Олон жилийн өмнө зуны нэгэн халуун өдөр Л.Итгэл бид  хоёр Ийгл телевизийн Америк талын захирлын өрөөнд ажлын далимаар уулзсан юм. Бидний ажил хэргийн яриа дууссаны дараа тэрээр “ Намраас хоёулаа тухтай уулзаж жаахан ярьж сууя”гэж хэлж билээ. Харамсалтай нь, тэгэхэд энэ нь бидний сүүлчийн уулзалт байсныг мэдсэнгүй. Үүнээс хойш хэчнээн ч намар өнгөрөв дөө. Саяхан түүний орчуулсан Стивен Лийкокын “Ноён  Баттын бүтэшгүй санаа” гэсэн өгүүллэгийг санамсаргүй олж уншаад Монголын радиод ажиллаж байсан он жилүүдийг нь эргэн дурслаа.


 Нэг: Орчуулагч



         Он жил алсран холдовч  мартахын аргагүй дулаахан дурсамж сэтгэлд үлдээгээд энэ хорвоогоос буцдаг хэн нэгэн байдаг. Монголын радиогийн англи хэлний нэвтрүүлгийн орчуулагч,нэвтрүүлэгч, Төрийн шагналт ардын уран зохиолч С.Дашдооровын гэргий Л.Итгэл нь чухам тийм сайхан хүн байлаа.        


         Радиогийн гадаад нэвтрүүлгийн түүхийг олон жил бичилцсэн түүнийг хамт ажилладаг байсан зарим нөхөд нь тоглоом шоглоомоор  “захиалгын боловсон хүчин”гэдэгсэн. Үүнд үнэнийн хувь бий. Учир нь Монголын радио гадаадын сонсогчдод зориулан англи хэлний нэвтрүүлэг хилийн чанадад цацахаар шийдэн, алсдаа англи хэлний орчуулагч нэвтрүүлэгчтэй болох зорилгоор  хэдэн хүнийг гадагшаа сургуульд явуулсны нэг нь Л.Итгэл байлаа. Ийнхүү тэрээр Москва хотын Гадаад хэлний Дээд  сургуульд суралцан төгсч ирээд  радиогийн гадаад нэвтрүүлгийн англи хэлний орчуулагч нэвтрүүлэгчийн нэг болж, залуу насныхаа олон өдөр сар, он жилийг англи хэлний нэвтрүүлгийг төлөвшүүлэн хөгжүүлэх, гадаадын сонсогчдод улс орныхоо түүх соёл, хөгжил дэвшлийг сурталчлан таниулах үйлсэд зориулсан юм. Тэрээр энэ тухай бичсэн нэгэн дурсамжаа “Радиод залуу насны минь бүх дурдатгал бий” гэж гарчигласан байдаг. Түүний тухай англи хэлний орчуулагч нэвтрүүлэгч  А.Оюунчимэг дурсахдаа “ Итгэл эгч бид хоёр багш шавь  шиг л хамтран ажилладаг байлаа. Нэвтрүүлгийг яаж унших,амьсгаагаа хэрхэн авахыг  мөн мэдээ материал англиар бэлтгэх талаар зөвлөж, маш их хэрэгтэй зүйл  хэлж өгдөг байлаа. Л.Итгэл өөрийнхөө орчуулж бэлтгэсэн нэвтрүүлгээ  тод хэллэгтэй, цээл тунгалаг хоолойгоор уншдаг байж билээ. Эфирт уншихад нь дууны өнгө нь өөрчлөгдөн улам тунгалаг болж, сонсоход сайхан чихэнд наалдацтай байдагсан” гэж ярьж байсан юм. Энэ мэтчилэн тэрээр мэддэг чаддаг бүхнээ бусдад зааж өгдөг, бас жирийн яриан дундаа хүний санаанд үлдэх  үг хавчуулж байх нь олонтаа.  Түүний нэг удаа “хорвоог барах ч амархан байнаа харин яаж барах вэ гэдэг л сонин байна” гэж хэлж байсныг санаж байна. Юутай ч, тэр өөрт сонирхолтой, олонд хүртээлтэй ажил хийж явсан хүн. Хожим Ийгл телевизэд ажилладаг болсон хойно нь  ч  түүний хэлний мэдлэг, ажлын арга барилыг Америк захирал нь үнэлдэг  байсан гэдэг.  Л.Итгэл үүнийг радиод ажиллаад сурсан зүйлтэйгээ холбон  үздэг байжээ.


    Тэрээр ажлынхаа зав зайгаар Британийн “Би Би Си”,  Америкийн “Америкийн дуу хоолой” радио станцыг сонсож,  уран зохиолын орчуулга  хийн, хэн нэгэн хүний  англиар орчуулсан зүйлийг хянаж засдаг байв. Хэрэв арай илүү цаг завтай байсан бол үүнээс ч их зүйл хийх байсан болов уу. Гэхдээ тэр хэд хэдэн өгүүллэг орчуулсан нь   “Гадаадынхан Монголын тухай”, ”Хоолой нийлсэн дуулал” зэрэг номонд орсон байдаг


       Мөн  Улаанбаатар хотод болдог  олон улсын их бага янз бүрийн хурал зөвлөгөөний үеэр синхронорчуулга хийхээс гадна төр засгийн дээд хэмжээний зарим нэг айлчлалд  орчуулагчаар  явдаг байлаа. Нэг удаа Л.Итгэл  дээд хэмжээний айлчлалд оролцон Энэтхэг явж ирээд улаан давс авчирсанаа өрөөнд байсан хүн тус бүрт өгсөнийг санаж байна. Тэр үед одоог бодвол эд юм ховор байсан цаг. Бас яагаад ч юм бэ  улаан давс хүний биед сайн гэсэн яриа тарсан болохоор Энэтхэг явсан хүмүүст тэр давсыг захидаг байв. Давс сониучирхан долоож байсан хятад хэлний хоёр орчуулагч залуугийн нэг нь “Ингэхэд чамайг Энэтхэг хүүхэнтэй андуураагүй биз. Уг нь сари өмсөөд, энгэсэг тавьчихвал  Энэтхэг шиг л харагдана даа” гэж тоглон асуухад түүний хажууд зогсож байсан өөр орчуулагч  “Юун Энэтхэг вэ,  манай Итгэл чинь Чингисийн Хорезмоос дагуулж ирсэн хэдэн сартуулын  удмын хүн байхгүй юу.  Яг л сартуул шиг сэргэлэн харцтай, шүлэг зохиолгож баймаар гялалзсан хар нүдтэй байгаа биз дээ” гэж  хэлж билээ. Үнэндээ тэр сартуул биш л дээ том алаг нүдтэй болохоор нь цаашлуулж  байгаа хэрэг. Итгэл тэдний ярихыг тоосон ч шинжгүй инээснээ “За, тэр миний  нүд, сартуул энэ тэр яах вэ. Цаана чинь цаг болохоо байлаа, нэвтрүүлгээ бичүүлье”гэсээр  гарч явсан юм. Тэрээр бусдын тоглоом шоглоом хийсэн хатуу зөөлөн элдэв үгийг сайн даадаг цайлган сэтгэлтэй, ил цагаахан,уурласан ч уур нь дорхноо гарчихдаг хошин шогийн мэдрэмжтэй, уран зохиолын төдийгүй хошин шог зураг, хошин зохиолын талаар өргөн мэдлэгтэй  хүн байсан юм. Тийм болохоор л алдарт Стивен  Лийкокын “Ноён Баттын бүтэшгүй санаа “өгүүллэгийг орчуулсан биз ээ.


    Хоёр:     Канадын нэрт зохиолч, хошин  өгүүллэгийн мастер хэмээн алдаршсан Стивен Лийкокийн  нэг бүтээлд ноён Батт гэдэг эрхэм гардаг . Батт нь хөрөнгө мөнгөтэй, ажил албатай, хэн нэгэнд туслах ялангуяа зөвлөгөө өгөх дуртай нэгэн. Гэхдээ хүмүүс түүний бусдад зөвлөж туслах гэсэн сайхан сэтгэлийг нэг л ойлгож өгдөггүй. Яагаад гэдгийг тайлбарлахад  ярвигтай. Тэгээд ч Стивен Лийкокийн “Ноён Батт” инээдэмтэй,өрөвдмөөр байдалд орох нь олонтаа. Зохиолч өөрөө эдийн засагч, багш хүн байсан бөгөөд түүнийг Канадын уран зохиолыг  дэлхийд таниулахад томоохон  үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хошин шог өгүүллэгийг оюунлаг, уран сайхны түвшинд гаргасан гэж үздэг тул Стивен Лийкокийн нэрэмжит шагнал, дурсгалын медаль бий болгожээ.


Ноён Баттын бүтэшгүй санаа...өгүүллэг


      


Батт бусдад сайн үйл бүтээхийн төлөө амьдрах гэсэн хий мөрөөдөл тээсэн хүн юм. Ямар ч үед, юу ч учирсан бай энэ л бодолдоо үнэнч явдаг нэгэн. Хүмүүс дуртай, дургүй байгаа нь хамаагүй, тэдэнд тус хүргэх гэж зүтгэдэг.


Тэр өөрийн бие, цаг зав, нандин зөвлөгөөгөө хүссэн хэнбугайд ч зориулаад зогсохгүй, бүр түүний тус огт хэрэггүй хүмүүст хүртэл туслах гэж мэрийдэг байлаа.


Амьдралынаахар шаахар зовлон тохиолдсон найз нарынх нь үүдээр ноён Баттын гийсэн царай заавал харагдана. Тухайлбал, түүний найз нөхдийн хэн нэг нь нүүх, гэрийн модон тавилга худалдаж авах буюу зарах, гэрийн ажилтан хайх буюу халах, жолоочийн хэрэг гарах, засварчинд гомдол мэдүүлэх, төгөлдөр хуур авах гэж байгааг дуулав уу үгүй юу, ноён Батт тэдний дэргэд нүд ирмэхийн зуур л оччихсон байдаг юм.


Нэг шөнө би клубын хувцасны өрөөнд, нар мандав уу гэлтэй гийсэн царайтай ноён Баттыг цув, гутлын гадуур угладаг галошаа өмсөж байхад нь дайралдлаа. Хараад л ямар нэг ач тустай үйл хэрэгт мордох нь гэдгийг мэдсэн юм.


“Дээшээ гарч билъяард тоглоё” гэж би хэлэв. Энэ нь аятайхан санал болох нь түүний ерөнхий байдлаас харагдав.


“Хонгор залуу минь, болдог бол уг нь их сайн байх сан. Цаг ч байсан болоосой. Хэрэв зээ тоглосон бол чамд хань болоод хэчнээн хөгжөөнтэй, зугаатай байх билээ дээ. Гэвч би гадагшаа гарах болчихоод байна” гэлээ.


“Хаашаа явж байгаа юм бэ?” гэж би асуув. Тэр намайг хаашаа явах гэж байгааг нь асуухыг хүлээж байсан болохоор тун ч тааламжтайгаар: “Би Эвэрлэй-Жөүнсийнх рүү очихоор явж байна. Чи тэднийг мэднэ биз дээ? Эсвэл үгүй юу? Хотод дөнгөж сая ирсэн юм. Тэгээд Сэлдомын өргөн чөлөө тийш нүүж байгаа юм л даа” хэмээн хариулав.


“Үгүй, тэр чинь зах газар биз дээ. Машин замаас нэг бил үү, түүнээс илүү милийн зайтай байх аа?” гэхэд  “Тиймэрхүү л байх” гэж ноён Батт хариулав.


“Бас арван цаг болж байна, бороо орох гэж байдаг...”


 Ноён Батт гутлын галошаа засангаа, “За, за бороо ч яахав ээ. Харин тустай. Тэдний гэрийн хувьд гэвэл би очиж байгаагүй ч амархан олох байх аа. Шөнө байшин хайхдаа хажуугийн айлуудын хаалгыг тогшиж асуусаар байгаад олдог маш журамтай хүн л дээ, би” гэв. “Тийшээ явахад оройтсон биш үү?” гэж би хориглов.


“Хонгор залуу минь ээ. Надад иймэрхүү зүйл огтхон ч хамаа алга. Юу гэвэл долоо хоногийн өмнө гэрлэсэн, шинэ байранд дөнгөж  орсон, магадгүй бүх юм нь ундуй сундуй, хажуудаа хань болж, санаа сэтгэлээр дэмжих нэг ч хүнгүй залуу хосууд тэнд байна гэдгийг л би гарцаагүй мэдэж байна” гэж ноён Батт дотноор ярих зуураа цуваа яаруу сандруу углаж, сайхан сэтгэлээ илтгэхүйц болгон биеэ засангаа “Бурхан минь, тэднийг хот руу орж ирснийг хоолны үеэр дөнгөж мэдлээ. Эрт мэдсэнсэн бол тэнд аль эрт оччихсон байх байсан юм” гэв.


Ноён Батт ингэж хэлээд бороо асгарч байгаа гудамж руу ухасхийн гарч одохуйд гэрлийн шонгийн туяанд царайнд нь сайн санаа, өгөөмөр сэтгэл цаанаасаа цацран байв.


Дараагийн өдөр түүнийг клубт хоолны цагаар олж харлаа. “За Жөүнсийнхнийг олов уу?” гэж би асуув.


“Олсоон. Ашгүй явсан минь сайн болсон. Байшинг нь олох гэж бөөн юм болсон. Тэр ч яахав ээ. Би амаргүй байна гэж мэдэж л байсан. Дор хаяад хориод байшингийн хаалга цохиж байж олсон гээч. Харанхуй, ус шалбааг, дээр нь гудамжинд ёлтойх ч гэрэлгүй байсныг хэлэх үү. Хэн нэгнийг гэрэл асаатал үүд хаалгыг нь балбаж айл болгоноос “Эвлэрэй Жөүнсийнхнийг хаа байдгийг мэдэх үү?” гээд л дуудаж асуугаад явлаа. Мэдэхгүй л гэх юм. Тэгэхэд нь би “За яахав, яахав. Унтацгаа даа. Доошоо бууж төвөг удаад яахав” гэж хэлээд л явлаа. Тэгж тэгж нэг юм олсон шүү. Байшин нь хав харанхуй байсан. Жөүнс дээд давхрын цонхоороо шагайхаар нь “Сайн уу? Батт байна аа” гэсэн чинь “Биднийг уучлаарай. Бид орондоо орчихсон унтах гэж байна” гэдэг юм байна. “Хонгор залуу минь. Уучлал гуйх юу байхав. Түлхүүрээ доош нь шидчих. Хувцсаа өмстөл чинь хүлээе. Битгий санаа зов” гэлээ.


“Тэр хоёр хөөрхий жаал уйтгарласнаас болоод арав хагаст орондоо орсон гэдгийг бодоод үз дээ. Ашгүй очсон минь л яамай. За, тэгэхээр тэднийг жаахан хөгжөөж сэргээгээдхэе гэж өөрөө өөртөө хэллээ би. Тэд ч доошоо бууж ирлээ. Бид тэнд гэрийн тавилгын хайрцагшуу юман дээр суугаад элдвийг ярилаа. Хатагтай Жөүнс над кофе хийж өгье гэлээ. “Хонгор охин минь” гэж би дуудлаа. Би хоёуланг нь хүүхэд байхаас мэддэг юм шүү дээ. Тэгээд “Яалаа гэж тэгж болох вэ. Би өөрөө хийх минь” гэлээ. Тэд эсэргүүцэхэд нь би өөртөө кофегоо хийнэ гэж зүтгээд байв. Ингээд явлаа.. гал тогоо нь гэж замбараа алга. Кофег нь олох гэж лав хорин лааз онгойлгосон. Тэгж тэгж кофе нэг юм боллоо. “Одоо үүнийг уу” гэж би хэллээ. Тэд цаг орчмын өмнө уучихсан болохоор “Үгүй” гэж байна. “Яадаг юм бэ, уу л даа” гэлээ. Бид шөнө дунд хүртэл ярьж суусан. Тэд ч унжгардуу байхаар нь би л голчлон яриад байлаа. Би ч голчилж ярьсаар байгаад өөрөө энэ байдалдаа дасчихсан юм. Хичээвэл ч би удаан ярьж чаддаг юм л даа. Тэгж байтал шөнө дунд хүрэх үед тэд овоо сэргэж ирлээ. Жөүнс бугуйн цагаа харж, “Хүүш, шөнө дунд өнгөрчихөж” гэж баясгалантайгаар хэлсэн шүү. Миний очсон нь Жөүнсийнхэнд таатай байсан гэж бодож байна. Бид улам илүү тухтай ярилцаж суусан юм. Жаахан сууж байгаад л Жөүнс “Хүүе, арван хоёр хагас болчихож, хүүе нэг цаг болчихож... ” гээд байв.


Би мэдээж, уг нь тэднийд нэг их орой болтол байхгүй шүү гэж бодсон л доо. Харин явахдаа өнөөдөр эргэж ирээд юмыг нь янзлахад туслана гэж амласан юм. Тэд “Яах юм бэ, хэрэггүй” гэсэн л дээ. Би ч “Яадаг юм, хамаагүй ээ” л гэсэн.


Тэр өдрөө ноён Батт хотын зах явж Жөүнсийнхний гэрийг нь янзалсан юм.


Дараа нь тэр надад “Би үдээс хойш тувт л ажилласан. Гадуур хувцсаа тайлаад л ажилдаа ороод явчихсан. Эхлээд зургуудыг гаргаж авсан. Тэд нар өглөө өөрсдөө өлгөх гэж оролдсон юм билээ. Би бүгдийг нь нэг нэгээр нь буулгахаас аргагүй байсан. Нэг нь ч зөв биш шүү. Доош нь болгоно гэж би хэлээд л ажилдаа ханцуй шамлан орж явчихсан даа” гэж ярив.


Хэдэн өдрийн дараа ноён Батт цаашдын явцыг тайлагнав. “Тийм ээ, тавилгуудыг нь бүгдийг задалж угсарсан байсан л даа. Харин над ер аятай санагдаагүй. Ер нь надад таалагдахгүй юм олон байна. Жөүнсийнхнийд тэднийгээ зараад өөрийг ав гэж зөвлөмөөр байх юм. Гэвч эхлээд сайн бодож байж хэлнэ ээ”


Үүний дараа ноён Батт их завгүй болсон бололтой, клубт нэг хэсэг харагдсангүй.


“Эвэрлэй-Жөүнсийнхэн яасан бэ? Шинэ байшиндаа тохилог уу?” гэж би түүнтэй нэг дайралдахаараа асуулаа. Ноён Батт толгой сэгсрэв.


“Ер баршгүй ээ. Эхнээс нь л би мэдээд байсан юм. Би ч Жөүнсийхнийг хот руу ойрхон газар нүүлгэх гэж байгаа. Би өглөөжингөө орон сууцны байр эрсээр өнгөрлөө. Тохирох байр олонгуутаа нүүлгэнэ. Байранд амьдрах нь байшинд амьдрахаас хавьгүй дээр” гэв.


Ингээд Жөүнсийнхнийг төдөлгүй нүүлгэв. Дараа нь ноён Батт төгөлдөр хуур сонгох, ханын цаас солихоос эхлээд, мод мужааны ажилд зөвлөгөө өгөөд маш завгүй байлаа.


Тэднийг шинэ гэртээ төвхнөж амжаагүйбайтал нь сэтгэл зовоосон зүйл гарч ирэв. Нэг өдөр ноён Батт надаас “Эвэрлэй-Жөүнсийн талаар сонссон уу?” гэж санаа зовнисон байдалтай асуулаа.


“Үгүй” гэж би хариулав.


“Тэр ямар нэг халуурдаг өвчин хүрсэн бололтой. Хөөрхий залуу гурван өдөр өвчтэй байна. Тэгээд над хэлээ ч үгүй, ер дуудаагүй байгаа юм даа. Яг л тэдний төрх мөн дөө. Дангаараа л давж гарахыг оролдож...Одоо би тэднийд даруй очих минь” гэв.


Жөүнсийн биеийн байдлын талаар ноён Баттаас өдөр тутам мэдэж авч байлаа.


 “Би түүний хажууд өдөр бүр сахиж сууж байна. Хөөрхий амьтан. Өчигдөр нэг хэсэг маш муудсан. Ухаан нь орж гараад л, жигтэйхэн солиороод л. Түүнийг хэн нэгэн хүн хойноос нь мөрдөөд байна гээд л байгаа нь нөгөө өрөөнөөс хүртэл сонсогдож байлаа. “Нөгөө тэнэг хөгшин золиг явсан уу?” гэж асуух нь сонсогдож байсан”


Би тайвшруулахаар өрөөнд нь ороод “Энд Баттаас чинь өөр хэн ч алга аа, хонгор минь” гэж намайг хэлтэл тэр эргэж хараад ёолсон шүү. Хатагтай Жөүнс намайг яв даа гэж гуйгаад “Та ч бүр тамираа барсан харагдана. Гадаа агаарт гарвал зүгээр дээ” гэсэн. “Хонгорхон хатагтай Жөүнс минь дээ. Би ямар хамаа байх вэ” гэж  хариулсан даа.


Хийж буй зүйлдээ махруу зүтгэдэг ноён Баттын цуцашгүй халамжийн ачаар Эвэрлэй-Жөүнсийн бие сайжрав.


“Тийм ээ, Жөүнс одоо зүгээр болсон. Тэр удаан хүнд өвдсөн дөө. Түүнийг өвдсөнөөс хойш би ганц шөнө ч амарсангүй. Гэлээ ч хийсэн зүйл маань ач тустай байв. Бүр хэтэрхий их ачилсны хариуг амссан шүү. Тэр хоёр хүний гялайсан сэтгэл гэдэг итгэмээргүй сайхан. Түүнийг чи харсан ч болоосой. Тэр турьхан хөөрхий эмэгтэй юу хэлсэн гэж санана. Намайг чадлаа барчихав гээд л сайхан амрах, хаа нэг газар аяллаар явахыг зөвлөж, эхлээд өмнө зүг явбал яасан юм бэ гээд байсныг яана. Тэгэхэд нь би “Хонгорхон хатагтай Жөүнс минь дээ. Тийшээ чинь ганц удаа ч болтугай зүглэхгүй юм даг. Халуун гэдэг чинь миний тэсдэггүй зүйл” гэж инээд алдан хариулсан. Гэсэн ч хатагтай өчүүхэн ч шантрахгүй байсан шүү. “Тэгвэл умардад яв л даа. Канадад оч. Эс бол Лабрадор луу явахгүй юу?” гээд нөгөө жаахан эмэгтэй маань төмөр замын зураг гаргаж ирээд төмөр замаар хаашаа хэр зэрэг хол хүрч болохыг яах ийхийн зуургүй үзэж гарлаа. Тэгснээ хатагтай Жөүнс ”Ер нь та цасны гуталтай ч явж болно шүү дээ” гэлээ. Хатагтай Жөүнс хавар болохоор  Унгава руу усан онгоц дандаа явдгийг мэдчихсэн, намайг түүгээр яваад дараагийн ээлжийн онгоцоор буцаж ирээч гэж зөвлөсөн шүү.


“Яасан сайхан сэтгэлтэй юм бэ? Танд үнэхээр л талархсан байна даа”


“Тийм шүү, үнэхээр талархсан сэтгэлийн илэрхийлэл. Ийм зүйлийн төлөө яасан ч яахав. Хийсэн зүйлийн минь ачийг хангалттай хариулж байгаа юм. Би энэ дэлхийд орь ганцаараа ч найзууд маань надад байгаа баялаг. Найзуудынхаа тухай бодохоор миний зүрх сэтгэлд чухам юу болдгийг та төсөөлөх ч үгүй байх. Клубт ч, хотод ч, хаана ч тэд уулзахдаа баярлацгааж, намайг тус хүргэе гэхээр байнга татгалзаж байдаг юм шүү дээ. Миний л зөвлөгөөг авч, намайг л сонсохгүй бол болж бүтэхгүй байдаг юм”.


“Жөүнсийнхнийг хар л даа, жишээ нь. Эвэрлэйн-Жөүнс клубт ирэх бүрийдээ хамгийн түрүүнд “Ноён Батт клубт байгаа юу?” гэж асуудаг гэж хаалгач надад хэлсэн юм шүү. Намайг байнга дурсаж санаж байгаагийн илрэл юм даа”


Ингэж хэлээд ноён Батт дуугаа хураахад нүдэнд нь нулимс цийлэгнэх шиг болов. Түүний нүдний болор гэрэлтэх нь хаврын борооны дараах нарны гэрлийн тусгал мэт байлаа. Ноён Батт надаас салан хувцас солих өрөө рүү оров.


Ноён Баттыг хонгилоор явж өнгөрсний дараа учир битүүлэг төрхтэй, дуугүй байрын үл таних эр орж ирэв. Тэр сэм сэм алхан эргэн тойрноо гүйлгэн харснаа хаалгач хүүгээс “Ноён Батт клубт байгаа юу?” гэж асуув.


“Тийм ээ, дөнгөж саяхан хувцас солих өрөө рүү явсан. Би дуудчих уу...” гэж хаалгачийг хэлэхийн зуургүй өнөөх эр сүн хийн хаалгаар гаран алга болов.


“Энэ хэн байв аа?” гэж намайг асуухад хаалгач “Манай шинэ гишүүн ноён Эвэрлэйн Жөүнс байгаа юм” гэж хариулсан юм даа.




Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав