Стандарт, хэмжил зүйн газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдалгууд уулзаж, стандартчилал, хэмжил зүйн салбарын мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж, ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар амжилттай хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдэд улсын чухал салбар болох стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын их, дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай санал солилцсон юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын хөтөлбөрт стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр тусгагдаагүй байгаа нь салбарыг мэргэжлийн хүний нөөцийн хомсдолд хүргээд байгаа гэж хэлж болно.
Стандарт, хэмжил зүйн газар нь Улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого боловсруулах, стандартчиллын техникийн хороод болон дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний стандарт батлах, стандартыг олон нийтэд мэдээлэх, худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах, бүтээгдэхүүн баталгаажуулалт, улсын эталоныг хадгалах, хэмжлийн нэгжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, хэмжил зүйн хяналт шалгалт хийх, үнэт металлын сорьцын хяналт хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах сорилт, туршилтын лаборатори зэрэг чиг үүрэгтэй ажилладаг ажилладаг билээ.







