С.Баяр: Оргилуун дарс шиг хөөсөрч байгаа нь заримдаа харагддаг. Хөөсөрдөг насандаа хөөсрөг л дээ

    Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Санжаагийн Баяр уригдлаа.

    - Тантай ахин ярилцаж байгаадаа баяртай байна. Албаны хослолтой явдаг байсныг тань мэднэ. Харин жийнс, хүрэмтэй явж байгааг тань анх удаа л харж байх шиг байна. Бүр залуухан болчихсон ч юм шиг...

    -Тийм үү. Залуухан харагдаж байна гэж ирээд л яриандаа зөөлхөн дэвсгэр хийдэг энэ аргыг чинь сурмаар юм байна (инээв). Чамаас сурах юм маш их бий. Энэ тухай ярья хоёулаа, Ганчимэг ээ.  

    -Тэгье. Гэхдээ энэ намрын сонин сайхнаас тань яриагаа эхлэе.

    -Энэ намрын сонин уу. Албаны хослолтой, эсвэл хоригдлын дүрэмт хувцастай явах албагүй болж, жийнс хүрэмтэй явдаг болсондоо би туйлын баяртай байгаа. Энэ бол нэгд. Хоёрт, тэтгэврийн хүний сонин сайхан жилийн аль ч улиралд ялгаагүй. Гуравт, жилийн дөрвөн улиралын бүх өдөр миний хувьд бүтэн сайн өдөр болсон. Сонин сайхан юм гэвэл ийм байх шив дээ.

    -Жилийн бүх өдөр бүтэн сайн байх нь харин ч таатай юм биш үү?

    -Таатай нь таатай. Гэхдээ байнгын бүтэн сайнтай байхаар хүн  залхдаг юм байна. Гавьяаны амралт гэж ярьдаг даа. Гэтэл амрахаас өөр хийх юмгүй байвал тэр нь амралт биш, залхаан цээрлүүлэлт болдог юм байна. “Граундхог Дэй” гэх нэртэй нэг америк кино байдаг. Манайхаар бол “Тарваганы өдөр” гэх байх. Чи тэр киног үзсэн үү?

    -Санахгүй байна. Юун тухай кино юм бэ?

    -Инээдмийн ч юм шиг, философийн ч юм шиг сонин кино. Киноны гол баатрын хуанли нь гэнэт зогсож, өдөр хоног нь ахихаа больдог. Өдөр бүр нь хуулсан юм шиг хоорондоо ив ижил болж ирнэ. Энэ нь эхэндээ зугаатай юм шиг байснаа эцэс сүүлдээ нөгөө нөхөр гүн хямраад, бүр галзуурах шахна. Тэгж тэгж шинэ соргог юм өөртөө нээж, шинэ юм сурч, шинэ юм руу зүтгэж тэмүүлнэ. Тэгсний ачаар киноны гол баатар хямралаасаа гардаг тухай кино юм. Тэтгэвэрт гарсан над мэтэд зориулан хийж гэмээр, цаанаа олон далд утга агуулсан мундаг кино. Энэ киног үзээд нэг үг санаанд орж ирсэн. Цэргийн карантин дээр шинэ цэрэг биднийг урдаа жагсаачхаад ахлах түрүүч жаа даргын хэлж байсан “Хүн бол жаргалаа даадаггүй юм, зовлонгоо харин даадаг” гэх үг санаанд орж ирсэн.

    -Та тэр киноны баатар шиг хямарсан юм уу. Яагаад энэ тухай ярив?

    -Хямрах нь ч юу юм. Гэхдээ л нэг сонин болдог. Тэтгэвэрт гарсан хүн бүхэн иймэрхүү юм мэдэрдэг биз. Түргэн галт тэргэнд, олны дотор бужигнаж явсан хүнийг бөглүү өртөөн дээр ганцааранг нь буулгаад орхичихсон юм шиг сонин болдог юм байна. “Амьдрал маань ингээд дуусах тийшээ хандлаа” гэсэн шиг тааз ширтэн уйтгарлаж хэвтэх, эсвэл хийх юмаа олж ядан залхуурч суух л хэрэггүй юм байна. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг нь үнэн. Гэхдээ тэтгэврийн хүнд нэг том давуу тал байна.

    -Тэр нь юу юм?

    -Дуртай юм аа хийх, дургүй юм аа хийхгүй байх эрх чөлөө. Энэ бол амин чухал эрх чөлөө. Ажил алба хашиж байхад дуртай, дургүй нь хамаагүй хийх ёстой юмаа хийж л таардаг байлаа шүү дээ, бид бүгд. 

    -Дуртай юм аа хийх эрх чөлөөгөө та тэгээд яаж эдэлж байна даа?

    -Чи мэднэ дээ. Ээж маань насаараа хийж ирсэн загас үржүүлгийн ажил бий. Бага залуу байхаасаа л би хар бор ажилд нь туслах байдлаар үүнд нь бас зүтгэж байсан. Мэргэжлийн онол мэдлэг надад сох үгүй ч, хар бор практик бол бага сага бий. Гол онцлог нь буяны гэмээр энэ ажилд дуртай болдог, аяндаа татагдан ордог юм байна. Ээж маань одоо нас өндөр болсон тул санасны зоргоороо хөдөө хээр олон хоногоор явж чадахгүй байна. Гэтэл хийе, бүтээе гэсэн санаа нь хэвээр. Тиймээс энэ ажлыг нь дэмжих, үргэлжлүүлэх санаатай би энэ зунжин, намаржин мэргэжлийн хүмүүсийн хамт хөдөө баахан тэнэв. Гол нь загас үржүүлгийн үндэсний боловсон хүчин  бэлтгэх, энэ ажлыг шинжлэх ухааны үндэс суурьтай зөв хийх нь чухал юм. Дуртай юмаа хийх эрх чөлөөгөө иймэрхүү байдлаар эдлэж байна.

    -Үүний  хажуугаар та номоо бичсэн хэвээр үү. Таны номын дараагийн боть хэзээ гарах гэж байна вэ?

    -Ая хөг нь таарч өгвөл босон суун, хот хөдөөгүй компьютерээ тоншиж л явдаг. Хүнд хэрэгтэй, хэрэггүйг нь мэдэхгүй нэлээд олон мегабайт түүхий шүүрхий дурсамжийн бичвэр хадгалах файл дээр овоорч. Үүнийгээ хэрхэн цэгцлэн янзалж, номын агуулга хэлбэрт хэзээ, яаж оруулахаа мэдэхгүй л явна.

    -Та нүдэнд харагдтал дүрсэлж сайн бичдэг шүү дээ. Бичвэр хангалттай байхад номыг бооход бол тийм их ажиллагаа орохгүйг гадарлаж байна. Бичиж байгаа дурсамжинд тань ямар сэдэв зонхилж байгаа вэ?

    -Надаас байнга асуудаг, надтай холбож ярьдаг хэдэн асуудал байдаг даа. Долоон сарын нэгэн, Монгол Улсыг 70 сая долларын өрөнд унагадаг Канадын “Хан рисорсиз” компани ба ураны орд газрын асуудал, ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төсөл гэх мэтийн асуудал. Эдгээрийн тухай миний бодол, байр суурь, холбогдох баримт, тухайн үед болж байсан үйл явдлын тухай энэ номд орох ёстой гэж бодож байгаа.  

    -Таныг телевизийн ярилцлагын контент хийж байгаа сураг гадуур таржээ. Жишээ нь, өчүүхэн сэтгүүлч намайг та тоож, надтай ярилцлага хийж байна гэж хаанаас ч юм сонссон нэг нь энэ тухай надаас асууж лавлаад л байгаа. Та энэ тухайгаа яагаад ярихгүй байгаа юм бэ? Нууц биш биз дээ?

    -Ярилцлагын нэвтрүүлэг хийх болсон тухайгаа би твиттерт өөрөө жиргэж байсан. Гэхдээ цуврал нэвтрүүлэг маань бүрэн гүйцэд болоогүй, монтаж нь угсрагдаагүй байгаа тул энэ тухай урьдчилж ярихгүй байгаа. Түүнээс нууцлаад байх юу байх билээ.  

    -Ингэхэд та яагаад гэнэт ярилцлагын нэвтрүүлэг хийх болсон юм бэ?

    -Мартсанаа сэргээж, хатсанаа дэвтээж, дутуугаа гүйцээж байгаа санаатай. Би залуудаа та нарын адил сурвалжлагч хийж л явлаа. Мэргэжлийн сэтгүүлч болоогүй л дээ. Гэхдээ урамтай, сонирхолтой энэ ажлаас авдаг таашаалаа бүрэн авч амжаагүй юм шиг санагддаг. “Централ” телевизийн залуус надад уран бүтээлээр хамтрах санал тавихад нь би уухайн тас зөвшөөрсөн. Өөрийгөө сориод үзье гэж бодсон. Ярилцлага бол сэтгүүл зүйн хамгийн хэцүү, гэхдээ хамгийн сонирхолтой жанр гэж боддог, тийм биз дээ?

    -Тийм шүү. Ярилцлагын төрөл бол асар өргөн багтаамжтай төрөл ч гэлээ хэм хэмжээг нарийн баримтлах шаардлагатай, хөтлөгч яг өөрийн санаагаараа бүтэн авч явах боломжгүй төрөл л дөө. Амжилттай өрнөх эсэх нь зочноос өндөр хувьтай шалтгаалж байдаг.

    -Тийм бололтой юм билээ. Нарийн ширийн юм олон байдаг юм шиг. Тийм ч учраас ярилцлагын мастер гэж хүлээн зөвшөөрөгдсөн Ганчимэг тантай ярилцах санал хамгийн эхэнд тавьсан. Та нэг хэсэг намайг хүлээлгэснээ зөвшөөрөхөд тань би маш их баярласан шүү. Ухаандаа ярилцлага хийх арвин их туршлагаас чинь суралцах, сайн муу ганц нэг арга мэх заалгах санаатай юм.

    -Ярилцах хүмүүсээ та яаж сонгож байгаа вэ. Эсвэл “Централ” ТВ танд бэлэн нэрс гаргаж өгөөд байгаа юу ?

    -Ярилцлага хийх хүмүүсээ багийн нөхөдтэйгөө хамтраад тохирч байгаа. Гол нь ярилцлага хийхэд сонирхолтой, яриад суухад мөлжүүртэй, этгээд өвөрмөц сэтгэдэг хүмүүстэй уулзаж ярилцахыг хичээж байгаа. Давтагдашгүй сонин тийм хүмүүстэй уулзан учирч, аманд нь дуу хураагч тулгаж олон таван юм асуусан шиг, урд өмнө харагдаагүй өнцгөөс нь харуулах гэж оролдсон шиг явна.

    -Олон жилийн дараа эргээд телевизийн багтай хамтарч ажиллах ямар байгаа бол?

    -Суурь арга барил нь хэвээр, харин ашиглах техник технологи нь шал өөр болж. Аргагүй шүү дээ. З.Алтай нартайгаа нийлж телевизийн нэвтрүүлэг хийж байснаас хойш бараг дөчин жил өнгөрчээ.

    -Ерөнхий сайд байсан хүн дуу хураагч барьчихсан явна гэхээр зарим хүмүүст сонин санагдах байх. Миний хувьд бол огт гайхаагүй. Та бол энэ чиглэлийн ажил эрхэлж явсан хүн. “МОНЦАМЭ” агентлаг, Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын хороо гээд хувь заяагаа залуудаа холбож явсан гоё гоё газрууд танд бий.

    -Тийм шүү. Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын хороо гэх уянгалсан урт нэртэй сайхан байгууллага байлаа. Товчоор бол МРТУХ. Нэр нь турхийн асч байгаа хүчтэй мотор шиг залуу байхад сонсогддог байж. Яаж ийж байгаад энд оръё, сэтгүүлч болъё гэж цэрэгт байхдаа тувт мөрөөддөг байлаа. Цэргээс халагдаад ирэхэд намайг тоож, тосч авсан буянтай байгууллага. Би тэгэхэд мөн ч залуу байж. Юу хийж чадахаа мэдье, үзье, харуулъя гэж онгирч оодорч, мэрийж зүтгэж явсан миний амьдралын хамгийн гэгээлэг, урамтай зурвас үе. Тэнд ажилд орсон 1983 оноос 1990 он хүртэл талхаа олж идэх, тархиа тэлж хөгжүүлэх боломж олгосон сайхан хамт олон байсан шүү.

    -Та цэргээс халагдан энэ байгууллагад ажилд ороод таван жилийн дотор толгойд нь үтэр түргэн гарч Улсын хорооны орлогч дарга, хамгийн залуу орлогч сайд болж байсан гэдэг байх аа. Олон шат шалгуур тавьдаг тэр үед ийм хурдан дээш дэвшсэн нь сонирхолтой. Үнэхээр ийм мундаг залуу юу, эсвэл ийм мундаг татлаа түтлээтэй хүн үү гэж тэр үед ярьцгааж байсан гэдэг...

    -Ганчимэгийн асуудаг асуултууд эхэлж байх шив дээ. (Инээв.) Асуултад чинь хариулъя. Ажилд орсон байгууллагынхаа толгойд үтэр түргэн гарсан маань үнэн. Тэр үед өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, байгууллагынхаа удирдлагыг хамт олон нь сонгож шийддэг хандлага газар авч байлаа. Нэг өдөр хуралдах юм болоод явчихсан. МРТУХ-ны орлогч дарга Д.Чимиддорж гуай тэтгэвэртээ гарсан тул орны хүнийг нь хурлаараа ярилцаж байгаад гурван хүний нэр дэвшүүлсэн. Д.Сүхжаргалмаа, Н.Туяа, С.Баяр гэсэн гурван нэр дээшээ явсан. Тэр нэрсийг нь нам, засгийн удирдлагууд хэлэлцээд намайг томилохоор шийдсэн байдаг. Нөгөө хоёр бүсгүй маань надаас хавьгүй илүү мэдлэг туршлагатай, “МОНЦАМЭ”-д надаас илүү олон жил ажилласан байсан ч, хоёулангийнх нь аав тэр үед Төрийн сайд хийж байсан учраас томилж болоогүй байх. Сайдын хүүхдийг орлогч сайдаар томилвол өөрчлөн байгуулалтын сэвэлзсэн салхины эсрэг болно гэж бодсон бололтой. Тэрнээс би тэр хоёроос илүү гараад л, эсвэл хор найруулаад л, үгүй бол элдэв татлаа түтлээ ороод байсан юмгүй. Хариулж гүйцлээ. 

    -Тийм биз. Гэхдээ би зүгээр л сонирхоод асуусан юм шүү. “МОНЦАМЭ”-гийнхан таныг сайнаар дурсдаг юм билээ. Цагийн салхи эргэсэн хэцүү үед энэ байгууллагаа байр оронтой үлдээж өгсөн гэж талархан дурсдаг. Таны онцгой гавьяаг одоо хэр магтан ярьдаг юм билээ.

    -Өө, тийм ш дээ. Чи бид хоер чинь хоёулаа “МОНЦАМЭ” агентлагийн дарга явсан юм байна. Өөр хоорондоо гучин жилийн зайтай даргалж явсан улс. Ардын хувьсгалаас ч ахмад гэгддэг энэ байгууллага өөрийн гэсэн байртай болсон баяртай тэр өдрийг би сайн мэднэ. Манайхны сэтгэлгээ, үнэлгээ их сонин. Албан байгууллага болон ажилтан, ажилчин нартаа байр сууц олж ирсэн даргыг л “хамгийн сайн дарга” гэж үздэг байв. Тэр үзэл одоо ч хэвээр. “МОНЦАМЭ” байртай болоход миний онцгой гавьяа гэж юу байх вэ. Гэхдээ чиний хэлсэнчлэн цагийн салхи эргэсэн тэр үеийн онцлогийг харуулсан бас ч гэж сонин түүх бий шүү.  

    -Тэр түүхээ та хуучлаач. Уран мэх, олон давхар наймаа хийж байж олж ирсэн байр гэж сонссон.

    -Уран мэхсээд байх юмгүй л дээ, аз таарсан л хэрэг. Гэхдээ бага сага “ажиллагаа” орох нь орсон. 1990 оны хавар МРТУХ маань татан буугдаж, “МОНЦАМЭ”, “Монголын радио телевиз” гэж хоёр тусдаа байгууллага болов. Тусдаа болсон радиогийн нөхөд маань Гандангийн дэнжийн хойно буй радио-телевизийн цогцолбор луу нүүж, “МОНЦАМЭ” хотын төвд хоёр давхар хуучин байшиндаа үлдсэн. Тэр нь маршал Чойбалсан Мал аж ахуй, газар тариалангийн сайд байхад албан контор нь байсан байшин. Одоо АН-ын нийслэлийн хороо нь байдаг байх. Тэр жижиг байшинд манай зуу гаруй ажилтан, техник хэрэгсэл багтахгүй учраас төв шуудангийн дөрвөн давхарт ихэнх маань суудаг байлаа.

    -Тэр нь “МОНЦАМЭ”-гийн мэдлийн давхар байсан юм уу?

    -Үгүй. Бид Холбооны яамнаас түрээслэн суудаг байв. 1990 оноос намын нөлөө бүх салбарт суларч, байгууллага бүр хувиа бодож, довоо шарлуулдаг болов. Холбооны яам ч манийгаа ад үзэн байрнаасаа хөөх шинжтэй болж ирсэн. 1990 оны хавар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Засгийн газар удалгүй өөрчлөгдөж, яам, тамгын газрууд ч томоохон хөдөлгөөнд орж эхлэв. Зарим нь татан буугдаж ч байх шиг. Тиймээс хаана, ямар байр сууцны боломж гарч байна гэдгийг судлах, тандах хэрэгтэй болсон. Бидэнтэй зэрэгцээд шинэ залуу улс төрийн хүчнүүд ч тус тусдаа байр савтай болох гээд хөөцөлдөж явна гэж дуулдав. Дуулдах ч юу байх вэ. МоАХ, МҮАН, МҮДН, МСДН-ын зарим нөхөд энэ талаар надаас асууна, зөвлөгөө авна гээд ирж уулзаж хүртэл байв.

    -Та шинэ намынхантай тэр үед тийм ойр харилцаатай байсан юм уу?    

    -Бид бараг бүгд л нэг үе, нэг орчных шүү дээ. Дээр нь монгол маань жижиг. Нэг байр, нэг сургууль, цэрэгт хамт байсан нөхөд тэдний дунд цөөнгүй. Өөр өөр намын харьяалалтай ч гэлээ бид үе үе уулзана, идэж ууна, залуугийн аагаар маргана, заримдаа барилцаж авах шахна, гэхдээ бас сайхан ярилцана, зөвлөлдөнө. Тийм л цаг үе байсан.

    -Гэхдээ байр савны асуудал дээр тэд бол танай өрсөлдөгчид биз дээ?

    -Тийм. Маш хүчтэй өрсөлдөгчид. 1990 оны хавар шинэ залуу нам эвслүүд айлын эрх хүүхдүүд шиг л байж. Эрх мэдэлтнүүд тэдний өмнө бөхөлзөнө, хүссэнийг нь биелүүлэх гэж уралдана. Дэл сул байрны тандалт хийж явахад “Энэ байрыг тэр намд өгнө гэж тэр дарга амлаж” гэсэн жиг жуг дуулдаж санаа зовооно. Тэгтэл Үнэ стандартын Улсын хороо татан буугдах нь, байр нь сулрах нь гэх сураг гарлаа. Одоо “МОНЦАМЭ” байгаа, хуучнаар бол гутлын дэлгүүртэй байрны зүүн талын жигүүр. Хотын төв талбайгаас ганц минутын зайд орших тансаг байршил. Энэ байрыг авах гэж дээгүүр доогуур би их гүйсэн. Д.Содном гуайн оронд Сайд нарын Зөвлөлийн дарга болсон Ш.Гунгаадорж гуайтай энэ асуудлаар би хэд ч уулзаж зовлонгоо тоочив доо. Үүний зэрэгцээ шинэ залуу намынханд “МОНЦАМЭ”-гийн цорын ганц өмч хоёр давхар жижиг байшингаа далдуур магтаж сурталчилна. Онцгой байршил, үүх түүхийг нь дөвийлгөхийн зэрэгцээ “Энэ байр ардын хувьсгалаас ах “МОНЦАМЭ”-гийн мэдэлд л үлдэх ёстой. Яруу түүх, гэрэлт ирээдүй бүхий ийм сайхан байршилтай байрнаасаа бид яасан ч гарахгүй” гэж цамнаж буй мэтээр худлаа жүжиглэн сонирхлыг нь улам өдөөх ч шаардлага гарч байлаа.

    -Тэгж жүжиглэх шаардлага яагаад гарсан юм бэ?

    -Байртай байгууллагад шинэ байр нэмж өгнө гэж үгүй. Тиймээс хуучнаа өгч байж л шинийг авна. Хуучин байраа шинэ намуудад эвтэйхэн гулсуулж дөнгөвөл шинэ байр авах жагсаалтыг тэргүүлэх боломж илүү болох нь ойлгомжтой.  Ш.Гунгаадорж дарга ч надад ийм битүү дохио өгсөн байв. Тэгтэл удалгүй “Үнэ стандартын Улсын хороо” ч татан буугдаж, байр нь ч суларснаар тэр байрны төлөө тэмцэл бүр ширүүсэв. Шинэ залуу намуудаас гадна хуучин архаг яамдууд байрны нөхцөлөө сайжруулах, Төрийн ордонд ойртож буух гэж зүтгэцгээв. Бөөн юм болсон. Дэлгэрэнгүй ярьвал “Дайн ба энх” шиг хоёр боть роман болно. Юутай ч тэгж тэгж эцэстээ тэр байр “МОНЦАМЭ”-гийнх болж, манай хуучин байр МҮДН-д очсон түүхтэй.   

    -Таныг зөвхөн олж ирсэн байр саваар нь үнэлж дүгнэдэг гэвэл арай худлаа болно шүү. МРТУХ-д ажиллаж байхдаа “Цаг үе, залуучууд” гэх телевизийн нэвтрүүлэг сэтгүүлч З.Алтайн хамт та санаачилж, хөтөлж байсан. Олныг шуугиулж байсан энэ нэвтрүүлэг тэр үед өрнөж эхэлсэн өөрчлөн байгуулалт, ардчиллын үйл явцад их нөлөө үзүүлсэн гэж хүмүүс ярьдаг л юм.

    -Хуучин юм хагдарч халагдан, шинэ цаг ирж байсан сайхан үе. Цаг наргүй зүтгэж байсан үе маань. Юм юм л хийх гэж үзнэ. “Цаг үе, залуучууд” гэх телевизийн нэвтрүүлгээс гадна, “Цаг үе” гэх долоо хоног тутмын мэдээллийн товхимол, “Бага үд” гэх радиогийн шууд нэвтрүүлэг хийхэд мань мэт нь хуруу, хошуу хөдөлгөн оролцож л явлаа. Тэр үед өрнөж эхэлж байсан өөрчлөн байгуулалт, ардчиллын үйл явцад энэ ажил яг ямар нөлөө үзүүлсэнийг бид өөрсдөө биш, өрөөл бусад нь хэлнэ биз. Миний хувьд бол хамгийн жаргалтай, урамтай үе байсан гэдгийг л мэднэ.

    -Та тэгээд яагаад энэ сайхан жаргалтай, урамтай ажлаа орхиж улс төрд орсон юм бэ?

    -Харин тийм. 1990 он хүртэл тэгж явтал Монголын төр, нийгэм орвонгоороо эргэж, өчүүхэн би бээр улс төр гэх том эргүүлэг рүү татагдан орсон байдаг. Хувь заяа маань тийм байсан юм байлгүй дээ, хэн мэдлээ...

    -1990 онд Улсын бага хуралд сонгогдсон цагаас хойш та улс төрийн орчинд бүрэн орсон. Таны улс төрийн карьерийн эхлэл ба өрнөл нь бас л өвөрмөц шүү.

    -Ганц минийх л өвөрмөц байсан биш байх. Цаг үе нь өвөрмөц, огцом байсан. Улс төрд анх орохдоо би өөрийн мэдэлгүй шахам орсон тухайгаа чамд урд өмнө ярьж байсан.

    -Огт мэдээгүй байхад тань АИХ-ын сонгуульд нэр дэвшүүлчихсэн гэдэг бил үү?

    -Тийм. Тэр үед сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намууд биш, албан байгууллага, хамт олон эдэлдэг байлаа. 1990 оны анхны ардчилсан сонгуульд “МОНЦАМЭ”-гийн хамт олон миний нэрийг надаас огт асуулгүй дэвшүүлсэн. Яг тэр үед би шөрмөсний нэг муу бэртэл авчхаад эмнэлэгт хэвтэж байв. Эмнэлэгт эргэхээр ирсэн нөхөд маань сонин хачин юм дуулгах зуураа, “Ар талын 25-р гуанз ахлах тогоочоо сонгуульд дэвшүүлж байхад, ардын хувьсгалаас ах гэгддэг “МОНЦАМЭ” хүнээ дэвшүүлж л таараа. Та бол манайдаа ахлах тогооч зиндааны хүн мөн. (Инээв.)Бид гялс хуралдаад л нэрийг чинь дээшээ явуулчихсан. Гэхдээ санаа зоволтгүй. Хотын төвийн манай тойрогт зуугаад хүн нэр дэвшсэн гэсэн. Тэр олон дотроос сонгогдтолоо ч хаа билээ” гээд хөхрөлдөж байсан. Би ч тэдний аясаар “Яаж байгаа чинь энэ вэ, балай юм” гэсэн шиг, онц гойд юм огт бодолгүй маг маг инээн хэвтэж байлаа. Тэр үед ганц “МОНЦАМЭ” ч биш, Монголын радио, телевизийнхэн ч гэлээ өөр өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Манай хуучин МРТУХ-аас нийтдээ арваад хүн нэр дэвшсэн байх шүү...

    -Хэн хэний нэрийг дэвшүүлж байсан юм бэ?

    -З.Алтай, Ш.Гүрбазар гээд өөр олон хүн байсан, одоо сайн санахгүй байна. Тэр үеийн сонгууль одоогийн сонгуулийг бодвол хүүхдийн тоглоом шиг байж. Бид бие биенийхээ тойрог дээр бөөнөөрөө очиж сурталчилгаа хийнэ. Найр наадам, бүжиг концерт, “Болор цом”, миссийн тэмцээний холимог хуурга шиг юм бантагнуулж байтал сонгууль өндөрлөсөн. Нэг мэдэхэд л АИХ-ын депутат болчихсон байсан. Ганц би биш, манай “МОНЦАМЭ”, Монголын радио, телевизээс нэр дэвшсэн бараг бүгд л АИХ-ын депутат болцгоосон. Аргагүй ч биз. Радио, телевизийн ачаар бид бүгд ард олондоо бас ч гэж зүслэгдэж танигдсан байж. Тиймээс МРТУХ гэж том айлд байсан бидний улс төрд орсон үүд хаалга нь ижил төстэй. Харин улс төрөөс гарах хаалга нь өөр өөр байсан байх шүү.

    -Улс төрөөс гарах хаалга гэж та ярьж байна. Та улс төрд амаргүй зам туулсан. Мандаж ч явсан, гандаж ч явсан. Улс төрд орсондоо та ер нь харамсдаг уу?

    -Үгүй. Би улс төрөөс хоёр ч удаа гарч, хоёр ч удаа эргэн ирж байлаа. Гарахдаа жинхэнээсээ гаръя гэж, эргэн ирэхдээ үнэн сэтгэлээсээ эргэн ирж байлаа. Яах вэ. Амьдрал бол амьдрал. Сайн муу нийлж байж сав дүүрдэг хорвоо. Үл гүйцэлдэх юм хөөцөлдөж, эсвэл алдаа мадагтай юм хийж, үгүй бол цагаа хий дэмий үрж явсан үе надад бий бий. Түүндээ бол харамсдаг. Гэхдээ  бодь утгаараа бол улс төрд байсан, ард үлдсэн ерөнхий дүнгээрээ бол үгүй шүү. Харамсаад байдаггүй.

    -Бас л хүчтэй үг юм. Гэхдээ яагаад гэдгээ хэлж болох уу?

    -Черчиллийн хэлсэн нэг үг байдаг. “Ирэхэд чинь нөхцөл байдал ямар байв. Явахад чинь нөхцөл байдал ямар болов. Сайжрав уу, муудав уу, эсвэл яг хэвээрээ үлдэв үү. Үүнийгээ харьцуулж байж л улстөрч хүн өөрийгөө ба бусдыг эцэслэн дүгнэх ёстой” гэсэн утгатай үг. Монголын төрд дөчин жил зүтгэхдээ би парламентын гишүүн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, элчин сайд, Ерөнхий сайд гэсэн дөрвөн том албыг хашиж байж. Тухайн ажилд томилогдон ирэхэд байдал ямар байв, ямар том зорилт өмнөө тавьж байв. Тэр албанаас явах үед нь байдал ямар болов, тавьсан зорилтдоо би хүрч чадав уу гэж бодож дүгнэж, харьцуулж үзсэн. Алдаа мадаг зөндөө л гаргаж байж. Гэхдээ ололт амжилт бас байна. Зарим нь улс орны хэмжээнд эерэг нөлөө үзүүлсэн, одоо ч үзүүлж буй, цаашид ч үзүүлэх ололт бас байна. Тиймээс харамсах юм алга даа.

    -Улс орны хэмжээнд эерэг нөлөө үзүүлсэн, одоо ч үзүүлж буй ололт гэж та Оюу толгойн төсөл, Атрын III аян, бүртгэлийн төгөлдөршил зэргээ хэлж байна уу?

    -Оюу толгойн болон сая чиний дурдсан энэ бүх төсөл нэгэн том ололтоос гарсан үр дүн нь юм. Өөр өөр бодолтой, өөр өөр намын хүмүүсийг нэгтгэж, улс орныхоо сайн сайхны төлөө том том зорилт тавьж, нэг баг болгон хамтран зүтгүүлж чадсан нь хамгийн том ололт маань мөн гэж би боддог. Бид бүгд өөр. Бидний гурван сая хагас хүн бүгд өөр өөр. Гэхдээ Монгол Улс маань нэг. Энгийн энэ үнэнийг ойлгож, мэдэрч, үүний төлөө чин сэтгэлээрээ зүтгэх хүн олшрох тусам Монгол Улсад маань, монголчууд бидэнд бүгдэд л хэрэгтэй. Улс орноо өөд татах том зорилтыг улс төрийн том бодлого зорилтоор, эв эе, хамтын хүчээр л шийднэ. Том шийдвэрийн үр дүн хурдан гардаггүй. Эцсийн үр дүнг нь харах аз завшаан тэр бүр олдохгүй ч байж мэднэ. Гэхдээ завсрын үр дүнг нь харсан байхад бас хангалттай. Улс төрд байсны хэрэг нь гарлаа гэж бодож явахад сэтгэлд өег байдаг юм байна.   

    -Та улс төрийн амьдралаа бүр мөсөн орхисон уу, эсвэл...

    -Улс төрийг би аль хэдийнээ орхисон шүү дээ. Чамд, бусдад энэ тухайгаа би олон удаа хэлсэн. “Гарахдаа гэрлээ унтраалаа” гэж хүртэл хэлж байгаад, тийм нэртэй ярилцлага өгч байгаад, олны өмнө хаалгаа зөөлхөн хаагаад гарсан биз дээ.

     -Тийм нь ч тийм. Гэтэл “Орхиод гарсан улс төр намайг үе үе араас чангаах юм“ гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Жаахан тодруулбал?

    -Яг юун тухай ярьж байсан юм болоо. Одоо санахгүй байна. Гэхдээ яахав дээ. Хааяа тийм юм бас бодогдоно шүү дээ. Аль хэдийнээ гараад явчихсан хүний араас шавар, чулуу нисгэх юм гарч л байх юм. Хүний, өөрийнх ялгаагүй. Улс төрд том амбицтай яваа хүн түүндээ бүрэн автаад, бусдыгаа баярлуулах нь цөөн, гомдоох нь элбэг байсан биз. Гомдсон зарим нь өс санасан байж мэднэ. Сүүлд нь шүүхийн “захиалгат” ялаар шоронд хийсэн шүү дээ, манийгаа. Гадны ч оролцоо үүнд байсныг үгүйсгэх арга үгүй. Гэхдээ би, бид нэг их удаан зовоогүй ээ. Тэгсгээд амьд мэнд гараад ирсэн шүү.

    -Та тэрэнд нь гомддог уу?

    -Баярлаж баясаагүй нь лавтай. Юу гэдэг билээ. “Улс төрөөс тэр салсан ч, улс төр түүнээс салсангүй” гэсэн үг хүртэл байдаг биз дээ. Том улс төрийн эргүүлэг нь хүртэл гүнзгий том байдаг юм байна. Санасны зоргоор тийм амар гардаггүй юм байна. Араас, дороос татна. Хэцүү шүү дээ. Гэхдээ юутай ч тэр том эргүүлэгтэй гүн цүнхээлээс саявтар л эсэн мэнд гарч, бүрэн хатаж сэвэрч амжаагүй хүн одоо цаад эрэг дээр нь салхилж байх шив дээ... (инээв).

    -Улс төрд том амбицтай яваа хүн бусдыгаа баярлуулах нь цөөн, гомдоох нь элбэг байсан биз гэж та сая хэллээ. Дөчин жил шахам сөргөлдөж, мөн эвлэлдэж, шатаж бас шархдаж явсан хэд эдүгээ уулзалддаг болов уу.

    -Уулзалгүй яах вэ. Би хий хоосон намчирхаад байдаг хүн биш. Үзэлцэх, үерхэх аль алийг нь мэднэ, чадна. Ардчилсан гэх намын олон хүнтэй найз. Энэ намаас би найз бүү хэл, эхнэрээ хүртэл сонгож авч байлаа (инээв). 

    -Уулзалдахдаа санаа сэтгэлийн ямархуу ая дан дунд уулзалддаг бол. Энэ миний хувьд олж мэдрэхийг хүсч явдаг сонин сэдэв байдаг юм. ҮАБЗ хавиар нэг зөвлөл байдаг биз дээ. Одоогийн Ерөнхий сайдыг ч мөн нэг клуб байгуулсан гэж дуулсан. Та тэрэнд нь ордог уу?

    -Ордог. Тэр нь клуб биш, зөвлөл юм. Одоо л байгуулж буй юм биш. Би ч бас Ерөнхий сайд байхдаа миний өмнө энэ албыг хашиж явсан эрхмүүдийг үе үе урьдаг, уулздаг, санаа оноог нь сонсдог байсан. “Зовлон үзсэн чавганц нарын зөвлөл” гэж Д.Бямбасүрэн гуай хошигнож байсан санагддаг. Бид уулзана, нарийн ширийн юмаа ярина, асууна, зөвлөлдөнө. Жаргал, зовлонгоо хуваалцана. Хуучин цагт ийм зөвлөл байгаагүй. Байх ч нөхцөл бололцоо үгүй байсан. Энэ бол төрийн ажилд тогтож буй шинэ уламжлал байх. Монголын төрийн ой санамж, залгамж чанарт тун хэрэгтэй  уламжлал. Нөгөө талаасаа энэ бол хүндэтгэл юм. Байгаа нь байсан хэддээ, байсан хэд нь байгаадаа үзүүлж буй гүн хүндэтгэл.

    -Та намтайгаа ямар холбоотой байдаг вэ?

    -Хурал цуглаанд нь тэр бүр очоод байдаггүй ч амин холбоотой гэж хэлж болно. Мань мэт намаасаа холдоод хаачих билээ. Нам бол тахил шүтээн биш. Хамаг муугаа чихдэг хогийн сав ч бас биш. Нам бол ажлын хэрэгсэл. Бодлого боловсруулдаг, тэрнийгээ хэрэгжүүлдэг ардчилсан нийгмийн нэг гол хэрэгсэл. Өөр ямар хэрэгсэл байгаа юм бэ? Нөгөөтэйгүүр нам гэдэг бол сайн муу хэлэгддэг ч үе үеийнхний хамтын бүтээл, амьд бие махбодь юм шүү дээ. Хүрээлж байгаа нийгэм нь, бүрдүүлж байгаа хүмүүс нь ямар байна, нам тийм л байна шүү дээ.

    -Бараг хоёр жилийн өмнө генесек Д.Амарбаясгалантай ярилцах гэж танай намын байраар орсон. Олон талаасаа их өөр уур амьсгал мэдрэгдэж байна билээ. Мэдээж байшин хэвээрээ л дээ...

    -Байшин ч, хүмүүс ч хэвээрээ биш. Юм хум, хүн, нийгэм байнга өөрчлөгддөг. Өөр хүмүүс, өөр үеийнхэн намын байранд сууж байгаа учраас уур амьсгал, үнэр танар нь өөр байлгүй яах вэ. Тэндээс Д.Сүхбаатар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал Ж.Батмөнх, П.Очирбат Н.Багабанди, Б.Даш-Ёндон Н.Энхбаяр, М.Энхболд С.Баяр, С.Батболд У.Хүрэлсүх нар үнэртэж байх ёсгүй биз дээ (инээв).

    -Танай залуус ерөнхийдөө “Үеийн шинэчлэл хийгдэж байна. Үеэ л дэмжинэ. Үеийн шинэчлэлийг үнэмлэхгүй түвшинд хийнээ” гээд л дайрч байна.  Энэ нь хэт нас зүс ярьсан, хэлбэрийн шинжтэй үечлэл ч юм шиг санагдах болж. Хуучин бол танай намын удирдлагуудтай ярилцаж байхад “Манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтдог” гэж ирээд л ярьдаг сан...

    -Зөвхөн ярьдаг биш, үнэхээр тогтдог байсан юм шүү дээ. Одоо ч тогтож байгаа болов уу. Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс байхаас өөр арга үгүй. Өөрөөр байлгах гэвэл өрөөсгөл, тогтвор муутай конструкци болох биз.  

    -Би таны дургүйг хүргэх гээгүй юм шүү. Гэхдээ одоогийн нам төрийг барилцаж байгаа залуучуудын амнаас нэг үг шувуу шиг л нисээд гарч ирэх юм. Тэр бол “Манай ах нар үнэхээр баллажээ. Бид балчиг намагтай ноцолдож байна” гэх шоглоомтой үг. Та юу гэж хариулмаар байна?

    -“Одооны залуус уу. Хэрэг алга” гэж аль Аристотелийн үед өвгөцүүл нь үглэж суудаг байсан гэх. Нялхасын элдэв өвчин тусч үзээгүй том хүн гэж байхгүй биз. “Энэ дэлхийн он тоолол надаас, биднээс яг одоо эхэлж” байна гэж боддог, сагадаг залуу сайхан нас маань тэр хойно үлдэж дээ. Би, бид ч бас цагтаа ухаан жолоогүй дөвчигнөж явсан. Одооны залуус биднээс ялгаагүй дээ. Оргилуун дарс шиг хөөсөрч байгаа нь заримдаа харагддаг. Хөөсөрдөг насандаа хөөсрөг л дээ. Гэхдээ л бидний буруу зөв зуурж цутгасан хундаамыг засч, хог шороог нь цэвэрлээд орчин цагийн цамхаг босгох гэж яваа улс шүү дээ. Зөв босгож чадсан эсэхийг нь дараа үе нь шүүнэ, шүүмжилнэ. Буруу босгосныг нь эвдэж нураана, дахин босгоно. Зөв явааг нь залгуулна. Амьдрал ийнхүү цааш үргэлжилнэ. 

    -"Үнэмлэхүй эрх мэдэл үнэмлэхүй эвддэг” гэх үгийг хамгийн сүүлд таны номноос уншиж байсан санагдана.

    -Даргын албан тушаалд хэт удаан суух хэрэггүй. Өөрт болон өрөөлд хорлонтой тусдагийн хол ойрын жишээ олон. “Нэг цаг илүү сууснаас, нэг жил дутуу суу” гэж нөгөө гайхал Черчилль гуай хэлсэн байдаг. Долоо буудуулж, найм сэхсэн тэр хашир чоно хий хоосон ульдаггүй байсан гэх.

    -Зарим хүн өндөр эрх мэдэлд очоод их түргэн вакумжих юм. Бүр инээж ч чадахаа байтлаа гялс өөрчлөгдчих нь сонирхолтой санагддаг. Шал худлаа болчихсон сууж байх чинь инээдтэй биз дээ. Өндөр дээд зиндааны эрх мэдэл нь чин сэтгэлээс тийм хурдан холдуулдаг эд үү. Та тэнд байсан хүн учраас асуумаар санагдаад байна шүү дээ. Энэ яг сүүлийн асуулт...

    -“Их тэнгэрийн нян” гэж нэг өвчин бий гэх. Жирийн амьдралаас, бодит байдлаас салган тусгаарладаг айхтар өвчин гэсэн. Тэнд удах тусам энэ нян хамаг бие, тархийг нь эзэмддэг, газар шорооноос нь таслаад аваад явчихдаг, үлдсэн бүх насаа газарт ч биш, тэнгэрт ч биш, дунд нь дүүжигнэн, амар заяагаа алддаг айхтар халдвар гэх юм билээ. Үүний амьд жишээ цөөнгүй бий ч гэх юм билээ. Би мэдэхгүй. Миний аз болж би Богд уулын нүгэл буянтай тэр тансаг аманд удаан тухлаагүй учраас нэг их хүнд тусаагүй байх. Юутай ч нүгэлт энэ газар хөрсийг энэ хоёр хөлөөрөө тулсан хэвээр л маажигнаж байна даа.  

Сэтгэгдлүүд : 8

  • Amoxil

    amoxicillin capsule 500mg price https://amoxil.icu/ where can i get amoxicillin

  • Amoxilo

    can you purchase amoxicillin online: <a href=" https://amoxil.icu/# ">amoxicillin tablet 500mg</a> amoxicillin 250 mg price in india amoxicillin 500mg buy online uk https://amoxil.icu/ amoxicillin capsules 250mg

  • Amoxil

    amoxicillin 250 mg capsule https://amoxil.icu/ amoxicillin medicine

  • Amoxilo

    amoxicillin 500 mg where to buy: <a href=" https://amoxil.icu/# ">buy amoxicillin over the counter uk</a> buy amoxicillin 250mg where to buy amoxicillin 500mg https://amoxil.icu/ amoxicillin for sale online

  • Amoxilo

    medicine amoxicillin 500: <a href=" https://amoxil.icu/# ">amoxicillin from canada</a> amoxicillin 500 mg tablet price buy amoxicillin from canada https://amoxil.icu/ buy amoxicillin without prescription

  • Amoxil

    amoxicillin 500mg price https://amoxil.icu/ amoxicillin canada price

  • Amoxil

    amoxicillin 500mg prescription https://amoxil.icu/ where to buy amoxicillin over the counter

  • Amoxil

    amoxicillin 500 mg price https://amoxil.icu/ amoxicillin 200 mg tablet

Сэтгэгдэл оруулах

урлан