“Гурван сүүдрийн театр”-ын анхны уран бүтээл болох “Хөх тойрог”экзистенциалист драмын жүжиг хөшгөө нээх гэж байна. 

Энэ цаг дор тус жүжгийн төслийг санаачлагч, МЗХ-ны дэд ерөнхийлөгч, “Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн” Ж.Нямаатай ярилцлаа.

- “Гурван сүүдрийн театр” шинээр байгуулагдаж, “Хөх тойрог” хэмээх анхныхаа жүжгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Жүжгийг төслийг санаачлагчийн хувьд ямар агуулгыг олон нийтэд хүргэхээр зорьсон бэ? 

- Агуулгын тухай ярихын тулд жүжгийнхээ өгүүлэмжийн талаар хөндөх шаардлагатай болно. Мэдээж өгүүлэмжийн тухайд зохиолч, найруулагч хоёр илүүтэй мэдэж байгаа. Тэгэхээр бий хүмүүст хүргэх гэсэн санаа, уг жүжгийн санаагаар дамжуулан хөндөж байгаа асуудлыг эхнээс нь цэгцтэйгээр тайлбарлах ёстой болов уу. 

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл” маань “Нарны охид” хэмээх өсвөр насны охидод зориулсан үндсэн хэмжээний цогц төсөл хэрэгжүүлдэг. Үүнийхээ хоёр дахь давалгаа болгож, төслөө илүү өргөтгөж, олон нийтэд мэдрэмжээр нь дамжуулан хөндөж буй асуудлуудаа бодитоор хүргэж, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд энэ бүхнийг санаачилсан. Мөн дан ганц охид руугаа чиглэх бус залуучууд, залуу гэр бүлүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа хэлбэр. Өдгөө нийгэмд хамгийн ихээр ярьж, хэлэлцэж байх ёстой боловч гээгдчихээд байгаа хүмүүс хоорондын хамгийн хөндүүр сэдвийг гаргаж ирэх зорилгоор манай театрын уран бүтээлчид “Хөх тойрог” жүжгийг нийтэд хүргэхэд бэлэн болсон байна. Агуулгын хувьд нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлт зэрэг олон асуудлыг хөндөнө.  

- Төслөө анх хэзээнээс эхлүүлсэн бэ?  

-  2017 оноос хойш 10-19 нас буюу өсвөр насны охид руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сүүлийн үеийн судалгаагаар “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-аас өсвөр насыг 25 хүртэл гэж тогтоогоод байгаа. Эдгээр маань зөвхөн охидуудад зориулсан төсөл шиг сонсогдож магадгүй. Гэвч цаашлаад эдгээр өсвөр насны охид маань гэр бүл зохионо. Айл гэрийг өрхийн тэргүүнтэйгээ хамт авч явна. Хамгийн гол ийнхүү айл гэрийн хос багана болсон ирээдүй маань өсвөр насан дээрээ гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тогтсон боловсрол, эзэмшсэн мэдлэггүйгээс болоод маш их алддаг. Тэр бүхний ард хүүхэд, өөрсдөө ч мөн хохирч үлддэг. Ялангуяа манай Монголд энэ талаар огт мэдлэг, боловсролгүй хүмүүс олон. 

- Огтоос мэдэхгүй гэж зоригтой хэлж байгаа шалтгаан тань юу вэ? 

- Нийгэмд ил байна шүү дээ. Хүсээгүй жирэмслэлт газар авч байна. Хүүхдээрээ хүүхэд төрүүлчихдэг. Хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгө авдаг. Жил 10-14 насны 18 хүүхэд төрж байна гэхээр энэ эрүүл нийгэм мөн үү? 10 настай хүүхэд гэж бодохоор аймшигтай байгаа биз дээ. Бид дуугүй, гараа хумхиад, мэдэхгүй царайлаад сууж болохгүй. Ямар нэг зүйлийг хийх ёстой шүү дээ. 

Ерөөс дээрх бүхний шалтгаан нь гэр бүл төлөвлөөгүй, энэ тухай ерөөсөө бодоогүй байна гэсэн үг. Нөгөө талдаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар “А” ч үгүй байгаа юм. Үүнийгээ дагаад бэлгийн замын өвчин маш их гарч байна. Бидний ирээдүй өөрөө сүйрч байгааг бид анзаарахгүй юм шиг суусаар байх уу? Энэ бүгдээс үзэхэд нөхөн үржихүйн Эрүүл мэндийн боловсрол хаягдаад байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Анх уг төслөө эхлүүлж байх үедээ өмнөх жилийнх нь буюу 2016 оны судалгаанаас үзэхэд жилд 100 гаруй өсвөр насны охин хүчирхийлэлд өртсөн талаар албан мэдээ байсан. Тиймээс л сум, аймаг, дүүрэг зэрэг тус бүрд нь судалгаа авч байж төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Бид арван мянга гаруй хүүхэд уулзаж, ярилцаж, 1400 хүүхдээс захидал авч, 1000 хүүхдээс судалгаа авсан. Хамрагдсан хүмүүсдээ ч үр дүнгээ 100 хувь хүргэсэн гэж боддог. Дараа нь энэ бүхнийгээ нэгтгэж төрийн байгууллага, Боловсролын яамны төрийн нарийнд хүргүүлэх зэрэг албан уулзалтуудыг ч хийж шаардлага тавьж, хариулт нэхсэн. 

- Ямар хариу өгдөг вэ? 

- Та бүхэн санаа зовох шаардлаггүй, Бид Боловсролын яамны зүгээс хөтөлбөртөө шинэчлэл хийсэн. Эрүүл мэндийн хичээл ордог болсон, тус чиглэлээр мэргэжлийн багш нар боловсрол олгож байгаа гэдэг. Яг тэр талаар нь судлаад үзэхэд улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн 650 орчим багш бий юм билээ. Гэтэл манай улс хэдэн сургуультай билээ дээ. Энэ тоо хаанаа ч хүрэхгүй. Тэгээд ч Боловсролын яамнаас гаргасан тэрхүү “Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр”-ийг харахад нүүр улаймаар, ичиж үхмээр юм байдаг. Багш нартай судалгааны үүднээс ярилцахад ч энэ тухай хуудуугүй үнэнийг шууд хэлдэг. Хамгийн гол нь 2023 онд албан мэдээгээр жилд 400 хүүхэд хүчирхийлэлд өртөж байна гэсэн байгаа юм. Нөгөө Эрүүл мэндийн боловсролын шинэчлэл яав? Яагаад энэ тоо өсөөд байгаа юм. Ийм аймаар онгорхой, цоорхойд хаягдаад хүүхдүүд хохирч байна шүү дээ. Одоо бол 15-19 насны 1600 охин төрж байна гэсэн албан тоо бий. Бие физилогийн хөгжил нь ч гүйцэд явагдаж дуусаагүй байхад ингэж хохироод байгаа нь хэцүү. Бид ирээдүйгээ орхиж байна. Үүнд маш их эмзэглэдэг.  

Түүнээс гадна уг жүжиг маань сүүлийн үед хүнд саад болохгүй, зүгээр оршиж байдаг “гээгдсэн” ирээдүйн талаарх сэдвийг ч хөндөнө. Тэр нь хөдөлмөрийн үнэлэмжгүй, шөнө л ажиллахыг ажил олгогчдод санал болгодог, өөрсдийн дур зоргоор авирладаг, зүгээр л оршиж байдаг залуус олширч байна гэх санааг дүрүүдийнхээ үйл хөдлөл, зан араншингаар дамжуулан гаргаж ирэхийг зорьсон байгаа. Сэтгэхүйн хувьд зүгээр л орших мөн чанар дээрээ гацчихсан бүтэн үе бий болсоор байвал цаашид улс орон яах билээ.

- Тулгараад буй асуудал нь өнөөгийн нийгмийн тогтолцоотой шууд хамааралтай юм биш үү? 

- Мэдээж. Тиймээс л өөрчлөх, ямар нэг зүйл хийх, бүтээх шаардлагатай байгаа юм. Залуус маань хүүхэдтэй болоё гэхлээр нийгмийн ядуурал, санхүүгийн асуудалтай тулгардаг. Уг эрсдэлээс зайлсхийн тулд үр хөндүүлдэг. Энэ бүхнийг “Хөх тойрог” жүжигт хөндсөн. 

- Дээрх бүх асуудлыг жүжгээр, театраар дамжуулж хүргэх болсон гол шалтгаан юу байв? 

- Аливааг шууд тулгаж, сургамжлах нь өнөөгийн нийгэмд тохирохгүй. Тиймээс урлагаар дамжуулан хэчнээн хор хөнөөлтэй, ард нь юу хохирч, өөрсдөө ч хэрхэн золиослогддог болохыг урлагаар дамжуулан хүргэхийг зорьсон. Харин театрын тухайд гэвэл хүн тэнд илүү бодит үнэнтэй, бодит дүр зурагтай нүүр тулдаг. Тэнд асуудлыг зөвхөн гаднаас бус дотроос нь амьд халуунаар нь мэдэрч болно. Ингэж амьд харилцаанд мэдэрснээрээ зүрхэнд нь хүрч чадна. Ийнхүү хүрч чадсанаараа цаашлаад дээрх бүх асуудлуудаас ирээдүйгээ хамгаалах юм. Тус жүжгийг үзсэн нэг аав, ээж, ах, эх, найз нөхөд нь бусаддаа хэлж ярих, ойлгуулах болов уу гэж сэтгэсэн. 

Нөгөөтээгүүр хүн аливаа нэг сэдвийн талаар лекц тавилаа гэхэд удаандаа мартчихдаг. Ерөөс цаг явах тусам сонссон зүйлийн 10 хувь л хадгалагдаж үлддэг гэх судалгаа бий. Тиймээс театраар дамжуулж бусдад илүү бодитоор хүргэвэл тухайн хүний ухамсарт удаандаа 80 хувьтай ч үлдэх боломжтой гэж харж байгаа. Дээрээс нь жүжгийн дараа өмнө ярьсан асуудлуудыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Яг тухайн үед нь, үзэгчдийн мэдрэмж хөрөөгүй байхад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн талаар ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцож, цаашид хэрхэн нийгэмд илүү өргөн цар хүрээтэйгээр энэ бүхнийг зөв талаас нь ойлгуулж, мэдлэг олгох, цаашлаад төр засагт хүргэж, хуулиндаа юуг тусгах зэргээр ирээдүйдээ гэрэл нэмэх шийдлийн талаар хэлэлцэнэ. 

- Анх жүжгийн зохиолоо өөртөө хэрхэн нээсэн бэ? 

- “Гурван сүүдрийн театр”-ын найруулагч И.Оюун-Эрдэнэ бид хоёр танилууд. Олон жил урлаг, уран бүтээлийн талаар ярьж, нэг нэгэндээ хийж гэж буй ажлынхаа талаар танилцуулж, санал бодлоо солилцож явсан хүмүүс. Тэгээд найруулагч зохиолч Б.Сүнжидмаагийн бичсэн “Хөх тойрог” жүжгийн зохиолыг танилцуулсны дараа яг л миний хийдэг, бусдад хүргэхийг зорьдог зүйлсийг маань тэнд хөндсөн байсан учраас хамтран ажиллахаар болсон. Ер нь анх зохиолоо уншихад нөгөө л хөндүүртэй сэвдүүд, ярихгүй орхичихдог асуудлууд тэр чигээрээ байсан. Нөгөө өсвөр насны хүүхдүүдэд тохиолдог асуудлын дүр зургийг жүжгийн зохиолоос дахин олж харсан. Гэхдээ л тэдгээр оршихуйн аль аль нь зөв. Гол нь тэдгээр өсвөр насныханд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг бүр ч их анзаарсан. Манайд гэхдээ энэ өсвөр насны талаар нэг буруу ойлголт байдаг. 

- Тэр нь юу вэ? 

- Дийлэнх нь өсвөр нас гэхээр 16-18 гэж боддог. Энэ бол Монголчуудын ойлголтын маш том зөрүү, эндүүрэл. Гэтэл өдгөө нийгмийн хувьсал, шилжилтээс шалтгаалаад сэтгэл зүйн өөрчлөлтүүд нь арван наснаас эхлээд 25 нас хүртэл үргэлжилдэг болсон. Үүнийг “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-ын эмч нарын судалгаагаар тогтоосон нотолгоотой зүйл. Энэ бол хуучин 60-аад оноос хойш 90-ээд он хүртэлх нийгмээс ангид өөрчлөлт. Нийгэм, цаг үе хувьсан өөрчлөгдөх бүрт бид боловсролын хөтөлбөрөө тухай бүрд нь өөрчилж, нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдгээ төрийн бодлогын түвшинд шинэчэлж байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Монголд одоогоор нийгмийн сэтгэл зүйн суурь судалгаа байхгүй. Зүгээр л урсгалаар нь явуулдаг. 

- Ямар эмзэглэл, хөндүүрлэл таныг энэ ажлыг эхлэхэд хүргэсэн бэ? 

- Анх уг ажлаас сэтгэл зүйч найзтайгаа хамт эхлүүлж байсан. Тухайн үед бэлгэвч тарааж, спрайл тавиулж жирэмсэлтээс хамгаалъя гэх уриалга гаргасан. Учир нь өсвөр насны охидуудын олонх нь хэрхэн жирэмслэлтээс хамгаалах талаар ойлголтгүй байсан. Тиймээс ч үр хөндүүлэх болдог. Энэ нь өөрөө маш эрсдэлтэй. Үүнээс бол өндгөвчөө авхуулах, сав авхуулах, цаашлаад хэзээ ч үртэй болж чадахгүй байх, амь насаа ч алдах аюултай. Мөн эмнэлгийн процессоос шалтгаалан өсөх замын болоод цусны халдварууд тусах ч эрсдэл бий. Энэ бүхнээс олон залуу охидыг хамгаалах ёстой юм байна гэж шийдээд ажлаа эхлүүлсэн. 

Ингээд хөвгүүд, охидоос судалгаа авахад бүгд л буруу ойлголттой байсан. 80 хувь нь энэ талын мэдээллийг найз нөхдөөсөө асуугаад л шийдчихдэг. Мөн гэр бүлийнхнээсээ айх зэрэг янз бүрийн шалтгаанаар үр хөндүүлдэг. Тийнхүү судалгаан дээрээ үндэслээд мэдлэг олгох ёстой юм байна гэж нэг мөр шийдээд хорин нэгэн аймгаар явж, үндэсний хэмжээнд “Нарны охид” төслөө хэрэгжүүлэхээр зориглосон доо. 

- Үр хөндөлт гэдэг өөрөө их эмзэг сэдэв шүү дээ...

- Өнөөгийн шинэ зуунд бол гэр бүл болно, үр хүүхэд төрүүлнэ гэдэг асар өндөр хариуцлага, ёс зүйн асуудал. Энэ нь зүгээр л жамаараа өрнөдөг үйл явц биш. Үнэхээр эцэг эх болох ёс зүйгүй бол хүүхэд туйлын бэрх амьдралыг туулж, хохирч үлддэг. Гэртээ цоожлуулсан, өлбөрч үхэхийн даваан дээр асрамжийн газрынхан олж авсан гэх мэт аймшигтай жишээнүүд олныг дурдаж болно. Тэгэхээр хэчнээн эмзэг сэдэв байлаа ч гэсэн Үндсэн хуулинд “Иргэн бүр амьд явах эрхтэй” гэсэн байсан шиг хуулиндаа “Монгол Улсын иргэн бүр нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсролыг мэддэг байх үүрэгтэй” гэдэг ч юм уу заалт оруулах ёстой болов уу. Хүнд “эрх” байгаа бол “үүрэг” бас бий шүү дээ. Тэгж байж бид эрүүл саруул хүүхэд төрүүлж, өсгөж, элэг бүтэн гэр бүл, өнчрөл хагацалгүй нийгмийн бүтээж чадах биз гэж санадаг. 

Гэхдээ үр хөндөлтийн асуудал дээрх зарчимтай бас мөргөлддөг. Учир нь хууль бус гэж үздэг. Энэ бол жүжгийн дараах хэлэлцүүлгийн маань голлох сэдвийн нэг. Жүжиг үзсэн хүмүүсийн сэтгэхүй уг асуудалд хэрхэн хандахыг олон нийтийн болоод төрийн байгууллагын төлөөл, сэтгэл зүйчид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Үүнийгээ зөвхөн жүжгийн дараа ч бус есөн дүүрэг, 21 аймагтаа ч мөн хийхийг зорьж байгаа. Ярьж, дуугарахад маш хүнд сэдэв мөн. 

- Нөгөө талдаа манайхан олуулаа болох ёстой гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд төрөлт маш ихээр буурч байгаа...

- Тийм. Жилд 5000 орчмоор буурсан. Төрөлт улам буурч байна гэдэг маань Монгол Улс ядуураад байна гэсэн л үг. Үнэнийг хатуухан хэлэхэд эдийн засгийн чадамжгүй учраас иргэд “Өөрсдийгөө яая гэж байж хүүхэд гаргаад яахав” гэх хандлага их байгаа. Мөн өсвөр насныхны хүчирхийллээс үүдэлтэй төрөлт газар авсан. Яг энэ урсгалаараа явах аваас хүүхдээ сэтгэл амар үлдээх үндэсгүй аймшигтай нийгэм байгаа биз дээ. Үндэсний аюулгүй байдалд энэ бүхэн нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн.

- Ер нь Эрүүл мэндийн боловсролд иргэд өөрсдөө хэрхэн ханддаг вэ. Нэг л гоё нэр байгаад байдаг шүү дээ...

- Эрүүл мэндийн мэдлэг бол хүн насан туршдаа суралцдаг цорын ганц боловсрол гэдэг. Түүний боловсрол нь хаанаас эхлэх вэ? За, яахав хүн бол багаасаа гар нүүр, ам шүдээ угаах зэрэг бага ангиасаа боловсрол олдог. Энэ нь байгалийн дадлаараа сурчихаж байгаа үйлдэл. Гэтэл нөхөн үржихүйн асуудал, бэлгийн боловсрол бол байгалиараа сурдаг боловсрол биш юм л даа. Тэгэхээр хүн яалт ч үгүй өндөр ёс зүйтэйгээр сахин мөрдөх ёстой боловсрол гэж би хардаг. Тиймээс үүнийг жүжгээрээ ч тэр, төслөөрөө ч тэр дамжуулж улс даяар олгоно гэж боддог. Ингээд 5 эсвээс 10 жилийн дараа гэр бүл салалт, үр хөндөлт зэргийн тоо яаж багассан байх вэ, хүн амын эрүүл мэндийн боловсрол хэрхэн өссөн байх бол зэрэг сайхан мэдээг дуулъя гэх аваас бид өнөөдөр ичиж зоволгүйгээр энэ талаар ярьж, хэлж, ойлгуулж байх ёстой. 

- Таны ярьснаас ажиглахад жүжгийн дүрүүд илүүтэй сэтгэл зүйн дотоод тоглолт дээр суурилсан шиг санагдлаа. Ер нь хөшиг хаагдасны дараа театрт ирсэн үзэгчид ямар бодолтой, юуг өөртөө шингээсэн байх бол. Төсөөлөл байгаа юу? 

- Би ингэж бодож байна. Зарим нь уйлах байх. Магадгүй зарим нь уртаар санаа алдаж мэднэ. Өөрсдийн үр хүүхэд, найз нөхөд, танилууд маань яаж байгаа бол, юу билээ, асууж ярилцъя гэж бодож ч магадгүй. Нөгөө талаас бид төрж, үхэх нь үнэн боловч үхлийнхээ дараа хэрхэн орших вэ гэдгийг сэтгэл зүйн талаас задлан шинжилж харуулах учраас өөрийнхөө оршихуйг нэлээд төнхөх болов уу. 

- Та өөрөө театрын урлагийн талаар ямар бодолтой байдаг вэ. Ер нь яагаад театр луу зорьдог бол. Тэдгээр шалтгаануудтай “Гурван сүүдрийн театр”-ын баримталж буй зарчим нийцэж байгаа юу? 

- Мэдээж нийцэж байгаа. Би хошин шогийн жүжиг үзэх үнэхээр дургүй. Би драмын театрыг зорьж жүжиг үзэх үнэхээр дуртай. Өдгөөгөөс 15 жилийн өмнө Улсын Драмын Эрдмийн театрыг зорьж, тэнд жүжиг үзсэн мэдрэмж, тэндээс олж өөртөө нээсэн бүхэн минь одоо ч хэвээрээ, арилаагүй байдаг. Тиймээс багийнхантайгаа тун сайн ойлголцсон. Дээр нь нэмээд хэлэхэд би говийн хүн л дээ. Шүлэг, өгүүллэг бичих дуртай. Говь нутагт өссөн учраас хөдөө ахуйнхаа таана хөмүүлийн үнэр, ингэ, ботгоны буйлаан, нар мандах агшин гээд л олон сайхан зүйлсээр тэтгэгдэж, тэжээгдэж бүтээлээ туурвидаг. Тиймээс урлагаас илүү ойр мэдрэмжийг олж авдаг. 

- Говийн тэр ээрэм тал, элчилгүй уудам орон зайд өссөн хүн илүүтэй бодож сурдаг, гунигаа залгиж, хөндүүрэл, эмзэглэлээ тэвчиж сурсан шиг санагддаг. 

- Өглөө нар мандахаас авахуулаад л говь тэр чигээрээ үзэсгэлэн. Шөнийн сар, одод гээд л бүхий л юмс нь төгс санагддаг. Гэвч би говь нутгийнхаа уужуу сайхан мөн чанарыг дотроо оршоогоод байж чаддаггүй. Магадгүй ганцаардаж, шаналдаг, эмзэглэдэг сэтгэлийн орон зай хэн бүхэнд бий л байх. Надад ч бий. Тэр л эмзэглэл, аливаа асуудлын талаар ярьж хэлэхгүй л бол болдоггүй, заавал дуугарах ёстой гэх зоригоос үүдэлтэйгээр уг жүжгийг, төслийг хэрэгжүүлэхээр зорьсон байх. Тиймдээ ч хөшиг хаагдасны хойно баяр жаргалтай гэхээс илүүтэй эмзэглэлийг дотроо тээж магадгүй. Гэхдээ тэр эмзэглэл чин үнэн юм. Түүнийг л “Хөх тойрог” жүжиг ил болгоно, илчилнэ. 


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав