Албан ёсоор сон­гог­доод ир­сэн мээр нь бай­на, захирагч нь байна. Ерөнхий­лөгч шууд томил­дог.
Улаанбаатар хотын 371 жилийн ойн энэ өдөр  манай “Ярилцъя” булангийн зочноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр уригдаж байна. Үргэлж ажил хэргийн ертөнцөд алхалж явдаг мээр  маань энэ удаа энгийн, хувь хүнийхээ үүднээс манай сэтгүүлчтэй ярилцжээ.  Түүний энэ төрх ч  уншигч танд таалагдах байх.  

-Саяхан таныг сургуу­лийнхаа ойд яваад ирсэн гэж дуулсан. Уралын Поли­техникийн дээд сургуулийн хэдэн жилийн ой болж бай­гаа юм бэ. Монголоос олон төгсөгч байдаг биз дээ?

-Манай сургуулийн 90 жилийн ой болж байна. Мон­голын анхны төг­сөгчид нь 1967 онд төгссөн байдаг юм. Энэ хугацаанд манайхаас нийт 2000 хүн төгссөн гэсэн тоо байна. Тэдний­хээ төлөөлөл болгож 14 хүнийг урь­сан. Тэр дотор 60-аад оны төлөөлөл ч байлаа, дунд үеийнхнээс, бүр сүүлийн үеийн төлөөллөөс ч багтсан байна.  

-Орон орноос зочид очсон байх. Харин тэр төгсөгчид дунд хотын мээр хүн байх юм уу?

-Хотын мээр байна аа. 

-Хаанахын, ямар нөхөр байна?

-Свердловскийн одоогийн мээр байна. Олон хүндтэй зочид ирсэн бай­на. Тэдний дот­роос хамгийн сонир­холтой зоч­дын нэг нь Ельцин Борис Нико­лаевичийн гэргий нь байлаа. 

-Ельцин өөрөө танай сургуу­лийг төгссөн биз дээ? 

-Ельцин манай төгсөгч. Гэргий нь бас манай сургуу­лийг төгссөн юм байна. 1955 оны  төгсөгч гэсэн байх. Хүн­дэт­гэлийн хурал дээр бид Б.Н.Ельциний ангийнхантай нэг эгнээнд сууж таарсан. Нэг мэдэхэд бидний дунд Борис Николаевичийн тухай халуун дотно яриа, сэтгэлийн сайхан дурсамжууд өрнөсөн байсан.  Яг тэр үед гэргийг нь индэр дээр урьж үг хэлүүлж байна лээ. Тэд гэргийг нь 80 гарч бай­гаа гэж ярьж байсан боловч ха­рахад 60 гарч байгаа болов уу гэмээр л харагдсан. Хүчир­хэг, их эрч хүчтэй хүн байна лээ. 

-Монголоос уригдсан төлөө­лөгчдийн дотор хэн хэн явав?

-Манайхаас УИХ-ын ги­шүүн З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэн, 60-аад оны төгсөгчдөөс Хан-Уул дүүр­гийн намын даргаар ажиллаж байсан Мянганбаяр, мөн одоо “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж бай­гаа  Кадырбек гэдэг залуу зэрэг  нийт 14 төгсөгч очсон.  

-Хуучин багш нараас тань байна уу?

-Яг байж байна аа. Намайг сурч байхад тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан багш маань байж байна, мэргэжлийн хичээлүүд орж байсан багш нарын зарим нь байж байна, Зарим багш нар маань бас гадагшаа Ка­над, Америк руу амьдралын эрхээр гарцгаасан байна. Зарим нь  ертөн­цийн мөнх бусыг үзүүлсэн байна. Сур­гууль маань сайхан  байна. Бидний оюутан байх үеийн бүх материа­лыг бэлтгэчихсэн байсан нь хамгийн сонирхолтой санагдсан. Жишээ нь, намайг гэхэд 1989 оны зургадугаар сарын 18-нд та үйлдвэрийн халаалт ду­лаан хангамжийн сэдвээр Н.В.Ско­робогатова багш дээр дипломоо ийм дүнтэй хамгаалжээ гээд гар бичмэ­лийг нь  гаргаад үзүүлж байх жишээ­тэй. Тийм дурсам­жууд руугаа бүгд л уулга алдаад дайрч байгаа юм даа. Ми­нийх байна уу, чинийх энэ байна. Ми­ний дүн ямар байна гээд л үнэхээр сай­хан байсан. Бүхэл бүтэн 21 жи­лийн дараа очиход ху­вийн хэргийг маань он оноор нь гаргаад  үзүүлж  бай­на. Биднийг сурч байхад бичиг хэр­гийн ажлыг хийж  байсан багш маань гэхэд яг хэвээрээ байж байгаа юм. Ямар ч өөрчлөлтгүй. Тэгээд л нөгөө сур­сан зангаараа хэн нь, хаанаас ир­сэн, хаана хаана ямар ажил хийж байгааг нь асууж лавлан, нэг бүрчлэн гараараа бичээд авч байх жишээтэй. Манай сургууль бол том сур­гууль шүү дээ. Сая Ерөнхийлөгчийнх нь шийдвэр гараад Уралын холбооны их сургууль болгон нэгтгэсэн байна. Өмнөө маш том зорилго тавьж байгаа юм байна. Ойрын жилүүдэд дэлхийн шилдэг 500 их сургуулийн тоонд орно гэж.

-Тэгвэл та ч оюутан ахуйн гоё дурсам­жуудаараа эргэж очоод, гоё сэтгэгдэлтэй, гоё энергитэй яваа юм байна даа?

-Мэдээж. Оюутан ахуйн дурсам­жууд бол хамгийн нандин дурсамжууд шүү дээ. 

 -Москва шинэ мээрээ тосон авч байна. Экс захирагч Ю.Лужков бол дэлхийн хамгийн алдартай мээрүүдийн нэг.  Энэ үйл явд­лын эргэн тойронд олон мэ­дээл­лүүд гарч байгаа. Собя­ниныг та хэр мэдэх вэ? 

-Хуучин дарга Лужков манайд айл­чилж байсан. Би ч бас хотын дарга болсныхоо дараа анхны айлчлалаа Моск­вад хийсэн. Бидний ярьж байсан то­дор­хой хамтын ажиллагаанууд бай­сан. Энэ хүрээндээ нэг том ажил хийе гэсэн эрмэлзэл байсан.  Ер нь бол ма­найд хоёр том ажил хийчи­хээд бай­гаа ш дээ. Манай инжене­рүүд өөрсдөө тролейбус угсарч байгаа. Сэлбэ­гийг нь Москва­гаас авч байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Мөн  Москва хорооллыг бид гурав дахь ээлжийнхээ чиглэлээр үргэлжлүүлээд явж байна. Манай цэвэр усны лабораториудын ундны цэвэр усны бүх мэдээлэл судалгааны ажил Москвад хийгдэж  байдаг. Үүн дээрээ түшиглээд Улаан­баа­тар хотын гүний цэвэр усыг ашиг­лах, далан байгуулах, олон улсын жишиг рүү оруулах үндсэн судалгаа­ны аж­лыг Москва өөрийнхөө зардлаар хийхээр тохирч, анхны судалгааны группээ ирүүлээд зард­лаа шийдэх та­лаар ярьж байсан. Уг нь энийг хий­чихвэл Улаанбаатарын өмнө тулгараад байгаа том асуудлыг шийднэ. Тэд ч ойлгож хүлээж авч байсан. Собянин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа Монголд айлчилж байсан түүхтэй юм байна лээ. За, тэгээд Собянины түүхийг одоо л дэлхий нийт уншиж, сонирхож эхэлж байна даа. Тийм ч арвин мэдээлэл бүгдэд нь л байхгүй байгаа байх. Сая Свердловск хотод айлчилж байх үедээ оросын хэвлэлүүдийг харж л явлаа. Луж­ковын ч, Собянины ч талаар их бичиж байна.  

-Ю.Лужков бол том бууж байна шүү дээ. Медведевтэй тэрсэлд­сэн гэх шалтгаа­наар. Шинэ мээр нь ч бас том ирж байна. Пу­тин, Медведев хоёрын хос дэмжлэг­тэйгээр?

-Аль ч шатанд аймаг орон нутгийн ч бай, нийс­лэлийн удирдлагыг ч бай дэвшүүлж санал болго­дог байгуул­лага нь нам шүү дээ. Намын удирд­лагын хүрээнд их олон талаас нь авч үзэж байж дэвшүүлнэ. Тухайн үед нь ямар хүнээр хотыг удирдуулах вэ. Тэгснээс ямар үр дүнд хүрэх вэ гэх мэт олон талын өнцгөөс харж дэв­шүүлдэг байх. Оросын томилгоо бол их өөр юм. Мон­голынх бас их өөр юм. Орост бол саяын энэ орон нутгийн засаг захир­гааны томилгоо­нууд дээр их эсэргүү­цэл шүүмжлэлүүд өрнөж байна лээ. Яа­гаад гэхээр Оросын зарим хотод гур­ван лидер бай­на. Албан ёсоор сон­гог­доод ир­сэн мээр нь бай­на, захирагч нь байна. Ерөнхий­лөгч шууд томил­дог. Дээрээс нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч гээд хүн байна. Тэгэхээр энэ гурван удирдлагаас тухайн орон нутгийн бодлого шууд хамаарч байна. Ер нь цаашдаа  орон нутгийн иргэдийн сонголт дээр шууд дээрээс нь хийгдэж байгаа то­милгоо олон жил болохгүй юм байна гэ­дэг  харагдаж байна гэж орон нутгийн иргэд нь ярьж байна лээ. Албан ёсоор уулзсан хүмүүсийн уур амьсгалаас ч тэгж хараг­даж байгаа юм л даа. Энэ бол зөвхөн хол­бооны улсад байж бо­лох хувил­бар гэж хараад байсан чинь яг амьдрал дээр зөрчил дагуулж хараг­даж байгаа юм. Жишээ нь, манайд хамгийн ойр­хон Эрхүү хот байна. Эрхүү хотын даргыг дээ­рээс нь  санал болгоод дэвшүүлж байхад орон нут­гаас нь, коммунист намаас нэр дэвш­сэн хүн дийлэнх олонхийн санал авч байх жишээтэй. Орост бол уулзсан хү­мүүс энэ сэд­вээр л ярьж байна. Хэвлэлүүд нь ч их бичиж байна лээ.

-Өмнө нь танай хотын захиргаа нэг тийм хуучин байгууллага харагддаг байсан ?

-Тийм үү. Гэхдээ ямар утгаар.

-Одоо энэ байшинг шинэ үйл ажиллагаа, шинэ зарчим, удирд­лагын шинэ дүр төрх тодорхойлж байна. Та их ачаа­лал­тай ажиллаж байх шиг бай­на. Гудамжинд ч, зам засварын талбайд ч, нүүрсний зах дээр ч өөрөө л явж байгаа харагдах юм. Ажлын арга барил тань ингэж хэвшсэн хүн юм уу. Эсвэл хотын дарга хүн ийм байхаас аргагүй байдаг байна уу?

-Ер нь миний барьж байгаа нэг бодлого  ямар ч ажлыг олон  нийтийн өмнө ил гаргаж ирж , эргэн тойрноос нь харуулж,  ярьж хэлэлцэж байж хийх юм. Түүнээс биш  шийдвэр аль нэгэн хаалганы цаана, аль нэгэн явцуу  хүрээнд гараад яваад байвал тусах тусгал нь ч, шийдэх шийдэл нь , хэрэгжих хүрээ нь ч  яг л тийм хумигдмал байх болно шүү дээ . Тийм учраас хотын ажил олон түмэнтэйгээ ойр, тэдний оролцоотойгоор хийг­дэж байгаа. Бүх ажил  ил тод орчинд явагдаж бай­гаа учраас үр дүн нь, хурд нь нийгэмд хараг­даж байна. Би хотод бүх шатанд нь ажилласан хүн. Дороос нь ажиллаж ирсэн учраас ажлын арга барил,хандах хандлагаараа хотынхонд илүү ойр байгаа байх. Шууд газар дээр нь очоод үзээд хараад шийдээд явахаар ажлын явц ч  хурдан байгаа. Гэвч биднээс үүнээс ч илүү хурд шаардаж байна. Мөн ямар ч тайлбаргүйгээр ажиллахыг  шаардаж байна.  
 
-Одоо таны хэвлэлээр “гөвүүлдэг” улирал эхэлж байна.  Нөгөө утаа гэдэг сэдвээс болоод?

-Тийм шүү. Гэхдээ тэрний үр дүн гэж байна аа. Нэг асуудал дээр бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлж өгснөөр шийдвэрлэх арга замуудыг тал бүрээр судалж, бүх талаас нь хүч тавьж ажиллахаас өөр аргагүй байдалд шилжиж байна. Энэ асуудлыг бүх төвшинд мэддэг боловч гаргаж ярьдаггүй, ярьсан боловч тэрний шийдэл гардаггүй байсан. Өнгөрсөн жил  Ерөнхий сайд өөрөө ахлаад энэ утааны чинь асуудлыг нэлээн гүнзгий ярилаа ш дээ. Хөтөлбөр болгоод баталчихлаа. Одоо УИХ мөнгөө ярих гэж байна. Хөтөлбөрөө яаж санхүүжүүлэх вэ, орон нутгийн эрх мэдлийг яаж өгөх вэ гээд бүх асуудал УИХ дээр яригдана. Засгийн газар дээр ч яригдана. Бидний хувьд бэлгэшээж байгаа юм нь асар их бөөгнөрч хуримтлагдсан асуудлуудыг орон нутаг өөрөө шийдвэрлэх нь зөв юм байна, эрх мэдлийг нь өгөх нь зөв юм байна. Үүний тулд хуулийг нь өөрчилье. Тэгээд ажлыг нь хийлгэе гэсэн ийм уур амьсгал бүх шатанд бүрдэж байгаа явдал.

-Улаанбаатар эрх мэдлээ өөртөө авах хэрэгтэй байна. Танай ИТХ-ын зарим тө­лөө­лөгчтэй ярилцлага хийж байсан. Эдийн засгийн ямар ч бололцоо байхгүй, өөртөө эрх мэдэл байхгүй ийм нөхцөлд та нар хотоос хөгжил нэхээд байх юм даа гэж хэлдэг. Тэр эрх ер нь хэзээ ирэх юм бэ?

-Одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэнэ. Би бол энэ 2011 онд батлагдах байх гэж найдаж байгаа. Товчхон хэлэхэд орон нутаг бонд гаргах юм байна, зээл авах юм байна, олон улсын зах зээл дээр тодор­хой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хууль зүйн эрх нь ирэх юм байна.  Тэр нь бол 2011 он юм байна гэж харж байна. Тэгээд харц­гаая л даа. Олон жил ярьсан. Одоо ярих биш хийх нөхцөл нь жинхэнэ утгаараа бүрдэх нь байна шүү дээ. 

-Хотын дарга нар шууд л намын хүн харагддаг байсан.  Харин та намтайгаа ямар төвшний харилцаатай байдаг вэ?

-За даа, орон нутгийн намын өдөр тутмын асуудалд оролцохгүй дээ. Намын Удирдах зөвлө­лийн гишүүний  хувьд бол бодлого үйл ажилла­гаан­даа оролцоно. Бусад төвшинд айхтар хут­гал­даад байх шаардлага алга. Яг хэрэгжүүлэх талдаа бол хот өөрөө тусдаа бие даасан намын байгуул­лагатай, тусдаа удирдлагатай. Тийм учраас хотынхоо ажил руу илүү орох бүрэн бололцоотой. 

-Яг энэ байшин доторхи шинэчлэлийг та яаж хийж байна вэ. Маш хуучинсаг бүтэц­тэй,  дандаа энд тэндэхийн дарга нарын чихээсний хүмүүс байдаг. Матаас, гү­жирд­лэгээр л нэг нэгнээ ангуучилж бай­даг. Тэд нь ховхорч өгдөггүй, хэцүү газар гэж яригддаг. Өндөр боловсролтой, гадна дотнын соёл үзсэн, шинэ боловсон хүчнүүдийг наашаа хэр татаж байна ?   
-Ирээд учиргүй баахан хүн халж солиод, тэр нь айхтар эерэг үр дүн авчирч байсан жишиг хэр олон байдаг юм бол. Одоо бол төрийн албаны өнгө төрх, агуулга бүх шатанд өөрчлөг­дөж байгаа шүү дээ. Ажлын дадлага туршлагатай хүмүүстэй тулж ажиллахад илүү үр дүн гардаг нэг тал ч бас бий. Гэхдээ хэт нэг ажил дээр удаан байршсанаас болж шинийг сэтгэхээ боль­сон, ажилд урсгалаар ханддаг болчихсон хандлага ч манайд мэр сэр байгаа. Би хамт олонтойгоо нээлттэй ярьж байгаа. Миний барьдаг нэг зарчим алдаа гаргавал хэнтэй ч нялуураад байдаггүй. Асуудлыг авч үзээд л шийдээд явах. Олон жилийн турш хуримтлуулсан дадлага туршлага гэдэг зүйл үнэ цэнтэй үзүүлэлт мөн боловч нөгөө талаасаа харахад ажилд урсгалаар хандаад байвал давруулаад байхгүйгээ  ч би мэднэ. Өөр арга байхгүй. Энэ бол миний хувийн эрх ашиг биш. Бид богино хугацаанд хурдтай ажиллах ёстой. Нийгэм тэгж шаардаж байна. Ер нь би хамгийн нэгдүгээрт мэргэжлийн хүмүүсийг түлхүү сонгож байх ёстой ажил дээр нь байр­шуу­лах бодлого барьдаг. Сая Чилид болсон гамшгийг бид бүгдээрээ харлаа. Тэнд юу хүмүүсийг аварч байна вэ. Ерөөсөө мэргэж­лийн, тэгээд туршлагатай ажилтнууд л аварлаа ш дээ.  Мэргэжлийн хүмүүс байх ёстой тэр газ­раа байж байхын үр дүн  шууд гарч байна гэдгийг л баталж байгаа юм. Гэхдээ энэ нь  мэргэжлийн гэдэг утгаар нь элдэв сул нөхдүүдийг хаацай­лаад байна гэсэн үг биш шүү. Хотын захиргааны хувьд мэдээж өөрчлөхөөр, шинэчлэхээр, сайжруулахаар зүйл зөндөө байгаа. Бид хийнэ. 

-Өнөөдөр Улаанбаатар хот маань хэдэн нас хүрч байгаа билээ?

-371 жилтэйгээ золгож байна. Бид ярьж байгаад Улаанбаатар хотын өдрийг тайлан тавих өдөр болгоод байгаа. Дэлхийн бүх хотууд өөрийн өдрийг тэмдэглэдэг. Энэ бол жишиг. Бид бол  нийслэлчүүд хамтраад ямар ажил хийж вэ гэдгээ бодитоор хардаг, дүгнэдэг ийм л өдөр болгож байгаа. Түүнээс биш баярын хурал, сайшаал шагналын арга хэмжээг голчлохгүй.        

-Гэхдээ л хуучинсаг сонсогдож байна. Хот яагаад ойн өдрөө ч хөмсөг зангидаж байх ёстой гэж. Баярлах, тэмдэглэх ёстой шүү дээ?

-Хязгаар нь энэ хүрээ биш л гэж байна л даа. 

-Манай хотын хүн ам нэг сая гараад талий­чихлаа. Том хотын тухай хэн хэнгүй дуугардаг болж байна. Гэхдээ метро, давхар гүүр мэтийг бид хэдий болтол мөрөөдөх бол?

-Давхар гүүр нь дөнгөж эхлэж байна. Метро нь бол болоогүй. Яагаа ч үгүй байна. Судалгааны ажил ч хийгээгүй байна шүү дээ. Тэр тал дээр гаргаж өгч байгаа мөнгө ч бидэнд хомс. Азийн хөгжлийн банктай хамтраад тээврийн асуудлыг яаж шийдэх, богино хугацаанд эхний ээлжинд хийчихээр ажил юу байгаа талаар ярьж байгаа ажлууд байна. Ирэх жилийн нийслэлийн өдрийг тэмдэглэж байх үед нийтийн тээвэр дээр бол тодорхой ахиц гарчихсан байна.

-Хотын замд нэлээд ажлууд хийгдэх шиг боллоо. Одоо шувтарч байгаа биз дээ?

-Дуусч байна. Бид өнөөгийн УИХ-д талархах ёстой. Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг хэлэлцэхээс өмнө Засгийн газрын шийдвэр үр дүнгээ өглөө шүү дээ. Улаанбаатар хотод эргэн төлөгдөх нөхцөлөөр замын асуудлыг шийдвэр­лэж өгсөн. Энэ боломжийг бид ашиглаж чадлаа. Одоо Улаанбаатар хотод дан ганц төсвийн бодлогоор биш, бусад эх үүсвэрүүдээр эрх зүйг нь жаахан тавиад өгөх юм бол хот хөгжинө.   

-Улаанбаатар хот маань өнөөдөр 371 нас хүрч байна. Улаанбаатрын захирагч харин хэдтэй юм бэ?

-48.

-Та өглөө ийм эрт босдог юм уу?

-Ер нь эрт босно оо. Унтах зав алга гэх нь хаашаа юм. Гэхдээ өглөө эрт боссон хүний ажил эрчтэй, өөдрөг өрнөдөг юм шиг санагддаг юм.  

-Дандаа ингэж таксигаар явдаг уу. Ма­шингүй хэрэг үү?

-Та бид хоёр амралтын өдөр уулзаж байгаа шүү дээ. Амралтын өдөр жолоочоо дуудахаас хайрлана аа. Хүнийг хайрлах ёстой. Болж өгвөл энэ хоёрын хооронд алхчихна. Жаахан салхи­тай, цаг давчуу байсан учраас таксидчихлаа.

-Эрхбиш хувьдаа машинтай биз дээ. Та ямар машин унадаг вэ? 

-Манайх “RAV 4”-тэй.

-Эхнэрийнхээ машиныг унадаг гэж сонссон. Үнэн байх нь?

-Тийм. Манай хүн нэг их машин барихгүй юм. Гадаадад сурч байхдаа бол машин барьж байсан. Тэр машинаа л авчирсан. Сүүлийн үед би л хагас, бүтэн сайн өдөр унаж байна. 

-Таны эрүүл мэндийн талаар асууж болох уу. Ялангуяа өнгөрсөн жил  энэ сэдвийн мэдээллүүд их яригд­сан? 

-Өнгөрсөн жил би нэлээн хүнд эмчилгээ хийлгэсэн л дээ. Тэр бол үнэн. Тэр эмчилгээ маань хоёр сар гаруй үргэлжилсэн. Эмчилгээний үр дүн харьцангуй сайн байгаа. Эмч нар энэ ажлаа хийж болно. Эрүүл мэндийн талаасаа ажлын ачаалал даах хэмжээнд байна. Тэр ч байтугай спортоор хичээллэ гэж зөвлөж байгаа. Хуучин бол би спортоос салдаггүй байсан. Агаарт их явна. Уулаар алхана. Биеийн тамирын заалнаас салдаггүй л залуу байлаа. Энэ зуршил маань одоо буцаад сэргэж байгаа. 

-Таныг сагс гоё тоглодог гэж сонссон. Бас аль нэг төрлөөр мастерын зэрэгтэй гэж?

-Манай монголчууд чинь спортод их авьяас­тай хүмүүс шүү дээ. Би сагсан бөмбөг бас ши­рээний теннис тоглодог. Нээрээ ширээний тен­нисээр улсын аваргын мөнгөн медальтай юм бай­на шүү. (инээв)  Ер нь хүн эрүүл мэндээ өөрөө л бодож байх ёстой юм байна. Бид чинь эрүүл мэнддээ маш хариуцлагагүй ханддаг улсууд  байна шүү дээ. Би л лав өөрийгөө тэгж дүгнэсэн.  

- Өндөр албан тушаалтнуудынхаа эрүүл мэндийн талаар бид мэдээлэлтэй байх ёстой л доо. Тэр үүднээсээ л асуусан юм шүү?

-Зүгээр ээ, би эмзэглээгүй байна. Зарим хэвлэл бол намайг машин тэрэгний осолд орсон, тэгсэн ингэсэн гээд л баахан юм гаргасан байсан. Би тэр тухай нь бүр сүүлд олж уншдаг юм. Гэхдээ тэгтлээ их эмзэглэдэггүй л дээ. Хүмүүсийг чинь ер нь хэд хэдэн сэдвээр л бичиж байна шүү дээ. Тэрний, энэний хүн гэж нэг бичиж байна. Тэгсэн байна, ингэсэн байна гэж нэг бичиж байна. Дээр нь хүн л юм чинь амьдралдаа ямар нэг алдаа гаргана. Тэрийг нь сэргээж, сануулж, дарамтлах зорилгоор бичдэг бараг урсгал гэмээр ойлголт байдаг бололтой юм. Би бол ийм зүйлд эмзэглэхгүй. Тэртэй тэргүй бүх хүний нүдэн дээр ил ажиллаж байгаа хүн учраас.

-Таныг тэгтэл их гороолдоггүй байх аа. Та чинь харин ч янз бүрийн party-гаар хэсдэггүй, бизнестэй хутгалдахгүй, бас бүсгүйчүүдтэй холбогддоггүй. Хамгийн  томоотой дарга юм биш үү ?

-Ёс зүй гэж нэг ойлголт бас байх ёстой байх, тийм үү. Тэгээд ч өөр сэдвүүд амьдралд бас байдаг. 

-Эр хүний амьдралд байдаг л зүйлс биз дээ. Энэнд ёс зүй ямар хамаатай юм бэ?

-Ёс зүй хамаагүй гээд хэтэрхий бас задгай байж болохгүй ш дээ.  

-Шинэ гэж харж байсан дарга маань жаахан хуучин бодолтой хүн юм ?

-Магадгүй.

-Таны эхнэр бизнес эрхэлдэг үү, төрийн албан хаагч уу?

-Төрийн албан хаагч. Одоо гэхдээ гэртээ байгаа. 

-Хотын даргын загварын шоун дээр эвшээлгэж байгаа зураг гээд гарчихсан байсан. Их хөгжилтэй санагдсан?

-Яг эвшээлгэж байгаа зураг биш ш дээ. Тайлбарыг нь л тэгээд  хийсэн байна лээ. Ер нь би эхнэртэйгээ үзвэр их үзнэ шүү. Шинэ концер­туудыг үзнэ, хошин шогийн тоглолтууд үзнэ.

-Хошин шог уу?

-Үзнэ. Кино үзнэ. Асуудал байхгүй ш дээ. Бас жүжиг үзнэ.

-Театрууд хотын даргыгаа уриад л байх уу ?

-Яахав, урьж байгаа нэгэнд нь очихыг хичээнэ. Ер нь ихэнх тохиолдолд билетээ авч үзнэ шүү. Манай үзэгчдийн үзэж байгаа үзвэ­рүүдийг бас олоод үзчих санаатай.  3D-тэй кино ч үзнэ. Амралтын өдрөө амжуулна аа. 

-Мээр ирнэ гээд бөөн бэлт­гэл болдог байх даа?

-Би явж байна гээд урьдчилж бэлдүүлээд л, зарлаад байхгүй л дээ. Хувь хүн л юм чинь тэр эрх чөлөөгөөрөө л явна.  

-Та урлагийн тоглолт үзэхээс яахав дээ. Урлагийн зүтгэлтний гэр бүлд төрж өссөн хүн. Одоо таны аав хаана амьдарч байна вэ?

-Аав маань гэрээрээ. Гэхдээ бас зүгээр суухгүй ээ. Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хувийн жижигхэн театртай. Үе үе тайлан тоглолт хөдөө орон нутагт хийж байна. Ирэх жил нийслэлийн үзэгчдэд зориулж тодорхой уран бүтээл тавина гэж ярилцаж байхыг нь сонссон. Манай аав чинь сургууль төгсөөд л насаараа хөдөө ажилласан хүн шүү дээ. Дандаа найруу­лаг­чаар ажилласан. Найруулагчийн ажил чинь хамт олныг бүрдүүлдэг. Бүтээл төрүүлдэг ажил. Би аавынхаа ажилд ойрхон өссөн. Шинэ шинэ бүтээлийн талаар ярьж эхэлж байгааг нь, тэр нь уран бүтээл болоод үзэгчдэд хүрч байгааг нь хажуунаас нь харж өссөн болохоор би урлагт  ойрхон. Урлагийнхныг хүндэлдэг.

-Урлагийн гавъяат зүтгэлтэн Гомбосүрэн гуайн хүүхдүүдээс урлагийн хүн болсон нь хэд вэ?

-Байна аа байна. Манай аав театр урлагийн дээд сургууль төгссөн хүн. Гэрт төгсөлтийн мон­тажийн зураг энэ тэр нь байж байдаг.  Тэдний ан­гийн монтаж дээр байдаг үгийг би одоо ч март­даггүй. “Урлагт байгаа өөрийгөө бус өөртөө буй ур­лагийг хөгжүүл” гэсэн тэр үгийг би хүүхэд ахуй­даа олж уншсан. Тэнд байсан хамт олныг нь ч санадаг. Тэдний дэргэд, хар багаасаа ун­шиж, үзэж, харж хүмүүжсэн. Уран бүтээл төрөөд хүмүүст толи­луулахаас нь өмнө үзчихдэг азтай хүүхэд байлаа. Одоо ч би урлагийнхныг хүлээж авах дуртай. Урлагийн хүмүүстэй ойрхон байх дуртай.  

-Урлагийнхныг намд элсүүлэх ажлыг арай та хийгээд байгаа юм биш биз дээ?

-Хүний сонголтын асуудлыг бид хөндлөнгөөс дүгнэх гээд байх юм. Заримдаа бол үйл явцыг хэтэрхий улстөржүүлээд байгаа л  харагдах юм даа. 

-Хотын ажил огт улстөржилтгүй явагдаж байгаа юу. Тийм бол үнэхээр сайн шүү дээ?

-Хотын ажил бол ер нь улстөржөөд хэрэггүй. Улаанбаатар хотын дулаан цахилгаан, усан хангамж, замын ажил дээр бол технологи л яригдана. Ажлаа мэддэг хүнийг чи өөр намынх юм чинь яв гэж би л лав хэлж чадахгүй. Манай Улаанбаатар хотын ажил харьцангуй сайн байгаа бол бид мэргэжлийн хүмүүсийг улстөржүү­лэхгүйгээр явуулж байгаагийн маань л зөв тусгал.  

-Хотод та олон жил ажил­ласан. Таны албан тушаа­лын карьер аажуу хэрнээ өгсүүр замналтай юм? 

-Хотын ерөнхий мене­жерийн ажлыг хийж байлаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дар­гаар ажиллаж байлаа, одоо хотын дарга хийж байна. Би төрийн эдгээр албыг нэр цэвэр авч явж ирсэн.  Миний ухаан са­наанд тогтчихсон нэг зарчим бол ху­вийн эрх ашгийг нэгдү­гээрт та­вих­гүй байх. Энэ зарч­маа­саа га­жихгүй явж чаддаг уч­раас на­дад сэтгэл түгших зүйл байдаг­гүй. 

-Залуухан инженер жирэмсэн хүний оронд ажилд орчихоод явж байхад хотын мээрийн энэ өндөр­лө­гийн тухай мө­рөөдөл зүрхний тань хаа нэг­тэй байсан болов уу?

-Үгүй. Хотын даргаа танихгүй ш дээ. (инээв) Орон сууцны ажил бол хүнд. Тухайн өдрийнхөө ажлыг хийгээд л, ажилтнууд  хамт олонтойгоо бужигнаад өнгөрч байсан болохоос биш, ирээдүйгээ хотын дарга болтол явна гэж төсөөлж байгаагүй. Харин нэг юманд бол итгэлтэй байсан. Миний өөрийгөө авч явах баталгаа бол миний төгссөн сургуулийн надад эзэмшүүлсэн мэргэжил гэдэгт.    

-Инженер даргатай байх зарим техникийн салбарууд дээр төвөгтэй байна гэсэн ?

-Яагаад.

-Төрийн захиргаагаар мэргэшсэн дарга нартай байх амар байдаг гэнэ л дээ. Хотын хаа нэгтэй техникийн доголдол ч юм уу, ямар нэгэн асуудал гарахад ирж хараад ч юу ч ойлгодоггүй. Сайхан гараа халаасандаа хийж зогсч байгаад яваад өгдөг. Харин та тэр чинь яасан юм, энэ чинь яасан юм гээд төвөг уддаг гэж дуулддаг ? 

-Тийм нөхцөлд  давуу, эерэг гэх талууд байнаа. Өнөөдөр бид хотын гол гол салба­руудад нэг их санаа зовоод байхгүй байгаа. Нэгд, бид мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажиллуулж байна. Тэгээд тэд маань бүрэн итгэлтэй ажиллаж байна. Тийм ч учраас бид ерөнхий юм биш гол сонирхож байгаа юмаа ярилцаад л, тэрийгээ шийдээд явчихдаг. Дараа нь  шийдлүүд болон үр дүнг нь харж байхад аль аль талдаа урамтай. Мэргэж­лийн хүмүүс ярилцахад ч гэсэн их гоё шүү дээ. Ямар ч эргэлзээгүй, халуун дулаан уур амьсгал өөрөө бүрдчихдэг. 

-Та түрүүний таксинд мөнгөө төлсөн үү?

-Төлсөн. Яагаад гэнэт ийм зүйл асууж байгаа юм бол.

-Зүгээр л. Танаас авахгүй гэхгүй байна уу?

-Би ихэвчлэн төлнө шүү. Зарим нь бэлгэ­шээж л байдаг юм. Өнөөдөр сайхан өдөр байна, хотын даргыгаа хүргэлээ, танаас мөнгө авахгүй гэнэ. Амьдрал сайхан ш дээ. Заримдаа таньдаг хүн таарна. Дээр үед хамт ажиллаж байсан улсууд хүртэл таардаг. Би орон сууцанд ажиллаж байсан. Саяхны нэг  бүтэн сайн өдөр ажил руугаа ирэх шаардлага гараад такси авсан. Тэгтэл нэг хуучин танил маань авгай хүүхэдтэйгээ явж байгаад таарсан. Намайг хараад зогсч байна. Тэгээд ажил дээр маань хүргээд л өгсөн. Төвөгшөөлгүй тэгж хандаж байгаа нь сайхан юм. Надад бол гоё л байдаг. 

-Загвар, хэв маяг бол нийгмийн амьд­ралын салшгүй хэсэг.  Манай мээр хэр үнэтэй хувцасладаг хүн  бэ? 

-Өөрийгөө, орчин тойрноо хүндэтгэх үүднээс анхаарал тавилгүй яахав.  Гэхдээ  брэнд тэгтлээ хөөцөлддөггүй. 

-Худлаа яриад л. Та жишээ нь “Burberry”-гийн зангиа зүүчихсэн л харагддаг шүү дээ. Та зүгээр чөлөөтэй ярь л даа?

-Тухайн үед ямар костьюм өмсч таарна, тэрнийхээ өнгө материалыг дагуулаад ганц нэг тийм юм сонголгүй яахав. Гэхдээ би туйлширдаг­гүй гэдгээ л хэлэх гэсэн юм. Зөвхөн тэр фирмийн тэрийг авна, тэр фирмийн тэрийг л эдэлнэ гэдэг айхтар чиглэсэн сонирхол байхгүй. Ер нь биенд эвтэй л байвал ямар ч төрлийн хувцас сайхан шүү дээ. Ганцхан манай энэ орчинд таарсан, зохицсон л байх ёстой. 

-Та ямар ресторанд хооллодог вэ?

-Ховор. Ер нь гадуур ресторанд хооллох нь ховор шүү. 

-Хаширлаад уу?

-Үгүй. Цаг нь хомс байна. Аль болохоор гэртээ идэх бодолтой. Гэвч амжихгүй. Ресторанд хоол иднэ гэдэг бол дор хаяад цаг 30 минут , хоёр цаг зарцуулна гэсэн үг ш дээ. Тийм цагийг өөр юманд зармаар байна. 

-Танаас уншдаг хүний үнэр ханхалдаг. Хамгийн сүүлд уншсан номыг тань сонирхож болох уу?

-Одоо яг уншиж байгаа маань ОХУ-ын Ерөнхий сайд байсан Примаков гэж хүн байгаа. Примаков гуайтай ярилцсан 30 цагийн ярилц­лагыг эмхэтгэсэн ярилцлагын ном байна. ОХУ-ын Ерөнхий сайд нараар ажиллаж байсан хүмүүсээс Примаковыг хүмүүс их үнэлдэг шүү дээ. Би сая Орос явахдаа зориуд энэ номыг сонгож авсан юм.    

-Дотоодын хэвлэлүүдээс захиалж уншдаг уу?

-Ажлын шугамаар өдөр тутмын сонинуудаа манайхан захиална шүү. Тэрийгээ өдөрт нь нэгтгээд харчихдаг.  

-Танайх хэвлэлийн том албатай биз дээ?

-Том ч юу байх вэ. Дөрвөн хүний л бүрэл­дэ­хүүн­тэй ш дээ. Бүхэл бүтэн нийслэлд гэхэд  орон тоо бага л байгаа юм.

-Тийм юм байна. Дарга сурталчлах биш, ажил сурталчилдаг алба болсон байна лээ?

-Тэгж харж байгаа бол сайн л байна. Зорилго нь ердөө л тэр шүү дээ. 

-Таныг сүүлийн үед их нервтэй болсон гэж сонсон. Бухимдах шалтгаан их байна уу?

-Байна аа. Ер нь бол ажлаас л болж байна л даа. Би өөртэйгөө ажиллаж байгаа бүх хүмүүст нэг л зүйлийг тэгш тавьж өгч байгаа. Ажиллах бүх нөхцөл бололцоогоор нь хангаж өгч байгаа. Бас эрх мэдлийг нь. Бүх санхүүгийн болоод, эрх зүйн талын эрх мэдлийг өгч байгаа гэсэн үг. Үр дүн гарахгүй удаашрах, хариуцлагагүй хандах, хугацаа алдах зэрэг тохиолдол гарах юм. Тийм зүйл дээр бухимдахаас өөр арга алга. Яах гэж бидэнд итгэл өгч байгаа юм. Яах гэж бид  ажил хариуцаж сууж байгаа юм. Энэ бүхний эцэст үр дүн байх ёстой биз дээ. Би зөвхөн ганцаараа шийдээд байвал бас өөр хэрэг. Нийслэлийн удирдлагын барьж байгаа байр суурь бол дүүргүүд рүү, аж ахуй нэгжүүд рүү бүх эрх мэдлийг шилжүүлж, ажил хийх бололцоог нь тавьж өгөх. Тэрнийхээ араас бид  хариуцлага л нэхнэ. Татвар төлөгчдийн өгч байгаа, зарцуулж байгаа нэг төгрөг болгоны араас үр дүнг нь тооцно  гэж нээлттэй хэлж байгаа учраас жилийнхээ эхэнд нь, дунд ,төгсгөлд энэ гүйцэтгэлээ хатуу нэхэж байгаа юм. Тэрийг тэгж дүгнэж байгаагаас ухрахгүй. Шаардана, хатуу нэхнэ.

-Итгэл бол өгөхөд ч үнэтэй, авахад ч үнэтэй зүйл л дээ. Итгэлийн тухай танд ер нь ямар ойлголт байдаг вэ?

-Би өөрөө хүнд их итгэдэг. Тийм учраас тэрний цаана нь энэ тэгчих болов уу, тэр ингэчих болов уу гэсэн эргэлзээ ерөөсөө байхгүй. 

-Итгэх дуртай хүн юм уу, зүгээр итгэмтгий хүн юм уу?

-Ер нь итгэх дуртай шүү. 

-Удирдагч хүнд сул тал биз дээ?

-Магадгүй сул тал байж болно. Эерэг үр дүнг бас гаргаж болно. Удирдагч хүн хэнд ч итгэхгүй өөрөө гараа хумхиад суугаад  байвал тэрнээсээ илүү хохирол амсана. Цаг алдана. Манай хотын ажил хугацаагүй шүү дээ. Хүнийг хүссэн хүсээ­гүй хурдаар шахаад өгдөг. За яахав өнөөдөр болно, нөгөөдөр болно гэж аажуу уужуу хандаж бол­доггүй асуудал гэж хотод дэндүү олон байдаг. Нэг талд нь асуудал цэгцэрч байдаг, нөгөө талд нь задарч байдаг учраас бие биендээ итгэх ит­гэлгүйгээр цаг хугацаа алдах тийм эрх байдаггүй.  

-Таны гэр Улаанбаатар хотын хамгийн утаатай бүсэд байдаг юм байна лээ. Зайсан руу нүүгээч?

-За юу гэмээр юм бэ дээ. Бид тийм боломж эрэлхийлсэнгүй.

-Зовлон дунд ойрхон байх гэж үү?

-Үгүй дээ. Би ер нь түрүү ийм төрлийн асуул­тад өгөх хариугаа өгчихсөн байх гэж бодож байна.   

-Таны цалин амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Амьдралын маань хэрэгцээ өөрөө бага юм аа. Өдөр болгон гарч том том үнэтэй костюм аваад байхгүй юм. Жил болгон машин, сууц солих гээд байх сонирхол нь байхгүй юм. Тэр талаасаа харах юм бол амьдраад болоод л байна. Цалингийн гачигдлаас монголчууд гарах байх аа. Улс оронд тийм боломж бүрдэж ирж байна. Улс төрийн хэрүүл багатай, урдахаа хараад зүтгэцгээх юм бол болно доо. 

-Хотын даргад хотын баярын өдрийн мэндчилгээг үлдээе? 

-Бид хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ богино хугацаанд хурдан хөгжихөд бидний хамтын оролцоо чухал юм байна гэдгийг иргэд маань ойлгож байгаад бид баярлаж байгаа юм. Энэ ойлголцолд хүрэх гэж урт удаан зам туулсан байж мэднэ. Тийм учраас энэхүү итгэлцэл, энэхүү ойлголцлын төлөө иргэддээ баярлалаа гэж хэлмээр байнаа. Бидэнд өгч байгаа энэ итгэл, энэ урам зоригийн цаана хамтраад хийх олон ажил байгаа .Үүний төлөө Улаанбаатарчууд улам нэгдэж байгаагаар бид бахархаж байна.
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав