Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “ISO 9001:2015 стандартыг эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн туршлага” сэдэвт сургалт арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго нь олон улсын чанарын менежментийн тогтолцоо болох ISO 9001:2015 стандартыг эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр гарах үр дүн, ач холбогдол болон стандартад нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай үзүүлэх боломжийг таниулах юм.
Сургалтаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Ж.Булган “ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн сайн туршлага”-аас хуваалцаж, оролцогчдод мэдлэг, мэдээлэл өглөө.
Уг сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид болон орон нутгийн 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөлөл цахимаар оролцлоо.








