МОНГОЛ ОРОН БУСДЫН НҮДЭЭР

Би  энэ нутгийн хэлэнд дуртай,
Би энэ нутгийн хүмүүст дуртай,
Хамгийн ихээр тэнгэрийн дор эгшиглэх тэр дуунд дуртай.

2025 оны намрын сүүлчээр бидний хэдэн оюутнууд Монгол Улсад анх ирсэн. Ирэхийн өмнө Бээжинд намрын эхэн үе байсан бол Монгол Улсад газардмагц бидний амьдрал шууд өвөлтэй золгосон. Миний амьдрал 2025 онд намаргүй өнгөрсөн ч урт удаан, бас “гайхамшигтай” өвлийг надад бэлэглэлээ.

 Намайг Бээжингийн Гадаад Хэлний Их Сургуулийн монгол хэлний ангид элсэн орсны дараа олон хүн “Яагаад ийм мэргэжил сонгов?” хэмээн гайхдаг байлаа. Харин миний хувьд энэ сонголтын маань ард тийм олон асуултын тэмдэг байгаагүй. Би гадаад хэл сурах дуртай. Аль ч орны хэл бай, миний хувьд тэр нь дэлхий рүү гарах, орчлонг нээх нэг шинэ хаалганы түлхүүр юм.

Монгол улсад ирсний дараа бид Монгол Улсын Их Сургуулийн хэлний ангид үргэлжлүүлэн монгол хэл сурч эхэлсэн. Манай ангид Орос, Япон, Солонгос, Польш, Словак, Герман, Кени зэрэг олон орны оюутнууд байв. Бид өөрсдийгөө танилцуулж дуусмагц хүмүүс “Чи Монголд дуртай юу, Чи Монголын юунд дуртай вэ?” гэх асуултыг байнга тавина. 

Тэгвэл энэ асуултын хариу юу байсан бэ гэвэл, олонх оюутан “Монголын мах амттай, байгаль нь үзэсгэлэнтэй, хүмүүсийн зан харилцааны тухай...” ярьдаг. 

Миний хувьд, миний монгол нэр Уянгаа гэж хэлснээр эхлээд монгол дээл, хувцас, залуусын загварлаг байдал, жижигхэн бор шувууд, өхөөрдөм тарган тагтаанууд, бас тэд хүн ойртоход үргэхгүй байхыг хараад байгаль, хүн ба амьтдын харилцаа гээд өөр зүйлсийн талаар ярьмаар байдаг ч эдгээрээс монголын өөр нэгэн онцгой татах хүч бол хөгжим, ялангуяа уртын дуу юм шиг санагддаг юм. Уртын дууны аялгуу, хөгжим нь их өвөрмөц. Мөн уужуу тайван шинж,  аливаа зүйлийг аялгуугаар дүрсэлсэн байдал нь, зохиомж нь тэр чигээрээ асар чөлөөтэй шинжийг мэдрүүлдэг.

“Хөгжим бол хүн төрөлхтний нийтлэг хэл”. Ээж, эгч хоёр минь хоёулаа хөгжмийн багш учраас би багаасаа хөгжмийн орчинд өссөн. Дуу, төгөлдөр хуур, гитар, африк бөмбөр зэрэг олон төрлийн хөгжмөөр хичээллэж байлаа. Багадаа дуу сурч байхдаа дээд өнгөнд хоолой сорьж дуулах дуртай байсан ч энэ нь заримдаа “хий юм шиг” сонсогддог байв. Харин уртын дууг анх сонсоход дээд өнгө цаанаасаа байгалийн шинжтэй, яаж тийм гайхалтай уянгалаг байж болохыг гайхан мэдэрсэн. Тэр үнэхээр тэнгэрээс ирэх дуудлага мэт санагдсан. Тиймдээ ч энэ сайхан, өвөрмөц аялгуутай уртын дуу нь 2008 онд ЮНЕСКО-гийн“Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байна гэж бодогдсон. 

Дунд сургуульд байхдаа төгөлдөр хуурын бэлтгэлд нэг саадтай тулгарч байлаа. Өдөр бүр давтагдах суурь дасгалууд надад уйтгартай санагдсан ч зайлшгүй хийх ёстой. Нэг өдөр жааз хөгжмийн импровизацитай танилцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн. Жааз хөгжмийн freestyle чөлөөт урсгал надад шинэ сонирхол төрүүлж, би дахин төгөлдөр хуураа сайн сурахаар сууж эхэлсэн. Хэдий хичээлийн ачаалал нэмэгдэж, гол анхаарлаа хичээлдээ хандуулах шаардлагатай болсон ч жааз хөгжмийг би орхиогүй. Би хичээл хийхдээ, унтахын өмнө ч жааз сонсдог байв. Хөгжим бол миний хувьд тайвшрал, сэтгэлийн эм юм.

Их сургуульд орсны дараа би Монгол Улсын болон Өвөр Монголын найзуудтай танилцаж эхэлсэн. Нэг өдөр монгол найз маань монгол дуучин Бээжинд тоглолт хийх гэж байгааг хэлээд хамт үзэх эсэхийг надаас асуусан. Би түүний хоёрхон дууг сонсоод л шууд л “Очъё!” гэж хариулсан. Тэр дуучин бол олон улсын хөгжмийн тайзнаа олны анхаарал татсан жааз дуучин Энхжаргал Enji Erkhem байсан.  2024 онд Enji-гийн тоглолтыг үзэхийн өмнө Бээжингийн нэгэн номын дэлгүүрт түүний оролцсон уулзалт болно гэдгийг сонсоод би баяртайгаар очсон байсан. Үзэгчдийн асуулт хариултын хэсэг заавал байна гэж бодоод хэд хоногийн өмнөөс асуух асуултаа бэлдсэн. Тэр үед би монгол хэл сурч эхлээд дөнгөж нэг улирал болсон тул монгол хэлний түвшин маань бага ангийн хүүхдийн хэмжээнд байсан. Тиймээс холбогдох үг хэллэгээ эрчимтэй цээжилж давтсан. Азаар би тэр өдөр хамгийн түрүүнд асуулт асуусан хүн болсон. Enji миний асуултад маш дэлгэрэнгүй хариулсан. Миний санаж байгаагаар түүний хариултын бичлэг бараг 20 минут үргэлжилсэн. Түүгээр ч барахгүй би түүнээс “Би тантай найзалж болох уу?” гэж асуусан төдийгүй бид хамтдаа фото зургаа авахуулсан. Тэр өдөр би үнэхээр аз жаргалтай байсан.

2024 болон 2025 оны дөрөвдүгээр сард би Бээжингийн Жуншань цэцэрлэгт хүрээлэнгийн концертын танхимд Enji-гийн тоглолтыг хоёр удаа үзэж сонссон. Түүний дуу хөгжим эгшиглэхэд би хотыг орхин өргөн уудам тал нутаг руу нисэж буй мэт санагдсан. Тэр мөчид миний сэтгэл, бие хоёр маань байгальтай нэгдэж, талын салхитай хамт дуулж, сүрэг малтай хамт бүжиглэж буй мэт байлаа. “Бид дуу чимээгээр дүүрэн ертөнцөд амьдардаг. Уртын дууны авиа нь уул, салхи, уснаас ирдэг. Өнөөдөр ч бид эдгээрийг дуурайж, аялгуу, дуу авиа, үгээр илэрхийлж чадна” хэмээн энэ дуучны хэлсэн шиг монголын тал нутгийн тэнгэр дор уртын дуу урсах гол шиг үргэлжилж, нүүдэлчдийн мянган жилийн түүхийг аялгуугаар өгүүлсээр байдаг байх нь гэж одоо ч надад бодогддог. 

Би монголын амьдралд дасаж, улмаар Улаанбаатар хоттой илүү ихээр танилцаж эхэлсэн. Улсын их дэлгүүр орох замд “Bird Jazz Cafe” нэртэй кафе байнга харагддаг байлаа. Нэг өдөр бид энд орж, хөгжим сонсон хоол идсэн. Тэндхийн паста маш амттай байсан. Би хоолоо идэж дуусаад дээш харахад таазанд танил зураг харагдав. Тэр бол Enji-гийн тоглолтын зураг байлаа. Би шууд бичлэг хийж Instagram дээрээ нийтлээд Enji-г холботол тэр надад хариу бичсэн. Анх Enji-г жааз дуучин гэдгийг нь мэдээд “Уртын дуу ба Жааз” гэх хоёр өөр ертөнц хэрхэн нэгддэг бол гэж гайхаж байсан. Харин Enji өөрийн дуугаар төгс хариуг өгсөн. Түүний хэлснээр уртын дуу ба жааз хоёрт олон ижил тал бий. Жишээлбэл, эрх чөлөө, тодорхой цаг хугацааны хязгааргүй байдал, авиаг хэр удаан сунгахыг хатуу заадаггүй. Дуучин амьсгал, мэдрэмждээ тулгуурлан өөрийн хэмнэлийг бүтээдэг. Жазз хөгжмийн соло хэсэгт уртын дуу дуулдаг. Энэ бол маш илэрхийлэл сайтай урлаг юм гэсэн.

Би хөгжмийн урлагийг шинэ өнцгөөс ойлгож эхэлсэн. Хэл ба хөгжим хоёулаа дэлхийтэй холбогдох гүүр. Хэлээр бид бодлоо илэрхийлдэг бол хөгжим өөрийн өнгө аястай. Хөгжим өөрөө тайлбар бөгөөд хэн бүхэнд нээлттэй. Сонсож чадвал хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч чадна. Монгол Улсад өнгөрүүлж буй энэ хугацаанд би нэг зүйлийг улам тод ойлгож байна. Намайг татдаг зүйл зөвхөн гадаад хэл биш, харин тэр хэлээр илэрхийлэгдэх соёл, дуу авиа юм. Ялангуяа “УРТЫН ДУУ” надад тал нутгийн агаар, салхи, амьсгалыг тод мэдрүүлдэг, жааз хөгжим надад эрх чөлөөний хэмнэлийг мэдрүүлдэг. Энэ хоёр нэгдэхэд би өөрийгөө ч мөн тэндээс олж хардаг — хэл, хөгжмөөр дамжин дэлхийд ойртож буй хормын хугацаанд амьдарч байгаадаа баярладаг. Цаашид би монголын соёлыг илүү гүнзгий судалж, уртын дуу сурч, энэ урлагийг илүү сайн ойлгохыг хүсэж байна. 

Хэзээ нэг өдөр надаас: “Чи Монголын юунд дуртай вэ?” гэж дахиад нэг асуувал, “Би  энэ нутгийн хэлэнд дуртай, энэ нутгийн хүмүүст дуртай, харин хамгийн ихээр тэнгэрийн дор эгшиглэх тэр дуунд дуртай ” гэж би хариулна.

Wang Кеrong 

МУИС, Улаанбаатар хот, Монгол Улс. 

2026 оны гуравдугаар сарын 15


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав