Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ.
Тус төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого болон нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.
Эхний шатанд Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар, Наадамчдын замын явган хүний гүүр, Нарт хотхоны зүүн талын гүүр гэсэн таван байршилд бүтээн байгуулалт хийнэ. Эдгээр байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг боловсруулж дууссан байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой. Олон түвшний уулзвар байгуулснаар хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, зорчих хугацаа, шатахууны хэрэглээ, тээврийн зардлыг бууруулах боломж бүрдэх юм.
Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах ач холбогдолтой.








