Уран зохиол өөртөө олон юмсыг агуулдаг. Тэнд хүний зан чанарын зүйл бүрийн хувьслыг агуулсан өчнөөн дүр бий. Тэдгээр дүрийг хэрхэн босгож, амьдруулж, бүтээж чадсанаар бүтээлийн цар хүрээг тодорхойлж болно. Зохиолч Р.Зүмпэрлхамын “Нойрсож буй Улаанбаатар” романд энэ чанар бий. Түүний өмнөх бүтээл болох “Ваарчин” туужид дүрийг өөрийн зан чанарын бус уран сайхны аргад тулгуурлан бүтээж, дурсамж, түүхийн баялаг өгүүлэмжүүдээр нийтгэн урласан нь бий. Харин эл туужид өнгөрсний дурсамжаас илүүтэй яг одоо цаг дээр хөврөх үйл явдал, тэрхүү цаг дээр орших дүрийн санагазал, мэдрэмжээс үүдсэн бодомж, сэтгэмж, цаашлаад өөрийнхөө дотоод руу алгуурхан өнгийсөөр эцэст нь түүнээ хахь өөр зүйлээс олж харах нэгэн залуугийн дурлалын тухай өгүүлнэ. Гэвч үнэндээ дурлал мөн үү, тэр өөр зүйлийг эрж, хайж, бэдэрсэн үү гэдгийг уншигч бүр өөр өөрийнхөөрөө тайлах болов уу.
Мэдээж уг бэсрэг романы үйл явдал нэрнээсээ өгсүүлээд үйл явдал нь Улаанбаатар хотод өрнөнө. Гэвч өнгөрсөн цагийн аль нэг түүхийг хадгалан орших тэрхүү мананд нуугдсан бүүдгэр хотын өнгө төрхийг, тэнд амьдран буй хүмүүсийн дотоодыг төнхөхгүй. Харин яг одоо бидний амьдран буй түргэн хэмнэлтэй, неон гэрлийн түмэн гэрэлд гялбасан, нийгмийн амьдрал нь хүмүүсийн зүрх сэтгэлд сайн, мууг өөрсдийнх нь мэдрэмжид зохироон урин дуудах энэ л хотод бодитжих билээ. Гэхдээ зохиолч хотыг нойрсож байна хэмээн тодорхойлжээ. Мөн Улаанбаатарыг тэр замын түгжрэл, утаа униартай, амьдрахад зүдэргээтэй хотоор төсөөлсөнгүй. Тэр их хотыг, энэ бидний аж төрөн суугаа Улаанбаатарыг хайрлах сэтгэлээ эл бэсрэг романы залуу хүүгийн дүрээр дамжуулан илэрхийлсэн байна.
Романы гол дүрийн залуу Улаанаа хэмээх хүү Дархан хотод аав, ээж, дүүгийн хамт аж төрдөг. Гэвч тэрхүү аж төрөхүй, амьдралын талаар нуршин өгүүлэхгүй. Улаанаа хот руу шөнө дөлөөр нэгэн шалтгааны улмаас яаран, сандран гарч буйгаар, улмаар хотод хөлж тавьж буйг романы эхний бүлгүүдэд өгүүлдэг. Мэдээж тэр шалтгааныг уншигчид тааварлаж ядах болов учир нь тун удахгүй илэрнэ. Энэ нь мэдээж хайр. Тэр эмэгтэй хүнийг зорьжээ.
Харин роман хөврөх тусам мөнөөх эмэгтэй үнэхээр бий юу, Улаанаа төсөөллийн сэрэл, мэдрэмж эсвээс нойрсон буй Улаанбаатарын зүүдэн дотуур хөвөөд байна уу гэх мэдрэмжийг уншигчдад төрүүлнэ. Гэвч романы реалист чанар өөрийн гэсэн эсрэгцэл дүрүүдтэй. Тэнд сайн, муу хоёул бий. Харин гол дүрийн нэг бол бодит амьдрал дээр гацаж, өөртэйгөө тэмцэлдэж ядан зогсох хийгээд эсвээс энэ хотын сайн сайхныг уудалж, ирсэн шалтгаанаа ч тэр сайн сайханд хөвүүлж орхих хоёр хувиралтай дүрийн талаар сайтар эргэцүүлж байж л төгсгөлийн үйл явдлыг өөртөө бүрнээ нээж чадах билээ.