Хаврын гол эдийн засаг ноолуур байдаг. Гэвч мал аж ахуйн орон гэх атлаа олигтой ашиг ч болгож чадахгүй өнөө хүрсэн манайд энэ бизнест орчин гэхээр юм ч байдаггүй. Эргэн тойронд нь тодорхойгүй асуудлууд дүүрэн. Энэ жилийн хувьд ч үргэлжлэх нь.
Учир нь түүхий ноолуурын экспортын хориг цуцлагдахгүй нь тодорхой шахам харагдаж байна. Энэ нь өөрөө өнөө жилийн байр байдлын өнгийг хэлж байх шиг. Гэтэл Төр “үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гээд ноолуурын үйлдвэрүүдэд 500 ТЭРБУМ төгрөгийн эргэлтийн хөрөнгө гаргаж өгч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзаад л энэ шийдвэрийг гаргаж орхилоо. Энэ 500 тэрбумыг харамлаад ингэж бичиж байгаа юм биш ээ. Бид цаасан дээрх багахан өсөлтийн дүн барьж давхиад, түүгээрээ ард түмнээ хуурах гээд ядчихдаг ийм нэг арга барилаасаа эхлээд салмаар байгаа юм. Засгийн газрынхан маань одоо “2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон. Энэ бол өмнөх жилээс 5.7 дахин өссөн үзүүлэлт шүү. Тийм учраас бид 500 тэрбум төгрөг өгч байна” гээд баахан романтик юм яриад хөдөөгүүр давхицгааж эхэллээ. Өнгөрсөн жил 335 сая долларын орлого олсоннь үнэн. Угаасаа тааруухан яваа хөдөө аж ахуйн салбарт гялтайх үзүүлэлт нь энэ болсон. Гэхдээ энэ салбарт экспорт ярихад манайх дэндүү дорой, дэндүү жулдаж яваагаа үнэнээр нь ярьцгаамаар байна.
Газар тариалан, Мал аж ахуйн салбарт очих ёстой зээл хэрэв зүй ёсоороо зорилтот хэсэгтээ очиж байсан бол байдал илүү дээр байх байлаа. ЖДҮ-д зориулсан бага хүүтэй зээл зорилтот хэсэгтээ биш МАН-ын сайдуудын гараар орж, хувийн бизнест нь шингээд арван жил явчихсан хойно одоо түүхий ноолуурын орчноосоо хальж чадаагүй тэднийгээ тойглох гээд гүйж байгаа Төрийг бодохоор эгдүү хүрээд байгаа юм. Одоо ч ЖДҮ-чин сайдууд танхимд нь хэд гурваараа байна. Ноолуурын салбарт ажилладаг хэд ч нэг их баярлахгүй байгаа нь ийм учиртай. Нэгт,тэд угаасаа төрөөс байнга мөнгө авдаг. Тэдний хувьд шинэ юм огт биш байгаа. Хоёрт, тэдний хүсэл зээлийн хүртээмжийг сайжруулаач, яг энэ салбарт зүтгэж байгаа бидэнд ирэхгүй байна. Худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээгээ барьцаалж зээл олгооч гэж бид банкуудын босгыг элээж байна гэх гуйлт байдаг. Ийм зүй ёсны дэмжлэгбидэнд үзүүлбэл цөөхөн хэдэн үйлдвэрийн хүчин чадлаа өндийлгөж, экспортоо нэмэгдүүлэх боломжтой шүү дээ гэж үе үеийн Төрөөс тэд гуйсаар ирсэн. Өнөөдөр ч үүнийгээ ярьж байна билээ.
Ерөнхий сайдын шийдэж байгаа энэ мөнгө одоо эрхбиш буруу гараар явчихгүй байх л даа. Гэхдээ түүхий ноолуурын экспорт хоригтой байгаа шүү дээ. Хятадууд л тоглодог. Энэ жил ч тэд тоглоно.
Энэ салбарынхны зарим хэсэг бол зээл авах гэж тамираа бардаг. Барьцаа хөрөнгө, эргэлтийн хүчин чадал гээд өдий төдий юм банкууд шаарддаг. Тэр нь байхгүй. Байгаа нь үнэлгээ муутай. Гишүүдээс гуйна. Тэд нь банк руу зуучилж гүйнэ. Зарим сүйхээтэй нь бүтээнэ. Авч өгсөн зээлээсээ ашиг авна. Бүгд ийм өлөн сэтгэхүйтэй. Ийм хэргээр шүүгдэж байсан гишүүд ч бий шүү дээ. Бидний байгаа энэ байр байдал бол алдагдсан боломжийн ар дээр үлдсэн хөөрхийлөлтэй үнэн төрх маань юм. Үүнийг нйитлэл болгондоо сануулж, эрх баригчдын дургүйг хүргэхээс өөр арга алга.
Банкууд Ерөнхий сайдын өмнө экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллана гэж л байна. Бүгд ингэдэг. Ийм яриа байнга болж ирсэн. Гэхдээ банкуудынчанаргүй зээлийн хэмжээ өсөхөд ээлжит Ерөнхий сайдууд яах юм. Яах ч үгүй. Явдаг замаараа яваад л өгнө. Цаадуул нь ч мэдэж л байгаа. Ийм хэрэлдсэн зөрчил дунд үнэнээс дөлж гүйдэг, худлаа аргалах гэдэг, сонгуулийн мөчлөгт зориулсан пиар шинжтэй юмнуудаа л больцгоо гээд байгаа юм.
Энэ асуудлын нөгөө талд нь хэн байдаг юм. Ноолуураа бэлтгэдэг малчид байдаг. Тэдний байр байдал ямар байгаа билээ. Хоёр жил дараалсан зуд. Түүнээс үүдсэн борог амьдрал л байна. Банкны өрөнд амьжиргаа нь бүтнээрээ дарамтанд орчихсон. Тэдний ганц том мөнгөн орлого нь ноолуур. Зээл авахдаа ноолуурын орлогоо барьцаалдаг. Хүүхдээ сургуульд сургахдаа, гэрлүүлэхдээ гээд амьдралынхаа бүх том үйл явдлуудаа ноолуурын мөнгөөрөө болгодог.
Өнгөрсөн жил ноолуураас 335 сая долларын орлого олсон гэх ч малчдад юу ч наалдаагүй. Наалдах боломж ч байхгүй. Тэгвэл малчдаас ноолуурыг нь арай өндөр үнээр ав л даа. Өнгөрсөн жил дээд тал нь нэг кг ноолуурын үнэ 147.000 төгрөг л хүрсэн. Малчид энэ талаар байр сууриа сайн илэрхийлцгээх хэрэгтэй.
Зарим эдийн засагчид малчдын өмнөөс Төрд асуулт тавьж байна. Тэд ямар асуултууд тавьж байна вэ.
-Ийм ашигтай салбар юм бол яагаад жил бүр Төрөөс мөнгө авдаг юм бэ?
-Яагаад хувийн үйлдвэрүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг юм?
-Хятадууд монголоос өндөр үнээр ноолуур авч ашиг олж чадаж байхад монголын хэдэн үйлдвэр яагаад Төртэйгөө нийлж малчдын цорын ганц орлого олдог ноолуурыг нь хямдхан авах ёстой юм бэ? ...гэж асууцгааж байна.
Би ч гэсэн эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн дээрх асуултуудтай санал нийлж байна. Энэ бол нэг төрлийн дээрэм шиг харагддаг нь ч нууц биш. Барилга, уул уурхайтай адилхан л бизнес атлаа яагаад нэгийг нь сугалж Төр санхүүжүүлнэ гэж... гэх энэ асуулт бол зах зээлийн нийгмийн эд эс болгоны тавих зүй ёсны асуулт.
Ноолуур авах нэрээр жил бүрТөрөөс их хэмжээний эргэлтийн мөнгө гардаг. Малчдаас ченжүүд авна. Цаашаа хятадуудад өгнө. Үндсэн зураглал нь энэ. Яагаад дундын шимэгч давхарга бас малчдыг шулах ёстой юм. Төр үүнийг ядаж зохицуулалтаар дэмжиж чаддаггүй. Тийм атал салбарыг дэмжих нэрээр хэдэн үйлдвэрт мөнгө өгч явдаг энэ хямдхан аргаараа явсаар байх юм бол салбар мөд өндийхгүй. Тэр дундаа малчид бол бахь байдгаараа л үлдэнэ. Энэ л хамгийн том гуниг.
Төр татвар төлөгчдийн мөнгөөр өвс тэжээл барьж гүйхийг бид эсэргүүцдэг. Харин өөрсдийнх нь жилдээ ганц мөнгөн орлого олдог ноолуур дээр малчдаа өмгөөлмөөр байна.
Ер нь бол малчид Төрөөс юм гуйдаг хэсгийнхэн биш шүү. Жил бүр ноолуур худалдан авах үнэ ханш нь өөрчлөгдөнө. Малчид арга буюу өр зээлэндээ шахагдаад тэр үнээр нь өгнө. Ихэнх нь гар дээрээ хэдэн төгрөгтэй үлдэж чаддаггүй. Малчдаас хямд үнээр ингэж аваад ченжүүд ч, үйлдвэрүүд ч ашиг олно. Хүний шуналыг хязгаарлах арга үгүй. Буруутгах ч арга үгүй. Жилийн дөрвөн улирал халуунд халж, хүйтэнд хөрж, байгалийн аясаар шогшиж, өдөр шөнөгүй хэдэн малынхаа араас явдаг малчдад өгөөж нь очдоггүй бодлогуудыг л бид шүүмжилж байгаа юм. Малчид маань бахь байдгаараа, тахлагдаж хүндэрсэн бэлчээр дээрээ, товлогдож нэхэгддэг өртэйгөө үлдэж, хэдэн угааж самнадаг үйлдвэр цулайгаад байх энэ урвуу тогтолцоогоо зүй зохисоор нь өөрчлөх цаг болжээ. Энэ үгийг үйлдвэрлэлийн бодлогыг эсэргүүцлээ хэмээн мушгихгүй гэж найднам.
Хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар энэ 3 дугаар сарын 21-ний өдөр ноолуурын дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэн болох гэж байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулагдах гэнэ.
Ямархуу үйл явдал болох нь вэ, малчдын тодорхой хэсэг ядаж оролцож амжих уу...Сайн мэдэхгүй байна. Гэхдээ сонирхолтой санагдана. Юутай ч харцгаая.
Зорилго бол мэдээж экспортын нэмүү өртгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санал шийдлүүдийг олох, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө л чиглэсэн арга хэмжээ. Зорилго том байх ёстой. Энэ зөв. Зовлон маань харин нимгэрч байх ёстой шүү.








