Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж өдөрт дунджаар 190-240 мянган шоо метр бохир ус хүлээн авч, технологийн дагуу цэвэрлэж байна.
Хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай тус байгууламж нь механик, физик, хими болон нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар ажилладаг бөгөөд нийт 55 барилга, байгууламжаас бүрдэнэ. Мөн гарсан лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах боломжтой юм.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах уг байгууламжийг “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум барьж, ашиглалтад оруулсан байна.
Тус цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд эрсдэл учруулж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Ялангуяа усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг хог нь бохирын шугам, тоног төхөөрөмжид гэмтэл үүсгэх шалтгаан болж байна.
УСУГ-ын мэдээлснээр цэвэрлэх байгууламж 200 гаруй ажилтантайгаар 24 цагаар ажилладаг бөгөөд шинэ байгууламжийн давуу тал нь өмнөх үеийн үнэрийн асуудлыг шийдсэн явдал юм.
Иргэд ариутгах татуурга руу усанд уусдаггүй материал, хатуу хог хаяхгүй байх нь байгууламжийн хэвийн ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой байна.








