Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ.
Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг “групп”, “пэйж хуудас”-ууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.
Ийнхүү 37 дахь удаагийн “Үндэсний номын баяр” дээрээс авч унших боломжтой шинээр хэвлэгдэж гарсан 10 номыг уншигчдадаа танилцуулж байна.
AUM PUBLISHING
Садэх Хедаяат | СОХОР ШАР ШУВУУ(тууж)
Утга зохиолын өнөө цагийн дүр төрх ямар хэлбэр, өнгө аястай байгааг тодорхойлохын тулд судлаачид ихэвчлэн нэг зохиолыг жагсаалтдаа заавал багтаадаг. Мэдээж техник технологи, хөгжил дэвшлээс хайсан ирээдүйн боломжуудын талаарх зөгнөлт уран зохиолоос гадуур гэсэн үг шүү дээ. Тэрхүү зохиол бол XX дугаар зууны Ираны хамгийн нөлөө бүхий зохиолч Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” тууж юм.
Уг бүтээлийг гол дүрийн үхлийн өмнөх эргэцүүлэл буюу амиа тэвчихээс урьтаж цааснаа буулгасан наманчлал хэмээн тодорхойлж болно. Тэгээд ч гол дүр буюу туужаас сонстох дүрийн дуу хоолой өөрийн нэрийг ч уншигчдад танилцуулдаггүй. Түүний төрхийг тодорхойлчих үг үсэг, өгүүлбэр үгүй. Амьдралын тодорхойлсон зорилго, ирээдүйн талаарх зөн, мөрөөдөл, хүслийн илбэ түүнд хөөсний адил үнэ цэнгүй.
Зохиолын сюрреалист өнгө аяс, хар бараан метафизик бүхэлдээ давамгайлсан өгүүлэмжийн гүнд юу нуугдаж, хар тамхинд мансуурсан зураач залуу өдөр хоногийг хэрхэн амиа тэвчихээс өөр аргагүйд шаналан зүдэж, харанхуйд тэмтрэн буйд чухам уншигчдын өөрсдийнх нь төсөөлөл хамгийн сайн хариултыг өгөх болов уу.
Дамдинсүрэнгийн Урианхай | ОДОО Л БИ АМЬДАРЧ ЭХЛЭХ НЬ... (шүлгүүд, гар бичмэл)
AUM паблишинг болон Д.Урианхай судлалын академиас тус түүврийг эмхэтгэн уншигчдад хүргэжээ. Эл түүвэр Д.Урианхайн сүүл үед бичсэн шинэ шүлгүүд багтсан бөгөөд найрагчийн гар бичмэл хэлбэрээр шууд цааснаа буулгаж хэвлэсэн гэдгээрээ онцлогтой. Ийнхүү найрагчийн гар бичмэл уншигч бүрийн ширээн дээр, номын санд байх боломжтой болжээ.
Түүний шүлгүүд харуусал, сэтгэлийн зовуурь, түүнийгээ хачин тунгалаг илэрхийллээр баяжуулан буулгасан мэдрэмжээр дүүрэн. Шинэ шүлгүүдэд нь байгаль дэлхий, түүн дээр орших ан амьтан хийгээд “Би” үзлийн мөн чанарыг эргэцүүлсэн өгүүлэмжүүд давамгайлжээ.
ДОЛООН ОД
Ядамсүрэнгийн Баяраа | ЛУУГИЙН ЗҮРХ (шүлгүүд)
Яруу найрагч, жүжгийн зохиолч, судлаач Я.Баяраагийн “Луугийн зүрх” шүлгийн түүвэр уншигчдад хүрч байна. Эл номд түүний өмнө гаргасан шүлгийн түүврүүдээс сонгосон бүтээлүүд орсноос гадна сүүлд бичсэн шинэ шүлгүүд нь мөн багтжээ.
Тэрээр өмнө нь “Нэг урлаг”, “Цөн”, “Таслал”, “Бороонд норсон Чехов” зэрэг шүлгийн түүврүүд уншигчдад хүргэсэн байна. Я.Баяраагийн яруу найргаас нийгмийн тогтолцоо болон түүн дотор аж төрөх хүний оршихуйн эргэцүүлэл, чигч шулуун үзэл санаа, гүнээс гүн рүүгээ түрсэн далд өгүүлэмж ямагт анзаарагддаг. Мэдээж илт тодорхойлолт зүүхэд яруу найраг боломжгүй ертөнц боловч түүний шүлгүүдэд үгс үргэлж хүчтэй цохилдог билээ.
Цагаанчулуугийн Дэлгэрмаа | ШАГУНДАЛАГИЙН ЕРТӨНЦ(роман)
Яруу найрагч, зохиолч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” хэмээх анхны романаа уншигчдад хүргэж байна.
Тэрээр номынхоо тухай “Энэ бол хайр сэтгэлийн ч, хагацал салалтын ч тухай ном. Романы дүрүүд өөр өөрийн замаар хайрыг олж, хагацал шаналлаас эдгэрэх ажээ. Хэрэв бурхны ч юм уу бидний танин үл мэдэх эрхшээгч хүчний зүгээс хүмүүний дунд хэрэгжүүлэх ёстой туршиц төсөл бий гэвээс хамгаас гайхамшигтай нь хайрын төсөл ажээ" хэмээжээ.
МОНСУДАР
Мураками Харуки | ХОТ БА ТҮҮНИЙ ХИЙСГЭЛЭН ХАНА (роман)
Дэлхий даяар хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг болох Мүраками Харүкигийн хамгийн сүүлд бичсэн "Хот ба түүний Хийсгэлэн хана" роман нь зохиолчийн тархийг хамгийн удаан "гашилгасан" нь гэж хэлж болно. 31 насандаа эхлүүлсэн эл зохиолоо бүрэн бүтэн болгох мөч зохиолчийн 71 насанд тохиожээ. Зохиолын хүүрнэгч эзэн, “зүүд уншигч” эр бага залуудаа нэгэн охинд дурлаж буйгаар зохиол эхэлнэ. Харин тэр нь өөрийг нь нэг насаар тарчлаах дурсамж болон хувирахыг зүүд уншигч эр яахин мэдэх билээ.
Энэхүү романд ч япон зохиолчийн уран бүтээлийн салшгүй шинж чанар болох ганцаардал тусгаарлал, хүний сэтгэлийн гүнд далдлаастай байдаг нууцуудын судалгаа шинжилгээ нь үргэлжилж буй. Бусад зохиолынх нь нэгэн адил уншигчид энд ч бодит байдал, уран сэтгэмж хоёрын хил зааг уусан нийлсэн, учир битүүлэг, хамаг сэтгэл санааг уусган татах ертөнцөөр аялах болно.
Тина Озиевицз | МЭДРЭМЖҮҮД ЮУ ХИЙДЭГ ВЭ?(зурагт ном)
Таны мэдрэмжүүд чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Сонирхолтой асуулт байгаа биз. Та хүүхдүүдээсээ ингэж асуувал тэд хэрхэн хариулах бол. Өөрсдийн зан араншин, мэдрэмжийг биетээр, бодит зүйлээр төсөөлөн бодож, аль мэдрэмж нь хүнд аз жаргалыг хүртээж байдаг тухай тунгаагаад нэг үзье. Энэ тухай таны хүүхдэд хамгийн чухал үйлдэл, бодол сэтгэхүйн талаар мэдлэг олгох Тина Озиевицзын “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт номыг Монсударын хүүхдийн номын “Жангар” редакцаас албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Тус номын зургуудыг Александр Заиац зурсан бөгөөд тэрээр үлгэр домгийн дүрүүдийг өөрийнхөө төсөөлөл, уран сайхны өнцгөөр гарамгай илэрхийлдэг уран бүтээлч юм.
Бидний дотор байдаг баяр хөөр, аз жаргал, уур, ичгүүр, сониуч зан гээд бүхий л төрлийн мэдрэмжүүд амьтай, өөрсдийн хийх дуртай үйлдэл, төрөлхөөс заяагдсан чадвартай байдаг байна. Тэдгээрийн амь оруулбал хэрхэх байсан бэ? Энэ талаар ямар нэгэн онцгой санаа, ид шидтэй адил төсөөллийн баялаг ертөнцийг зохиолч Тина Озиевицз бий болгосон нь “Мэдрэмжүүд юу хийдэг вэ?” зурагт ном юм.
ТАГТАА ПАБЛИШИНГ
Батсуурийн Баясгалан | ДОГШИН ТЭНГИС(роман)
Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч, зохиолч Б.Баясгалан анхны романаа уншигчдад хүргэжээ. Тэрээр өмнө нь үргэлжилсэн үгийн төрлөөр “Этгээд хүслийн цуглуулга” өгүүллэг, туужийн түүврээ хэвлүүлсэн билээ.
Зохиолч номынхоо тухай “Амьдралдаа өөрийгөө шидэт реалист зохиол бичнэ гэж төсөөлж явсангүй. Амьдралаа шиджүүлж, хөрснөөс нь хөндийрүүлэн сэтгэх минь ч ховор. Гэхдээ эх орны тухай, үндэс угсааныхаа тухай, монгол хүмүүний мөн чанар, танигдахуйн тухай бодохуй бидний оршихуйг хөрстийн амьдралд хөгнөж холбож буй нь ердөө л шид мэт сэтгэгдэх нь бий. Тэр шид цааснаа амилж, ийм нэгэн романы хуудсыг таны өмнө дэлгэлээ" хэмээжээ.
BOOBOOKS
Батхүүгийн Батзаяа | САНАХГҮЙ БАЙНА, ГЭХДЭЭ САЙХАН БАЙНА(өгүүллэгүүд)
Яруу найрагч, зохиолч Б.Батзаяа “Тарган муур” бэсрэг романаа хоёр жилийн өмнө уншигчдад хүргэж байсан бол энэ удаад “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” нэртэй өгүүллэгийн түүврээ хэвлүүлжээ.
Түүний өгүүллэгүүд дурсамж болоод түүнтэй харгалдах одоо цагийн “би”-гийн үзэл санаа, хувь хүний дотоод мэдрэмж, дүрүүдийн үйл явдлыг өнгөрсний үйл явдалтай харгалдуулсан зөрчил, далд өгүүлэмж, сюрреалист шинжтэй байна. Уг номыг редактор А.Амармэнд өгүүллэгүүдийн талаар “Зохиолч энэхүү бүтээлдээ шидэт реалист, “кафкаск” бичлэгийн хэв маягийг голлон ашиглажээ. Гэхдээ энэ нь зөвхөн уран чамин байх гэсэн оролдлого биш, хүүрнэхийг хүссэн түүх ийм л хэлээр илэрхийлэгдэх боломжтой байсантай ч холбоотой байж болох. Нэгдүгээрт, шидэт реалист хэв маяг саяхны өнгөрснийг сюрреал шинжээр сүлжээ. Бид маш хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй ертөнцөд амьдарч байна. Өмнө нь бүтэн зуунд тохиодог байсан өөрчлөлт нэг арванд л явагдаж, хүүхэд насны дотно нандин бүхэн эдүгээ өнө эртний, эсвэл харь мэт санагдах болжээ. Энэхүү өөрчлөлт нэгэн төрлийн санагалзлыг, гэхдээ алс холын дурсамжийг биш харин нүдэн дээр нь үйрэн бутарч буй ертөнцийг санах санагалзлыг өдөөдөг” хэмээн дүгнэжээ.
БУСАД
Рэнцэнпэлжээгийн Зүпэрлхам | НОЙРСОЖ БУЙ УЛААНБААТАР(роман)
Уран зохиол өөртөө олон юмсыг агуулдаг. Тэнд хүний зан чанарын зүйл бүрийн хувьслыг агуулсан өчнөөн дүр бий. Тэдгээр дүрийг хэрхэн босгож, амьдруулж, бүтээж чадсанаар бүтээлийн цар хүрээг тодорхойлж болно. Зохиолч Р.Зүмпэрлхамын “Нойрсож буй Улаанбаатар” романд энэ чанар бий. Түүний өмнөх бүтээл болох “Ваарчин” туужид дүрийг өөрийн зан чанарын бус уран сайхны аргад тулгуурлан бүтээж, дурсамж, түүхийн баялаг өгүүлэмжүүдээр нийтгэн урласан нь бий. Харин эл туужид өнгөрсний дурсамжаас илүүтэй яг одоо цаг дээр хөврөх үйл явдал, тэрхүү цаг дээр орших дүрийн санагазал, мэдрэмжээс үүдсэн бодомж, сэтгэмж, цаашлаад өөрийнхөө дотоод руу алгуурхан өнгийсөөр эцэст нь түүнээ хахь өөр зүйлээс олж харах нэгэн залуугийн дурлалын тухай өгүүлнэ. Гэвч үнэндээ дурлал мөн үү, тэр өөр зүйлийг эрж, хайж, бэдэрсэн үү гэдгийг уншигч бүр өөр өөрийнхөөрөө тайлах болов уу.
Мэдээж уг бэсрэг романы үйл явдал нэрнээсээ өгсүүлээд үйл явдал нь Улаанбаатар хотод өрнөнө. Гэвч өнгөрсөн цагийн аль нэг түүхийг хадгалан орших тэрхүү мананд нуугдсан бүүдгэр хотын өнгө төрхийг, тэнд амьдран буй хүмүүсийн дотоодыг төнхөхгүй. Харин яг одоо бидний амьдран буй түргэн хэмнэлтэй, неон гэрлийн түмэн гэрэлд гялбасан, нийгмийн амьдрал нь хүмүүсийн зүрх сэтгэлд сайн, мууг өөрсдийнх нь мэдрэмжид зохироон урин дуудах энэ л хотод бодитжих билээ. Гэхдээ зохиолч хотыг нойрсож байна хэмээн тодорхойлжээ. Мөн Улаанбаатарыг тэр замын түгжрэл, утаа униартай, амьдрахад зүдэргээтэй хотоор төсөөлсөнгүй. Тэр их хотыг, энэ бидний аж төрөн суугаа Улаанбаатарыг хайрлах сэтгэлээ эл бэсрэг романы залуу хүүгийн дүрээр дамжуулан илэрхийлсэн байна.
Цэрэннадмидын Гончиг | ТОЙРОМ(роман)
Яруу найрагч, зохиолч Ц.Гончиг үргэлжилсэн үгийн томоохон төрлөөр туурвисан анхны бүтээл болох “Тойром” романаа уншигчдад хүргэжээ.
Тус романы гол дүр нь шагайн харваач бөгөөд уг бүтээл учрал тохиол, хайр дурлал, тусгаар тогтнолын үзэл санаа зэрэг өгүүлэмжийн өргөн цар хүрээг хамрах юм. Ерөөс Ц.Гончиг бол дүрээс дүрийн хооронд зөрчлүүдийг нягт нямбай урлаж, тэдгээр тойрог томрох тусам гол дүрийг аажуухан босгож ирдэг онцлогтой хүүрнэлч. Тэр чанар шинэ романд нь бий эсэхийг уншиж таних л үлдлээ.