Дэлхийн гарцыг Монголд нээлээ

    Ярилцсан А.Халиунаа

    Орчин үеийн урлагийн илэрхийлэл болсон контемпорари арт буюу шинэ хэрэглэгдэхүүн ашигласан бүтээлүүдийг харж шинэ үеийн урлагийн гайхамшгийг мэдрэх боломжийг олгож буй “MN Art Fair” үзэсгэлэнгээр зочиллоо. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлох бүтээл нь Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн прототип байлаа. Тодруулбал, нэг метрийн диаграммтай цагирагийг Монголын уламжлалт хээ, угалзаар чимэглэсэн байх агаад “Монголын гарц” хэмээн нэрлэжээ. Одоогоор Франц улсад байгаа хэдий ч уг урлагийн төслийн талаар уран бүтээлчтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

    Өөрийн дотоод хүчийг чөлөөлж чадах аваас бүтээлч сэтгэлгээнд хязгаар үгүй

    -MN17 арт галерейгаар зочилж MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаан дээр зочилж явахдаа таны “Дэлхийн гарц” төслийн Монгол дахь уран бүтээлийн загвартай танилцаад, тантай холбогдож, энэ урлагийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдож байна. Юуны өмнө төслийнхөө нэгэн чухал хэсгийн нэг болгон “Монголын гарц”-г бүтээж, танилцуулж байгаад баяр хүргэе! Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаад, уран бүтээл хийх болсон анхны дурсамжаасаа хуваалцахгүй юу.

    -1979 онд Францын Ривьера далайн эргийн хотод төрж, өссөн франц хүн юм. Миний овог Обреновитч бол өвөөгөөс минь ирсэн Серби нэр байгаа. Музей, дэлхийн хэмжээний арга хэмжээ, олонд танигдсан үзэсгэлэнгүүд мөн тансаг зэрэглэлийн зочид буудлуудаар дамжуулан өөрийн бүтээлүүдээ толилуулдаг контемпорари уран бүтээлч юм. Уран бүтээлээ толилуулах, дэлхий нийтэд танилцуулахаар аялахаас бусад үедээ өөрийн төрж, өссөн газраа суурьшиж амьдардаг.

    Миний хувьд уран барималыг илүү шимтэн сонирхогч уран бүтээлч гэж хэлж болно. Хэлбэр дүрс, материал, салбар хоорондын судалгаа хийх хүсэл сонирхолтой. Урлагийн бүтээлээ толилуулахаасаа илүү туршлагаа солилцож, хүмүүстэй нэгдэн зорилгодоо хүрэхийг чухалчилж авч үздэг. Авъяас чадвараараа нэгдэн уран бүтээл туурвиж, бүтээлийн санааг минь бодит биелэл болгож чаддаг нь надад гайхалтай санагддаг. Үзэсгэлэнгүүдэд тавигддаг миний бүтээлүүд хүн төрөлхтний гайхамшигтай урлагийн илэрхийлэл симфони найрал хөгжимтэй нэгдэж байдаг. Мэдээж, франц хүний хувьд хоол хийх, амттай хоол идэх, дарсанд үнэхээрийн дуртай.

    -Энгийн уншигч бидний хувьд урлагийн хүмүүсийг яагаад урлагт татагдах болсон нь маш сонирхолтой санагддаг. Та яагаад урлагт татагдаж, хэзээнээс уран бүтээлийн замналаар явах болсон бэ? Урлаг таны амьдралд хэрхэн нөлөөллөө үзүүлж байдаг вэ?

    -Эцэг, эх минь хоёулаа шинжлэх ухаанч хүмүүс байсан нь урлагийг урлаг судлаачийн нүдээр харахад нөлөөлсөн байхаа. Ямар нэг хязгаарлалтгүйгээр юмсыг судлан, туршдаг байсан нь намайг дэлхийн ертөнц, хүн төрөлхтөн, үл ойлгогдох зүйлсийн талаарх сонирхон судлахад түлхэц болсон. Үүнийгээ ч уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж байдаг. Мөн Индонез, Тайланд, Вьетнам, Камбож зэрэг зүүн өмнөд Азийн баялаг түүх, соёлтой улсуудад амьдарч, аялж ихээхэн цаг хугацааг өнгөрүүлж байсан нь миний уран бүтээлийг хөглөж байдаг.

    Урлаг бол хүмүүний оролцоогүйгээр, үзэгчгүйгээр ямар ч зүйлийг илэрхийлж чадахгүй

    -Уран бүтээлч бүр өөр өөрсдийн гэсэн өнцгөөр харж, өөр өөрсдийн гэсэн онцлогтойгоор уран бүтээлээ туурвиж байдаг. Таны хувьд уран бүтээлүүдийн онцлог нь юу байдаг вэ? Та юуг чухалчилж тусгадаг вэ?

    -Миний хувьд уран бүтээлээ туурвиж байх үеийн хамтын ажиллагаа, тухайн үед өрнөж байгаа үйл явдал, эцэст нь гарч байгаа бүтээлтэй энэ тэнцүү чухал байдаг. Урлаг бол хүмүүний оролцоогүйгээр, үзэгчгүйгээр ямар ч зүйлийг илэрхийлж чадахгүй. Бүтээлүүдээрээ дамжуулан өөрийнхөө үзэл санаа, дэлхийг харах өнцгөө илэрхийлдэг.

    -Таны уран бүтээлүүдийг харахад чиг хандлага нь «хүмүүнлэг» илэрхийлэлтэй нягт холбоотой юм. Урлаг ба хүмүүн хооронд ямар холбоо хамааралтай вэ? Контемпорари урлагт хүмүүнлэг байдал хэрхэн илэрч байдаг вэ?

    -Аливаа уран бүтээлч, түүний уран бүтээл нь үе хооронд, амьдралын тухайн үе мөчтэй холбоотой байдаг учраас миний хувьд шударга ёс, хүний эрхийг хамгаалах нь аливаа уран бүтээлчийн үүрэг гэж боддог. Тиймээс уран бүтээлийн санаа бүрдээ тусгаж харуулж байдаг.

    -Та одоогоор КОВИД19-н нөхцөл байдлын улмаас өөрийн биеэр Монголд ирээгүй байгаа хэдий ч гэсэн уран бүтээлийнхээ төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Монголын хувьд одоогоор ямар сонирхолтой төслүүд дээр ажиллаж байна вэ?

    -Энэ зун Монголд зочлон, уран бүтээлийн төслөө танилцуулан ажиллахаар төлөвлөж байсан хэдий ч дэлхий даяар болж буй нөхцөл байдлын улмаас очиж чадахгүйд хүрсэн. Гэсэн хэдий ч эндээсээ ажилласаар байгаа. Та ч гэсэн үзэсгэлэнгээр зочлохдоо уран бүтээлийн танилцуулга, прототипыг хараад холбогдож байгаа нь сайхан санагдаж байна. Зайнаас ч гэсэн Монголчуудтай хамтран ажиллахад таатай байна. Одоогийн байдлаар Монголд Gate of Mongolia буюу Монголын гарц төсөл дээр ажиллаж байна. Энэ урлагийн төслөө олон нийтэд танилуулах, хамтран ажиллах байгууллагуудаа хайх ажил явагдаж байна. Үүний дараагаар бүтээлээ биет болгох, үйлдвэрлэлийн процесс явагдаж нээлтээ хийнэ гэж найдаж байна. Мөн Монголын хувьд миний сонирхолыг хамгийн их татаж байгаа бөө мөргөлийн талаар үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Ирэх онд боломжтой болохоор Монголд очиж, монголчуудын аж амьдрал дотор орж танилцахаар төлөвлөж байгаа. Бөө мөргөлийн тухай үзэсгэлэнгээ монгол соёлыг илэрхийлэх бодгалиуд, онгод хөглөх оюун санааны урлагийн бүтээл болно гэж харж байгаа. Уул үүл, тал нутаг, салхи, байгалийг мэдэрч, урлагийн мэдрэмжээр сийрүүлэхийг хүсч байна.

    Уран бүтээлээ туурвиж байх үеийн хамтын ажиллагаа, тухайн үед өрнөж байгаа үйл явдал, эцэст нь гарч байгаа бүтээлтэй энэ тэнцүү чухал

    -Та энэ үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. “Дэлхийн гарц” урлагийн төслийн нэг хэсэг нь “Монголын гарц” төсөл гэж дурьдсан. Энэ нь ямар зорилготой, хэзээнээс эхлэн хэрэгжиж байгаа төсөл вэ?

    -Миний санаачлан хэрэгжүүлж байгаа “Дэлхийн гарц” төсөл  2016 оноос эхэлсэн дэлхийн хэмжээний соёл, урлагийн төсөл юм. Дэлхийн хүмүүсийг соёл тэр дундаа урлагийн бүтээлээр дамжуулан хооронд нь холбох, нэгдмэл болгох зорилготой. Тухайн улсын гарц хэмээх бүтээл нь өөр өөр соёл, шашин, ёс уламжлалтай хүмүүсийн энх тайван харилцааны бэлгэдэл болж байгаа юм. Чухамдаа улс орон бүр өөрсдийн соёлыг шингээсэн гарц хэмээх бүтээлийг урласнаар аль ч оронтой харилцахад нээлттэй гэдгээ зарлаж, дэлхийн нэгдмэл нэг цул болж байгаа хэрэг юм. Тиймдээ ч нэг ижил хэмжээтэй цагиргийг өөр өөрсдийн сэтгэлгээний онцлогийг илэрхийлэхүйц байдлаар урлах юм. Энэ нь тухайн орны гар урчуудын авьяас чадварыг нээн гаргах зорилготой. Тухайлбал “Монголын гарц” төслийг хэрэгжүүлэхэд хятад уран бүтээлчийг оролцуулах нь эдийн засгийн хувьд ч аль ч талаасаа утгагүй. Ингэж хийвэл нэгдмэл зорилгод нэгдэж байгаа хүмүүсийг нэгтгэх төслийн үндсэн санаагаа алдана гэсэн үг.

    -Монголын гарц төслийн загварыг үзэж байхад Монголчууд бидний хувьд хамгийн сайн мэддэг уламжлалт хээг ашигласан байсан нь маш сэтгэлд ойр сайхан санагдаж байсан. Монголын гарц төслийнхөө санааг хэрхэн олсон бэ? Яагаад уг хээг сонгож бүтээсэн бэ? Урлагийн төслөө хийхдээ Монголыг сонгох болсон талаараа хуваалцахгүй юу?

    -Энэхүү бүтээлийг 2017 онд Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхантай холбогдон хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Манибадарын бүтээл Монгол гэрийн тоононы хээнээс санаа авч бүтээсэн. Үзэсгэлэнд дэлгэгдсэн загвар бүтээлийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаяр урласан. Харин эх хувилбар нь дөрвөн  метрийн диаметртэй цагирган хэлбэртэй байх бөгөөд Улаанбаатар хотын олон нийт их зорчдог газар байршуулах юм.

    Монгол орны хувьд эртний баялаг түүх, соёл уламжлалтай. Уран бүтээлийн судалгаа хийж байхад Монголчуудын бахархал, онцлог, мөн чанарыг илүү их мэдэх хүсэл төрсөн. Соёл иргэншлийн хувьслын үед ч уламжлалаа хадгалан, хамгаалж үүнийгээ орчин үедээ зэрэгцүүлэн авч явж байгаа нь миний сонирхлыг илүү төрүүлсэн. Дэлхий хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед нүүдэлчин соёл, нэн ялангуяа байгаль эхтэйгээ холбогдож байгаа бөө мөргөл нь үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Үүгээрээ бидэнд эх дэлхийгээ, амьдралын утга учраа дээдлэн, байгальтайгаа илүү ойр байхыг харуулж байна.

    -Дэлхийн гарц төсөл гэж дэлхийн улсуудыг нэгтгэх урлаг, соёлын төсөл гэж байсан. Уг төслөө өөр ямар улсад хэрэгжүүлээд байгаа юу? Цаашид хэдэн улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

    -Уг төслөө дэлхийн өв соёлын нэгээхэн хэсэг болох болов уу гэж томоор харж байгаа. Нийт дэлхийн 196 улсад хийгдэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 20 гаруй улсын GATE буюу цагираган хэлбэртэй гарцын концевцийг судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бүтээгээд байгаа.

    2019 оны гуравдугаар сарын хоёрны өдөр анхны бүтээлийн нээлтийг Колумб улсад хийсэн. Колумб улсыг сонгож энэ төслөө хэрэгжүүлсэн гол шалтгаан нь XX зууны хамгийн олон жил үргэлжилсэн улс хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоохын бэлгэдэл байлаа. Тус улсын гарц бүтээл нь олон төрлийн жижиг дугуй дүрснээс бүтсэн байгаа нь Колумб улс бусад улс оронтой нэгдэн, эв нэгдэлтэй оршин тогтнохын бэлгэдэл юм. Одоогийн байдлаар Арабын нэгдсэн Эмират улс, Австрали, Тайланд, ОХУ, Япон зэрэг 20 гаруй улсын уран бүтээлийн загварыг бүтээсэн. Улс тус бүрийн бүтээлийг туурвихад  нарийн чимхлүүр хөдөлмөр, ур ухаан шаардсан мөн үүнийгээ биет болгож, биеллээ олоход нэлээн их хүчин чармайлт шаардаж байгаа. Анхны бүтээлийг хийсний дараагаас илүү хялбар болж, тухайн улсуудаас бидэнтэй хамтран ажиллах боломжийг илэрхийлж эхэлсэн. Дараа дараагийн бүтээлүүдээ Дэлхийн экспо 2021-д АНЭУ-н Дубайд, Японы Осака хотуудад толилуулах хүсэлтэй байгаа. Энэ төсөл нь урт хугацааны насан туршийн урлагийн төсөл бөгөөд үүнийг биелэл болгохдоо санхүүгийн ямар нэг дарамтгүйгээр хүсэл зорилгынхоо төлөө зөн зовингоо даган хийхийг хүсдэг.

    -Энэ төслөө дэлхий даяар хэрхэн харж байгаа вэ? 196 улсад хийнэ гэж зорьж байгаа юм байна. Мэдээж маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил болохоор санагдаж байна.

    -Энэхүү даян дэлхийн төслийн үндсэн санаа нь дэлхийн улсуудын нийслэлүүдэд виртуал сүлжээг бий болгон байршуулах юм. Энэ нь эв нэгдэл, итгэл найдварын бэлгэдэл, улс хоорондын нээлттэй харилцааны гүүр болно байхаа гэж найдаж байна. Дайн, мөргөлдөөн, зөрчилдөөний суурь бие биенийгээ таньж мэдээгүйгээс болдог гэж боддог. Дэлхий ертөнц өдөр ирэх тусам хар бараан тал руугаа өөрчлөгдөж байгаад, уг төслөөрөө биднийг сайхан ирээдүй угтаж байгаа гэсэн итгэл найдварыг өгч өөрчлөлт авчрах байхаа гэж найдаж байна. Гарц нь өөр өөр соёл, шашин, ёс уламжлалтай хүмүүсийн энх тайван харилцааны бэлгэдэл, хүндэтгэлийн газар болох байх гэж итгэж байна.

    Энэхүү төсөл зөвхөн миний амьдрах хугацаанд өрнөөд дуусна гэж бодохгүй байна. Магадгүй Антони Гаудийн бүтээл Саграда Фамилиа бүтээл шиг мөнхөд үргэлжлэх төсөл байж ч болох юм. Учир нь энх тайван байдлыг өдөр бүр тордож байх, хүчин чармайлт үгүйгээр хэзээ ч бий болохгүй зүйл юм. Дэлхийн гарц төслийн талаар болон бусад улсуудын талаарх мэдээлэл, бүтээлийн санааг харахыг хүсвэл www.gates-world.com сайтаар зочлоорой.

    -Маш сонирхолтой, урт хугацааны дэлхийн хэмжээний төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа тань бахархууштай санагдаж байна. Та өмнө нь дурьдахдаа урлаг, тэр ялангуяа уран барималд яагаад татагддаг гэж байсан. Яагаад энэ урлагийн чиглэлд түлхүү татагдаж, сонирхдог вэ?

    Би багаасаа түүх, археологи, соёл, ялангуяа Грек, Ром, Египет, Өмнөд Америк зэрэг эртний соёл иргэншлийг сонирхдог байсан. Энэ бүх хугацаанд уран баримлыг үргэлж олон янзаар судалж, энэ урлагийн гайхамшгийг биширч ирсэн. Хүүхэд байхаасаа амралтаараа Лондонд аав дээрээ очиж амрах үедээ музейд л ихэнх цагаа өнгөрөөдөг байсан. Британийн музей бол миний очих дуртай газруудын нэг байсан. Үүний дараагаар би 3 жил хэрэглээний урлаг, урлагийн түүх судалж, урлагийн урсгал, чиглэлийг илүү сайн ойлгодог болох үндэс суурь, мэдлэгийг олж авсан. 19 наснаасаа 25 хүртлээ Парист Луврын музейн яг урд амьдардаг байсан. Миний хувьд тэнд амьдарч, дэлхийн сонгодог уран бүтээлчид Пабло Пикассо, Клод Моне, Пол Сезанн, Хенри Мэттис, Эдвард Мунк нарын уран бүтээлийг үзэж, танилцах мөн далай тэнгистэй ойр  байгаа нь гайхалтай боломжийг бүрдүүлж өгсөн гэж боддог.

    -Миний хувьд уран бүтээлчид энэ гайхалтай санаагаа хаанаас олдог юм болоо гэж үргэлж гайхаж байдаг. Та уран бүтээлийнхээ онгодыг хэрхэн хөглөдөг вэ? Санаагаа хэрхэн, хаанаас эрэлхийлж байдаг вэ?

    -Уран бүтээлчийн хувьд бүтээлүүдийн тусгал нь эртний түүх, соёл, иргэншлийн талаар сонирхож дурласантай нягт холбоотой байдаг. Он цагийг илэрхийлэх мастер уран бүтээлчид, тэдний уран бүтээлүүд, бүтээлийн санаа, онгод хөглөдөг. Үүнд эртний Грекийн уран баримлууд, Константин Бранкусийн уран баримлын хийсвэрлэл, Жан Арпын бүтээлийн уян байдал, Джиакометтийн материалын мастерлал, Генри Мурын хөшөө барималын бүтээлүүдийг нэрлэж болно. Уран зохиол, уран зураг, архитектурын өндөр мэдрэмжтэй, бүтээлтэй холбоотой аливаа бүтээлүүдэд Оскар Нимейер, Фрэнк Ллойд Райт, Рэймонд, Аугуст Родин нарын бүтээлүүд ихээхэн нөлөөлдөг.

    Хөгжим надад маш их урам зориг өгч, байгаль, байгалийн элементийн талаархи эргэцүүлэл төрүүлдэг. Мөн аялж, шинэ хэл, соёлоос суралцаж, дараагийн зорих газар, бүтээх бүтээлийн талаар бодолд автахгүйгээр явах дуртай.

    -Таны бодлоор уран бүтээлчид нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Хүмүүс таны бүтээлээс юуг ухаараасай гэж хүсдэг вэ? Уран бүтээлээрээ юуг ойлгуулж, тэндээс юуг оюун ухаандаа шингээж аваасай гэж найдаж байдаг вэ?

    -Уран бүтээлчид магадгүй дэлхий ертөнцийг гадна талаас нь илүү харж, үүнийг арай өөр өнцгөөс харах боломжийг олгодог байж магадгүй юм. Үе үеийн уран бүтээлчид өөр өөрийн бэрхшээл, үзэж туулсан зүйлстэй байдаг. Миний хувьд дэлхий ертөнцийн экологийн ирээдүй, тоталитар улсуудын өсөлт, хяналтгүйгээр өсөн хөгжиж байгаа шинэ технологиийн талаар санаа зовниж байдаг. Улс үндэстнүүдийн хоорондын ойлголцол, соёлын өвөрмөц байдлыг хүндэтгэн үздэг даяаршилд хүрэх ёстой гэдгийг илэрхийлэхийг зорьдог. Энэ үзэл санаагаа Дэлхийн гарц төсөлд тусгаж, хүмүүсийн харилцааны гүүр болж, ирээдүйг хамтдаа бичнэ гэсэн бодлыг төрүүлээсэй гэж найдаж байгаа.

    -Ер нь харж байхад уран бүтээлчид улс төрөөс ангид байх, заримдаа урлагаар дамжуулан улс төрд нөлөөлөх, урлаг сонирхогчдын үзэл санаанд өөрчлөлт авчрахыг зорьж байдаг юм шиг санагддаг. Улс төрийн нөхцөл байдал, мөн таны хувийн туршлага таны уран бүтээлчийн илэрхийлэлд хэр нөлөөлдөг вэ?

    -Сонирхолтой асуулт байна. Сүүлийн үед энэ талаар шүршүүрт орж байхад үргэлж бодогддог болсон. Миний уран бүтээл яагаад улс төр лүү чиглэдэггүй, эсвэл зөвхөн миний хувийн үзэл санаа л тусгагдаж байна уу гэдэг талаар сүүлийн үед өөрөөсөө асууж байгаа. Магадгүй урлаг улс төрөөс ангид байх ёстой байх, улс төрийн нөхцөл байдлыг урлаг руу хөрвүүлэх ер нь тийм ч таатай санагддаггүй.

    -Дэлхийн гарц төслөөсөө гадна одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Уран бүтээлийнхээ цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу? Энэ дэлхий даяар хөл хорио тогтоосон үед уран бүтээлийн ажлаа хийхэд хэрхэн нөлөөлж байна вэ?

    -Яг одоогоор бол жүржийн боловсорч байгаа үйл явцийг харуулсан 25 төрлийн керамик жүрж бүтээх төсөл дээр ажиллаж байна. Энэхүү бүтээлийг 2021 оны эхээр Францын Ривера дахь Хересийн музейд байнгын үзвэр хэлбэрээр байршуулах юм. Мөн эндээ хувийн галерей, студи нээхээр ажиллаж байна. Би керамик эдлэлийн чиглэлээр 4 жил ажиллаж байгаа хэдий ч олон нийтэд дэлгэн танилцуулах тал дээрээ анхаарал тавилгүй явсан. Бүтээлээр туурвиж байхад сонирхон зочилж, процессийг сонирхон, мөн хүмүүстэй туршлагаа хуваалцан ярилцах нь сонирхолтой санагддаг. Мэдээжийн хэрэг Дэлхийн гарц төсөл дээрээ ажиллаж, илүү олон улсын гарцийн дизайныг бүтээж, төслөө сурталчлах, хамтран ажиллах хүмүүс хайсаар байх болно. Үүнээс гадна дэлхий даяар хувийн компани эсвэл байгууллага, засгийн газарт зориулж тусгай захиалгаар ажлууд гүйцэтгэдэг. КОВИД-н энэ нөхцөл байдалд ч гэсэн завгүй ажилласаар л байгаа.

    -Уншигчид магадгүй уран бүтээлч хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сонирхох байх. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Мөн та олон бүтээл дээр нэг дор ажилладаг уу, нэг бүтээлээ дуусгаад дараагийн бүтээл рүүгээ ордог уу?

    -Олон бүтээл дээр нэгэн зэрэг ажиллах нь үр дүнтэй санагддаг. Учир нь үүгээр бүтээлч байдлыг бий болгох, хийгдэж буй төсөл нь бие биенээ нөхөх боломжийг олгож байгаа юм. Урлагийнхны хувьд хэзээ ч энгийн өдрүүд гэж байдаггүй. Яагаад гэвэл өнөөдөр өчигдрийнхтэй хэзээ ч адилхан байдаггүй. Гэхдээ би ажлын хуваарь гарган ажиллаж, ажил амьдрал, уран бүтээлээ тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Ерөнхийдөө бол өглөө бүр керамик студи дээр очиж, тэндээ керамик бүтээлүүдээ урлаж, зууханд шарах, дараагийн бүтээлийнхээ талаар ярилцаж өнгөрөөдөг. Мөн найзуудтайгаа кофе ууж, санал бодлоо солилцож, тэдэнд хэрэгтэй үед нь тусалж дэмжих нь надад сайхан байдаг. Керамикаар бүтээл хийж байхдаа үйлдвэрлэлийн процессийг дуустал, хийх ёстой зүйл дээрээ л анхаарлаа төвлөрүүлдэг. Үдийн хоолны дараагаар имэйл, маркетинг, сошиал медиа, монументалийн төсөл боловсруулах зэрэг бичиг цаасны ажилдаа анхаардаг. Ингээд шөнийн цагаар өөрийгөө хэт их ядраахгүйгээр керамик бүтээлүүдээ хийх дуртай. Шөнийн цагаар утас, сошиал медиагаас ангид байж, бүтээлч байдлаа алдахгүй байхыг хичээдэг. Шөнийн цагаар бүтээлч байдлаа хөгжүүлж, амар амгаланг эрэлхийлэх онцгой цаг байдаг. Хөгжим, подкаст сонсож бас өнгөрүүлдэг. Заримдаа миний гар, тархи надаас тусдаа мэт л ажиллаж байдаг. Дэлхийн хаа нэгтэй ямар нэг онцгой төсөлтэй байх, гэртээ байх, байхгүйгээс бусад энгийн өдөр минь иймэрхүү маягаар л өнгөрдөг дөө.

    -Амьдрал, уран бүтээл, уран бүтээлчийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Монголд хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажилд тань амжилт хүсээд, төсөлд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс хайж байгаа эрэл нь удахгүй Монгол гарц төслийн бүтээл болон нийтэд танилцуулагдаж, бүтээлийн өмнө нь уулзаад дахин ярилцах боломж олгох байхаа гэж итгэж байна.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан