ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ОЙРЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ЭР НӨХӨР НЬ Л ӨГЧ ЧАДНА

    INTERVIEW>АРХИВ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, СГЗ, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

     

    -Эмэгтэй хүний эрхэм чанар гэвэл юуг хэлэх вэ?

    -Эмэгтэй хүний эрхэм чанар гэвэл юм бүхэн нь өөртэй нь адилхан байх.  Алдаа, оноо хоёр нь үнэн байх.

    -Таныхаар сайхан эмэгтэй гэж хэн бэ?

    -Сайн-гэдэг нь хүний мөс, сайхан-гэдэг сэтгэл л шүү дээ.

    -Эмэгтэй хүнийг ямар байхад  та дуртай вэ?

    -Оноре Де Бальзак  “Гэргий хэмээх хүн, хүмүүсийн дунд “хатан хаан” шиг, гал зуухандаа “тогооч” шиг, орондоо “адгийн янхан” шиг баймаар гэж хэлчихсэн  байдаг юм билээ.

    -Тэгвэл монгол бүсгүйчүүдийг ямар байгаасай гэж бодох юм?

    -Дэлхийд гайхагдсан монгол цусыг л ариун байлгахад л ганц итгэж болох хүн л байгаасай гэж боддог.

    -Эмэгтэй хүний эрх чөлөөний тухайд?

    -Эмэгтэй хүний ойрын  эрх чөлөөг зөвхөн эр нөхөр нь л өгч чадна. Нийтлэг эрх чөлөөг хүн бүхэн эдэлнэ. Үр хүүхэд бол эхдээ эрх чөлөө өгөх зав зай  өгдөггүй. Хамгийн амттай эрх чөлөө бол ханийн нь өгсөн эрх чөлөө.

    -Гэр бүлээ тогтвортой байлгахын тулд эмэгтэй хүнээс асар их тэвчээр шаарддаг болжээ. Энэ таны бодлоор хүйсийн  шалгарал уу, цаг үеийн хямрал уу?

    -Гэр бүлийн тогтвор нь эмэгтэй хүнээс, гэргий, эх байхын жудаг, жудаг журам ёсыг л шаарддаг. Тэвчээр гэдэг үнэтэй чанар. Гэлээ ч хэтийдсэн тэвчээр бол эмгэнэл.

    Гэхдээ юуны төлөө тэвчээр гаргах вэ гэдгээс их юм шалтгаална.  Насан туршдаа нэг эр,  нэг эмээр дууссан амьдрал тохиолдлын байна уу гэхээс ёсны байсан нь цөөхөн гэдэг. Хорвоо их соньхон, алаг эрээн байдгаас болдог байх л даа!  Эр нь тэнэг байхаас эм нь хялбархан байхаас л татгалзах хэрэгтэй юм даа!

    -Эмэгтэй хүн сайн дураараа ганцаар амьдралыг сонгож байгаа нь давилуун зан уу, үнэхээр эрчүүдийн үнэлэмж муудсаных уу?

    -Эмэгтэй хүн ганцын амьдралыг сонгоно гэдэг уйтай. Хосоороо байхаас залхана гэдэгт их л олон шалтаг байдаг биз! Эмэгтэй хүний цэмцгэр, цэвэр жудаг алдагдахаар эрчүүд оодордог... Үгүй... гэдэг үг сонсохоо байчихаар эм хүн болгон хялбар санагдана шүү дээ! Ганцын эрх чөлөө гэж орчлонд байдаггүй юм. Эрх чөлөөг хүмүүн элбэж, эвсэж эдэлдэг. Эм хүмүүн эхнэр байхаас залхаж болно. Хүйснээсээ залхаж чадахгүй. Эр хүний үнэлэмжийн “ханшийг” зөв эм хүмүүн л барьж чадна.

    -Эмэгтэй хүний нүцгэн бие рекламны гол обьект, аливаа зүйлийг илэрхийлэх хэлбэр болсныг та юу гэж боддог вэ?

    -Ямар ч эм хүмүүн нүцгэн байхдаа хувцастай байхаасаа илүү гоё. Та эр хүнээс асууж байгаа болохоор би ийн хариулж байна.  Нүцгэн биеийг алдаршуулъя! гэж яруу найрагчид бичсэн байдаг юм. Их олон хүнд харуулахгүй гэсэн газар эм хүмүүнд байдаг байхаа.

    -Эрэгтэй эмэгтэй хоёр алдаа гаргахгүйн тулд тооцоотой, төлөвлөгөөтэй гэрлэх хэрэгтэй юу?

    -Би л хувьд хэт нь яаж амьдрах, хэр чинээлэг болохыг нь тооцох тэнхээгүй хархан залуудаа гэрлэсэн...

    Ийм мэтийг урьдчилан тооцож, нарийн шалгаж “шинжилгээ” авч гэрлэдэгсэн бол гэр бүлийн тоо цөөн байх байсан биз! Болгоомжлол гэр бүлийг бүтээдэггүй учраас л салах нийлэх, сарних бутрах байдаг байх!

    Улаанбаатар. 2010 он.                                                                                                                        

     

     

     

     

Сэтгэгдлүүд : 1

  • dwnjedj

    EtIR0e <a href="http://ibqjophuqscn.com/">ibqjophuqscn</a>, [url=http://obgwgjyodokk.com/]obgwgjyodokk[/url], [link=http://ywpwtgarpmgo.com/]ywpwtgarpmgo[/link], http://gzvjhsfjllpx.com/

Сэтгэгдэл оруулах

урлан