УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

    Уншигч танд танилцуулах гэж буй шинэхэн зочноо ярилцлагын ширээний ард урихад хэдүй догдолж, бяцхан сандрал бие сэтгэлийн дотуур гүйж байсан боловч айдас огт мэдрэгдсэнгүй. Ерөөс айдас ч гэлтгүй “эр зориг хэмээгч өөрөө ухаарлын үр” болохыг энэ хүнээс би хангалттай ойлгож таньсан билээ. Орон хотын чөлөөгөөр олон удаа дэргэд минь жавар нөмөрлөн алхаж, олны дундаас инээмсэглэн гарч ирээд гар барих чөлөөнд өчигдөрхөн салсан ч өнөд уулзаагүй эрхэмтэйгээ учирч байх шиг үргэлж шинэ сэргэг яриа, эрдүү хүнгэсэн дуугаар утга зохиолын үнэнийг чимээлж байдаг сан.

    Энэ хүн бол яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Ядамсүрэнгийн Баяраа. Түүнийг ихэнх уншигчид Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн бичсэн “Гэм зэм буюу дахин төрсөн хүний түүх” хэмээх постдрамын жүжгийн зохиолч гэдгээр нь андахгүй. Тэрээр яруу найргийн “Таслал” номоороо “Алтан өд”, “Цагаан толбо”, “Гэм зэм” жүжгийн зохиолуудаар “Гэгээ Муза” шагналыг хоёр ч удаа хүртжээ. Тэрээр өдгөө СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшаар ажиллаж байна.

    Уран зохиол, театр хоёр бие биетэйгээ төгс зохицсоны үндсэн дээр жинхэнэ жүжгийг бид таашаан хүртдэг. Нэг ёсондоо жүжгийн зохиолч, найруулагч хоёрын харилцан ойлголцол тун чухал гэсэн үг. Жүжгийн хэл нь жүжигчдээ хамгийн сайнаар хөтөлж, үйл явдлыг уйтгартай байдлаар бус уран шийдлүүдтэй хамтатган авч явах ёстой. Нөгөөтээгүүр хүн оюун ухаандаа дахин төрдөг гэх санаа, харах өнцгийг бидэнд нээсэн мөнөөх л “Гэм зэм” жүжгээс үүдэн бидний яриа эхэлсэн билээ. “Хэн нэгнээс хариулт эрэн бэдрэх нь үргэлж сонирхолтой, зугаатай санагддаг” хэмээн Сатэрлэнд хэлсэн байдаг. Ингээд “Interview” талбарт таныг урьж байна.

    -“ЯАГААД?” ГЭХ АСУУЛТЫН БИЕЖСЭН ДҮР НЬ РАСКОЛЬНИКОВ-

    -“Гэм зэм” хэмээх уран зохиолын нүсэр байгууламжийг жүжиг болгон хувиргахаар сонгож авна гэдэг эр зоригийн асуудал. Үүнээс гадна танд тодорхой шалтгаан бас байсан болов уу?

    -Энэ жүжиг тайзнаа тавигдаад хоёр жил болж байна. Дараагийн бүтээлүүд рүүгээ аль хэдийнэ шумбаад орчихсон явахад эргэж “Гэм зэм”-ийн тухай бодох сонирхолтой юм. Уучлаарай, үнэнээ хэлэхэд Достоевкийг сонгох надад эр зориг байгаагүй. Зүгээр л сонголт байсан. Харин уран зохиолын эл том философийн байгууламжийг сонгож, тэр ч байтугай жүжиг болгож тайзанд тавих эр зоригийг найруулагч М.Батболд гаргасан. Тэрээр надад хандаж “Достоевскийн 220 жилийн ой болж байна. Тийм ч учраас бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. “Гэм зэм” романаар жүжиг хийе” гэж хэлсэн. Тэр хүн зориглочихсон байхад би асуудал тоочиж суух нь утгагүй. Шууд зөвшөөрсөн.

    Ерөөс орчин цагийн постмодерн эрин зууны үед хуучны сонгодог өвүүдийг шинээр задлах үйл явц дэлхий нийтийн соёл болсон. Сэдэвлэсэн жүжиг, кино зохиол бол тусдаа судлагдахуун. Уран зохиолын бусад төрөл зүйл буюу яруу найраг ч юм уу, үргэлжилсэн үгийн бүтээлийг туурвихад уран бүтээлчийн тэмүүлэл, онгод шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Харин жүжгийн зохиолд бүтээгчийн үзэл санаа чухал.

    Манай театрын алдартай найруулагч Бирваагийн Мөнхдорж агсан жүжгийг “Үзэл бодлын өрөг” гэж тодорхойлсон байдаг. Сайн шатарчин олон нүүдлийн өмнөх нүүдлийг урьдчилж хардаг шиг өөрийн үзэл бодлыг дүрүүдээр дамжуулан тайзан дээр гаргаж тавих урлаг бол жүжиг юм. Үүгээрээ ч үгийн урлагийн бусад төрлөөр ялгардаг. Достоевскийн романууд бол үзэл санааны урсгал шүү дээ. Гол урсаж буйг хараад гол гэдгийг мэдэж болох ч, мэдрэхийг хүсвэл усанд нь умбаж, ядах нь ээ хөлөө дүрэх хэрэгтэй болно. Бид монгол үзэгчдийг Достоевскийн романд умбаж шумбаасай гэж хүссэн. Хүсэл маань ч биелсэн.

    -М.Батболд найруулагч та хоёрын гаргаж тавьсан өрөг, үзэл санаа юу вэ?

    -Бид Достоевскийн гаргаж тавьсан үзэл бодлыг дүрийн сэтгэлгээгээр нааш татаж давхар ачаа, илүү тээшээс нь салгаж үзэгчдийн өмнө шинээр амилуулах ажлыг хийсэн. Тиймээс Раскольниковыг шүүлгэж, олны урд гаргаж наманчлуулах хэрэгтэй болсон. Раскольниковын гэмт хэрэг хийх болсон шалтгаан, гадаад хүчин зүйлүүдийг жүжгийн эхний бүлгийн шүүх ажиллагаа буюу прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээнээр гаргаж ирсэн. Жүжигт монологууд их чухал үүрэгтэй. Гол дүрээс дутахгүй сэтгэл зүйн орчилд орж буй дүрүүдийн романд илэрхийлдэг үзэл санаа, дуу хоолойг монологууд дээр хуваарилж өгсөн. “Гэм зэм” жүжгийн эхний бүлэгт Раскольников нийгмийн шүүлтэд, харин хоёрдугаар бүлэгт өөрийгөө шүүсэн шүүлтэд өртөнө. Эдгээр шүүлтийн дундуур туучаад гарсан Раскольников хэн болон хувирч, сэтгэлгээ нь хэрхэн төлөвшиж байгаа тухай л жүжиг юм. Ер нь үзэл бодлыг нь хэрхэн сэтгүүрдэх арга замыг олоод харчихсан байхад романыг жүжиг болгож хувиргахад асуудалгүй. Хамгийн гол нь Достоевскийн романдаа хөндөж тавьсан философийг сайтар ойлгох нь чухал.

    -Зарим судлаач, зохиолчид таныг “Гэм зэм” романыг хуулаад тавьчихсан юм уу, эсвээс шинээр задалж жүжгийн зохиол бичсэн үү гэх зэргээр хардаж, хоорондоо мэтгэлцээн өрнүүлж байна лээ...

    -Тэгсэн. Би өөрөө театрын шүүмж бичдэг учраас аливаа жүжигт хэдий хэрийн шүүмж бичигдэж, нийгмийг хамарсан мэтгэлцээн өрнөдөг болохыг сайн мэднэ. Ер нь нэг жүжигт дунджаар арав гаруй л шүүмж бичигддэг. Зарим нь үүнээс бага. Угаас судлаачид нь тоотой шүү дээ. Гэтэл “Гэм зэм” жүжигт тав дахин их буюу тавь гаруй шүүмж бичигдсэн.

    Одоо тун удахгүй жүжгийн зохиолыг нь англи орчуулгын хамт болоод Достоевкийн 220 жилийн ойг тохиолдуулан хийсэн эрдэм шинжилгээний хурлын голлох таван илтгэл, зохиолыг орчуулсан Ц.Гомбосүрэн, голлох хэвлэн нийтлэгч Монсударын захирал Р.Энхбат, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг зэрэг хүмүүстэй хийсэн подкаст, уг жүжигт оролцсон зуу гаруй хүмүүсийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудын түүвэр, мөнөөх бичигдсэн тавь гаруй шүүмжийг эмхэтгэсэн “Дахин төрсөн хүний түүх” нэртэй ном хэвлүүлнэ. Энэ ном гарвал жүжгийн эцсийн үр дүн улам тодорхой болох биз. Магадгүй ийм том дата, өгөгдлийн сан бүрдүүлсэн жүжиг манай театрын түүхэнд ховор байх аа.  

    Аливаа бүтээлийн ард сайн, муу, сайхан муухай гэсэн үнэлгээ дагалддаг нь жам. Ихэнх нь эерэгээр хүлээж авсан гэж би дүгнэсэн. Монголын модерн уран зохиолыг судалдаг гэгддэг доктор Ш.Баттөр, уран зураг судалдаг зураач М.Батзориг, хуульч Ч.Бат-Уянга гурвын хийсэн яриаг уншсан. Заримд нь “Гэм зэм”-ийн урилга явуулж л байсан. Үзээгүй. Жүжгийг үзээгүй хүмүүс атлаа чухам л үзэж, таньсан аятай дүгнэцгээсэн байна билээ. Судлаач хүмүүс бүгдийг мэддэг байж болно. Гэхдээ зөнч бол биш. Үзээгүй, таниагүй, ойлгоогүй юмаа шүүмжлэх нь ер нь манайд их түгээмэл. Тийм болохоор нэг их гайхаагүй.

    -Жүжигт монолог чухал. Та хэд хэдэн дүрээр дамжуулж монологууд гаргаж тавьсан. Эдгээр монологуудыг романы дүрүүдийн үйл явдал, үзэл санааг хэрхэн харгалзан үзэж сонгосон бэ?

    -Энэ бол найруулагч бид хоёрын хамтын ажиллагаа юм. Театр судлаач Д.Батсайхан доктор нэлээд хэдэн жилийн өмнөөс “Зохиолчид маань найруулагчидтай нягт уялдаж ажиллах хэрэгтэй байна. Найруулагчид байхгүй зүйл зохиолчид бий. Зохиолчид байхгүй зүйл найруулагчид бий” гэж зөвлөдөг байсан. Ерөөс театрын бүтээл гэдэг найруулагч, драматургч хоёрын хамтын ажиллагаанаас эхэлдэг. Энэ нь драматургч жүжгийн зохиолоосоо халиад шийдэл рүүгээ ордог гэх ойлголт. Тиймээс зохиолоо найруулагчид өгөөд л орхичихоос илүүтэй үргэлжлүүлж, хамтран ажиллах нь тун чухал. Тиймээс М.Батболд бид хоёр залуу хүмүүсийн хувьд нягт хамтарч ажиллая гэж бодсон. Монологийн хувьд эртнээс бүрэлдсэн тодорхой зүйл, зарчим бий. Түүнээс дан миний бодлоор гарах юм гэж үгүй. Гол нь олон сцена, үйлдэл, дүрээр дамжуулан гаргаж цаг алдах, жүжгийн хэмнэлийг удаашруулж үзэгчдийг уйдаах тэрхүү цогц санааг нэг дүр болоод зурвасхан үзэгдлээр үзүүлж, хэмнэлийг хурдасгах нь монологийн зорилго. Энэ үүднээс жүжгийн тавилтын хэмнэлд таацуулан монолог бичих хүсэлтийг найруулагч М.Батболд надад тавьсан. Жүжгийн нэгдсэн сургуулилтын өмнөхөн гэхэд л Раскольниковын сандалтай үзэгдлийн монологийг бичиж байх жишээтэй. Хүмүүст хүрсэн хэд хэдэн монолог найруулагч бид хоёрын хамтын ажиллагааны үр дүн.

    -Романы дотор дүрүүд хорон муу, эсвээс сайн сайхан гэрэл цацруулсан төрхөөр уншигчдад мэдрэгддэггүй болов уу.  Заримдаа алуулсан эмгэнийг муу гэж дүгнэж болох ч нэгэнт хороогдсон учир мөнөөх дүгнэлт үгүй болно. Ихээхэн хоёрдмол чанартай дүрүүдийг жүжигт зориулан боловсруулахад ямар байсан бэ?

    -Жүжгийн зохиолын оршил дээр энэ зохиолд сөрөг дүр үгүй гэж бичсэн байгаа. Учир нь “Гэм зэм” роман өөрөө сөрөг дүргүй. Угаас реалист уран зохиолын хүн төрөлхтний сэтгэлгээнд гаргасан хамгийн том дэвшил нь тэр. Виктор Хюгогийн “Парисын эх дагинийн сүм”-ийн Пролло ч юм уу Шекспирийн жүжгүүдэд төгс сөрөг дүрүүд бий. Романтик уран зохиол тийм байдаг. Гэтэл Гюстав Флобер, Михайл Достоевский зэрэг суутнуудын реалист бүтээлүүд амьдралд огт сөрөг дүр байдаггүйг бидэнд хэлж өгсөн. Энэ амьдрал бол хувирагч олон өнгөний цогцлол болохоос бус сөргөлдөгч олон өнцөг биш. Хэн нэгний хувьд чин үнэн эсхүл яруу сайхан санагдаж буй зүйл өөр нэгний хувьд төгс буруу байж болно. Ийм л харьцангуй зүйл, энгийн ойлголт шүү дээ. Учир нь аливаад бодитоор хандах зарчмын реалист үүднээс сөрөг дүр гэж байхгүй болсон.

    Яахав манайхан социалист реализмын үеэс, Горький монгол зохиолчдод сургасан гэх идэвхитэй байх зарчмын үүднээс төгс сөрөг дүрүүдийг бүтээлдээ угсрах хүслэн их байдаг л даа. Одоо хүртэл “танай, манай талын дүр” гэх хүүхдийн гэмээр сөргөлцөл утга зохиолын хүрээнд гэнэхнээр оршин байдаг. Харамсалтай нь 1857 онд Флоберийн “Бовари хатагтай” роман гарснаас хойш сөрөг дүр үнэндээ үгүй болсон шүү дээ.

    -Тэгвэл дүрүүдийн зөрчлийг үйл явдал, дүрийн онцлогоос гадуур хэрхэн тодорхойлж, тайлал хийх вэ?

    -Хамгийн гол нь тухайн хүн, дүр яагаад тийм алхам, сонголт хийх болов гэдгийг ойлгуулах л чухал. Достоевский бол түүнийгээ тун их тайлбарлаж, олон удаа давтан ярьсан байдаг шүү дээ. Тиймдээ ч Раскольников бол гэм хэрэгтэн бус “яагаад?” гэх асуултын биежсэн дүр мөн. Иймэрхүү наманчлалын агуулгыг Раскольниковын үйлдсэн бүхэн, бодол санаанаас ялгаж романаас барьж авах нь төвөгтэй үйл явц л даа. Энэ хүндрэлийг даван туулснаар Достоевскийн философийн байгууламжаас үзэл санааг нь сугалан гаргаж үзэгчдийн өмнө тавьж байгаа хэрэг.

    -ТЕАТР СУУДАЛ ДЭЭРЭЭ УНТАЖ БАЙГАА ҮЗЭГЧИЙГ Ч ХҮМҮҮЖҮҮЛДЭГ-

    -“Гэм зэм” жүжгийг анх үзэгчдэд хүргэх, хүргэсний дараах мэдрэмжээ тодорхойлооч. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэхээс айж байв уу?

    -Театрын урлаг багийн урлаг учраас уран бүтээлчийг алхам тутамд хүмүүжүүлдэг. Ер нь театрын суудал дээр гурван цаг унтаад гарсан үзэгчийг ч хүмүүжүүлчих нь бий. Тайзны ард, үзэгчдийн хойно байгаа гэрэлтүүлэгч, эсвээс дуу шуум дээр сууж буй найруулагчийн бүдүүлэг алдаанаас болж жүжгийн нэг хэсэг тэр чигтээ сүйрч болно. Харин манай жүжгийн багийнхны хамтын ажиллагаа маш нягт байсан тул үүн дээр огт санаа зовиноогүй. Дээр нь жүжгийг бичихдээ судалгааг сайтар хийж, тодорхой эрдэм шинжилгээний хурал ч зохиосон байгуулсан гэдгийг дээр дурдсан. Зохиолын судалгаа чамгүй хийгдсэн учраас хуулаагүй, цоо шинээр сэтгэж хийсэн болохоор итгэлтэй байсан даа.

    Үүнээс гадна найруулагчийн жүжигт гаргаж тавьсан эрэлхийлэл, шийдлүүдийг хангалттай харсан тул ерөнхий цар хүрээ, агуулга, үр дүнгийн хувьд үндэсний театрт дэвшил болохыг мэдэж байсан. Үйл явцын дунд жижиг алдаа гарсан ч ерөнхий жүжгийн агуулгад хортой нөлөөлж чадахгүй болов уу гэж санасан. Тийм алдаа ч гараагүй дээ.

    Мөн үе үеийн чадварлаг жүжигчид болох Ц.Төмөрбаатар, Ш.Доржсүрэн, П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг, Б.Одгэрэл, Д.Түвшинбаяр зэрэг бүгд өөрсдийн үүргийг мэргэжлийн өндөр түвшинд ухамсарласан, ямар ч продашкнд очоод ажилласан тэрхүү үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дагалдан буй залуу уран бүтээлчдийг үйлдлээрээ чиглүүлээд явчих театрын өндөр соёл суусан уран бүтээлчид жүжигт ажилласан.

    -Гол дүрийн жүжигчин Д.Лхагваад зарим судлаачид шүүмжлэлттэй хандсан. “Хий хоосон хашхираанаас өөр жүжиглэлт олж харсангүй” зэрэг хурц нийтлэлүүд хэд хэд гарсан шүү дээ...

    -Мэдээж гол дүрийн сонголт намайг ч, найруулагчийг ч түгшээж байсан. Гэхдээ энэхүү дүрийн төлөө хамгийн их түгшсэн хүн жүжигчин Д.Лхагва өөрөө. Тэр хүн энэ бүх түгшүүр, эргэлзээний ард нэр төртэй гарч чадсан. Тавь гаруй тоглолтын турш жүжигчин Д.Лхагва гэдэг хүн жүжигтээ тоглолт ахих тусам уусан нэгдсэнээс гадна, тухайн жүжигт тоглож буй хамт олны ноён нуруу болсон. Тэр жүжгийг өөрөө урагш чирч эхэлсэн. Энэ нь надад уран бүтээлчийн хувьд урагш алхсан, жүжгийн дүрдээ өөрөө амьдарч эхэлж байгаа санагдсан. Театрын урлаг жүжигчинд өгч буй хамгийн том өгөөж нь энэ юм. Тэнд юуг ч хуурч, аргалаад өнгөрөх боломжгүй. Бүдүүн баараг хандлага гаргаж, өнгөц алхам хийсэн мөчид тайзны харанхуй орон зай жүжигчнийг залгих гээд отож байдаг юм шиг санагдсан.  

    -Зохиол дээр гарч буй Раскольников шүүлтээр орж, гэмээ наманчилж буй хүн гэж та ярьсан. Гэхдээ түүний мөн чанар, өөрийнхөө ядуу байгаатайгаа эвлэрч чадаагүй асуудлыг юу гэх вэ. Хүн хүнийг, өөрийгөө байгаагаар нь хүлээж авна гэдэг хайрлахын нэр шүү дээ. Раскольников тэгж чадаагүй шиг санагддаг...

    -Залуу насандаа хэн хэнгүй л нийгмийн байгуулалт, тодорхой ёс суртахууны хаяа хязгаарт баригдалгүйгээр гайхамшигт шинэ зүйлийг бий болгох, үйл хэргийг бүтээх эрмэлзлийг дотроо тээж явдаг. Раскольников бол яг тийм эрмэлзлийн бодит дүр. Жүжгийн хувьд тэрхүү эрмэлзлийг нь уудалж, илэрхийлэх, түүнээс шалтгаалан гаргасан алдас, хариуцлагаа хүлээж буй ёс суртахууныг нь гаргаж өгөхийг зорьсон.

    Ер нь залуу насны “nickname” нь алдаа юм биш үү?. Залуу нас нийтлэг үнэлэмжийн хязгаарыг давж алдаа гаргах, тэр алдаа нь оноо болох, эсвэл алдас болох л үйл явц. Үүгээрээ “Гэм зэм” залуу насны роман. “Харанхуйд төөрөлдсөн хүү гэрэл гэгээг олж харав”. Энэ бол эх зохиолын үндсэн код. Төөрч будилсан, эрч хүчээ хий дэмий шатаасан залуу насны төгсгөлд тэр хүн хэрхэн аж төрөх вэ гэдэг гарцаа олж харсан. Гарц олж харна гэдэг амьдралын хамгийн том алхам. Гаднаа амжилттай яваа мэт харагдах ч амьдралын чиг шугамаа олоогүй өтөл хүмүүс өчнөөн бий. Чиг шугамаа олоогүй, зөвхөн агшин зуурын ашиг завшаан эрж хайдаг хүмүүс олон. Түүнийгээ агуу үйл хэрэг мэтээр тайлбарладаг бэртэгчдээр ертөнц дүүрэн. Харин Раскольниковын дүр тийм биш. Тэр нь хувь хүний ялалт. Хүнд ухаарах мөч ирэхэд ухаарч чадвал ямар ч гэмт хэрэг өдүүлсэн бай эрт орой хэзээ нэгэн цагт хүн болж төрснийхөө мөн чанарыг бүтээж байна гэх наманчлалын санааны дүрийг Раскольниковоос, “Гэм зэм” жүжгээс хэн бүхэн олж харсан болов уу.

    -“Гэм зэм” жүжгийн нэг онцлог нь тайз. Тайзны шийдэл монголын театрын түүхэнд нэлээд онцгой, орчин үеийн шинж чанартай байсан. Тайз бол ердөө л хоёр тонн жинтэй шүүгдэгчийн тавцан. Өөрөөр хэлбэл хүнд төмөр ширээ маягийн дөрвөлжин хайрцаг санаанд бууна. Тайзны хөшиг хаагдаж, нээгдэхгүйгээр тэнд л бүх зүйл өрнөж байсан шүү дээ...

    -Тайзны шийдэл бүр ч гоё болох боломжтой байсан гэж би боддог. Яагаад гэвэл манай тайзны зураач Л.Батбилэг Соёл урлагийн сургуулийн Тайзны зураачийн анги төгссөн, олон улсын болон дотоодын олон төсөл дээр удаа дараалан ажилласан залуу атлаа, туршлагатай уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч багш хүн. Харин түүний ажилласан орчин их хүнд байсан. Гаднаас ямар нэгэн технологи, эд анги авчрах боломжгүй тул цэвэр дотоодын нөөц бололцоогоор хийсэн. Жүжгийн байгуулалт, тайзны ажил хийгдэж байх үед ковидоос шалтгаалсан хөл хорио тавигдаагүй байсан юм. Тийм орчин нөхцөлд хийсэн мөртөө тун ч амжилттай болсон. Л.Батбилэг арав гаруй залуустай багийг ахалж, театрын биш үзвэрийн зориулалттай тайзан дээр жүжгийг амжилттай авч гарсан. М.Батболд найруулагчийн тавилт тэрхүү ухаалаг тайзыг жүжгийн нэг дүр болгон хувиргасан. Учир нь тайзны дуу, эргэлт нь хөгжмийн зохиомтой нийлж цогц санаа, хэмнэлийг гаргахыг зорьсон.

    -Жүжгийн хоёрдугаар улирлын төгсгөлд “Орфей” театрын дараагийн “шуум” эхэлсэн. Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр” хэмээх хэдэн үеийнхний шүтээн болсон романыг жүжиг болгох тухай сураг чих дэлссэн. Гэтэл одоо хүртэл чимээ гарсангүй. Яагаад тэр вэ?

    -“Мастер Маргарита хоёр” романы тухайд бол цаг үеийн байдалтай холбоотой болов уу. Бид Достоевскийг амжиж тавьсан. Гэтэл он гараад л олон улсын байдал хурцдаж Орос Укрианы хоорон дахь байдал хурцдаж, дайн эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор орос зохиолчдын бүтээлийг театрт тавихад бэрхшээл тулгарч, тус романыг жүжиг болгох үүднээс хийгдэж байсан хэлэлцээрүүд цуцлагдсан. Миний хувьд гол шалтгаан нь энэ. Түүнээс бус эцсийн хариуг нь би хэлж чадахгүй. Үүнд “Орфей” театрын продюсерууд л нухацтай хариулах байх.

    -“Гэм зэм” жүжиг тоглогдсоноос хойш театрын урлагт өвөрмөц эрэлхийлэл их гарах болжээ Сэтгүүлч Б.Ганчимэг “...эл жүжгээс залуу үеийн багтраан сонстож байна, шатаж багтарч яваа залуус юм хийж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш Э.Ёндоншарав найруулагчийн жүжгүүд, Херо Баатарын “Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн тавилт зэрэг театрын жүжгийн урлагт далайцтай, хүмүүст хүртээмжтэй бүтээлүүд шил дараалан гарсан. Энэ бүгдийг судлаачийн үүднээс хэрхэн харж, дүгнэж байна вэ?

    -Манай театрын урлаг эрчимтэй сэргэж байгаа. Энэ бол театрын түүхэнд байгаагүй сэргэлт. Хамгийн гол нь олон хувийн олон театрууд бий болжээ. “Black Box”, “Хувьсал”, “Мөрөөдлийн театр”, “Орфей”, “Pro”, “Bee” гэх мэт... Тэд янз бүрийн арга барил, өөр өөрсдийн онцлогтой. Сайн, муугийн хэмжүүрийг нь харин цаг хугацаа, үзэгч хоёр шүүнэ. Гол нь монголчуудын оюуны соёл сайжирсан учраас хошин шог үзэхээ больсон. Тиймээс хошин шогийн продакшнууд нэг хэсэг инээдмийн кино руу хандаж хэсэг явсан. Түүнийг нь ч одоо хүлээж авахаа больчихож. Өөрөөр хэлбэл нийгмийн урлагийг хүлээж авах хандлага, босго тийм ч намхан биш болчихжээ. Эрх чөлөөт ардчиллын үрээр хүмүүс гадаад, дотоодод чөлөөтэй явж, соёлжиж байна.  Одооны үзэгчид XVI дугаар зууны үеийн хэрмэл жүжигчдээс өөрцгүй шог гарааг хүлээж авахаасаа өнгөрсөн. Цомцойтол суугаад эсэн бусын юм хольсон концерт үзэх ч утгагүй болжээ. Энэ л жинхэнэ соёлт сэргэлт юм. Энэ сэргэлт төрөөс үл хамааран ард түмний оюун санаанд бий болсон нь илт харагдах боллоо.

    Манайдаа ганц Улсын Драмын Эрдмийн театр  ялгаагүй арга барил, өөрийн урын санд цогц бодлоготойгоор өөрчлөлт хийхийг эрмэлзэж, тэр нь бодитой болж байгааг бид харж байна. XX дугаар зуунд дэлхийн театрын урлагт бий болсон сэтгэлгээний дэвшил, Брехтийн “Туулийн театр”, Питер Брүүк, Ёжи Гротовскийн эрэлхийллүүд одоо л Монголд орж ирж байна. Энийг дагаад бусад үзүүлэх урлаг, дүрт бизнест эерэгээр нөлөөлөөд эхэлчихсэн.

    -Зарим талаараа зээлдмэл, түүхий шийдэлтэй жүжгүүд тавигдаж байгааг юу гэж харж байна вэ?

    -Тэр бол шинэ зүйлийг дагалдан гарч ирдэг ердийн үзэгдлүүдийн нэг. Харин ерөнхий утгаараа бол монгол залуус театр үздэг болсон. Театраас сэтгэл хангалуун гарах болсон, үзэгчдийн оюуны хэрэгцээг гүйцэхүйц театрууд бий болсон нь том дэвшил. Өмнө нь хэзээ ч ийм олон хувийн театр, олон төрлийн жүжгүүд тавьж байсангүй шүү дээ. Гашуун үнэнийг хэлэхэд биеэ тоож, найруулагчаар “дүр” хийсэн бурхангүй газрын бумбанууд одоо хол явахгүй нь тодорхой болчихоод байна.

    -Таны бодлоор энэ цагийн хамгийн супер жүжигчин хэн бэ?

    -Гадны том одуудыг хараад байхад театр, кино хоёрт аль алинд нь тоглодог, тоглолтыг нь харах гэж үзэгчид ч шавдаг юм билээ. Манайд харамсалтай нь ийм гүйцэтгэлтэй жүжигчин алга л даа. Жүжигчид өөрийгөө хайрцаглаад, сүүлдээ нэг л хүн олон дүрд тоглоод яваад байх шиг, эсвэл жүжигчний өөрийнх нь дүрд тааруулж найруулагчид дүр хувиарладаг болчихож. Энэ нь жүжигчдийн бие махбодийн боловсрол гэхээсээ илүү оюуны хүчтэй холбоотой юм шиг санагддаг. Манай жүжигчний сургалтыг хараад байхад номонд араа өгсөн, бичих, унших дадалгүй хүмүүс л үйлвэрлэж байна. Дан ганц өөрийн сэргэлэн ухаан, өгөгдлөөрөө жүжигчин хүн хол явахгүй л дээ. Ийм айхтар мэдээлэлжсэн цаг үед. Сүүлд нээрэн “Гэм зэм” жүжиг дээр жүжигчин Д.Ганцэцэгийг хараад биширсэн юм байна шүү. Тэр хүн эрчтэй хөтлөөд явахаараа нэг бүлгийг 10 минутаар хурдасгаж байсан. Нэг цагийн үзэгдлийг 50 гаруйхан минутанд багтааж орхино. “Гэм зэм” жүжгийн шүүхийн бүлэг яриа хэт ихтэй, үйлдэл багатай учраас үзэгчдийг уйдах вий гэж зовинож байсан. Гэтэл Д.Ганцэцэг жүжигчний тэр тоглолтыг үзээд хувь хүний хувьд их баярласан. Юу гэдэг билээ, “маэстро, браво” гэдэг үгнүүдийг түүнд л хэлмээр. Гэхдээ тэр кинон дээр хэтэрхий даваадуулаад, хурцдуулаад байх шиг санагддаг. Магадгүй кинонд Д.Ганцэцэгийн занг зөөллөх найруулагч хэрэгтэй ч юм шиг санагддаг.

    -М.Батболд театрын хаан суудалд сууж чадах уу?

    Гашуун үнэнийг хэлэхэд манай театрын ертөнц хаан, хатан тодруулаад байхаар том ертөнц биш л дээ. Ерөнхийдөө театрын сэтгэлгээ оросын вассал явж ирсэн. Сүүлд “Херо” Б.Баатар найруулагч хятадын вассал болох чигт бас алхам хийсэн байна лээ. “Хятадын тогос гүнж” дэлхийд алдаршсан Ян Липин гэж цуутай бүжигчин, бүжиг дэглээч байна. Тэр хүний хоёр жилийн өмнө Тяньжинд толилуулсан “Pingtan Impression”гэж тоглолт байна. Тэр эмэгтэй манай “Тамгагүй төр”-ийг үзвэл тэхий дундаас нь гарахаар л юм билээ. Гэхдээ яахав манай театрт хятадын хүчирхэг хроеграфийг оруулж ирж байгаа нь олзуурхууштай юм л даа. Энэ мэтчилэн манай найруулагчид эрэлхийллийг эрвийх дэрвийхээрээ л хийж байна.

    М.Батболд найруулагчийн хувьд дотооддоо хандсан жижиг төслүүд биш гадагш хандсан том төслүүд хийгээсэй гэж боддог. Эдинбургийн фестивальд ч юм уу, эсвэл Берлиний тайзан дээр түүний жүжиг гологдохгүй гэдэгт хэд хэдэн бүтээл дээр хамтарч, арга ажиллагааг нь ойроос харсны хувьд итгэлтэй байна. Тэр бол “youtube” харж үзэгдэл дэглэдэг “amateur” биш. Мэргэжлийн найруулагч хүн. Хаан болох уу, нэг довны заараг уу гэдгээ монголчууд аян дайн хийж л нотолдог байсан эртний уламжлалтай. Үгүй ядах нь ээ наадмын нээлт найруулаасай, Шекспирийг тавиасай. Гэхдээ ер нь театр цээжээ хийлсэн хаадыг биш үнэнч боолуудыг л таалдаг даа. Л.Өлзийтөгс найрагч “Хүн хайртай зүйлдээ үнэнч байдаг” гэж хэлсэн. Үнэн байх аа. М.Батболд тайзны хаан гэхээсээ үнэнч боол нь байх шүү.

    -СҮҮЛЧИЙН ХИЧЭЭЛИЙНХЭЭ ТӨГСГӨЛД БАГШ МИНЬ БАЙСАНГҮЙ-

    -Та өдгөө СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшилж байна. Оюутнууд тань таны суралцаж байсан үеийнхээс эрс өөр үү?

    -Тэдэнд сурах хүсэл эрмэлзэл бий. Бидэнд ч байсан. Энэ талаараа бол адилхан. Харин манайд зохиолчийн чиглэлээр суралцахаар орж ирсэн оюутнуудын утга зохиолын боловсрол тун хангалтгүй байгаа. Хангалтгүй байгаагийн цаана олон шалтгаан байхгүй. Юун түрүүн дунд сургуульд хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд, түүний ард байгаа хөтөлбөртэй холбоотой. Ялангуяа уран зохиолын сурах бичгүүдийг үзэхэд уран зохиолын мөн чанар, төрөл зүйлийн онцлогийн талаар мэдлэг өгч, хүсэл эрмэлзлэл төрүүлэхүйц агуулга алга. Зохиолын сонголт, зааж байгаа арга барил нь аль эрт хуучирсан. Хүүхдийг эх хэл, уран зохиолын хийсвэр сэтгэлгээний гайхамшгаас холдуулах чиглэлд хичээл зүтгэл гаргасан мэт хоцрогдмол, догматик аргазүйтэй сурах бичгүүд олон болж. Жишээлбэл Францын зохиолч Альфонс Додегийн “Сүүлчийн хичээл” хэмээх дөрвөн нүүр өгүүллэг байлаа гэхэд түүнтэй холбоотойгоор хийх дасгал нь дөрвөөс таван нүүр дамнасан байх жишээтэй. Гэтэл сурахыг зохиогч өөрөө бүтэн өдөр суугаад ч хийж амжихгүй, хийхэд илүүц баахан дасгал байгаа юм. Уран зохиол уг нь өөрийнхөө мөн чанарыг таньж, хүний нийгмийн харилцааны суурийг олж авахад зориулагдсан асар хүчтэй зэмсэг. Гэтэл түүнийг нь ял гэж ойлгуулаад байна шүү дээ.

    Эх хэлнийхээ шалтгалтад улс даяараа уналаа гэж мэдлэгтнүүд, эцэг эхчүүд хүүхдүүдээ баахан хэмлэдэг. Зохиолчид ирээдүй үе үндэстний уран зохиолоосоо алсарч буйг бие сэтгэлээрээ мэдэрдэг, ярьдаг. Энэ бол манай залуучуудын оюуны чадвар асар муудсан, эх хэл дээ хайргүй болсных биш. Зааж буй систем, арга зүй нь бидний үр хүүхдийг бичгийн соёл, эх хэлнээс нь таслаад хөөчихсөн байна. Бүтээвэр зүй, өгүүлбэр зүй зэрэг хэлний нарийн мэргэжлийн эрдэмтэд судалмаар, яг үнэндээ крилл бичиг л байхгүй бол онц ач холбогдолгүй дайвар асуудал, ай категориудыг эх хэлний хичээл дээр зааж байна. Ингээд үр дүнд нь хэлнийхээ ай савыг ойлгож, үгээр ертөнц бүтээхийн гоо сайхныг мэдэрч, хэлийг чөлөөтэйгөөр сурах шатанд яваа хүүхдүүдэд ийм бүтэлгүй тогтолцоогоор зааснаар монгол хэлээ сурах байтугай жигшдэг болчихоод байна. Чин үнэндээ монгол хэлний сургалтанд байгаа тийн ялгалын айг ч Б.Ринчен гуай шүүмжилсэн байдаг шүү дээ. Ер нь манай сурагчдын эх хэл дээрээ авч байгаа дүн нь  эх хэл, уран зохиолын хичээлд ирээдүй нь өнөөдөр тавьж байгаа дүн.

    -Та өөрөө сайн багш байж, өөрийн зүгээс хүүхдүүдэд зөв системтэй мэдлэг олгож чаддаг гэж хэлж чадах уу?

    -Үүнийг би биш шавь нар маань хэлэх байх. Багш болохын тулд асар их тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэйг би багшийгаа өнгөрнөөс хойш л ойлголоо. Миний багш Пүрэвхүүгийн Батхуяг бол өв тэгш, төгс багш байлаа. Үндэсний уран зохиол, онолын өргөн мэдлэгтэй. Дээр нь найруулан бичих өндөр чадвар, нээлттэй заах арга, эерэг хандлагатай хүн байсан. Өдгөө би багшийнхаа эзгүй хоёр дахь намрын хичээлийн шинэ жилийг угтах гэж байна. Багшид минь байсан үнэт чанарууд эзгүйд нь улам их тодорч, өөрт минь дутмаг байгааг илүү ихээр анзаарч байна.

    -Тэгвэл багшийн зүгээс оюутнууддаа сайтар ойлгуулахыг чухалчилдаг, заасан зүйлээс маань үүнийг л авч үлдээсэй гэж хүсдэг үнэт зүйл, зарчим тань юу вэ?

    -Надад дотроо боддог нэг зарчим бий. Ямар ч уран бүтээлийг туурвихад гурван “Э”-гийн зарчим баримталвал илүүдэхгүй юм шиг. Эстетик, этик, эпик гурав. Дэлхий даяар түгсэн, амжилт олсон бүтээлүүдийг харахад гоо зүйн хувьд шинэлэг эсвээс цогц, өвөрмөц байдгаас гадна хүн төрөлхтөнд ёс зүй санал болгодог. Энэ бол этикийн асуудал. Өөрийн дотоод дахь ямар нэгэн байгууламжийг сүндэрлүүлж, агуулгыг, өгүүлэмжийг бий болгох нь чухал.

    Харин эпик бол хүн бүрт байдаггүй. Энэ нь туульсийн чанар юм. Найруулагч Кевэнтин Тарантиногийн сүүлийн үеийн бүтээлүүд бол эпик байхгүй юу. Америкийн иргэний дайн болоод хоёрдугаар дайны үеийн түүхийг тэрээр туульсийн аргаар харуулж байна. Тэр солиотой ч юм шиг, суутан ч юм шиг найруулагчийн гараар Америк гэдэг шинэ үндэстний шинэ туульс бичигдэж байна. Америкчууд дэлхийн хоёрдугаар дайнд дэндүү хожуу орсон, Оросууд Рейхстагийн дээр тугаа түрүүлж хатгасан. Гэхдээ Тарантиногийн туульс өөрийг хэлж байна. Америкчууд Гитлерийг Парисын жижигхэн кино театрт шатааж алсан байна. Шатаасан хүн нь Нацистуудад эцэг эхээ хядуулсан нэг туяхан бүсгүй. Америкчуудын Орост өгсөн амин чухал дайны тусламж, “Лэнд лийз”, Хирошима, Нагасакид хүнийг амьдаар нь хуйхалж байж энэрэлгүй, туйлширсан сэтгэлгээг нухчин дарсан түүхийг Тарантино сануулж байна. Хүчирхийллийг дарахын тулд илүү хорон, харгис хүчирхийлэл хэрэгтэй болдгийг хүмүүст санууллаа. Харах өнцөг, хэлэх санааны төгс жишээ.

    -Туульсийн бүтээлийг цаг хугацааны дэнс тодорхойлдог шүү дээ...

    -Хамгийн том чанар, таних тэмдэг нь тэр. Туульсийн бүтээл цаг хугацааг ялж гардаг. Уран бүтээлийн дээд шалгуур энэ. Уг гурван зарчмыг сургалтдаа барихыг хичээдэг. Тэгээд ч ер нь хамгийн хатуу, үнэн шалгуурыг уран бүтээлч хүн өөртөө тавина. Эдгээрийг л би хүүхдүүддээ эзэмшүүлэхийг хүсдэг. Багш минь надад үүнийг томьёолж, нарийвчлан заагаагүй ч өөрийн үйл хэрэг, зам мөрөөрөө ойлгуулсан.

    -Уран бүтээл цаг хугацааг ялах, эсрэг мөн чанартай гэсэн үг үү?

    -Ерөөсөө тийм. Эсрэг урсгал, цаг хугацааны эсрэг мөн чанартай. Багшийн “Эсрэг цаг” гэдэг концепц ерөөсөө тэр. Энэ бол туульсийн бүтээлийн мөн чанар. Туульсийн мөн чанартай, туульсийн бүтээл хийх нь уран бүтээлчийн дээд эрмэлзэл.

    П.Батхуяг багшийг уншигчид, шавь нар, талархан дэмжигчид байтугай үзэн ядагч, илтэд үгүйсгэдэг байсан хүмүүс нь хүртэл нь өдгөө тэнгэр болсных нь хойно найз нөхөд байсан мэтээр ярьдаг болчихож. Энэ бүхэн магадгүй П.Батхуяг гэдэг хүн ямар том зангарагтай хүн, уран бүтээлч байсны илрэл байх л даа. Би багшийг уран бүтээлчийн болоод жүжгийн зохиолчийн хувьд хамгийн гол бүтээлүүдээ хийж эхлэх шатандаа зуурдаар өнгөрчихлөө гэж санадаг. Саяхан гэхэд багшийн залуухан шавь болох С.Баатарцогт жүжгийн туурвилзүйг нь судалж магистрын зэрэг хамгаалсан. Мэдээж багш үзэхүйеэ тодорхой  өв үлдээсэн. Харин гол бүтээлүүдээ хийж амжсангүй. Багшийн бүх бүтээлийг жагсааж үзэхэд нарт хорвоогийн дээр хүмүүн бие эзэмшиж дөчин ес наслахдаа дөчин есөн ном гаргасан юм билээ. Түүнээс гадна өөрийнхөө амьдралын цаг хугацааг уран бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлс, нийгмийн шүүмж зэрэг өргөн талбарт зориулсан. Цаашид бүр ч хүчтэй, эрчтэй бүтээлүүд туурвих байсан. Энэ нь нэг талаар харамсалтай ч нөгөө талаар бүрэн дүүрэн, үр бүтээлтэй амьдарсанд нь бахархаж байна. Сайн багшийн үхэл хүртэл хичээл байдаг аж. Хамгийн сүүлийнхээ хичээлийн төгсгөлд харин багш минь өөрөө байсангүй.

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:

    “Өөрийгөө итгүүлэх гэж үүнийг бичиж сууна. Эрхэм хайрт ахыгаа, эрдмээр амьдрахад сургасан багшийгаа, итгэл сэтгэлийн илч нь одоо ч дэргэдээс төөнөсөөр буй сүнсний анд нөхрөө тоост ертөнцийн наран тойргоос холбирч одсон гэдэгт итгэж чадалгүй долоо хоног үлгэн салган явлаа. 

    Гэхдээ итгэх хэрэгтэй. Цогц бие нь үгүй болсныг ухаарвал мунхаг хүмүүн оюун санаатай нь холбогдож чадах нь юуны магад”.

    Я.Баяраа багшийнхаа тухай ингэж бичиж, ингэж дурсжээ. Яг одоо бид тэрхүү оюун санаатай холбогдож чадах уран бүтээлийнх нь тухай яриа дэлгэн хуучилж сууна. Ярилцагчийн маань нүд чийгтэж нулимс хацрыг нь зүсэх мөч дурсамжаар дотор луу нь эргэн цутгах хагацлын гашууныг сануулна. Харин тэр дурсамж зөвхөн хамт туулсан амьдралын хором мөчүүд бус П.Батхуяг хэмээх эрхэм өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн уран зохиолын хичээл болохыг нь би ч мөн энэ л цаг хугацаанд ухаарч суунам.

    -Багш тань танд яг ширээний наана, цаана суугаад хичээл орж байсан, нарийвчлан онолын мэдлэг олгож байгаагүй байх аа?

    -Манай багш их сургууль төгсөнгүүтээ олон сургуульд багшилсан. Ухамсарт амьдарлынх нь тэн хагас хүний хүүхдийг сургах, залуу уран бүтээлчдэд уран бүтээлийн чиг баримжаагаа олгоход зориулагдсан. Багш минь надад тусгайлан хичээл орж байгаагүй. Нэгэн удаа төмөр замын байранд суух гэрт нь зочилж очлоо. Тэгэхэд багш минь гал тогооныхоо өрөөнд зогсчихсон нэг гараараа хавиргатай шөл хутгаж, нөгөө гараараа Аристотелийн “Туурвил зүй”-г эхнээс нь системтэйгээр уншиж, категориудыг нь тайлбарлан зааж өгч байсан. “Туурвил зүй”-г надад ойлгуулж асан тэр дүр зураг санаанаас минь огт гардаггүй. Яруу найргийн эрдмийн ширээ зүрх сэтгэлд байдаг юм байна.

    -Багшийн тань үүсгэн байгуулсан, таны одоо багшилж буй энэ тэнхимээс тайз, дэлгэцийн шүүмжийн улсын уралдааныг жил бүр хийж ирсэн. Тус уралдаан бий болсноор хүмүүс театрын шүүмж, рэвью бичих, адаглаад жүжгийн талаарх сэтгэгдлээ цахимд илэрхийлэх хандлага ихэссэн. Тэр нь театрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болов уу гэж боддог. Энэ жилээс өөрийнх нь нэрэмжит болгож зарласан шүү дээ...

    -Багш бол монголын утга зохиол болоод нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээ төлөвшихөд чухал үүрэг оруулсан хүн. Энэ дагуу хоёр уралдааныг СУИС дээр бий болгосон. Ерөөс гол шалгаруулалтад нь оролцож, концепц, үзэл санааг нь боловсруулахад хамжилцсан. Эхнийх нь Театрын Урлагийн сургуульд зохион байгуулдаг “Тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмжийн улсын уралдаан”. Үүнийг багш санаачилсан. Энэ онд манай Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэнгийн санаачилгаар уг уралдааныг өөрийнх нь нэрэмжит болгосон. Энэ нь зүй ёсных болов уу. Яах аргагүй амьдарлынхаа арван жилийг зарцуулсан ажлыг удирдлага нь хүндэтгээд өөрийнх нь нэрэмжит болгосонд шавь нарынх нь зүгээс тун их баяртай байгаа. Уралдаанд олон залуучууд оролцсон, шүүмжүүд нь тун сонирхолтой байсан. Тус уралдаан цаашид үргэлжилж, улам хөгжих нь тодорхой.  Харин нөгөөх нь СУИС-ийн харьяа Радио Телевиз, Медиа урлагийн сургуулийн зохиодог“ Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шүүмжийн уралдаан”. Багш энэ уралдааныг эхнээс нь зохион байгуулалцаж, шүүж байлаа.

    -“Шүүмж өөртөө үнэнч байхын нэр” гэж та нэгэнтээ хэлж байсан. Театрын шүүмж утга зохиолын бусад төрлийн шүүмжүүдээс онцлох шинж чанар нь юу вэ?

    -Театр бол маш нийлмэл урлаг учраас олон талаас нь тухайн бүтээлийг харж, шинжих хэрэгтэй болдог. Жишээ нь тайз засал, гэрэлтүүлэг, хөгжим, дүрийн сонголт, дүрийн ажиллагаа, зохиол, найруулагчийн ажиллагаа, жүжгийн ерөнхий дэвшүүлсэн санаа, философи. Энэ бүхнийг нэг бүрчлэн гоо зүйн үүднээс үнэлэх цогц ажиллагаа юм. Театрын шүүмж өөрөө бичигчээ цэцэрхэл, хуурмаглалаас туугаад гаргачихдаг л даа.

    -Өөрөө иймэрхүү харах өнцөг, үзэл бодлыг үзэгчдэд хүртээх жүжиг бичээд гаргачих юмсан гэж бодож, тээж явдаг санаа танд бий юу?

    -Миний дотроо тээж явдаг зөрчил бол энэ нийгмийг бүрэлдүүлэгч, “эс ширхэг” болсон хүмүүсийн амьдралыг, тэдний дунд бий зөрчлийг гаргаж тавих сан гэх хүсэл. Түүнээс бус есөн шидийн гаж абсурд шийдэл, хүн төрөлхтний сэтгэлгээний ололтыг авчирч дүрүүд дээр наах, өвөрмөц содон харагдах санаа дэвшүүлэх нь дэд асуудал. Манай нийгмийн эгэл амьдралын гүнд гүн гүнзгий зөрчил хангалттай бий.

    -СТРЕСС, ЭМЗЭГЛЭЛ НЬ ТУХАЙН ХҮНИЙ ХУВЬД БАЯЛАГ, ОНЦЛОГ БАЙЖ БОЛНО-

     -Монгол хүн хэн бэ? гэдэг асуулт бас бий. Бид хүн төрөлхтнөөс юугаар ялгаатай, юугаараа онцлог вэ гэдэг асуудал ч гардаг шүү дээ...

    -Эхлээд монгол хүн гэдэг өөрөө бусадтай л адилхан хүн юм гэдгийг ойлгомоор байна. Онги гол говийн гол. Гэхдээ л гол. Асуулт хязгааргүй л дээ. Харин хариулт ховор. Бид бусдаас юугаараа ялгарах вэ? Бидний бүтээсэн нийгэм зөв явж байна уу? Эрх чөлөөт нийгэмдээ бид сэтгэлгээний хувьд эрх чөлөөгөө ашиглаж чадаж байна уу? Эсвээс дууриамал байна уу? Даяаршлын нийгмийн их урсгалыг даган хөвж байна уу? Энэ бүхэн бидний хувьд бодох ёстой асуудал. Энэ нийгэм ёс суртахууны хувьд хэр хөгжиж төгөлдөржсөн бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзвэл тун муу хариулт гарч ирнэ.

    Нийгмийг хагалан бутаргах, илтэд ялгаатай ангиудын зөрчлийн тухай харуулсан ил цагаан драм гэхээсээ илүүтэй манай нийгэмд байгаа сэтгэл зүйн асуудлууд, янз бүрийн өнгө төрхийг драм дээр тоглох нь зөв юм аа гэж боддог. Үүнийг ярихад хэцүү, хийж бүтээгээд тайзан дээр тоглосных нь дараа үзэгчид хараад санал бодлоо илэрхийлэх биз. Үүнээс гадна нэг асуудал бий.

    Бид их баялаг түүхтэй улс. Түүнийгээ ядуу өнцгөөс харах юм. “Монголын нууц товчоон”, Чингис хааны байгуулсан их гүрний түүх бий. Яагаад тийм ахар хугацаанд дэлхийн талын эзэлсэн юм бол оо? Монгол шиг цөөн хүнтэй улс зэр зэвсгийн хүчээр том хотуудыг эзлэх боломжгүй. Харин тэд өвөг дээдэс төрөлхтөнд юу санал болгосон бэ гэдэг их чухал, сонирхолтой асуулт шүү. Миний бодлоор тэр үеийн монголчууд хүн төрөлхтөнд ёс зүй, шинэ дэг журмыг санал болгосон. Тэр нь хүн төрөлхтний хувьд дэвшилттэй, шинэлэг байсан учир их гүрний засаглал, байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрсөн байх. Монголчуудыг Евро Ази даяар эртний хотуудыг галдан шатааж явсан гэх худал хар домог одоо ч хүчтэй байдаг. Тэгж ярьсан америкт Дэн Карлин гэж нөхрийн подкаст америкт таяаргүй олон сонсогчтой болчихсон явж л байна. Гэтэл бид тэрхүү хар домогийн өнцгөөс өөрсдийн түүхийг харж байгаа нь өрөвдөлтэй. Үүний эсрэг тэмцдэг, сэрж сэхээрдэг судлаач, зохиолч ховор байна. Манай түүхчид эртний түүхийнхээ судалгааг ахиулж буй боловчиг бид нөгөө ч социализмын үед кодлогдсон зэрлэг, бүдүүлэг өвгөдийн үр хүүхэд хэмээх ухамсраараа түүхэндээ хандсаар байгаа нь аймшигтай.

    Манай Тангадын Мандир зохиолч уг харалган өнцгийг засахын тулд насан туршдаа зохиол бүтээлээрээ тэмцэж байгаа хүн. Тэр тэмцэлд би нэгдэе гэж бодож байна. “Монголын нууц товчоон”-ы эх бичгийн судалгаа нэлээдгүй хөгжсөн. Одоо бид утга агуулгынх нь гүн рүү, уран зохиолын бүтээл гэх үүднээс хандаж боловсруулалт, уран сайхны нөөц бололцоо, драматургийнх нь гүн рүү орж судлах цаг нь тулчихаж.

    -Та саяхан Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын үеэр  “Монголын нууц товчоон”-ы драматургийн асуудалд хандсан сэдвээр илтгэж тавьсан шүү дээ?

    -Тийм. Тус илтгэл дээр “Монголын нууц товчоон”-д буй дүр, зөрчлийн драматургийн ойлголтууд бий. “Монголын нууц товчоон” бол суут зохиолчийн төгс бүтээл. Зохиолч нь ямар шийдэл, бүтцийг баримталсан бэ гэдгийг илүү нарийвчилсан түвшинд судалж гаргах ёстой. Уг илтгэл маань хэд хэдэн цуврал болно. Өнгөрсөн хавар Ази номхон далайн орнуудын Театрын сургалтын форумд тавьсан тавигдсан. Хоёр дахь нь сая Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын үеэр “Монгол судлалын залуучуудын хэсэг”-т тавигдлаа. Гуравдугаар илтгэл нь “Гэгээн Муза академи”-аас зохион байгуулах Олон улсын хурал дээр тавигдана.

    -Нийгмийн олон талын сэтгэл зүйн асуудлуудыг нь ойлгож харах, дуу хоолой болох зохиол гэж ярьсан шүү дээ. Уран бүтээлчийн хувьд харахад ихэвчлэн ямар асуудлууд байна гэж харсан бэ?

    -Өдгөөх цагийн монголчууд бид өвөг дээдсээсээ ялгаатай нь өөрсдөдөө итгэлгүй, хүний ам харамтгай. Манай хөгжлийн номлол, боловсорлын тогтолцоо зээлдмэл. Энэ бол зөвхөн төр засаг бус өрх гэрийн түвшинд байгаа. Өөрийн философиор амьдралд хандах, хэн нэгнийг хуулахгүй байх бие даасан сэтгэхүй бага байна. Өөртөө итгэлгүй, өөрийгөө таньж мэдээгүй, тэгэх боловсролгүй учраас бухимдана. Үүнийгээ янз бүрийн сэтгэцийн эмгэг болгож тодорхойлоод түүнийхээ нөмрөг дор амьдардаг үе ирж байна уу гэж хардаг. 

    Зарим талаар сэтгэлийн бухимдал, стресс, эмзэглэл нь тухайн хүний хувьд баялаг, онцлог байж болно. Яг үүнийг Д.Намдаг гуай “Авьяас бол эмзэглэл” гэж тун оновчтой тодорхойлсон юм шиг. Эмзэг байгаагаасаа, түүнээсээ зовнидог нэг ийм тулга тойрсон гэмээр хандлага их дэлгэрч байна шүү дээ. Энэ бахархалтай зүйл биш л дээ. Хүн сэтгэхүйдээ эзэн болж чадахгүй, эмзэглэл мэдрэмжээ даван туулж хүчрэхгүй байна гэдэг нийгмийн боловсрол тааруу байгаагийн үр дүн.

    -Уран бүтээл, үзэл санаа өчнөөн л ярьлаа. Одоо таны хувь хүний талаар ярилъя. Та бол тайзны од ч юм уу, секс симбол огт биш. Оюун санааны ертөнцөд ажилладаг хүн. Тийм болохоор тодорхой хүрээний бүсгүйчүүдийн хувьд “Баатар”. Сонирхол дагуулдаг “Дүр”. Нэг биш бүсгүйчүүдтэй романс үүсгэсэн ч салсан. Хайр дурлал таны хувьд юу юм бэ.

    - Энэ асуулт танай сэтгүүлийн эрхлэгчийн л хаягласан асуулт байна даа. Ер нь эрчүүд ээж шигээ эмэгтэйд л дурладаг байх аа. Ээжийнхээ ямар нэг шинжийг агуулсан эмэгчнийг ертөнцөөс эрж явдаг. Эмэгтэй хүн ялгаагүй. Эцэг шитгээ хүн хаа нэгтэйгээс олчихсон л байдаг. Аль аль нь чухам тохирчихвол хувь тавилан тэр байх.

    Тэр баатар, дүр энэ тэрийг нь бол мэдэхгүй юм. Хоёр төрлийн эр хүн байдаг гэж боддог юм. Нэг нь анчин, нөгөө нь аалз хэв шинжтэй. Олзоо хараад гэтэж мярайдаг, ганц л үсрэлтээр цээжин дороо хийдэг анчид байна. Уран тор татчихаад буланд нь нуугдчихдаг, эрвэйхэй ирж наалдахаар  очиж ороод үхлүүт болтол нь ороож байгаад зооглочихдог аалз шинжтэй аалзнууд ч байна. Би сүүлийн ангилалд нь орох байх аа. Магадгүй энэ миний сэтгэлээ тайвшруулдаг ангилал байж болох юм.

    -Бүсгүйчүүдийн гомдож, шархалж үлдсэн домгууд л ертөнцөөр дүүрэн байх юм. Танд салалт хүнд байдаг уу. Эсвэл үгүй юу?

    -Хүн тэгээд ер нь өөрийнхөө өрөөсөн дугуйг л хайж амьдардаг даа. Тэр дугуйгаа олчихвол жаргалтай өнхөрч эхэлнэ. Өнөө дугуй нь хэмхэрчихвэл нэг их холдолгүй хайрдаад уначихна. Тэгээд л өвсөн дунд хэвтэж байгаа өнөө дугуйн дээрээ тор татаж эхэлнэ. Хайр дурлал гэдэг ийм л. Хүний адгууслаг болоод бурханлаг чанарыг нэгэн харцны дор дууддаг эд байх юм.

    -Та яагаад дандаа яруу найрагч бүсгүйчүүд сонгодог юм бэ?

    -Би сонголт хийхэд хэт болхидох хүн дээ. Бурхан зарим хүнд аз, зарим хүнд эз хайрладаг байх. Энэ удаа би эхний ангилалд нь хамаарч байна. Яруу найрагч эмэгтэй гэж тусгай хүн байдаг гэж үү?. Яруу сайхан эмэгтэй л гэж бий. Яруу сайхан чанараа гээгээгүй хүн гэж бий.

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

    Заримдаа үнэхээр амьдралд ямар нэг зүйл бичихгүй бол тайвширч өгөхгүйгээр бухимдах, тайван буй хэдий ч цээжний цаана ямар нэгэн зүйл хуралдан томорч байгаа юм шиг, удахгүй тэсэрч, дараа нь цөхрөнгөө барсан урт шөнүүд үргэлжлэх мэт санагддаг. Өөртөө нялзаасан, зочны минь өгүүлснээр сэтгэхүй дээ эзэн болж чадахгүй байгаа өчүүхэн үгс түүнд харин зохихгүй. Тэр өөрийгөө “Өглөөний шүлэгч” гэж тодорхойлсон. Үүрээр урьд шөнөөс өд сөдөнд нь наалдсан хогийг жишимгүй сэгсэрч жигүүрээ дэлгээд тэнгэр цуулан нисэх шонхор шувууны дүр санаанд үзэгдэнэ.  Харин би түүний шүлгүүдээс Улаангом хотын цалин цагаан өвлийг, өвлөөс олж авсан тунгалаг агаад цээлхэн ухаарлын дууг сонсдог.

    “Хаана байна миний эгшиглэнт өвөл?
    Хаан чинь байна би, эгшиглэн дуул!” гэх юм уу:

    “...Жилийн энэ сард унаган нутагт минь
    Живрийн түрүүч гүйгээд, сахал цантуулдагсан
    Жиндэж байгаа даа муу ижийн минь хөл
    Энд унагасан нулимсны халуун
    Тэнд хөлийг нь дулаацуулах биш дээ
    Эр багахан зүрхэн дотроо
    Эмтэрч л сууна даа муу хүү нь...”

    ...зэрэг олон шүлгүүд, өвлийн олон мөрүүдийг би олж хардаг. Зарим шүлгийн мөрүүдийг нь өвөл бичсэн болов уу, өвлийн дүрслэл яг мөн гэх зэргээр муйхраар өөртөө өөриймшүүлэн нялзаах нь бий. Бид энэ мөчөөс яруу найргийн тухай хүүрнэлдэх боловч зочны өмнөх хариултын үзэл санааны сэдвээс огт хазайгаагүй болохыг уншигчид тунгаах биз ээ.

    -УРАН ЗОХИОЛТОЙ ХОЛБООТОЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНЭЭ БОЛИОД ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЧИХААСАЙ-

    -Цахим ертөнц гэж давхар амьдрал бий болсон. Тэнд любителүүд толгой холбосон шүлгээр пропаганда явуулж, олон нийт нь алга ташиж, бүр энэ ажлаараа амьдардаг шүлэгчид байх. Тэд яруу найрагчид гэж нэрлэгддэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

    -Ренчиний Чойномын хэлсэн “Алт живж холтос хөвдөг” гэж үг бий. Тэгэхээр ер нь алтыг олохын тулд хүн ямарваа нэгэн хөдөлмөр гаргах хэрэгтэй болдог. Хүмүүс урлагийг шууд өөрт нь агаар ус шиг хүртэгдэж байх ёстой гэж боддог. Үгүй. Урлаг бол өөрөөсөө хүч зарж, зардал гаргаж байж олж авдаг оюуны баялаг. Үүн дээр л гол асуудал бий. Урлагийн талаарх нийгмийн боловсрол харанхуй, бүдүүлэг хэвээр л байна. Ялангуяа ардчилсан гэх төр. Ерөнхийдөө манай төр засгийн уран бүтээлч дээ шагнаж байгаа бодлого ч тэр, уран бүтээлчдийн оюуны баялгийг үнэлдэг бидний жишиг ч тэр үндсэндээ тэгтэй тэнцэнэ.

    Яруу найраг бол үгийн урлагийн оргил. Маш сайн уран бүтээлч, найруулагч олон хүнтэй би сэтгүүлч, уран бүтээлч, судлаачийн хувиар ч ярилцаж үзсэн. Гэтэл манай уран бүтээлчдийн өөрсдийнх нь үгийн урлагийн боловсрол огт хангалтггүй санагдсан. Зүгээр л хоосон цагаан магтаалын, усан уянгын шүлгүүдээ найраг гэж ойлгодог. Тийм шүлгийг Данзангийн Нямсүрэнгийн яруу найрагтай нэг шугамд давхцуулж ойлгодог. Уран бүтээлчдийнх нь боловсрол ийм байхад ард нийтийн яруу найргийн боловсрол ямар байх нь ойлгомжтой. Гайхаад байх зүйл биш л дээ.

    -Тэгэхээр яруу найргийг мэргэжлийн болон мэргэжлийн бусаар ангилж ялгах нь шаардлагагүй зүйл гэж үү?

    -Ангилалыг нь үе бүрдээ судлаач, шүүмжлэгчид хийгээд л явдаг. Тэгж хажиглаад байх надад шаардлагагүй санагддаг. Яагаад гэвэл усны урсгал алсдаа цэнгэгшинэ. Тиймээс яруу найргийн мэдээлэл ихсэх тусам яваан даа холтос нь урсаж арилаад алт нь гүндээ үлдэнэ гэж би боддог.

    Өдгөө нэг үеийг бодвол “Болор цом” хэмээх хоосон, агуулгагүй шүлгийн тэмцээний нөлөө илт багасчихлаа. “Болор цом” урлагийг, яруу найргийг тодорхойлдог байдлаа аль эрт гээсэн. Байгууллагын ой, аль нэг яамны өдөрлөгөөр сэлэм тараадаг наадмуудаасаа ялгарахаа больсон. Энэ нь угтаа яруу найргийн нийтийн үнэлэмж өсөж байгаагийн тод жишээ. Тиймээс ч цахимаар яруу найргийн хэлэлцүүлгүүд өрнөж байгаа нь тунгалагших үйл явц. Өөрсдийгөө найрагч гэж боддог усан шүлэгтэй нь тэгээд холтос шиг хөвөөд явж л байг.

    -Эмзэглүүлэхгүй байх нэг хэрэг. Харин таны яруу найрагчдын, уран бүтээлчдийн өөрсдийнх нь боловсрол хязгаарлагдмал гэж хариулсан тань сонирхол татаж байна. Энэ талаар тодруулж болох уу?

    -Хуучин социализмын үед монголын яруу найргийн уламжлалыг илтэд үгүйсгэхгүй ч ойшоодоггүй байсан. Их найргач Б.Явуухулан энэ тал дээр илтэд эмзэглэж, олон шүүмж бичсэн байдаг. Харамсалтай нь манай шүүмжийн түүхэнд Явуугийн шүүмжийг ойшоодоггүй. Үнэндээ тухайн цагийн догматик шүүмжүүдээс хувь илүү бичдэг байсан юм билээ. 1990-ээд он гарсны дараа монголын яруу найраг хийсвэр сэтгэлгээний нарийн нандин уламжлалтай байжээ гэдгийг яруу найрагч О.Дашбалбар, доктор Д.Галбаатар нар хоёр өөр замаар судлан ойлгуулсан. Ингэснээр судалгааны түвшинд мэдэгдэхүйц ахиц гарсан. Мөн яруу найрагч, зохиолч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын сонгож эмхэтгэсэн улаан антологи залуучууд үндэсний яруу найргийг ойлгоход дөхөм болсон. Гэтэл одоо түүнээс хойш арван жилийн дараа харахад залуучуудын үндэсний яруу найргийн танин мэдэхүй нь ерөөсөө тус антологийн хүрээнд хашигдчихсан байгаа нь харамсалтай.

    “Аюур ахын улаан антологи” бол яруу найргийн имперсионист өнгө аясыг баримталсан антологи. Гэтэл яруу найргийн ай сав ганцхан имперсионист төрлөөр хэмжигдэхгүй. Гэтэл яг энэ өнцгөөр яруу найргийг хэмждэг ялангуяа залуу улс их байгаа нь цахимаар эсэн бусын шүлгүүд холилдож байгаагаас ч гунигтай үр дүн. Уран бүтээлчдийн дунд ийм хайрцаглал харагддаг нь бүр өрөвдөлтэй.

    -Цэвэр уран бүтээлчдээс өөрсдөөс нь хамаарах байх...

    -Тийм. Мөн утга зохиолын ажилтан, судлаачид илүү өргөн цар хүрээнд харж, илүү мэргэжлийн түвшний антологи гаргах боломжтой. Энэ үүднээс “Утга зохиол судлал шинжлэл редакц”-ийн ахлагч Ойдовын Содномпил бид хоёр хамтраад монголын бүх цаг үеийн яруу найргийн шилмэл дээж антологи гаргахаар ажиллаж байгаа. Уг номыг гаргаснаар монголын яруу найргийн үндсэн танин мэдэхүй тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

    -“Болор цом” бол уншигч, уран бүтээлчдийн уулзах гүүр. Гэтэл дотор нь бугшсан олон асуудлууд үзэгчдийн нүдэн дээр ил болох нь ч бий. Мэргэжлийн хүрээний хүний нь хувьд ямар шийдлүүд хэрэгтэй байна гэж үзэж байна вэ?

    -“Болор цом”-ыг Будда ирээд шүүсэн ч хэрүүл дагуулна. Урлагийг уралдуулна гэдэг өөрөө доромжлол. Ер нь бол яруу найргийн бүтээлийг дэлхий дахинд ихэвчлэн тэтгэлэгээр шийддэг. Урлагийн бүтээлийг бид уралдуулахаас илүү тэтгэлэг олгох нь зөв. Манайд жүжгийн зохиолыг ч тэр, яруу найргийг ч тэр уралдуулаад байдаг. Энэ бол тун хортой. Зохиолч, яруу найрагч хүмүүс ертөнцийг өөр, өөрийнхөөрөө таньсан эгоизм өндөртэй хүмүүс байдаг. Би эгогүй уран бүтээлчийг уран бүтээлч гэж боддоггүй. Дали хэлсэн нь бий. “Хүсэл тэмүүлэл, амбицгүй уран бүтээлч бол далавчгүй шувуутай адилхан” гэж. Яг л энэ. Гэтэл тэр их эготой уран бүтээлчдийг хооронд нь уралдуулахаар оюуны санааны эв нэгдлийг нь хаачихдаг. Тэгээд эгоизм, өнгө мөнгөнийхөө үүднээс хүссэн хүсээгүй бие биетэйгээ мөчөөрхөлцөж эхэлнэ. Энэ нь төлөвшөөгүй залуу уран бүтээлчдэд асар хортой.

    Жишээ нь олон нийтэд таалагдахын тулд тайзанд зориулсан сайхан хэмнэл, эрчимтэй, гүнзгий үзэл санаа бус сүржин санаатай шүлгүүд олноор бичиж эхэлдэг. Тийм найрагчийн жишээ захаас авахуулаад олон. Яагаад Д.Нямсүрэн “Болор цом”-д ганц орчихоод хаяад явсан бэ гэдэг их ойлгомжтой зүйл. Учир нь гүн гүнзгий эрэлхийлэл, мэдрэмжийн шүлгүүдээс хэтэрхий алс гэдгийг тэр хүн мэдэж байсан хойно.

    -Тэгэхээр шийдэл байхгүй. Ерөөсөө “Болор цом”-ыг өөд татна гэж ярих нь утгагүй зүйл байх нь ээ?

    -Үнэн нь тэр. Угаас хүмүүс уралдсан газар уралцаан гарах нь ойлгомжтой. Өнгөрсөн жилийн  “Болор цом”-ыг үзэхэд ер нь гайгүй гэсэн яруу найрагчид эхний арав дотор үлдэж байна лээ. Тэдний хэн нь ч цом өргөх хэмжээний шүлгүүдтэй хүмүүс. Гоц сайндаа энэ уралдаанд түрүүлээд, муу нь аравт ороод байгаа юм биш.

    Би хувьдаа уран зохиолтой холбоотой уралдаан тэмцээнээ болиод тэтгэлэг зарлачихаасай гэж боддог. Аливаа нэг уран бүтээлч өөрийн төсөл, зохиолын санааг танилцуулж түүнийг тодорхой хэмжээний хүмүүс шүүж тэтгэлэг олгодог болох. Ийм л сайхан гарц бий. Өнөөгийн нийгэмд ажлаасаа чөлөө авч уран бүтээлд төвлөрөх гэдэг хэцүү. Ямар нэгэн ажил хийгээд хажуугаар нь шууд зохиол бичиж амьдрахад төвөгтэй. Дан ганц зохиол бичээд амьдарч буй цөөхөн хүн байгаа.

    -Соёлын Яам, эсвээс Монголын Зохиолчдын эвлэл үүн дээр ямар нэгэн алхам хийсэн үү?

    -Кино урлагийн салбарт хараат бус зөвлөл байгуулаад тус зөвлөл нь кино хийх уран бүтээлчдийн уран бүтээлийг шалгаруулж түүндээ жил тутамд, тодорхой хугацаанд төслөө гүйцэтгэх тэтгэлэг өгч байгаа. Яг үүнийг урлагийн бүх салбарт хийх хэрэгтэйгээс гадна нэн даруй уран зохиолын салбарт хийх нь чухал. Кино, жүжиг, контент буюу агуулга бүтээх бизнесийн үндэс нь зохиол юм. Тиймээс үндэс болсон зохиолынхоо хараат бус зөвлөлийг байгуулж, сонгон шалгаруулаад ажиллах, тэтгэлэг олгодог болох нь чухал л даа. Хуучин социализмын үед тийм жишиг тогтоож байсан. Уран бүтээлчийн чөлөө маягийн юм л даа. Жишээ нь Дарма Батбаярын “Дөшин Жирэмийнхэн” гэдэг жүжиг яг ийм чөлөөнөөс төрсөн. Энэ нь чухал.

    СУИС -д 2014 оноос хойш ес дэх жилдээ багшлах гэж байна. Гэтэл энэ олон жилд маш авьяастай уран бүтээлчид төгссөн. Зарим нь улс төрийн тоймч болчихсон ч явна, телевизийн суваг, студийн продюссер болсон хүмүүс бий. Эд бүгд үгийн урлагийн авьяастай, зохих хэмжээний мэдлэгтэй болж төгссөн боловч яг энэ ханыг мөргөөд л зогсдог болов уу гэж санадаг юм. Ер нь манайд саяхнаас студийн тогтолцоо боловсорч, түүний чухал эрэг шураг болох зохиолчийн хөдөлмөр үнэлэгдэж эхэлж байна.

    -Мэдээж шалгаруулт хийж тэтгэлэг өгсний дараа ямар нэгэн дахин цензурдах шаардлага гарна биз дээ?

    -Шалгаруулаад уран бүтээлд тэтгэлэг өгчихсөн хойно цэнзур байхгүй л дээ. Тэгээд ч социализмын үеэс ялгаатай нь эрх чөлөө. Хэдэн зуун мянган доллараар нь мэдээлэлд ойр хүмүүс, дарга нь хамаатан садандаа тэтгэлэг аваад өгчихсөн, гадаадад сургачихсан, тэр нь дэлхийн хэмжээний спортын тэмцээн дээр ээрч муурч зогсдог шижээргүй соёл манайд байна. Доллараар жаалсан нялх Сэнгүмүүдийн монголдоо ирээд хийсэн юмыг тэнсэж харсан уу гэвэл үгүй. Өөрийгөө түүхч гэж ярих дуртай нэг хүн Америкт элчингээр сууж байхдаа өөрийгөө баялаг бүтээгч гэж ярих дуртай Ерөнхий сайдынхаа хүүхдийг элсүүлээч гэж тэндэхийн том сургууль руу мэйл бичсэн шившигтэй түүх бий. Өмнөхөн нт түүхч, баялаг бүтээгч хоёр маань хамтраад дэлхийн шилдэг сургуульд элссэн хүүхдийн төлбөрийг төрөөс даах аян эхлүүлсэн байдаг юм. Гэтэл зүгээр дотоодын валютаараа уран бүтээлээ тэтгээч гэж байгаа юм. Шалгуурыг нь орчин үед нийгэм тодорхой хэлээд өгнө. Ерөөс уран бүтээлчдийг дэмжих л санаа. Түүнээс арвыг уралдуулаад нэгд нь таван саяыг өгөх дэмжлэг огт биш. Харин арван уран бүтээлчдийг шалгаруулаад тус бүрд нь тавин саяыг өгөх бол дэмжлэг. Үүнээс чанартай уран бүтээл гарна. Энэ бол оюуны баялаг бүтээх хөрөнгө оруулалт. Харин сайн уран бүтээл болох эсэхийг зах зээл нь өөрөө шүүчихнэ.

    -САЙН ШҮЛЭГ ҮЗЭЛ САНААГАА ГҮНДЭЭ НУУДАГ-

    -Та яруу найргийн дөрвөн ном, бүлгэмийн хамтын антолог хэвлүүлж байсан. Шүлгүүдэд тань өвлийн аж байдлын дүрслэл бүхий шүлгүүд нэлээдгүй бий. Нутаг устайгаа холбоотой болов уу гэж санадаг. Тэр талын мэдрэмжийг хэрхэн амсаж яруу найрагтаа, бүтээлдээ шингээдэг вэ?

    -Миний төрсөн Увс аймаг Төв Азийн эсрэг циклоны төв л дөө. Темпратурын зөрүү нь наян градус. Юу гэхлээр өвөлд дээд тал нь дөчин хэм хүрч хүйтрэнэ. Зун нь дээд талдаа дөчин хэм хүртэл хална. Яг л тийм халуун хүйтний эсрэг тэсрэг туйл болсон Увс аймгийн Зүүнговь сумд би өссөн. Хамгийн гол нь өвлийн улирлыг би байгаль дэлхий цэвэрших цаг гэж ойлгодог. Тэсвэр тэвчээргүй элдэв вирус, бактерууд устаж, байгаль өөрийгөө цэвэрлэдэг. Өвөл бүх юм цэгцэрч байр байрандаа орж буй шиг санагддаг. Гэхдээ би өвлийн биш өглөөний шүлэгч. Өглөө босоод онгодтой үедээ гучин шүлэг, онгодгүй үедээ гурван шүлэг татлаад тэндээсээ сүүлд нь чадвал ганцыг авч үлддэг төрлийн хүн.

    -Хамгийн сүүлд “Бороонд норсон Чехов” гэж шүлгийн түүвэр гаргасан. Тэрхүү номын нэрний сонголт дээр хүмүүс их сонирхож асуудаг. Яагаад тэгж нэрлэх болов?

    -Яруу найрагч Ойдовын Содномпил  бид хоёр нэгэн бороотой өдөр ярьж суухдаа өгсөн нэр. Салж одохын цагт ахад юм дурсгамаар санагдаад энгэрийн халаасаа ухтал Чеховын зурагтай ил захидал байсан юм. Түүнийгээ О.Содномпил ахад өгтөл “Өө Чехов чинь бороонд норчихож” гэж билээ. Тэгээд би “Яруу найрагч Ойдовын Содномпилд бороонд норсон Чеховыг дурсгав” гэж бичлээ. Тэгснээ энэ ямар гоё нэр вэ, үүгээр одоо гарах шүлгийн түүврээ нэрлэчихье гэж ярилцсан.

    -Шинэ үзэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг дан ганц хувь уран бүтээлч бус бүлгэмүүд, үзэл санаа нэгтээ найрагчид тунхагладаг. Энэ талаар, монголын яруу найргийн олон бүлгэмүүдийн тухайд таны үзэл бодлыг сонсмоор байна...

    -Манай уран зохиолд “Дөмөн”, “Гал”, “Зүс бүгэг андууд”, “Хүрээ хөвгүүд” зэрэг олон нэгдлүүд байсан. Тэд бүгд өөр өөрсдийн зорилготой.

    “Дөмөн” бол Монголын уран зохиолыг бүх төрөл зүйл дээр нь нэг шат ахиулсан гэж боддог. Жишээлбэл Дарма Батбаярын жүжгийн зохиолууд, Д.Урианхайн яруу найраг, Ж.Лхагва гуайн орчуулга зэрэг бий. Тэд бол уран зохиолыг ахин нэг шат өргөж тавьсан.

    “Гал” нэгдэл ч адилхан. Жишээ нь О.Дашбалбар уламжлал, модернизм хоёрыг амжилттай хослуулсан. Хэдийгээр өөрийгөө модернист гэж үздэггүй байсан ч энэ үнэн.  

    -Та магистрын ажлаа О.Дашбалбараар хамгаалсан гэдэг байх аа...

    -Би магистрын ажлаа О.Дашбалбараар хийхдээ түүний бүтээл дэх модернист элемент, өгүүлэмжүүд, ялангуяа монголын үндэсний уянгын яруу найргийн сэтгэлгээг томьёолсон томьёоллыг судалж байсан. Түүнийг модерн яруу найргийн томоохон төлөөлөгч гэж боддог. Үзэл бодлын болоод хэлбэрийн шинэчлэлийг О.Дашбалбар хийсэн.

    Харин “Зүс бүгэг андууд” бол мэдрэмжийн болоод дадаист, имперсионист яруу найргийн их гоё өнгө аясыг нэвтрүүлсэн. Одоо бол тэдэн шиг бичдэг хүмүүс бий юу, хэлбэр нь үргэлжилж байна уу гэхээр үгүй. Онцгой үзэгдэл байсан нь үнэн. Ялангуяа М.Уянсүх, Г.Бадамсамбуу, Т.Баянсан гурвын яруу найраг бол одоог хүртэл ерээд оны яруу найргийн эрчтэй төлөөлөл болдог. Сэтгэмж давамгайлсан, агшны сэрэхүйг барьж тодорхойлсон яруу найраг.

    Харин “Хүрээ хөвгүүд” эхнээсээ зорилгоо тодорхойлчихсон. “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ”. Тэд шүүмжлэлт сэтгэлгээний дэвшил бий болгосон. Тэдний задгай шүүмжлэлийн хэл найруулга бол манай уран зохиолд одоо ч хүчтэй байгаа хамгийн тод найруулга. Энэ нь монголын уран сайхны шүүмжлэлд  “Ирэх урсгал” номоороо мөн шинэ салхи авчирсан доктор Сорогдогийн Энхбаяр, “Зангилаа асуудлууд” номоороо шинжлэлийн шинэ зам нээсэн доктор Дашлхүмбийн Галбаатар нартай зэрэгцэхгүй ч гарцаагүй нээж судлууштай шүүмжийн шинэ хөдөлгөөн байсан.

    Энэ мэтчилэн шинэчлэлийн алхмыг хийхэд хувь ганц уран бүтээлчийн итгэл үнэмшил багадах тал бий. Тиймээс үүний ард хамтдаа бие биенийгээ сэтгэлгээний хувьд хөгжүүлэх, мэдэхгүйгээ мэдэх сул талаа нөхөх гэж л бүлгэм, нэгдэл үүсдэг санагддаг.  

    -Харин танай “Хөх мэдрэхүй бүлгэмийн хувьд”...

    -Манай бүлгэм бол уран зохиолын бүхий л төрөл зүйлээр бүтээл хийе, нүүр улайхааргүй хүнд хэрэгтэй юм хийхсэн гэж бодсон залуусын л нэгдэл. Нэн түрүүнд яруу найраг байна. Бүгд өөрсдийн номыг гаргасан. Бүлгэмийн хамтын “Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлиг ч хэвлүүлсэн. Яруу найраг дээр бол тодорхой өнгө аяс бүрдүүлсэн гэдэгтээ итгэлтэй байдаг.

    Үүний дараагаар орчуулга, кино, жүжгийн зохиол зэрэг бүтээлүүд дээр ч тодорхой хэмжээнд ажиллаж өөрсдийн гэсэн онцлогтой бүтээл туурвихыг хичээж буй. Одоо зарим нь хүүрнэл зохиол руу орж байна. Бидний хувьд уран зохиолын бүх төрөл зүйлд хариуцлагатай, чанартай, онгодтой бүтээл туурвих зорилготой байсан. Яг тэр хүсэл зорилгоороо бид тус тусын орон зайд бүтээж туурвиж яваа.

    -Яруу найраг цэвэр мэдрэмжийн урлаг гэж ярьдаг. Мөн өөрийн гэсэн үзэл санаатай байх ёстой ч гэдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

    -Сайн шүлэгт бүгд бий. Гэхдээ сайн шүлгийн гол нууц нь үзэл санааны тэмцлээ гүндээ нуучихдаг. Үзэл санаагаар чалчиж, сургааль айлдаад эхэлвэл хоосон халилаас хэтрэхгүй.

    -Таны аль түүвэр үзэл санаагаа гүндээ нуусан шүлгүүд олонтой вэ?

    -Би сүйдтэй үзэл санаа бичдэггүй ээ, бодож ч ирсэнгүй.

    -Магадгүй шүүмжлэгч, эсвээс судлаачид тодорхойлох байх л даа?

    -Тийм, тийм. Би өөрийгөө тодорхойлох нь хаашаа юм. Утгагүй асуудал.

    -Гэхдээ өөрийн бүтээлдээ өгөх үнэлэмж гэж би шүү дээ?

    -Үнэлэмжийн хувьд бол би одоо хоёр түүвэр гаргана. Үүн дээр үнэлэмжээ тодорхойлно гэж бодож байгаа. Имперсионист мэдрэмжээ нэг ном болгоод үзэл санаанд төвлөрсөн нэг ном мөн бүтээе гэж шийдсэн.  

    -Үзэл санаа нь...

    -Түүнийгээ хэлээд яахав. Харин нэр нь “Эрэмдэг шонхор”. Нөгөөх нь нэр хараахан тогтоогүй байгаа. Уг хоёр ном миний бичсэн шүлгүүдээ шүүж, эмхэтгэж буй ном.

    -Яагаад шүлгүүдээ түүвэрлэж ном гаргахаар болов. Шинэ шүлгийн түүвэр гэж бодлоо.

    -Оюутан байхдаа гаргасан номууд маань ихэвчлэн гурван зуухан хувь хэвлэгдээд, найз нөхдийн хүрээнд тараад дуусчихсан. Тэр нь өөрт жаахан гунигтай санагддаг. Тиймээс тодорхой хүрээний хүмүүс уншиг гэж санасан.

    -Зарим хүмүүс яруу найргийг цөөнх нь мэдэрдэг, цөөнхийн урлаг байгаасай гэж хүсдэг хэмээдэг. Олон нийтийнх бус...

    -Яруу найраг цөөнхийн урлаг гэдэг нь хүссэн хүсээгүй үнэн. Гэтэл минийх тэр цөөнхөд нь ч хүрээгүй. Тийм учраас гаргая гэж санасан юм.

    -Шүлгүүдийн сонголтыг хэн хийж байгаа вэ?

    -Би өөрөө сонгоно. Манай бүлгэмийн найз нөхөд бас түүн дээр туслана.

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

    Ямар нэгэн тов зарлаагүй уулзалт, арга хэмжээ, хурал гээд хаана ч таарсан түүнтэй кино, тэр тусмаа монголын кино урлаг, тухайн цаг мөчид шинээр төрөн гарсан бүтээлүүдийн тухай ярих амттай санагддаг. Заримдаа бид зөвхөн кино зохиолын талаар хөөрөлдөх нь ч бий. Харин энэ удаад тэр анхны бүрэн хэмжээний кино зохиолоо бичиж, уран бүтээл нь хэдийн дэлгэцэнд заларсан хүний хувиар өмнө минь сууж байна.

    -УХААЛАГ УРАН ЦЭЦЭН ХАРИЛЦАН ЯРИАТАЙ БОЛЧИХООР Л ГОЁ КИНО БОЛДОГГҮЙ-

    -Ямар ч нөхцөлд анхны юм гэдэг үнэ цэнтэй. Сайн ч бай, муу ч бай. “Торгоны маань хээ” киноны зохиолын санаа хэрхэн бий болсон бэ?

    -Зохиолын үндсэн санаа, ерөнхий хэв маягийг найруулагч Сувидын Баттулга, продюсер Сономдэлэгийн Сумъяа нар санал болгосон. Тэд надад ерөнхий үйл явдлын санаа, агуулгын дэс дарааллыг хэлж хүсэлт тавьсан. Үүн дээр би зохиомжийн эрэл хайгуул хийж “Торгоны хээ” дууны үндсэн агуулга дээр мөн чанарыг нь зангидахыг хичээсэн. Зохиол нь XX дугаар зууны эхэн үед өрнөж байгаа. Монгол хүн тэр үед ч гэрлэдэг, хорвоогийн жамыг дагадаг байсан нь тодорхой. Түүнээс гадна монгол хүний аливаад хандах хандлага ямар байсан бэ гэдэг санаанд дөтлүүлэхийг хичээсэн. Тулгаран ирсэн асуудлын өмнө эмзэглэж, шаналахаас илүүтэй цаашдын үр дагавар, алсын үр нөлөөг хардаг. Аливаа зүйлийн мөн чанарыг өөрийн ухаанаар эргэцүүлэн олж хардаг холч уужуу зан чанарыг гаргахыг хичээсэн.

    -Зохиол өөрөө хурц үйл явдал, гаднаа ил зөрчилгүй санагдсан...

    -Тэгж бодож хийсэн л дээ. Манайд нэг зовлонтой туйлшрал байдаг нь хурц зөрчил, драматургийг адал явдалт шинжтэй алхмуудаар ойлгодог. Тус кино өөрийн гэсэн адал явдлын өгүүлэмжтэй ч хурц үйл явдал үгүй. Хүмүүсийн хоорондох сэтгэл, биеийн хэлэмжийн харилцаа өрнөж байгаа. Ерөөс жинхэнэ зөрчил хүний сэтгэл дотор өрнөдөг. Тэр талаар л өгүүлсэн дээ.

    -Жүжигт монолог, кинонд диалоги чухал гэдэг. Энэ талаас нь үзэгчид харилцан ярианы текстийг онцолж байсан л даа...

    -Ухаалаг харилцан яриатай болчихоор кино гоё боллоо гэж санадаг. Үгүй. Огт юу ч ярьдаггүй кино ч байж болно. Хамгийн гол нь тухайн киноны дүрүүд ялгарч хөгжих ёстой. Хэл яриа бол дүрийн хамгийн чухал зүйл мөн боловчиг ердөө ганц хэрэглүүр юм. Тэгэхлээр дүрээ олон талаар харж, ялгаж хөгжүүлдэг хандлага хэрэгтэй. Үүний тулд дүрийн боловсруулалт дээр олон уран бүтээлчдийн мэтгэлцээн, хамтын ажиллагаа бүрэлдэх учиртай. Тэгж дүр ялгардаг нь дэлхийн жишиг. Одоо болохоор манайд нэг зохиолчтой адал явдлын шугамаа угсраад түүндээ хэдэн төгрөг өгөөд болчихдог. Түүн дотор нь хоорондоо ялгарах дүр байхгүй. Эсвэл нэг баатар, эсвэл адгийн шаар. Тэгвэл гудманд гараад хар! Тийм дүр манайд байхгүй. Ичгүүр сонжуургүй улсын баялгийг дээрэмдчихээд  бүр ч ичихгүй шийтгэл хүлээлгүй цааш сонгогдсоор байгаа хэдэн хүнийг эс тооцвол монголд сөрөг дүр үгүй. Гэтэл тиймэрхүү гэмт хэргийн бүлэглэлийн дүрүүдийг солонгос кино шиг гаргачихаж чадалгүй эгэл ардуудын дотроос байхын аргагүй хулгайчийн дүр гаргаж ирдэг. Дүрээ оновчтой сонгох юм бол дүр өөрөө зохиолчоос үл хамааран ярьж эхэлнэ.  “Амьдрал бол жүжиг” гэж Шекспирийн шүлэгт бий. Амьдрал гэдэг жүжигт үнэндээ эсрэг дүр байхгүй.

    -Хязгаарлагдмал, хэдхэн дүрийн хооронд эргэлдээд байна гэсэн үг үү?

    -Тийм. Жишээ нь Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хэмээх ах дүү хоёр жүжигчнийг монгол кинон дотроос харахаас яс хавталздаг боллоо. Нэг л их бохир мафийн толгойлогч. Түүнийгээ ядаж зорилго, зөвтгөлтэй урлаж чадахгүй. Мэдээж солонгос киноноос хуулдаг байх. Олон сая хүн амтай, томоохон хотуудад тийм дүр бий. Гэтэл манайд сая нэг согтуу нөхөр тагтан дээрээ гарч тэнгэр лүү буудсанаас биш буун дуу ч гардаггүй хот шүү дээ. Бодит дүр, асуудлуудаа судлахгүй байх ийм уршигтай. Дүрүүд нь амьдралаас, судалгаа, ажиглалтаас ургаагүйгээс болоод энэ явдал тохиолдож байгаа гэж би хардаг. “Тайван цагт хөлс их асгарвал дайны цагт цус бага урсана” гэдэг. Энэ бол кинотой, ерөөс урлагтай их холбоотой үг шиг санагдаад байдаг л даа. Зохиолын бэлтгэл дээр цаг зарцуулдаггүй, давчуу цаг хугацаанд судалгаа хийгээд давчуу сургаар зохиол бичиж ажиллуулдаг нэг буруу соёл манайд байна. Орчин үед зохиолчид хиймэл оюун ухаанаар хүртэл зохиол бичүүлж байна. Асар том өгөгдлийн санд өөрийн нөхцлийг өгөөд түүнийгээ хөгжүүлчихэж байгаа. Энэ бол тун чөлөөтэй хувилбаруудыг бидэнд санал болгож буй зүйл. Ийм жишиг үүсчихсэн байхад тулга тойроод ухантаад сууж байна шүү дээ. Гэхдээ хиймэл оюун ухаан зохиолчид туслах үүрэгтэй. Илүү өргөн өнцгөөр зохиолоо харах боломжийг л олгоно. Гол ажлыг үйлтэй зохиолч л нугалж таарна.

    -Манайд хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжөөд ирвэл, одоо ерөөс зохиолчийн хэрэггүй болох нь гэж яриад байна. Үүн дээр...

    -Хиймэл оюун ухаанаар гайхамшигтай зохиол гаргаад авна гэж найдаж байгаа бол худлаа. Сая хэллээ шүү дээ, бидэнд туслах үүрэгтэй л гэж. Зохиол бүтээх хөдөлмөрөө сайтар ойлгохгүй бол хиймэл оюун ухаанд мянга найдаад нэмэргүй. Зохиолчийн хөдөлмөрт хүндэтгэлтэй хандвал бага шатна. Монголд хийгдэж байгаа бүх кино амжилттай орлого олоод, “алаад” байгаа гэвэл худал. Уран бүтээлчид хүсэл эрмэлзэл, цаг хугацаагаараа шатаж байгаа. Тэр нь өөртөө болоод үзэгчдэдээ хүндэтгэлтэй хандаагүйгээс болдог.

    -Сүүлийн үед гайгүй үнэлгээтэй, сайн кинонууд хийгдэх болжээ. Энэ нь продюсерийн асуудалтай холбоотой болов уу гэж харж байна. Заримдаа сайн кино хийхэд сайн продюсер чухал ч гэж ярьдаг биз дээ...

    -Ерөөс манай стиудын тогтолцоо 2010 оноос хойш эрчтэй хөгжсөөр байна. Түүн дотроо продюсингийн соёлд дэвшил гарч байна. Одоо зохиолчийн соёл нэмэгдэж байж цогцоороо хөгжинө. Гётегийн “Фауст” эхэндээ нэг үзэгдэлтэй. Зохиолч, найруулагч, театрын дарга гурав яаж сайн жүжиг хийх талаар мэтгэлцдэг. Энэ бол мөнхийн үнэн. Продюсер, зохиолч, найруулагч гурав цуг байж эхэлвэл чухам ямар амжилт дагуулдаг вэ гэхээр тухайн кино харах өнцөгтэй болдог. Тухайн кино өөрийн хэлэх санаатай болдог. Угтаа зохиолч найруулагчийн харах өнцөг, огтлолцол дээр киноны хэлэх санаа гарч ирнэ. Хэлэх санаа үгүй бол ямар ч бүтээл урагшлахгүй.

    Одоо юнивишнээр дүүрэн кинонууд байна. Үзэхэд их сайхан, чи стрессээ тайлах боломжтой. Дараа чамд юу бодогдсон бэ гэхээр юу ч үгүй хоосон. Яагаад гэвэл олонхийг нь олдсон хэдэн төгрөг, камерийн мөнгөндөө хашигдсан жижиг студиуд хийсэн байгаа. Хүн л болсон хойно эд мөнгө олж, хүнээс дутахгүй амьдрахыг хүснэ. Ийм сэтгэлээр реклам хийж болох ч кино арай илүү хандлага, хүндлэлийг уран бүтээлчээс шаарддаг төрөл зүйл шүү дээ.

    -Монголд харах өнцөгтэй, юм бодогдуулсан кинонууд хуучны хэдэн бүтээл л бий гэж хэлмээргүй байна. Гэхдээ гашуун үнэн нь тэр юм биш үү?

    -Миний хувьд сүүлийн жилүүдэд монголд гарсан хоёр кинон дээр үүнийг амжилттай шийдсэн гэж боддог. Энэ бол Б.Амарсайханы “Хохирогч” гэж төсөл. Киноны сүүлийн анги дээр гол дүрийн эмэгтэй лифтээ налаад унахад миний дотор нэг бодол төрсөн. Хэн нь хохирогч юм бэ? Киноны гол дүрийн залуугийн амссан доромжлол уу, түүний хамгаалж байсан түүх нь үү, мансууруулах бодисын нөлөөн дор санамсаргүй тохиолдын бэлгийн хавьталд орж хүүхэд олсон эмэгтэй юу, эхнэр нь араар тавьж, эцэг боллоо гэж хууртагдсан нөхөр үү, үргэлж гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг гол дүрийн бүсгүйн найз уу? Хэн нь хохирогч вэ гэдэг асуулт бодогдож байгаа юм. Үүнээс төрсөн санаа нь манай нийгэм өөрөө бие биенээ хохироохын тулд оршиж байна. Бид бүгд хохирогч. Амьдралын зам гэдэг зовлонгийн төгсөшгүй систем гэсэн санаа. Бүр хутагтын дөрвөн үнэн ч юм шиг.  “Хохирогч” кинонд хохироогүй нэг ч дүр байхгүй. Ингэж бодолд оруулсан монгол кино “Тань руу нүүж явна”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, О.Бат-Өлзий найруулагчийн “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, Ж.Сэнгэдоржийн “Босуул”, З.Батболдын “Боолын гэрээ”-нээс хойш бараг төрөөгүй.

    Ж.Сэнгэдорж найруулагчийн “Босуул” киног аваад үзье дээ. Иньярритугийн “Ревенант” буюу бараг л “Босуул” гэж орчуулагдахуйц бүтээлтэй зохиолын хувьд тун төстэй. Хийц, санааны хувьд ч адил. Гэхдээ “Ревенант”-гаас бүтэн зургаан сарын өмнө нээлтээ хийсэн шүү дээ. Тиймээс харах өнцөг, хэлэх санаатай юм хийе гэвэл бидэнд боломж байна. Мэдээж хийц, техник, зураг авалтын хувьд мөнөөх харьцуулж буй кино нь илүү. Тарковскийд хүндлэл үзүүлсэн бүтээл. “Иваны бага нас”-аас эхлээд олон киноны зураглалыг өөрийнхөөрөө Иньярриту ахин хийж үзсэн. “Босуул” кино мэдээж энэ төсөлд яаж хүрэхэв. Гэхдээ харах өнцөг, тодорхойгүй ирээдүйн өмнө байгаа хүмүүс, түгшүүр,  амьралын гашуун үнэнийг гаргаж тавьсан байдлаар ч хол дутахгүй. Гэтэл Ж.Сэнгэдоржийн “Цагаад хадаг” бэлгэдэл ихтэй ч, “Босуул” шиг цар нөлөөг үзэгчид өгөхгүй. Ямартай ч нэг зүйлд тууштай явбал амжилтад хүрнэ гэх ойлтголт өгнө. Ийм санааг сургамжит өгүүллэг уншаад ч авчихаж болно. Гэтэл “Босуул” бол эрх чөлөөгөө хязгаарлуулаад дүрвэж, тэмцэж явсан монголчуудын түүхийг бодитоор харуулсан. Тэр дүрслэлийн хэл, ой дундуур хийсэж яваа улаан орхимж зэрэг бол гайхалтай бэлгэдэл байхгүй юу. Нэг найруулагчийн гараас эрс тэс өөр хоёр бүтээл гарч байна шүү дээ. Энэ бол зохиол дээр хэрхэн ажилласны, ямар сэдэв сонгож авсны ялгаа. Үүнийг шийдэх гол зүйл нь багийн ажиллагаа, зураг авалтад гарахаас өмнө зохиолч найруулагчид тусалж харах өнцөг, үзэгчийн сэтгэлд очих санааг бүтээлчээр хөгжүүлэх ажил л юм.  

    -Та дараагийнхаа кино зохиолын ажлыг эхлүүлсэн үү?

    -Одоогоор би хэд хэдэн хүүрнэл зохиолын бүтээлүүд дээрээ ажиллаж байна. Ойрын хоёроос гурван жилд хийх бүтээлүүдийнхээ чиг шугамыг ерөнхийдөө гаргасан. Зарим томоохон бүтээлийн судалгаа хийгдэж байгаа. Үүнээс илүүг ярихгүй. Ярьчих юм бол би бичиж чадахгүй. Энэ тал дээр ёстой хаширсан толгой.

    -Бэлэн болсон зүйл байхгүй гэсэн үг үү?

    -Аан, бэлэн болсноо ярчихъя. Би “Үндэстний тойм” сэтгүүлд найман жил ажилласан. Түүнээс хойш сэтгүүл зүйгээс завсарлага авсан. Хийсэн юмаа буцаад харахад сүүлийн арван жил монголчуудын хувьд алдаж болшгүй онцгой жилүүд байжээ гэж бодогдсон. Гэтэл бид алдаад туучихаж. Хүмүүс, би өөрөө ч энэ арван жилийг хэр үр бүтээлтэй ашигласан бэ гэдэгт нийтлэл, шүүмж, тоймууд маань хариулт өгч байна. Тиймээс эмхэлж хэвлүүлж ном гаргах бодолтой байна. Театрын, уран зохиолын шүүмжүүд, манай үеийн суутнуудтай хийсэн ярилцлагууд, улс төр, нийгмийн сэдэвтэй нийтлэлүүд, яруу найргийн хоёр түүвэр, хүүхдийн жүжиг, “Гэм зэм” жүжгийн ном гээд арав гаран ном “хайрцаглагдах” шатандаа явна.

    -БИ СЭТГҮҮЛ ЗҮЙД МӨНХИЙН ЗОЧИН-

    -“Тойм” сэтгүүл өөрөө эрх чөлөөний сэтгүүл. Баабар, Б.Цэнддоо зэрэг ардчиллын урд эгнээний хүмүүс, Д.Батбаяр, Д.Энхболдбаатар  зэрэг авьяаслаг нийтлэлчид эрхэлж байсан сэтгүүл. Тэдний жимээр явах таньд юуг өгсөн бэ?

    -Би “Тойм”-ын үнэнч уншигч. Ялангуяа нийтлэлч Д.Батбаяр, Д.Энхболдбаатар хоёрын бичдэг арга барил, нийтлэлчийн ур чадвар онцгой гэж боддог. Тэдний улс төр болоод нийгмийн шүүмж, танин мэдэхүйн нийтлэл нь хүртэл найруулга, хийцийн хувьд огт давхарддаггүй. Үүгээрээ тэд чөлөөт сэтгэл зүйн “том” дүрүүд л дээ. Гэхдээ мянгаас дээш үг уншиж, ойлгодог хүмүүсийн хувьд.

    Үүн дээр А.Баатархуяг гэдэг чухал нийтлэлч байна. Баримтыг олж хараад түүнийгээ задалж, мэдлэгээсээ хуваалцаж байгаа арга барил нь онцгой. Энэ гурвын жишээг уншиж нийтлэлд дуртай болсон. Сэтгүүл зүйн сурах бичиг уншиж суухаас илүү гайгүйхан шиг нийтлэл унших нь дээр гэж боддог.

    Би бол сэтгүүл зүйд мөнхийн зочин. Өргөн утгаараа, сэтгүүл зүйн талаар ам мэдэн бурах ёс суртахууны эрх, туршлага надад үгүй. Явцуу утгаар нь харвал, манай сэтгүүл зүй гудамжинд байсан, тэндээ л байгаа. Яахав даргын өрөөнд тухлаад үзэл санааг нь дамжуулж хүмүүст эвлэгхэн тайлбарлаж байгаад хэдэн бор юм олох, эсвэл Засгийн газраас санхүүжилт авч редакцаараа даалгасан бүгдийг нь нэвтрүүлдэг мэдээллийн урсгал болгож, иргэдийн татварын мөнгөнөөс хусам долоогоод өнөөдөртөө толгой өндөр явлөө ч сэтгэлгээ, хандлага нь гудамжных бол гудамжиндаа л үлдэнэ. Сэтгүүл зүй редакц руугаа, тэнд байдаг соёл руугаа очихгүй байна. Редакциас илүү төрийн ордны аль нэг жигүүр лүү алхах нь үнэ цэнтэй болсон. Хэн нь хурдан худалдагдах вэ гэдэг уралдаан сэтгүүл зүйн тогоонд бий. Энэ бол асуудал хөндсөн нийтлэлийн эхэнд бидний бичдэгээр, “нууц биш”. Яруу найрагч З.Түмэнжаргалын “Хөвгүүнд бичсэн захидал” гэж номыг би редакторолсон юм. Тэр номд байдаг нэг байгаа үгийг сэтгүүлчид сэтгэлдээ хадаж явмаар санагддаг. Тэр үг нь ийм,

    "...Сэтгэлээ ялимгүй будангуйрах үест би өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсныг санадаг. Аль ч цаг үед нүгэлтнүүд бас л оршин тогтнож, цагийн хожоон дээр бяцхан цэцэглэж, нэг л их жаргалтай, дориун чинээлэг аж төрж буй мэт үзэгддэг авч, эцсийн эцэст заавал үйлийн үрийг амсаж, доройтон мөхдөгийг ч хааяа бодож үздэг. Хөвгүүн минь, чи ч энэ хатуу үнэнийг сэтгэлдээ хадааслаж яваарай"

    -Шийдэлтэй, бичих өнцөг сайтай хичээж байгаа сайтууд бий дээ?

    -Ерөнхий түрлэг нь гудам руу түрж байна. Тиймээс эерэг хандлага нь дийлэхгүй хамт түрэгдээд байгаа юм.

    -Редакцгүй сайтууд олноор гарч ирсний шалтгаан юм болов уу?

    - Иргэний сэтгүүл зүй хүчтэй байна. Тиймээс сошиал медиа дөрөвдэгч засаглалын үүрэг гүйцэтгээд байгаа юм. Цахим бол манай ардчилсан орны аврал. Нөгөө худалдагдсан сэтгүүл зүй, троллын армиуд намаар тэжээгдэж байгаа нь л элдэв мэдээллийг тарааж, үүсгэдэг. Түүнд үзэл бодлоо урсгахгүй байх нь чухал.

    Мөн сэтгүүл зүй төрөл зүйлийн дутмагшилд орсон. Редакц бүр сайхан хөрөг, амьтай сурвалжилга, хурц нийтлэлээр мэргэшсэн уран бүтээлчидтэй байлаа. Энэ нь багасаж, заримд нь үгүй болжээ. Тиймдээ л сэтгүүл зүй жанргүй болж байна. Үүнээс шалтгаалаад хөдөлмөрийн үнэлэмж нь унаж буй тул хөгжил зогсонги. Сэтгүүлч хүн лам биш, сэтгүүл зүй сүм хийд биш. Зах зээлийнхээ журмаар амьдрана шүү дээ. Хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд сэтгүүлзүйн бүтээлийг үнэлэх соёл төлөвшөөгүй, үнэн үнэндээ үнэгүй. Хачиртай, үл ялиг шүлс үсэрсэн мэдээ л үнэтэй. Ийм ертөнцөд сэтгүүлч байна гэдэг сая хүрэхгүй цалинтай ч хүний зүрхийг аврах гээд хөлөрч зогсоо мэс засалчаас нэг их ялгарах юмгүй хэцүү ажил.

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

    Увсын цэнхэр уулс дунд нэгээс нөгөө оргил өөд холбогдсон шилэн гүүр байхгүй. Өндрөөс үсэрч эр зоригоо гайхуулах, айдсаа даван туулахыг мөрөөдөгсдөд зориулсан өндөр цамхаг, агаараар явагч үгүй. Тэнд хад асганы нурах чимээ нь нам гүмийг хааяахан эгшиглүүлэх янгирын сүрэг, өндрийн салхи залгилан жигүүрлэх бүргэд шувууны эрх чөлөө бий. Хүний хөл хүрээгүй мэт амгалан налайх эх байгалийн сүр жавхлан, онгон дагшин дүр төрхөө хадгалсан анир чимээгүй оршихуй дүнхийнэ. Нэгэнтээ Увсын цэнхэр уулсаар аялаж явахдаа ийн бичиж байв.

    Тал нутаг, говийн цээл, уулсын сүрлэг аниргүй дунд ороод л бодолд автаж орхидог бага наснаас тээгдэж үлдсэн зуршил надад бий. Түүнийг харин яг хаанаас үүссэн, хэдийд дотор минь ороод нуугдчихсан болохыг мэдэхгүй. Хариултыг нь хайсаар л явсан билээ. Харин энэ ярилцлагын дараа илүү тодорхой болж байх шиг... Үүнээс гадна энд агуулгатай огт хамаагүй ч хариултыг нь сонсохыг хүссэн нэг асуулт бий.

    -ЭРХ ЧӨЛӨӨ Л БИДНИЙ ШАШИН-

    -Аав , ээж тань багш хүмүүс. Анхны ардчиллын чимээг нутаг усандаа сонсгож, үр дүнг нь ч үзсэн партизан гэж дуулсан. Та ер нь ээж, аавынхаа талаа нэг их яриад байдаггүй шүү дээ...

    -Ээж минь надад “А” үсэг заасан бага ангийн багш хүн. Хамгийн хүндтэй хэргэм болох зөвлөх багшийн зэрэгтэй. Харин аав маань химийн багш. Аавын химийн сонгоны бүтээгдэхүүн эмч, эрдэмтэн доктор, яг химээрээ л амьдралын замаа залж олсон хүмүүс олон. Хими, хувилахуйн ухаан маш сайхан мэргэжил. Амьдралыг эгэл, эсийн бүтцээс нь танин мэдээж, ертөнцийн жамтай хослуулж ойлгодог онцгой ухаан. Аавыг хими зааж байхад ард нь суух урамтай. Хичээлээ хандлагын талаас нь заана. Нарны гэрэл хөрсний гүнд очоод төмс болох фотосинтезийн процессыг үүсэх бүрэлдэх, ертөнцийн жамтай холбож заана. Заримдаа хими гэдэг шашинтай номлогч юм уу гэмээр санагддаг. Би яалт ч үгүй багшийн гэр бүлд төрсөн. Энэ нь намайг уран бүтээлч болоход нөлөөлсөн ч гэж боддог. Аав, ээж хоёр социализмын үеийн нийгэмд бусдад туслах, “нэг нь нийтийн төлөө” гэсэн эв хамтач ухамсраар хүмүүжсэн хүмүүс. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө ажиллах нь нэр төрийн хэрэг гэх ухамсрыг багаас минь суулгасан гэж боддог. Тэднээс авсан хамгийн том үлгэр дуурайл бол “Чи хүнд хэрэгтэй юм хий! Юм хийсэн нэр хөдрөөд нэг өдөр өнгөрч болно, насаараа тэгж явна гэвэл худал. Ажил чинь хүнд хэрэггүй бол орхи” гэдэг зарчим. Багш хүний хөдөлмөр харахад сайхан ч, хөгжих, өөр салбарт хүрэх замыг хаадаг. Монголд багшилна, оюуны хөдөлмөр эрхлэнэ гэдэг бусад бүх карьераа үгүйсгэж байгаа хэрэг. Гэхдээ хүнд юм ойлгуулах, шинэ юм сэдэх, түүнээсээ таашаал авах гэдэг нь ямар ч хөдөлмөрөөс илүү нэр төртэй гэдгийг тэд надад аав ээж хоёр минь ойлгуулсан.

    Аав бол ардчилласан хувьсгалын партизан л даа. Манай гэр Увсын ардчиллын нэг том штаб байсан. Аавтай үзэл санаа нэгтэй, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй хамтран зүтгэгчид нь ирнэ. Ихэнхдээ л ялагддаг, тэглээ гээд тэр хязгаар нутагт эрх чөлөөний үзэл санааг тээж, хамгаалж яваадаа түүртэж, гомдоллодоггүй, жинхэнэ ардчилагчдын дунд өссөнөөрөө бахархдаг.

    -Өссөн ахуй тухайн зохиолчийн уран бүтээлийн төв цэг, чиг шугамыг үүсгэдэг гэдэгтэй санал нэгдэх үү?

    -Хөдөө, нутаг, сумын төв явах газар багатай хязгаарлагдмал орчин шиг гадны хүнд харагддаг байх. Гэхдээ сумын төвийн хүүхдэд нэг том давуу тал байдаг нь сатаарах юмгүй бодож сурдаг. Бодохдоо өөрийнхөөрөө бодно. Сүм ч юм уу гэмээр бодлын орчин бол сумын төв. Хашааны булан эсвээс гэртээ суугаад бодно. Бодож сурах бол том хүмүүжил, боловсрол. Манай олонх зохиолчид хөдөөний гаралтай байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. Говь-Алтайн мөлчгөр нүцгэн уулсын дундаас Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Санжийн Пүрэв, Далхаагийн Норов, Баасангийн Номинчимэд, Батсуурийн Баясгалан төрсөн нь үүнтэй холбоотой гэж боддог. Говь гэдэг хүнийг хатуужуулдаг, бодуулж сургадаг газар.

    -Бодно гэдэг маань өөрийн дурсамжийг тодруулан будаж, мартагдахгүй болтол нь дотроо тээж үлдэх сэтгэхүйн явц байж болох уу?

    -Болно, болно. Ер нь бол залуудаа дурсамж бичиж, эсээгээр дагнах надад чухаг санагддаггүй. Дурсамж гэдэг цаг хугацаа, бодлын шүүлтүүрээр орж байж дурсамж болох эрхээ олдог. Тэгээд ч нэг шинэ үеийн уран зохиолын хүч тамир болсон Б.Баярсайхан, Д.Энхболд , Д.Норов, С.Жаргалсайхан нарыг үүнд хамаатуулж ойлгох хэрэгтэй. Энэ дөрвөөс том хүүрнэлч одоо болтол төрөөгүй гэж би итгэлтэй хэлж чадна. Эд ид туурвиж байхдаа дурсамж бичээгүй. Гэхдээ миний л бодол шүү.

    Жишээ нь Д.Энхболд зохиолчийн “Паанан” туужаас өсөж төрсөн говь, хөдөөний ой санамж нь ханхалдаг боловч дурсамж биш. Дүр болгоныг нь задалсан уран сайхны ертөнц байсан. Гурван Тэсийн хөндийн шавагтай говийн ертөнц Д.Энхболд зохиолчийн хувьд Ульям Фолкнерт Америкийн өмнөд мужуудын ертөнц байсантай адил ертөнц  ньюм. Харин “Соёо” тууж бол 1970-аас 1980 -аад он руу шилжсэн залуусын оюун санааны ертөнц.

    -Тэгвэл танд бага наснаас тань өөрт тодхон санагддаг, хэзээ ч мартагддаггүй дурсамж юу байна вэ?

    -Олон л бий. Надад хамгийн ихээр нөлөөлсөн нь өвөөгийн минь оршихуй. Манай өвөө Монгол Улсын Алдарт уяач Даньдаан Батаа гэж хүн байлаа. Баядын цуутай уяач байсан. Өвөө дуугарахаасаа хийх нь их. Маш сайн зүг чигийн сонор баримжаатай. Асар холоос зүгээ олдог өвөрмөц хүн байсан. Дотоодтойгоо тулдаг, юм бодож суудаг эгэл жирийн уяач. Би нутагтаа очихоор нутгийн маань толгод, байгалийн тогтоц бүхнээс өвөө маань дүрлээд, амилаад ирсэн шиг санагддаг. Өвөөгийн оршихуй тэр бууцанд, ууланд, үр хүүхдийнх нь хэлж ярьж байгаа үг ярианд бүтэн шингэж үлджээ.

    Би жаахан байхдаа өвөөтэйгөө хамт Бөөрөг дэлийн элсэн дундуур шогшиж явсан юм. Нар жаргах үед элс сүрдмээр бараатай орон зайлаг болдог. Гэнэт өвөө ард хоцроод алга болчихлоо. Би анзаарахгүй явж байгаад өвөөг алдчихсан байгаа юм. Тэгээд толгодын дунд хорь гаруй минут ганцаараа шогшиж байгаад сүүлдээ явахаа болиод хашхирч эхэлсэн. Айсандаа тэр л дээ. Тэр орой харсан толгодыг би мартддаггүй. Өвөө гэтэл авч явсан ганзгалгаагаа унагаасан маягтай, буцааж татсан байдалтай хажуугаар юу ч хэлэлгүй шогшоод явчихсан. Би ч дагаад шогшсон. Айгаад, уйлчихсан байсан хүүхэд чинь юу ч хэлж чадалгүй нулимс урссан хоёр хацраараа салхи зүсээд толгодыг давж Баян нуурынхаа сайхан хөвөө рүү бууж ирж ирсэн. Тэр үдшийн салхи, тэр үдшийн нар, Бөөрөгийн царин, Түнг дэрсэн дундуур алгуурхан шогшсоор Гүртийн голыг готолж, харанхуй нөмөрдгийн аманд уяан дээрээ буусан хором мөч бүрийг би нэгжин бодох дуртай.

    -Зүүнговиос мөн Төрийн Баянсан зохиолч төрсөн байдаг шүү дээ?

    -Төрийн Баянсан ах миний уран бүтээлчийн хувьд үлгэр дуурайлал. Аав минь Баянсан ахтай хамтраад миний анхны номыг надад хэлэлгүй гаргачихаж байсан юм. Одоо харахад ичмээр ч тухайн үедээ долоодугаар ангийн хүүхэд “Соёмбо” принтингээр, бүр наамал хэвлэлттэй ном гаргуулаад алган дээрээ тавиулчихсан нь асар том урам зориг болсон. Ангийн хүүхдүүдээсээ илүү уран бүтээлч гэдэг дотоод ухамсар тэр үед надад суусан. Тэр номд ахын маань өмнөтгөлд бичсэн өмнөтгөл бий. Төгсгөлийн мөр нь “Дөрвөн мөнхөд тэнгэр цэлмэг алсын харгуй зүрхэн дээгүүр дайраад холхид одном билээ” гэж байдаг. Баянсан ахын тэр зөгнөл ерөөл нь миний амьдралыг зурж өгч дээ гэж би дотроо талархаж явдаг.  

    -Нэг хөндлөн асуулт асуумаар сангдаад болдоггүй. Яг одоо нийгэмд хүчтэй дэгдээд буй Х богдын асуудал дээр та байр сууриа илэрхийлээч?

    -Монгол төр дахиад хэзээ ч шашинтайгаа орооцолдож болохгүй гэж боддог. Энэ бол монголчуудын суурь итгэл, үнэмшил. Чингис хаан шашинтай орооцолдож аль нэг шашныг илүүд эсвэл дорд үзэж байгаагүй. Бүх шашныг ижил түвшинд хүндэтгэдэг байсан. Монгол хаадын бүтээсэн нийслэл, эзэнт гүрэн нь шашны диваажин байсан учраас тасралтгүй олон зуун жил оршин тогтносон. Шашны эрх чөлөө, энхийн үзэл санаа нь өмнө хийгээд хожим Монголын их амар амгалангийн үеийнх шиг түгээмэл үзэл болж чадаагүй. Тэгэх ч боломжгүй гэж боддог.  

    Тийм улс үндэстний хойчис байж нэг шашинд хамаг бүхнээ даатгана гэдэг байж боломжгүй л санагддаг. X богдын маргаанд төрийн институцийн үүднээс огт оролцож болохгүй. Х богд сонгогдсон асуудал өөрөө буддизмын аялал, жуулчлалын үүднээс ач холбогдолтойгоос бус төрийн тогтолцоо, тусгаар тогтнолд нөлөөтэй бус. Бид чөлөөтэй хөгжих, сэтгэлгээний эрх чөлөөний замаа сонгосон. Энэ эрх чөлөө л бидний шашин. Цогт-Очирын Лоохууз гуайн тухай баримтат киноны зохиол саяхан бичиж дуусгалаа. Найруулагч Наваанжанцангийн Болдын захиалга юм. Тэр хүний амьдрал тэмцлийг сайн харвал оюун санааны эрх чөлөө гэдэг өөр юутай ч орлуулшгүй зүйл гэдгийг ойлгоно. Эрх чөлөөгөө хамгаалах ёстой болохоос бус аль нэг шашнаар тусгаар тогтнолын ивээс хийнэ гэж бодож байгаа бол мунхрал, дэмийрэл. Ер нь дагнасан нэг шашин монголчуудын эв нэгдлийг хангаж, нэгтгэсэн гэдэг бол хоосон суртал ухуулга шүү дээ. Монголчууд ямар эв нэгдэлгүйдээ соёлт ертөнцийг тавьхан жилийн дотор хяналтандаа оруулсан байхав? Туйлширсан үзэл загалмайтан ч юм уу, ислам шашинтны хувьд соёлын чухал үнэт зүйл байх. Монголчуудын хувьд энэ бүхэн эсрэгээрээ шүү дээ.

    -Монголчуудыг юу яг монголчууд болгодог юм бэ?

    -Би хамгийн үнэтэй дурсамжаа хуваалцсан даа. Одоо би Бөөрөг дэлийн толгодын дунд очихоороо өвөөгөө санадаг. Тэнд чимээгүй нүүж байгаа хэр нь шимтэй элс бий. Баян бүрдтэй Бөөрөг дэлийн тэр элс өвөөгийн мөн чанар. Өвөө минь тэвчээртэй, бүхнийг хүлцээд байгаа шиг хэрнээ цаанаа тэмцэж суудаг хүн байлаа. Түүн шиг аливаад дасан зохицож суралцах чадвар, хурд бол монголчуудыг монгол хүн болгодог нандин чанар нь гэж боддог. Одоо л тэвчээргүй, юмнаас суралцдаггүй хөөрлөөр асуудлыг шийддэг болсон. Гэтэл Араб, Хятадыг эзэлсэн аян дайн, 1911, 1990 оны хувьсгал байна. 1911 онд ч, 1990 онд ч үүлэн чөлөөний нар шиг олдсон боломжийг тун хурдтай ашигласан. Синхайн хувьсгалын дараа Бээжингээс Наянт вангийн элчийн авч ирсэн мэдээ гурав тусгаар тогтнолоо тунхаглах завшаан эрж байсан Монголчуудын дунд түймэр мэт тархан, тал нутаг сэрж байлаа. Монголчууд Хятадаас түрүүлж тусгаар тогтнолоо зарласан, түүхэндээ бид энэ хоёр агуу хөршдөө хэзээ ч эзлэгдээгүй, харин ч эзлэж, шинэ түүхийг нь эхлүүлж өгсөн. Нүдэн дээр ил байгаа үнэн энэ. 1980-аад оноос хойш залуучууд, иргэд энэ төр яах нь вэ, зөвлөлт засаг хаашаа хазайхнав гээд ажиглаад л байсан харагддаг. Тэгээд боломж гарангуут хөдөлсөн, ашигласан. Үр дүнд нь оюун санааны тусгаар тогтнолоо олж авсан. Улс үндэстэн болгон ингэж чадахгүй. Үүнийг л тэнгэрийн ивээл гэж хэлээд байх шиг. Тэр нь тэнгэрээс гэхээсээ биднээс хамаараад байх шиг санагддаг.

    СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

    Амьдралынхаа арав гаруй жилд би уншигч танд танилцуулсан зочинтойгоо ах дүүсийн хувиар нөхөрлөж явжээ. Тэр арав гаруй жил бол миний туулаад өнгөрсөн амьдарлын талаас илүү хувь шүү дээ. Миний амьдралын уран зохиолтой харгалдсан мөчүүдээс эхлээгүй ч ойлгож таних хүсэл эрмэлзэлд гүнээ автаж эхэлсэн цэгээс нөхөрлөл үүссэн юм. Тийнхүү мөнөөх л уран зохиолын замын уртад хийсэн бүтээснээ бусдад хүргэх чухал цэгүүдийн огтлолцол дээр ч энэ хүн инээмслэглээд “Мэнд усгүй хөлөө ачин” суудаг сан. Харин би ярилцлагын зочны хувиар түүнийг өөртөө ч, уншигч танд ч нээж, олон жил бодож явсан ажлынхаа ард урт амьсгал аваад сууж байна. Сүүлчийн асуултдаа хариулт авчхаад салахдаа гар даллах ч үгүй одсон нь Я.Баяраа ах тийм л хүн, түүний сэтгэлийн анир чимээгүй гаднаа хөөрлийн хоосноор ил гараад байдаггүйг илтгэнэ.

    Ай, удахгүй өвөл болно. Увсын цэнхэр хязгаарт ч, умраас эсрэг дорно зүгт налайх миний нутгийн талд ч “Үймэн шуугиангүй амьдралын дунд Үзэгдэл нэмэх өвөл” ирнэ.

Сэтгэгдлүүд : 2

  • Enkh

    Chi nom unshdaggui ter tusmaa songodog uran zohiol philosophy, shinjleh uhaan unshdaggui bol hichneen hichneen huurhun baigaad, hichneen ugugdul baigaad uuchlaarai ymarch nemergui zugeer l 2 hul deeree yvdag amtin shuu

  • tt

    Эрх чөлөний МЭДРЭМЖ Ш гэх шиг. Энэ үхсэни ацаа мэдэх юм бэ?.

Сэтгэгдэл оруулах

урлан