Ж.Сүхбаатар: Бидний бодлого тодорхой болсон

    Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ажлаа танилцууллаа

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэвлэлийн бага хурал хийж, ажлын төлөвлөгөө, тайлангаа танилцууллаа. 

    "Надад тусгай байгууллага байхгүй. Таван ажилтан л бий. Үндсэн түшиглэн ажиллаж байгаа нь Нийслэлийн байгууллагууд. Өдөр тутам шуурхай зохицуулалтаар Нийслэлийн ТЦА-тай байнга холбоотой ажилладаг. Уг нь ЦЕГ-ын харьяа байгууллага.

    Явж явж эцсийн шийдэл нь эдийн засгийн механизмд Улаанбаатар хотыг оруулах. Татварын бодлогоос эхлэх. Мэдээж захиргааны арга. Үүнд дугаарын хязгаарлалт орно. Нөгөө талаар иргэд нийтээрээ түгжрэлд хувь нэмрээ оруулах буюу хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иймд тайлбарлан таниулах ажлыг ч бид хийж байна. Сүүлийн үед хөдөө явж амьдарвал сайн байна гэсэн агуулгыг сурталчилж байгаа.

    Миний нэр дээр хаяглаж, санал шүүмжлэл ирж байгаа нь зөв. Том төслүүд иргэдийн эрх ашгийг хөнддөг тул яриа хэлэлцээр өрнөдөг.

    Өнгөрсөн хугацаанд сайдаар томилогдоод удаагүй байхад дугаарын хязгаарлалтын асуудал босож ирсэн. Өвөл хэрэгжүүлье гэхэд татгалзсан. Дугаарын хязгаарлалт богино хугацаанд л хэрэгжих ёстой. Сараас илүү байж болохгүй. Надад захиргаадалтын олон боломж байсан ч татгалзаж ирсэн.

    Улаанбаатарт давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж байна. Эндээс бидний ажлын гол чиглэл гарч ирнэ. 64 хувь нь хувийн автомашин. 24 хувь нь автобусаар. Автобус нь дотроо хоёр янз.

    Бидний бодлого тодорхой болсон. Хувийн автомашиныг дэмжихгүй нь тодорхой. Ажлаа авсны дараа бидэнд сонголт байхгүй байсан. Тийм болохоор сайн сайхан юм ярих боломжгүй байлаа. Миний гол үүрэг эхний сонголтыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Иймд автобус, хувийн автомашин хоёрын байрыг солих, эсвэл ядаж тэнцүүлэх хэрэгтэй байна. Хувийн автомашиныг аль болох хязгаарлах шаардлагатай гэсэн үг.

    44 хувь нь буюу 812 мянга гаруй нь ажилдаа ирж очихийн тулд машинаа унадаг. 25 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж, авах асуудал. 14 хувь нь амралт, чөлөөт цаг. 14 хувь нь бусад.

    Ер нь түгжрэлийн төлөв цаашдаа бол тасралтгүй нэмэгдэнэ. 2025 онд тэг зогсолт болно. 2030 онд 1.9 сая, бараг 2 сая хүн амтай болно. Түгжрэлийг дордуулахгүй байхыг ч аргагүйн эрхэнд бодно. Биднийг яриад сууж байхад л хүний, машины тоо нэмэгдэж байгаа.

    Миний эрэмбэ гэвэл, нэгдүгээрт нийтийн тээврийг шинэчлэх ёстой юм байна. Яагаад гэвэл дампуурлын байдалд орсон. Энэ чиглэлээр ажиллаж байгаа.

     

    Хоёрдугаарт, зорчих хөдөлгөөнийг сайжруулах багц ажил юм. Үүнд дундын болон эцсийн зогсоол шинээр барих, хашаа хайсыг буулгах зэрэг ажил орно.

    Гуравт, автозамын сүлжээг өргөтгөх. Учир нь холбоос зам чухал. 

    Дөрөвт, хот төлөвлөлтийн асуудал тун чухал. Гучин жилийн турш төлөвлөлтийн стандарт гэдэг юмыг мартсан. Тийм болохоор Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, төлөвлөгөөг хуульчилж батлах ёстой. Тэгэхгүй бол хүссэн хүн нь бодлого, шийдэл ярьж байна. Энэ төлөвлөгөө эцэслэгдээгүй учраас янз бүрийн юм яригдаж байгаа. Эцсийн дүндээ хот гэдэг юм төлөвлөгөөнд захирагдах ёстой. 2040, 2050 оны хөгжлийн төлөвлөгөөг бид боловсруулж, ЗГ, УИХ-аар оруулна. Ерөнхий сайд бол олон улсын экспертүүдийг оруулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа" гэв. 

    Мөн тэрээр "Нийтийн тээврийг шинэчилье гэхээр 85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу хугацаа нь дуусчихсан. Эхнээсээ шатсан. Автобусаа сайжруулбал сууж болох юм гэж иргэдийн 75 хувь нь хэлсэн. Автобусанд ороод ирэхээр нөхцөл байдал хүнд. Бид огт шинэчлээгүй явж ирсэн. Цантаж байна, юм харагддаггүй, хүйтэн байдаг. Тэгэхээр Улаанбаатар хот хоёр шаттайгаар автобусны паркийг шинэчилэж байгаа. Одоо ЗГ орж ирээд, 810 ширхэг буюу 160 цахилгаан автобус, 600 дизель хөдөлгүүртэй автобус авчирч байна" хэмээн бодлого нь тодорхой болсон ажлын дүнгээ танилцууллаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан