Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо, намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн П.Батчимэгээр ахлуулсан хуулийн ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж, санал солилцлоо.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С. Батбаатар; "Стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн" гэдгийг танилцууллаа.

Харин хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг; “Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх нь зүйтэй. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу салбарын гол мэргэжилтэн, шинжээч, алба хаагч болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг, баг байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. Учир нь стандартгүй салбар, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гэж байхгүй учир бүхий л талуудын эрх ашгийг нь хуулинд тусгах чухал" гэдгийг онцоллоо.

Хуулийн ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн П.Ганзориг, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Цэнгүүн ажиллана.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм.













