Ц.ӨНӨРБАТ: “МАС РЕСТЛИНГ” ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛДОО АНХНЫ МӨНГӨН МЕДАЛИЙГ АВЧИРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

    Хэнтий аймгийн Батноров сумын харьяат аймгийн харцага Ц.Өнөрбат нь “Мас рестлинг” буюу модон барилдааны төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Уг тэмцээн нь тав дахь удаагаа Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан юм. Түүний баярыг хувааж, хэсэг хугацаанд хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэж байна.

    -Юуны өмнө дэлхийн аварга шалгаруулах “Мас рестлинг” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэхүү спортоор хэзээнээс хичээллэх болов?

    -Баярлалаа. Дэлхийн аварга шалгаруулах “Мас рестлинг” тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож улсдаа энэ тэмцээний төрлөөр анх удаагийн мөнгөн медалийг авчирсандаа баяртай байна. Уг тэмцээнд нийт 16 орны 200 гаруй тамирчид оролцлоо. Уг модон барилдааны төрлөөр би энэ оны оны дөрвөн сараас эхлэн хичээллэж эхлэсэн. Хичээллэсэн хугацаанаасаа хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн мөнгөн медаль хүртэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Оросын тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртсэн.

    -Уг спортын онцлог нь юу вэ?

    -Энэхүү “Мас рестлинг” буюу модон барилдааны тэмцээн нь ОХУ-ын Саха Якут улсаас үүсэлтэй. Энэ спортоор хичээллэхэд хүний биеийн 97% булчинг ажилуулж, маш их тэсвэр тэвчээр суулгадаг.  Манай улсад энэ спорт 2013 онд орж ирсэн. Үүнээс  монголд хойш маш олон залуучууд хичээллэдэг болсон.

    -Таны багш гэвэл ямар хүмүүс байдаг вэ?

    -Тэр тухайд бол энэ спортын төрлөөр Монголд багш байхгүй. Харин бэлтгэл хийлгэдэг багш нар маань оросын Якутад байдаг. Бэлтгэл хийхдээ голдуу хурд, тэсвэр тэвчээр, тэсрэлт хүчний бэлтгэлүүд хийдэг.

    -Татаж байгаа мод нь ямар мод байдаг вэ?

    -Татаж байгаа мод нь маш шигүү ширхэггүй, чийг даасан хугарахгүй, палк мод бий.

    -Үүнээс гадна та үндэсний бөхөөр аймгийн харцага цолтой бөх. Тийм ч учраас өөр спортын төрлөөр хичээллэхэд илүү дөхөм байв уу?

    -Тэгэлгүй яахав. Би үндэсний бөхөөр 2009 оноос эхлэн хичээллэсэн. Харин 2019 онд Хэнтий аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн харцага цол хүртсэн. Үүний дараа жил нь мөн аймагтаа тав даван чимэг нэмсэн.

    -Таны цаашдын зорилго юу вэ?

    -Цаашдаа илүү их хичээж ахин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэхийн төлөө бэлтгэлээ сайн хийх болно. Надад тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан