Нарансэвстэй боомтыг дахин байгуулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Уг асуудлаар нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяа залуу үеэ тэргүүлэн өргөдөл гаргасан юм. Албаныхны зүгээс тус боомтыг нээх нь эдийн засгийн болон газарзүйн байрлалын хувьд эерэг үр нөлөөтэй хэмээн үзэж байгаа бол нөгөө талдаа Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко систем бүхий говийн дархан цаазат газар, тэдгээр бүсэд нутагладаг ховор ан амьтдын амьдрах орчин сөрөг нөлөөтэй хэмээн судлаачид хэлж байгаа билээ. Энэ талаар Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа. 

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нарансэвстэйн боомтыг нээх, сэргээх” тухай тусгагдсан. Гэвч уг шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-аас асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулагдсан. Та Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн нэг төлөөлөл. Эсэргүүцсэн гол шалтгаан тань юу вэ?

- Нарансэвстэйн боомт нээгдэх нь Алтайн өвөрт орших Говийн их дархан газрын хувь заяатай холбоотой учраас л эсэргүүцсэн хэрэг л дээ. Тэр онгон дагшин газар нутгийн давтагдашгүй гайхамшгийг бахдаж, биширч, сүсэлж явдаг хүний хувьд тэр хэвээрээ байгаасай л гэсэн чин хүсэл байна. Өнөө энэ газар дэлхий дээр чинь шуналт бидний балмад хөлд талхлагдаагүй онгон зэрлэгээрээ үлдсэн газар нутаг гэвэл мөсөн тив Антриктид байна. Амозонкийн ширэнгэнд, Сахарт, бас Сибирийн Арктикт бага зэрэг юм үлдсэн. Манай Алтайн өвөр говьд бас жаахан газар байна. 

Гэхдээ манай Алтайн өвөр говь бол Сахарын цөл биш, Сибир ч биш, өөр хаана ч байхгүй давтагдашгүй өвөрмөц онцлогтой. Сая сая жилийн өмнөх дүр төрхөө хадгалж нуусан, үлгэр домгийн мэт тийм л оршихуй юм. Уултайгаа, устайгаа, говь, элс, хад чулуутайгаа, тэнд амьдардаг өнөөх мазаалай, хавтгайгаас авхуулаад олгой хорхой, шар аалз, арваалж, заг сухай гээд зөвхөн тэнд л амьдардаг, ургадаг хэдэн арван төрлийн амьтан, ургамалтайгаа, зэрэглээ, элсэн шуургатайгаа хүртэл бүхэл бүтэн ер бусын амьд цул ертөнц байна. Түүнийг л цулаар нь, хэвээр нь үлдээхсэн гэсэн хүслээс өөр юм алга даа.

-Нарансэвстэйгээр боомт нээгдэхээр яагаад говийн их дархан газрын эко системд сөргөөр нөлөөлөх вэ. Дархан цаазат газрын хилд огт халдахгүй гэж мэдэгдэж байгаа? 

-Өмнөөс мэлтийтэл харж байгаад л худлаа ярьчихдаг хүний өмнө яах учраа олохгүй болчихдог доо. Тийм л юм болохыг шахаж байна. Наадах чинь бүр оргүй худал. Дархан цаазат газрын баруун ба баруун өмнөд хил нь Монгол Улсын хилтэй давхцдаг. Тэгэхээр тэнгэрээр л тавих гээгүй юм бол дархан газарт огт халдахгүйгээр зам тавих ямар ч боломжгүй. Эсвэл хилийн цаагуур хятадын нутгаар тавих гэж буй бол түүнээ хэлэх хэрэгтэй. 

- Дархан газрын захаар 500 орчим метр өргөнтэй коридор гаргаад тавьчихна гэсэн шүү дээ?

- 500 метр ч бай, таван метр ч бай, Дархан газрын хил хязгаарын дотор л явж таарна. Гэхдээ манай нөхдүүд эхлээд 50 км өргөнтэй 250 км урттай коридор чөлөөлөх тухай  ярьж байсан юм. Тэр нь сая гаруй га хэмжээтэй бөгөөд, дархан газрын нийт талбайн тавны нэг хувийг тасалж авна гэсэн үг болно. Эсэргүүцээд ирэхээр одоо хэдхэн л метр гэх болсон. Гэхдээ хэдхэн метр өргөнтэй коридорт зам тавих боломжгүй.

-Яагаад?

- Монгол Улсын хилийн тухай хуулиар бол “хилийн зурвас” гэдэг нь торгон хилээс дотогшоо 15 км өргөнтэй зурвасыг хэлдэг. Энэ зурваст хэн дуртай нь барилга байгууламж, зам бариад байх боломжгүй. Яахав, төр засаг нь хуулиа зохицуулж болох ч бас нэг асуудал бий нь газар нутгийн онцлог. Энэ бүс нутгийн байгалийн онцлогыг мэдэхгүй хүмүүс Дорнодын талтай адил юм шиг ойлгоод яриад байгаа юм. Дорнодын талд бол хилийн шугам дагуулаад зам жирийлгэчихэж болно. Харин Дархан газарт бол боломжгүй, үргэлжилсэн аварга элсэн манхан нь ч байна, машин бүү хэл хүн явахад ч бэрх хад бартаатай уулс ч бий. Зарим газар нутгийн гүн лүү нэлээн хэдэн км цөмрөх ч шаардлага гарах байх. 

- Дархан газрын хилийн дагуу нарийн коридор гаргаж зам тавьснаар байгаль, амьтдад ямар сөрөг нөлөө гарах вэ?

- Яг тэр зурвас газарт нь мазаалай, хавтгайн ундаалдаг хэд хэдэн баянбүрд, уст цэг бий. Бас мазаалайн амьдардаг бүс нутаг нь дархан газрынхаа баруун захыг барьсгээд хил талдаа байдаг. Хавтгай ч ялгаагүй. Уг нь бид энэ ховор нандин амьтдынхаа амьдрах орон зайг тэлж чаддаггүй юм аа гэхэд хороодоггүй баймаар... Тэдний амьдрах сүүлчийн орон зай нь шүү дээ. Тэдний орших эсэх хувь заяаны дэнс хүмүүс биднээс шууд хамааралтай болчихсон байна. 

Дээр нь Нарансэвстэйгээс Цогт сумын төв хүртэл 450 гаруй км. Түүний 350 км нь дархан газрыг захалж явсаар Ээж хайрхан хүрнэ. Энэ хэсэгт замыг усгүй, байгалийн эрс тэс хүнд нөхцөлд тавих болно. Хэдэн жилийн туршид тэнд хүнд техник хүжигнэж, тоос бужигнуулахыг мэдэхгүй. Дарханы 200 км замыг тавих гэж юу болов.  Энэ хооронд хүчирхэг машин техникийн байтугай хүний бараа хардаггүй тэр амьтад хэцүүднэ дээ. Дээр нь говийн хөрс маш эмзэг. 20 жилийн өмнө явсан машины мөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл доороос түрж гарч ирэх үндэс бага гэсэн үг. Тэр эмзэг хөрс эвдэрвэл юу болохыг хэлэхэд бэрх. Эдийн засагч, доктор Г.Ганзориг "Нарансэвстэйн боомтоор зам тавьснаар байгаль орчинд 30,37 их наядын хохирол гарах эрсдэл байна" гэж тооцоолсон. Яахав, ирээдүй хойчид үнсэн цөл үлдсэн ч яахав, энэ цаг үедээ хэдэн төгрөг л олоод сайхан амьдарчихъя гэж буй хүнд бол энэ асуудал биш л дээ. 

Хэрвээ мазаалай устчихвал тэр амьтан тэгээд “Хүн төрөлхтөн минь, үүрд баяртай” гээд явчихна. Яагаад гэвэл өөр хаана ч байхгүй. Зөвхөн тэр дархан газарт 50 орчим л үлдсэн. 

- Мазаалай, хавтгайг хүнд дасгаад, үргэхгүй болгож, масс туризм хөгжүүлээд, говийн малчид тэмээнийнээ хоормогийг зарж, ашиг олох бололцоотой юм биш үү? Тийм яриа гарсан.

- Бас л боломжгүй зүйл ярьж байна. Тэр мазаалай, хавтгайгаа хүнд дасгах гэсээр байтал өнөө хэд нь үхчих биз. Тэд чинь хүний бараа хардаггүй амьтад. Сэжигч, үргэмтгий гэж жигтэйхэн. Нэг үргэхээрээ 70 км хүртэл ойлж дайжиж байна. Тэгэж ойж дайжсаар яваад очих газаргүй болж, цочирдоод юу ч болж болно. Тийм л онгон зэрлэгээрээ байгаа амьтад. Африкийн Сиренгетийн дархан цаазат газарт жуулчид машинтайгаа арслангууд дотор яваад, зураг аваад, нөгөөдүүл нь нүдэн дээр нь бафоло үхэр, эрээн тахь барьж идэж байгааг үзэж сонирхоод явдаг шиг л юм төсөөлөөд байгаа юм. Тэгэх боломжгүй. 

ГИДЦГ онгоноороо байгаагийн, мазаалай, хавтгай тэнд одоохондоо тэсээд үлдсэний гол үндсэн шалтгаан нь хүн хар тэр бүр явдаггүй, явах боломжгүй, тийм эзгүй атартаа, дэд бүтэцгүйдээ байгаа юм шүү дээ. Юун масс туримз хөгжүүлэх вэ? Тийм оролдлого хийх аваас тэгээд тэр газар нутаг, ан амьтдаа шулуухан цаазын тавцанд гаргачихаж буй явдал болно. Тэгээд ч тийшээ газар маш сайн мэддэг хүмүүс, бензин, усаа ачиж аваад явдаг газар. Хэдэн зуун км-т хүний бараа харах боломжгүй. Тийш яваад машин тэрэг нь суугаад хатаж үхсэн тохиолдлууд ч бий.

- Тавих замынхаа дотор талаар тор татаад, тэр бүр дуртай нь дархан газар луу орох боломжгүй болгочихно гэж мэдэгдэж байгаа шүү дээ?

- Нэг бол тор татна, эсвэл масс туризм хөгжүүлж хүн хард үзүүлнэ л гээд байгаа юм. Тэр зам маань хилийн дагуу явж байгаад Өргөстэйн заставын араар гараад, Шивээт хайрханыг өвөрлөн, Тахилт өндрийг арлан явсаар Ээж хайрхан хүрэх юм билээ. Бараг Ээж хайрхан ортол замынхаа дотор талаар тор татах хэрэг гарна. Тэгэхгүй бол дархан газар луу машинтай хүмүүс дураар давхина. Зүгээр нэг ан амьтан, байгаль үзэх гэсэн сонирхлоос гадна тийшээ чинь алт, чулуужсан мод, эртний амьтдын чулуужсан яс, янз бүрийн өнгөт чулуу, эмийн ховор нандин ургамал гээд юм юм бий. Энэ бүхнээс хамгаалаад торлочихоор яах вэ гэхээр хойшоо Алаг нуур, Аж Мянганы говь, түүний хойно залгаа байх Өвөр Говь-Хонин уснаас нааш цааш сүлжих хулан, хар сүүлт зэрэг амьтдын популяци таслагдах аюул бий. 

ус боомтын замыг ашиглалтад оруулснаар хятадын дотоод муж болох Ганьсутай шууд холбогдож эдийн засгийн хувьд маш их эерэг үр дүн гарна хэмээн тайлбарлаж байна. Энэ нь хэр бодитой вэ? 

- Бас л их эргэлзээтэй. Учир нь Ганьсу муж нь хятад дотроо хөгжлөөрөө сүүл мушгидаг муж. 31 мужаас 2022 онд 30 дугаар, 2023 онд 31 дүгээр байрт орсон. Энэ мужаас иргэд нь өөр муж руу дүрвэх үзэгдэл ч түгээмэл юм билээ. Тэгээд ч Ганьсу мужийн манайтай хил залгаж буй умард хэсэгтээ аж үйлдвэржсэн болон худалдааны нэг ч томоохон хот суурин байхгүй. Мужийн төв болох Ланжоу хот нь манай хилээс буюу Нарансэвстэйн боомтоос даруй 1000 орчим км зайтай. Нарансэвстэйгээр даваад цаана нь манайхны Жа ламын тухай “Ичээнд нь” киногоор мэддэг Мазушан уул бий. Тэнд хятадын цэргийн хориотой бүс байдаг. Түүнээс баруун тийш өнөөх хятадын цөмийн туршилт хийдэг Лоб нуурын бүс бий. 

Дээр нь манайхан Ганьсугаас яг ямар бараа таваарыг хямд үнээр оруулах боломжтой вэ? Мөн эргүүлээд тийш нь ямар бараа бүтээгдхүүн экспортлох боломжтой талаар одоо болтол ямар нэгэн тоймтой мэдээлэл судалгааг Боомт нээх талынхан танилцуулахгүй байгаа. Нефт шатахуун импортлох боломжтой гэж байгаа. Гэхдээ түүнийг заавал Нарансэвстэйгээр оруулахгүйгээр Бургастайгаар ч оруулж ирэх боломжтой.

-Нарансэвстэйгээр боомт нээвэл хилийн цаахна өрнө, дорныг холбосон торгоны замын үзүүр зурайж байгаа гэх юм. Бид тэр хөгжлийн замыг алсаас ажаад сууж байгаа юм биш үү?

-Газрын зураг дэлгээд харвал маш тодорхой. Үүнийг ойлгоход ЕБС-ийн газарзүйн хичээлийн түвшний мэдлэг ч хангалттай. Торгоны зам нь Хятадын төв мужаас гарч, Ганьсугийн коридороор дамжин Шинжаан, тэндээсээ Дундад Ази, тэгээд Бага Ази болон Европ руу гардаг эртний зам, одоо ч бий. Одоо бол харин өндөр хурдны хоёр паралель хос зам, мөн төмөр замтай болсон. Тэр паралель хоёр замын монголын хилд ойр замыг нь G7 гэж кодолсон. Нөгөөх нь G30. Энэ хос зам зарим газраа хэдхэн км, зарим газраа 100 гаруй км зайтай. 

Энэ G7 гэдэг хурдны зам руу монголын хэвтээ тэнхлэгийн Ховд, Өлгий ордог засмалаас хамгийн бага буюу 470 гаруй км зам туулаад очих боломжтой боомт нь Бургастай юм. Харин Алтай хотоос Нарансэвстэйн боомтоор явбал 700 гаруй км явж хүрнэ. Аль нь ойрхон байна вэ? Тэгээд ч Дундад Ази руу, Өрнө дахин луу нэвтрэхийн тухайд бол Бургастайгаар явсан нь Нарансэвстэйгээр явснаас бүр 1000 орчим км татуу.

-Тэгвэл яагаад Бургастайн боомтыг ашиглахгүй байгаа юм бэ?

-Харин тийм. Нарансэвстэйн боомт нээхийг дэмжигчдийг хардаад байгаа гол шалтгаан чинь наад асуулттай чинь холбоотой. Одоо ч Цээлийн Төмөртийн ордны төмрийн хүдэр Бургастайгаар зөөгдөж л байна. Бургастайгаа засмалтай болгочихвол энэ яриад байгаа Хөгжлийн замын асуудал илүү ашигтайгаар шийдэгдэх боломж бий гэж харж байгаа. Яагаад гэвэл манай хөндлөн тэнхлэгийн замаас Нарансэвстэй ортол 640 км, харин Бургастай ортол 320 км. Дээр нь Нарансэвстэйн зам нь усгүй, нэг ч хүн амьтангүй газраар 400 гаруй км явна. Дугуй хагарвал нөхөх, бензин сэлбэх ч газаргүй. Тэр халуун эзгүй говьд хэн очиж зам сахиж хэвтэхийг бүү мэд. Дээр нь дархан газрын нутгаас өм цөм тасалж авснаар байгаль орчинд нэн халгаатай, эдийн засгийн ашгийн хувьд эргэлзээтэй. Ийм бодит байдал байхад заавал Нарансэвстэй гээд байгаа нь эрхгүй хардлага төрүүлж байгаа юм.

Харин Бургастайгаар зам тавьбал богино, газрын бартаа саад багаас гадна дөрвөн сумын нутгаар дайрна. Цаана гараад адилхан л тэр G7 гэдэг Торгоны замтай чинь холбогдоно. 

- Тэгэхээр хардах ямар ямар шалтгаан байна вэ?

-Нарансэвстэйд маш ойрхон, тэр зам тавихын тулд дархан газраас чөлөөлөх гээд байгаа бүсэд Талын мэлтэсийн алтны орд бий. Урдхан талд нь Хатансуудлын зэс, төмөрийн аварга орд ч бий. Тэр ордуудыг ашиглах сонирхлыг манай үе үеийн Засгийн газрууд хүчтэй илэрхийлж байсан. Цаад хятадын тал ч мөн адил. Дархан цаазат газар учраас халдаж чадахгүй байлаа. Одоо харин зам тавих бол дархан газрын бүсээс чөлөөлж таарна. Уурхай ашиглах боломж нээгдэнэ. Нөгөө талаар Ганьсугийн ашиг сонирхол их хачин байдлаар илэрч байдаг. 

- Ганьсугийнхны ямар ашиг сонирхол...

- Монгол Улс хятадтай 10 гаруй боомтоор харилцдаг. Тэд бүгд БНХАУ-ын Өвөрмонголын болон Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронтой холбогддог ба хятадын дотоод муж-Ганьсутай холбогдох ганц гарц нь энэхүү Нарансэвстэйн боомт юм. 

Нарансэвстэйн боомт нээхийг дэмждэг монголын талынхны тайлбарлаж буйгаар бол Өвөрмонголтой харилцдаг хилийн боомтуудаар гардаг манай бараа бүтээгдхүүн, түүхий эдийг дундын буюу Өвөрмонголын жуучлагчид хүлээж аваад Ганьсуд илүү үнэтэй хүргээд, Ганьсугийнхныг хохироогоод байгаа юм гэсэн. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа бол энэ нь манай асуудал биш, Ганьсугийнхны л асуудал шүү дээ.  Ганцхан тохиолдолд буюу Нарансэвстэйн боомтоор гарах манай бараа бүтээгдхүүн, түүхий эдийн үнэ Эрээн, Ганцмод, Шивээхүрэн зэрэг бусад боомтоор гардаг үнээс хавьгүй илүү өндөр байх боломжтой тохиолдолд л манай асуудал болно. Эндээс Хятадын Ганьсу мужийн ашиг сонирхлыг манайхан илүү хүчтэй илэрхийлээд байгаа харагдаад байдаг юм. 

- Бургастайн боомт нь Шинжааны Өөртөө засах оронтой холбогдоно. Гэтэл улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Бургастайгаар гарахад бараа таваар шалгадаг, гаргадаггүй гэх мэт бэрхшээл байгаа талаар яригдаж байгаа...

- Манай улс Бургастайгаас гадна Ярант, Даян нуурын боомтуудаар Шинжаантай холбогддог. Манай Алтайн наймаачид Ховдын Булганы Ярантын боомтоор бараа туруугаа аваад болоод л байгаа. Шинжааны улс төрийн байдал тогтворжиж айхтар шалгадаг үе нь өнгөрсөн. Адилхан л нэг муж руу л ордог хилийн боомтууд шүү дээ. Тэгээд ч хятадууд одоо Шинжаанд их хэмжээний хөрөнгө оруулах болсон. Олон үндэстний муж учир бараа таваарын сонголт ч арвинтай. Цаашаа Дундад Ази руу буюу Киргиз, Казах, Пакистан руу нэвтрэхэд илүү ойрхон. 

- Тэгвэл яагаад Алтайн худалдаачид аймгийнхаа Бургастайгаар биш, хаа холын Ховдын Булганы Ярантаар хил гарч наймаа хийж байна вэ?

- Засмал замтай л холбоотой. Өөр шалтгаан байхгүй. Ярант хүртэл толийсон сайхан замтай, унтаж яваад л хил орчихно. Харин Бургастайгаар дэржигнүүр тоосон дундуур 320 км нүдүүлнэ. Одоо Ярантаар гараад цаахна талд нь Такшекен гээд худалдааны хотхон бий болж байна. Эрээн шиг... Уг нь Бургастайгаар явдаг байхад цаана нь жаахан зайтай ч Сантухай гээд бас тийм нэг Эрээн шиг худалдааны бүс бий болж эхэлж байсан. Хэрвээ Бургастай сэргэчихвэл Сантухай ч мөн адил сэргэчих боломжтой.

-ГИДЦГ-ыг хамгаалалтад авснаас хойш тусгай бүсэд амьдрах амьтдын тоо толгой, амьдрах нөхцөлд ямар бодитой өөрчлөлтүүд гарсан бэ?

- 1975 онд энэ бүс нутгийг дархан цаазтай болгосон юм билээ. Энэ жил 50 жилийн ой болно. Миний маш тодорхой мэдэж буй зүйл бол 1997-98 оны үед тухайн үеийн Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба “Дархан газарт мазаалай үзэгдэхгүй болоод удаж байна. Устаад алга болчихов уу, яав. Үүнийг судлах, эрж хайхаар говь руу сайн дураараа очиж хэдэн жил ажиллах хүн хайж байна” гэж ярьж явсныг санаж байна. 1990 оны эхээр Нарансэвстэйгээр боомт нээсний дараах явдал шүү дээ. 2000 оны үеэс юутай ч 20-иод мазаалай байна гэсэн мэдээ гарсан. Байгаль хамгаалагчид, дархан газрынхны, байгальд хайртай гадныхны идэвх зүтгэлийн үрээр одоо юутай ч мазаалай 50 орчим болчихлоо. Хавтгай нь 600 болчихлоо. Энэ амжилт шүү дээ. Одоо зам тавих, уурхай ашиглах асуудал яригдвал энэ амжилт эргээд унах магадлал өндөр. 

- Энэ цаг үед ингээд дархан газраа хамгаалаад үлдэж чадлаа гэж бодоё. Дараачийн үеийнхэн дахиад л түүгээр боомт нээх, уурхай ашиглах гээд зүтгэх байх даа. Цаашид энэ байдлыг та хэрхэн харж байна.

- Хойч үе маань биднээс арай ухаалаг, арай алсын хараатай байх болов уу гэсэн итгэл байна. Тиймгүй бол бидний энэ газар нутгийг хамгаалах гэсэн тэмцэл, ер нь бусад бүх зүтгэл утга учиргүй явдал болно. Юутай ч хойч үедээ итгэж буй тул энэ цаг үедээ үүргээ биелүүлээд энэ онгон тансаг газрыг нь бүрэн бүтэн үлдээчих хэрэгтэй юм л гэсэн итгэл байна. Энэ бүхэн чинь бидний ч юм биш, бид ямар авсандаа аваад орох биш. Хойч үеийнхний юм. 

Монгол Улсын 2050 стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд л лав Нарансэвстэйгээр боомт нээж ашиглах тухай үг үсэг байхгүй. Энэ талаар судалгаа хийсэн эдийн засагчид, судлаачид ч Бургастай болон Шивээхүрэнг тусгасныг ярьж байсан. Энэ асуудал саяхан л босож ирсэн. Сүүлийн хэдэн жил Говийн Их дархан газрыг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудлыг эрчимтэй хөөцөлдөж байгаа юм билээ. Бүртгүүлж чадвал дахин энэ асуудал сөхөгдөхгүй болж магадгүй. Ер нь ГИДЦГ-ыг хамгаалах нь зөвхөн ганц бүсийн асуудал биш, Монголд буй бусад дархан газруудын хувь заяатай холбоотой. Учир нь энэ ГИДЦГ бол монголын хамгийн том, бас хамгийн баялаг, эмзэг дархан газар. Энэ газрыг л хамгаалж чадахгүй бол бусад Дархан газруудыг хамгаалах асуудал эргэлзээтэй болж хувирна. Мөн олон сөрөг талууд бий дээ, тэр бүгдийг тоочиж баршгүй нь.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав