UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Т.Дүүрэнг уншигчидтайгаа уулзуулахаар шийдлээ. Эртнээс мэдэх “дээлийн хуучин” маань болохоор энэ хэгжүүн ч юм шиг, тэгсэн хэрнээ яг халдахаар зөөлөн халуун эрхэмтэй заавал нэг ярилцана даа гэж бодож явсан юм. Дүүрэн бол нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалын хүү. Тийм болохоор түүнийг хар багаас нь мэддэг юм. За, ингээд манай Дүүрэнгийн дүүрэн...дулаан ертөнцөөр аял.


-Олон жилийн өмнөх танил бизнесмен яагаад сураггүй болсон бэ.Дөнгөж төгсч ирээд MCS компанид ажиллаж байсан. Ер нь яагаад тэндээс явсан бэ. Асууя гэж бодож явсан юм.
-Сургууль төгсөөд 2000-2005 онуудад М-Си-Эс Группт ажилласан.М-Си-Эс компанийн эрчтэй, төлөвшсөн хамт олон дунд “чанагдаж” овоо юм сурч, туршлага олж авлаа.Одоо өөрийнхөө төлөө юм хийж үзэж, өөрийгөө сорьё гэж бодоод хамт ажиллаж байсан О.Амартүвшин найзтайгаа хамт М-Си-Эс-ээс гарч явсан юм.Хэн хэн нь амьдрал шинээр эхлүүлж, хүүхэдтэй болоод удаагүй байсан тул цалин мөнгө хүрэлцэхгүй, тэгээд л азаа сорьё, алдах юм байх биш гээд л зориг шулуудан өргөдлөө өгөөд гарсан.Уг нь тэр жил Амраа маань М-Си-Эс группийн шилдэг ажилтан болж, би СББ компанийн тэргүүний ажилтнаар шалгарч байлаа.Тэндээ үргэлжлүүлэн ажиллах карьер нээлттэй байсан ч хорьж болдоггүй хорин хэдэн нас гэдэг яах аргагүй галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе юм билээ.Хоёулаа тэртээ тэргүй 0 төгрөгөөс эхлэх юм чинь бүтэлгүйтвэл 0 төргөгтэйгөө л үлдэнэ гэж инээлдээд л шийдэж байсан.Ер нь бол эхлээд цалин орлогоо нэмүүлэх хүсэлт гаргаад захирлууд зөвшөөрөөгүй юм.

-MCS-ийн шинэ байрны нээлтийг сурвалжилж байснаа санаж байна. Англи дээр нэг шинэ залуу хөтөлж байсан нь та байсан. Ингэхэд ер нь та яг ямар мэргэжилтэй юм бэ?
-Би 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгсөж ирээд М-Си-Эс группийн нэг компанид орчуулагчаар орж байлаа.Тухайн үед олдсон орон тоо нь л тэр юм.Цалин ч боломжийн.90-ээд онд гадаадад маркетингаар төгсөнө гэдэг харьцангуй ховор байлаа.Хэсэг ажиллаж байтал манай захирал чи ер нь ямар мэргэжилтэй вэ гэж байна.Маркетинг гэсэн чинь, мэргэжлээрээ ажиллах уу, гэхдээ цалин чинь буурна шүү гэлээ.Тэгэхэд би ганц бие байсан, тэгээд ч 90-ээд оны бид чинь ганц гутал, ганц өмдтэй байхад л болгочихдог байсан болохоор зардал багатай байсан тул цалин хамаагүй ээ, мэргэжлээрээ ажиллая гэсэн юм.Баасандорж захирал маань Ж.Оджаргал захирал дээр намайг дагуулж очоод энэ их давгүй залуу байгаа юм шинээр байгуулагдаж байгаа маркетингийн албандаа аваач гэснээр би сурсан мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон юм.Би боломж л гарвал танилууддаа Ж.Оджаргал, Ж.Од захирал болон М-Си-Эс-ийн бусад захирлуудад их талархаж явдгаа хэлдэг.Тэдний удирдлаган дор өөрийгөө хөгжүүлэх их боломж олж авсан. Хувь тавилан гэдэг их эргэлзээтэй асуудал, гэхдээ л  тэр өдөр Бааска захирал намайг дагуулж очоогүй бол би ямар замаар явах байсан бол гэж унтахынхаа өмнө хааяа боддог юм. 

-UFC группыг анх байгуулалцсан уу. 
-Амраа маань Булганых, манай аав Төв аймгийнх.Тэгээд СББ компаниас явсан бид хоёр “Увс Хүнс” компанийг менежментийн зарчмаар худалдан авах санал тавихаар Улаангом хотод очсон юм.Увсад очихдоо халаасандаа 20-20 мянган төгрөгтэй л байлаа.Тохиролцоонд хүрч чадахгүй бол буцах зардал ч үгүй байсан юм.“Увс Хүнс” компанийн шинэ үеийн түүхийг найз нартайгаа хамт ингэж л эхлүүлж байлаа.2007 онд Улаанбаатар хотод үйлдвэрээ нээж улсын хэмжээнд үйл ажиллагаа өрнүүлэх болсоноор “United Foods Company” гэдэг нэрийг олонд таниулсан юм.

-Их хүчтэй гарч ирсэн групп одоо нэг л чимээгүй. Архины үйлдвэрлэлд нэлээн амжилттай явж байсан биз дээ?
-Анх М-Си-Эс группийн хэд хэдэн компанийн маркетингийг хариуцаж байсан ч тухайн үед удирдлагын зүгээс СББ компанийг илүүтэйгээр анхаарахаар шийдэж архи үйлдвэрлэлийн зах зээл дээр ажиллаж эхэлсэн юм.Энэ хугацаанд СББ-г хоёр ч удаа зах зээлд №1 болгох гол маркетингийг хэрэгжүүлсэн болохоор хүнсний, тэр дундаа архины салбарт туршлага их байсан.Суурь мэргэжил нь бизнесийн удирдлага, 4 жил Монголын №1 менежменттэй компанид ажиллахдаа онолын мэдлэгээ амьдрал дээр баталгаажуулж авсан залууст орон нутгийн компанийг босгоод ирэх үнэндээ бол асуудал биш байсан юм байна л даа, одоо бодоход.Анх архийг нь мэддэг болохоор “Увс Хүнс”-д хандаж очиж байсан ч очоод үйл ажиллагаатай нь нарийн танилцаад чацарганад их потенциал байсныг харсан юм.Эхний очсон өдрийнхөө орой нь л хоёулаа суугаад компанид үнэлгээ өгч байхдаа архи нь гайгүй юм чинь тэндээс олсон мөнгөө чацарганад хийчихвэл боломж маш их байгааг ярилцаж дунд болон хэтийн зорилгоо тодорхойлж байсан юм.Чацарганы салбарыг бол үнэхээр 0-оос нь шахуу босгож ирсэн дээ. 80-аад оны үед жилийн 500 тонны багтаамжтай байсан зах зээл 2005 онд жилдээ 5 хүрэхгүй тонн зарагддаг жижиг бизнес болсон байлаа. Жаахан анхаарчихвал 10-20 дахин нэмж болох зах зээл байна гэж харсан. Шөнө болтол ярьж суухдаа ойр зуур тооцоо хийгээд үзтэл зөвхөн чацарганы тосноос 3 жилийн хугацаанд 500 сая төгрөг ашиг олж болохыг тооцоод хагартлаа баярлаж, мөнгө олох чинь ийм амархан юм уу гээд л онгирцгоогоод. Гэтэл бид хоёр тооцоо алдаж 1 тэг илүү бичээд 50-ыг 500 болгочихоод баярлаад байсныгаа маргааш нь мэдээд царай барайж билээ.UFC групп одоо ч гэсэн Монголын тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг.Барилга, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж бизнесээ тэлж байгаа компани.Хүнсний салбарт үйл ажиллагааны эрч яах аргагүй буурсан.Тэгэхээр масс хэрэглэгч рүү хандсан маркетингийн өргөн үйл ажиллагаа буурсан гэдэг нь тодорхой.Чацарганы түүхий эд хязгаарлагдмал тул зарах гэж сурталчлаад байх шаардлагагүй.Архины салбарын хууль эрх зүйн орчин хэт хатуу болж бараг монополь шахуу шинжтэй болсон тул яах аргагүй өрсөлдөөн хумигдсан.

-Сүүлийн үед бизнесийн орчинд маань бодитой асуудал үүслээ гэж шинжээчид үзэж байна. Гадуур мөнгөний хомсдолд орж байгаа шинж илтэд мэдрэгдэж байх шиг. Гэтэл яг эдийн засгийн хямрал биш ээ. Улс төрийн хямрал шүү гэх дүгнэлт ч сонсогдох. Хөрөнгө оруулагчид гарч явсан, бүтээн байгуулалтууд зогсч, томоохон компаниуд цомхотгол хийж эхэллээ. Тэгвэл үүнийг яг юу болоод байна гэж ойлгох ёстой вэ?
-Гэнэт л бүхнийг мэддэг юм шиг бүх сэдвээр тайлбар хийх сонин л доо. Яахав, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт олон  жил ажиллаж хуримтлуулсан үзэл бодлоосоо хошуу нэмэрлэе. Эдийн засаг, улс төрийн орчин ярвигтай хэцүү байдалд орчихоод байгаа тухай бүгд л ярьж байна.Ямар ч байсан, энэ янзаараа бол болохоо байлаа гэдэг дээрээ санал нэгдээд байгаа нь чухал.Монголын эдийн засаг залуухан эдийн засаг.Хөгжиж байгаа жижиг эдийн засаг.Зөв толгойгоор зоригтойхон удирдаад явчихвал нэгдсэн тогтолцоонд ороход харьцангуй амархан.Нөгөө талаас, хөгжиж байгаа зах зээлд алдаа гарсан ч амархан уучлагдаж, амархан засч болдог.Гэтэл парламентын засаглал өөрөө их уян хатан биш засаглал. Ялангуяа холимог сонгуулийн тогтолцоо бүр ч их зөрчил үүсгэдэг. Энэ нь өөрөө гадны нөлөөнд автах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Тэгэхээр таны эхний эргэцүүлэлд би энэ бол улс төр, эдийн засаг, нийгмийн холимог хямрал гэж байр сууриа илэрхийлэх байна.Ийм холимог, олон сэдвийг хамарсан асуудлуудыг ерөнхийд нь ангилж багцлаад задалж үзэх хэрэгтэй болно.Зах зээл талаасаа харвал бүх зах зээл хумигдаад сандрал үүссэн байна.Байгаа алдаа, дутагдлаа илрүүлж, зөв эрэмбэлж шийдэх нь чухал.Төр засаг эхнээс нь шийдээд ч, өөрчлөөд ч явж байна гэж ерөнхийд нь дүгнэж болно.Гэхдээ удаан байна.Манайд далд эдийн засаг их том байгаа шүү дээ.Хяналтгүй мөнгө өндөр хувь эзлээд байхаар авах хэмжээнүүдийн үр дүн ч удаан гарна.Авилга, далд эдийн засаг том байгааг бүгд л мэдээд байдаг, яг шийдвэр гаргах болохоор нэг тийш туйлширсан хувийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэрүүд их гардаг.Шийдэх нь удаан, үр дүн нь удаан гэхээр зовлон бүр л сунжираад байна.Энэ хүндрэлүүд ялангуяа үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдэд нэлээн дээрээс л мэдэгдэж байсан.Угаасаа манайд том үйлдвэр гэж байх биш.Хэлээд яриад хүлээж авах нь цөөхөн.Сүүлийн хэдэн жил уул уурхай эрчимтэй хөгжих үед жижиг дунд үйлдвэрийг үл тоомсорлох байдал газар авсан л даа.Би ч гэсэн тэр нь зөв байх гэж нэг хэсэг бодож явсан.Гэвч сүүлийн үед арай өөр өнцгөөс нэг харъя гээд өөрийнхөө үнэмшлийг үгүйсгээд байгаа юм.Хөрөнгө оруулалтын багц гэдэг их чухал ойлголт.Зөвхөн нэг хоёр орлогын эх үүсвэрт найдах бус хэд хэдэн чиглэлд хөрөнгө оруулалт хийж эрсдлээ бууруулах оновчтой хувилбарыг сонгоно гэсэн үг.Нэг том мөнгөний тээрэм эргэлдэж байгаад гэнэтийн нөлөөнд автаж хазайхад тэрхүү тээрмийг тулаад түшээд өгөх тулгуур багана байх хэрэгтэй.Аливаа эдийн засагт тийм багана нь жижиг дунд үйлдвэр байдаг юм байна гэж найз нөхөддөө нотлох гэж улайрдаг болсон.Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг гаргуунд нь хаясан нь их том алдаа байжээ гэж бодож байна.Дүйцүүлбэл, түрийвчээ гээчихвэл оймсноосоо жоорны мөнгөө гаргаад ирчих бяцхан зальтай байх ёстой гэх юм уу даа.Жаахан анхаарсан бол экспортыг нь ч хөгжүүлж болох байсан үйлдвэрлэлүүд зөндөө бий.Миний лав сайн мэдэх хамгийн захын жишээ бол архи.Шведийн Абсолют, Финляндын Финландиа, Солонгосын Жинро гэдэг шиг.Манайхан архины салбарт дэндүү хатуу хандаад утгагүйн зэрэглэлд авааччихсан.

Архи онцлог бүтээгдэхүүн. Яалт ч үгүй өргөн хэрэглээний бараатай төстэй хэрэглээтэй бүтээгдэхүүн.Хориглоод шийдчихэж болдог байсан бол 30-аад онд Америк, 80-аад онд Орос архийг байхгүй болгочихож болох байсан.Тэгэхээр бид эрүүл логикоор хандах хэрэгтэй юм. Хяналтын механизм нь  сул байхад хатуу бодлого хэрэгжүүлэх гэж оролдох нь сөрөг үр дагавартай. Архины татварын орлого буурсан ч архины хэрэглээ тэгтэлээ буураагүй.Хууль бус, хуурамч архи газар авч байна гэсэн үг.Архины зах зээл бараг л нэг компаниас хамаарсан монополь шахуу болсон үед нэрээ цэвэр байлгахын тулд хуурамч архийг хүчээр нуун дарагдуулж байна.Таны хэлдэгчлэн, сэтгүүлч нар хаалтын гэрээндээ баригдаад тас нуудаг.Энэ завхрал удахгүй дахиад нэг Азийн Чоно шиг хэргээр дуусах нь гарцаагүй.Асуудал хорихдоо биш хяналтаа сайжруулахад байгаа юм.Энэ нь хүнсний бүх салбарт хамаарна.Өнөөдөр бид ямар хүнс хэрэглэж байгаагаа тэр бүр мэддэггүй.Олигтой нэг лаборатори байхгүй шүү дээ.Энийг хэрэгжүүлэх уг нь амархан.Нэг хэсэг өрсөлдөөн хүчтэй байхад монголын архинууд чанарын өндөр түвшинд очсон.Нийгмийн хариуцлага, чанарын хяналт, татвар төлөлт сайн байсан.Архины экспортыг жааханд дэмжээд өгсөн бол дэлхий гэдэг асар том зах зээл дээр хоорондоо булаацалдаад байх юм байхгүй.Гэтэл санхүүгийн орчинг нь тааламжгүй байлгасаар байгаад одоо эргээд бараг монополь шинжтэй зах зээл болчихлоо.Монополь, олигополь урт хугацаандаа сөрөг үр дагавартай гэдгийг ойрын 100 жилдээ цээжлэх ёстой дүрэм шүү.

Яг энэ нөхцөл тамхин дээр илэрч байна.Тамхи татах цэгийг зөв хязгаарлаж болно.Зарахыг хориглоно гэдэг нь эргээд л далд эдийн засаг, хуурамч бүтээгдэхүүн.Дурын газраас, гар дээрээс тамхи авч болно гэдгийг хүн бүр л мэдэж байгаа.Би татдаггүй мөртлөө мэдэж байна.Гэхдээ ийм нуусан хаасан нөхцөлд хяналт ч байхгүй, татвар ч байхгүй.Гэтэл үүнээс илүү хор нөлөөтэй эмийн салбар байна.Архи тамхийг хүн болгон хэрэглэхгүй.Харин эмийг хүн болгон хэрэглэнэ.Гэтэл энд хяналт нь ч сул, хориг хаалт ч байдаггүй, эрээ цээргүй тархи угаалга өрнүүлж байдаг.Энэ бүхэн асуудлын голыг зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм.Архи ярих гэсэндээ биш өөрийнхөө мэддэг жишээн дээр үндэслэж нэг өнцгөөс нь харсан гаргалгаа хийлээ шүү.Хүн ер нь мэддэг юмаа ярьж, мэддэггүй зүйлээ эргэцүүлж байх нь дээр байх.Хүн өөрийгөө таньсанаар бусдыг танина, бусдыг таньсанаар өөрийгөө таньж чадна гэж би боддог.

-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг Засгийн газраас зарлаад явж байна. Эндээс ямар үр дүн ирэх юм бол?
-Нэг оршил ярья.1990 онд Орост амьдарч байхад эдийн засгийг хөгжүүлэх “500 хоног” гэж хөтөлбөр гэж гараад шуугиулж байлаа.А4 хэмжээтэй 4 хуудас нугалбар газар сайгүй хөглөрч, сургуулийн хүүхдүүдэд хүртэл тарааж байсан юм.Уншихад их сонин, гоё, шинэ.Төрөөс гарах шийдвэр болгоныг өдөр өдрөөр нь биччихсэн.Нэг талаас, картын бараанд очерлож социалист тогтолцооны хямралд нухлагдсан байсан ард түмнийг сэргээсэн, өдөөсөн, “тархины талх” нь болж байж.Нөгөө талаас, хэдийгээр тэр хөтөлбөр 500 амархан хэрэгжээгүй ч онолын маш том шилжилтийн суурь байсан.Онол гэж их чухал зүйл.Онолчид гэж их чухал улс.Аливаа асуудлыг даван гарахын тулд эрүүл логик хэрэгтэй, үндсэн онолуудаа л дагах хэрэгтэй.Манайд тулгараад байгаа энэ нөхцлийг хэн нэг нь их бага хэмжээгээр туулсан л байгаа.Янз бүрийн шийдлийг хэрэгжүүлж үзсэн байгаа. Жишээ нь,  компанид асуудал тулгарахад эргээд сурах бичгээ эргүүлж харах хэрэг гардаг. Яг одооны манай зах зээл хэдийгээр холимог шинж чанартай ч үндсэндээ хэрэглэгч төвтэй зах зээлийн үе шат дээрээ явж байна.Хөгжиж буй зах зээл, хэрэглэгчид нь “энгийн” талдаа хэрэглэгч.Тийм болохоор зан үйлийн хувьд ч илрэх үйлдлүүд нь урьдчилан таамаглаж болохуйц.Тэгэхээр тухайн нөхцөл байдалд таарсан зарчмын алхмууд нь ямар байх ёстой юм тэрийгээ л үндсэн шугам болгоод бариад авахад зөв гольдиролдоо ордог.Улс орон ч гэсэн үүнтэй адил зарчимтай юм шиг санагдаад байгаа юм.Мэдээж хэрэг улс төрийн томоохон шийдвэрүүд гарна.Аль нэг нам, хувь хүн гаргах шийдвэртээ бооцоо тавьж өөрийгөө золиослоход хүрж ч магад.Ямар ч байсан хөтөлбөрт суурилсан төлөвлөлт хийгдэж байгаа юм байна.Болхи хөдөлгөөнтэй засагла-лын тогтолцооны улс төрийн уян хатан байдлыг сайжруулахад энэ нь ч зөв шугам байх.100 хоногийн дараа дараагийн хөтөлбөрүүд эрэмбэлэгдэн тодорхойлогдож зарлагдана гэж ойл-гож байгаа.Маркетинг Пиарын үүднээс нэмэрлэх санал гэвэл хөтөлбөрийн боловсруулалт хэрэгжилтээ олон нийт-тэй сайн харилцаж хийх хэрэгтэй болов уу.Оросын 500 хоног хөтөлбөрийн тухай ч энийг л онцлох гэж дурьдсан юм.Харилц гэдэг нь хүн болгонтой ярилц гэсэн үг биш.Шулуухан хэлэхэд зөв гэж шийдсэн сонголтоо хүлээн зөвшөөрүүлж олон нийтийн тархийг “угааж”, нийгмийн сэтгэлзүйг нь чиглүүлээд өг гэсэн үг.Дугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэж.Тэгвэл хэрэгжүүлэхэд ч амар, дараа нь хамтдаа алдаагаа ярилцаад суухад ч хялбар.Төлөвлөгөө гэдэг бол дагаж мөрдөх ёстой ажлын жагсаалт биш, харин хийгдэх ажлаа хянаж дүгнэлт гаргах хэрэгсэл.Энэ их чухал ухагдахуун.“Төлөвлөгөө бол юу ч биш, төлөвлөлт бол бүх юм” гэж Эйзенхауэр хэлсэн байдаг.

Өөрсдөдөө итгэх итгэлээ алдаж, сандарч балмагдсан, шилжилтийн үеийн зовлон резин шиг сунасаар хэт удаан сунжирсан бидний амьдралд шинэ гараа хэрэгтэй.Мэдээж хугацаа орно.Энэ яваа насандаа Монгол улс Япон шиг ч юмуу болохыг үзэхгүй гэж шаналж явсан үе бий.Гэтэл нэг хүний насанд багтаж нийт улс орон хөгжлийн оргилд хүрч болдог жишээ Сингапур, Өмнөд Солонгос гээд байна шүү дээ.

-Манайд улс төрийн савалгаа бусад салбаруудаа татаж унагадаг жишиг тогтсон.Одоо бүх болж бү-тэхгүйгээ банк руу чихэх хандлага ч ажиглагдаж эхэлж байна.Энэ талаар та юу гэж бодож байна.
-Сэтгүүлч нар, тэр дотроо ялангуяа та, хүний амнаас үг гаргуулахдаа гаргуун.Нэг мэдэхэд л би бүхнийг мэддэг юм шиг л коммент хийчихсэн суух юм. (инээв) Монголчууд бид ч дэвэн дэлхийн сэдвээр ярихдаа сайн.Манай банкууд бол олигополь тогтолцооны тод жишээний нэг.Бензины компаниуд, үүрэн телефоны операторууд, банкууд.Өрсөлдөөний тухай хичээл дээр олигополь болоод монополь зах зээлийн эерэг ба сөрөг талууд гэсэн сэдвээр эссе бичиж байснаа би санадаг юм.Тухайн үед сурах бичгээс үзсэнийхээ дагуу эссенийхээ төгсгөлд олигополь нь урт хугацаандаа сөрөг үр дүнг бий болгодог гэж дүгнэлт хийж байсан юм.Гэвч би дотроо Монгол шиг жижиг зах зээлд олигополь хамгийн зөв хувилбар гэж бодож байлаа.Үндэсний хөрөнгөнүүд бий болоод зах зээлийг чиглүүлнэ гэж итгэж байлаа.

-Гэтэл?
-Гэтэл тэр нь угаасаа л манай олигопольчдын тархи угаалт байсын байна гэж одоо боддог юм.Банкууд ашгийнхаа түвшинг өндөр байлгах гэж хэлэлцэж тохиролцсон үйл ажиллагаа явуулж, элдэв лобби хийж өрсөлдөөнийг боомилсноор өнөөдөр санхүүгийн орчин хүндэрч, жижиг дунд үйлдвэрүүд гаргуундаа хаягдах нэг хүчин зүйл болсон гэж бодож байна.Эргээд тэр нь өөрсдөд нь гай болж төлбөрийн чадвартай компаниуд багасч байна.Тэгэхээр олигополь бүлэглэл урт хугацаандаа яалт ч үгүй нийт эдийн засагт сөрөг үр дагавартай юм байна гэж бодох болсон.

-Танай  UFC групп Булган аймаг дахь сахарын рашааныг хувьчилж авсан дуулдсан. Тэр рашааныг судал-сан япончууд савлаж болохгүй, газар дээр нь хэрэглэх илүү үр дүнтэй гэж дүгнэлт гаргасан гэж үнэн үү?
-Ер нь аливаа рашаан, ус, жүүсийг савлахын тулд удаан хадгалах боловс-руулалтанд оруулж байгалийн болон байгалийн бус нэмэлтүүд хийх хэрэгтэй болдог.

Тэгэхээр анхны чанар гээгдэнэ гэсэн үг.Тийм ч учраас газар дээр нь очоод хэрэглэх нь сайн байх нь мэдээж.Нөгөө талаас арилжааны зориулалтаар их хэмжээгээр савлаж үйлдвэрлэнэ гэдэг эргээд тэр нутгийнхаа байгаль экологид ямар үр нөлөөтэй байхыг урьдчилан тооцох хэцүү. Тиймээс нийгмийн ха-риуцлагатай байж ирээдүй хойчоо бодож уламжлалт аргаараа сайхан очиж амраад тэнд нь ууж  биеээ сэргээх нь дээр биз дээ? Монголчууд эртнээс л байгаль дэлхийтэйгээ дотно харьцаж эрч хүчээ сэлбэж, ухаан санаагаа тэ-нийлгэдэг байсан уламжлалтай.Энэ бол нүүдэлчин бидний онцлог, хатуу хэлхээ холбоос.Байгаль дэлхий, нүүдэлчин соёлоосоо тасраад ирвэл бид Монгол хүн биш болно.Шинжлэх ухаан, үзэл суртал моодонд орж байсан соц ний-гэмд ч аав ээж нар амралт, рашаанд явна гээд л сүйд болдог байсан биз дээ.Энд сэдвээ жаахан тэлээд ярихад, одоо эргэн тойронд баахан л эрүүл хоол, БАД, нэмэлтүүд гадаадаас өндөр үнээр авч хэрэглэж тэрийгээ гайхуулах болж.Тэр буруу биш л дээ.Гэхдээ манай сайхан нутагт маань зөндөө сайхан байгалийн бэлэн ургамал ногоо хэрэглэх уламжлал байгаа шүү дээ.Боломжтой үедээ монгол өвс ногоогоо хуучин шигээ хэрэглэж байгаа ч гэж хэлмээр байдаг юм.Таван салаа, халгай, сөд, нохойн хошуу, аньс, чацаргана зэрэггүйгээр бидний бага насыг төсөөлхөд бэрх.Нэг сонин хатаасан хятад улаан жимс цайнд хийж уугаад энэ их сайн гээд л гайхуулах юм. Нохойн хошуу тэрнээс юугаараа дутдаг юм! 

Энд хүнсний нэмэлтийн талаар бас ярихгүй бол болохгүй.Бүх хүнс, ундаа, архи нэмэлттэй байдаг.Нэмэлт нь байгалийн (natural), дууриамал (nature identical), хиймэл (synthetic) гэж байдаг.Байгалийн нэмэлтийг ургамал, жимс, ногооноос гаргаж авдаг.Дуриамал бодис гэж байгалийн гаралтай бодисыг химийн аргаар дууриалган бий болгосныг хэлнэ.Харин хиймэл буюу синтетик гэдэг нь байгаль дээр бие дааж оршдоггүй бодисыг химийн аргаар хиймлээр гаргаж авсан бодис.Манайд эдгээрийг нарийн ялгаж хянадаггүй.Салбарт нь ажиллаж байгаагийн хувьд лав миний мэдэхээр архины амт үнэрийг зөөллөх синтетик нэмэлт их хийдэг.Харин UFC үүний эсрэг байр суурьтай байдаг. Бид Оросын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Академийн Хүнсний Технологийн хэлтэстэй хамтарч ( http://www.vniipbt.ru/ ) SBT буюу Супер Био Технологийг нэвтрүүлж зөвхөн байгалийн гаралтай нэмэлтийг “Гэрэгэ” архиндаа нэмдэг. Синтетик нэмэлттэй архитай өрсөлдөх хэцүү.Гэхдээ синтетик гэдэг чинь хэдэн мянган жил хүний элэг бөөр огт шүүж үзээгүй химийн бодис юм шүү гэдгийг хэрэглэгчид ойлгоод ялгаж салгадаг байх ёстой.Ингээд яриахаар архи сурталчиллаа гэх байх.Гэхдээ энийг ойлгуулах нь чухал.Архи бол хэрэглээ.Азийн Чоно шиг гамшиг дахиж давтагдахгүй байхын тулд хариуцлагатай үйлдвэрүүд архийг хяналттай хийх ёстой.Манай “Гэрэгэ” бол байгалийн нэмэлттэй анхны бөгөөд одоохондоо цорын ганц архи.Оросын Хүнс Хөдөө Аж Ахуйн Академийн Ерөнхий Технологич, Доктор С.С.Морозовагийн удирдлага дор нэвтрүүлсэн технологи.Тиймээс дараачийн удаа та ерөөл хэлж хундага тулгахдаа энэ синтетик нэмэлттэй юу үгүй юу гэдгийг нэг анзаараад амстугай, биширтүгэй. (инээв) Нээрээ мэдээд авахад гэмгүй мэдээлэл байгаа биз дээ.

-Хэрэгтэй мэдээлэл байна. Өөр ямар салбарт танайх үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Барилга, уул уурхай, архи, чацаргана, рашаан амралтын газар, удахгүй хоёр ресторан нээнэ.

-Өө, тийм үү.Амжилт хүсье.
-Баярлалаа. Манай бусад үйл ажиллагааны талаар UFC группын ерөнхий захирал О.Амартүвшингээс асууж ярилцвал ихийг хэлнэ дээ.

-Та бол нэртэй яруу найрагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын хүү. Уран бүтээлчийн гэрт өнгөрөөсөн бага насны тань тухай үнэндээ бас сонирхмоор л байна.
-Урлагтай ойрхон өссөн нь маркетин-гийн мэргэжлийг сонгоход их нөлөөлсөн гэж боддог.Жаахан хуучирсан өрөөсгөл томьёоллоор маркетинг бол байхгүй хэрэгцээг зохиомлоор бий болгож байгаа заль гэдэг.Ижил төстэй бүтээгдэхүүнийг энэ нь илүү гоё гэж сонгуулахын тулд уянгын халилтай, уран бүтээлчээр л хандах ёстой болно биз дээ.Аливаа урлаг, уран зохиол нийгмээс урд түрүүлж явж нийгмийн сэтгэлзүйг чиглүүлж, бүрдүүлж байх ёстой гэж би итгэдэг.Урлагт амьдралаа зориулна гэдэг асар их золиос.Арилжааны бүтээл, урлагийн бүтээлийг тэнцвэртэй хослуулна гэдэг их тэвчээр шаарддаг.Урлаг их нарийн мэдрэмж, хошин шогтой төстэй бас хөгжүүлэх ёстой ухаан.Урлагийнхан олон ааштай, эмзэг, уяхан байх нь олонтаа.Бас хэнэггүй, хэрцгий, харгис байх нь ч элбэг.Нэг тийм зан авирын туйлшрагчид гэх юм уу даа.Заавал тэр эцэст нь хүрч байж таашаал авдаг гажиг гэвэл арай хэтрүүлсэн болчих уу? (инээв) Ийм хүмүүс байнга бөөндөө цуглаж шуугилдаж явахад нь дунд нь байж өссөн болохоор урлагийнхныг ойлгож дагаж уярч явдаг.Төрийн шагналтнууд, ардын жүжигчид, нөлөө бүхий соён гэгээрүүлэгчдийн ид гайхуулж бардамнаж явах үед би аавыгаа дагаад дунд нь орж үг сонсож явсан нь сайхан.Аль ч томоохон урлагийн зүтгэлтэнтэй уулзаад би Загдын Түмэнжаргалын хүү гэхээр дүү шигээ, хүү шигээ ханддаг болохоор би ааваараа бахархдаг.Ирээдүйд миний хүүхдүүдэд ч гэсэн сайн хүний хүүхэд юм гэж хандах тийм л амьдралаар амьдрахыг хүсдэг.

-Таны аавын дуунууд байнга л эгшиглэж байдаг. Оюуны өмчийн хувьд танд ямар нэгэн өв бий юу?
-Монгол Улсын хуулийн дагуу аливаа уран бүтээлийн зохиогчийн эрхийг өвлөх эрх нь 50 жилийн турш үр хүүхдэд нь хадгалагдаж байдаг.Тэр утгаараа 3 хүүхдэд нь энэ эрх нь бий гэсэн үг.Аавын маань дуу одоо ч гэсэн олон хүнийг уярааж, ухааруулж байдаг нь бахархах сэтгэл төрүүлдэг юм.Бүтээлүүдийг нь тоочоод баршгүй л дээ. Сургууль төгсөх үеэр жил болгон оюутан сурагчид хаа нэгтээ “Уяхан цэнхэр хавар”, “Салаа хархан гэзгэн дээр чинь” гээд дуулахад би саатаж сонсдог юм. Хүүхдийн баяраар “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр” гээд дуунууд заавал хангинана. Тэр үед би хүүхдүүддээ та нар ийм мундаг өвөөгийн удам юм шүү гэж хэлэх дуртай.Харин хэн нэг нь арилжааны зорилгоор ашиглах бол урьдчилан зөвшөөрөл авах ухамсартай байх ёстойг сануулдаг.

-Аавынхаа уран бүтээлээс хамгийн дуртай нь?
-Мэдээж зөндөө олон. Их олон бүтээлээ албаар бүр хүүхдүүддээ ухаарал хайрлахуйцаар бичдэг байсан юм. Яг нэг өөрийгөө ойлгохгүй явах үед минь аав “Дууны хорвоо” гэдэг дуундаа:

“Идэр омголон насны өнгөөр
Эрдэж бардаж яваагүй л билүү?
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л билүү?“
 гээд биччихсэн байсан нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэгээд “Миний хувьд энэ таны топ дуу” гэсэн чинь аав “Ямар сонин юм, хүн болгон л “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ”-г л агуу гэдэг, чамд л тэгэж санагдсан юм байлгүй” гэж билээ. Миний нэрийг дуундаа бас их хавчуулна аа. Жишээ нь 

“Дүүжүү алсаас ирээд 
Дүүрэн амьсгаа авахад”
 гэдэг дууг намайг тропикийн Энэтхэгт сургууль төгсөж ирээд Монголын агаар сайхан шүү гэж ярьж байсныг тусгаж бичсэн. Нэг талаасаа цээж дүүрэн амьсгаа гээд байгаа юм шиг нөгөө талаасаа Дүүрэн, би амьсгаа аваад байгаа биз дээ? Гоё байгаа биз?

“Эрдмийг сураад буцна гэхээр
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
” бас яг тийм. Ийм жишээ их бий, та бүр гайхна.

“Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмын тэнгэр дор
Эв найрамдал дүүрэн, дүүрэн
Инээд баясал тодхон, тодхон
Бөөн баяр аа
Бөөн баяр аа”


Ийм дуунуудыг хэн нэг нь хаа нэгтээ дуулах бүрт тэр эерэг энерги нь над дээр ирнэ шүү дээ. (инээв)

-Нээрээ ямар сонин юм бэ. Тийм байна шүү. Урьд нь анзаараагүй юм байна. Аавтайгаа хамгийн сүүлд уулзсан уулзалтаа дурсвал.
-Парист багшилж байсан шүү дээ.Амралтаараа нутагтаа нэг ирэхэд нь хамт сууж хүйтэн пиво уугаад хэрэгтэй хэрэггүй бүх л сэдвээр ярьж билээ. Ха-рин дараа нь 2012 оны цагаан сарын өмнө Парист байхад нь би нэлээд хал-чихсан утсаар яриад: “Та намайг анх энэтхэгт сургуульд явахад 200$ өгөөд, тэгэхэд нь би анх удаа капиталист орон руу явж байж энэ 200$-оор би яаж амьдрахын гэхэд та Бүргэд ангаахайгаа нисгэж сургахын тулд өндөр хавцлаас түлхчихдэг юм. Нисээд гараад ирвэл бүргэд болно гарч ирж чадахгүй бол тэр угаасаа бүргэд болохгүй байсан гэсэн үг.Би чамайг хавцлаас түлхчихлээ л гэж бод гэж байсан.Би тэгэхэд их уурлаж гомдож байсан.Одоо харин би тэр үгний чухлыг их сайн ойлгож байгаа.Би хүүхдээ насанд хүрэхээр нь бас яг тэгж хэлнэ” гэсэн юм. Тэгэхэд аав маань “Би харин чамайг хэзээ ингэж хэлэх бол доо гэж хүлээж байсан юм “ гээд их баярлаж билээ.

-Яагаад гэнэтхэн одсоныг нь гайхаж баршгүй санагддаг. Танд ямар нэгэн гомдол, хардлага байдаг уу?
-Нэлээд олон жил улс төртэй ойрхон ажилласан болохоор нь олон хүн ингэж асуудаг.Балжирын Догмид ахаас авахуулаад их олон хүн их бухимдалтай байсан.Б.Шарав ах яг нэг сонин эргэлзсэн үед их зөөлөн аргадаж өгсөн.Юу ярьсныг нь санадаггүй юм.Яагаад ч юм нэг л уужирчихаж билээ.Би аавынхаа занг мэднэ л дээ.Үг хэлэх боломж гарсан бол “Сэтгэл санаагаа уужруулаад тайван амьдар.Тэр чинь л зөв” гэж хэлэх байсан биз.

-“Ус мөрөн нь олон чиг” дууг нь С.Баярцогт гишүүн 20 жилээр хамтран өмчлөх гэрээ байгуулж байл уу.Эсвэл би буруу ойлгосон уу?
-Нэгэн сонгуулийн үеэр С.Баярцогт гишүүн зохиогчийн эрхэд нь багагүй үнэ төлж хамтран ажиллаж байсан.Ц.Чинзориг ах аав хоёр яг энэ дууг хамт суугаад зохиож байсныг би их тод санадаг.Х.Билигжаргал ах А.Долгор гуайд зориулж аавтай хамт “Цахилж яваа гөрөөс” киноны дууг зохиогоод уйлаад дуулж байхад нь би бас аавтай хамт байж байсан юм байна.Т.Галмандах ах бас.Зөндөө их гоё сонин түүх байдаг юм байна аа.

-Та өөрийнхөө гэр бүлийг танилцуулж болох уу?
-Би эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг.

-Өөрийг тань твиттерт идэвхтэй жиргэдгийг мэднэ. Гэхдээ яагаад дандаа онигоо жиргэдэг юм бэ.
-Онигооноос өөр юм бичихээр л уур хүрэх гээд байдаг юм. Наргиа шүү. Твиттерээр мэдээ, мэдээлэл их авдаг. Нэгэнт бүх сэдэв дээр коммент бичих мэдлэг надад  байхгүй юм чинь хариуд нь би хүмүүст уншсан, сонссон, сонин содон онигоогоо бичиж өгдөг. Бухимдсан, яарсан, эсвэл хүн хүлээх зуураа шинэ онигоо уншиж эерэг цэнэг аваасай гэж боддог юм.Хүнд сайн сайхныг хүсч явбал тэр нь эргээд над дээр эерэгээр л тусна гэж итгэдэг.

-Танд Төрд ажиллах бодол байхгүй юу?
-Миний туршлага хэрэг болохуйц салбарт хэрэг нь гарвал иргэний хувьд чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулах гэж л мэрийнэ. Жишээ нь, хүнсний аюулгүй байдал, хүнсний бие даасан лаборатори гэх зэрэг миний илүүтэйгээр мэдэх салбар. Төрийн алба гэхээр л улс төр болж хувирчих гээд байдаг. Улс төр их бохир. Мэдлэг чадвартай олон залуус дутуу үнэлэгдэж төрийн албанаас гарч байгаа нь харамсалтай санагддаг.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав