НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлагийн заалыг амралтын өдрүүдэд өөрийн сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг НИТХ-аар өргөн барьж танилцууллаа.
Уг саналд бямба гарагт 09:00–17:00, ням гарагт 10:00–16:00 цагийн хооронд сургуулийн заалыг сурагчдад үнэ төлбөргүй нээлттэй байлгах зохицуулалт тусгагдсан байна. Энэ нь хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой юм.
Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй мега төслүүдийн явц, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, англи хэлний багшийн дутагдлыг бууруулах арга хэмжээ, Гандантэгчэнлин хийд орчмын тохижилт, нийслэлийн өмч, дэд бүтэц, санхүүжилттэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцлээ.








