Б.Номинчимэд: Уран бүтээлчийн хамгийн том шагнал нь сайн уран бүтээл

    Сэтгүүлчийн хүүрнэл:

    Улаанбаатарт цангинасан жавраар хулдсан дахин нэг өвөл айлчилжээ. Өвлийн ийм дулаахан өдрүүдэд зорьж уулзаад хэдэн цагаар ч хамаагүй ярилцаж суумаар хүмүүс орон хотод минь бий. Тэдгээрийн заримтай нь ярилцчихсан, заримтай нь учрах ч завдалгүй аж төрнөм. Өвлийн дараа хоосорч нүцгэрсэн моддыг харахаар урин цагийн баяр дотроос минь ундраад байдаггүй. Улам улам аа гуниглуулж орхидог. Тэдгээр мөчүүдэд өвлийн урт өдрүүдэд хийсэн ярилцлага, уншсан номуудынхаа тухай эргэцүүлэн бодож явсаар нэг л мэдэхэд модод гөлөглөх цагтай золгочихдог юм.

    Зорин очмоор ийм хүмүүсийн нэг нь зохиолч Баасангийн Номинчимэд. Тэрбээр саяхан “Галт шувуу” хэмээх шинэхэн романаа он солигдох мөчтэй зэрэгцэн уншигчдад хүргэсэн билээ. Магад хүмүүс түүнийг өмнө нь хэвлүүлсэн “Цагаан бороо” хэмээх баримтат, уран сайхны романаар нь илүүтэй мэднэ. Зохиолч хүнд үзэл санаа, хүнийг мэдрэх мэдрэмж хамгийн чухал нь гэж тэр хэлсэн. Нээрэн бид өөрсдийнхөө тухай, “би”-гийнхээ мэдрэмжийн талаар л илүүтэй ярьдаг болчихож. Гэтэл бусдыг мэдрэх, таних, ойлгох гэдэг маань чухам юу билээ. Түүний шинэхэн бичсэн зохиолын гол дүрүүдээс тийм чанар илт харагддаг. Тиймээс бидний ярилцлагын эхний асуулт шинэхэн романы тухай байлаа.

    -ЮМ СУРААГҮЙНХЭЭ БУРУУГ ЦАГ ҮЕ РҮҮГЭЭ ЧИХДЭГ ХҮН ОЛОН-

    -“Галт шувуу” романыг уншихад залуусын хайр сэтгэл гэхээс илүүтэй таны романд дүрслэгдэх тухайн цаг үеийн нийгмийн байдал, хүмүүсийн хандлага ямар байсан нь түлхүү анзаарагдаж байсан. Ер нь зохиолд дэвшүүлсэн таны гол үзэл баримтлал юу вэ?

    -За нэг их үзэл баримтлал гээд байх ч юу байхав. Тэр цаг үед буюу идэр залуу насандаа мэдэрч байсан жаргалтай, гунигтай мэдрэмжүүд, эмзэглэлээ л барьж авч буулгахыг хичээсэн. Зохиолд дүрслэгдэж буй 1989 он бол манай нийгмийн амьдралын их өвөрмөц, сонин цаг үе л дээ. Удахгүй их салхи гарах гэж байгааг дохиолсон ч юм шиг... Хүмүүс ямар нэг юмыг хүлээсэн, эрж хайсан, баахан бухимдсан, өмнөх 1980-аад оныг хүртэл өрнөж байсан эрчимтэй хөгжил зогсож бэртэгчлэл, хувиа бодох үзэл ихэд дэлгэрч, хүнд суртал, захиргаадалтаар асуудлыг шийдэхэд улам бүр бэрх болж байсан цаг. Хүмүүс цоо шинэ өнгө аясыг хүсэж, хүлээж эхэлсэн. Зохиолын дүрүүдийн цаанаас нийгэм, цаг үеийн энэ өнгө өөрийн эрхгүй тодроод л гараад ирсэн.

    -Романд дошны овгор атамануудын хэд хэдэн дүр бий. Ер нь ийм дүр манай уран зохиолд тэр бүр таардаггүй. Таны романаас уншихад содон сонирхолтой санагдсан...

    -Тийм, тэр атаманууд чинь тухайн цаг үеийг тодорхойлох нэг чухал бүлэг, хэв шинж шүү дээ. Ер нь дошны овгоргүй газар бараг л байдаггүй байсан байх. Ийш тийш очиход нэлээн төвөгтэй. Манай суманд чинь хэдэн аюул байв даа. Өсвөр насны бид бахархаад даган дуурайж, тамхи, архийг нь зөөж өгөөд гүйдэг л байлаа. Энэ үзэгдэл 1960-аад оны төгсгөлөөс л тодорч ирсэн юм билээ. Өмнө нь тийм үзэгдэл байсангүй. Малчид сууриншиж, уламжлалт зан заншил, сэтгэлгээ эвдэгдэж, иргэншил хоорондын зөрчилд үнэт зүйлсийн эрэмбэ алдагдаж байсан цаг үед хойноос орж ирсэн Украйн, Сибирийн атаманы соёлыг тун хурдан хүлээж авсан байдаг. Ер нь захиргаадалт, нэг үзэл суртлын хязгаарлалттай тогтолцоонд олон түмэн удахаараа дотоод бухимдал, бачимдал нь өөрийн эрхгүй ийм овгор, атаман гэх мэт гаж байдлаар илэрдэг байж магадгүй. 90 он гарснаар тун удалгүй ийм үзэгдэл бүдгэрсээр бараг сураг алдарч байна.

    -Зохиолд хүмүүс өөрсдийнхөө үзэл, хандлагаас тэс өөрийг үзэхээрээ нийтээрээ шахам гайхаж, нүд үзүүрлэдэг нь их тод анзаарагдсан...

    -Өөрсдийнхөө үнэт зүйл, зарчимд нийцэхгүй бол бүр илүү дээд эрхэмлэл байсан ч ялгаагүй тас тас хяргаж хаядаг үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд ямагт л давтагдаж байсан юм билээ. Түүний нэг жижигхээн жишээ хөдөөгийн аглаг сумын төвд ямаршуухан байдлаар өрнөж, залуусын дэлбээлж ядан буй сэтгэл, мөрөөдлийг хэрхэн хайр найргүй шилбүүрдэн гадуурхаж байгаа үзэгдэл бол романы үндсэн үйл явдал л даа. Наанаа хоёр хүүхдийн хайр дурлалын тухай өгүүлэх боловч, цаана нь өөр олон юмс давхар агуулагдаж байгаа.

    -Харамсмаар, тэр Долгор даргын хурал дээр аашлахыг хараад ой гутаж, орилмоор ч  санагдсан. Үнэхээр ийм явдал болдог байсан гэж үү?

    -Болдог л юм. Долгор дарга тэргүүтнүүд чинь уг нь өөрсдийгөө маш зөв юмыг тун шударга, зарчимчаар хэрэгжүүлж байгаа хүмүүс гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй тууштай байгаа шүү дээ. Нийгмийн гажуудал, үл ойлголцол, зөрчил, хямрал энэ мэтээс үүддэг. Хаа сайгүй л байдаг. Тэр цаг үед ч байсан, энэ цаг үед ч байна. Гагцхүү цаг үеийн өнгө төрх нь л өөрчлөгдөнө. Тэр үед үзэл суртлын нөмрөгтэй байсан бол өнөөдөр ардчиллын нөмрөгтэй болчихож.

    -Бас Намын хяналтын дарга Долгор даргатай төстэй. Бүлгэмийн зөвлөлийн дарга Должинсүрэн бол ирээдүйн Долгор дарга. Эсрэг талд нь Ёндон багш, захирал гээд... Мөн дундуур нь Хоролсүрэн, хичээлийн эрхлэгч Бор Домбон тэргүүтэй энгүүн сайхан амьдралын хар ухаантай хүмүүс ч байна. Шар Баднаа, Тах Бадарчаас эхлээд хоёр хүүхдийн хайр сэтгэлийг огт өөр, зөвхөн эр эмийн явдал төдийд хардаг, гэмгүй атлаа гэмтэй олон хүн байдаг. Эсрэг талд нь маш цөөхөн. Энэ мэтийг харахаар амьдралд хүмүүс үнэхээр ийм гэж үү хэмээсэн гундуу мэдрэмж төрсөн шүү.

    -Ер нь тэгээд л энэ мэт хар цагаан нь сүлэлдээд, инээд гуниг нь холилдоод л амьдарцгааж байгаа шүү дээ, бид чинь. Хэдэн мянган жил тийм байсан. Амьдрал ч, хүмүүс ч ийм л юм. Библийн домогт “Эмэгтэй хүнийг эр хүний богино хавиргаар бүтээсэн” гэж гардаг даа. Богино хавирга жаахан тахирдуу. Түүнийг хүчээр засаж залруулах гэж оролдох хэрээр хугарчихдаг, зөнгөөр нь байлгахаар улам муруйчихдаг. Гэвч хугалчихгүй, бас улам муруйлгахгүй барьж байхад ухаан, эцэс төгсгөлгүй тэвчээр л хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Түүн шиг сайн муугийн тэнцвэр дээр л амьдрал тогтож байна. Нийгмийн нэг хэсэг нь хог тарьж, нөгөө хэсэг нь түүж, муу муухай гэж үздэг, дорд бүдүүлэг гэлцдэг бүхний эсрэг хэр хэмжээгээрээ л хичээж, тэмцэж ирсэн. Зөнгөөр нь хаячихвал улам муудна. Хүчээр засаж залруулах гэвэл хугарчихна. Социализм чинь энэ асуудлыг хүчээр тэгшилчих гээд чадалгүй балран унасан систем шүү дээ.

    -Ёндон багш, Чө Ши захирал шиг хүмүүст амьдрал илүү их ачаа үүрүүлдэг мэт санагдсан. Гол дүрийн Намхай гэтэл яг тэднийг залгаад гарч ирж байна. Цолмон хожмоо Намхайн туулах хүнд гашууны тухай эрхгүй элэг эмтрэн халагладаг. Тэгэхээр ийм хүмүүс амьдралд заавал хүнд хэцүү ачаа үүрэх болдог гэж үү, яагаад?

    -Харамсалтай нь тэгээд байна. Ер нь тэгдэг л юм байна. Бүр Сократын үед л тийм байж.

    -Ямар байж гэж?

    -Жаахан гайгүй, юм ойлгодгууд нь илүү их ачаа үүрдэг байж. Яагаад гэхээр, жишээ нь багана нурах нь ээ гэдгийг мэдээд нураахгүй гэж хүчлэн зүтгэж буй хүн, “Наадах чинь нурахгүй ээ, битгий хэнхэглээд бай” гэж загнаж буй, эсвэл “Нурвал ч нураг яадаг юм, үхэцгээнэ л биз” гэж буй, бас энэ талаар ямар ч ойлголтгүй гэнэн бүлтгэр нүдээрээ хөөрхөн инээгээд яваад байгаа хүмүүстэй харьцуулахад илүү л зовно, бухимдана шүү дээ.

    - “Галт шувуу” романы эсэргүү Ёндон багш, сургуулийн захирал нарыг тийм хүмүүс гэж тодорхойлж болох уу?

    -Ер нь тэр талдаа. Юу болж өнгөрснийг огт мэдэхгүй, нэг хүүхэн ирээд хэл аманд ороод хөөгдөө л биз гэж буй хүмүүс, бас Долгор дарга тэргүүтэнтэй харьцуулахад тэр хоёр илүү бухимдаж, шаналж байгаа биз дээ. Төмөрөө ч тэр ялгаагүй. Хуучин цагт ер нь иймэрхүү хүмүүсээ “Илүүдэл хүмүүсийн дүр” гэж үздэг байлаа.

    -Илүүдэл гэдэг нь ямар утгаар хэлэгдэж байна вэ?

    -Энэ нэршлийг анх Белинский нь бил үү, Добролюбов нь бил үү утга зохиолын эргэлтэнд оруулж ирсэн санагдана. Бүр XIX зууны дунд хагаст. Ямар дүрүүд байна вэ гэхээр Пушкины Евгений Онегин, Лермонтовын Печорин, Гончаровын Обломов, Тургеневийн Базаров гэх мэтчилэн. Аар саархан ахуйн төлөө амьдрах нь тэдний хувьд утга учиргүй санагддаг тийм бадрангуй тэмүүлэлтэй, хүч чадалтай хүмүүс юм. Гачлантай нь тэр хүч, тэмүүллээ юунд, хаана, хэрхэн зориулахаа мэдэхээ больчихсон. Онегин өөрийгөө зугаацуулж, дэмий чалчиж, Печорин хавьтсан бүхэнтэйгээ сөргөлдөж, Обломов зүгээр л диван дээр хажуулдаж хэвтэнэ. Энэ амьдралд илүүдчихсэн мэт хүмүүс. Ийм шинжийн дүрүүд бусад үндэстний уран зохиолд ч түгээмэл. Стендалийн Жюльен, Жек Лондоны Мартин Иден гэх мэт. Тэд Гоголийн Чичиков шиг хүмүүс дотор яахаа мэдэхээ байчихна. Соц үед тэдгээр илүүдэл нөхдүүдийг нийгмийн дэвшилт хувьсгалын тухай итгэл үнэмшил суугаагүйгээс амьдралынхаа утга учрыг олж харж чадсангүй гэж үздэг байв. Гэвч соц нь өөрөө балраад уначихсан. Өнөөх илүүдэл хүмүүс бахь байдгаараа л үлдсэн.

    Харин “Галт шувуу”-гийн илүүдэл нөхдүүд яг ч зүв зүгээр суусангүй. Өнөөх хавиргыг улам тахийлгачихгүйг хичээгээд л дор бүрдээ тэмцээд, гэхдээ нэг тийм, хэзээ нэгэн цагт энэ муруй хавирга тэгшрээд сайхан болчихно гэсэн итгэлтэйгээр хичээцгээж байгаа нь нэг бодлын их эмгэнэлтэй.

    -Манай утга зохиолд ийм дүр бий юу?

    -Мэр сэр бий, бий. Д.Норов ахын “Тэжээвэр” туужийн Гөлгөө байна. Мөн чанар нь их төстэй.

    -“Галт шувуу”-гийн дүрүүдийг яриад байвал бишгүй их юм болох нь. Хадаа, Магсар гээд цаана нь өөр өөрийн өвөрмөц шинжтэй олон дүр үлдэж байгаа. Одоо хоёулаа “Галт шувуу”-г уншигчдад нь үлдээмээр байна. Гэхдээ нэг зүйл асууя. “Цагаан бороо” роман тань баримтат тулгуурласан бүтээл. Харин шинэ роман тань илүүтэй таны дурсамжтай холбоотой юу, цэвэр уран сайхны дүрүүд юм уу?

    -Мэдээж хэрэг үзсэн харсан, туулсан, эмзэглүүлсэн, баярлуулсан адал явдлуудаасаа л сэдэвлэж, санаа авна шүү дээ. Зуун хувь уран сайхны дүр гэж ер байдаггүй.

    -Унших явцад олон роман, зохиолч, мөн зураач, хөгжмийн зохиолчид, сод туурвилчдын нэрс хөвөрч байсан. Унших, зурах тал дээр бол таныг гадарлана. Харин та ямар хөгжим голдуу сонсдог вэ?

    -Тухайн үед буюу 1980-аад оны төгсгөлөөр ихэнх нь Алла Пугачёва, Высоцкий, Игор Скляр,  барууныхнаас “БониМ”, “Абба”, “МодернТокинг”-ийг сонсож, аянд нь бүжиглэдэг л байв. Би хувьдаа София Ротару, Лев Лешинко зэрэг поп дуучдыг илүү сонирхоно. Манай ангийнхан чинь шалныхаа модыг тэвэрчихээд “Мили она мили она мили она ал ихроз (Миллион, миллион, миллион алых роз)” эсвэл “Яамахо, яамахо, яамасөө (Youre My Heart Youre My Soul)” гээд л дэвхэрцгээсэн нэгнээ шоолцгооно. Харин романд бол дүрийн үзэл санаа, хандлагаас хамаараад нийтлэг бус арай өөр цөөнхийн сонсдог, тухайлбал Sabrina Salerno, Gianna Nannini зэрэг дуучид, хамтлагуудыг оруулсан.

    -Их л олон дуучид, сонгодог хөгжмийн зохиолчдын нэрс байсан даа. Вивальдийг тухайлбал тэр үед тэгж өргөн дэлгэр сонсдог байсан гэж үү?

    -Өргөн дэлгэр сонсдог байсан гэвэл түүн шиг худал үг байхгүй. Гэвч сонсдог нэг нь сонсдог л байсан. Тэр үед ганц л радиотой. Тэр радиогоор чинь “Сонгодог хөгжмийн цаг” гэдэг нэвтрүүлэг тогтмол явдаг. Түүгээр сонгодогуудын бүтээлийг ээлжлээд, гэхдээ их сайхан судалгаа тайлбартайгаар явуулдаг байлаа. Бас зураачид, зохиолчдыг. Мөн аймгийн төвийн номын дэлгүүрт Бизе, Вивальди, Чайковский, Мусорский, Бах, Бетховен, Верди гээд нөхдүүдийн улаан голтой том том пянзнууд тоосонд дарагдаад л хэвтэж байдаг байв.

    -Романд бас их олон сонгодог зураачдын нэрс байсан. Тэр бүхнийг заадаг, үздэг байсан уу?

    -Лав л дунд сургуульд заадаггүй байсан. Дүрслэхийн сургууль энэ тэр заадаг байсан байх. Гэхдээ тэр үед чинь хэвлэл, сэтгүүл гэж нэг гайхалтай юм байлаа. Уран зургийн л гэхэд оросын “Художник”, “Иллюстрация” гэдэг мэргэжлийн дагнасан сэтгүүлүүд захиална. Бас сэдэвчилсэн, эсвэл зураачдын дагнасан альбомууд ч хэвлэл захиалгын жагсаалтанд ирнэ. Их зураач Левитан, Серовын альбомыг тасарч унатал нь эргүүлсэн. Херлуф Бедструпийн бараг бүх зургийг хуулж зурсан даг.

    Гол нь “ЗХУ” гэдэг, А3 хэмжээтэй хачин сайхан өнгөт сэтгүүл байлаа. Тэнд уран зургийн тайлбарууд, сонгодог уран зохиол, зураач, зохиолч, хөгжмийнхний намтар гээд юм юм байна. Энэ сэтгүүл дээрээс Рембрантын “Даная”, “Гурван загалмай”, “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь”, Боттичелийн “Хавар” зэрэг зургуудын тайлбар, задаргаатай танилцаж, гайхан биширч байв. Энэ бүр 1983-84 оны явдал ярьж байна шүү дээ. Репиний зургууд, ялангуяа оросын их зохиолч Гоголийн “Тарас Бульба”-д зориулсан цувралуудад дуртай. Тэр зургуудыг хараад төсөөлөхөд ямар яруу сайхан ертөнц амилдаг байв аа. Мөн “ЗХУ” сэтгүүл дээрээс Андрей Платоновын өгүүллэгийг уншиж байсан. Буруу санаагүй бол “Үзэсгэлэнтэй бас ууртай хорвоод” гэсэн утгатай. Харин би хожим нь “Өчүүхэн дорой, өгөөмөр уудам ертөнцөд” гэсэн нэртэй өгүүллэгийн ном гаргасан. Өөр олон хэвлэлүүд ирдэг байлаа. “Шинжлэх ухаан амьдрал”, “Залгамжлагч”, “Спутник”, “Шахматы”, “Математика” гэх мэт. “Шахматы” сэтгүүл дээрээс их шатарчдын этюд сонирхож, хөлөг дээр өрж байгаад үздэг байв. Анатолий Карпов, түүнээс өмнөх бараг бүхий л их аваргуудын нүүдлийг үзсэн. Борис Спасский, Ботвинник, Михиал Таль, Алехин, Смыслов гээд. Мөн Боб, Капабланка ч орно.

    -Таны яриаг сонсохоор тэр үед ер нь мэдээлэл их нээлттэй байсан мэт. Гэтэл олон хүн эсрэгээр нь ярьдаг шүү дээ.

    -Тэр цагийг ер нь таг харанхуй байсан мэт ойлголт их хүчтэй түгчихсэн. Бүр нэг охин “Рембрантыг танилцуулж өгсөн ардчилалдаа баярлаа” ч гэх шиг, хөгжилтэй. Гэтэл би бүр 1983 онд Рембрантыг байтугай Кандинский, Монегийн альбомыг үзээд сууж байсан гэрч нь байна. Ер нь тэр үеийг таг харанхуй гэж үздэг хүмүүс хоёр янз байдаг. Нэг нь тархиа угаалгагсад, нөгөө нэг хэсэг нь өөрсдөө харанхуй, юу ч уншдаггүй, мэддэггүй хүмүүс байж. Тийм учраас л тэгж ярьцгаадаг юм. Юм сураагүйнхээ бурууг цаг үе рүүгээ чихдэг хүн олон доо.

    -Европын орны юм бүхнийг хорьж цагдаж байсан шиг л ярьдаг.

    -Хорих нэгийг нь хорьдог л байсан байх. Маркиз Де Садын бүтээлүүдийг хорьж байсан. Түүнээс биш бүхнийг үзүүлэхгүй, харуулахгүй байсан нь үгүй. 1989 онд санагдана, Гегелийн “Оюун санааны феноменологи”-г орчуулаад гаргачихсан, би уншиж ойлгох гээд бараагүй л юмдаг. Мөн Кантын “Бурхан байх үгүйн 10 баталгаа” ч бил үү нэг сонин ном байсан. Аристотелийн “Туурвил зүй”. Мөн Төмөрчөдөр гэдэг хүний “Эртний Грекийн сэтгэгчид” гээд нэг багашиг атлаа алт шиг сайхан ном гэх мэтчилэн олон сайхан бүтээл байлаа. 1970-80-аад онд манайхан гаднаас маш эрчимтэй маш олон төрлийн ном орчуулсан юм билээ. Жилд хэдэн мянгаар нь шүү дээ. Нийтдээ бараг 80 гаруй орон, үндэстний бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлсэн.

    -Тэр бүгд хааччихав?

    -Лав л тал хагас нь 1990-ээд онд хаягдал цаас болоод хил давсан, бас нэг хэсгээр нь гал асаасан. 1930-аад оны өнөөх улаан хувьсгалч, зүүнтний хэнээтнүүд шиг өмнөх үеийнхээ ололт дэвшилттэй талыг нь харах нүдгүй фанатууд тэр соёлын геноцитийг санаатай, санаагүй давтсан байдаг. Миний хүүхэд байхдаа дурлаж уншдаг байсан олон ном одоо олдохоо байсан. 

    -ТҮҮХЭН СУДАЛГАА БОЛ ТҮҮХЭН ЦАГ ҮЕИЙН ГАРЧИГ ТӨДИЙ-

    -Одоо хоёулаа сэдвээ өөрчлөх үү дээ. Таны шинэ роман “Цагаан бороо”-г тань давж чадах уу?

    -Борлуулалтын хувьд бараадахгүй.

    -Яагаад?

    - “Цагаан бороо”-д найман настан нь ч, наян настай буурал нь ч, мэдлэгтэй нь ч, мэдлэггүй нь ч уншчих, сонирхолыг нь татчих элдэв юмс бий. Уран сайхныг таашаадаг, хурц баримт сонирхдогт нь ч хүрнэ. Дээр нь бидний эмзэглэдэг сэдэв болох хятадтай холбоотой сэдвийг хурц хөндсөн. Гэхдээ худлаа дэвэргэж хөндөөгүй шүү. Бодит байдал нь л тийм юм. Би өмнөх ярилцлагууддаа илүүдүүлээгүй шүү, харин ч дутуу үлдээсэн юмс их байгаа гэдгийг нэг бус удаа хэлсэн. Цуглуулсан мэдээлэл бүхнээ чихэх юм бол энэ ердөө аймшигт аллага, хэрцгийллийн “хроник” болчихно.

    Харин “Галт шувуу”-нд тийм олон юм байхгүй. Хориодхон хоногийн л үйл явдал гардаг. Уйтгартай ч юм шиг урт яриануудтай. Гэхдээ дээр ярилцсан бас бус юмс бий.

    -Тэгэхлээр уран зохиолын шинжийн хувьд сүүлийн роман тань бичлэг болоод дүрийн хувьд чансаагаараа илүү гэж тодорхойлогдоно гэж үү?

    -Тийм. Зохиолын амин сүнс нь дүр. Өмнөх хоёр романтайгаа харьцуулахад дүрийг мэдрэмжтэй, амьд бүтээх талдаа хол ахисан. Өмнөх дүрүүдтэйгээ, тухайлбал Тэмүчинг, Цоохор Анандыг, Занаг Базарыг хайрлаж байгаагүйгээрээ би “Галт шувуу”-ны хоёр залууг хайрласан. Гашуудахад нь хамт гашуудаж, уйлахад нь хамт уйлж байгаад л бичсэн.

    -Аливаа урлаг, уран зохиол нийгэм, цаг үеийн толь байдаг гэж үздэг хүмүүс бий. Ялангуяа түүхэн романуудыг...?

    -Ямар түвшинд яаж бичсэнээс л шалтгаална. Цаг үеэ бүү хэл өөрийгөө ч тодорхойлох чадваргүй романуудын тухайд ийм яриа байх ямар ч боломжгүй. Өгүүлж буй цаг үеэ нүдэнд дурайж, үнэрийг нь ханхалтал бичдэг романууд бол бий. Толстойн “Дайн ба энх”, Хэнрих Синкевичийн “Күи Вадис”, Пруссын “Фараон”, Жованолийн “Спартак” гээд. Их Бальзак, Флобер, Стандаль, Ги де Мопассаны хүчирхэг реализмуудыг бол цаг үеэр тогтохгүй амьдрах гэж ядаж яваа хүн төрөлхтний үнэн дүр төрхийн толь ч гэж болно.

    Эндээс харвал түүхэн судалгаа бол түүхэн цаг үеийн гарчиг төдий. Учир нь тэндээс тэр цаг үеийн амьсгаа, зовлон шаналал, баяр бахдлын дуу хоолойг олж сонсоход хэцүү. Харин их туурвилчдын оюун санаанд хурсан мэдлэг, хараа, мэдрэмжээр бүтсэн романуудад тэр цаг үеийнх нь жинхэнэ мөн чанар дурайн тодорч байдаг.

    -Манайд тийм сайн түүхийг харуулсан бүтээл бий юу?

    -Хэдий үзэл суртлын нөлөө тодорхой хэмжээнд орсон ч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг нэрлэх боломжтой. XX зууны эхэн үеийн монголчуудын нийгмийн амьдрал, үзэл санааны зөрчил, хувь тавилан, алдаа оноо, ард түмний зан заншил, араншин төлөв, үзэл хандлага, ахуй хэвшил, зовлон жаргал нь толь мэт харагддаг.

    -“Цагаан бороо” романыг тань кино болгох хүсэл хүн тавиад та өгөөгүй гэх сураг дуулсан. Энэ үнэн үү?

    -Яахав, өгөөгүй нь ч юу байхав. Ганцаар тогтохгүй санал ирсэн үнэн. Ирж ч байна. Гэхдээ роман маань кино болохоор тэр олон үйл явдал, дүрүүд бүгд задарч таарч байна. Ганц ангид хураах боломжгүй. Тэгэхээр нэлээн ярвигтай болчихоод, би эргэлзээд л явна.  

    -Хүмүүс хийж чадахгүй гэж үү?

    -Өнөөдрийн дэлгэцэнд гарч буй кинонуудын, ялангуяа түүхэн бүтээлүүдийн түвшинг харахаар нэг л болохгүй байна. Дараа нь киногоо үзэж чадахааргүй юм болчихсоноос хийхгүй байсан нь дээр.

    -АМЬДРАЛД ЯАГААД Ч БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛСИЙГ Ч ИТГЭЖ ҮНЭМШТЭЛ НЬ, УЙЛТАЛ НЬ, УУРЛАТАЛ НЬ БИЧНЭ ГЭДЭГ УР ЧАДВАРЫНХ-

    -“Галт шувуу” романы тань санаа сэдэл хэдийгээс бүрэлдэж эхэлсэн бэ?

    -1980-аад оны сүүлчээр Гүржийн зохиолч Нодар Думбазегийн “Мөнхийн ёс” гэж романыг уншсан юм. Тэнд ер бусын өвөрмөц Марина гэдэг эмэгтэйн дүр цухасхан гарна. Тосгоныхон тэр бүсгүйг өөрөөр үзэхэд ганц хүү л түүнийг өмөөрдөг. Тэр сюжет олон жил бодогдоод л явсан. Яагаад гэвэл тэрийг уншаад ихэд эмзэглэсэн байна. Анхны сэдэл санаа гэвэл тэр мөн байх. Хэрвээ Думбазегийн уг романыг уншсан хүн байгаа бол нэг явдал тун төстэй гэмээр зурвасхан хэсэг байгаа. Тэгээд мэдээж дээр нь амьдралаар баяжсан.

    -Романы ихэнх хувьд харилцан яриа зонхилж байсан. Манайд орчуулагдсан Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” ч мөн дан харилцан ярианаас бүрдсэн байдаг. Та түүнээс бас санаа сэдэл авсан уу?

    -Авсан, авсан. Надор Думбазегийн романаас сэдэл авсан эмэгтэйн дүрийг хэрхэн бичих вэ гэж эргэлзээд яваад байсан юм. Эвээ олохгүй байлаа. Тэгээд Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” номыг уншаад яг ингэж бичиж болох юм байна гэж бодсон. Гэхдээ Үй Хуа шиг бол бичиж чадаагүй. Үй Хуа бол анзаарагдамгүй жижигхэн дүрийг хүртэл харилцан яриагаар товойтол урладаг.

    -Тэгэхээр зарим нь хуулаад биччихсэн юм байна шүү дээ гэж ойлгодог. Сэдэл, санаа авахыг та өөрийнхөөрөө тайлбарлавал...

    -Санаа сэдэл авах гэдэг нь дүрийг мэдрэх мэдрэмж, зохиолчийн дотоод ертөнцийг цочроож, зүйрлүүлбэл тогонд цохиулж байгаа шиг юм болж байна. Гүрж зохиолчийн романы тухайд тийм байсан. Харин Үй Хуагийн зохиолын хувьд гэвэл бичих аргазүйн аргачлалыг ингэж бичвэл санаагаа илүү тод гаргах боломжтой юм байна гэж бодсон хэрэг.

    -Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг М.Шолоховын “Дөлгөөн Дон” романаас хуулсан гэж үздэг хүмүүс мэр сэр байдаг.

    -Одоо ёстой заяа нь л юм даа, тийм ээ. “Дөлгөөн”-ийг нь “Тунгалаг”, “Дон”-ыг нь “Тамир” болгосон ч гэх мэт. Энэ бол санаа, сэдэл төдий. Хуулбар бол биш. Эрдэнэ бол бүхий л талаараа монгол хүн. Бас Төмөр, Долгор, Дулмаа, Галсан, Итгэлт гээд мөн чанараараа монгол хүмүүс, монгол ахуйдаа, монголоороо сэтгэж, монголоороо жаргаж, зовж байна. Харин нөгөө талд Григорий, Аксинья, Петр, Натали, Дуняшки, Степа, Михаил Кошевой бүгд орос хүмүүс, тодруулбал козак мөн чанар. Үйл явдал нь тэс өмнөө. Яаж бодохоороо тийм гаргалгаа гаргадгийг лав л эрүүл ухаанаар би лав огтоос ойлгохгүй. Тэгэхээр энэ мэт элий юмсыг зөнд нь хаях хэрэгтэй.

    Ер нь нэг нэгнээсээ санаа сэдэл авах зүйлс уран зохиолын ертөнцөд түгээмэл байдаг. Бас “Залгих” гэж нэг ойлголт байна. Акулууд жижиг загасаа залгидгийн адил том уран бүтээлчид бусдынхаа хагас дутуу илэрхийлээд, зэрэмдэглээд хаячихсан дүр, санааг шүүрч аваад, тодруулан тордож амьдруулдаг нь ч байна. Зарим тохиолдод хаа нэгтээ уншиж байсан оновчтой мөртүүд, ялангуяа шүлгийн мөрүүд зүрхэнд тэр чигтээ хадагдаж үлдээд, яг тэр мэдрэмжтэй нь адил зүйлсийг илэрхийлэн бичиж байх үед зөнгөөрөө бичигдчихдэг тохиолдлууд ч байдаг. Анзаарах нь ч байна, анзааралгүй тэр чигт нь явуулчих нь ч бий.

    Тэгэхээр өөр уран бүтээлчдийн бүтээл туурвилаас санаа сэдэл авна гэдэг бол тэр зохиолчийнхоо мэдрэмжээр өдөөгдөн сэрж буй дотоод мэдрэмжийн үйл явц болж л таараад байна даа.

    -Мэдээж номыг тань уншихад учир шалтгаан нь тодорч байсан. Гэхдээ яагаад заавал үнсэн дундаасаа дахин амилах галт шувуугаар бэлгэдэж номын нэрийг өгсөн бэ, манайд ер нь ийм төрлийн бэлгэдэл бүхий эргэн амилдаг домгийн дүр, зохиол байхгүй юу?

    -Тийм домог зүй, дүр, агуулгатай монгол зохиолыг би сайн мэдэхгүй юм. Д.Норов ахын “Тэжээвэр” туужийн Гөлгөөгөөс өөр шүү дээ. Тэр нөхөр Гөлгөө бол амьдралыг нэлээд өвөрмөц, өөр түвшинд хардаг. Тэр хэмжээгээр орчлонгийн хамаг ачаа ноогдож, ганцаардсан чоно шиг аашилж явдаг. Хүнд ачаа үүрэх боловч ялархахгүй, сөхрөхгүй, хэдий амьдрал, орчин нь тэр хүнийг ганцаардал руу чиглүүлж, гарыг нь хүртэл тасдаж байгаа ч тэр яаж ийгээд л зогсоо үлддэг. Харин дэлхийн уран зохиолд олон бий дээ. “Овод” байна. Үнэт зүйл, үйлдэл нь арай ядмаг боловч Эдмон Дантес ч нэг л төрлийн Галт шувуу мөн.  

    Харин миний романы гол дүр Цолмон бүсгүй Намхайд “Чи их зовох байх, чам шиг хүмүүс их зовдог юм гэнэлээ” хэмээн санаашран зовинож байна. “Гэхдээ хэчнээн давтагдаж дарагдсан ч босоод ирэх хүн шүү, галт шувуу шиг байна шүү” гэж бас захиж, зоригжуулж байгаа. Өөрөөр Галт шувуутай холбоотой үг, өгүүлбэр байхгүй. Харин хоёрдугаар боть дээр л Галт шувуу гэдэг утга нь илүү тодорч гарах байх. Үйл явдал дөнгөж эхэлж байгаа.

    -Ихэнх уншигчид зохиолын дүрийг туурвилчтай нь шууд хамаатуулж ойлгох гээд байдаг. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

    -Өөрсдийнхөө амьдралыг бараг тэр чигт нь биччихдэг уран бүтээлч байдаг. Н.Островскийн Павел Горчагин бол зохиолчийн шууд хуулбар. Гэхдээ нэлээн гоёчилж, алдааг нь дарж өгүүлсэн. Эхнэрийнх нь болон бусад хүмүүсийн дурсамжийг харахаар сүүдэртэй, зөрчилтэй зүйлсээ романдаа тэр бүр тусгаагүй. Н.Островский зөрчилтэй дотоод мета ертөнц рүүгээ Кафка шиг гүн орж чадаагүй. Гэхдээ л түүний роман бол хэдэн арван сая залуусыг урамшуулж, бадрангуй сэтгэлийг нь хөдөлгөж чадсан бүтээл л дээ. Цаг үе нь тийм юм. Сая дурдсан Кафкагийн зарим зохиолын дүр нь өөрийнх нь дотоод ертөнц тэр чигээрээ л тууж явдаг шүү дээ. Ийм жишээ олон. Гол дүр биш юм аа гэхэд ямар нэгэн жижиг дүрд хүртэл зохиолч өөрийгөө шингээчих нь байна.

    Ямар ч зохиолчийн бүтээсэн дүрүүд зохиолчийнхоо зан араншин, үзэл бодлын ямар нэгэн шинжийг заавал тусгасан байдаг. Тод жишээ нь Виктор Хюго. Түүний өвөрмөц давтагдашгүй содон оргилуун араншин, романтик бадрангуй зан чанар, тэмцэгч шинжүүд нь романых нь олон дүрээс тод харагддаг шүү дээ. Бүр бөгтөр Квазимодод нь хүртэл шингэчихсэн байдаг.

    Хюго гэснээс миний хамгийн хайртай зохиолчдын нэг. Учир нь бидний таашаадаг, гутардаг юмс нэг. Түүнтэй дотоод ертөнцдөө их ойрхон байгааг мэдэрдэг.

    Ер нь хүн сайн мэддэг юм аа сайн бичдэг. Огт мэдэхгүй юм аа яаж бичих вэ дээ. Тэр дундаа уран сайхны дүр оргүй хоосноос биежихгүй. Тухайлбал, Чингис хаан юм уу, Хүннүгийн үед амьдарч байсан нэг хүний тухай бичлээ гэхэд заавал өөрийнхөө мэдэх ямар нэгэн тодорхой хэв шинжийг дээр нь нааж байж бүтээнэ. Тэгэхээр энэ зохиолын дүрүүд ямар нэгэн байдлаар миний уншсан, үзсэн, нүдээр харсан, заримыг нь биеэрээ туулсан зүйлсээс ургаж гарчээ.

    -Романд тань тухайн цаг үеийн хэллэг болоод нутгийнхны хар яриа ч бишгүй дээ л байсан. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?

    - Дурсамж руугаа нэвтрэхээр өөрийн эрхгүй тэгээд биччих юм. Тэр үед амьдарч байсан хүмүүс, дүрүүд тухайн үеийнхээ яриагаар л харилцана уу гэхээс орчин үеийн яриагаар ярина гэж үгүй. Би мэддэг цаг үеэ, ярилцаж байсан хэл хэллэгээ л сэргээн бичнэ. Харин энэ цаг үеийн дүрийг бичиж буй бол тэр дурсамжнаас өнөө ашиглагддаггүй үг босгож ирэх шаардлагагүй.

    Харин мэдэхгүй буюу зуун жилийн өмнөх үйл явдлын талаар бичихэд тухайн үеийн уур амьсгалыг ядахдаа л мэдрэх шаардлагатай. Чингис хааны үеийн хишигтэн цэргүүдийн яриаг энэ цаг үеийн бааранд сууж буй залуусын яриа шиг буулгаж болохгүй. Тэгвэл тухайн цаг үе мэдрэгдэхгүй, үнэртэхгүй. Тэгэхээр зохиолчид оюун санаа дотроо тэр ертөнцийг нь ямар нэгэн байдлаар бүтээхээс өөр аргагүй болдог. Хэр цогц бүтэн ертөнцийг бүтээнэ тэр хэмжээгээр зохиол үнэ цэнэтэй, уран сайхантай, үнэмшилтэй болдог. Ер нь үнэмшүүлнэ гэдэг маш чухал. Энэ амьдралд яагаад ч байж боломгүй зүйлсийг ч итгэж үнэмштэл нь, уйлтал нь, уурлатал нь бичнэ гэдэг ур чадварынх.

    -Хувь хүний эр зориг, гоо зүйн талаар дэвшүүлсэн ойлголтууд романы гол дүр болох Намхайн үзэл бодол, түүнийгээ илэрхийлж буй үйлдэл, дурсамжаа санагалзах дотоод монологоос ч нэвт харагддаг.

    -Романы дүр бол амьдралд дөнгөж хөл тавьж байгаа арван зургаатай хүү. Ахуй нөхцөл, түүхэн цаг үе нь хувь хүний төлөвшлийг бүтээдэг. Зохиолын гол дүр нэлээд юм эрж хайсан, сонирхсон, хөдөлгөөнтэй, өөрийнхөө ертөнцийг бүтээх эрэлдээ хэдийнээ гарчихсан нөхөр. Дотор нь гоо зүйн ойлголтууд сэм сэмхэн цухалзана. Тэр бишгүй л ном уншсан, бас янз бүрийн араншинтай хүмүүстэй маш идэвхтэй харьцдаг. Тэгээд дотор нь үүсэж, бүрэлдэн ядаж байгаа үнэ цэнтэй юм аа эвдлүүлж, нураалгахгүй хамгаалж, авч үлдэх гэж болгоомжгүй, гэнэхнээр боловч хурц зоримог, омголон оргилуун тэмцдэг. Өөрийгөө яг тэр өсөж өндийж байгаа хэвээр нь, үнэ цэнтэй нь авч үлдэх гэсэн гэнэхэн оролдлогуудыг удаа дараа гаргана. Хачирхалтай нь хүрээлэн буй орчин, нийгэм ихэнхдээ хүүгийн дотор өсөж, нахиалж байгаа үнэ цэнийнх нь яг эсрэг байгаад байна. Тиймээс л Цолмон түүнийг их ачаа үүрч зовох байх хэмээн зовинодог шүү дээ.

    -Ер нь бид гоо зүй гэдэг ойлголтыг орчин цагт хөсөр хаячихаад байна уу?

    -Энэ цаг үед гоо зүйн тухай ойлголтыг ярихаа байчихсан. 90 оноос өмнө их сургуульд Марксист гоо зүйн хичээл заавал ордог байсан. Марксист нь илүү байх. Гоо зүй, түүний язгуур зарчим, үнэ цэн бол байдгаараа л байгаа. Учир нь энэ чинь байгалийн жам, хууль. Гоо зүйн ойлголтгүйгээр хүн төрөлхтний оюун санаа, урлаг оршин тогтнохгүй. Уг суурь нь юм. Юуг сайн, юуг муу гэдгийг ялгаж заагласан язгуур ойлголт. Сайн сайхныг таашаадаг хүний төрөлхийн дотоод мэдрэмж, эгээрэл хүсэл байна. Түүнийг яаж ч дарж чадахүй.

    Соц үед үзэл суртлын догмагаар гоо зүйг хайрцаглаж, тулгасан хандлага байсан. Одоо тэр хайрцгаас гарч чөлөөтэй боллоо. Гэтэл харин мартчихсан. Мартуулсан гэвэл зөв байх. Мэдээж хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үнэлэмжтэй. Гэвч хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, тухайлбал хайр, өрөвдөл байна. Энэ чинь байгалийн хууль. Мөнхийн юм. Зохиомол, хэн нэгэн бодож олсон юм ч биш, цаг зуурын ч юм биш. Хэрвээ зуун жилийн дараа гоо зүйн суурь зарчмууд өөрчлөгдлөө гэвэл тэр магадтайяа хүн төрөлхтөн дампуурч, сүйрэх зам руугаа шуударчихсаны л илрэл. Достоевскийн үг бий шүү дээ, “Ертөнцийг гоо сайхан аварна аа” гээд. Энэ чинь гоо сайхны бараа, гоёж гооддог царай, биеийн тухай асуудал биш. Харин сайн сайханд тэмүүлдэг хүний төрөлхийн дотоод мөн чанар нь л хүнийг хүн хэвээр нь авч үлдэнэ гэсэн санаа шүү дээ.

    -БУСДЫН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ ЯГ ӨӨР ШИГЭЭ МЭДРЭХГҮЙ БОЛ АМЬД ДҮР БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ-

    -Та Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Танай аймгаас Монголын их уран зохиол, нийгмийн сэтгэлгээнд томоохон нөлөө үзүүлсэн сэтгэгчид төрсөн. Ч.Лодойдамба, М.Цэдэндорж, Л.Түдэв, Д.Норов, С.Пүрэв, Т.Очирхүү, С.Лочин, одоо ид бүтээлээ туурвиж яваа Б.Баясгалан, Х.Нямхишиг гээд цааш хөврөнө. Тэр их уулс, говийн дайдаас оюун санааны мундгууд олноор төрөн гардаг нь ямар шалтгаантай юм бол...

    -Увсынхантай бөхөөр ямар ч аймаг эгнэхгүй. Архангай, Хөвсгөл хоёр жаахан дөхнө. Яг түүн шиг Говь-Алтайнхан зохиолч, оюуны хүмүүсээрээ бусад аймгуудаас тасарчихсан. Тийм үг бий. “Говь-Алтай  гурван сайн, гучин дунд, гурван зуун муу зохиолчтой” гэж.

    Говь-Алтай их өвөрмөц тогтоцтой. Нэлийсэн тал явж байснаа адууны дэл шиг уулс гараад ирнэ. Зарим нь өндөр, цавчим гэж жигтэйхэн. Уулыг даваад харвал дахиад цэлийсэн говь. Их говийн цаана дахиад сундалдсан юм шиг хөх уулс. Дан говь, дан уулс биш. Байгалийн эсрэг тэсрэг дүр, үзэмжүүд богино зайд ээлжлэн солигдож байна. Энэ нь хүний мэдрэмжийг олон өнгө аястай, баялаг болгодог байж магадгүй л юм.

    Ажиглаад байхад уултай цавчим газрын хүмүүс хурц түргэн зантай, омголондуу. Дуу нь хүртэл өөр, уулынхаа оройд хүргэх гэж байгаа юм шиг огцом түргэн аялгуутай. Гэтэл тал нутгийнхан тэс ондоо. Намуухан, дөлгөөн, омголон зан багатай. Байгалийн тогтоц өөрөө хүний зан араншин, дуу авианд хүртэл нөлөөлж байна шүү дээ. Алтайд харин энэ хоёр шинж нэг хүнд цогцлох боломж байна.

    Заг, хар мод хоёр бие биенээ хардаггүй гэсэн эртний үг байдаг. Гэтэл манай нутагт уулын ард сүглэгэр их хар модон ойн хормойгоос хэдхээн километр яваад л заган шугуй руу орчихно. Бид гурван мянган метрийн өндөрт хөвөнтэй дээлтэй давхиж явснаа ганц, хоёрхон цагийн дотор халуу нуугисан говийн хээлд ороод ирнэ.  

    Хоёрт нь миний ажигласнаар зохиолчид голдуу том хайрхдаа бараадаж төрдөг. Жишээ нь Сутай хайрханы урд тал руу Т.Очирхүү, Ш.Шажинбат, жаахан зүүншээ Дарвийн нуруу талдаа  С.Пүрэв, С.Лочин гээд, Алаг хайрханыг тойроод Д.Норов, З.Гүнсэн, Д.Жамъяан, Д.Галсан, Б.Галаарид, Б.Баясгалан, Х.Нямхишиг гээд байгаа.

    Хантайшир бас нэг том голомт нь. Яг голд нь төрсөн хүн Л.Түдэв, урд талынх нь Бурхан Буудай уулын хойд суганд М.Цэдэндорж төрсөн байна. Хойт үзүүрт нь Ч.Лодойдамба, тэгээд Хантайшираа тойроод зөндөө олон л доо. Н.Нагаанбуу, Х.Чилаажав, М.Эрдэнэбат, Р.Эмүжин, Б.Эрхэмбаяр гээд л хөвөрчихнө. Уул усны эрчим энерги юм уу, нэг тийм юм байж магадгүй. Өөр бас юмс ч байж болно. Тийм гэж хэлэхэд хэцүү.

    -Та одоо ид туурвиж яваа үеийн уран бүтээлчид болоод шинэ залуу үеийнхнээ хэр сайн уншдаг вэ?

    -Бүгдийг нь уншиж амжихгүй, цаг зав гарахгүй юм даа. Д.Энхболд ах, Т.Бум-Эрдэнэ, Г.Аюурзана, Н.Бадамжав, Л.Өлзийтөгс нарын бүтээлүүдийг ер хажуугаараа өнгөрөөчихгүйг хичээдэг. Нээрээ ингэхэд ахмадууд маань их цөөрсөн байна шүү. Хэдхээн хүн нэрлэхээр үлдэж, тэдний маань ихэнх нь сууцгаачихаж. Дараачийн буюу бидний яг дээд үеийнхэн ч Д.Энхболд ах тэргүүтэй хэдхээн хүн байна. Нэг л мэдэхэд ахмадуудын маань нөмөр нөөлөг нь эрхгүй үгүйлэгдэх болоод ирдэг юм байна. Энэ чинь маний үеийхэнд тэр нөмөр нөөлөг болдог ачаа удахгүй ирэхийн дохио. Амаргүй, хүсээд, тэмүүлээд байх ч юм биш.

    Залуусаас Тө.Бямбасүрэн, Мө.Батбаяр, Б.Баясгалан, Х.Нямхишиг, Хөвсгөлийн П.Майнбаяр, Ц.Гончиг гээд алийг нь хэлж барах вэ? Заримдаа дотор нь төөрөлдчихдөг. Та нарын үеийнхний бичлэг бидний үеийнхнээс өөр, өвөрмөц болсон. Уламжлалт хэв маяг их өөрчлөгдөж байна.  

    -Тэр өөрчлөлт нь зөв үү, буруу юу?

    -Ямар хэв маягаар бичих нь тийм ч чухал биш юм. Мэдрэмжээ хүчтэй, оновчтой илэрхийлэх нь чухал. Зарим нь уянга, хэмнэл алга гээд шүүмжилж байгаа харагддаг. Тэр бол хэлбэр шүү дээ. Мэдрэмж, эмзэглэл хоёр л суурь нь, амин сүнс нь юм. Би Тө.Бямбасүрэнгийн шүлэгт их дуртай. Толгой мөр холбоогүй, хайрцаглаагүй энгийн бичлэгээс нь хүнийг хайрлаж чаддаг, ойлгож чаддаг яруу найрагчийн хүчирхэг атлаа эмзэг зүрх лугшиж байгаа нь мэдрэгддэг. Мө.Батбаярын шүлэгт тэр уянга, сэрэл мэдрэмж, ур хангалттай байдаг.

    Хэчнээн сайхан мөр толгой холбож, эгшиг үе тааруулж, хэмнэлтэй бичсэн ч мэдрэмж нь байхгүй бол хоосон ваар төдий.  

    Хэв маяг ярих юм бол миний таашаадаг, угжуулж өссөн Байронист маягийн бадрангуй, оргилсон, хурц хүчирхэг сэтгэлээтэй яруу найраг энэ цаг үед ёстой харь гаригийнх шиг л байна. Би энэ таашаал шалгуураараа залуусын бүтээлд хандах аваас ёстой хачирхалтай юм болно шүү дээ. Залуус Байронист маягийн яруу найргийг таашаах боломж нь маш бага, бараг тэгтэй тэнцүү. Залуучууд муу, эсвэл сайн байгаадаа биш, цаг үе нь өөр болчихсон.

    -Залуу үеийнхэнд зохиол бичихэд юу дутагдаж байна вэ?  

    -Амьдралын туршлага, эр зориг хоёр л дутагдаад байна уу даа. Залуучууд сайн ч уншиж, бичиж байна. Гэтэл бусдын зовлон жаргалыг яг өөр шигээ мэдэрч чадахгүй бол амьд дүр бүтээж чадахгүй. Үүнд чинь л амьдралын туршлага чухал. Амьдралын туршлага гэдэг чинь хар ухаан төдий биш, харин уйлж дуулж, цөхөрч мухардаж, шаналж зовж үзсэн эмзэг нандин зүрх сэтгэлийн туршлага юм.

    Хүлэг баатрууд хэчнээн тулаанд орсныг нь гэрчлэх нүүрэн дэх сорвиороо бахархдаг шиг зохиолч уран бүтээлчид зүрх сэтгэлийнхээ шархаар бахархдаг. Тэр хэмжээгээр бичих, илэрхийлэх чадвар, мэдрэмжтэй болж, бахдал хүчээ мэдэрдэг. “Ертөнцийн зовлон яруу найрагчийн зүрхэн дундуур гардаг” гэж үг байдаг шүү дээ. Энэ ертөнцийн зовлон гэдэг чинь бидний дунд нь аж төрж буй хүмүүсийн л зовлон.

    Навчис, салхины урсгал, сэрчигнээн, өнгөний дундаас цагийн урсгалыг мэдэрч бичих нь ч байна. Гэхдээ л цаад мөн чанар нь адилхан. Зовлонг жаргалд, жаргалыг зовлонд урвуулж мэдрэх ч бас мөн чанар нэг.

    Зарим тохиолдолд энэ хүн зоны хуран үймээн, бужигнаан байж боломгүй абсурд санагдаж магад. Түүнтэй зууралдана гэдэг өөрийгөө тэнд гинжлээд, гарах гарцгүй болгож буйтай адил мэт. Гэвч тэр гинжийг найрагчийн эмзэглэл тасар татаж буй мэдрэмж л хүчирхэг онгодыг, урам зоригийг хайрлаж буйг ойлгоно.

    Диян хийгээд, өөрийнхөө мэдрэмжийг тэмтрэн бичих хүмүүс бий. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ бодит ахуйг танин мэдсэн гэхээс илүүгээр захыг нь ч сөхөж харалгүйгээр зугтаагаад явчихсан байдаг. Хуучны хөгшчүүл хорвоог гэтэлсэн хүн гэж ярьдаг байлаа. Хорвоог гэтэлж таниад, дияан бясалгалд мэдрэмжээ тэмтэрч буй бол жамаараа явжээ. Харин алгасаад диянчилчихаж байгаа хүнээс олигтой бүтээл гарахгүй. Туршлага тийм чухал.

    -Тэгвэл зохиолч болоход бэлтгэх сургалт, боловсрол энэ туршлагыг орлож чадахгүй гэж хэлээд байна аа даа?

    -Хүнийг, хүний ертөнцийг ойлгож чадах гүн гүнзгий мэдрэмж байхгүй бол тэрийг мянган сургалтаар нөхөх боломжгүй. Нэг байг чулуу шидээд онох хэрэгтэй болжээ. Гэтэл нэг нөхөр онохгүй ч, хаа хамаагүй давуулаад шидээд байна. Харин хоёр дахь нөхрийн чулуу яг ономоор чиглэх авч хүч нь хүрэхгүйгээс наана нь унаад байна.

    -Энэ хоёрын хэн нь байг онох боломжтой вэ?

    -Хоёр дахь нөхөрт байг онох ямар ч боломж байхгүй. Хэчнээн уртай, эвтэй, оновчтой шидэх авч нэгэнт бяр нь хүрэхгүйгээс хойш байнд тусахгүй. Харин тэр хаа хамаагүй давуулж, тэнэтэл шидээд буй нөхөрт л байг онох боломж бий. Түүнд зөвхөн дадлага туршлага, сургалт хэрэгтэй. Ур чадвар эзэмших хэрэгтэй. Тэгсэн цагт хэзээ нэгэн цагт байг онох л болно.

    Тэгэхээр мэдрэмж, өгөгдөл байхгүй бол мянган сургалт нэмэргүй. Горький төгссөн нөхдүүд байж л байдаг. Яг уран бүтээлдээ үнэнч үлдсэн нь цөөхөн. Олонхи нь өөр салбарт цохиж явдаг. Их сайндаа орчуулга хийнэ. Өөр салбарт хамгийн амжилттай яваагаас Анандбазар бензин болоод улс төрийн наймаачин болсон байна.

    Мэдрэмж өгөгдөл нь байвч сургалт, дадлага байхгүй бол ийш тийш тэнэж цохисон нэг эргүү явж л байх болно. Тэгэхээр хоёр дахийг нь ч бас ор тас үгүйсгэж болохгүй.

    -Сайн зохиол бичихэд эр зориг дутагддаг тухай та сая дурдсан. Түүнээ тодруулахгүй юу?

    -Санаа зориг хүрсэн газар л чадал хүрдэг юм шүү дээ. Том бүтээлд, том зорилгод зориглож зүтгэхгүй бол ямар ч олигтой бүтээл гаргахгүй.

    -Та зохиолч Тодко Самсоны анхны номын редактороор ажилласан. Түүний бүтээлүүд мэргэжлийн хүрээнийхнээс ихээхэн шүүмжлэл хүртдэг. Харин таны хувьд...

    -Тодко маш их хөдөлмөрлөдөг, их бүтээлч. Хэдхэн жилийн дотор хэдэн роман, тууж, шүлэг, нийтлэлийн ном, бүр олон ангит болон нэг ангит кино, тэгээд жүжиг тавиулчихаж байгаа юм. Ийм их бүтээмжтэй байдагт нь би лав атаархдаг. Тодког шүүмжилж байгаа хүмүүс түүний энэ хөдөлмөрч чанарыг ядахдаа хүндлэх хэрэгтэй.

    Мөн тэр цаг үе нийгмээ танин мэдэх гэж эрж хайдаг, ухдаг. Ул суурьтай анализ, дүгнэлт хийдэг. Түүнээ бүтээлдээ тусгах гэж хичээдэг. Харин манай залуусын нэлээн хэсэг нь зөвхөн мэдрэмжээ л бүүвэйлээд, нэг тийм өөрийгөө аргацаасан, өрөвдсөн юм бичээд л гүйгээд байна. Цаг үе, нийгмийнхээ тухай бүр “А” ч үгүй тууж явдаг, тийм гэдгээ ч мэддэггүй. Их сайндаа нэг хараачихна.

    Тодкод шүүмжлэх юм бий бий. Ур, мэдрэмж илт дутагддаг, бас баахан бараан талдаа. Гэвч тэр хичээл зүтгэл, оролдлогоос ямар нэгэн үр унаад байна. Бага багаар урагшлаад л байна. Сүүлд “Нэгэн зуны цэцэг” жүжгийг нь үзсэн. Шүүмжлэх, өөлөх юм бий ч бас магтах юм нь бишгүй. Тэр цаг үеийнхээ эмзэг сэдвүүдийг, түүний цаад учир шалтгааныг олж хараад гогдон гаргаж чадаж байна. Гэтэл залуусын нэлээн хэсэг нь юун учир шалтгаан, бүр сэдэв ч үгүй л тууж явна. Тэр нийгмийн амьдралын бодит үнэнтэй халирахгүй нүүр тулдаг, харин манай залуусын нэлээн хэсэг нь зүгээр л зугтаачихдаг, бүр ойлгохыг ч хүсдэггүй. Ялгаа бас байна аа.

    -Уран зохиол, хүний нийгэм хоёр хоорондоо зөрчилддөг үү?

    -Уран зохиолын гол мөн чанар-яруу сайхны мэдрэмж цаг үетэйгээ мөнхөд зөрчилдөж ирсэн. Уран зохиолд илэрдэг хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл бодит байдалтай мөнхөд зөрчилдөнө.

    Хэдий их зөрчилтэй байх тусмаа нийгмээ өөрчилж түлхэж ирсэн, тийм зүй тогтолтой. Учир нь уран сайхны сэтгэлгээ өөрөө хүн төрөлхтний хөгжлийн нэгэн том хөдөлгүүр. Цаг үедээ сэтгэл хангалуун байж ирсэн томоохон уран бүтээлч ховор. Жишээ нь Бальзак байна. Хүн төрөлхтний эмгэнэлт явдал гэсэн цуврал арван роман бичих гээд гүйцээж чадаагүй. Тэр хүн төрөлхтний эмгэнэлт тэнэглэлийг шоолоод байна шүү дээ. Шоолж буйнх нь цаана гүн шаналал, харуусал байдаг. Эмзэглэл харуусал нь агуу роман бичүүлж байна.

    Достоевскийн зохиолууд ч тийм. Энэ зөрчил нь оюун санааны шинэ танин мэдэхүй, орон зай, тэлэлт рүү хүн төрөлхтнийг хөтлөн дагуулж ирсэн.

    -АЗ ЖАРГАЛТАЙ ӨНГӨРӨӨСӨН ҮЕЭ БИ ЯАЖ МУУЧЛАХ ВЭ? -

    -Та асуудал дэвшүүлсэн нийтлэл, сурган хүмүүжүүлэх арга барил зэрэг гээд нэлээдгүй өргөн сэдвийг хамарсан тус тусын агуулгатай олон ном хэвлүүлсэн. Заримдаа сэтгүүл зүй болоод уран зохиолын бичлэгийн арга барил тань хоорондоо сүлэлдэх явдал гардаг уу?

    -Гаралгүй яахав. Сэтгүүл зүйн салбарт 1995 оноос ажиллалаа. Уран зохиолын бичлэгт маань сэтгүүл зүйн бичлэгийн өнгө аяс нэг л мэдэхэд шургачихсан байх нь бий. Жишээ нь “Цагаан бороо”. Хэрвээ чи анзаарсан бол “Цагаан бороо”-гийн аль ч хэвлэлийн эхний хуудсанд тууж юм уу, роман юм уу гэдгийг тодорхойлсон ямар ч үг байдаггүй. Уг нь, нийтлэл, тэмдэглэл, өгүүллэгийн түүвэр, роман гэх мэтээр үг байдаг даа. Бичиж дуусчихаад эргээд харсан чинь би л лав өөрөө ийм тийм гээд тодорхойлчих боломжгүй уран зохиолын ч, хууч ярианы ч, сэтгүүл зүйн ч, баримтын ч гээд юм юмны холимог болчихож. Тэрийг тодорхойлох нь миний ажил биш, орхичихсон.

    Хэмингуэй эхэн үедээ сэтгүүлч байсан. Гэхдээ бүтээлүүдэд нь сэтгүүл зүйн барил хүчтэй тусаагүй. Тэгэхээр хүн хүнээсээ хамаардаг байж мэднэ.

    -Монголчууд түүхээ яг жинхэнээр нь судалж, таньж мэдэхгүй хий хоосон бардамнаж, сагсалзаад байна гэдэг. Жишээ нь Тангадын Мандир гуай бол эх түүхээ гаргуун судалснаас гадна түүхэн дүрүүдийн үзэл санаа, үйл хөдлөлийг уран сайханжуулан “Хорин нэгэн хөрөг” хэмээх ном бүтээсэн. Тэгэхээр бид түүхийг уншиж мэдэхээс гадна юуг нь илүүтэй ухаж, хүмүүст хэрхэн хүргэж учиртай гэж боддог вэ?

    -Мандир ахын “Хорин нэгэн хөрөг”, “Саран зэв”, мөн талийгч Санчар ахын “Тооноор тольдогч сүүлт од” зэрэг бүтээлүүд бол манай монголын түүхэн уран зохиолын үлгэр жишээнүүд. Учир нь эдгээр бүтээлүүдээс өгүүлж буй түүхэн цаг үеийнх нь цуурай тод сонсогддог. Мөн чанар нь дурайж, баатруудын нь бардам бахдал, эрч хүч мэдрэгддэг. “Түүх бол өнгөрсөн рүү харсан зөнч юм” гэсэн үг бий. Түүхээс бид тэр ирээдүйгээ зөгнөсөн зөнг нь л олж хардаг, ухаж гаргадаг, хүмүүст хүргэдэг байх хэрэгтэй. Дээрх хоёрын зохиолоос энэ зөн мэдрэгддэг шүү.

    -Түүхийн аль нэг цаг үед очиж үзэхсэн гэж бодож байв уу?

    -Болдогсон бол бүхий л цаг үед, дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд очиж үзэх сэн. Ер миний сониуч зангийн шуналд хэмжээ хязгаар байхгүй юм даг. Өнгөрсөн бүү хэл ирээдүйд ч очмоор байна.

    -Бүр яг тодорхой он цагийг сонго гэвэл?

    -Хүй нэгдлийн төгсгөл буюу хожуу чулуун зэвсгийн үе. Бас Их хааны үе.

    -Яагаад?

    -Хүй нэгдлийн овгийн задралын үед овог отгын уламжлалт үнэт зүйлс хэрхэн задран унаж, түүнийгээ авч үлдэх гэсэн эрмэлзэл, тэмцэл яаж өрнөж байсан нь, Төр гэдэг ойлголт, механизм яаж шинэ үзэл санаа болсон нь сонирхолтой. Харин Их хааны үе бол гайхамшигтай бадрангуй, оргилуун үе. Муу цаг үед эзэн хаан байснаас Их хааны үе шиг тийм яруу сайхан цаг үед нэг муу аравтан явах нь илүү сайхан, бахтай л даа.

    -Та Хүй нэгдлийн үеийн үнэт зүйлийн тухай сая дурслаа. Ер нь та социализмыг муу хэлэхдээ их дургүй. Гэхдээ 1990 оны хувьсгал байгаагүй бол чөлөөт сэтгэлгээ, эрх чөлөө хэрхэх вэ, та яагаад хувьсгалын дараа хүн төрөлхтөнд итгэх итгэл алдарсан гэж хэлсэн бэ?

    -Социализмыг муу хэлэхгүй байх хэд хэдэн үндэслэл бий. Нэгд, хувийн шалтгаан байна. Миний бага, идэр нас соц үед хөдөөгийн сумын төвд, эсвэл зуны цагт Хантайширийн нурууны цэцэгт нугад айх ичих, гачигдаж дутагдах юмгүй, аз жаргалтай, санаа амар, эрх зоргоороо, гэрэл гэгээнд булхаж өнгөрсөн. Бөөн бөөн адал явдал. Георгий Гулямын “Дүрсгүйтэж явсан минь” романд гардаг шиг л... Тэр аз жаргалтай өнгөрөөсөн үеэ би яаж муучлах вэ?

    Удаад нь нийгмийн шалтгаан байна. Алдаа, оноотой ч социализмын он жилүүдэд бид түүхэн том дэвшил хийж чадсан юм. 1900-аад оны эхэн үед ямаршуухан байдалтай байснаа 70 жилийн дараахтай харьцуулж харах юм бол улс оронд байдаг бүхий л юмтай болж чадсан байдаг. Эрүүл мэнд, боловсрол, их дээд сургуулийн систем, Шинжлэх ухааны академи, 300 гаруй их бага суурин, холбоо шуудан сүлжээ, хэвлэл мэдээлэл, уул уурхай, барилга хот байгуулалт, аж үйлдвэржилт, атрыг эзэмших, хөдөө аж ахуйн салбар буюу зоо-мал эмнэлэг, за тэгээд урлаг соёлын салбарт л гэхэд дуурь, драмм, балет, цирк гээд явчихна. Уран зохиолд л гэхэд роман, тууж, өгүүллэг, туурь, жүжиг, шүлэг, дууль, найраглал, шүүмж судлал гээд иргэний уран зохиолийн бүхий л төрөл жанрын суурийг тавьсан. Хамгийн том нь хэдий соц системийн интегралчлал дор байсан ч тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан. Соц үеийн энэ мэт ололт амжилт байгаагүй бол 90 оны өөрчлөлт шинэчлэлтийг юун дээр хийх юм бэ? Монголчууд өнгөрсөн мянганд хоёр удаа сэргэн мандсаны нэг нь Их хааны үе, удаад нь ХХ зуун.

    Харамсалтай нь түүхэнд бодитоор хандах нь дутмаг, субьектив хандлага хүчтэй байна. Бүр байчихаад би аз жаргалтай өнгөрөөсөн бага насаа ч дурсаж болохгүй, дурсах юм бол социализмаа санагалзсан, хоцрогдсон коммунист болгон хардаг солиотой, хийрхүү хандлага ч байна. Тэгсэн атлаа ардчилал, хүний эрх ярина. Хувь хүн аз жаргалтай үеэ дурсах эрхгүй, дурсвал гадуурхан, гутаадаг ардчиллыг би л лав хүлээн зөвшөөрөхгүй. Энэ чинь ардчилал биш фашизмын шинж шүү дээ. Соц үе бол манай үндэстний түүхийн салгах аргагүй нэг хэсэг. Түүнийг бүр арчиж хаях гэсэн, тэсэж ядан тэчьяадан үзэн ядах үзлийг гааруулсан. Тархийг нь угаасан. Үр дүнд нь талцаж, хагаралдсан. Нийтлэг үнэт зүйл, харилцан ойлголцол гэдэг юмыг таг мартацгаасан. Тэгээд л алдаж, асгаж боломгүй зүйлсээ алдаад эхэлсэн дээ.

    -Монголчууд яг тэр үед тэгвэл юугаа, ямар саруул бодол, ямар үзэл санаагаа алдчихсан юм бэ?

    -Тэр үе гэж 90-ээд оныг хэлж байна уу?

    -Тийм.

    -Ёс суртхуунаа алдсан. Хүн хүнд итгэх итгэлээ алдсан. Оюун санааныхаа олон үнэт зүйлсийг алдсан. Нүдэн дээр хүмүүс нэгнээ хуурч, мэхлэхэд суралцаж эхэлсэн. Нүдэн дээр хүмүүс их багагүй бусдаас өрсөн хулгайлж сурцгаасан. Гэр бүлийн үнэт зүйлс задарч, янханчлал, гуйланчлал гаарч, архинд живсэн. Олон сайхан сэхээтнүүд, авьяастнууд Өвгөнтийн хөндийд найрка архинд живж үхэцгээхийг нүдээр харсан. Олон хүүхэд траншейнд зомби болохыг харсан. Олон хүн хүнээ байж, эд материалын боол болохыг харсан. Достоевскийн нэг үг бий. “Хэрвээ нэг л хүүхдийн нулимс урсах юм бол би ямар ч хувьсгалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж. Хийрхэл, үгүйсгэл, талцал, хагарал, бүдүүлэг булгаризм ялан мандсан үеийг нүдээрээ харсан гэрч нь байна. Тэр бүхэнд эмзэглэсэн, хүмүүст хар бууж эхэлсэн. Оюун санааны хүнд хэцүү эрэл хайгуулд гарсан, гундаж гутсан он жилүүдийг туулсан. 1993-96 онуудад бүхий л шашнаас гарц хайж явсан. Загалмайтнууд, кришна нар, бахай, Ананда маргичууд орж ирээд байсан. Бүгдээр нь явсан. Ананда Маргийнхантай бүр хамт байж, ууланд бясалгал хүртэл хийж үзсэн. Гандангийн эрдэмт гавж Сонинбаяр, их төвдөч Л.Хүрэлбаатар багш нараар бурхны шашны гүн ухаан заалгаж үзсэн. Хүмүүст итгэх итгэл алдраад, гарцыг шашнаас хайж байсан хэрэг. Өнөөх Достоевскийн “Цөвүүн цагт төрсөн минь азтай” гэсэн нэг үг тэгэхэд их бодогддог байж билээ. Энэ нь муу юманд дуртай гэсэн үг биш, харин ийм цөвүүн цаг үе хүний сайн хийгээд муу мөн чанарыг илүү тод томруун харуулж өгдөг нь уран бүтээлч хүний хувьд үнэхээрийн аз золтой явдал мөн юм. Яагаад гэвэл хүнийг танина гэдэг бол уран бүтээлчийн гол сургалт. Бас Толстой “Хэрвээ бид муу муухайг мэдэхгүй бол сайн сайхныг яаж ялгах вэ? Муу үйлийг үзэхгүй бол сайн үйлийн үнэ цэнийг яаж хэрхэн мэдэх билээ” гэж дуу алдсан байдаг.

    Ер ямар ч юманд, түүхэн үйл явдалд муу нь сайныг, сайн нь мууг төрүүлж байдаг. Тийм л зүй тогтолтой юм билээ. Энэ хэцүү цаг үе тийм л зүйлийг сануулж, ойлгуулж байна. Ер нь өмнөх нийгмийн сайн сайхан талыг нь олж харах чадваргүй бол юуг алдсанаа огт ойлгохгүй. Өнөөдөр 90-ээд оны хямрал дээр цоо шинэ, эрүүл саруул эрмэлзэл, тэмүүлэл өндийж ядаж байна. Гэхдээ амаргүй.

    -Тийм гэж үү?

    -Баталгаа нь өнөөгийн бидний байж байгаа царай. 33 жил өнгөрчихөөд байхад ямар байгаагаа эрүүл ухаанаар эргэцүүлж үзэж, дэнслэх юм бол тодорхой харагдана. Хөгжихдөө тулбал 20 жил хангалттай байдгийг улс орнуудын жишээ харуулна. 30 жилийн өмнөх Хятадтай л өөрсдийгөө харьцуулахад тодорхой. Өнөөдөр бид зөвхөн тэдний хөгжилд атаархаж л чадаж байна. Өнөөдрийн энэ их хулгай, авилгал чинь бид 90-ээд онд оюун санааныхаа хамаг үнэт зүйлсийг тавиад туучихсаны л үр шим шүү дээ. Оюун санаа гундаж, итгэл, ёс зүй шалан дээр уначихаар улс орныхоо төсвөөс ч ихийг хулгайлах ийм том “эр зориг”-той болчихдог юм гэдгийг нүдээрээ харж байна. “Монголоор сонин юу байна?” гэвэл “Хулгайлцгааж л байна” гэдэг хариулт хамгийн товч хариулт нь болно. Өөр ямар баталгаа хэрэгтэй юм бэ?

    -Энэ чинь социализмын үеийн гажуудлаас эхтэй биш үү?

    -Соц үеэс улбаатай улиг бий ч муу бүхнээ чихчихэж болохгүй. Үүнийг нийгэм, түүхийн үзэгдэл талаас нь тайлбарлах шаардлагатай юм, уг нь. Гэвч манайхан хийхгүй байна. Хийвэл боть боть ном болно.

    -Гэхдээ та соц үеийг ямар ч алдаа дутагдалгүй гэж хэлэхгүй биз дээ?

    -Ер нь алдаа дутагдалгүй цаг үе гэж түүхэнд хэзээ байдаггүй. Гагцхүү алдаа нь хэр хэмжээнд байна вэ гэдгээр л хэмжигдэнэ. Өнгөрсөн далан жилийн алдсан, оносноо жинлэх аваас оноо нь яавч илүү жин дарна. Баримтаар, түүхэн логикоор батлагдана. Гэтэл өнөөдөр хийрхэгчид зөвхөн алдааг нь л харан шагширцгаана. Түүнийг нь гаднаас баадуудаж, чангалж байна. Бид олон улсын геополитикийн нүүдэлд өртчихсөн гэдгээ ч мэддэггүй, мэдэрдэггүй, өөрийн толгойгүй юм шиг л явж байгаа. Нэг сайхан сүнс, зэрэглээ харчихсан. Нөгөө Марксын “Эв хамт намын тунхаг”-ийн логикоор хэлбэл ардчиллын хий үзэгдэл монголоор нэг тэнүүчилж яваа.

    -Уран зохиолыг энэ үзэл бодлынхоо зэвсэг болгон ашигладаг уу?

    -Уран бүтээлч хүний уран бүтээлд үзэл бодол, итгэл үнэмшил нь гарцаагүй шингэдэг. Түүнээс биш юуны тулд, ямар хэрэг зорилгоор ямар нэгэн зэвсэг болгон ашиглах билээ дээ. Либералиуд үзэл бодлоо тулган хүлээлгэх нь зүй ёсны, харин зүүний үзэлтэй мань мэт нь үзэл бодлоо зохиол бүтээлдээ илэрхийлэх нь зүй бус юм гэж байж болохгүй шүү дээ.

    -БИ БОЛ ЗАСРАШГҮЙ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭН. ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН. ҮҮНЭЭС ӨӨР ТОДОРХОЙЛОЛТ БАЙХГҮЙ-

    -“Хөх илдний очис” романы дараагийн дэвтэр хэзээ гарах вэ, магад хэвлүүлээд удаагүй байгаа “Галт шувуу” роман тань ч цааш үргэлжлэх болов уу?

    -“Аугаа эрин” ерөнхий нэрийн дор цуврал таван роман бичих санаатай эхлүүлсний нэгдүгээр дэвтэр нь “Хөх илдний очис”. Хоёрдугаар нь “Хөх тэнгэрийн үрс” нэртэй. Бичиж байгаад дутуу орхисон. Тийм амар биш. Учир нь энэ хоёрдугаар дэвтэрт Чингис хааны хамгийн эгзэгтэй, хүнд хэцүү үе буюу дотоодынхоо хямралыг гэтлэн давсан цаг үеийг бичнэ. Олон дүр, олон үйл явдал зэрэгцэж байгаа. Дээр нь Чингис хааны үзэл санаа бүрэлдэн тогтсон үе. Гол нь монгол үндэстний хувьд том шалгууртай тулгарч эрх ашгаар, овог аймгаар биш, харин ус, сүү ялгарах адил сайн муу мөн чанараараа ялгарсан онцгой, гайхалтай үйл явдал өрнөсөн юм. Тийн ялгарч байж, цэвэрлэгдэж байж цөөн боловч дэлхийтэй тэнцэж чадах хүчирхэг үндэстэн болон босож ирсэн байдаг. Тэр бүгдийг яаж 500 нүүрэнд багтаах аргаа олохгүй мухардчихаад явлаа. 

    -Тэгээд та гарцаа олов уу?

    -“Цагаан бороо” бол тэр олон адармаатай үйл явдлыг яаж базаж, шахаж үзүүлж болох вэ гэсэн туршилт, эрэл хайгуулын нэг хэсэг. Түүнийг бичсэн хураангуйлдаг, баздаг, заримд нь тоочин хүүрнэдэг аргаар “Аугаа эрин”-ийхээ хоёрдугаар ботийг бичихэд тулгарч байгаа бэрхшээлийг давж болох юм байна гэж бодсон. Гэхдээ төдий, өдийд дуусгана гэж хэлж чадахгүй. Хэлчихээр л бүтэлгүйдчихээд болдоггүй. Эхний ботио гаргаснаас хойш долоо дахь жилийнхээ нүүрийг үзчихлээ.

    -“Цагаан бороо” тань туршилт байсан юм бол, “Галт шувуу” роман тань юу болох вэ, та шууд “Аугаа эрин”-ийхээ хоёр луу орсонгүй бас нэг роман биччихлээ шүү дээ?

    -“Цагаан бороо”-той зууралдсаны дараах хүнд хэцүү мэдрэмжээс салах хэрэгтэй байгаагаа мэдэрсэн. Хөдөөгүүр тэнэсэн, ёог, бясалгал ч болсон. Гээд нэмэргүй. Харин гэгээлэг, романтик өнгө аястай “Галт шувуу” надад тайвшрал болж, дарчихсан байсан хүнд хэцүү мэдрэмжээс суллаж, чөлөөлж өглөө.

    -Та тэгээд “Галт шувуу” романаа үргэлжлүүлэн бичих юм уу?

    -Бичнэ. Би уг нь 1980-аад оны сүүлчээс энэ цаг үе хүртлэх нийгмийн өөрчлөлт дунд нэрвэгдэн ширвэгдэж буй амьдралыг харуулсан “Коммунист, “Ардчилагч”, “Анархист” гэсэн гурван цуврал нийгмийн роман бичие гэсэн бодолтой байсан. Гэтэл сая “Галт шувуу” маань яах аргагүй 90 оны босгон дээрх нийгмийн амьдралыг тодорхой хэмжээгээр хөндчихлөө. Тэгэхээр энэ романаа үргэлжлүүлээд 2000 он хүргэчихэе гэж бодож байна.

    -Нөгөө “Коммунист” гэсэн боть чинь тэгэхээр “Галт шувуу” нэртэй болоод гараад ирлээ гэж ойлгож болох уу?

    -Үгүй. Харин “Галт шувуу”-ны хоёрдугаар дэвтэрт тэр агуулга орно. “Коммунист”, “Үнс нурман дундаас бичиж байна” гэсэн бүлгүүдтэй.

    -Энэ цаг үед “Коммунист” нэртэй зохиол бичнэ гэж төлөвлөнө гэдэг үнэхээр сонирхолтой, бас гаж байна шүү...

    -Коммунизмыг шүүмжилдэг манай шүүмжлэгчид үзэл санаа, онолын маргаан өрнүүлдэггүй, өрнүүлэх ч оюуны чадавхгүй. Ямар хүчирхэг, хүнлэг үзэл байдаг талаар ямар ч ойлголт байдаггүй. Зүгээр л практик ярьж, үзэн яддаг нь зүйрлүүлбэл тэнгэрт яваа харцага, бүргэдийг газрын хулгана, оготнууд хараад “Тэнгэрт ниснэ гэдэг үнэндээ маш тэнэг, ёс суртхуунгүй явдал” гэж харааж буйтай адил байдаг.

    -Гэхдээ практик их чухал шүү дээ?

    -Үзэл санаа ба хэрэгжүүлэх арга зам хоёр чинь ялгаатай зүйл юм. Достоевский, Бердаев зэрэг их сэтгэгчид коммунист үзэл санааг нь огт шүүмжлээгүй, харин “Ариун дээд эрхэм зорилгод хүрэхийн тулд цаг үеэ уллан дэвсчиж болохгүй”, “Зорилго нь арга замаа зөвтгөхгүй” гэх мэтээр хэрэгжүүлэх арга замыг нь шүүмжилж байлаа. Харин манай нөхдүүд энэ сар яагаад цагаан байхгүй саарал өнгөтэй байгаа юм бэ гэдэг шиг огт логикгүй шүүмжилдэг. Зорилго хэдий чинээ том байна гажуудал төдий хэмжээнд хүчтэй савладаг. Үр дүнд нь “Албингууд” идэвхждэг. Достоевский үүнийг, мөн пролетарийн диктатурыг шүүмжилсэн. Коммунист үзэл санааны эх нь “Хүн бол ер бусын гайхалтай ариун гэгээн юм” гэсэн Руссогийн хүнлэг мөн чанарт байдаг. Гажуудаж, сүүлдээ завхарсан догматизм болж хувирсан. Түүний шалтгаан нь ч тусдаа, тодорхой байдаг.

    -Монголд одоо коммунистууд бий болов уу?

    -Нэлээн хэдэн жилийн өмнө Д.Урианхай ах “Монголд хэрвээ цор ганц коммунист байна гэвэл тэр нь лавтайяа би байна” гээд инээж байсан. Ер нь жинхэнэ коммунистууд нэн ховор байсан. Энэ цаг үед ардчиллын баг зүүсэн хуурамч ардчилагчид олон байгаа шиг тэр цаг үед баг зүүсэн зальтнууд, Альбингууд, догматикт живсэн манкуртууд л олон байсан. “Галт шувуу” романд мэр сэр энэ мөн чанарыг харуулсан.

    -Ингэхэд таныг үзэл санааны хувьд хэрхэн тодорхойлох вэ?

    -Би бол засрашгүй үндэсний үзэлтэн. Тэнгэр шүтлэгтэн. Үүнээс өөр тодорхойлолт байхгүй.

    -Коммунист үзлийг талархан дэмждэг үндэсний үзэлтэн гэвэл болох уу?

    -Ганц коммунист үзлийг ч биш, буддизмыг ч, ер нь хүн төрөлхтний хүмүүнлэг дэвшилтэд бүхнийг дэмждэг, гэхдээ ганхашгүй байр суурьтай л үндэсний үзэлтэй хүн.

    -ОЮУН САНААНЫ ИДЭВХЖИЛ, ҮЗЭЛ САНААНЫ ДЭВШИЛГҮЙГЭЭР ЯМАР Ч СЭРГЭН МАНДАЛТ ӨРНӨЖ БАЙСАН ТҮҮХГҮЙ-

    -XX зуунаас Булгаковын “Мастер Маргарита хоёр”, Достоевскийн романууд, Фолкнерын “Шуугиан цухалдаан”-тай жишээд ярьчих роман монголд байхгүй байгаагийн шалтгаан юу вэ?

    -Хэд хэдэн учир шалтгаан байна. Манайд чинь иргэний уран зохиол хөгжөөд зуугаадхан жил л болж, одоо л нэг овоо өвтэй болж байна. Өмнө нь ямар нэгэн өв байсан. Гэхдээ манай үндэстэн шиг оюуны өвийн геноцитод өртсөн ард түмэн ховор. “Монголын Нууц Товчоо” бичигдэж байх үед бидэнд юутай ч нэг тийм иргэний, бичгийн уран зохиолын арвин өв байж гэдэг нь тодорхой харагддаг. Гэвч төд удалгүй Юань гүрний мөхлийн төгсгөлөөр буюу 1370-аад онд хятадийн Мингийн цэргүүд орж ирж, Хархориныг юу ч үгүй шатааж, бүтэн тоосго ч үлдээлгүй устгасан. Тэгэхэд Хархорины номын сан шатсан гэдэг. Хичнээн юм шатсаныг бид мэдэхгүй. Бас манай өвийн үлэмжхэн хэсэг урагшаа Бээжинд нүүж, тэндээ устгагдсан. Дараа нь Манж нар монголын айл өрхөөр явж, монгол бичгээр бичсэн судар номыг хураан авч, устгаад, оронд нь бурхны судар тараасан гэдэг. Ийм устгал-геноцитийг нэг бус удаа хийжээ. Тэгээд ч нүүдэлчид тийм их ном судар бичээд хадгалаад явдаг боломж нь ховор. Гэхдээ аман зохиолын өв бол асар баялаг юм. Түүнээ нөхөх хэмжээний. Дараа нь буддын шашин орж ирснээр хэт туйлширч шашны уран зохиол эрчимтэй хөгжиж, иргэний уран зохиолоо дарангуйлсан. Тэр үед хуульч Сандаг гэх мэт тун цөөхөн уран бүтээл гарч байлаа. Равжаа хутагтын бүтээл туурвилд шашны бус иргэний өнгө аяс хүчтэй байдаг. Тэгсээр 1920-иод оноос л нэг юм иргэний уран зохиол дорвитой хөгжлөө. Гэхдээ өмнөх бурхны шашны оюуны өвийг устгах, шатаах замаар өндийсөн. 90 он гарангуут эргээд соц үеийнхээ өвийг устгах, үгүйсгэх гажуудал руу дахиад орчихсон. Тэр үед бүтээгдсэн өвийн ихэнхийг хогийн цаас болгож шатаасан, урд хөрш рүү хаягдал цаас болгон гаргасан. Ингээд л манай оюун соёлын өв дотоод гадаад шалтгаанаар ээлжлэн устгагдаж ирсэн байна.

    Гэтэл орост чинь аль 17-р зууны төгсгөл, Их Петрийн үеэс бүтээгээд эхэлчихсэн. Достоевскийн өмнө агуу их Пушкин, Гоголь, Лермонтов, Белинский, Добролюбов, Карамзин гээд цуварчихна шүү дээ. Яг нэг цаг үед нь Толстой, Тургенев, Гончаров, Лесков, Щедрин, залгаад Чехов, Тютчев, Куприн гээд хөвөрчихнө. Фолкнерийн тухайд гэвэл АНУ-ын уран зохиол чинь оргүй хоосон дээр үндэслээгүй, Английн, Европын уран зохиолын үргэлжлэл шүү дээ. АНУ-ын уран зохиолын эхлэл гэдэг Фанимор Купер л гэхэл Европын, бүр тодруулбал англи, франц, испанийн өв дээр өндийсөн байдаг. Тэгэхээр өв нэн чухал учир шалтгаан болж байна.

    Удаад нь үндэстний гүн ухааны сэтгэлгээ гэж нэг айхтар хөшүүргэ байна. Бид тийм юмгүй дээ биш, түүхэн учир шалтгаанаар тэр үндэснийхээ язгуур гүн ухааны сэтгэлгээгээ шашинд шахуулж, үзэл сурталд адлуулж, алдаж асгах дээрээ тулж явав. Энэ мэт бодит хүчин зүйлсээс манай уран зохиолд таны дурдаж буй шиг хүчирхэг туурвилчид төрж амжихгүй байна.

    -Таны ярианаас та оросын уран зохиолыг нэлээн сайн мэддэг, уншсан шинжтэй мэдрэгдэж байна.

    -Тэгэлгүй ч яахав дээ. Оросын утга зохиол бол хүн төрөлхтний уран зохиолын нэг оргил нь. Өөрийн гэсэн онцгой хүн чанарлаг шинжтэй байдаг. Оросын их уран зохиолоор оюун санаа жигүүрлэж байсанд харин ч би олзуурхан баярладаг. Лесков, Пришвин, Паустовский, Макаренко, Толстой, Носов, Гайдар гээд хүүхэд багадаа уншиж байсан оросын зохиолчдын бүтээлүүдэд одоо ч дуртай.

    -Үндэстний сэргэн мандалт оюун санааны сэргэлттэй үргэлж холбоотой байсаар ирсэн. Одоо ч энэ зарчим хүн төрөлхтний хувьд хэвээрээ юу?

    -Оюун санааны идэвхжил, үзэл санааны дэвшилгүйгээр ямар ч сэргэн мандал өрнөж байсан түүх байхгүй. Оюун санаанд л анхдагч үр хөврөл нь бий болдог. Манайд л харин ахуйгаар буюу эдийн засгаар сэргэн манддаг гэсэн мухар гэнэн юм ярьдаг. Масловын онол тодорхой орон зай, тодорхой цаг хугацаанд оюун санааны хүчтэй өдөөгдлийн үр дүнд хүчинтэй байдаг. Эхлээд оюун санаанд ямар нэг юм болж байж, эрмэлзэл тэмүүлэл, санаа төрж байж л ахуйг тордох боломж үүсдэг. Тийм юмгүйгээр ахуй ч босохгүй. Зүйрлэвэл эдийн буян байгаад ч тэр буяныг арвижуулан тогтоож, юм болгож чадах оюун ухаан хомс бол нэмэргүй. Ёзоор нь цоорхой саванд ус юүлэхтэй адил. Сугалаагаар сая доллар хожсон гуйлгачин, гуйлгачин хэвээрээ л үлддэг. Нийгмийн амьдрал гэдэг цогц амьд организм. Түүний дотоод хөдөлгөөнийг үзэгдэж, харагдах зүйлс төдийд дүгнэн, механикаар тайлбарлаж болдоггүй. Европ дахины сэргэн мандлын уг шалтгаан нь оюун санааны үр хөврөлд байдаг. Газарзүйн их нээлтүүд нь тэднийг ертөнцийг цоо шинээр танин мэдэх замд, удалгүй Дарвинизм шашны догматизмыг доргиож, технологийн дэвшил, аж үйлдвэржилт рүү хөтөлсөн.

    Монголынхоо түүхийг харахад Чингис хааны эзэнт гүрэн эхлээд учиргүй их эдийн засгийн чадавхитай болчихоод дэлхийг эзлээгүй шүү дээ. Тэнд огт өөр, тийм ч нийтлэг биш хөдөлгөгч учир шалтгаан байсан. Тэр бүхэн тусдаа том сэдэв. Өнөөдөр хөгжингүй орнуудын жишээг ултай суурьтайхан харахад бас нэг юм бодогдоно. Товчхондоо хөгжих, дэвших эрмэлзэл, хүсэл, арга санаа нь эхлээд оюун санаанд үүсдэг.

    -МЗЭ-ИЙН ГИШҮҮН ГЭДЭГ НЬ ЗОХИОЛЧ ГЭДГИЙН НОТОЛГОО БИШ-

    -Та Г.Аюурзаныг зохиолчийн хувьд нь хэрхэн дүгнэдэг вэ?  

    -90 оноос хойшхи хэдэн үеийнхний нүдийг нээж, оюун санааг нь өдөөж өгсөн Аюурын хар цувралыг дурдахгүй өнгөрч болохгүй. Нэг хүний хүчин зүйл ямар чухал болохыг эндээс харж болно. Яруу найрагчийн хувьд өвөрмөц мэдрэмж, илэрхийлэлтэй. Романчийн хувьд энэ цаг үеийн гарын таван хуруу хүрэхгүй хэдхэн романчийн нэг. Авьяасаас гадна мэдлэг, боловсрол гэдэг зүйл зохиол бүтээлд ямар чухал болохыг түүний романууд харуулдаг. Өөлөх юм бол дүрийн ялгарал хангалттай тод бус, мөн дүрүүдэд нь монгол хүний өвөрмөц давтагдашгүй содон шинж, зан чанар сул илэрдэг.

    -Та гарын таван хуруунд хүрэхгүй цөөхөн романчид гэлээ? Гэтэл роман бичиж буй хүмүүс арваар тогтохгүй олон байгаа шүү дээ.

    -Зузаан зузаан бичсэн болгон роман болдоггүй.

    -Романыг юугаар хэмжих вэ?

    -Гүн ухааны тогтвортой системийг бий болгож байж сая романы энд хүрнэ. Толстой, Достоевский, Бальзак, Золя, Драйзер, Стендаль, Флобер, Хюго нарын романуудыг уншиж өссөний үрээр романыг үнэлэх ийм нэг шалгуур надад бий болчихож.

    -Тэгвэл таны гэр бүлийн хүн, Дашийн Оюунчимэг зохиолчийн уран бүтээлийг та хэрхэн үнэлдэг вэ?

    -Яруу найрагчийн хувьд хүчирхэг дотоод эрчимтэй. Тийм эрчимлэг яруу найраг дахиж төрнө гэдэгт би л лав их эргэлзэж байна. Уучлаарай, би гэр бүлийн хүн гэдэг үүднээс биш аль болох уран бүтээлчийн нүдээр хөндлөнгөөс харахыг хичээдэг. Сайныг нь сайнаар, мууг нь муугаар...

    -Хүүрнэл зохиолынх нь хувьд, “Оройн ганц мод” роман бол сайн роман болж чадсан гэж би үздэг.

    -Хүүрнэл зохиол дотроос нь яах аргагүй “Тэнгэрийн цаг болоогүй” тууж бол өөрийн халдашгүй өндөрлөгөө дархалчихсан. Романуудынх нь хувьд бол санал нийлэхгүй юмс байдаг. “Оройн ганц мод” бол сайн роман. Гэхдээ дотор нь санал зөрдөг зүйлс мэр сэр бий. Харин нэг зүйлийг хэлэхгүй орхиж болохгүй. 22 000 хэвлэлийн хуудас орчуулга хийсэн. Миний л мэдэх ийм хэмжээний уран зохиол орчуулсан хүн манайд л лав байхгүй.

    -Та МЗЭ-ийн гишүүн бус уу? Ер нь ямар нэгэн үйл ажиллагаанаас нэлээдгүй хол байх нь анзаарагддаг...

    -Би гишүүн бус. Нэгэнт гишүүн биш учир ямар нэгэн үйл ажиллагаанд бараг л оролцдоггүй.

    -Яагаад та гишүүн болдоггүй юм бэ?

    -МЗЭ-ийн гишүүн болохгүйгээр зүгээр зохиолоо бичээд явж бас болно оо доо. Ер нь бол МЗЭ-ийн гишүүн гэдэг нь зохиолч гэдгийн нотолгоо биш, бас гишүүн биш гэдэг нь зохиолч биш гэдгийг ч батлахгүй.

    -Та МЗЭ-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг уу?

    -Үйл ажиллагаанд нь оролцдоггүй болохоор юу хийдгийг нь тэр бүр мэдэхгүй юм. Гэхдээ нэг тод анзаарагддаг юм нь МЗЭ зөвхөн гишүүнчлэлийнхээ хүрээнд явцуу үйл ажиллагаа явуулдаг. Яахав, гишүүн байлгаж, хариуцлагажуулж, үүрэгжүүлж байгаа байх. Гэхдээ аль 90 оноос өмнө л байсан энэ арга хэлбэр үнэхээр хоцрогдсон. “Монголын” гэсэн тодотголтой юм бол гишүүн энэ тэр гэхгүйгээр сайн уран бүтээлийг эрж хайдаг, олдог, түүнээ олон түмэнд хүргэж сурталчилдаг, мэдээлдэг, түгээдэг, маркетинг хийдэг, дотооддоо төдийгүй гадаадад хүргэх тал дээр санаачилга гаргадаг, тэр маркетинг, үйл ажиллагаанаасаа санхүүжилтийнхээ тодорхой эх үүсвэрийг олдог, уран бүтээлийн дистрибьютер болж чаддаг бүтцэд шилжмээр байгаа юм.

    Хувь уран бүтээлч номоо бариад гүйх нэг хэрэг, Зохиолчдын байгууллага нь мэргэжлийн дүгнэлт үнэлэлтээ өгчихөөд, төр-бизнесийн байгууллагуудтай хамтарч акци зохион байгуулбал огт өөр, илүү өргөн далайцтай болох боломж бий. Одоо бол ил харагдаж буй нь шагналд тодорхойлдог л байгууллага байх шив. Шүүмж судлалыг бодлогоор хөгжүүлэх ч шаардлага бий. Өнөөдөр манай шүүмж судлал хэдхэн хүний сайн дурын хичээл зүтгэл дээр л явж байна. МЗЭ-ийн шалгуур босгыг давсан зохиол бүтээлийг уншигчид хүсэн хүлээж уншдаг баймаар байна. Одоо бол сайн муу нь хамаагүй нэг хоёр ном гаргаад л, хэдэн төгрөг тушаагаад л гишүүн болчихдог. За тэр “Болор цом”, “Утгын чимэг” энэ тэр ч бас үүргээ гүйцэтгээд, үеэ өнгөрөөж байх шиг байна. Зарчим, хандлага, үзэл баримтлалын хувьд шинэ шатанд гараасай л гэж хүсдэг.

    -Саяхан 95 жилийн ой тохиосон. Нэлээдгүй олон хүмүүс шагнал авч байгаа харагдсан. Ер нь уран зохиолын салбарын болон, Төрийн шагналын тухай та ямар бодолтой байдаг вэ?

    -Ер нь уран бүтээлч хүнд хамгийн сайн шагнал бол сайн уран бүтээл нь л юм. Түүнээс дээд шагнал гэж байхгүй. Хүмүүс чиний хайрлаж, уярч, уурлаж, уйлж байж бүтээсэн дүрийг чинь хайрлаж, бас уярч, уурлаж, догдолж байвал түүн шиг дээд шагнал, жаргал гэж үгүй. Ялангуяа энэ шагналын зэрэглээнд төөрчихсөн, хөөрчихсөн цаг үед нэг нь ч болов дутаж явьяа даа. Дээр нь манай энэ цаг үе чинь нэг хачин хаос шинжтэй шүү.

    -Ямар хаос шинж мэдрэгддэг вэ?

    -Бараг сар болгон л шагналын хур асгарч байна. Ийм ч гавьяат, тийм ч шагналтан, одонтон, медальтан гээд л. Тийм олон гавьяатууд, шангалтнуудтай юм бол энэ улс орон чинь хөгжөөд, ард түмэн цэнгэлийн манлайд хүрчихсэн баймаар шүү. Гэтэл шал эсрэгээрээ. Энэ хаос биш гэж үү?

    -Сайн уран бүтээл болсноо уран бүтээлч өөрөө тэр бүр мэддэг үү?

    -Бүтээлийнхээ үнэ цэнийг бодитойгоор үнэлж цэгнэж чаддаг болсон цагтаа л уран бүтээлч хүн насанд хүрдэг. Энэ бодитойгоор үнэлж цэгнэнэ гэдэг их төвөгтэй. Олонхи маань субьектив хандлагаар, “Би агуу юм биччихлээ” гэж гэнэнээр хөөрдөг. Үүнийг нялхасын өвчин ч гэдэг. Тийн хөөрөхөөс нь тухайн уран бүтээлийн чанар үл хамаарна. Харин бүтээлийнхээ үнэ цэнийг бодитойгоор мэддэг уран бүтээлчийн хувьд түмэн харааж байсан ч үл ажирна, магтаж байсан ч үл хөөрнө. Яг Киплер шиг.

    -Киплер яасан гэж?

    -Киплер бүх ертөнцийн таталцлын хуулийн үндсийг нээсэн. Тэр үе чинь Бруног шатааж, Галилейг шахаанд оруулж, Коперникийг шоолж байсан үе шүү дээ. Харин Киплер тэмдэглэлдээ юу бичсэн бэ гэхээр “Би ном бичлээ. Номыг минь унших хүнийг би хүлээнэ. Бурхан өөрийнх нь бүтээлийг ойлгож тайлбарлах хүнийг мянга мянган жилээр хүлээсэн юм чи би ч бас мянга мянган жилээр хүлээж чадна” гэсэн. Тэр бурхны хүлээсэн хүн гэдэг нь Киплер өөрөө юм. Гэхдээ мэдээж хэрэг амьдад нь түүний онолыг нийтээр хүлээн зөвшөөрөөгүй, өөрөө бараг л өлбөрч үхсэн санагдана. Харин түүний үзэл санаа нь амьд хэвээр.

    -Та өөрийнхөө уран бүтээлийг ямар түвшинд үнэлж байна вэ? Тухайлбал романуудаа...

    -Романууд даа сэтгэл дундуур. Эргэж хараад харамсах, дараачийнхдаа ийм алдаа гаргахгүй юмсан гэж хичээх л юм. Гэвч заримдаа үүнээс илүү бичиж чадахгүй нь гэж мухардах үе ч байна. Бууж өгмөөр болно. Сэтгэлээр унана. Шал дэмий юм хийгээд байгаа мэт болж гутарна. Тэгээд өөртөө итгэх итгэл хайж, бас илүү сайныг бичих арга, зам мөр хайна. Зохиолчийн хөдөлмөр тийм амар биш ээ. Юутай ч хоёр гурван өгүүлэгтээ бол сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ би сэтгэлдээ хүрсэн бүтээл бичиж чадсан тэр цаг мөчдөө үзгээ тавьж, сая нэг яс амарна даа. Миний шагнал тэр. Тэр шагналын төлөө л амьдарч байна. Яагаад гэвэл энэ миний хувь тавилан.

    Сэтгүүлчийн хүүрнэл: 

    Бид энэ удаагийн ярилцлагаа өндөрлөхөд өвлийн богино өдөр өнгөрч харанхуйн сүүдэр орчныг залгижээ. Яг л нь "Гал шувуу" романы дүрүүдийг нийгэм цаг үе нь, түүн доторх үзэл суртлын нөмрөгөөр үзэл санаагаа хулдсан хэсэг бүлэг хүмүүс залгих гэж оролддогтой адил. Цаг үе бүхэн л өөр өөрийн алдаатай, оноотой гэх зочны хэлсэн үг бодолд харвана. Түүн дотроос өнгөрсөн цаг хугацааны аль талыг харахаас шалтгаалж урагш алхах зам мөр тодрох нь ч бий. Цаг хугацаа бүхнийг элээж, мартуулж, эмчлэх гэж оролдсон ч эцэст нь хүний туйлын хүсэл, төрөлх мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй аж. Буй юмс хувьсаж танигдах төрхгүй болох авч романы гол дүрүүд яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байлаа. 

    Хоёр соёлын уулзвар гарцаагүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Б.Номинчимэд "Галт шувуу" романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна  хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ. Хэзээ ч хамтын нийгмээс хөндийрөхгүй эл сэдэв, зохиолчийн өөрийгөө эвдэж бий болгосон туурвилзүйн өвөрмөц арга барил, дурсамж доторх сумын төвийнх нь дахин нэг содон дүр төрх энд бий. 

    Ахин тийм л дүр, тийм бүтээлтэй золгохын ерөөлөөр энэ удаагийн ярилцлагаа бид өндөрлөв. Зөвхөн өөрийнхөө сэтгэлд хүрсэн сайн бүтээл туурвих хүртлээ үзгээ тавихгүй гэж тэр хэлсэн. Сэтгэл нь хэзээ, хэрхэн өөрийг нь зөвшөөрөхийг харин тааварлаж дөнгөхгүй нь. Тэр болтол бидний дундуур амьд халуун үгс далавчилсаар байх биз ээ. 

Сэтгэгдлүүд : 4

  • TuBa

    saihan yariltslaga boljee

  • Зочин

    Энэ цаг үед ийм зохиолч,ийм сэтгүүлч байгаа нь сайн хэрэг.Соц үеийн бэлтгэгдсэн сэтгүүлч л байна.Гэж бодоод уншиж дуусаад сэтгүүлчийн нэр зургийг хараад бахархлаа.Сайхан ярилцлага болжээ.

  • EdPills

    cheapest ed pills: <a href=" https://edpills.bid/# ">generic ed drugs</a> best pills for ed best male enhancement pills https://edpills.bid/# - ed pill

  • EdPills

    ed pills that really work: <a href=" https://edpills.bid/# ">buy ed pills</a> best ed medications best ed drugs https://edpills.bid/# - erectile dysfunction medications

Сэтгэгдэл оруулах

урлан