“Хөрөг”. Энэ үгийг, эл төрлөөр бичдэг хүмүүсийг хүний амьдралын зураач гэж хэлмээр санагддаг. Тийм зураачдын нэг, орчийн цагийн “Хөрөг” бичвэрийн гойд сайхан амтыг уншигчдад хүргэж яваа хүмүүсийн нэг бол сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг.

Тэрбээр саяхан цав цагаан орон зайд өөрийн хөргийг залсан “Хөрөг” нэртэй анхны бүтээлээ гаргасан билээ. Хувь тавилан нь зурагдсан, тэр л тод бүдэг өнгө холилдсон замаар од шүүрч, оч бутартал газардаж, жаргал зовлонгийн аль алинаас ундаалсан эрхмүүдийн арван дөрвөн хөрөг уг номд багтжээ. Мөн “Би хүний хувь тавиланд итгэдэг. Хувь тавилангаа үүнээс хойг эрхшээх нэгэн бяцхан цэгт ирэн иртлээ, бүр дээр нь яг таг зогсоод авсан хойно ч үргэлж тэлчилж байгааг нь мэдэхэд надад таатай байдаг” хэмээн бүтээл эсвээс өөрийгөө дүгнэсэн авай.

Яг л тийм хөрөг үгүй аваас бусдын үргэлж тэлчилж ахуй тавилангийн гүн рүү шургаад орчих шиг хоосон цагаан хана бүрийг ямар нэгэн нэхмэл, хиймэл ч байж мэдэх атал агуулгынхаа учир шалтгааны гүндээ нууж орхисон үзэсгэлэнгийн танхим руу гүйгээд орчихов. Энд сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Хөрөг” номын нээлт болсон билээ.

Монголын сэтгүүл зүйн гигантуудын нэг, нийтлэлч Ш.Даваадорж “Би Энхцэцэг найзынхаа “Хөрөг” номыг залуучууд уншаасай гэж хүсэж байна. Тэр хөргийг ингэж бичиж болдог гэдгийг бидэнд харуулснаас гадна цоо шинэ, огт өөр хөрөг нийтлэлийг бий болгосон. Тиймээс би найзаараа бахдаж, баярлаж байна” хэмээв. Харин сэтгүүлч Б.Энхцэцэг тэдгээр сэтгэлийн үгсийг чимээгүйхэн өөртөө уусгаад замхраах эсвээс урам зоригийн өгүүлбэр болгоод оюундаа шингээж байх шиг чимээгүйхэн инээмсэглэж тосно.

Номд багтсан хөрөг нийтлэлүүд дотроос “Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон” гэх аутизм өвчний оноштой Болор хүүгийн тухай бичвэр анхаарал татна. Энд зөвхөн гол дүрээс гадна түүний хувь тавилангийн төлөө өөрсдийн хүч, тамир тэнхээ, тэсвэр тэвчээрийг үрсэн, түүгээрээ бусдын болоод өөрийн аз жаргалыг бүтээсэн хүмүүсийн тухай ч давхар өгүүлжээ.

Жүжигчин Доржийн Сэдэд агсны тухай “Бор шидмэс бодогдоод байх чинь...” гэх хөрөг тэрхүү эрхэм хүний амьдралын сүүлийн хормууд хэчнээн хүнд, хэцүү өнгөрсөн талаар олны салхинаас сонсож байсныг лавшруулан бодоход хүргэнэ. Заримд нь хувь тавилан хэчнээн хайргүй, харгис ханддаг болохын тод жишээ. Гэвч тийм хэцүүг дэлгэрүүлэн нуршилгүй, хэчнээн цөөн цогцолборт базаж, яг голыг нь онож хүүрнэх тусам ямархан амьтай, ягуухнаар дотор зурж болдгийг үзүүлжээ. Үнэхээр нь л “өрөвдөж хайрлахад ч багадам”, “сэмэрсэн хадаг шиг хоёр” буурлын гэрээс гараад ээж, аавдаа яаран гүйж яваа сэтгүүлчийг бодох түүний дотор хэрхэн сэмлэгдэж, бусдын нулимс хацарт нь бус дотор нь шингэж хэрхэн шаналган буйг мэдрэгдэх шиг болно.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав