Зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзанын “Тэнгэрийн судар” буюу “Монголын нууц товчоон”-ы цохолборууд бүтээлийг Казахстаны “Фолиант” хэвлэлийн газар эрхлэн гаргаж казах хэлт уншигчдын хүртээл болгожээ. Тус бүтээл бол судалгааны гэхээс илүүтэй уншигчийн байр сууринаас, зохиолчийн логик сэтгэлгээгээр бичсэн тул буруу, зөв хэмээн дүгнэх аргагүй. Харин бусад орны домог зүй, мэдээлэл, түүхэн зохиолуудтай харьцуулан судалж сонирхолтой дүгнэлт гаргаснаараа чухам үнэ цэнтэй бүтээл юм. Ийнхүү шинээр орчуулагдсан номынх нь тухай зохиолчтой уулзаж ярилцлаа.  

- Таны “Тэнгэрийн судар” буюу “Монголын нууц товчоон”-ы цохолборууд бүтээл Казах хэл дээр хэвлэгдэн гарсанд баяр хүргэе. Юуны учир заавал эл бүтээлээ Казахстаны уншигчдад хүргэхээр болов. Таны шийдвэр байсан уу, цаад талаас энэ саналыг тавьсан уу?

- Баярлалаа. Боломжоороо товчилж ярихад, Астанад болсон Азийн зохиолчдын форум дээр Казахстаны Ардын уран зохиолч асан Хавдеш Жумадиловын хэлснээр Монгол болон Казахын түүхийн эх сурвалж бол ер нь адилхан, энд өрөөсгөл түүх ч бий хэмээсэн утга бүхий эшлэл хэлсэн юм. Тухайн үед Казахстаны цахим сүлжээгээр энэ талаар нэлээд маргаан дэгдэж байлаа. Түүний дараа би Р.Сураган анддаа “Одоогоос 800-аад жилийн өмнө монгол хэлээр бичигдсэн, нүүдэлдчийн хүчирхэг төрт улсыг үндэслэгчийн амьдралыг маш дэлгэрэнгүй харуулсан, хосгүй үнэ цэнтэй эх сурвалж байдгийг Казахстанд тийм ч сайн дэлгэрээгүй бололтой. Ер нь чи “Монголын нууц товчоон”-ы тухай миний энэ номыг орчуулбал яасан юм бэ?” гэсэн санаа хэлсэн юм.

Р.Сураган маань яг ковидын жил “Тэнгэрийн судар”-ыг орчуулсан. Казахстаны зохиолчдын эвлэлийн “Жүлдыз” сэтгүүл хэвлэхээр болсон ч, бас л аахар шаахар саад гарч хойшлогдоод байв. Харин энэ онд “Фолиант” хэвлэлийн газар тэр орчуулгыг хэвлэчихлээ.

- Мэдээж тус номын үг хэллэг, хэл найруулгын хувьд өөр хэлээр орчуулахад тийм ч хялбар биш болов уу. Орчуулгын ажил болоод дуун хөрвүүлэгчийн тухайд...

- Нүүдэлчин гарвалтай хүмүүст харьцангуй ойр тусна л даа. Казахстанд Жочийн удмынхан, бас Эзэнт гүрний задралын үеэс тэнд суурьшиж исламжсан монголчуудын хойчис нэлээд байдаг. Зөвлөлтийн үед “Монголын нууц товчоон”-ыг Козины орчуулгаар уншсан сэхээтнүүд ч олон. Тэдний хувьд өнөө цагийн монгол зохиолч энэ бүтээлийг хэрхэн уншиж, зарим зүйлсийг хэрхэн тайлсан нь сонирхолтой байх болов уу гэж Сураган бид хоёр найдсан юм. Орчуулагч маань Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, нэгэн үе Баян-Өлгий дэх Зохиолчдын эвлэлийн салбарыг сэргээж, өөрөө удирдаж байсан, мэдрэмжтэй сайн яруу найрагч бий. Казахстанд маш нэр хүндтэй, орчин цагийн казах хэлт яруу найргийн нэг том төлөөлөгч болсон хүн. Одоон хүүхдүүдтэйгээ Астанад амьдраад байна уу даа.

- Номын үзэл санаа хийгээд Монголын уран зохиол, түүхийн сор болсон бүтээлээс чухал хэсгүүдийг түүж, өөрийнхөөрөө задлан шинжилсэн нь зохиолчдод илүү хэрэгтэй, судалмаар ном болсон байсан. Энэ талаар?

- Миний хувьд эртнээс, 2003 оны хавиас цохолборлож эхэлсэн. Олсон санаагаа бишгүй л ярьж хуваалцсан даа. Сүүлдээ давхардсан үзэл бодолтой өгүүллүүд энд тэнд гарчих тохиолдол нэг бус таарсан тул, 2016 онд анх ном болгож хэвлүүлсэн юм. Би бол уран зохиолын хүний, уншигчийн байр сууринаас л бичсэн ч академич Д.Төмөртогоо гуай “Судалгааны өвөрмөц ажил” болж гэж дүгнээд ихээхэн урам өгсөн учраас анх гарснаас нь хойш одоо гурав дахь удаагаа дэлгэрүүлж шинэчлээд байгаа.

- Таны хувьд “Бөөгийн домог”-оос авхуулаад шүлэг, бүтээлүүдээ гадны уншигчдад цөөнгүй удаа эх хэлээр нь танилцуулж байсан. Ер нь гадны уншигчид хэрхэн хүлээж авч, санал сэтгэгдлээ илэрхийлдэг вэ?

- Казахстанд урьд нь “Цасны роман” зохиол маань Х.Жүкелийн орчуулгаар гарсан. Зохиолчдын хүрээнд нь дажгүй сайн уншигдаж, олон зохиолч намайг эчнээ мэддэг болсон байна лээ. Ер нь миний зохиолуудаас “Бөөгийн домог”, энэ хоёр л овоо хэдэн хэлээр хэвлэгдлээ. Тиймээс одоо “Тэнгэрийн судар” Казахстаны уншигчдад хүрсэнд олзуурхаж байгаа. Хэрхэн хүлээж авах нь хамаагүй, монголчуудын ч, казахуудын ч хувьд олон ойлголтыг дөхөмчилсөн, үнэ цэнтэй ажил болов уу гэж бодож байна.

- Таны “Бөөгийн домог” роман нэлээдгүй олон хэл дээр орчуулагдсан. Хамгийн сүүлд та Белградын Олон улсын Номын Яармагийн гол асар “Иво Андричийн танхим”-д романых нээлт болсон шүү дээ. Тэд ном, утга зохиолын боловсролд хэрхэн хандаж байна вэ?

- Өө, сайхан ханддаг юм билээ. Гайхалтай хүлээж авсан, сайхан нээлт болсон. Сайн ч уншицгаасан байсан.

- “Belgrade Book Fair” бол Балканы бүс нутаг дахь эртний уламжлалтай, хамгийн том соёлын арга хэмжээ. Ингэж олон жил тус арга хэмжээг тасалдуулалгүй авч явсан хамгийн том шалтгаан нь юу юм бол. Та тэнд очоод энэ талаарх ямар нэгэн хариулт, эргэцүүлэлтэй үлдсэн үү?

- “Мишээл экспо” шиг 6-7 том асар пиг хүнтэй, эргэн тойрны замууд пиг түгжрэлтэй. Хаана нь юу болж байгааг тоймлох ч боломжгүй юм шиг санагдсан шүү. Цар хэмжээгээрээ Европт Франкфуртын яармагийн дараа ордог том баяр болохоор аргагүй л даа. Югослав гэж Балканы бүс нутгийг дамнасан холбооны томоохон улс байснаас хүмүүсийн оюун санаанд үлдсэн хамгийн тод ул мөр нь тэрхүү Номын яармаг юм шиг байна билээ.

Хүмүүсийн дурсамж, улс орны түүх, үндэстний онцлогийг илэрхийлж байгаа үнэ цэнийг нь бүгд хүндэтгэдэг учраас л тэр үйл ажиллагаа Сербийн хүнд хэцүү цаг үед ч унтарчихаагүй, улам амьд асаж үлдсэн байх.

- Та ер нь гадаадад хэвлэгдсэн номынхоо баяр очихдоо хэрхэн төлөвлөж, өөрийгөө бэлддэг вэ. Тэнд очиход хамгийн чухал нь юу байдаг вэ?

- Нэг их бэлдэх ч юу байх вэ дээ. Францаар гарсан “Бөөгийн домог”-ийн нээлтийн уулзалтууд гурван улс дамжиж сарын хугацаанд үргэлжилсэн. Гарсан даруйд аваад уншчихсан хүмүүс л тийм уулзалтуудад ирдэг, санаанд оромгүй, гэнэтийн зүйлс их асууцгаадаг юм билээ. Тиймээс номынхоо хэсэг бүрийг өөрөө сайн санаж байх нь л хамгийн чухал санагдсан.

- Ер нь номын баярын цаадах ая холбогдол, улс үндэтсэн өөрсдийн гэсэн номын баяртай байхын үнэ цэнийг хэрхэн тунгаадаг вэ?

- Ном гэдэг аль ч ард түмний хувьд сэтгэлгээний дээд хэмжүүр нь шүү дээ. Дэлхий даяарх монгол угсаатан арав шахам саяар тоологдоно гэдэг. Гэхдээ монгол хэлээ амьд хэрэглэж яваа нь гэвэл ердөө бид л байна. Бид өөрийн гэсэн улс оронтой, ямар ч нарийн шинжлэх ухаан, ямар ч сэтгэлгээний утга зохиолыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах амьд эх хэлтэй. Үүгээр маань биднээс гадна Өвөрмонгол, Буриад, Халимагууд ч бахархдаг. Тэгэхээр монгол номын баяр бол дэлхийн монголчуудын оюун санааны баяр, бас манай тусгаар тогтнолын чухаг нэгэн бэлгэдэл гэж би боддог.

 

- Цаашид “Тэнгэрийн судар”, “Бөөгийн домог”-ийг өөр хэл рүү орчуулж гаргах төлөвлөгөө байгаа юу?

- Надад ч ямар юмных нь төлөвлөгөө байх вэ дээ. Орчуулах хүн, хэвлэх газар олдох эсэх нь гагц надаас хамаарах зүйл ч биш. Монгол хэлээс дэлхийн том хэлүүд рүү бүтэн роман орчуулчих хэмжээнд мэргэшсэн орчуулагч өнөөхөндөө ховор байна. Бас Монголын уран зохиолыг сонирхох хэвлэлийн газар ч гадаад улсуудад цөөхөн. Харьцуулж ганц жишээ дурдахад, Хятадын зохиолчид орчуулагчаа олчихвол номыг нь хэвлэх газрууд баруунд бэлэн байдаг. Учир нь Хятад том үндэстэн, хүчирхэг орон учраас сайн л уран зохиолтой байж таарна гэж барууныхан боддог. Бас Хятадын соёлыг сонирхогчдын хүрээ дэлхий даяар өргөн, өдөр ирэх тусам л нэмэгдэж байгаа. Монгол бол тийм биш шүү дээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав