Ө.Балжиннямын “Бүрэг дасал үгс” номын тухай

Их сургуулийн хоёрдугаар байрны гурван давхарт “Бүрэг дасал үгс” номын эзэнтэй анх танилцсан санагдана. Анх номынх нь нэрийг харахад л түүний зан араншин нь доторх шүлгүүдтэй нэвт шингэсэн болов уу гэж санасан билээ. Угтаа шүлэг бүхэн өөрийн хэлтэй, араншинтай байх нь бий. Харин түүнийхээ өр зөөлөнд хийгээд амьдралын сайн сайхан итгэдэг мөн чанартай нэгдээд ирэхээр хувь хүний дотор хэчнээн их гэрэл гэгээ хадгалсан мөрүүд оршин байдгийг өөрийн эрхгүй эргэцүүлэн бодоход хүрнэм. Энэ бичвэр “Шүлэгт итгэдэг, сайн сайханд итгэдэг” хэмээх Ө.Балжинням найрагчийн дотно нэгэндээ зориулж бичсэн шүлгийн мөрүүдээс эхлэлтэй. Бусдын тийм л нандин чанарыг мэдрэмжээр сэтгүүрдсэн хүн ч мөн өөрөө тийм л гэгээн итгэлийг сэтгэлдээ цаг ямагт нээж явдаг болов уу хэмээн бодно. 

Ө.Балжинням 2019 онд Өвөр монголын залуу яруу найрагчдын хамтаар “Ойрхон” шүлгийн түүвэр хэвлүүлсэн агаад “Бүрэг дасал үгс” нь түүний анхны бүтээл юм. 

ДАСАЛ МЭДРЭМЖ 

Улаанбаатарт хавар иржээ. Тэнгэр өдрөөс өдөрт тунгалагшиж, үүрээр цонхон доорх шувуудын жиргээ ч улам цолгиун болсон шиг санагдана. Хэн нэгэнтэй хуваалцсан гэрэлт дурсамжуудаа ийм л хаврын тэнгэр дор дотроосоо хайж олоод нүдээ анимаар. Эргэн дурсах гэдэг заримдаа хэчнээн хөндүүр боловч өөрийгөө таних, улиралаар нэхэгдсэн орчлонгийн сайхныг танихад тусалдаг шиг сэтгэгдэнэ. Тийм л өдрүүдийн нэгэнд:

Хэн хэнийхээ залуу насны нэг хэсэг нь болж
Хэзээд мартагдахгүй дурсамжууд бид бүтээжээ.
Ирэх хавар бүрдээ шинээр тарьж соёолох
Мөхлөг, мөхлөг үр бидний атгад үлджээ.
Эргэж давтахгүй, бусдын нүдэнд торхооргүй
Ийм л алдаа гэмээр гэнэн бас өчүүхэн нүгэлт учралууд
Цээжний хөндийд үндсээ нууцхан шигтгэж
Чимээгүй бүрэг навчистай модод болон ургана ... 

Уулзалт бүхэн эцсийнх гэж мэдрэвч, хэзээ ч ахин учрахгүйгээр зам салаалан одсон ч өнөд мартагдахгүй дурсамжууд хэн нэгний маань цээжинд хадгалагдан яваад итгэнэ. Яг л тийм дасал мэдрэмжийг шүлгийн эхний мөрүүдээс хайж олоод олзуурхсан минь энэ. Голын урсгалд элж мөлийхгүй, намрын навчистай тасарч унахгүй тэдгээр дурсамжууд хэн хэнийх нь атганд ирэх хавар тариалах үр болон үлджээ. Зарим нь алдаатай, сэтгэлдээ гэм хийчихсэн санагдах нүгэлт учралуудын дурсамж ч бий. Тиймээс уг шүлгийг зориулан буй далд эзнээс үлдсэн бүхнийг цөмийг нь өөртөө оршоосон сэтгэлийн тухай л уншиж байх шиг болно. Тэрхүү учралуудыг эргэн хэзээ ч давтахгүй агаад бусдын нүдэнд торохооргүй тийм л энгийн билээ. Харин “Чимээгүй бүрэг навчистай модод болон ургана” гэх мөрүүдээс ерөөс шүлэгчийн доторх улирлын чимээ соногдоно. Хаврын тэр хайр, учралын зөнгөөр сэрж мэдэрдэг учраас ахин уулзахааргүй салсан далд биеийн эзнээс үлдсэн дурсамжууд улам чимээгүй, улам дотогшоо, улам бүрэг навчис мөчрөөсөө нахиулуулсан модод болон ургах аж. Утгыг бүрэн ойлгож нээх, гүйцэд мэдрэхийн тулд цааш үргэлжлүүлэн уншиж үзье. 

...Алаг навчис нь зүрхэн дээр аниргүйхэн унахдаа
Амьдралд биднийг ганцаардсан үед хөрмөгөөрөө хучиж
Зөв эсвэл буруу биш,
амьд бас залуу явсныг минь сануулна.
Хагацал бүхэн гуниг авч гуниг бүхэн төсгөл биш
Халуун хэнхдэгт минь одоо ч өвлийн модод гөлөглөнө. 

Шүлэг ингэж төгсжээ. Дурсамжуудаас нь гэгээн бас өчүүхэн, гунигтай, хөгжүүн зэрэг хүний аж төрөхүйн нэгэн агшны олон янзын дуулал эгшиглэх учраас модод болон ургахад тэднээс “алаг навчис” дэлгэрч “зүрхэн дээр” нь “аниргүйхэн” унажээ. Мөн л чимээгүй. Уйтан ахуйд эзэмдүүлсэн үед энэ л дурсамжууд түүнд хань болно. Ерөөс хэн нэгэнд цөхөрч туйлдахаараа дурсан санадаггүй хэн нэгэн, түүнтэй холбогдох дурсамжууд үргэлж байдаг биз ээ. Тиймдээ ч хагацал гуниг хэдий ч энэ нь төгсгөл биш. Сэтгэлд нь модод болон ургасан дурсамжуудын навчис зүрхэн нь дээр нь унасаар байхад жавар тачигнасан өвлөөр ч хэнхдэг доторх өвлийн моддоос нь түмэн сая нахиа дэлгэрсээр байна. Амьд бас залуу явснаа тэр ингэж сэрж, мэдэрсээр дуугүйхэн ганцаардаж суухдаа дотроосоо дурсамжуудаа нэхсээр өндийдөг байх гэж санана. 

Яг л өөрт төрдөг танил мэдрэмжүүдийг уудлаад биччихсэн дасал шүлгүүд олон. Хайрах өвлөөн хайрын цэцэг дэлбээлдэг гэх шиг ямагт үнэнээ тээж үлдсэн зүрх сэтгэлийн халуунд өвлийн модод ч нахиалдаг баймуй. 

ӨВӨЛ, ХАВРЫН ЗААГТ

Өвөл хонхийсон модод, цасны хунгар чалуулж дарсан саравчны арын гуалин, зутарсан тэжээврийн мал эсвээс цан цохисон үхмэл цонх, шавар дагтаршсан гудмуудаар төсөөлөгдөх нь бий. Гэвч тэнгэрээс будрах цаны аниргүй, хэн нэгний дулаан гарыг бусад улирлаас илүүтэй таних мэдрэмж, өглөө үүдээ нээхэд л өөр ертөнц угтах шиг нүд гялбасан цагаан тал, жавар сөрөх нисэх шувууд, шинэ жилийн чимэглэл гээд юу эсийг тоочиж барах билээ. Магад хэн нэгний тухай бодож суух, удаан уулзаагүй дээ гэмшил төрөх, тэрхүү гэмшлээ халуун цайтай оочиж суухдаа зөвхөн дулаахан дурсамжуудаа л сэтгэлийн чинадаас эрж тэмтэрдэг улирал шиг санагдана. Тийм л үедээ хүн өрөвч нимгэн болоод бусдын цөхрөлийг хуваалцах эр зориг, өмнөөс өрц зуран дээшлэх хөндүүрийг мэдэрдэг болов уу. Ийм л сэтгэлийг өвлийн урьтал болгон дуулахдаа Ө.Балжинням найрагч ийн бичжээ. 

Нам гүм будрах цас
Намрыг хөнжил мэт даран унана.
Цасан дороос дассан улирлаа
Зууж нисэх гэсэн шувууд
Чадал хүрэхгүй цовхчино. 

Намар орсон цасан доороос шувууд зуныг зуугаад нисэж чадалгүй далавчлаа дэвэн цовхчих эл сэтгэл ерөөс байгалийн зураглалаас онож буулгасан ч хэн нэгнийг сэтгэлээсээ тавиад явуулчихаж дөнгөдөггүй бидний ганцаардлын мэдрэмжтэй адил санагдана. Дасаж, дурласан бүхнээсээ хөндийрөх, эгэж харахгүйгээр нисэн одох юутай хүнд билээ. Тийм л мэдрэмж өвлийн сарууд айлчлахаас урьтаж унасан намрын цаснаас дассан улирлаа зуугаад нисэх гэсэн шувуудын үйлтэй хосолж буусан нь эл шүлэг болов уу. Тэгээд ч намрыг хөнжил мэт даран унасан гэхээр өвлийн эхэн саруудад буусан цас ч байж болох. Гэтэл шувууд дассан улирлаа зуугаад нисэхийг хүссэн нь тэд халуун орондоо буцаж хараахан чадаагүй хэмээн сэтгэвээс ерөөс намрын сүүл сарууд хийгээд улирал солигдох зааг гэж сэтгэнэ. 

Илээд авахад алга төөнөх
Ичимхий чиний минь хацар шиг улиралд
Итгэл багатай зол муутай дурлал минь
Зогсоол хайлгүй явсан онгоц шиг их далайд хөвсөөр... 

Хязгааргүй уудам тал дахь сумын төвийн шон шиг
Бодолд нойрсогч дурсамж минь
Хяраа даган нүдлэх уулсын цас шиг
Хавар бүр сэмэрнэ.

Ахиад л аниргүй, нам гүмд орших дурсамж. “Цасны нүд” хэмээх эл шүлгийн бодолд нойрсох дурсамж нь хавраар ханзрах цаснаар сэрж өндийнө. Хавар дахиад л тэр дурсамжуудаа наранд ээж сууна. Хайр дуудах эл улирал түүнд “ичимхий чиний минь хацар шиг” гэж төсөөлөгдөх нь өөрийнх нь зан араншинг илчилж байх шиг. Дурлалдаа тэр зориггүй, итгэл муутай хандсан гэхээр сэтгэл доторх орон зай нь их далайд зогсоол хайж яваа онгоц шиг, дурлалаас үлдсэн дурсамж нь уудам талын дунд уйтгарлан суугаа нэгэн шиг сумын төвийн шонгийн модыг санагдуулна. Шүлэгт буусан дүрслэлүүд нь хүртэл орь ганцаар. Гэвч бодолд нь өвлийн урт улиралд аяншиж нойрсоод үлдсэн дурсамж сэрэн өндийх дулаан мэдрэгдэнэ. Тэр нь хаврын нар, салхинд сэмрэн сэмэрсээр ахуй. Учралаа нэхэх дурсамжууд улам бүдгэрсээр буй нь мартахуйн эмзэглэл болж уг шүлэгт илэрчээ. 

Чамайг санасан бодлын үзүүр
Цас хучсан талын
Цахилгаан шон дагаад алсарна. 

Цас бөмбийтөл хучсан талд бодол болон зогсож байна уу? Эсвээс цас хучсан талын суурингийн захад орших байшингийнхаа цонхоор ажин зогсоно уу? Үгүй аваас талын дунд цасны хөндүүрлэх чимээ сонсон алхаж явна уу? Мэдээж энэ бүхнийг уншигч өөр өөрөөр сэрж мэдрэх нь лавтай. Гол нь уг асуултууд яагаад төрөв гэхээр шүлгийн өгүүлэгч нь хаа буй нь үл мэдрэгдэх эхний өгүүлбэртэй холбоотой. Магад чамайг бодон зогсоход гэсэн бол ахуйн тэс өөр утга руу шүлэг шилжих биз. Гэтэл бодлын үзүүр нь цас хучсан тал руу алсран одож байна. Тэгэхнээ цахилгааны шон дагах нь ерөөс шүлэгчид тухайн үед төрсөн гунигийн мэдрэмжийг илэрхийлж байх шиг болно. Цас хэдийнэ өмнө хучсан тул цахилгаан шон бээрч хоносон нь мэдээж. Ингээд бодвол түүнийг даган алсрах бодлын үзүүр ч мөн хагацлын гашуунтай. Гэтэл төгсгөлийн мөрнөөс л хайртай хүн рүүгээ тэмүүлж буй сэтгэлийг гярхай уншигч олоод харчих биз. Бодож суусангүй, бодох төдийхөн л шон дагаад алсрах хүслийн далавч бодолд биежиж эхэлнэ. 

БҮГДИЙГ УУЧИЛМААР САНАГДАНА

Өөрийн дотоод руу өнгийх чанар, туулж яваа хором мөчүүдээ дурсамж дундаа хадгалах чанар нь Ө.Балжиннямын шүлгүүдийн амин сүнс болов уу. Дулаахан хэр нь хөндүүр, сэрүүн уй татуулавч гэрэл гэгээг нэхэж уужимхан амьсгал аваад зөөлөн алхсаар гудамжны төсгөл рүү бүдгэрэн алга болж буй хэн нэгний дүр нүдний өмнө амилах шиг. Уужимхан дотор, уужим амьсгал гэж юусан билээ. 

Хөвсгөл нуурын хөшиг
Бүдэг зүүд мэт сэмэрнэ.
Хүний, өөрийн гэлтгүй
Бүхнийг уучилмаар санагдана.

Далай ээжийн тунарсан саарал хөшиг сэмэрч үзэгдэнэ. Бүрхэг тэнгэр дээр нь мэлтийж буй учраас л тунамал цэнхэр өнгө ер үл төсөөлөгдөх ажээ. Байгаль эх ч дүрээ нуух энэ л хөшгийг татаад харвал хүн эхлээд өөрийгөө уучилдаг биз. Тиймээс л зүүдний юм шиг зураглалаар өөрийнхөө өмнүүр татсан тэрхүү хөшиг сэмрэн сэмрэн арилжээ. Энэ л агшинд хүний, өөрийн гэлтгүй, учирсан, хагацсан, сэтгэлийг нь мод шиг зорж хэмлэсэн, өөрөө ч заримд нь гэм хүлээсэн үгс даймаар болох хүн бүрийг уучилмаар сэтгэл төрнө. Уужимхан амьсгал авах гэдэг ийм утгатай билүү. 

...Хэвлийд атиран хэвтэхдээ магад бид жаргалтай байсан ч
Хэтдээ эхээс төрнө гэдэг аугаа мөртөө өчүүхэн зүйл ээ
Хэрмэл салхины аязаар умарш бөхөлзөх өвсний
Хэврэг бяцхан биеэс ертөнц зүүгдэж найгана. 

Гоморхож харамсаад ч яах вэ
Гутран зүхээд ч яах вэ
Хэн алин маань ялгаагүй
Зовлонт хүний үр шүү дээ.

Адилхан мөнөөх татсан хөшгөө хуулаад харвал бид бүгдээрээ адил. Гэхдээ дотоод мэдрэхүй, өөрт ч заримдаа баригдаж өгдөггүй далдын мэдрэмжүүд л ондоо. Нээрэн бид эхийнхээ хэвлийд жаргалтай байсан болов уу гэх бодол ийм л уужим дотроос өндийх биз. Үхэх нь дахин төрөхийн урьтал гэх язгуур философи санавал эхээс төрөх агуу болоод адил өчүүхэн байж таарна. Ийм ертөнцөд үл ялиг өвсний биеэс ертөнц зүүгдэж сэтгэгдэхэд бие махбодын дотор тавьсан шуурга намжчих шиг. Тэгээд л хэн нэгэнд гомдох, угтаа аливаад харамсахын өчүүхэн төдий донслол үгүй болоод ахин бүгдийг уучилмаар санагдана. Тиймдээ, хэн маань ч ялгаагүй, зовлонт хүний л үр гэх хөндүүртэй агаад ууч бодол төрнө. Хэвлийдээ гагц жаргалтай байж болох сэтгэгдлээс үүссэн үнэн нь шүлгийн адагт жинхэнэ хувирлаа олж агуулгаа ийнхүү гүйцэд тодорхойлно. 

Шүлэг үнэн байхдаа л хамгийн амттай. Эл түүврийн шүлгүүдээс яг л бага насны өдрүүд, хэн нэгэнд зориглоод хэлчихэж чадаагүй үгс, аавын тухай бодлууд, анд нөхдийн дурсамжууд уншигдана. Бага насныхаа гэнэн итгэмтгий занг ээжийнхээ үрээ гэх сэтгэлтэй хэрхэн холбож, хожим дурсан бодохдоо шүлэг болгон мэтгэсэн ухааны ур болоод уянгын богино зураглалууд нь хайрын хөндүүр болоод тунгалаг эмзэглэлүүдээр дүүрэн ажээ. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав