Гектор Мүнрогийн “Үлгэрч” гэх өгүүллэгт гардаг үл таних үлгэрч эрийн дүр Японы алдарт зохиолч Ясүнари Кавабатаг өөрийн эрхгүй санагдуулдаг юм. Түүний өгүүллэгүүд монголд нэлээдгүй орчуулагдсан байдаг. Хамгийн анх Г.Аюурзаны орчуулгаар “Шөнийн шившлэгт шоо” өгүүллэгийг нь уншчихаад ямар нэгэн шид агуулсан үлгэр яриад байх шиг мэдрэмжийг Кавабата гэх халуун дулаан төрхтэй, өөрөөсөө этгээд зохиолчийн хүүрнэл дундаас олж билээ. Харин хоёр жилийн өмнө орчуулагч Б.Баясгалангийн дуун хөрвүүлж эмхэтгэсэн “Аварга том далавчтай өвгөн” нэртэй өрнө, дорнын шилмэл өгүүллэгийн түүвэрт түүний нэлээдгүй хэдэн өгүүллэг орчуулагдаж гарснаас бие сэтгэлийг минь агзасхийлгэж орхисон нь “Канар бялзуухай” гэх бяцхан туурвил байв. Мүнрогийн өгүүллэг ч мөн тус түүвэрт бий. Хоёуланг нь зэрэг уншсандаа ч тэр үү Кавабатаг богино өгүүллэгийн мастер Мүнрогийн “Үлгэрч”-ийн дүрээр харах болсон шалтгаан үүдсэн юм.

    Ясүнари Кавабата Япон улсаас уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн. Шведийн Академиас уг шагналыг олгохдоо “Япон хүмүүсийн үзэл бодол оюун санааг тодоор нээж чадсан уран бүтээлийн онцгой ур чадвартан” гэж тодорхойлсон байдаг. Эл ганц өгүүлбэр түүнийг хангалттай тодорхойлж чадна. Япончуудын үзэл бодол, уламжлалт зан заншил өгүүллэгийнх нь утга санаа хийгээд амьсгалах агаар нь болж байдаг. Мөнхүү түүний шавь Мишима Юкио багшийнхаа тухай бичсэн “Мөнхийн аялагч” бүтээлдээ “Төгс төгөлдөр хэрнээ дэлхий ертөнцөд онцгойрсон бүтээл гэж юу хэлэх вэ?” гэсэн асуултаар уран бүтээлийнх нь чанар чансаа, бичлэгийн хэв маягийг нь онцгойлсон буй. Түүний багадаа амссан зовлон зүдгүүр, туулж өнгөрүүлсэн ганцаардмал шөнүүд зохиолынх нь гол сэдэв болжээ.
    Кавабата “Би яруу тансаг бүтээл гэхээс илүүтэйгээр богино түүхүүдийг бичдэг” гэж хэлсэн удаатай. Тэрбээр ерөөс барууны модернист бичлэгийг японы уламжлалт уран зохиолын хэлбэрээр сүлэн баяжлуулсан бөгөөд зохиолын үйл явдлыг нуршиж бичихээс ямагт зайлсхийж байсан юм. З.Фрейд “Ертөнцийг үзэх үзэл гэдэг бол бидний ахуйн бүх асуудлыг ямар нэг дээд саналгаас үндэслэн нэгэн байдлаар шийдвэрлэдэг оюуны бүтээц юм. Уг бүтээцэд нэг ч асуудал хариулагдахгүй үлддэггүй, харин ч бидний сонирхлыг татдаг, тодорхой байртай өгдөг зүйл” гэж үзсэн байдаг. Тиймээс зохиол гэдэг Кавабатагийн хувьд хэн нэгэнд болон өөрт нь тохиолдсон хөгжөөнтэй хийгээд эмгэнэлт түүхүүд байв.
    Тэр дотор “Канар бялзуухай”-н тухай захидал бий. Харин түүнийг би хэн нэгнээс сонссон хууч яриа гэж боддог. Уншчихаад төсөөлөх тусам шалтгаан нь улам тодрох шиг... Бүтээлийг уншиж дууссаны дараа ургуулан бодох зүйл чамд үлдэж байвал тухайн зохиолчид нь “Уран зохиолд тавтай морил” гэж далдын зөн совин нь шив­нэдэг мэт. Маш богинохон эл өгүүллэгээ тэрээр захидал маягаар зохиомжилж өгсөн нь гойд анхаарал татдаг. Нэгэн бүсгүй эхнэрээ нас барсны дараа урьд нь хайрлаж явсан бүсгүй дээ захидал бичнэ.  “Хатагтай: Би бээр амлалтаа зөрчиж танд ахин нэг захидал бичихээс өөр аргагүй боллоо. Таны ноднин илгээсэн канар бялзуухайнуудыг хадгалж чадахаа больсон учраа айлтгамаар байна. Миний хийж чадах ганцхан зүйл бол тэднийг ширтэн суух, тэгж суугаад таныг бодох билээ” хэмээн тус өгүүллэг эхэлдэг. Эхлэл хэсэгт шуудхан зангилаа үүсч байна. 
    Өөрт нь бэлэглэсэн бялзуухайнуудыг ширтэж хайрлаж явсан эмэгтэйгээ дурсан санаж, эргэн дурсахуй бүртээ шинээр төрдөг байж. Тиймдээ үүнээс өөр хийж чадах зүйл залууд байсангүй.
    Цаашилбал “Нэгэнтээ та надад бичсэн захидалдаа “Та эхнэртэй. Би ч нөхөртэй. Тиймээс уулзаж учрахаа больё. Таныг эхнэргүйсэн бол ч яана гэхсэн. Харин би танд намайг дурсаж байгаасай гээд энэ бялзуухайнуудыг өгч байна. Хар л даа. Бялзуухайнууд хосоороо байгаа биз. Гэхдээ дэлгүүрийн худалдагч эр эмээр нь шүүрээд л торонд хийчихсэнээс цаашгүй. Бялзуухайнуудад харин энэ нь ямар хэрэг болох билээ. Гэлээ ч гэсэн, та эднээр намайг дурсаж яваарай. Дурсгал болгож амьд амьтан өгч байгаа нь жаахан хачин санагдаж мэдэх юм. Гэхдээ бидний дурсамж ч амьд шүү дээ. Нэг л өдөр энэ бялзуухайнууд үхнэ. Тэднийг үхэхэд та бидний дурсамж ч бас хамт үхэг. Сэтгэл түвдэлгүй үхүүлж орхиорой” гэж бичсэн байсан шүү дээ” хэмээдэг. 
    Зарим нэг дурсамж хүнийг амьд байлгаж эсвэл үхүүлж чадна. Ийм санаа гаргаж түүн дээрээ маш чадмаг тоглосон нь Кавабатагийн туурвин бүтээх онцгой хэв маяг гэлтэй. ”Яг л “Цасны орон” романы гол баатар Шимамурагийнх шиг ганцаардлын өвчин, өнгөрсөн цаг үеийн гэгээн дурсамжуудаар тэтгэгдэж явдаг баатар “Канар бялзуухай” дээр амилсан нь сонирхол татдаг юм. Кавабата дайны дараах үед өөрийг нь оргилд хүргэсэн “Мянга мянган тогоруу”, “Уулсын чимээ”, “Мэйжи”, “Нуур” зэрэг бүтээлүүдээ бичсэн байдаг. Тэр дайны хар бараан түүхүүд, өөрт ноогдсон асар их уй гунигийг зохиолдоо шингээж дурсамжуудаа тэнд нь үхүүлдэг байсан болов уу. Яг л хос бялзуухайнууд үхэх мөчид залуу хосын дурсамж алга болдогтой ижилхэн.
    Үүнээс цааш үйл явдал тодорхой болж эхэлнэ. “Харин одоо энэ бялзуухайнууд хариугүй үхэх гэж буй мэт харагдах боллоо. Тэднийг харж халамжилж байсан хүн нь өөд болсон. Над шиг хайнга, ядруухан зураач энэ туниагүй шувуунуудыг асарч тордож чадахгүй. Би тантай илэн далангүй яримаар байна. Эхнэр маань эднийг асардаг байсан юм. Харин одоо тэр үхсэн. Түүнийг үхсэн болохоор энэ шувууд ч бас үхчих юм шиг санагдах юм. Тэгэхээр хатагтай, таны тухай дурсамжуудыг надад авчирдаг нь үнэндээ бол миний эхнэр байсан юм уу даа?” Зохиолчийн сэтгэлгээний хэлбэр, дүрслэлийн цоо шинэ арга барил, ур чадварын онцлогийг “Харин одоо тэр үхсэн. Түүнийг үхсэн болохоор энэ шувууд ч бас үхчих юм шиг санагдах юм” гэсэн өгүүлбэрээс харж болно. Нөгөөтэйгүүр зураач залуу уг захидлыг бичиж байна. Туурвилзүйн туршлагаас үзвэл ямар дүрээр өгүүллэгийн утга санааг тодотгож өгөхийг зохиолч тун сайн мэддэг байсан хэрэг. Эхнэр нь хайрлаж халамжилж байсан учир тэр шувуунуудаа хараад хатагтайг дурсдаг байж. Тиймдээ канар бялзуухайнууд бус эхнэр нь түүнийг өнгөрсөн бүхнийг ямар нэгэн оюун санааны оролцоогүйгээр бүтээж өгдөг байна.
    “Уг нь бялзуухайнуудыг байгальд нь тавьчихъя гэж бодсон ч эхнэрийг маань өөд болсноос хойш тэдний далавч гэнэт цуцсан мэт харагдах болсон. Тэгээд ч тэд тэнгэр гэж юу байдгийг ямар мэдэх биш. Тэдэнд нийлээд явчих сүрэг хотод ч, энүүхэн ойд ч байхгүй шүү дээ. Нэг нь ганцаараа нисээд алга болбол хоёр тусдаа мажийчих амьтад. Тэгээд ч та дэлгүүрийн худалдагч тэднийг эр эмээр нь санамсаргүйгээр шүүрч аваад л торонд хийчихсэн гэж хэлсэн шүү дээ. Ингэж хэлсэн хойно чинь тэднийг амьтны дэлгүүрт буцаагаад зарчих ч хайран байна. Учир нь та тэднийг надад өгсөн шүү дээ. Эхнэр маань тэднийг харж ханддаг байсан болохоор тань руу эргүүлээд илгээчихэж ч түвдэхгүй нь. Тэгээд ч таны аль хэдий нь мартчихсан байж мэдэх энэ шувууд, өөрт тань төвөг удахаас цаашгүй биз” гэсэн өгүүлбэрүүд зохиолын тайлал мэт боловч шинэ зангилаа үүсгэнэ. 

    Тэд тэнгэр гэж юу байдгийг ч мэдэхгүй. Ерөөс дурсамж оюун ухаанаас ангид тусдаа зүйл байдаг гэдгийг батлах мэт. Мөнхүү зураач залуу энэ үед нэг шийдвэр гаргахаар зориглож буйг уншигчид тааж байгаа болов уу. Эцэст нь тэр ч бас эхнэргүй болж, өөрийг нь харж хандах хүн үгүй болсныг шувуудаар төлүүлэн цаад эмэгтэйд учирлаж байгааг нь амархан ойлгочихож болохоор. Гэтэл өнөөх бүсгүй нь нөхөртэй тул яваад очлоо ч гэсэн, хайр сэтгэлд авсан хосууд бие биесээ ойлгож дөнгөх боловч аж төрөхүйд “төвөг удахаас цаашгүй” хэмээн сэхээрч байна. Японы ихэнх сонгодог зохиолчид хурц үйл явдал бүхий, адал явдал сүлэлдсэн огцом эргэлттэй зарим нь бүр гарах гарцгүй оньсогоор дүүрэн учирлууд, уйтгар төрүүлэм хийсвэрлэлийг бүтээдэг бол Кавабата зөвхөн хүмүүсийн тухай сэтгэл өвтгөм түүхүүдийг хийсвэр болон бодитой зүйлсүүдээр төлөөлүүлэн бичдэг байсан нь харагдана. Тэгээд ч “Тухайн дүрийн зан, төрх хоёр заавал зохицож байх ёстой” гэх “image-structure of behavior” түүнд огт хамаагүй байсныг “Уулсын чимээ” романы Шингогийн дүрч гэрчлэн харуулдаг гэж бодном.
    Ахиад хэлэхийг минь зөвшөөрнө үү. Эхнэр маань энд байсан болохоор л энэ шувууд өдийг хүртэл амьдарч, таны тухай дурсамжуудаар намайг тэтгэж байсан юм шүү. Тиймээс ч хатагтай минь, би эл шувуудыг эхнэрийнхээ араас илгээмээр байна. Таны тухай миний дурсамжуудыг амьд сэргэг байлгаж байсан нь эхнэрийн минь хийсэн цорын ганц зүйл биш ээ. Би тань шиг эмэгтэйг хайрлаж яаж чадсан юм бол? Арай эхнэр минь надтай үлдсэн болохоор тэр биш байгаа? Тэр амьдралын минь бүхий л шаналал зовиурыг мартуулсан. Эхнэр маань миний амьдралын өөр нэг талыг олж харахаас татгалзсан юм. Чухам тийм болохоор нь л би түүнээс харцаа буруулж, тань шиг эмэгтэйд нүд алдаж чадсан байх” хэмээн өгүүллэгийн зангилаа тайлагдана.
    Эхнэр нь хажууд нь байсан учир өөр эмэгтэйг хайрлаж, дурсамжуудаа амьд байлгаж чаджээ. Түүнээс торонд хоригдсон, нэгэнтээ үхмэл болж хувирсан хөөрхий бялзуухайнууд үүнд ямар ч оролцоо байхгүй. Тэгээд ч бүх зүйл тодорхой болчихсон. “Тиймээс ч хатагтай минь, би эл шувуудыг эхнэрийнхээ араас илгээмээр байна”. 
    Тэр бялзуухайнуудыг хороохоор шийдэж. Нэг ёсондоо эл бялзуухайнууд түүний нас барсан эхнэр, зураач залуу хоёр байсан юм. Эхнэрийгээ санаж шаналсандаа бүсгүйд захидал бичиж буй ч гэлээ түүнд амьдрах ямарч нөхцөл дахин байхгүй гэдгийг “тэнгэр ч мэдэхгүй” гэх үгсэд багтаагаад хэлчихсэн гэдгийг санах хэрэгтэй. “Хатагтай, би энэ бялзуухайнуудыг чинь алаад эхнэрийнхээ шарилтай хамт оршуулчихвал та дургүйцэхгүй биз дээ” гэсэн асуултаар захидал төгсөнө. Нэг ёсондоо тэр өөрийгөө хороочихож байгаа хэрэг. Юунд дахин давтан байж ийн хэлэв гэхлээр “эхнэрийн минь шарилын дэргэд намайг оршуулаарай” гэж гэрээслэл үлдээсэн байна. Зураач үүний тулд л захидал бичжээ. Үүнд ямар нэгэн гаж хийсвэрлэл үгүй ч гэлээ Кавабата хүн төрөлхтний оршин буй ахуйгаас ямагт шинэ содон зүйл хайж явдаг зохиолч байсныгаа гэрчлэн харуулж чадсан юм. Тиймдээ түүний шавь алдарт зохиолч Мишима Юкио амиа егүүтгэхээсээ өмнө багшийгаа “Мөнхийн эрэлч” хэмээн нэрийдэж уулга алдсан биз ээ. Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байсангүй. Зохиол бүрт нь их бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан бол “Мэйжи” бүтээлээрээ үндэсний тоглоомуудын нэг болох “япон даам”-ыг алдаршуулж чадсан юм. Чөтгөрийн хорлол, бурхны сургаалийг аль нь түүний зүрх сэтгэлд илүү байсныг тааж чадахгүй ч гэлээ Кавабата ертөнцийн үнэн дүр төрх ямар вэ гэдгийг харуулж чадсан хүн. 
    Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц канар бялзуухай байв. Амьдралын агуу онолч энэ хүний үхлийг олон янзаар тайлбарладаг. Гэвч тэр эцсийн мөчид хэн нэгэн хажууд нь байсан бол “Намайг канар бялзуухайтай минь цуг оршуулаарай” чангаар хэлж чадах цорын ганц Япон зохиолч байсан. Энэ бол дээр задалсан өгүүллэгтэй ямар ч холбоогүй боловч түүний насан туршаа бичсэн, өөрийн онцгой ур чадвараараа баяжуулж чадсан уран зохиолоос холдуулж боломгүй ойлголт билээ.

Сэтгэгдлүүд : 1

  • default

    Hi there!

Сэтгэгдэл оруулах

урлан