INTERVIEW СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРААС ОНЦЛОХ ЗУРГААН ЯРИЛЦЛАГА

    Ярилцлагын давтагдашгүй байдал, түүн доторх онцлог бүхий сэдвийг бий болгож, уншигчдад мэдлэг боловсрол олгох, цаг хугацаагаа үнэ цэнтэй өнгөрүүлэх агуулгыг бэлтгэн хүргэх нь манай сэтгүүлийн эрхэм зорилго билээ. Өвлийн наран буцах болоогүйгээр үл барам жавар ид дундаа тачигнаж байх шиг цастай өдрүүдийг туучиж, XVII дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилээ угтсан хоёрдугаар сар улирлаа. Сайн, муу олон мэдээ ээлжилсэн энэ сарын саарыг гэхээс илүүтэй ирэх сайхныг нь зөгнөж бид энэ дугаарыг бэлтгэв.

    ГАМЛЕТ, ФАУСТ, УИНСТОН СМИТИЙН ДҮРД СУГАРЫН БОЛД-ЭРДЭНЭ

    Дэлгэцийн бүтээлээс илүүгээр театрын тайзан дээрээс л дүрийг нь харах дуртай жүжигчин бол тэр. Театр л түүний авьяасыг, ур чадварыг сорьж, тэр өөрөө уг сорилтыг давж туулдаг. Энэ хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ. Тайзнаа бол үзэгчдийн сайн мэдэх Квазимодо, Гамлет, Фауст, Эгэрэг түшмэл. Хараахан бидний танилцаж амжаагүй Уинстон СМИТ.

    Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон үзэгчдэдээ хүргэх гэж байна. Харин С.Болд-Эрдэнэ шинэ жүжгийн бэлтгэлдээ гарчихсан, жүжгийн уншлагын танхимд уран бүтээлчидтэй хамт санал бодлоо солилцож, дүрийнхээ талаарх судалгааг хийж байх мөчид нь уулзсан юм. Тайзны хөшиг нээгдэхээс урьтаж бид ярилцлагын ширээний ард суусан билээ.

    ИШДОРЖИЙН ОДОНЧИМЭГ: БИ ХЭЗЭЭ, ХААНА ЯГ ИНГЭЖ ДҮРЭЭРЭЭ ХАЛУУРАН ӨВДӨЖ, ШАТАН ШАНАЛЖ, ТЭР ДОТОР ОРШИЖ БАЙСАН БИЛЭЭ

    Театр хэмээх ариун сүм жүжигчин бүрийн мөрөөдөл байж ирсэн. Гэвч тэнд хүрэх зам, тайз руу гарах шат, найруулагчаас дүр авах мөч гээд жүжигчин хүний хувьд бүгд үнэ цэнтэй, уйгагүй хөдөлмөрийн үр шим агаад олон зүйлээ алдаж, түүнээс илүү олныг өөртөө олж авахын нэр юм. Энэ тухай мөн МУГЖ Ишдоржийн Одончимэгийн ярилцлагаас унших боломжтой. Тэрбээр ойрын жилүүдэд ийм хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан юм.

    Магад тайзнаас харагддаггүй түүний дотоод ертөнц, амьдралын түүхээр уг ярилцлага аялуулах болно.

    Г.ЭНХБААТАР: УРТЫН ДУУ ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙГААР АЯЛУУЛДАГ

    Уртын дуу бол монголчууд бидний гайхамшигт өв соёлын нэг. Уудам талаа уртын дууны уянгат  аялгуугаар сэрээж ирсэн ухаант ард түмэн билээ, бид. Энэхүү өв соёлыг олон сайхан уртын дуучид өдгөө ч өвлүүлэн тээсээр, өртөөлөн үр хойчистоо өвлүүлсээр яваа.

    Тэрхүү уртын дуучдын нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар юм. Түүний хамгийн анх сурсан дуу бол “Алиа саарал”. Эл дуугаа аялаад л адуундаа морддог, талын уужимд уртын дууг цээл хоолойгоороо цангинуулан аялаг хүүхэд байсан дурсамжаасаа хуваалцсан билээ.

    Ц.НАРАНГЭРЭЛ: ЗУРГУУДААС МИНЬ МОНГОЛ ҮНЭРТЭХ ЁСТОЙ, БИ ЧИНЬ ЭХ ОРОНТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ

    Энэ удаагийн дугаарын онцлох зочдын нэг бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Цэндсүрэнгийн Нарангэрэл. Уншигчид түүнийг, магад түүнийг гэхээс илүүтэй уран бүтээлийг нь андахгүй. Зарим уншигч хаа нэгтээ энэ эрхмийн зургуудтай таарсан ч байж мэднэ.

    Харин дотоод ертөнцийнх нь илэрхийлэл болсон бүтээлүүдийн цаана ямар хувь хүн нуугдаж суудаг болохыг уг ярилцлагаар нээхийг зорисон юм.

    А.БАЯРМАГНАЙ: АЙЛ БҮХЭН ЯДУУ ЗҮДҮҮ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ

    Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгосон монголчуудын баяр юм. Энэхүү баярыг бид эртнээс эдүгээ хүртэл уламжлан тэмдэглэсээр ирсэн. Цагаан сарыг хориглож байсан тэртээх жилүүдэд монголчууд тэрхүү шийдвэрийг яаж хүлээж авч байв. Мөн хүүхэд насандаа цагаан сараа аав, ээжтэйгээ хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг байсан тухай ахмад сэтгүүлч, түүхийн ухааны доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнайтай ярилцлаа.

    Түүний аав тайж угсаатай, нутаг орондоо “Дууч Адъяа” хэмээн хүндлэгддэг, алдарт уяач хүн байжээ.

    ЙОРГОС ЛАНТИМОС: НАЙРУУЛАГЧ ХҮНИЙ ЗОРИЛГО БОДИТ БАЙДЛЫГ ДУУРАЙХ БИШ, ХАРИН ХҮМҮҮСИЙН ТӨСӨӨЛЛИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЯВДАЛ ЮМ

    Белла Бакстер жирэмсэн байсан хэдий ч амьдралаа дуусгахаар шийдэн, амиа хорлож гүүрэн дээрээс үсрэн нас бардаг. Харин түүний цогцсыг алдартай мэс засалч, элдэв туршил хийдэг эрдэмтэн Годвин Бакстер олж, бүсгүйг дахин амьдруулдаг. Ингэхдээ тэрээр эмэгтэйн хэвлийд байсан хүүхдийнх нь тархийг түүний толгойд суулгадаг. Үүний үр дүнд үгээр илэрхийлэхийн аргагүй ухаантай, аливааг танин мэдэх хүсэл тэмүүлэлтэй, нийгмийн бүх хэвшмэл ойлголтоос ангид, ямар ч хүн атаархаж болохуйц тийм гайхалтай эмэгтэй шинээр бий болдог.

    Ийм нэгэн сонирхолтой түүхийг шинжлэх ухааны уран зөгнөлт “Хөөрхийлөлтэй юмс” кинонд өгүүлдэг. Уг киног энэ цаг үеийн алдартай найруулагчийн нэг, “Грекийн шинэ давлагаа”-ны нэрт төлөөлөгч Йоргос Лантимос бүтээжээ. “Соёо”, “Хавч”, “Ариун бугыг агнасан нь”, “Дотно эмэгтэй” зэрэг киногоороо үзэгчдийн сайн танил болсон тус алдарт найруулагчийн “Free Europe” радиогийн сурвалжлагч уулзаж ярилцсаныг бид толилуулж байна.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан