Ж.СҮХБААТАР: ТҮГЖРЭЛИЙГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

    Улаанбаатарчуудын толгойны өвчин болоод буй түгжрэлийн асуудал хэдхэн хоног эсвээс ганцхан сарын дотор үгүй болчихгүй. Үүнд шат дараалласан ажлууд болон тэдгээрийн чанартай гүйцэтгэл, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, эх баригчдын дорвитой шийдвэрүүд хэрэгтэй.

    Харин энэ удаад Түгжрэлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайд, БХБ-ын сайдтай хамтран "Сэлбэ сэргэлт" төслийн асуудлыг гаргаж тавьснаа танилцуулав. Уг төсөл нь Улаанбаатар хотын ая тухтай орчин, тохижилт, түгжрэл саатлыг арилгах олон боломжтой гэж тэд үзэж байгаа юм. 2023 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр энэ ажлыг санхүүжүүлэх, явуулах боломжийг судах судлах үүргийг Хотын дарга болон сайд нарт даалгаж, ажлын хэсэг байгуулахаар болсноо Ж.Сүхбаатар сайд мэдэгдлээ. 

    Бид 2024 онд түгжрэлийг  50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. 

    Мөн тэрээр хэлэхдээ "Ямар ч байсан бид ирэх жилийн өвөлд бэлдэж байна. Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн салбар хамгийн доод уналтын цэгтээ хүрснийг мэдэрсэн. Хамгийн түгшүүртэй нь автобуснуудын ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан гэх мэт асуудлууд байсан. Ирэх жилийн өвөл энэ байдлыг давтагдуулахгүй байх үүднээс бид ажиллаж байгаа.

    Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн эхний үе шатын хүрээнд сургуулийн автобусыг оролцуулаад үзвэл 400 гаруй автобус шинээр оруулж ирсэн байна. Цахилгаан автобусны 87-г ирэх есдүгээр сарын 1-нд оруулж ирнэ, эко автобусыг намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байна.

    Мөн түгжрэлийг бууруулах үүднээс Зайсан болон Яармагийн тойрог замын хөдөлгөөнийг өөрчилсөн нь 37 хувиар сайжирсан үр дүн гарсан. Цаашдаа олон ч арга хэмжээ авна. Энэ зун томоохон туршилтууд хийгдэнэ. Их, Бага тойруугийн замын хөдөлгөөнд дээрх байдлаар өөрчлөлт оруулж, туршина.

    Франц улстай тохирсон тул дүүжин тээврийн ажлыг гүйцээж, дуусгана. Ирэх 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна. Мөн BRT төсөл хурдан хугацаанд хэрэгжих боломжтой байна. Мөн зарим автозамын гэрлэн дохионы асалт, унтралтад тохируулга хийж, хэт удаан асдаг гэрлэн дохионд өөрчлөлт оруулсан" гэв.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан