Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь юм. Сүүлийн жилүүдэд явуулсан олон талт судалгааны үр дүнд тоо толгой нь өсөх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг.
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Хулан хамгаалах төлөвлөгөөг батлан оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж байна.







