2023 оны зуны адаг сард би Бээжингийн гадаад хэлний их сургуулийн монгол хэлний мэргэжлийн нэгдүгээр ангийн оюутан болсон юм. Манай их сургууль нь 1941 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл нийт 101 төрлийн хэлний мэргэжилтэн бэлтгэдэг, Хятадын хамгийн нэр хүндтэй хэлний их сургуулиудын нэг билээ.
Манай монгол хэлний мэргэжлийн анги 2015 онд албан ёсоор нээгдсэн юм. Дөнгөж оюутан болсон би баяр догдлол дүүрэн байсан ч, үнэнийг хэлхэд сэтгэл дотор минь багахан эргэлзээ байлаа. Учир нь тэр үед би монголчууд, монгол хэл, Монгол Улсын талаар сайн мэдэхгүй байв. “Яагаад монгол хэлийг сонгосон юм бэ?” хэмээн бусад хүмүүс надаас асуухад, би өөртөө ч тодорхой, итгэлтэй хариултгүй байлаа. Өдөр бүр үг цээжилж, өгүүлбэр зохиож, сонин уншсаар нэг л мэдэхэд их сургуулийн он жилүүд минь харвачихсан сум шиг хурдан өнгөрчээ. Эхний хоёр жилийн хугацаанд багш нарынхаа заасны дагуу миний монгол хэлний чадвар аажмаар сайжирч, бас өөртөө бага зэрэг итгэлтэй болж эхэллээ. Ингээд би дадлагын ажилд оролцохоор шийдсэн юм. Тэр зун хийсэн дадлагын туршлага маань миний хэл сурах дадал, хэлний талаарх үзэл бодлыг минь бүрэн өөрчилж орхисон. Ингэж өөрчлөгдөж байгаагаа ч тухайн үедээ би сайн ойлгоогүй билээ. Дадлагын ажлын агуулга нь ерөнхийдөө төвөггүй байв. Гол нь орчуулагчийн хувиар Монгол Улсаас ирсэн мэргэжилтнүүд, албан тушаалтнуудыг хүлээн авч, тэдэнтэй хамт Бээжин хотод үзэж танилцах, суралцах үйл ажиллагаанд нь оролцох явдал байсан юм. Гэвч ажлын эхний өдөр санаанд оромгүй олон бэрхшээлтэй тулгарч, би ихэд сэтгэлээр унасан.
Хичээл дээр сурсан үг хэллэг, хэл зүйн мэдлэг маань бодит харилцаан дээр маш хангалтгүй болохыг ойлгов. Монголоос ирсэн мэргэжилтнүүдтэй харилцах үед бие биенээ ойлгохгүй байх тохиолдол байн байн гарч, тэд ч миний ярианы дутагдлыг анзаарч, дараагийн хэдэн хоногт надтай харилцах нь илт багассан байлаа. Гэсэн хэдий ч эцэст нь бидний харилцаа аажмаар дотносож, ойртсон юм. Энэ бүхэн нь намайг ихэд баярлуулсан. Эхэндээ огт төсөөлж ч байгаагүй ийм өөрчлөлтийг эргэн бодоход магадгүй миний тусч, ажигч занг хүндэтгэснийх биз ээ. Багийн ихэнх гишүүд залуу хүмүүс байсан тул гадагш гарч, худалдан авалт хийх хэрэгцээ их байв. Тиймээс ажлын дараа би ихэвчлэн цаг заваа зориулж, тэдэнд дэлгүүр хэсэхэд нь тусалдаг байсан бөгөөд ингэснээр тэдэнтэй харилцах харилцаа маань илүү хялбар, таатай болж байлаа. Нэг удаа бид гадаа судалгаа хийж явах үед нэгэн эмэгтэй өндөр өсгийтэй гуталтай байсан тул явганаар алхахад нэлээд хүндрэлтэй байв. Би түүнд гутлаа тайлахыг зөвлөж, дараа нь түүнтэй хамт бусдаас нэлээд хоцорч удаан алхсан юм. Ийм жижигхэн зүйлс дусал дуслаар хуримтлагдсаар далай болдог шиг, чимээгүйхэн бидний сэтгэлийг улам ойртуулжээ. Тэр өдрүүдэд монголчуудын шударга, хөгжилтэй ааш зан надад мартагдашгүй гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Тэр өглөө би тэднийг нисэх буудлын терминал дээр тэвэрч, дахин дахин баяртай гэж хэлсэн. Ачаа тээшээ чирж холдон явсан тэд гэнэт эргэж, над руу гараараа даллаж, “Улаанбаатарт ирвэл заавал бидэнтэй холбоо бариарай” хэмээн хэлж байлаа. Хэл нь өөр, соёл нь өөр улс түмний хооронд гүүр болох гол хүч бол ХЭЛ юм. Гэвч заримдаа инээмсэглэл, найрсаг хандлага ч мөн адил харилцаанд чухал нөлөөтэй байдаг. Хэчнээн их хичээж, хэл сурсан ч гэсэн, хүн хоорондын харилцааны үндэс болсон цайлган зан, эвсэг, тусч сэтгэлийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг би бүх хэл суралцагчдад хэлж, зориуд анхааруулмаар юм байна гэж санагддаг.
Улмаар тус оны намрын сүүлчээр би солилцооны оюутны хувиар Монгол Улсад ирж, МУИС-д суралцаж эхэлсэн юм. Сэрүүн агаар сэнгэнэсэн энэ улсад миний амьдрал шинээр нээгдлээ. Монгол хэл суралцагч бидний хувьд Улаанбаатар хот бол сурах бичгээс бодит амьдрал руу шилжин орж ирсэн орон зай төдийгүй, эзэмшсэн мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх өргөн талбар билээ. Үнэндээ Улаанбаатар нь дэлхийн томоохон хотуудтай харьцуулахад тийм ч хөгжилтэй биш ч гэсэн, үзэх, танин мэдэх сонирхолтой зүйлсээр баялаг хот юм. Харин монгол хэл бол бидний хувьд энэ хотод амьдрах, дасан зохих хамгийн найдвартай тулгуур. Ийнхүү хэдэн сарын хугацаа өнгөрөхөд миний хэлний чадвар мэдэгдэхүйц ахисан байлаа. Үгсийн сан маань хангалттай болж, бас монгол хүмүүстэй саадгүй, чөлөөтэй харилцаж чаддаг болсоны дараа сэтгэлд минь дахин хоосрол төрж, цаашид юу хийхээ ахин тунгааж бодох болсон юм.
Аз болоход яг тэр үед багшийнхаа урилгаар би Монголын Үндэсний Урлагийн Их Театрт бүжгийн тоглолт үзэх завшаан тохиосон билээ. Уг тоглолт Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжид гуайн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт байлаа. Монголын Үндэсний Урлагийн Их Театр нь хотын төвд оршдог бөгөөд ягаан өнгөтэй, сонгодог хэв маяг бүхий барилга юм. Доторх суудал, тавцан зэрэг бүхий л зүйл улаан хамба хилэнгээр бүрхэгдсэн нь надад дулаахан, тансаг мэдрэмж төрүүлсэн. Харин үзсэн тоглолт маань жирийн нэгэн үзүүлбэр бус, монгол үндэсний бүжиг, соёлынх нь төгс илэрхийлэл байжээ. Үзүүлбэрүүдийн дарааллаас харахад түүний найруулга нь нарийн нямбай бэлтгэгдсэн байсныг анзаарсан. Эхэнд нь Монгол орны олон ястан угсаатны соёлын онцлогийг бүжгээр тус тус харуулсан бол, дараа нь монголчуудын амьдралын янз бүрийн үе шатыг илэрхийлсэн бүжгүүдийг толилуулжээ. Тайзан дээр Богд хааны ордонд алхах халх эмгэд, ой хөвчөөр сэлгүүцэх буриад залуус, дорнын уудам хээр талд бүжиглэх үзэмчин бүсгүй, элсэн говьд тэмээ хариулах балчир охин зэрэг дүр зургууд ээлж дараалан амилж байлаа. Ингээд зогсохгүй бугуйл барьсан бяртай залуу эрс, үнээ саахаар яаран одох бүсгүй, бие биеэ түшин сүмд мөргөх ахмад хосуудын дүрслэл амь орох мэт тодхон сийлэгдэн харагдаж байв Өмнө нь зөвхөн сурах бичиг, шалгалтад зориулсан материалд оршин байдаг мэт санагддаг байсан соёлын мэдлэгүүд энэ тоглолтын дараа урьдынхаас илүү тод, мартагдашгүйгээр миний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Урьд нь би хэл сурах нь зөвхөн хэл сурах бус, соёлыг нь ч давхар сурах ёстой гэсэн үгийг сонссон байсан. Харин одоо эргэн бодоход соёлыг чин сэтгэлээсээ мэдэрч ойлгох нь илүү чухал юм. Магадгүй, хэлийг хийсвэр багаж, эсвэл харилцааны түлхүүртэй зүйрлэж болно.
Миний бодлоор монгол хэлийг мэдэхгүй бол монголын соёлыг ойлгоход саадтай. Гэвч зөвхөн өдөр бүрийн давтдаг хичээлээс гадна зав чөлөөгөөрөө Улаанбаатарын гудамжаар алхаж, алс холын хөдөө нутгийг зорьж, бодит Монголын амьдралыг биеэр мэдрэх нь хамгийн чухал юм билээ. Ийнхүү энэ бүхэн хэлнээс эхэлсэн ч, эцэстээ хэлнээс давсан ач холбогдол болон надад үлдсэн мэт санагдана. Эдгээр үгийг бичиж суухад цонхоор харагдах Улаанбаатарын хаврын нэгэн энгийн шөнө байна. Хотын гэрлүүд анивчин гялалзаж, Богд уулын бараа тэнгэрийн дор, харанхуйгаас бараалан ялгарах энэхэн үед би, дөнгөж монгол хэлийг сурч эхэлж, ангийнхантайгаа хамт “Улаанбаатарын үдэш” хэмээх дууг дуулж сурч байсан дурсамжаа эргэн саналаа. “Улаанбаатарын үдэш намуухан” хэмээх тэр нэгэн дууны үгийг сайн цээжилсэн ч, үнэндээ одоо л сэтгэлдээ жинхэнээр нь гүн гүнзгий мэдэрч эхэлснээ ойлгож байна. Одоо надад боломж тохиолдвол өөрт төрсөн сэтгэгдэл болон улмаар манай хоёр улсын хэл, соёлын холбоотой нийтлэл үргэлжлүүлэн бичих хүсэл бий болж байна. Би бичих болноо.
SUN RUOYUN
Улаанбаатар хот. 2026 оны Зуны эхэн сар.








