Керамик урлагт ус, шороо, гал, салхи, төмөр гэх таван элемент эн тэнцүү үйлчилдэг. Уран бүтээлд эдгээрийг шингээж ашиглахдаа бүтээлч хүн ахин дахин төрж, энгийнээс энгийн төлөвт уусах бөгөөд өөрийгөө гадна талаас бус дотоод сэтгэлээсээ хайж эхэлдэг. Мөн бусдын дотоод мөн чанар луу өнгийж эхлэнэ. Тэр хэрээр уран бүтээлч нь аж төрөхүйн болоод бүтээгчийн хувьд ч өөрийгөө бүрэн дүүрэн тодорхойлж чадах мөчлөг рүү алхам алхмаар урагшлах билээ.

Тэдгээрийн нэг бол уран барималч, керамик артист Н.Сүхбүрэн. Тэрээр ДУИС-ийг керамик чиглэлээр төгссөнөөс гадна мөн багшаар ажиллаж байсан туршлагатай. Басхүү Франц, ОХУ, Япон, Солонгос, АНУ зэрэг орнуудад зохион байгууллагддаг олон улсын наадмуудад бүтээлээрээ амжилттай оролцсоор ирсэн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм.


Түүний бүтээлүүдийг анх харах төдийд л хувь хүний дотроо тээж, тэр болгон хүмүүст харуулдаггүй нууцлаг бясалгалын өрөөнүүдээр зорчих шиг сэтгэгдэл төрүүлнэ. Өрөө болгоноос мэдрэгдэх нэгэн ижил давтамж бол хүмүүсийн амар амгалан төрх юм. Магадгүй бүтээлч үүнийг өөрийн үзэл санаанаас эсрэг байдлаар урласан байж болох ч баримал болгоны дүр төрөх, аньсан мэлмий нь нам гүмыг анирдах шиг таатай бодлыг төрүүлнэ.

Дотогшоо

Н.Сүхбүрэн уран бүтээлийнхээ мөн чанарын тухайд ийн тодорхойлсон нь бий. “Миний дотор луу, таны дотор луу өнгийн харвад бид бүгд адилхан. Хүн бүрийн амар амгалан, эрх чөлөө гадна бус дотроо оршдог”. Энэ үгс зөвхөн уран бүтээлийнх нь тухай бус уран бүтээлчийн амьдралаас олж авсан, түүнд л хамгийн гоёор зохидог “титэм” байж магадгүй. Бусдын тухай дүгнэх боловч эцэст нь хүн өөрийгөө л олох эрлийн замд амьдралын турш хатаж явдаг.

Бүтээлүүдийнх нь амин сүнс тэгвэл дотогш өнгийх юм. Хамгийн гол нь бүтээлч өөрийнхөө дотор луу эхлээд сайн өнгийж харах хэрэгтэй болов уу гэж сэтгэгдэнэ. “Тавтай морил” бүтээлд зогсож буй эрэгтэй болон сууж байгаа эмэгтэйг дүрсэлжээ. Тэднийг хооронд нь холбосон тавцан байхгүй боловч уг баримлууд салшгүй холбоотой мэт санагдана. Харин үзэгч өөрийн хүссэн хэмжээ, орон зайд тэднийг байрлуулж болох юм. Энэ зөвхөн хашигдмал хүрээнд өөрсдийгөө оруулахаас илүүтэй орон зайгаа тэлснээр эрх чөлөө болоод хүсэж буй аз жаргалаа дэргэд чинь байсныг анзаарахад туслах уран бүтээлчийн дотроос ургасан шинэ санааны жинхэнэ хувилбар билээ.

Мэдээж аливаа бүтээл өнгөрсөн зууны хүмүүсийн үлдээсэн мэдлэг, туршлагын үндсэн дээр л бүтээгддэг. Учир нь аль ч урлагийн төрөлд зай завсаргүй олон элемент, төрөл жанр бий болчихсон. Харин хүн төрөлхтний оюун санааны нөөц шавхагдашгүй учир шинэ сэтгэлгээний бүтээлүүд төрөн гарсаар буй. Баримал бүтээх нэг хэрэг. Харин үүнд өөрийн харах өнцөг, амьдралын философи, шинэ сэтгэлгээг уусган нэгтгэж чадна гэдэг тэс одоо үйл хэрэг юм. “Тавтай морил” бол тийм бусдаас ялгарах шинж чанартай, уран бүтээлчийн дотоод тайвшрал, бусдын тухай энэрэнгүй үзлийг агуулсан бүтээл.

Уг хоёр баримлын толгойгоо үл ялиг мэхийлгэн мэндчилж буй аятай зогсоо эрэгтэй бол керамикч Н.Сүхбүрэн өөрөө ажээ. Харин цээжин хэсэгт гаргасан дөрвөлжин нүхээр түүний дотор луу өнгийн харж болно. Тэнд таныг хоосон хөндий, эсвэл хав харанхуй, амар амгалан үнэртсэн мэдрэмжүүдийн аль нэг нь угтана. Мэдээж хүн бүрт өөр мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Харин үхлээс төрөх хүртэлх цаг хугацаа байгалийн жам, эс бөгөөс хувь тавилан л байдаг. Тэнд бид нэг л ижил махбод, уурладаг, уйлдаг, зовж ганцаарддаг, аж жаргалаар бялхаж инээмсэглэдэг зан араншинтай. Тиймээс л Н.Сүхбүрэн “Миний дотор луу, таны дотор луу өнгийн харвал бид бүгд адилхан” хэмээсэн нь уг бүтээлийг тодорхойлж чадах хамгийн үнэн, хамгийн ойр үгс болов уу.

Мөнхүү эрэгтэй барималд гарыг нь тодорхой дүрсэлж өгсөнгүй. Жаахан зайнаас ажвал хүн чулуу мэт харагдана. Тиймээс л “Бид хүрэлцэж бус нэгнийхээ дотор луу өнгийн танилцаж яагаад болохгүй гэж…” хэмээх санааг агуулсан нь илт.

Хоосролын тухайд өгүүлэхүй

Дараагийн онцлох баримал бол “Манан”. Уран бүтээлч Н.Сүхбүрэн өнгөрсөн оны сүүл сард “Манан” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Түүн дотроос онцолсон бүтээлүүдийн нэг нь энэ байлаа.

Ер нь түүний керамик ажлуудынх нь дүр бүхэн нүдээ аньсан, амар амгалан төрхтэй. Бие дотуур нь бурхад, сахиусан тэнгэрс, ус, салхи, үүлс зэрэг үзэгдэнэ. Заримд хувь хүний бухимдал, дотроосоо гаргаад шидчихмээр олон хог новш овооролдсон байх нь бий. Уг баримал ч мөн дэргэдээс нь харахад хэдий амгалан төрхтэй боловч дотроо задлаад цээжинд нь буй бүхий л зүйлсийг гаргаж шидэн, хоосроод үлдчихмээр байгаа нэгэн шиг сэтгэгдэнэ.

Баримал дээрх эмэгтэй үнэндээ хуруудаа зөрүүлэн дээлийнхээ товчийг тайлж буй мэт боловч өөрийгөө задалж байна. Үүнийг түүний биеийг хөндийлсэн зууван хэлбэрийн /магад ямар ч хэлбэргүй байж мэдэх/ нүхээр харж болно. Дотор нь ямар их зүйл чихцэлдэн байгааг тэрхүү нүхээр үзэгчид тольдох боломжтой.

Харин давхар өгүүлэгдэх утга санаа нь манантай хамт замхрах юм. Өглөө сэрэхэд, эсвэл борооны дараахан өндөр уулсын орой, хормойгоор нэлмийсэн их манан хүүшилсэн байх нь бий. Энэ тухайд зураач Н.Сүхбүрэн “Манан татаад арилахын зуурт эерэг болон сөрөг бүхий л зүйлсийг өөртөө шингээгээд алга болчих шиг мэдрэмж төрүүлдэг. Магадгүй тэр л мананд дотроо байгаа элдэв зүйлсийг тээж замхраагаад хоосорч үлдвэл гэх бодол төрсөн. Энэ л “Манан” бүтээлийн гол концепц санаа юм” хэмээн хэлж байлаа.

Нөгөө талаас нь аваад үзвэл баримлын дотуур хөндийлж, тэнд нь заан, шувуу, үүлс гээд л жинхэнэ ертөнцийг бүтээж өгсөн нь хүн гэдэг бодгаль өөр дотууоаа л сэлж яваа мэт бодол унагана. Өөр дотроо оршсон “Би”-г урлах нь өөрийгөө л бүтээж байгаагийн хэлбэр.

Сайн, муугийн хоршил

Хүүхэд нь голын эргээс модны үндэс олжээ. Харин Н.Сүхбүрэн түүнийг нь үзэж зогсоход “Энэрэнгүй хүч” бүтээлийн санаа тархинд бүрэлдэж эхэлсэн байна. Үүнийг сонсоод Симнус Хинугийн “Нэгийг үзэхэд хоёр санаа зэрэгцээд төрвөл энэ гайхамшиг мөн үү” гэдэг шүлгийн мөрүүд дотор минь буусан юм.

Анх би толгой хэсэгтэй хүний дүрс бүхий мушгирсан хэлбэртэй уг бүтээлийг үзээд эхийн хүй гэх бодол төрсөн билээ. Гэтэл ердөө бидний өдөр тутамдаа дэргэдүүр нь зөрж өнгөрдөг, гудамж талбайд эгнэн ургасан модны үндэс байв. Үндэс л модын тэтгэж, газрын доогуур ус хайн тэмтэчдэг. Модны амь бидэнд харагдахгүй, нүдэнд ил өртөхгүй байгаа үндсэнд буй. Тэгвэл хүний мөн чанар, сайхан сэтгэлийн “Энэрэнгүй хүч” ч басхүү нүдэнд ил үзэгддэггүй шүү дээ. Энэ л уг уран бүтээлийн голд орших үнэ цэнтэй санаа аж.

Харин тус бүтээл нь хар, цагаан хоёр керамикаас бүтэж нэгэн цогц санааг хүмүүст бий болгоно. Бид бүгдийн дотор сайн, муу зэрэгцэн оршдог. Амьдрал дээр ч ялгаагүй зовлон, жаргал ээлжилдэг шүү дээ. Ерөөс хорвоод ганц талтай зүйл гэж үгүй. Аливаа юм бүхэн хоёр талтай байдаг бөгөөд арга, билэг шиг эвцэлдэн аж төрнө. Харин үүнийг тодорхойлж чадах, эсрэгцээ боловч нэгдмэл байдалд төгс зохицох өнгөнүүд бол хар цагаан.

Нөгөөтээгүүр модны үндэс хөрс шороог ч тэр, тэнгэр газрын савслагад ургаж буй модыг тэр тэтгэдэг. Ил, далд аль мөн чанарыг нэгэн хэмжээст аваачин ойлгуулах гэж зорьсон уран бүтээлчийн хувьд энэхүү бэлгэдэл болгон орлуулсан “дүр” хамгийн зөв сонголт болж чаджээ.

Ерөөс Н.Сүхбүрэнгийн бүтээлүүд хүн болоод байгалийн холбоог үндэсний сэтгэхүйн онцлог, хувцас загварын хэлбэрээр хооронд нь сүлж өгсөн байдаг. Бүхий л дүрүүд нь нүдээ аньсан амгалан шинжтэй. Гэтэл зарим нь өөрийгөө хоосруулж, давчдам олон бодлуудаа нээхийг зорьсон байна. Тэдгээрийг гаднаас нь хараад таних боломжгүй. Үргэлж өөрийн болон бусдын дотор луу өнгийн харж байж ойлгох хэрэгцээ зайлшгүй үүснэ. Тийм л нандин ур, өөр өөрсдийн цаг хугацаанд орших дүрүүд түүний бүтээлийг онцгой болгодог биз ээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав