ хайртай. Бүгдээрээ миний чин сэтгэлээс төрсөн. Харин энэ дундаас хоёр дахь бие даасан үзэсгэлэндээ зориулж бүтээсэн гол зураг маань болох «Сэтгэгдэшгүй» бол онцгой хайртай бүтээл минь юм. Эхэлж хар зургаа гаргахад хагас жил зарцуулав уу даа. Дараа нь зургийн дагуу өнгө будагт оруулж амилуулж зурахад жил орчим болсон байдаг. 

-Өөрийгөө тодорхойлбол ямар чиглэлийн уран бүтээлч юм бэ.  Одоохондоо үүнийг хэлэх эрт байж бас болох юм?

-Ер нь би чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Юун дээр ч, юуг ч зурж чаддаг. Бас  юунд ч баригдахгүй.

-Юун дээр юуг ч зурж болно гэдгээ жаахан тодруулбал?

-Хүн яг хүн шиг байх ёсгүй байж болно шүү дээ. Яагаад заавал зургийг канвас бийр будаг аваад зурах ёстой гэж. Сандал дээр, хөшгөн дээр, төмөр дээр байж болно шүү дээ. Тэр утгаараа би юунд ч баригдахгүй чөлөөт уран бүтээлч.

-Бийр будаг чиний хэл мөн үү, чиний дотоод ертөнц бүгд энэ tools-ээр гадагшилдаг уу. Хэдэн төрлийн өнгө будаг цаас ашиглаж бүтээлээ зурдаг вэ?

-Би зурах л гэж төрсөн хүн гэж өөрийгөө боддог. Өвчтэй байсан ч, халуурч байсан ч зурах ёстой л гэж боддог. Ер нь бол бийр будаг бүх зүйлийг амилуулж болдог. Би харин зөвхөн бийрээр зурахгүй байхыг хичээдэг. Бананаар ч зурна, алимаар ч өнгө-утга гаргаж зурж уран бүтээлээ туурвиж болно. Болдгийг ч харуулахыг зорьдог. Надад бүтээлийн санаа бол угсруулаад л ар араасаа төрөөд байдаг. Шууд л бийр канвасаа дэлгээд суудаг даа.

-Чиний бүтээл зөвхөн зураг биш чимэглэх урлагтай уялдуулсан байна?

-Чимэглэх урлаг нь илүү бодитой, амьтай, сонирхолтой болгож өгдөг санагддаг. Хүрч мэдэрч, зураачаа ойлгох, зургаа илүү ойлгоход дөхөм болдог учраас би түлхүү чимэглэх урлагийг оролцуулж бүтээлээ зурдаг л даа. 

-Одоо ярилцаад сууж байх мөчид нүүрээ будсан чинь бас содон онцгой, будаж болох бүхнийг өнгөөр тодруулахыг хүсдэг юм уу даа гэж санагдлаа?

-Би хүсвэл юун дээр ч зурж чадна, боломжгүй гэж байхгүй. Өнгө будаг гэдэг бол үнэхээр гайхалтай. 

-Чиний доторх мэдрэмжийг рүү л ойлгох гээд дөхөж байгаа маань энэ л дээ. Жишээлбэл, чамд нар ямраар төсөөлөгддөг вэ?

-Нар шувуудын нүдэнд магадгүй улаан өнгөөр харагддаг байж болох юм. Өөр амьтад, өөр эд зүйлс өөр өөр өнгөөр байж болох шүү дээ. Миний хувьд бүгдийг хайрладаг хайр гэдэг өнгөөр буудаг.  Надад орчны бүх юм ид шидийн мэт санагддаг. Алхаж байгаа, амьсгалж байгаа маань хүртэл ид шидийн, ямар гоё юм бэ гэж санагддаг.

-Хайр гэдэгт өнгө гэж байна уу?

-Тийм ээ. Одоо энэ ширээний бор өнгө. Энэ өнгө өөр ертөнцөд өөр өнгө байж болно шүү дээ, өөр өнгөөр өөр ертөнцөд байгаа ч гэж би боддог.

-Аав ээжийн хайрыг уран бүтээлдээ буулгаж үзсэн үү?

-… (бодож байна)

-Байхгүй байж болно оо, чиний хувьд уран бүтээл эхэлж байна, нас чинь балчир байна. Бас зурах тухай санаанд чинь бууж байгаагүй байж болох юм.

-… (инээв)

-Зураг, уран бүтээл, өнгө будагт хэзээнээс автаж зураач болохоор шийдсэн бэ?

-Ажил хэрэг болгосон нь гэвэл 10 настайгаасаа хойш зурж, мөнгө олж, бас бусдад багшлаад явж байна. Долоон настайдаа зурж эхэлсэн. Тэгээд аав ээж маань дэмжээд би уран бүтээлч болж, одоо урлантай болчихоод байж байна. Одоо бидний байгаа өрөө бол миний VIP урлан.

-Дотоод сэтгэлд тунараад байдаг гэнээ, ямар нэг эд зүйл дээр өнгө болгож илэрхийлж чаддаггүй сэдэв байдаг уу?

-… бодогдоод л байдаг сэдэв байна л даа. Тэгэхээр тэрийг бүтээл болгож олон нийтэд хүргэхэд нэг тийм, олон хүчин зүйлээс хамаарна, олон талаас нь шийдэх юм билээ. Жаахан томорч байгаад л болно доо гээд дотроо зураад төсөөлөөд бэлдээд л явж байна (инээв).

-Тэр санаа нь юу вэ?

-Жүжиг, кино урлагаар дамжуулж хийе гэсэн санаа олсон байгаа байхгүй юу. Одоогийн нийгмийн байдал хүн бүр мөнгөний төлөө байдаг болсон. Харин би мөнгөний төлөө биш монголчуудынхаа тархинд орхигдсан урлаглаг мэдрэмжийг үнэгүй түгээхийг зорьдог.

-Нууц биш бол уран бүтээлийн орлого, зургийнхаа үнэлгээний талаар манай уншигчдад хэлж болох уу?

-Ер нь бол захиалга авч зурдаг. Хамгийн багадаа зургууд маань хэмжээнээсээ хамаарч 100.000 төгрөг, 1  сая төгрөөс эхэлдэг. Бүр том зургуудаа гадаадын сайтуудад оруулж зарахаар судалж эхэлж байна. Миний үзэсгэлэнг үзэж зургаас минь авдаг цөөн хэдэн хүн байдаг.  

-Ярилцлагадаа чам руу холбогдох холбоосыг байршуулж болох уу?

-Болно оо, баярлалаа. (инстаграм хаяг: Celwentine)

-Сургалт явуулдаг гэчихэв үү, энэ талаараа сонирхуулаач?

-Насны зааг гэж байхгүй ээ. Намайг зориод ирсэн хэн бүхэнд би үнэгүй сургалт явуулдаг. Энийгээ бүр өргөжүүлмээр ч санагддаг. Бүх зүйл мөнгө биш шүү дээ. Би урландаа кино үзэхээр цугласан хүмүүстэй бүгдтэй нь ярилцана, хүсвэл ганцаарантай нь уулзаж, ярилцаж тайтгаруулна гэж бодож байгаа. 

-Сонсох мэдрэмж, харах мэдрэмж, хүртэхүй… гээд мэдрэмжийн өргөн орон зай бий. Юу харах бас юу сонсох дуртай вэ?

-Ёстой гоё асуулт байна. Би ийм жанрын хөгжим урлаг сонсдог гэж ёстой хэлж чадахгүй. Өөр өөр байдаг, жааз сонсоно, рок, метал рок сонсоно. Чихэнд наалдсанаа л сонсдог. Намайг ийм чөлөөт байдалд хүргэсэн монголын хоёр уран бүтээлч байдаг. Тэдний нэг нь Х.Тэнгис ах, олонд сошиалд «Артист 168» гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Би яг бүтээлээ зурахдаа 168 ахыг сонсоод зурдаг, надад юу ч бодогдуулахгүйгээр шууд л  зуруулж чаддаг дуунуудтай. Нөгөө нь Д. Мөнхтулга буюу «Дон Диор», энэ хүнийг сонсч би тайвширдаг.

-Үлгэр дуурайл авдаг эрч хүч авдаг ямар уран бүтээлч байдаг вэ?

-Шүтээн гэвэл би эх орноо, монголоо л гэж хэлнэ. Үлгэр дуурайлал авдаг, эрч хүчийг надда хайрладаг хүн бол миний ээж. Харин уран бүтээлчдийн хувьд Төрийн соёрхолт Сэр-Одын Саранцацралт эгчийг хэлнэ, бас н.Чулуун гээд ах байгаа.

-Бүтээл нэрлэх тухайд яг хэзээ нэрээ оноодог вэ. Чиний зургуудын нэр үг цөөн, утга агуулсан, өвөрмөц юм?

-Миний ихэнх бүтээлийн нэрс зурагдаж бүтээгдэж дууссаны дараа төрдөг. Гадаа гудамжинд явж байхад нэг зургийн санаа орж ирнэ, зурна ингээд нэрлэчих үү гээд толгойд дон гээд л ороод ирдэг.

-Яг одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний хоёр дахь бие даасан үзэсгэлэн маань 2024 оны тавдугаар сард олон нийтэд дэлгэгдлээ л дээ. Тавдугаар сарын 1-нд зураг зураад ахиж зураагүй л явна. Одоогоор кино урлагаар дамжуулж хүмүүст ухаарал соёл түгээх ажилд анхаарлаа хандуулаад явж байна.

-Зорилго нь, хамруулах бүлэг нь хэнд чиглэсэн ажил вэ, бас яаж?

-ЕБС-ийн сургуулийн сурагчдад зориулсан маш хэрэгтэй чухал ажил байгаа. Миний зорилго Монголоо урлагаар дамжуулж хөгжүүлэхэд байгаа юм. Ихэнх 30-40-50 настай хүмүүст ийм юм яривал «юун урлаг», «пүү, паа» болно. Тэд ойлгохгүй санагддаг. Миний харж байгаагаар Монголын бүх хүмүүс мөнгөний араас хөөцөлддөг, харин бусад орны хүмүүс урлагийн араас хөөцөлддөг. Мөнгө тийм ч сонин биш, хэрэгцээ гэдэг үүднээс аргагүй л байх л даа. Гэхдээ урлагийг ойлгох, ойлгуулах хэрэгтэй санагдсан. Энэ ажлыг хийе гэж бодсон хэрэг л дээ. Урлагийн мэдлэг олгох үүднээс, энэ урлангаа кино үзэх, урлаг ойлгоход зориулж засах гэж байгаа.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Монголоо хөгжүүлэх. Болохгүй юм гэж байхгүй л гэж боддог доо.

-Чи өөр дээрээ мөрөөд л дөө?

-Өөр дээрээ мөрөөддөг юм байхгүй. Би өөрийгөө Монголд төрсөн утга учир, монголыг онож хүн болсон маань учиртай гэж би боддог. Монголоо л гоё болгоё гэж боддог. Монголыг аврахад зориулагдсан, бурхан намайг тийм юм хийлгэх гэж энэ сайхан нутаг, эх оронд өгсөн гэж би боддог. Би агуу түүхтэй ийм газар төрсөндөө үнэхээр баярладаг.

-Монголоо хөгжүүлэх, монголын одоогийн байгаа нөхцөл байдлын яг юунд нь чи хувь нэмрээ оруулах гэж олж хараад байна вэ?

-Жишээлбэл, боолчлол. Хүн бүр утга учиргүй мөнгөний араас явдаг нь надад боолчлол гэмээр юм шиг санагддаг. Бас ялгаатай байдал, дээрэлхэлт. Би тухайлбал «Ганцаардсан нугас» гэдэг бүтээлээрээ ялгаатай байдлыг ойлгож нэг нэгийгээ дээрэлхэхгүй байгаачээ гэсэн утгаар бүтээсэн байгаа, үүндээ зориулаад шүлэг бас зохиосон нь энэ байна. (шүлгээ уншиж өгөв) 

-Чи бүтээлээ худалддаг гэсэн, чиний энэ бүтээл ямар үнэтэйг мэдэж болох уу?

-Миний урланд ирсэн хүн бүрт энэ бүтээлээ танилцуулж, ярьж өгч, зориулж зохиосон шүлгээ уншиж өгөх дуртай. Би ямар ч үнээр худалдахгүй гэж боддог.

-Амьтдын тухай ямар бодолтой вэ?

-Яг одоо надад ноход минь л бодогдоод байна. Би нохойнууддаа үнэхээр хайртай. Бүх цаг үед юу ч хийж явсан үргэлж миний ухаан санаанаас гарахгүй байдаг.

-Ноход маань гэнэ, чи олон нохойтой юм уу?

-Би 11 нохойтой, дөрөв нь хаска, бусад нь энгийн. Би өөрөө зорьж нэг нохой худалдаж авч байсан. Бусад нь бүгд өөрсдөө над дээр ирснийг би хүлээж авсан.

-Чамайг томчууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Миний ээж аав намайг үнэхээр бүх талаар ойлгож дэмжиж өдий хүрсэн. Монголчууд урлагийг ойлгох болоогүй гэх мэт ярьдаг. Тэгээд л байх юм бол хэн ч юу ч ойлгохгүй ш дээ. Харин ч ойлгоно, ойлгох болсон, ойлгож чадна гээд явбал бид чадна, болох байхгүй юу. Урлагийг ойлговол дагаж соёл оршино, гайхамшиг биш гэж үү. Энэ бол бичигдээгүй хууль л даа.

-Чиний нэр их сонин санагдлаа, асуухгүй байж чаддаггүй?

-“Clementine” гэсэн чимэглэх урлаг гэсэн үг л дээ, тэгээд бүтээл дээрээ Celwentine гэж нэрээ биччихдэг.   

-Чиний бүтээлүүдээс хамгийн их олонд хүрсэн нь аль нь вэ?

-Тэнд эмэгтэй хүний дотуур хувцас ашиглаад цус асгарсан мэт зурсан зураг байгааг та харж байна уу. Тэр зураг бол хүмүүст хамгийн их юм бодогдуулсан зураг. Охидын хүчирхийллийн эсрэг бүтээл байхгүй юу. Хүний далд ухамсарт эмзэглүүлж чадвал хүрч чадна гэж би боддог. Тиймдээ ч урлагаар дамжуулж хүний далд ухамсарт хүрсэн бүтээл бүтээхийг хичээж урладаг. Би энэ бүтээлээрээ хүрч чадсан ч гэж боддог. Харсан хүн бүр сэрдхийдэг байхгүй юу.

-Хоёр ч үзэсгэлэнгээ гаргачихаж, одоо өөрийгөө юунд сорьё гэж бодож байна?

-Кино урлагаар дамжуулж хүмүүст хүрэх зорилгоо танд ярьсан, тийм ээ. Энэ маань дунд сургуулийн сурагчид руу илүү чиглэсэн байх юм. Хичээлээ тараад PC явахгүй, чөлөөт цагаа үр ашиггүй өнгөрөөлгүй, энд ирээд кино үзээд, өөрийгөө, эргэн тойрны бусад хүмүүсээ ч ойлгоод. Хайрлах харилцахыг сураасай гэж хүсч байна. Магадгүй сэтгэл гутрал асуудалтай байвал хэн дуртай нь ирээд ярилцаж уулзаж бас болно. Нас заахгүй, миний урланд ирээд кино үзээд тайтгараад жаргаад гараасай гэж хүсч байна.

-Бас сургалт явуулдаг гэж ярианы эхэнд дурдлаа?

-Хүүхдүүд болон насанд хүрэгсдэд би зураг зурах, урлаг ойлгох талаас нь сургалт өгдөг. Бас манай урланд ирээд кино үзээд ярилцах хүсэлтэй байвал би хүлээж авахад бэлэн.

-Аав ээж нь зардал дээр нь тусалж байна уу. Гэр бүлээ танилцуулна уу?

-Тийм ээ, аав ээж хоёр тохижуулж өгөөд идэж уух юмны жаахан мөнгө өгч байгаа. Манай аав ээж хоёр барилгын инженерүүд л дээ. Би эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Миний том эрэгтэй дүү академик боловсрол талдаа маш мундаг, бага дүү маань урлагийн мэдрэмжтэй ёстой хөөрхөн. Тэр над шиг уран бүтээлч болох байх аа.

-Урлагийн хүн танай гэр бүлд байдаг болов уу гэж бодсон юм л даа?

-Манай өвөө Ховд аймгийн театрын анхдагчдын нэг зураач, жүжигчин Б.Очирбат гэж хүн л дээ. Бас уран дархан. «Учиртай гурван толгой» дуурийн Балганы дүрийг бүтээсэн гэж аав ээж ярьж байсан. Бага залуу насандаа хоёр ч дайнд оролцож явсан болохоор нь ахмад дайчин гэдэг байсан. Ер нь урлагийн хүн манай өвөө.

-Хөвгүүнтэй үерхдэг үү?

-Үерхдэг ээ.

-Үеийнхээ найзууддаа хандаж хэлэхэд …?

-Ирээдүйгээ бодоорой, өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна.

-Одоо нийгэмд хар бараан зүйлс их, өсвөр насны хүүхдүүдийн зарим нэг буруу хэрэглээ ээж аавуудын, томчуудын санааг зовоож байна?

-Нуулгүй хэлэхэд би тэр буруу зуршил гээд байгаа зүйлсийг хэрэглэж үзэж байсан. Сонирхол төдий л дөө. Урлагт хайртай найзуудаа, хүүхдүүдийг хэрэглэхгүй байхын эсрэг уриалахад бэлэн байна. Гэхдээ энэ бол хүүхдүүдээс болдоггүй, ар гэр аав ээжийн хайр халамж, нөхөрлөж байгаа хүүхдүүдээс нөлөөлдөг байхгүй юу. Жишээлбэл, би 11 настай байхдаа их гадуурхагддаг байсан, тэр үед учраа олохгүй утаат тамхи татаж үзэж байсан.


-Магадгүй зуршил болсон үе тэнгийхэндээ зориулж урам өгөөч гэвэл?

-Хайр халамжаар дутуу хүүхэд л ийм байдлаар өөрийгөө аргацаадаг. Ээж аавыгаа тамхинаас дор үзэх болсон гэх юм уу даа. Өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлээ олж хий, өөрийгөө завгүй байлга, өөрийгөө хамгийн гоё хамгийн гайхалтай нь гэдэгт өөртөө хүлээн зөвшөөр. Манай ээж аав хоёр намайг хамгийн мундаг нь л гэж үргэлж урам өгч, хайрлаж асааж бадрааж байдаг.

-Хар тамхи мансууруулах бодис гээч муухай зүйлийн эсрэг үейинхнээ уриалж чадах уу?

-Маш сайн чадна. Ялангуяа урлагт хайртай хүүхдүүдийг. Тиймдээ ч тамхи муу зуршлын эсрэг агуулгатай төсөл хэрэгжүүлэхээр санаачлаад байж байгаа нь энэ. 

-Чи уран бүтээлч болохоор яг эцсийн шийдвэрээ гаргасан уу, эсвэл өөр бодол байна уу?

-Би уран бүтээлч болохоор бол хатуу шийдсэн. Магадгүй би уран зургаар илүү өндөр амжилтад хүрч чадахгүй байж болох юм. Гэхдээ надад өөр чадварууд бий. Би хувцас хийдэг, хөгжим тоглодог, баримал ч барьж чадна.

-Тэгэхээр ЕБС-иа төгсөөд сурах чиглэлээ ер нь тодорхойлчихож тийм үү?

-Тийм ээ, би урлагийн чиглэлээрээ сурна. Гэхдээ гадагшаа явж сурна. Монголын дунд сургууль ч тэр, их сургууль ч тэр академик байдлаараа авьяасыг хүлчихэж байна гэж би боддог. Хатуу санагдаад байдаг юм. Уран бүтээлч, авьяаслаг хүүхдүүдийг бол чи ингэх ёстой тэгэх ёстой гэсэн хатуу даалгавартай. Тийм газар урлагийн хүн лав өсч хөгжихгүй шүү дээ. Ялангуяа хүүхдүүдийн хувьд ердийн төлбөргүй, улсын ЕБС-даа сураад өөрийнхөө урлагийн авьяас чадвараа олж нээгээд хөгжүүлээрэй гэх байна.

-Академик боловсрол гэхдээ хэрэгтэй байлгүй яахав?

-Тийм тийм,

-Одоо чи зуны амралтын хугацаанд юу хийж өөрийгөө хөгжүүлж байна вэ?

-“Томужин” академиийн “Summer Camp” хөтөлбөрт сурч байна. Багаар ажиллах чадварт суралцаж байна. Гэхдээ би өөрийнхөөрөө байхыгаа орхигдуулахгүй ээ.

-Бидний ярилцлага энэ хүрээд төгсч байна, чамд амжилт хүсье.

-Баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (3)

Joom
Joom
24 June 2024 23:58

сайн зураач болоорой

Сүрхий хүүхэд вэ

Penka
Penka
25 June 2024 09:57

Хар багаасаа юмийг шал өөр өнцөгөөс хараад, мэдэрчихсэн хэрсүү охин бэ? 

Сонирхолтой байлаа. Баярлалаа 

Уншигч
Уншигч
26 June 2024 20:09

Өвөрмөц охин байна. Сэтгүүлийн редакцид баярлалаа. Амжилт хүсье

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав