Үүргэвч үүрээд оюутан болохыг л хүсэхгүй юу. /Инээв/ Үүнд шалгаан гэх зүйл юу байх вэ дээ. Бусдын адил надад ч гэсэн амьдралын зорилго төлөвлөлт байдаг болохоор л суралцахаар шийдсэн хэрэг. Харин би энэ шийдвэртэй сэтгэл хангалуун явдаг юм шүү.Суралцана гэдэг хялбар хөдөлмөр биш.

-Урьд нь төрийн сайд Шийлэгдамбатай ярилцаж байжээ. Харин өнөөдөр оюутан Шийлэгдамбатай ярилцах гээд сууж байна. Энэ хоёр ойлголтон дээр таны амнаас ямар хариу ирэх сонин байна?

-Тиймээ би санаж байна.Та бид хоёр нэг биш удаа ярилцаж байжээ. Хувь хүнийхээ хувьд  надад өөрчлөгдсөн зүйл бол алга. Өмнө нь ярилцаж байсан Шийлэгдамба мөн хэвээр л энд сууж байна.Харин тэр ойлголт энэ тэрийн хувьд бол ярилцагч авхай таны асуух асуулт болон хариулт л бусдад сонин байх байлгүй дээ.

-Сурах шийдвэр яагаад гаргах болов. Хэдийгээр хүн насан турш суралцаж байдаг ч Засгийн газрын гишүүн хүртэл хийж явсан хүн гэнэт үүргэвч үүрээд оюутны танхимыг зорих болсон нь шалтгаантай байх ?

-Шалтгаан гэж үү? Үүргэвч үүрээд оюутан болохыг л хүсэхгүй юу. /Инээв/ Үүнд шалгаан гэх зүйл юу байх вэ дээ. Бусдын адил надад ч гэсэн амьдралын зорилго төлөвлөлт байдаг болохоор л суралцахаар шийдсэн хэрэг. Харин би  энэ шийдвэртэй сэтгэл хангалуун явдаг юм шүү.Суралцана гэдэг хялбар хөдөлмөр биш.

 -Тэр ч тийм шүү. Та ямар мэргэжлээр сурч байна вэ. Сургууль, ангийнхныхаа тухай ярьж өгөөч? 

-Австрали  улсын  Melbourne хот дахь  ,,Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалахаар  сурч байна. Манай сургуулийн түүх анх 1895 онд  Австралын New South Wales мужын  Bathurst  хэмээх жижиг хотод суурь нь тавигдсанаар эхэлдэг бөгөөд өнөөдөр  Sydney  Canberra  Wagga Wagga гэх мэт хотуудад болон Канад зэрэг улсад салбартай. Нийт суралцагчдынх нь тоо 36000 орчимд хэлбэлздэг ийм л сургууль юм. Нийт төгсөгчдийнх нь мэргэжлийн дагуу ажил эрхлэлтийн түвшин 84% тай байдаг нь өндөрт тооцогддог бололтой юм билээ.

-Амралтаа дуусгаад буцаж байгаа юм байна. Нутагтаа амрав уу. Ирээгүй удаж байгаад очиход нутаг сайхан байгаа биз дээ ?

-Ирээд буцах богинохон хугацаандаа их ажил амжуулж үндсэндээ чадсангүй. Гэхдээ мэдээж гэр бүл ойр дотныхонтойгоо нутаг усандаа очиж ах дүүсийнхээрээ орж гарч амралтын цөөхөн өдрүүдээ аятай сайхан л өнгөрүүллээ. Энэ зуны зуншлага дэлгэр сайхан байлаа.Хэдийгээр өнгөрсөн өвөл, хавар хүнд хэцүү болж гарз хохирол ихтэй, хүн малгүй сульдаж доройтсон ч зуны дэлгэр цагтаа зоо нуруугаа тэнийлгэж байх шиг санагдсан. Санаж тэмүүлж ирсэн  болохоор нутагтаа очих сайхан байлаа. 

-Би таны бичсэн „Шүтээн” гэдэг номыг уншсан. Бүхэлдээ нутаг усны тухай дуулал болсон байна лээ. Намрын тухай таталбарууд, бас хайрлах гэж хүн дотроосоо асахыг л хэлдэг юм ...гэсэн тэмдэглэлүүд санагдаж байна. Таныг гэхдээ тийм гэгэлгэн хүн гэж мэдээгүй ?

-Өө, тийм үү. ,,Шүтээн” номыг маань уншсанд талархлаа илэрхийлье. Гэхдээ би  ном зохиол бичдэг хүн бол биш. Сонирхож уншдаг талдаа л хүн. ,,Шүтээн” номны хувьд гэвэл өөрийнхөө   бодол санааг  цэгцэлж байгаад зүрх сэтгэлдээ хайрлаж хүндэтгэж явдаг үнэт зүйлсээ хураангуйлан ,,Шүтээн’’ гэж нэрлээд гаргасан юм. Та бидэнд монголчуудад шүтэн  дээдлэж явах учиртай маш олон үнэт зүйлсүүд бий л дээ. Эдгээр үнэт зүйлс маань тэр тусмаа энэ цаг үед илүү үнэ цэнэтэй гэдгийг бид  бүгд  ойлгож санаж явах  нь чухал юм. Хайрын тухайд гэвэл хүний зүрх сэтгэлд асч байдаг мөнхийн бамбар гэлтэй. Бид хайр энэрлээр дулаацаж, түүнийхээ илч, гэрлээр хорвоог туулдаг гэж ярьдаг.  Хайр энэрэл гэдэг тийм аугуу их чадалтай. Тэгэхээр бусдыг энэрч хайрлаж байгаа хүн дотроосоо асч, гэрэл гэгээ, инээд баясал түгээсээр энэ хорвоог орхидог  гэдэг. Нэгэнт та тэр номыг уншсан бол нэмж би  юу хэлэхэв дээ. 

-Бас чоно хаана үхдэг юм бэ гэсэн хөөрхөн таталбар байсан. Хүүгийнхээ асуусан асуултыг мартна гэдэг тийм сайн аавын шинж биш шүү...гээд...Та гэр бүлээрээ явсан уу. Хүү тань одоо ямар асуултууд тавьж байна ?

-Нэгэнт мастерт сурч байгаа бол гэр бүлээрээ байх боломж мөн байдаг. Үүний дагуу эхнэр бид хоёр бага  хүүхэдтэйгээ  Австрали хамт явсан. Эхнэр маань  тэнд бас суралцдаг.Том хоёр маань эндээ сургуульд явдаг учраас эмээ өвөө дээрээ үлддэг юм. Энэ удаад ч мөн адил. Хүү минь том болж байгаа. Чоно бол миний хүүгийн хувьд дээдэлж явдаг хамгийн хийморьлог бас тэнгэрлэг тэр амьтан хэвээрээ.  Хүү бид хоёр чоныг тэнгэрийн, хийморьтой амьтан гэдэг үүднээс нь дээдэлдэг. Харин ойрын үед энэ тухай яриагүй юм байна. Ер нь хүүхдүүд аав ээжээсээ  олон зүйлийг асууж шалгаадаг шүү дээ . Том болох тусам тэдний асуултууд  улам л ухаалаг, аливаа зүйлийн цаад утга учирыг олох гэсэн гүн агуулгатай болсоор байдаг. Өвөг  дээдсийн хэлдэг нэг үг байдаг. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж. Заримдаа бидний бодож санаж байгаагүй зүйлийг ч асуух. Хүүхдүүд биднээр дамжуулж орчлонг таних гэж, буруу зөвийг ухаарах гэж өөрсдөө хариултыг нь олохгүй зүйлүүдээ асууж байхад анхаарахгүй орхиж  болохгүй шүү дээ. Хүү минь миний үргэлжлэл, цаг хугацааны өртөөчин учраас түүнд би мэддэг бүхнээ өвлүүлэх ёстой. Монголоо, удам угсаагаа, эх нутгаа хайрлахын утга учир гээд энэ бүхнийг хүү минь надаас авч, үр хүүхэддээ улам баяжуулан өвлүүлээсэй гэж  би хүсдэг. Хэрэв та санаж байгаа бол  Энэтхэгийн ард түмний үндэсний тусгаар тогтнол, эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн төлөө тэмцлийг удирдагчдын нэг Энэтхэгийн анхны ерөнхий сайд  Жавахарлал Неру гуайн бичсэн  ,,Letters from a father to his daughter,, буюу ,,Охиндоо бичсэн аавын захидлууд  ,, хэмээх дэлхийн олон орны уншигчдын гар дээр очсоор буй алдартай бэсрэг ном байдаг даа. Энэхүү номонд буй захидлуудыг эцэг үрийн ариун харилцаан дээр тулгуурлан дэлхий ертөнцийн үүсэл хөгжил  хүн төрөлхтний түүх соёлын  аугаа өвийг багтаан  тэртээ 1928 онд бичсэн нь зөвхөн охиндоо төдийгүй үе үеийн хүүхэд залуучуудад хүн төрөлхтний түүхэн хөгжлийн зүй тогтлыг бодитой ойлгуулан ухааруулах улмаар тэднийг өөр өөрсдийн үндэсний соёл уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой гэж үздэг.Сонирхуулж хэлэхэд эдгээр захидлуудын эзэн нь тухайн үедээ 10 настай байж хожмоо Энэтхэгийн ерөнхий сайд болсон Индира Ганди шүү дээ. Та намайг яагаад энэ номны талаар дурьдаж буйн учрыг ерөнхийдөө ойлгосон байх. Би энэ номыг авч явж тэрхүү сонирхолтой захидлуудыг хүүхдүүддээ илгээж байх бодолтой байна. Энэ нь тэдэнд олон асуултанд хариу авах шаардлага гарах байх нөгөө талаар англи хэлнийх нь мэдлэгт ч нэмэр болох байх.     
   
-Холоос эх орноо ирээд харах ямар байх юм. Бид эх орноо хөгжиж байна л гээд байдаг. Удирдлагууд хөгжүүлнээ л гээд байдаг. Хөгжлийн тухай яг одооны таны зогсч байгаа орон зайнаас ямархуу бодлууд хөвөрч байгаа бол?

-Бүх зүйлийг сул дорой байна гэж үзэж болохгүй. Улс оронд маань хөгжиж дэвшиж буйг илтгэх олон хүчин зүйлүүд байна. Хамгийн гол нь илүү их хурдацтай хөгжих боломж өмнө маань ойрхон байна л даа. Товчхондоо миний  хэлэхийг хүсэж буй нэг л зүйл бол манай улсад хөгжлийн  олон түвшинд хийгдсэн онолын хөтөлбөрүүд болон судалгаа шинжилгээний баримт бичгүүд бий. Гадна дотныхон ч үүнд  нэлээд  оролцсон байдаг. Энэ бүхэн мэдээж чухал. Гэхдээ одоо  бид дахин нэмж цаасанд цаг үрэх хэрэггүй. Хөдөлмөрийн талбарт хүмүүсээ илгээх хэрэгтэй байна. Гэтэл бидний мэргэжлийн ур чадвар ажлын хариуцлага боловсролын түвшин маань тэр талбарт өрсөлдөх түвшинд нийцэж очих уу. Нөгөө талаар манай улс хүн ам цөөтэй. Тийм ч учраас хүнээ зөв ашиглах,  хөгжүүлэх тал дээр л анхаарах хэрэгтэй байдаг. Хүний хөгжлөөс  л бидний ирээдүй шалтгаална. Эцэст нь энэ бүхэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнтэй бодлогоос ихээхэн шалтаалах асуудал бөгөөд дорвитой ажлууд хийгдэж байгаа  гэж бодож байна. 

-Монголчууд стратегийн ордуудаа ашиглаж эхэлж байна. Харин олох ашгийн урьдчилгаа халамжийн бодлогоор тарж эхэлсэнд шүүмжлэлтэй хандах хүн олон байгаа. Энэ талаар таны бодол ?

-Бүгдийг халамжын бодлогоор хувиарлана гэдэг зөв зүйл биш.Энэ бол ойлгомжтой. Миний хувьд тодорхой хувийг хувиарлаад гол ашгийг эргэж баялаг бүтээх хөгжлийнхөө суурь асуудлуудад зарцуулах хэрэгтэй гэж үздэг хүмүүстэй санал нэг байдаг. Энэ нь нэг талаасаа  нийгмийг зөв зүйлд чиглүүлэх түүнчлэн хөгжлийн тогтвортой  бодлогыг бие даан явуулахад ихээхэн ач холбогдолтой байх болов уу. Бусад улс орнуудын туулсан жишгийг ч бид харж байна.  Зөв бодлого явуулж чадсан нь хөгждөг, чадаагүй нь улам ядуурдаг. Ийм л байдаг.

-Байгалийн баялаг дагасан гай гамшиг нүүрлэнэ. Баялгийн хараал хүртэнэ. Бүх зүйл буруу голдирлоор явж байна гэж их ярьцгааж байна. Гэвч зарим  ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаж эхлэхгүй бол хөгжлийн хувьд зогсонги буурай орон хэвээрээ л үлдэнэ. Мэдээж энэ бүх яриа хөөрөөнүүдийг та хүлээж авч л байгаа байх?

-Манай улсын хувьд байгалийн баялагаа зохистой ашиглаж, үр ашгаар нь хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь гарцаагүй юм.Энэ улс оронд хөгжлийн өөдөө өгсөх олон гарц гишгүүрүүд байдгаа гэж үзвэл Оюутолгой , Таван толгой болон бусад стратегийн томоохон ордууд энэ бүгдийг бүрдүүлнэ.Хамгийн гол нь  монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд улс оронд маань нийгэм эдийн засгийн томоохон үр дүнг бий болгохуйц нөхцлийг хангасан яриа хэлэлцээр, гэрээ тогтоомжууд хийгдэх нь чухал юм. Мэдээж энэ бүхэн тийм  хялбар зүйл бол биш ээ. Харин ч энэ удаагийн УИХ, Засгийн газар цаг хугацааны аюултай нөхцөл байдалд тодорхой шийдвэр гаргаж хөгжлийн гишгүүрүүдээ бэхлэж чадлаа гэж үзэж байна.Түүхэнд ч үүгээрээ үлдэх биз ээ. Нөгөө талаар сайн муугийн хувьд бол хүмүүс өөр өөрийн л өнцгөөс харж байх шиг байна. Гэхдээ үүнийг цаг хугацаа л тодотгож өгөх боломжтой шүү дээ.

-Боловсролын салбарт томоохон шинэчлэл хийгдэж эхлээд байна. Их сургуулиудыг нэгтгэх ажил явагдаж байгаа. Хамгийн гол нь сургалтын технологийг дэлхийн жишигт хүргэх явдал. Та сурч байгаа хүн. Энэ асуултад бэлэн л хариулттай байгаа байх?

-Тиймээ энэ бол маш чухал асуудал. Энэ засгийн газрын өнгийг чимж буй томоохон зорилтуудын нэг юм даа. Хөгжлийг хөдөлгөх хүч нь хүн өөрөө шүү дээ. Хөгжлийн дүрэм бол тодорхой. Энэ бол өрсөлдөх чадвар. Байгалийн ихээхэн баялагтай хирнээ хөгжиж чадаагүй улс орнуудын жишээг давтахгүй байх төрийн бодлогын хамгийн чухал зорилт бол  иргэдээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох, улс орноо дэлхийн түвшний боловсролын  орчинтой болгох  нөхцлийг  бүрдүүлэх явдал юм. Бидний хойч үе ирээдүйд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх тийм стандарт  шаардлагыг хангахуйц боловсролын салбарын шинэчлэлийг төрийн бодлогын хүрээнд  авч үзэж байгаад баяртай байнаа. Хамгийн чухал нь бодитой хэрэгжүүлэх л хэрэгтэй.

-Та намын их хуралдаа ирэх үү. Танайхан намынхаа нэрийг солих бодолтой байгаа. Энэ талаар таны бодол?

-Би намын бага хурлын гишүүн. Харамсалтай нь зарим нэг хуралдаанд Австралид байх цаг үе таарснаас оролцож  амжаагүй явдал бий. Цаашдаа цаг хугацаагаа төлөвлөж байгаад тасралтгүй оролцож байх бодолтой байна. Намын их хурлын хувьд ч мөн адил. Удахгүй тов зарлагдах биз ээ. Намын нэр өөрчлөхийн хувьд бол нилээдгүй хугацаанд  яригдаж байгаа асуудлуудын нэг л дээ. Миний ойлгож байгаагаар цаг хугацааны хувьд авч үзэх зайлшгүй шаардлагатай, нөгөө талаар намаас авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогын хүрээнд ч тавигдаж буй намын амьдралын тулгамдсан асуудлуудын нэг гэж  бодож байна. Намын их хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ л дээ. Би хувьдаа намын нэр өөрчлөхийг дэмжиж байгаа.

-Намаа шинэчлэнэ гэж үе үеийнхэн л ярьдаг. Жинхэнэдээ намын шинэчлэл яг одоо ямар түвшинд хүрсэн гэдэгтээ албан ёсны шинжилгээ дүгнэлт гаргадаггүй. Нэр солих бол дээл солих төдий хэлбэрийн асуудал биз дээ?

-Хэрэгтэй бол дээлээ солих ч гэсэн ажил л даа. Гэхдээ уучлаарай энэ бол зохимжтой адитгал бол биш. Намын нэр өөрчлөх тухай асуудлыг хэн нэгэн хүний хувцасаа солих төдиийтөй  харьцуулж болохгүй. Энэ намын 130000 гаруй гишүүд болон олон мянган дэмжигчдийн санал бодлыг хүндэтгэн үзэх шаардлагатай л даа. Намын шинэчлэлийн хувьд  энэ тийм амархан хийгдэх зүйл биш юм шиг харагддаг. Өргөс авах төдийн ажил бол бүр биш.
Шинэчлэгдэнэ өөрчлөгдөнө гэдэг өөрөө тасралтгүй үргэлжлэх процесс. Энэ процессыг хөнгөнөөр хараад үнэлэлт дүгнэлт өгөх учир дутагдалтай. Гадны өнцгөөс хараад бол бүр хэцүү. Гэсэн хэдий ч шинэчлэлийн тухай манай намын хувьд өнгөрсөн хугацаанд багагүй ярьж , хэлэлцэж ,  хэрэгжүүлж ирсэн боловч өнөөдөр нийгмийн сэтгэл зүй болон гишүүд дэмжигчид маань ч биднийг намын шинэчлэлдээ бусад улс төрийн хүчнүүдээс илүү манлайлагч байхыг хүсэж шаардаж бас найдаж байгаа нь үнэн юм.

-Мартсанаас танай намын хоёр хуучин дарга маргаантай байгаа. Намынхаа ёс зүйн байгууллагад нэг нь хандчихсан. Нөгөө нь тайлбараа гаргаж өгөөгүй байгаа. Та тэдний ярилцлагуудыг уншсан байх. Энэ талаар хувийн бодлоо хэлээч гэвэл хариулах уу?

-Тиймээ би уншсан. Бусад асуудлуудын  талаар тантай л адил  мэдээлэлтэй байна.Тэд бол хариуцлагатай хүмүүс.Тиймээс хөндлөнгөөс элдэв үг хэлэх бодол санал надад алга даа.

-Ер нь улс төрд таны оролцоо цаашид ямар байх юм. Дараагийн сонгуульд нэр дэвших үү ?

-Нэг талаар одоогоор энэ тухай ярих эрт байна.Нөгөө талаар маргааш юу болохыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг шүү дээ.

-Гэхдээ намтайгаа  харилцаа холбоотой байгаа биз дээ?

-Намын гишүүн хүн ямар харилцаатай байх шаардлагатай байдаг тэр хэмжээнд л байгаа .

-Сонгуулийн хуулийн талаарх байр суурийг тань бас сонирхмоор байна?

-УИХ-аас  сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг гарч улмаар төслийг хэлэлцэж  байх үеийн байдлаас харахад хууль тогтоогчид маань ихээхэн олон талаас нь шүүн авч үзэж байх шиг санагдсан. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Аливаа сонгуулийн тогтолцоо өөрөө эерэг сөрөг хоёр талтай байх бөгөөд манай орны онцлогт тохирсон хамгийн гол нь үндсэн хуулийн хүрээнд  шудрага ардчилсан сонгууль явуулахуйц тийм л тогтолцоог хуульчлан батлах болов уу гэж найдаж байна. Миний хувьд бол мажоритар болон пропорционалийн аль алиных шинжийг агуулсан хосолмол тогтолцоог ярьж  буй гишүүдийн саналыг анхаарч үзмээр санагддаг юм.   

-Зав зай гаргаж ярилцсанд байрлалаа. Танд амжилт хүсье?

-Танд ч гэсэн баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын их амжилт хүсье.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав