Эдогава Рампогийн зарим өгүүллэгүүд ерөнхий болоод дотоод өгүүлэмжээс бүрддэг. Ямар нэгэн онцгой, адал явдалт өгүүллэг бичихийг эрэлхийлэгч, детектив зохиолч романы гадаад өгүүлэмжийн гол дүр байх болно. Түүнд харин хэн нэгэн эр адармаат, аймшигт түүхийг ярьж өгөх агаад дотоод өгүүлэмж нь тухайн цэгээс эхэлдэг. Тэгвэл Фридрих Дюрренматтын “Амлалт” хэмээх роман үүнтэй төстэй өгүүлэмжээс бүтдэг. Гэмт хэргийн сэдэвтэй зохиол туурвидаг нэгэн эр Граубюнден муж дахь Кур хотод зохиол хэрхэн бичих тухай илтгэл тавихад тэнд оролцсон цөөн хүмүүсийн нэг нь Цюрих мужийн цагдаагийн дарга асан доктор Х. байж таардаг. Хэн хэн нь маргааш өглөө Цюрих явах тул цагдаагийн дарга асан зохиолчийг хүргэж өгөхөөр болно. Ийнхүү тэд маргааш нь замд гарахад Х. гэмт хэргийн зохиолд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг болохоо хэлээд нэгэн түүхийг өгүүлдэг. Тэрхүү түүхээр зохиолын доторх “зохиол” эхэлнэ. Нэг талаар Х. -гийн дүр Фридрих Дюрренматтай олон талаар ижил төстэй санагддаг. Зохиолч бүтээлдээ гэмт хэргийн сэдэвтэй зохиолуудын талаарх шүүмжлэлтэй үзэл санаагаа илэрхийлэхийн тулд ерөнхий өгүүлэмж дэх Х. -гийн дүрээрээ дамжуулсан байх магадлал өндөр. 

Номын хуудаснаас детектив зохиолын түүхийг сөхөж үзвэл XIX зууны төгсгөлд туурвисан Эдгар Погийн “Морг гудамжны аллага”-гаас уг төрөл жанр үүсэж Артур Конан Дойлын “Шерлок Холмс”-оор дамжин массын уншигчдын анхаарлыг өргөн хүрээнд татаж, Агата Кристигийн эсрэгцэл дүүрэн ертөнцөд хувилснаар цар хүрээ нь тэлсэн гэж үздэг. 

1841 онд уншигчдад хүрсэн “Морг гудамжны аллага” зохиолд логик сэтгэлгээ, задлан шинжилгээ, ухаалаг ажиглалт гол үүрэгтэй бөгөөд мөрдөгч Дюпэн нь түүхэн дэх анхны детектив зохиолын “архетип” болон мөнхөрчээ. Түүний сэтгэлзүй харьцангуй тогтвортой бөгөөд бодол оюундаа нягт төвлөрсөн, нөхцөл байдлыг хянах гойд чадвартай дүр байдаг.  Үнэндээ Погийн бусад өгүүллэгүүдээс ялгаатай нь сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий шинж чанар багатай, үйл явдал болон шалтгаант үр дагаварт илүү төвлөрдөг. Ингэснээр тус бүтээл нь “онцгой авъяастай мөрдөгч” гэх архетипийг үндэслэж, детектив зохиолын жишиг дүр бүтээсэн нь дараагийн олон уран бүтээлчдэд нөлөөлжээ. Гэвч XX дугаар зуун гарахад дайны утаа болоод ёс суртахуун, үнэн худлын талаарх тогтсон зарчмууд алдагдсанаар детектив төрөл жанр ч шинэчлэгдэхэд хүрчээ. Дайны дараа үзэл бодол төдийгүй хүн чанарын дэнс ч төөрөлдөж эхэлсэн учраас уран зохиол дахь “Хэн алсан бэ?” гэх нь “Юуны төлөө хороосон бэ?” хэмээх илүү зовууртай асуултаар солигдсон юм. Түүгээр үл барам нэр томьёонд өөрчлөлт орсноор “Noir” зохиолын үе эхэлсэн. Энэ нь дүрүүдийн сэтгэлзүйн хямрал, нийгмийн бараан талыг дэвсгэр болгож, хүний муу зан авирыг илүүтэй дүрсэлсэн стилистик рүү шилжсэн явдал билээ. Ингэснээр гол дүрүүд нь зөвхөн алуурчныг олох, үнэнийг нээн илрүүлэхэд төвлөрөхгүйгээр үл барам ухамсрын хямралд нэрвэгдэж, дотооддоо шаналж, гэмт этгээд болоод цагдаа нарын аль аль нь аллагын дурсамжаас үүдсэн бүрхэг зан авираа олж харцгаадаг. 

Харин Дюрренматтын “Амлалт” зохиол нь детектив жанрыг үйл явдлын усан хөөцөлдөөн, уйгагүй сунжран үргэлжлэх өгүүлэмжийн давталтаас салгаж дүрүүдийн дотоод сэтгэлзүйд зөрчлийн элементүүдийг нягт төвлөрүүлдэг. 

Цюрих хотоос холгүй орших Мегедорф тосгоны ойролцоох ойгоос бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан жаахан охины цогцос олдоно. Мөнөөх доктор Х. – ийн удирдлагад ажиллаж байсан мөрдөгчдийн нэг болох комиссар Маттей уг хэргийг хариуцаж авдаг. Гэвч тэрээр хэдхэн хоногийн дараа Швейцарын Засгийн газрын шийдвэрээр Иордан руу томилогдон явах гэж байлаа. Гэвч Маттей охины ээж, аав хоёрт эмгэнэлт мэдээг дуулгахаар болдог. Тэр үедээ комиссар охины ээжид “Би алуурчныг олно! гэх амлалт өгчээ. Маттей охины аав, ээжтэй уулзах тэрхэн мөчдөө хэргийг ингээд орхиж чадахгүй, хэзээ ч Иордан руу явахгүй гэдгээ зөнгөөрөө мэдэрдэг. 

Маттей үнэндээ Сократ, эсвээс Холмс ерөөсөө биш. Өөртөө оноосон тавилангийн хүлээс, охины ээжид амласан амлалт нь гэмт хэргийн шинжтэй уран зохиолын ердийн нэг өөр дэвсэгт өрнөх хуулбар зугаа ч биш билээ. Нэг ёсондоо Холмс шиг логикоор дүүрсэн тархи, Дюпен шиг оюун санааны тоглоомоор утасны ээдрээг гаргах зөн совин түүнд үгүй. Тиймдээ ч уг романыг гэмт хэргийн тухай гэхээс илүүтэй мөрдөгчийн дүрийн сэтгэлзүйн уналттай холбон тайлбарлавал зохистой. Маттей бол хүн төрөлхтний ёс суртахууны номлолд итгэж, гэм буруугүй хүүхдийн төлөө өөрийгөө зольсон нэгэн. Энэ нь эр зоригтойдоо бус зайлшгүй үзэл санаа, жинхэнэ ёс суртахуун хэмээн тэр итгэсэн. Гэвч золиос нь үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр аливаа ёс суртахуунд ямар утга, хэр гүн гүнзгий зөв чанар агуулагддаг хэрэг вэ? 

Дюрренматтыг алдартай жүжгийн зохиолч гэдгээр нь уншигчид андахгүй. Харин Маттейн алуурчныг ирэхийг таамаглан хүлээж хэвтэхдээ нэгэнт өөртөө итгэлгүй болж, бүдэрсэн үйл явц бол уг тууж дахь эмгэнэлт жүжгийн оргил цэг билээ. Тэрээр бүхэл бүтэн мөрдлөг явуулж, дотоод зовлон, хувь хүнийхээ үнэ цэнийг золиослон байж өрөөсөн чихт чөтгөрийг урхидахаар хүлээсэн. Гэвэл өчүүхэн төдий үйл явдал бүхэлд нь нурааж орхидог. Энэ нь Маттетэй огтоос холбоогүй гэхээр тун хөөрхийлөлтэй. Түүний тооцоолсноор ирэх ёстой байсан алуурчин нь замдаа ачааны машинтай мөргөлдчихжээ. Ямартаа ч мөрдөгчийн бүдэрч байгааг унших үед цээжний голоос өгссөн ёрын гашуун мэдрэмж хэл, тагнайд амттагддаг юм. Гол нь Маттей мөнөөх алуурчныг хэдийнэ талийж одсоныг мэдэхгүйгээр үл барам түүний хэзээ нэгэн цагт ирнэ, үйл хэргээ давтана, тэр мөчид нь барина хэмээн итгэсээр байдаг. Сүүлдээ энэ нь түүнийг идэж эхэлнэ. Хэчнээн няхуур төлөвлөгөө, төгс сэтгэлзүйтэй мөрдөгч байгаад ч энэ ертөнцөд санамсаргүйгээр үйлчилдэг юмсын хүчээр хүний оюун ухаан хэдхэн хоромд тун амархан нурж унадаг гэдгийг Дюрренматт бидэнд ёстой л хэнэг ч үгүйгээр харуулж орхидог.

Иймэрхүү дүрүүдтэй бид чамгүй л олон тааралддаг шүү дээ. Херман Мелвиллийн “Моби Дик” романы нэгэн дүр болох Ахаб бол Маттейн дүрийн далай дээрх этгээд хуулбар. Тэрээр аварга цагаан халимд хөлөө алдаж, өш хонзон өвөрлөж, амьдралынхаа бүхий л зорилго, хүсэл зоригийг халимыг агнахад зориулдаг. Тэд хоёул амлалтдаа үнэнч боловч энэ нь дүрүүдийн оюун санааг хөнөөж, эцэст нь аж төрөхүйг бүхэлд нь буруутгах мэдрэмжийг олгодог. Нөгөөтээгүүр Федор Достоевскийн “Карамазовын хөвүүд” романы Иван Карамзов байна. Тэр бол рационал ухаан, шударга ёсны бэлгэдэл болсон дүр агаад бурхныг шүүмжилж, үнэний талаар тодорхой байр суурь дэвшүүлсэн асуултыг ямагт өөрөөсөө нэхдэг. Гэвч гэм буруутны таамагт өөрийгөө татан оролцуулснаар үзэл бодлынхоо гүн цүнхээлд хөл алдана. Маттей ч тэр, Иван Карамзов ч тэр идеалд итгэж, оюун ухамсрынхаа тусламжтайгаар “үнэн”-ийг шүүн тунгаах боловч бодит ахуйд сэтгэлзүйгээ хайр найргүй сүйтгэж орхигсод юм. 

“Логиктой өрнөдөг гэмт хэрэг амьдралд даанч ховор” хэмээн доктор Х. уулгалдаг шүү дээ. Харин Маттей үүнд эргэлзэлгүй итгэж, амлалтаа үнэгүйдүүлэхээс айсандаа өөрийгөө золиосолчихсон юм. Энэ нь мөн Артур Миллерийн “Худалдаачны үхэл” -ийн Виллитэй тун төстэй. Вилли бол Америк мөрөөдөлд үнэн голоосоо итгэсэн, гэр бүлийнхээ аз жаргалыг харах хүсэлд гүн живсэн худалдаачин. Тэр насан туршдаа “амжилт” хэмээн бодож, нэрлэсэн уг зүйлийг барьж авахаар тэмүүлдэг. Гэвч амьдралынхаа төгсгөлд мөрөөдөл нь хэчнээн хуурамч зүйл байсныг ойлгож амиа тэвчдэг. Тэгэхээр нь аль аль нь хуурамч итгэл үнэмшилд хэт шүтсэн дүрүүд болж байгаа юм. Мэдээж Маттей хэтэрхий өрөвдөлтэй өгүүлэмжийн шугам дээр байвч хувь хүн тухайн итгэлээ гээхгүй аваас итгэл нь тэднийг хөсөр хаядаг хэмээх тогтворгүй гаргалгаатай нүүр тулна. Учир нь юмс үргэлж хувирдаг. 

Маттей болоод алуурчны сэтгэлзүй ч энгийн мөрдөгчийн ойлголт, хуучин детектив хэв маягаас хамаагүй гүнзгий, төвөгтэй, хүний оюун ухаан ба ёс суртахууны хил хязгаар дээр оршдог. “Амлалт” туужийн бичлэгт дүрүүдийн харилцан яриа ба зөрчилдөөн давамгайлах бөгөөд баатруудын дотоод сэтгэлзүйг тэдний ярианд тулгуурлаж задлан харуулна. Энэ нь зөвхөн үйл явдлын учир шалтгааныг шийдэх гэж яарахгүй бөгөөд уран сайхны утга агуулга нь илүү гүнзгий, олон давхаргатай болон өргөжсөнөөр шинэ үеийн детектив зохиолын шинж чанарыг тунхагладаг. Мэдээж Дюрренматт жүжгийн зохиолч байсан нь түүний хүүрнэлийн бичлэгийн өнгө аяс, романы уран сайхны бүтэц, дүрүүдийн зөрчил, үйл явдлын эргэлтэд гүнзгий нөлөөлнө. Зохиолын дүрүүд нэг нэгнийхээ эсрэг “Сэтгэцийн театр”-ын тоглолт үзүүлж байх шиг мэдрэгддэг. Гэхдээ тус тайзан дээр гэрэл байхгүй. Энэ нь романд хэт гоёмсог, сүржин дүрслэлүүд бүхий нэг ч өгүүлбэр бичээгүйгээр нотлогдоно. Харин гэрлийн оронд итгэл найдварын шаналан тодорч, жүжгийн тайлалд дүрүүдийн гүн шаналлаар амьсгалдаг. 

Зарим талаар аллага болсон үйл явц “Улаан малгайт”-ын үлгэрийг санагдуулдаг. Улаан малгайтай жаахан охин ой дундуур алхаж явахад гэнэтхэн чоно адил аварга том биетэй алуурчин Алберт гарч ирээд охиныг барьж авна. Тэр мөн улаан малгайтын үлгэрт чоно эмээ нь болж охиныг хуурдаг шиг бяцхан хүүхдийг хуурах нарийн аргатай. Хохирогч охин болох Гритли Мозер мөн л Ференд байдаг эмээгийнх рүүгээ явж байсан билээ. Ерөөс охин, ой, алуурчин, эмээ, чоно гэхээр нэг л бүрхэг ёгтлол сэнхийнэ. 

Харин алуурчин болох Албертийн дүрийг тодорхойлоход хэцүү. Нэг талаар түүнийг Жон Стейнбекийн “Хулганууд ба хүмүүс” зохиолын бяр тэнхээтэй боловч, өрөвч цайлган, мунхагдуу Леннитэй харьцуулж болох юм. Гэхдээ ялгаатай нь тэрээр гэмт хэргээ үйлдэхдээ бурхны хүслийг гүйцээж байна хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг байсан нь  уншигчдад тодорхой. Гэхдээ бид лав романы төгсгөл хүртэл Маттейн сэжиглээд буй алуурчин бодит хүн үү, эсвээс мундаг мөрдөгч маань хий хоосон итгэл үнэмшилтэйгээ хөөцөлдөөд байна уу гэдгийг ялгаж танидаггүй билээ. 

Хамгийн гол нь Маттейн хэргийг мөрдөж буй мөрдөгч гэдгээс гадна ёс суртахуунд, үнэн байдаг гэдэгт итгэдэг хүн. Нэг ёсондоо итгэж болох зүйл амьдралд бий гэдэгт эргэлздэггүй гэсэн үг. Гэвч энэ бүхэн түүнийг ганцаардал, сэтгэлзүйн тэнцвэргүй байдал, ямар нэгэн ухамсрын бодитой орчин нөхцөлгүй хүлээлтэд уяж орхидог. “Улаан малгайт”-ын үлгэр хэчнээн аз жаргалтай төгсдөг билээ дээ. Маттей тэр л үлгэрийн төгсгөлд итгэсэн. Харин түүний амьдрал бол чоно нь хэзээ ч модон дундаас гарч ирдэггүй үлгэрийн шинэчилсэн хувилбар юм. Тиймээс л уншигчид жаргалтай төгсгөл бус хоосон тайз ширтэж үлдэнэ. Эцэст нь хэн нэгэн “Эмма тооцоогоо хийе” гэх дуунаар нэгэн хэвийн сийлмэл төрхөө таягдан хаяцгааж хөөрхий Маттейг эвийлсээр уушийн газраас гарцгаана.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав