ИРГЭНШЛИЙН БҮДЭГ ЗАМ ДЭЭР

    I.

    Зэсэн улаан өнгөтэй хавирган сар тэнгэрт сүлд модны чимэглэл зүүчихсэн адил үзэгдэнэ.  Зуны сүүл, намрын эхэн сарууд айлчилсан говь нутгийн дулаан орой эргэн тойрон аниргүй агаад хонь ямаад тайвнаар хивж хэвтэх, зарим хурга ишиг эхээ эрэн майлж, гөлгөн хар нохой хаа нэг холын анир аван дуугарч амгаланг цочоохоос өөр чимээ үгүй.

    Дундговь аймгаас гарч Луус сумыг зорих зам шавар ус элбэгтэй, өдөр орсон борооны ус газрын хэвлийд шингэж амжаагүй байх нь сурвалжлах айлаа зорин шөнийн замд гарсан бидэнд тов тодорхой үзэгдэж байсан билээ. Тиймээс ч майхан барих зуур шөнөдөө бороо орчихгүй байгаа даа хэмээн хоорондоо ярилцаж зогстол биднийг тосож авсан Ц.Батбаатар ах “Өнөө шөнөдөө бороо орохгүй ээ” гэж итгэлтэй хэлэв. Байгальтайгаа ойр хүмүүс говийн салхи үнэрлэж, тэнгэр ажаад хэлсэн байлгүй гэх найдлага дотор минь төрнө.

    Тэнгэрт одод яралзаж, сүүн зам гэрэлтээд замбуутивийн нам гүм, харанхуйд ууссан тэр л чөлөөнд ямархан нэгийг бодон хэвтэхэд дээлийн торгоны залгаас зүйтэйхэн нийлэх шиг үймэлдсэн бодол эвлэгхэн гэгч эвлэх нь таатай.

    II.

    Дундговь аймгийн Луус сум, Ар сүүжийн хоолойд өглөөн наран мандахуй “Гэсэр сүмэн уул дотноор завилан Гэрлийн давалгааг алган дээр өгнөм” хэмээсэн Ванхүүгийн Батбаяр найрагчийн шүлгүүд өөрийн эрхгүй бодогдоно. Ар сүүжийн хөндий бол баруунаас зүүн хүртэл сунан тогтож, эцсийн цэг нь зэрэглээгээр хулдсан зайцад хөхөртөн харагдах тийм тэнэгэр хөндий. Энд өнгөрсөн сарын эхээр, нутагт нь малын идэш тэжээл хомс болсон шалтгаанаар бог малаа 270 километрийн цаанаас ачин ирсэн нэгэн айл Ар сүүжийн усыг түшин зуншиж байна.

    Тэд өөрсдийн гараар урлаж тохижуулсан жижиг оврын автобусыг отрын сууц болгон ашиглаж, нарийн төмөр турбог арал болгон хэрэглэснээр микро маркын машинаар чирж, малын өвс, унд даган нүүдэллэнэ. Уг нь энэ айлынх Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багаар нутагтай. Гэвч энэ жил бороо хур тааруу, өвс гандуу, мал зутруу тул ийнхүү өвсний соргог, усны тунгалагийг даган оторлож яваа нь энэ.

    Гэрийн эзэн болох Ц.Батбаатар өглөөн нарнаар хонио идэш, тэр өдрийн салхины чигийг тооцоолон бэлчээрт гаргаж, гэргий Х.Алтанцэцэг ямааны сүүгээр сүлсэн хийцтэй цай чанаж унд зэхнэ. Тэдэнтэй Х.Алтанцэцэгийн ээж, өдгөө ная давсан буянтай насыг зооглосон хэдий ч өөрөө машинаа унан хааз гишгэж, хонь малаа эргүүлэх ажилдаа хэзээнээсээ дадамгай Р.Цэрэнпагма гуай хамт явна. Насаараа буянт мал дагаж, бууц дэвссэн адил зөөлөн элстэй говийн хээлэнд аж төрөн суугаа түүнтэй хуучлах зав олдсонгүй нь тоогүй. Гэвч ашдын ерөөлөөр ахин учрах өдөр хэн хэнд маань буй гэж санана.

    Мөн оторчдын хамгаалагч нь шөнөөр хониндоо чимээ тавих Арслан нэртэй хар өнгийн гөлгөн нохой бий.

    Үүрээр бороо дусагнах төдий болоод салхи гарч тэнгэр задалж орхижээ. Тэнгэнрийн хаяа руу туугдсан хүнд хөх үүлсийн цаанаас наран ургаж, сэмжин цоорхойгоор дулаан туяагаа эх газар, тал нутаг руу илгээнэ.

    Ц.Батбаатар хэдийнэ хонь ямаагаа бэлчээрт гаргаж, тухайн өдрийн хийх ажлаа ярьсаар дугуйныхаа данхрадыг буулгаж зогсоно. Тэгснээ “Өглөөний сэрүүнд халуун ургамал идүүлэх нь зүйтэй. Говьд, бидний нутаглаж буй энэ Ар сүүжийн хөндийд таана, хөмүүл зэрэг халуун чанарын ургамал элбэг ургадаг. Үүнээс гадна бор бударга зэрэг говийн бүсийн ургамал ч бий. Тиймээс өглөөний сэрүүнд энэхүү халуун чанарыг ургамлыг малд идүүлэх нь зөв. Харин өдрийн халуунд нарийн өвс ч юм уу илүү хээр, талын бүсийн халуун ургамал идүүлж махан тарга авхуулдаг юм” гэлээ. “Махан тарга гэхээр чинь юу билээ” гэж асуувал “Малчид ер нь сайн мэдэх болов уу. Өөхөн тарга бол гаднаас нь харахад мал тарга тэвээрэг сайн авч, өвлийн өнтэй давах болсныг илтгэж байх шиг харагдана. Гэхдээ говь нутгийн мал дулаан бүсд идээшлэх тул намар сэрүүсэж, жаахан хүйтэн бороо ороход л дороо шолбойчихдог. Харин махан тарга авсан мал тэгдэггүй юм. Учир нь тарга, хүчээ илүүтэй хадгалж, хүйтэнд ч өлчирждөг” гэж хариуллаа.

    Тэднийх 700 гаруй тооны малтай. Үүнээс 620-иод нь бог мал агаад 40 -өөд үхэр, 10 гаруй адуутай. Зөвхөн бог малаа оторт авч гарсан бөгөөд үхэр, адуугаа нутгийн айлдаа захиж үлдээжээ. Хэдий бага наснаас аав, ээжийгээ дагаж малын захад, малын дөртэй болж өссөн боловч Ц.Батбаатар олон жил тээврийн жолооч хийж, харин гэргий Х.Алтанцэцэг хүний бага эмчийн мэргэжил эзэмшиж, сум орон нутагтаа сувилагч хийж явсан байна. Дараа нь өөрсдийн хувиараа ажил эрхэлж, үр хүүхэддээ сайн боловсрол олгохын тулд нийслэл хотыг зорьж, цөөнгүй жил Улаанбаатарт аж төрсөн ч удаатай. Харин 2015 оноос ахин нутагтаа очиж мал маллах болов.

    Говийн цэнгэг агаар, малын хишиг буян, харахын төдийд л уужим амьсгал авч амар тайвныг мэдрүүлэх тал нутаг нь тэднийг дуудсан гэлтэй. Ц.Батбаатар, Х.Алтанцэцэг нар анх 175 тооны малтай хөдөө гарсан ч 2022 он гэхэд 1400 толгой болтол нь өсгөсөн ажээ. “Багаас сурсан малч ухаан, малыг хайрлах сэтгэл, хөдөлмөр гурав л амьдралын минь үнэт зүйл” хэмээн Х.Алтанцэцэг ярина.

    Тэрээр өглөөн нарнаас урьтан босож хийн зуухан дээр тогоогоо тавьж ус чанаад, түүндээ цай хийн буцалгана. Дараа нь ямааны шинэхэн сүүгээр сүлэн, говийн нартай харгалдуулан самарч өглөөний ундаа бэлтгэж дуусаад дээжийг Ц.Батбаатарт барина.

    Тэд эндээ арван сарын сүүл буюу арван нэгдүгээр сарын эхэн хүртэл малдаа махан тарга авхуулж байгаад буцаж нүүнэ. Нүүдлийн соёл иргэншлийн амьд халуун, оршин буйн нотолгоо нь малчид. Отор бол эрт дээр үеэс малаа даган нүүдэллэж ирсэн монголчуудын ахуй, мал маллах арга ажилгааны өнөө хүртэл тасралтгүй уламжлагдан ирсэн нэгээхэн хэсэг мөн. Харин Ц.Батбаатарын гэр бүл тэрхүү уламжлалыг тээн яваа цөөн хүмүүсийн нэг нь юм.

    II.

    Наран хоймор голлохоос арай өмнө, өглөө эрт бэлчээрт гарч халуун ургамал идсэн мал ундаасах тул Ар сүүжийн ус малчдын амин зуулга болно. Говьд ус гэдэг мөн чанараараа чандмань эрдэнэ.

    Ц.Батбаатар малаа өглөөний сэрүүнд салхи уруудуулан бэлчээсэн тул наран ээх үеэр мал салхи сөрөн усандаа яарах ажээ. Түүнийг малаа услахаар дугуйгаа асаах үед нь сундалдлаа. Халуунд задгай дугуйгаар салхи сийгүүлэн давхих нэн таатай. Говьд бударгана, харганаас өгсүүлээд бутлаг ургамал их тул зам гарсан хэдий ч донсолгоон байхгүй байна гэж үгүй.

    Ар сүүжийн худгийг өнөөгийн ихэнхтэй адил мотороор бус хуучин цагийнх шиг ховоогоор татаж малаа услана. “Ер ховоодож мал услах эрүүл мэндэд ч тустай. Яахав орчин үед шахуурга сайтай худаг элбэг болсон. Гүний худаг биш тул хэд сайхан ховоодоод хонь малаа усалчихад амар л байдаг юм” хэмээн Ц.Батбаатар ярина. Малаа усалж дууссаны дараа ойрхон бэлчээрт сэрүүн чанарын ургамал идүүлэх гэнэ. Ойрхон гэсний учир нь үдийн дараа малаа хашиж, өт, шивтэрээс нь салгах, эм ямаа, хургаа ялгах ажилтай. Учир нь говьд үхрээс илүүтэй ямаагаа сааж тараг бүрэх, цай сүлэх, тослогтой зузаан хурууд тавих зэргээр цагаан идээгээ боловсруулдаг.

    Энэ л үед Ар сүүжийн хөндийн малын туураар тамгалагдсан бэлчээрийн дайдад сууж Ц.Батбаатар ахтай хэдэн хором хуучилсан билээ.

    -Танай нутагт хэзээнээс эхэлж малын идэш тэжээл ховордох болсон бэ? Та сүүлийн хэдэн жил оторт гарч байна даа.

    -2019 онд зуншлага их сайхан болсон доо. Өвс ногоо ургаж, бороо хур тэгширснээр хүн малын зоо тэнийсэн сайхан зун дэлгэрч билээ. Түүнээс хойш л бороо хур орохоо больж, малын идэш тэжээлийн гарч муудах болсон. Тиймээс сүүлий гурав, дөрвөн жил л оторт гарч малынхаа тарга тэвээргийг авахуулж, өвөлд бэлдэх болсон доо.

    2020 онд бид Өмнөговьд аймагтаа буюу Цогт-Цэций сум руу 170 гаруй киломерт явж оторт гарсан. Түүний дараа жилээс Дундговь аймаг руу явж оторт гарах болсон. Нодлин бас яг энд, Ар сүүжийн хөндийд оторлочихоод буцсан даа. Аравдугаар сарын сүүлээр анхны цас унахаар л нутаг буцна даа.

    -Та багаасаа малын дэргэд өссөн хүн үү?

    -Тэгэлгүй яахав. Манай аав ээж, хадам талын маань аав ээжүүд ч тэр бүгд л малчин хүмүүс. Ээж минь одоо ч бид хоёртой хамт малаа маллаж, цуг оторт гараад явж байна. Тийм сайхан хүмүүсийн дэргэд малаа хайрлаж өссөн болохоор хөдөө нутаг, мал, ахуйдаа татагдаад байдаг юм билээ.

    -Өмнөговь аймагт малын идэш тэжээл муудаж, ган гачиг тохиож байгаа нь юунаас болов. Малчид бол байгальтайгаа хамгийн ойр хүмүүс. Хэзээ борох орох, цас унахыг хүртэл тэнгэр шинжиж мэддэг шүү дээ. Тиймээс энэ нь байгаль экологийн асуудал уу, эсвээс цэвэр хүмүүсийн үйл ажиллагаанаас болсон уу?

    -Монгол орон даяараа л ийм нөхцөлд байдалд орсон байх шиг сураг дуулдаж байна даа. Сүүлийн жилүүдэд манай нутагт бороо хур ерөнхий ордог түвшнээсээ жилийн жилд багассан. Өмнөговь бол уул, уурхайн салбар түлхүү хөгжсөн газар. Түүгээрээ Монгол Улсын ихэнх төсвийг бүрдүүлдэг. Мэдээж уул, уурхайгаа төдийлөн сайн ашиглаж байж улс орны эдийн засаг дээшилж, хөгжил дэвшил ирнэ. Гэхдээ хариуцлагагүй уул уурхай хэт олон болсноос үүдээд тэндхийн амьтад дайжих, уугуул иргэд нь малын өвс тэжээлгүйн улмаас малаа зарж суурин иргэншил хайх, зарим нь отор хийхээр бэлчээр хайж нүүдэллэх болсон доо. Уг нь хариуцлагатай уул уурхай бол ашигласан газраа эргээд нөхөн сэргээдэг. Энэ л хамгийн чухал. Түүнээс бус уул уурхайг огт ашиглахгүй байх нь зөв гэж хэлээгүй. Аль аль талдаа нарийн сайн шийдвэр гаргаж байж л хөгжинө шүү дээ.

    Миний бодлоор байгалийн тэнцвэрт байдал алдагдчихаад байгаа гэж санадаг. Учир нь байгалийн хүйн холбоо гэж бий. Учир нь манай аймаг алт, зэс, нүүрсээр баялаг. Түүнийг нь хаа хамаагүй ухаж, газар доогуурх хүйн холбоосыг нь тасалчихаар экологийн тэнцвэр алдагдсан болов уу. Энэ холбоос чийгийг барьж байдаг, халуунд дээш уурсаж үүлэнд хувираад бороо орно. Гэтэл чийгийг татдаг холбоос үгүй болчихоор дээр нь үүлс хурамтлагдсан ч бороо орохоо больж, ган гачиг нүүрлээд байгаа болов уу л гэж санадаг даа.

    Уг нь хариуцлагатай уул уурхай байвал л их сайн. Эргэн тойрны ан амьтад, өвс ургамал зэргийг хайрлан хамгаалж, гэрээнд заасан хугацааны дагуу баялгийг нь ашиглаж дуусаад буцаагаад нөхөн сэргээлт хийх л их чухал.

    -Таны мэдэж байгаагаар Өмнөговьд аймагт уул уурхайн нөхөн сэргээлт хийсэн газар бий юу?

    -Огт байхгүй. Мандалговь гээд манай хойд талын суманд лав алтны уурхай байсан. Нөхөн сэргээлт хийж байна гэж ярьдаг боловч очоод харахад онгойсон том нүхнүүд л үлдсэн байдаг.

    -Оторт яваа малчин хүн малын идэш тэжээл арвинтай, ус ундтай газарт ирээд сэтгэл сэргэж, уужим амьсгал авдаг болов уу. Та тэр мэдрэмжээсээ хуваалцаач...

    -Мэдээж өвс муутай газар мал эцэж турах, зарим нь эндэх тохиол бишгүй гарна. Хайрлаж өсгөсөн мал нь газар дэрлэхэд сэтгэл шимшрэнэ шүү дээ. Харин нүүдэл хийж, нутаг сэлгэснээр өнтэй газар бууж, мал нь тарга тэвээрэг авахыг харж байхад өөртөө урам зориг орж, сэтгэл санаа тэнийдэг. Хамгийн гол нь отроос буцаад нутагтаа очиход өвөлд санаа зовох зүйлгүй амар байдаг.

    -Малаа оторлоно гэхээр шууд л гэрээсээ гараад, малаа туугаад явчихдаггүй байх. Хаана очвол өвс тэжээл сайн байна, ус ундтай байна зэрэг судалгааг хийдэг болов уу?

    -Тэр бол хамгийн чухал зүйл шүү дээ. Оторт гарахаасаа өмнө энд ирж газар орныг нь судалж, айл хунараар орж, малчидтай ч танилцсан. Мөн оторт явах замдаа хаана амарч малынхаа идэш тэжээлийг тааруулах вэ, хаана устай байдаг зэргийг судлана. Тэгэхгүйгээр хамаагүй туугаад байвал өвс, ургамал сайтай зусланд хүрэхээсээ өмнө хэдэн малаа унагаад дуусна шүү дээ. Тиймээс отор нүүдэл хийхээсээ өмнө очих газраа сайн судлах хэрэгтэй.

    -Нутгийн айлууд ер нь оторт яваа хүмүүсийг нүд үзүүрлэх, бэлчээрээ хуваалцахыг үл хүсэх, хөөж туух зэрэг хүндрэлүүд тохиолддог уу?

    -Эхлээд сайтар судалж, хүмүүстэй нь уулзаж байгаад “Манайх тэдэн тооны малтай. Энд оторт гарах гэсэн юм” гэдгээ сайтар ойлгуулж хэлнэ. Дараа нь гэрээ, хэлцэл ч байгуулна. Тэгж байж тухайн газраа ирнэ дээ. Тэгэхгүй бол хаа хаанаа бэлчээрийн даац хэцүүдсэн нөхцөлд хүндрэлүүд тохиолдолгүй яахав. Одоо бол манай эндхийн айлууд мэддэг болчихсон. Их найрсаг, эвтэй хүмүүс дээ. Биднийг сайхан угтаж авсан даа. “Өө, Батаа ахынхан ирчихсэн үү” гээд л угтана.

    Ер нь бол намар орой болоод ирэхээр айлууд өөрсдийн малаа ч өвөлжөө рүүгээ бэлчээлгүй идэш, ургамлыг нь нөөцөлж байдаг шүү дээ. Бид ч гэсэн отроос буугаад гэртээ харихад манай бэлчээрийг өөр айлын мал тахалчихсан байвал хэцүү. Тиймээс тухайн хүндрэлүүдийг хэцүү асуудалд боддоггүй, байх л ёстой зүйл. Гол нь ойлголцоод, айлын өвөлжөө рүү малаа оруулалгүй, зуслангийн бэлчээрт сайн хариулж, харах нь чухал.

    -Гэрээ хэлцэл байгуулдаг гэсэн шүү дээ. Ер нь оторт гарахдаа тухайн нутгийн малчдад мөнгө төгрөг өгөх асуудлууд бий юу?

    -Намаржиж, зусахад ер хөөж бариад байхгүй дээ. Ер нь гайгүй. Яахав адилхан малчин хүмүүс. Өвлийн улирал хахир хатуу шүү дээ. Тиймээс яг Дундговийн Луус суманд огт танихгүй отрын айл өвөлжихөөр бол хоёр саяас дээш зургаан сая хүртэлх ханштай байдаг юм билээ.

    -Ханш гэснээс говийнхон ямаагаа нэлээд орой самнадаг гэсэн сонссон юм байна.

    -Тийм ээ, манай чинь агаарын бүсийн хувьд их дулаан газар. Тиймээс эрт ноос ноолуураас нь салгачихвал хүйтэн бороонд осгож мэднэ. Мөн элсээр шуурах нь цөөнгүй. Тэгээд л 4 сарын 15-аас эхэлж ямаагаа самнадаг. Хангай, тал хээрийн бүсийн нутгуудад бол 3 сарын 15-аас эхэлдэг юм билээ. Харин хонины ноосоо бол нааш оторт гарахаас өмнө буюу 7 сарын эхээр авчихсан.

    -Энэ жил ноос, ноолуурын ханш хэдтэй байсан бэ?

    -Ноолуур 110 мянга хавьцаа хүрсэн болов уу. Эдийн засгийн хувьд сүүлийн гурван жил тогтмол ийм ханштай байлаа. Ноос харин 1200 тай л байсан даа.

    -Мэдээж нутаг оронд ган гачиг нүүрлэж, аймаг сум дамнан нүүдэллэж яваа хэдий малаа оторлох нь эерэг олон зүйлсийг дагуулдаг. Үүний нэг нь хүмүүстэй танилцах, шинэ газар нутаг, өөр ахуйд амьдарч үзэх ч байж болох юм, тийм үү?

    -Тэгэлгүй яахав. Оторт гараагүй бол энэ нутаг усанд ирж, ийм сайн сайхан хүмүүстэй уулзахгүй. Яахав, өдөр тутамдаа хийдэг ажлаа хийж, мал хуйгаа өсгөж яваа хэдий чиний хэлдгээр нөгөө талаас аялалд гарч, шинэ газар нутаг үзэж байх шиг таатай санагдах нь бас бий. Гол нь эргээд учрах, уулзах нүүртэй байж, хүмүүстэй танилцаж сайн сайхан түүхийг бас бүтээх нь хамгийн гол юм даа.

    -Монгол хүний ахуй амьдарл, үзэл санааны хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ?

    -Яахав, хийж байгаа ажилтай минь холбоотой байх. Гэхдээ улс орон болгон өөрийн гэсэн онцлог, өв соёлтой. Тиймээс миний хувьд бол хамгийн гол нь нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй гэж боддог. Энд л монголчуудын бусад орноос ялгарах онцлог болоод хоол, хувцас зэрэг бүхий уламжлалын үндэс нь бий.

    Уснаас гарсан мал хэдийнэ бэлчээр хөөж одсон тул бид яриагаа энэ хүрээд өндөрлөв. Ц.Батбаатар тун цэгцтэй ярьдаг, үзэл бодлын хувьд ч нэг талын баримталж туйлширдаггүй хүн болох нь түүний өгсөн хариултаас бэлхэнээ мэдрэгдэнэ. Хожим би тэднээс гар даллан буцах замдаа нээрэн ахаас “Та ном уншдаг уу, ямар төрлийн номууд уншдаг вэ” гэж асуудаг байж дээ хэмээн халаглаж явсан сан. Ямартаа ч  гэрийн эзэн хонио эргүүлж, бид үд болж байхад гэрээ зүглэв.

    Оторчид энэ өдөр шинэ шөл ууж, зуны өдрүүдийн нэгээхэнд тохиодог идэшнийхээ ажлыг хийхтэй тааралдав. Ц.Батбаатар хонио гаргаж, гэргий Х.Алтанцэцэг гэдсийг нь цэвэрлэж тогоонд ус хийгээд үйв. Хонины дотор гэдсийг усаар зайлан угааж, цусанд нь хөмүүл хийж амтлах ажээ. Автобусны урд талын хэсгийг тэд галт тогоо болгон ашиглажээ. Газаар цахилгаан тогоо ажиллана. Гаднаа нарны дэлгэц байрлуулсан агаад 220 -оор тог цахилгаан авч, суурин утсаа ч цэнэглэдэг байна. Тогоонд үйсэн хонины гэдэс үнэртэж, шинэ шөл даргитал буцална.

    Харин алс хаяа бүхэн зэрэглээнд умбаж, хонь ямаад идэх нь идэж, хэвтэх нь хэвтэнэ. Арслан нэрт нохой машины сүүдэр бараадаж, таанын цагаан толгой салхины аясаар дохилзоно. Заримдаа хэтэрхий уйтгартай гэмээр санагдах говийн элчилгүй уудамд говийнхон дасан зохицож, энэ их анир гүмд амгалан тайвнаар сүлэлдэн оршиж чаддаг болов уу хэмээн бодогдоно.

    III.

    Үд өнгөрсний хойно хонио тусгайлан барьсан хороонд хашиж, хурга, ямаагаа ялгахаар боллоо. Тус хашааг Луус сумын Ар сүүжийн хөндийгөөр нутагтай малчид хөрөнгө нийлүүлж дундаасаа босгосон бөгөөд энд мал угаалга ч бий. Тиймээс малчдын дундын өмч гэсэн үг.

    Эднийх нүүж ирснээс хойш ямаагаа өнөөдөр л ялгаж, сааж эхлэхээр шийджээ. Мал нь шимтэй ногоо идэж, овоо тарга тэвээрэг авч, хүч сэлбэсэн учраас тэр юм. Ямаагаа болоод хургаа ялгана. Учир нь тэд ямаагаа өдөр бүр саах учир өөр айлын хонинд тавьж буй юм. Харин хургыг ялгаж, эхтэй нь нийлүүлэлгүй 14-өөс 17 хоног байлгаснаар дэлэн нь ширгэж эхэлдэг. Ингээд тэд хургаа хөхүүлэлгүйгээр тарга тэвээрэг авч өвлийн хүчээ сэлбэнэ.

    Батбаатар болоод Алтанцэцэг нар 100 гаруй эм ямаагаа зүсээр нь төвөггүй танина. Тэд ямаануудаа барьж, хашааны амаар цувруулан гаргах бөгөөд энэ үед саахалт нутаглаж буй айлын том охин тэдэнд тус болно. Харин Р.Цэрэнпагма гуай хашаанаас ялгаж гаргасан хурга, ямаадыг ээрч, салхи сөрөөд арилчихгүй байх тал дээр нь анхаарна.

    Хургаа ялгаж өөр айлын хонинд тавих болсон тул Х.Алтанцэцэг тэднийг улбар шар өнгийн будгаар будаж, сүүлэн дээр нь тэмдэглэгээ тавьж байлаа.

    Х.Алтанцэцэг аж ахуй даа болоод хийж буй ямар ч ажилд тун нягт нямбай, хариуцлагатай ханддаг хүн шиг санагдана. Хурганы сүүлэн дээр тэмдэглэгээ хүртэл хийж, бүдүүн багсаар хэдэнтээ сайн, яг хуучин будгийн ором дээр нь тодруулж байгаад сул тавина. Түүнээс биш нэгэнтээ багсаар татсан болоод орхичихгүй. Хоол унд хийх, гэдэс цэвэрлэх, ирсэн зочидтой ярилцаж үзэл бодлоо хуваалцах зэрэг олон үйлдлээс нь тэрхүү нягт нямбай үйлдэл, дотоод орон зайнх нь хаа нэгтээгээс түрэн гарч ирэх сайхан сэтгэл өөрийн эрхгүй мэдрэгдэж байлаа. Тэрээр нь багаасаа малын дэргэд өссөн ч угтаа бол Хүний бага эмч, сувилагч мэргэжилтэй. 1991-ээс 1994 оны хооронд Дорноговийн АУИС-ийг төгсжээ.

    “Бага наснаас эхлэн хөдөө газар, уудам саруул талын орон зайд дасчихсан тул малаа дагамаар санагдаад болдоггүй юм билээ. Хүүхдийнхээ боловсролд анхаарч, хотод хэсэг амьдарсан боловч утаа, униараас болоод хөдөөг, эрүүл агаарыг зорьсон. Тэр олон машины утаа дээш хөөрч, агаарыг бохирдуулж байгаа шүү дээ. Түүгээр нь амьсгална гэдэг чинь аймаар байхгүй юу” хэмээн ярина.
     

    Мөн тэрээр дан ганц мал маллах бус Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багаас сумын ИТХ-д 2016 оноос хойш сонгогдон ажиллаж байна. “Малчдад тохиолддог элдэв асуудал, хүндрэлийг шийдэж, тэдний төлөөлөл болж төр засагт дуу хоолойгоо хүргэдэг юм” гэлээ. Ингээд бид ч бас их ажлын хажуугаар олдсон цөөн хоромд нь хөөрөлдсөн билээ.

    -Хүний суурь хүмүүжил, өссөн ахуй чухал гэдэг шүү дээ. Та багаасаа малын дэргэд өссөн хүн. Одоо ч ээжтэйгээ хамт тууварт явж байна. Хөдөө мал маллахын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

    -Тийм ээ. Ээж минь дөч гаруй жил мал маллаж байна. Машинаа унаад л давхичихна шүү дээ. Багаасаа л аав, ээжийнхээ дэргэд мал маллаж, малын ашиг шимийг хэрхэн хүртэх, малаа хайрлах зэрэгт суралцсан даа. Монгол хүн малыг хайрлаж байж, үүнээс гадна хөдөлмөрлөж байж л ашиг шимийг нь хүртэж чадна. Ерөөс “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг шүү дээ. Хөдөө байхын сайхан нь олоон, олон. Эрүүл цэвэр агаартай, түгжрэл, хотын дуу чимээ гэж байхгүй. Амар амгалан тул сэтгэл тайван байдаг юм. 

    -Та уг нь эмч мэргэжилтэй хүн. Яагаад малчин болохоор шийдсэн юм бол оо?

    -Тийм ээ, би хүний бага эмч мэргэжлээр сургуулиа төгссөн. Гэвч багаасаа малын дэргэд өссөн, хүмүүжсэн хүн чинь суурин газарт сэтгэл тогтдоггүй юм билээ. Би мал маллаж чадна гэсэн итгэлээр хөдөө гарсан даа. Манайх их олон хүүхэдтэй айл байсан. Тиймдээ ч аав, ээж маань олны хүчээр л мал ноослох, ямаа самнах, хонь угаах зэрэг ажлуудын ард гардаг байсан даа. Ямар нэгэн хашаа хороо гэж үгүй. Тал дээр л 400-аас 500 гаруй хонь ноосолчихно. Нэгдмэл, нийтэч, хамтын хүчээр ажил хийхийг амтыг тэгж мэдэрч өссөн дөө.

    -Та амьдралдаа баримталдаг зарчим, мал маллах арга ухаанаасаа хуваалцахгүй юу?

    -Малыг сайхан хайрладаг байх хэрэгтэй. Монгол хүмүүс чинь малаа чулуугаар хөөж, туудаггүй тийм сайхан сургаальтай шүү дээ. Дээр нь залхуурдаггүй, хөдөлмөрлөдөг байх л хэрэгтэй. Хөдөлмөрлөж байж л малаа сайхан өсгөнө. Өвлийн хүйтэнд нөмөртэй дулаахан байлгаж, зуны дунд сард ямар бэлчээрт гаргах вэ гэдэг чинь бүгд нарийн тооцоотой явна. Анх манай хүн бид хоёр зуу гаруйхан малтай л хөдөө гарсан. Долоон жилийн дотор мянга гаруй толгой болгож өсгөсөн. Одоо бодоход хөдөлмөрийн л үр шим байсан гэж санадаг.

    -Мал маллахад шантрах, байгалийн аюултай үзэгдлийн өмнө хүчгүйдсэнээс үүдэн гутралд орох явдал тохиолдож байв уу?

    -Үгүй. Хар багаасаа малын захад өссөн хүн тэгдэггүй юм билээ. Тэнгэрийн муухай арилдаг хойно доо. Цас бороо, салхи шуургыг эртнээс тандаж мэдэж байж даван туулна. Тухайн цаг мөчид сэтгэл эмзэглэх, гуниглах зүйлс тохиолдолгүй яахав. Гэхдээ тэр бүгдийг даваад л гардаг.

    -Тал, хээрийн бүсээр бол үнээгээ илүүтэй саадаг. Харин говийнхон бол ямаагаа сааж, цагаан идээгээ боловсруулдаг шүү дээ.

    -Манайх энэ онд зуу гаруй ямаа төллүүлсэн. Тэгэхээр мөн адил тооны ямаа саадаг гэсэн үг. Ямааныхаа сүүгээр тослог сайхан хурууд хийнэ, сүүгээ хөөрүүлж тараг бүрнэ. Сүүгээ мөн исгэж хоормог ч хийдэг. Монгол архи ч нэрнэ. Жил бүр саалгаад сурчихсан ихэнх ямаануудаас 300-аас 500 гр сүү авдаг.

    -Малчин хүн байгальтай их ойр байдаг. Тэнгэрийн сайхныг дагаад сэтгэл санаа ч тогтуун байдаг болов уу?

    -Тэгэлгүй яахав. Тэнгэр хангай сайхан, бороо хур элбэгтэй, өвс нөгөө тэгширсэн нутагт сэтгэл ч тогтуун, тайван болдог. Мал тарга, тэвээрэг авч, өнгө зүс сайтай байвал дотор уужраад, цэлмээд явчихна шүү дээ. Өглөө нар мандахыг, орой жаргах зэргийг нь харж тэнгэрийн байдлыг шинжинэ. Мяндсан цагаан үүл хөвөрч байна уу, нүүгэлтсэн үүл гарав уу зэрэг тэнгэрийн олон шинжийг харж байгаад малаа хааш бэлчээхийг шийддэг дээ.

    -Мэдээж хамгийн сайхан хүнлэг мэргэжлүүдийн нэг бол эмч. Та хэрхэн, ямар учраас энэ мэргэжлийн сонгон суралцах болсон бэ?

    -Эмч гэдэг бол хамгийн сайхан, цагаан мөртэй мэргэжлүүдийн нэг. Өвдсөн хүн эдгэчхээд өөдөөс инээмсэглэж суухыг нь харах их сайхан мэдрэмж шүү. Багаасаа л эмч болно гэж боддог байсан даа. Ер нь тэгээд эмч хүн болохоор ч тэр үү эрүүл мэндээ бодож цэвэр агаар, эко талаас нь бодож амьдрах орчноо сонгосон минь энэ.

    -Та Мандах багаас сумын ИТХ-д 2016 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа. Малчдад хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна вэ?

    -Өөрсдийн амьдарч буй ахуй болоод хүрээлэн буй орчноо хамгаалъя, өөрсдийн дуу хоолойгоо эрх мэдэлтнүүдэд сонсгоё гэж зорьсон. Ингээд Сумын Иргэдийн нийтийн хуралд нэр дэвшиж сонгогдоод төлөөлөгчөөр суух болсон. Дөрвөн жил малчдын дуу хоолой болж ажиллахаас гадна сум орон нутгийн хөгжил, сургуулийн хүүхдүүдийн боловсролын асуудал, эмнэлэгийн үйл ажиллагаа зэрэг олон асуудлуудыг ярьж, хэлэлцдэг.

    Багийнхаа төв 220 -ын тог тавиулж, цахилгаанаас гадна интернеттэй болгосон. Ерөөсөө цахилгааны асуудал шийдэгдсэн гэсэн үг. Ингэснээр хүмүүсийн боловсролд ч сайн үр нөлөөтэй. Адаглаад олон талын мэдээ, мэдээллийг шуурхай хүртэж чадна шүү дээ. Мөн төв дагуу байрлалтай худгийг шугамд холбох зэрэг шат шатны дараалал бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Худгийг цахилгаанд холбосноор малчдын хөдөлмөрийг илүү хөнгөвчилж буй юм.

    Бид ийнхүү хуучилсны дараа ямаа саах цаг болов. Х.Алтанцэцэг болоод хот айлынхан ч цугаар саалийн хашуу руу очлоо. Сааль, сүүний ажилд хүүхдүүд ч тус бололцоно.

    Говийн нар газрын хэвлийг дулаан шаргал туяагаар удтал ээсээр жаргаж ахуйд хоньд хотлох ажээ. Энд ямар нэгэн хашаа хороо гэж үгүй. Ц.Батбаатар, Х.Алтанцэцэг нар өдөр нь хурга, ямаагаа ялгасан тул шөнөдөө хонио манаж үүр цайтал цурамхийлгүй хонов. Малыг хайрлах сэтгэл, хөдөлмөр хоёрыг л хослуулах хэрэгтэй хэмээн хэлэх говийнхон.

    Ар сүүжийн хөндийд таана, хөмүүлийн үнэр ханхалж, тэртээд жаргах нарны шаргал туяа тэнгэрийн хээлэнд түмэн янзын өнгө дэвссээр газрын хэвлий рүү шургана. Хоньд ямаад майлалдан, хоточ Арслан нэрт нохой холын анир аван хаа нэг чимээ өгнө. Ийнхүү их говийн дайдад малаа оторлон нүүдэллэж яваа малчдын нэг өдөр өнгөрөв. Тэд ерөөс элдэв асуудалд толгой ганзагалаж суудаггүй, аливаад хэт автсан сэтгэлээр өөрсдийн бодлыг бусдад хүчилж тулгана гэж үгүй. Тэгээд ч ээрэм алс малын мөртэй, их говийн бэлчир эзэнтэй хэвээр хэмээн санахуй сэтгэлийн дотор улам улмаа тунгалагшина.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан